Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 2024/ДШМ/90

 

                                  *******т  холбогдох

                                      эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, шүүгч Ц.Амаржаргал, ерөнхий шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,

Прокурор Н.Бадам /цахим/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Занабазар /цахим/

Шүүгдэгч ******* /цахим/

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргал, П.Буманзаяа нарыг оролцуулан,

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж шийдвэрлэн 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2024/ШЦТ/71 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор *******т холбогдох эрүүгийн 2333000370132 дугаартай, 150/2024/0030/Э/208/2024/0074 индекстэй, 3 хавтас хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт *******ын *******, Монгол улсын иргэн, ***** оны *** дүгээр сарын ***-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, *** настай, ***эгтэй, **** боловсролтой, ****** мэргэжилтэй, “*****” ХХК-д системийн инженер ажилтай, ам бүл ****** хамт, Сэлэнгэ аймгийн **** сумын *** баг, **** байрны *** тоотод оршин суух хаягтай, /РД:***********/

Шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сараас 2023 оны 05 дугаар дугаар 19-ний хооронд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын “******* *******” ТӨХК-ийн цахилгаанаас зөвшөөрөлгүй тог татаж койн олборлох төхөөрөмж буюу miner-ууд байрлуулан 52,376,343 төгрөгийн хохирол учруулан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас: *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

              Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхээс:

******* овогт *******ын *******ыг их хэмжээний эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар *******т нэг жилийн хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******т оногдуулсан нэг жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө хураагдаагүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 17 ширхэг койн олборлох төхөөрөмж, 9 ширхэг эд ангийг устгаж, 201910240164 дугаартай цагаан өнгийн төхөөрөмж 1 ширхэг, шитний хайрцаг 2 ширхэгийг “******* *******” ТӨХК-д буцаан олгож, цахилгааны утас, сүлжээний утас, төхөөрөмжийн сэнс, гагнуурын багаж, хяналтын камерын хар хайрцаг 1 ширхэгийг тус тус улсын орлогод оруулж,

Хэрэгт *******ын ******* ******* улсын дугаартай “Тоёота Харьер” маркийн суудлын авто машиныг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурьдаж  шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргал давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүх: ******* нь их хэмжээний эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан *******т нэг жилийн хорих ял оногдуулсан.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаан байхгүй. Гагцхүү анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ гэмт улмаас учирсан хохирлыг үндэслэлгүй тогтоосны улмаас шүүгдэгчийн эрх зүйн байдал хуульд зааснаас дордсон талаар гомдол гаргаж байна.

Нэг. Шинжээч гийн дүгнэлт хуульд заасан шаардлага хангаагүй талаар: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тогтоолгохоор 3 удаа шинжээч томилсон.

2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн шинжээч *******, нарын шинжээчийн дүгнэлтээр техникийн паспортод заасан тоног төхөөрөмж нэг бүрийн суурилагдсан хүчин чадлаар тооцож 1 хоногт болон 1 сард хэрэглэх цахилгаан эрчим хүчний тооцоог гаргасан боловч нийт хохирлын хэмжээг гаргаагүй. /1-р ХХ-92-108/

Шинжээч ******* “…2021 оны 12 дугаар сараас эхлэн ажиллуулсан гэх төхөөрөмжүүд нь анх суурилуулахдаа хэдэн төхөөрөмж суурилуулж, хэдээр нэмэгдүүлсэн тоо нь тодорхой бус байгаа болохоор хохирлыг мөнгөн дүнгээр тодорхойлох боломжгүй” гэж нийт хохирлын хэмжээг гаргаагүй талаараа мэдүүлэг өгсөн. /1-р ХХ-112-113/ 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн шинжээч тоолуурын заалтыг үндэслэн 47,614,843 төгрөгийн бодит хохирол дээр 4,761,500 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар тооцож, нийт 52,376,343 төгрөгийн хохирлын тооцоо гаргасан. Гэвч шинжээч нь шүүх хуралдаанд оролцохдоо өдөр, шөнө, оройн 3 тарифтай цахилгааны төлбөрийг тооцоогүй, 1 шатлалтай тарифаар тооцож дүгнэлт гаргасан талаараа үндэслэл бүхий тайлбар хэлж, шинжээчийн дүгнэлтээ хамгаалж чадаагүй тул шүүх шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэж дүгнэн дахин шинжээчийн дүгнэлт гаргуулсан.

 “ДСЦТС” ХК-ийн мэргэжилтэн г томилсон 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Нэмэлт шинжилгээ хийлгэх тухай” тогтоолд “******* *******” ХХК-иас гаргаж өгсөн тоолуурын заалтыг үндэслэн “Койн” олборлох төхөөрөмж ажиллуулахад зарцуулсан цахилгааны хэрэглээг тооцоолох боломжтой эсэх, хэрэв боломжтой бол нийт хэрэглэсэн цахилгааны төлбөрийг журмын дагуу гаргаж өгнө үү” гэх асуултыг шинжээчид тавьсан. Хохирогч талаас гаргаж өгсөн 2021 оны 12 дугаар сараас 2023 оны 05 дугаар саруудад зарцуулсан Кип и А-ийн хэсгийн цахилгааны тоолуурын зарцуулалтаас гаргасан квт-н зөрүүгийн тооцоолол” болон хохирлын тооцоо хэрэгт авагдсан. /1-р ХХ-146-149/

Гэтэл шинжээч нь биткойны тоног төхөөрөмжүүдийн суурилагдсан хүчин чадлыг 19,27 квт.ц-аар тооцож, 2021 оны 12 дугаар сараас 2023 оны 5 дугаар сар хүртэл хугацаанд зарцуулсан цахилгаан зарцуулалтыг 3 тарифаар бодож гаргасан байсан. Өөрөөр хэлбэл тоолуурын зөрүүгээр биш зөвхөн төхөөрөмжийн хүчин чадлаар тооцож дүгнэлт гаргасан.

Яагаад шинжээч томилсон тогтоолд тавьсан асуултын дагуу дүгнэлт гаргаагүй талаараа шинжээч “Би дүгнэлт гаргаагүй. Зөвхөн тооцоолол гаргасан” гэж тайлбарласан. / ШХ-ны тэмдэглэл 15 дахь тал/

Дээрх үйл баримтаар гийн шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шинжээч нь шүүх, прокурор, мөрдөгчийн тавьсан асуултын дагуу тусгай мэдэг, мэргэжлийн хүрээнд шинжилгээг тал бүрээс нь бүрэн бодитой хийж, тогтоосон хугацаанд шинжлэх ухааны үндэслэл бүхий дүгнэлтийг бичгээр гаргана” гэж заасныг ноцтойгоор зөрчсөн.

 ЭХХШТХ-ийн 27.6 дугаар зүйлийн 1-д “Шинжээчийн дүгнэлтэд Шүүх шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан зүйлийг тусгасан байна ”, Шүүх шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-дэх хэсгийн 18.1.2.шинжилгээ хийх болсон үндэслэл, 18,1.4.шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн талаарх мэдээлэл; 18.1 .б.эцэг /эх/, өөрийн нэр, боловсрол, мэргэжил, ажилласан жил, эрдмийн зэрэг, цол, албан тушаал зэрэг шинжээчийн талаарх мэдээлэл; 18.1 .б.шинжилгээний объектын талаарх мэдээлэл; 18.1.9.шинжээчид тавьсан асуулт тус бүрд өгсөн хариулт, түүний үндэслэл; гэж заасан шаардлагыг зөрчиж шинжээчийн дүгнэлт гаргасан.

 Энэ талаар шинжээч шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөгчийн тогтоол дээр “******* *******” ТӨХК-ийн гаргаж өгсөн тоолуурын заалтыг үндэслэн койн олборлох төхөөрөмжийг ажиллуулах цахилгааны хэрэглээг тооцоолох боломжтой эсэх гэдгийг хариулаагүй. Яагаад дүгнэлт дээр гаргаагүй юм бэ? Гэсэн асуултад би дүгнэлт гаргаагүй. Зөвхөн тооцоолол гаргасан.” гэжээ. /Шүүх хуралдааны тэмдэглэл 14-15 тал/

Шинжээч нь шүүх хуралд “үйлдвэрийн механик тоолуур болохоор баталгаажилтанд хамрагдаагүй... эднийх өөр дээрээ технологийн зориулалтаар механик тоолуур тавьж ашиглаж байгаа юм...Цех цех дээрээ эдийн засгийн тооцоо гаргахын тулд тэгж ашиглагдах ёстой юм.  Тоолуурын алдааны хязгаар хэд байдаг вэ?” гэсэн асуултад “Ер нь бол 0,5, 1 байгаа”, “Тоолуурын зөрүү 10,356 кв байхад тэр 0,5 гэсэн зөрүүг тооцоод хэдэн төхөөрөмж ажилласан гэдгийг гаргах боломжтой юу?” гэсэн асуултад “Нотлох баримт дээр ажиллах ёстой. Магадгүй энэ иргэн 30 төхөөрөмж ажиллуулж байгаад өнөөдөр 1 болгочихсон юм уу, 1 төхөөрөмж ажиллуулж байгаад өнөөдөр 14 болгочихсон юм уу үүнийг би мэдэхгүй,” гэж тус тус хариулсан хавтаст хэрэгт авагдсан газар дээр нь үзлэг хийхэд авагдсан ажиллагаатай байсан 14 биткойн төхөөрөмж, 2 хөргүүрийн төхөөрөмжид л гаргасан.

Мөн” үйлдвэрээс гаргаж өгснөөр 10.5536 кв гэсэн зөрүү гараад байна. Койн олборлосон зөрүүг л хэлээд байна бодит байдал дээр энэ зөрүүнээс илүү цахилгаан эрчим хүч хэрэглэсэн байна гэж байх уу?” гэсэн асуултад “... Энерги тоолж байна. Мөнгөн тооцоонд ашиглахгүй” гэж хариулснаас үзэхэд хохирогчоос гаргаж өгсөн тоолуурын заалтын зөрүүгээр гарсан энергийн тоо хэмжээ болон койны тоног төхөөрөмжийн хүчин чадлыг харьцуулах аргаар сар бүрд хэдэн төхөөрөмж ажиллаж байсныг тооцох боломжтой байсныг шинжээч ашиглаагүй орхигдуулсан. Энэ талаарх харьцуулсан тооцоог хүснэгтээр шүүгдэгч ******* шүүх хурал дээр гаргаж өгсөн.

 Дээрх тухайн тоног төхөөрөмж ажиллаж байсныг тооцоолоогүйн улмаас шинжээч гийн дүгнэлтээр 14 төхөөрөмж тасралтгүй ажиллаж, 30 хоногтой сард 13,874 квт.ц-ийн цахилгаан зарцуулж, 1,045,308.86 төгрөгийн, 31 хоногтой сард 14,336.88 квт.ц-ын цахилгаан зарцуулж, 1,080,152.49 төгрөгийн цахилгаан тогтмол хэрэглэсэн тооцоолол хийсэн.  Гэтэл хохирогч байгууллагаас гаргаж өгсөн тоолуурын заалтын зөрүүгээр 2021.12 сард 10 сард 10,356 квт.ц, 2022.01 сард 5,014 квт.ц-ын гэх мэтээр сар бүр цахилгааны хэрэглээ гарсан нь тогтоогддог ба тоолуурын заалтаас илүү цахилгаан хэрэглэх ямар ч боломжгүй болохыг ойлгоход шинжлэх ухааны тусгай мэдлэг шаардлагагүй, 4 аргын тоо мэддэг байхад л хангалттай юм.

Дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан шинжлэн судлахад дараах дүгнэлтэд хүрч байна. Үүнд:

1.Хохирогч байгууллагаас гаргаж өгсөн тоолуурын заалтын зөрүүг ашиглан койн олборлох төхөөрөмжийн зарцуулсан цахилгааны тоо хэмжээг нэмэх хасах 0.5-1 хувийн алдагдлыг оруулж тооцон тоног төхөөрөмжийн суурилагдсан хүчин чадлыг ашиглан сар бүрд хэдэн биткойны төхөөрөмж ажиллаж байсныг тогтоосон тохиолдолд ямар нэгэн дүрэм журмыг зөрчихгүй байсан байна. Учир нь цахилгааны тоолуурын заалтын төлбөрийг мөнгөөр тооцоход биш, зөвхөн зарцуулсан цахилгаан буюу “энерги”-ийн хэмжээг тогтооход ашиглаж байгаа юм.

2.Дээрх аргаар сар бүр хэдэн тоног төхөөрөмж ажиллаж байсныг тогтоосон тохиолдолд тухайн сард ажилласан тоног төхөөрөмжийн тоог суурилагдсан хүчин чадалтай нь уялдуулж сар бүрийн цахилгааны төлбөрийн тооцоог гаргасан бол хохирлын хэмжээ бодитой гарах байсан байна.

3.Койн олборлох төхөөрөмжүүд тоолуурын заалтын зөрүүгээр тогтоогдсон цахилгааны тоо хэмжээнээс илүү цахилгаан хэрэглэх боломжгүй тул шинжээч гийн дүгнэлт үндэслэлгүй гарсан байна. Учир нь шинжээч гийн сар бүр 14 тоног төхөөрөмж ажиллаж байсан мэт хийсвэрээр тооцсон цахилгааны хэрэглээ нь тоолуурын зөрүүгээр тогтоогдсон цахилгааны зөрүүгээс их хэмжээтэй байна.

4.Шинжээч нь шинжээч томилсон тогтоолд тавьсан асуултын дагуу дүгнэлт гаргаагүй шалтгаанаа “би дүгнэлт гаргаагүй, тооцоо гаргасан” гэж тайлбарлаж байгаа нь шинжээчийн эрх, үүргийн талаар ямар ч ойлголтгүй, хуулийн дагуу биш өөрийн дур зоргийн дагуу дүгнэлт гаргасан болохыг харуулж байна.

5.Дээрх шинжээчийн дүгнэлтийн улмаас хохирлын хэмжээ бодит байдлаас өндөр хэмжээтэй тогтоогдож, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, хэргийг хүндрүүлж зүйлчлэх үндэслэл болсон байна.

6.Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1-т “тухайн хэрэгт хувийн ашиг сонирхолгүй тусгай мэдлэг бүхий хүн”-ийг шинжээчээр томилох тухай заасныг зөрчиж, хохирогч байгууллагад цахилгаан худалддаг байгууллагаас шинжээч томилсон нь хууль зөрчсөн байна.

7.Өмнөх шинжээчийн дүгнэлтүүд эргэлзээтэй гэх үндэслэлээр дахин шинжээч томилсон байтал нэмэлт шинжилгээ хийлгэхээр шинжээч томилсон нь хууль зөрчсөн байна. Гэтэл шинжээчийн дүгнэлтийн агуулгаас харахад нэмэлт шинжилгээ биш дахин шинжилгээ хийсэн гэж үзэхээр байна.

8.Иймд гийн шинжээчийн дүгнэлтийг хуулийн дагуу хийгдсэн шинжээчийн дүгнэлт гэж үзэж, шүүхийн үндэслэл болгох үндэслэлгүй байна.

 Хоёр. Анхан шатны шүүх хохирлын хэмжээг тооцохдоо хууль буруу хэрэглэсэн талаар:

Анхан шатны шүүх Дархан-Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээний салбарын инженер гийн "хохирогчид 51,406,058.02 төгрөгийн хохирол учирсан” гэх дээрх дүгнэлтийг үндэслэн шийдвэр гаргахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, мөн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэн, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хохирол болон хор уршгийг ялгамжтай байдлаар тодорхойлж хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг хохирол, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг хор уршиг гэж хуульчилсан байна.

 Шинжээч нь 14 тоног төхөөрөмжийн суурилагдсан хүчин чадлаар тооцсон 46,830,026 төгрөгийн цахилгааны төлбөр дээр нэмэгдсэн өртгийн албан татварт 4,683,002 төгрөгийг нэмж тооцож нийт 51,406,058.02 төгрөгийн хохирлын тооцоо гаргасан. Шинжээч гийн тооцоолсон 46,830,026 төгрөгийн цахилгааны төлбөр нь шууд хохирол буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2.3-т заасан хохирол юм. Харин нэмэгдсэн өртгийн албан татварт тооцсон 4,683,002 төгрөг нь хохирлын үр дагавар буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хор уршиг”-т хамаарч байна. Өөрөөр хэлбэл цахилгаан хулгайлсны улмаас тухайн цахилгааны үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх НӨАТ төлөх шаардлага үүсэж байгаагаас харахад НӨАТ нь “хор уршиг” болох нь тодорхой байдаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.1-т "их хэмжээний хохирол" гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг;” гэж хуульчилж, харин “хор уршиг”-ийг тоон утгаар хэмжих талаар хуульчлаагүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” 3-т “Энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан.

*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т “их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж” гэж заасны дагуу хүндрүүлж зүйлчилсэн нь эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэсэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл хуульд “их хэмжээний хохирол, хор уршиг учруулсан” гэх заалт байхгүй байхад хохирол болон хор уршгийн нийлбэр дүнг үндэслэн хэргийг хүндрүүлж зүйлчилсэн үндэслэлгүй байна. Харин “ноцтой хохирол, хор уршиг’' учруулсан бол хохирол, хор уршгийн нийлбэр дүнгээр тооцож хэргийг хүндрүүлж болохоор байсан боловч хохирогчид ноцтой хохирол учирсан гэж үзэх үндэслэл энэ хэрэгт тогтоогдоогүй.

Эд хөрөнгийн талаар Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-т “Аливаа этгээдийн эзэмшилд байгаа эд юмсыг эд хөрөнгө гэнэ.”, 84.2-т “Эд хөрөнгө нь үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө байна.”, 84.3-т “Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна. 84.4 Энэ хуулийн 84.3-т зааснаас бусад эд юмс хөдлөх эд хөрөнгөд хамаарна.” гэж тус тус тодорхойлсон байна.

Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Монгол Улсын татвар нь албан татвар, төлбөр, хураамж /цаашид "татвар" гэх/-аас бүрдэнэ.”, 7.2-т “Монгол Улсын татвар нь доор дурдсан төрөлтэй байна”, 7.2.3-т “нэмэгдсэн өртгийн албан татвар;” гэж зааснаас харахад нэмэгдсэн өртгийн албан татварыг эд хөрөнгөд хамааруулж ойлгох хууль зүйн үндэслэлгүй байна.

Түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар бэхжүүлсэн НӨАТ төлсөн тухай нотлох баримт хэрэгт авагдаагүй, анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн судлаагүй болно.

Иймд анхан шатны шүүх нь хэргийг хүндрүүлж зүйлчлэх үндэслэлтэй гэж дүгнэлт хийхдээ “хохирол”, “хор уршиг”-ийг хольж хутгаж, эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна. Гурав. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шинжээч томилуулахаар хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* ******* үйлдвэр цахилгаан түгээх станцтай тоолуурын, шинжээчийн дүгнэлтийг гаргахад хүчин чадлаар тооцоо гаргачихсан байдаг. 2021.12-2023.05.19-нийг хүртэл тоолуурын заалт нь 14,000 киловат, 8,000. 14 төхөөрөмж 2 сэнсийг тасралтгүй 18 сарын туршаар, хэргийг судлаад үзэхэд ямар нотлох баримт гарсан бэ? шүүгч энэ талаар дүгнэлт хийгээгүй. Үйлдвэрийн тоолуурын заалт шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна гэж гомдол гаргасан. Тоолуурын заалтаар төлдөг болохоос биш, тоолуураар гаргадаггүй. Миний бие 14 төхөөрөмжийг тэр дор нь суурилуулаагүй. Энийг мухарлаж шалгаагүй. 14-г шууд хүчин чадлаар нь, яагаад гэвэл өөрөө өөрөө сайн дураараа зөвшөөрөөд байгаа учраас үнэхээр шүүх ч мөн ялгаагүй хамгийн сүүлд 14-г энэ мэдүүлэгт ач холбогдол өгөөгүй. гэх шинжээчийн дахин шинжээч томилох шаардлагатай гэв.

Шүүгдэгч ******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүх шинжээч гийн гаргасан дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шинжээч нь тооцоо хийхдээ биткойны 14 ширхэг тоног төхөөрөмж, 2 сэнсний нийт хүчин чадлыг эхний шинжээч нартай ижил 19.27 кВт.цагаар тооцож, нийт цахилгааны хэрэглээг гаргахдаа 14 ширхэг тоног төхөөрөмжийг 2021 оны 12 сараас эхлээд 14 ширхэг тоног төхөөрөмжийг суурилуулж 2023 оны 5 сарын дуустал хугацаанд тасралтгүй ажиллуулж байснаар тооцож, тоног төхөөрөмжийн нэг сарын хүчин чадлыг тогтмол 19.27 кВт.цагаар тооцсон нь учир дутагдалтай байна.

Учир нь ******* ******* ТӨХК-ийн гаргасан тоолуурын зөрүү 2021.12 сард 10,356 кВт.ц, 2022.01 сард 5,014 кВт.ц буюу 1,3-2,8 дахин бага цахилгаан хэрэглэсэн тооцоо гарч байхад 14 ширхэг тоног төхөөрөмж бүтэн 18 сарын турш ажилласан мэтээр нийт хүчин чадлыг нь 19.27 кВт.цагаар тооцсон нь миний эрх зүйн байдлыг дордуулсан байна.

Шинжээч гийн тооцооллоор суурилагдсан хүчин чадлаар 18 сарын туршид нийт 251,589 квт.ц цахилгаан хэрэглэсэн тооцоо нь “******* Шохой ТӨХК”-иас гаргаж өгсөн Кипиа хэсгийн цахилгааны тоолуурын заалтны зөрүү нийт хэрэглээ 178,572 квт.ц байхаас даруй 40% -иар их тооцоолол хийсэн, бодит бус тооцоолол хийсэн нь харагдаж байна. Мөн шинжээч нь тооцоолол хийхдээ сарын хоногуудыг алдсан байна. Жишээ нь 2022 оны 1 сарын 31 хоногоор тооцох байхад 28 хоногоор, 2022 оны 2 сарын 28 хоногоор тооцох байхад 30 хоногоор, 2022 оны 6-р сарыг 31 хоногоор тооцох байхад 31 хоногоор, 2022 оны 8 сарыг 31 хоногоор тооцох байхад 30 хоногоор гэх мэт алдаатай тооцоолсон байна.

******* Шохой ТӨХК-ийн тоолуурын заалтын зөрүүг ашиглан тухайн сарын оргил ачааллын цагт ажилласан кВт.цагаар хэдэн тоног төхөөрөмж ажиллаж байсан тооцоог ойролцоогоор гаргах боломжтой.

Тухайлбал: 2021.12 сард 10,356 кВт. цагийн цахилгаан биткойны 10 ширхэг тоног төхөөрөмж, 2022.01 сард 5,014 кв.цагийн цахилгаан 5 ширхэг биткойны тоног төхөөрөмж, 2022.02 сард 6,218 кВт.цагийн цахилгаан 6 ширхэг биткойны тоног төхөөрөмж ажилласан байна гэж тооцоо гарч байна. Энэхүү тооцоог задалж харуулбал:

(10,356кВт.ц тоолуурын зөрүү) х 46% / 100 = 4,763.76 кВт.ц

(10,356кВт.ц тоолуурынзөрүү) х 33%/ 100 = 3,417.48 кВт.ц

(10,356кВт.ц тоолуурын зөрүү) х 46% / 100 = 2,174.76 кВт.ц

2,174.76 кВт.ц / 30 хоног * 5 цаг (Оргил цаг 17:00-22:00) = 14.5

14.5 / 1.4(Биткойн төхөөрөмжийн чадал) = 10 ширхэг төхөөрөмж

Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ ХХК-иас ирүүлсэн ******* Шохой ТӨХК-ийн цахилгааны төлбөрийн нэхэмжлэлийг үндэслэн, шинжээч гийн тооцоо гаргасан бодох аргачлалаар тоолуурын заалтны зөрүүгээр бодоход 37,947,301 төгрөг болж байна.

Иймд Кип А хэсгийн тоолуурын заалтын зөрүүг ашиглан тухайн сард хэдэн төхөөрөмж ажиллаж байсныг тогтоох боломжтой байхад эхнээсээ дуустлаа 14ш тоног төхөөрөмж тасралтгүй 18 сар ажиллаж байсан мэтээр тооцож, зөвхөн тоног төхөөрөмжийн хүчин чадалд үндэслэн дүгнэлт гаргасан шинжээч гийн тооцоо үндэслэлгүй гэдэг нь баримтуудад үндэслэн нотлогдож байгаа. Дээрх 3 удаагийн шинжээч нарын тооцооллоос харахад хохирлын үнэлгээг бодит бусаар гаргасан нь шүүгдэгч миний эрх зүйн байдлыг дордуулсан буруу тооцоолол хийгдсэн тул Сэлэнгэ аймгийн Сайхан сумын сум дундын анхан шатны шүүх рүү буцааж, бүрэлдэхүүнтэй шинжээчийг хөндлөнгийн байгууллагаар томилуулж өгнө үү гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргасан байна. Төхөөрөмжүүдийн үндэслэж 1 хоногийн цахилгааны хэрэглээний тарифийг хавсаргаж ирүүлсэн байдаг. Нэмэлт шинжээч томилсонтой холбоотой гомдол шүүгдэгчийн өмгөөлөгч ямар нэгэн гомдол гаргаагүй. Алдаатай гэх зүйлийг яриад байна. Шинжээч Оюунчимэг гаргасан дүгнэлтийн үндэслэлээ тайлбарлаж чадаагүйтэй холбоотойгоор шинжээчийн томилж үндэслэл, хохирлын тооцооллыг гаргуулсан тооцоолол гаргасан үндэслэлүүдээ шинжээч маш тодорхой тайлбарласан. Шинжээчийн тооцоолол хавтаст хэрэгт авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлээс харагдана. Тооцоолол бол үндэслэлгүй. Маш тодорхой тайлбаруудыг, зөрүү гэх зүйлийг ярьж байна. Тооцоололд зөрүү гарсантай холбоотой 37 сая төгрөгийн, яагаад бодитой хохирол биш, мэргэжлийн өндөр түвшинд хэлж өгсөн.  Техникийн үзүүлэлт гэж байдаг энэ талаараа тодорхой дүгнэлт тайлбарыг шүүхэд өгсөн.  Хууль зүйн талаасаа ойлгомжтой болсон байгаа. Тоолуурын зөрүү гэх зүйл тухайн төхөөрөмж зогсох хүртэл хугацаанд ялгаатай гарч ирж байгаа. Койн олборлох төхөөрөмж хэргийг илрүүлэх үед 18 төхөөрөмж гарч ирсэн. Ажиллаж байсан хүчин чадалд үндэслэл бүхий дүгнэлт болсон.

Хохирол хор уршгийн тухайд цахилгаан хулгайлснаа хүлээн зөвшөөрч байгаа. Төлбөрийг НӨАТ-ын хамт төлөөд явсан учир татварын хохирол, татвар нь мөн төгрөгөөр төлдөг тул байгууллагын хувьд хохирол учирсан гэх үндэслэлтэй.

Шүүгдэгч түүний өмгөөлөгч нараас шинжээчийн дүгнэлтийг тайлбарлаж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас манай байгууллагын цахилгаан эрчим хүчний тарифийг энгийнээр тооцохоор ярьж ******* Шохой ТӨХК бөгөөд уул уурхай, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг гэдэг утгаараа эрчим хүчийг уул уурхайн тарифаар мөрддөг. Манай байгууллага тоолуурынхаа заалтаар эрчим хүчний үнийг төлөөд явсан тул энэ нь манай байгууллагын хувьд хохиролд тооцсон нь үндэслэлтэй гэж үзэж байна.  Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж үзэж байна гэв.  

Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбар дүгнэлтдээ: 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын гомдол хуулийн үндэслэлгүй. Шүүгдэгч нь үйлдвэрийн газар зориуд байр бэлдэж тухайн байгууллагын эрчим хүчнээс хулгайлж биткойн үйлдвэрлэсэн нь тогтоогдсон. Шинжээч дүгнэлтээрээ тухайн компаний тоолуурын зөрүүгээр тооцсон нь үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын  давж заалдах гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр *******т холбогдох хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна. 

3.Шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сараас 2023 оны 05 дугаар дугаар 19-ний хооронд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын “******* *******” ТӨХК-ийн цахилгаанаас зөвшөөрөлгүй тог татаж койн олборлох төхөөрөмж буюу miner-ууд байрлуулан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдэж улмаар “******* *******” ТӨХК-д их хэмжээний  буюу 51,406,058,02 төгрөгийн хохирол учируулсан  болох нь

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “...анх 2022 оны 05 дугаар 16-17-ны өдрүүдийн үеэр гүйцэтгэх захиралд мэдээлэл ирсэн. ...2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр “КИП И А” буюу автомат хэсгийн жижиг өрөөг тусгайлан засаж, тохижуулан койн олборлох төхөөрөмжөөр койн олборлож үйлдвэрийн цахилгааныг хулгайлж байсан баримтыг тогтоосон. ...Тухайн тохижуулсан өрөөнд камерын бичлэг суурилуулсан байсан. Тэр нь нууцлалтай байсан. Тухайн нууцлалыг тусгай мэдлэг бүхий хүмүүсээр кодыг тайлуулсан. Бичлэг гарч ирсэн. Тухайн бичлэгт ******* суурилуулсан тоног төхөөрөмжөө шалгаж яваа байдал гарч ирсэн. Ингэснээр ******* өөрийн гэм бурууг хүлээж эхэлсэн... Анхнаасаа нэг тавцан дээр 5 буюу 20 орчим төхөөрөмж ажиллуулах байдлаар зохион байгуулсан нь илт харагддаг. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан гэрэл зургийн үзүүлэлтээр хангалттай харагдахаар байгаа, Тухайн өрөөнөөс 18 ширхэг төхөөрөмж олдсон. Зарим нь ажиллахгүй, 15 нь холбоотой ажиллаж байсан нь...******* ******* компаниас хохирлын 70,000,00 гаруй төгрөгийн тооцоог гаргаж өгсөн боловч Эрчим хүчний зохицуулах хорооны тогтоол, бодит хэрэглээний зөрүү зэргийг харгалзан үзэж 51,366,632 төгрөгийн хохирлыг тооцоолж гаргасан” гэсэн мэдүүлэг, .

-Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 05 дугаар сараас 08 дугаар сар хүртэлх хугацаанд цементийн үйлдвэрийн сантехникийн бригадын инженерээр ажилласан юм намайг анх ажил авахад л тэр өрөөний эсрэг талын хаалттай өрөөнөөс аймаар их хэмжээний дуу гардаг тэгсэн хэр нь цоожтой  байдаг байсан тэгээд би  инженер ******* гэх залуугаас “энэ өрөөнд юу байдаг юм бэ их дуу чимээ гарснаас болоод хүмүүс ажиллаж чадахгүй байна энэ юмаа гаргадаг юм уу эсхүл дууг нь багасгаж болдоггүй юм уу” гэхэд ******* надад “******* *******н цахилгааны холболтууд байдаг юм тэгж байгаад авна”  гэсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 44-45-р хуудас),

-Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2017 оноос хойш ажиллаж байна...тэгээд 2022 оны 08 сард өрөөндөө засвар хийх гээд ороход манай өрөөний нойлын өрөөний өөдөөс харсан цагаан модон хаалгатай өрөөнөөс их хэмжээний дуу чимээ гараад байсан тэгээд 09 сард дуу чимээ их гараад байна гээд чимээг багсгаж өгнө үү гэж хариуцсан инженер д хэлж байсан... ” гэх мэдүүлэг (хх-ийн 42-43-р хуудас),

-Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 18-нд Захиргаа удирдлагын дарга намайг дуудаад КИП ийн өрөөнд койн олборлодог төхөөрөмж байна гэнэ энэ мэдээллийг шалга гэсэн...тэгээд засварчдаар цоожийг нь онгойлгуулаад ороход тухайн өрөөнд койн олборлох төхөөрөмж буюу минерүүд  ажиллаж байсан тавиур байрлуулаад 15 ширхгийг ажиллуулсан газарт бол 3 ширхэг минер  байсан 15 ширхэг минер бол бүгд сүлжээнд холбогдсон байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 47-р хуудас),

-Гэрч ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын дундуур захирал үйлдвэр дотор хулгайгаар цахилгаан хулгайлж койен үйлдвэрлэх төхөөрөмж ажиллаж байгаа талаар мэдээлэл ирсэн тэгээд засварын нэгдсэн цехийн хүн ашигладаггүй жижиг өрөөнд 17 ширхэг төхөөрөмж ажиллаж байгааг илрүүлсэн таслан зогсоох арга хэмжээ авсан...” гэх мэдүүлэг (хх- ийн 53-р хуудас),

-Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны өвөл хуваарийн дагуу өвлийн сул зогсолт хийгээд 2022 оны 02 сарын сүүлээр цагаан сарын дараа ажил цуглах үеэр цахилгаан эрчим хүчний хэрэглээ өссөн байсан тэгээд надаас цехийн эрчим хүчний хэрэглээ яагаад өндөр гараад байгаа талаар асуухад... *******н гуанзны жижиг өрөөнд мэдээлэл технологийн хэсгээс серверийн өрөө байрлуулсан гэж байсан тэгээд удалгүй тэр серверийн өрөөнд цахилгаан тоолуур байрлуулсан...үйлдвэр бол төвийн бүсийн цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ компанийн Хөтөл салбараас 6000 кв вольт аваад үүнийгээ 5 хувиарлах байгууламжаар үйлдвэрийн бүсэд цахилгааныг түгээж хэрэглэдэг...” гэх мэдүүлэг (хх-ийн 55-56-р хуудас),

-Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны цагаан сарын дараа ажил цуглах үеэр цахилгаан эрчим хүчний хэрэглээ өссөн байсан надаас цехийн эрчим хүчний хэрэглээ яагаад өндөр гараад байгаа юм гээд тоолуур тавихаар болоод цагаан өнгийн тоолуур өгсөн...тухайн тоолуурыг тавихаар заасан газар нь очиход цагаан өнгийн модон хаалгатай цоожтой өрөөнөөс дотор талд нь ямар нэгэн төхөөрөмжийн сэнсний дуу гараад байсан тоолуурыг тухайн өрөөний шитний дотор тавих гэхэд багтахгүй байхаар нь гадна тавьсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 69-р хуудас), болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

4.Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч *******ыг хулгайлах гэмт хэргийг үйлдэж бусдад их хэмжээний хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч *******ыг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

5.Шүүгдэгч түүний өмгөөлөгч нар нь шүүх хохирлын хэмжээг нарийвчлан тогтоож чадаагүй, хохирол тооцон гаргасан шинжээчийн дүгнэлт нь эргэлзээтэй байхад эргэлзээ бүхий шинжээчийн дүгнэлтээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тооцсон нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан  гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сараас 2023 оны 05 дугаар сарын 19-ний хооронд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын “******* *******” ТӨХК-ийн байранд койн олборлох төхөөрөмж буюу минерүүдийг байрлуулан компаний байрнаас цахилгаан хууль бусаар авч  ашигласан үйлдэл нь тогтоогдсон. Түүний хулгайлах гэмт хэргийн улмаас байгууллагад учирсан хохирлыг тогтоолгохоор тусгай мэдлэг бүхий шинжээчийг мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хүсэлтээр томилж дүгнэлт гаргасан байна.

Дархан-Сэлэнгийн Цахилгаан түгээх салбарын инженер ийг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсан байх ба шинжээч нь өөрийн гаргасан дүгнэлтийн үндэслэлээ тайлбарлаж чадаагүй тухай хэргийн оролцогчоос гомдол гаргасан хүсэлтийн дагуу шүүхээс нэмэлт ажиллагаа хийлгэхээр шинжээч томилсон байна.

Мөрдөгчөөс Дархан-Сэлэнгийн Цахилгаан түгээх салбарын инженер г шинжээчээр томилж хохирлын хэмжээг тооцон гаргуулжээ.

Шинжээч нь  хохирлын тооцоог гаргахдаа “******* ******* ТӨХК-ийн  тоолуур дахь хэрэглээг үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооны 2022 оны 10 сарын 28-ны өдрийн 504 дугаартай тогтоолын дагуу гэмт хэрэг үйлдэгдсэн 2021 оны 12 дугаар сараас 2022 оны 10 сарын 28-ны өдрийг хүртэл хугацаагаар хохирлыг тооцон  51.406.058,02 төгрөгийн  эрчим хүч хэрэглэсэн гэсэн дүгнэлт гаргажээ.

Шинжээч нь анхан шатны шүүх хуралдаанд “... *******ийн үйлдвэр дээр  койн үйлдвэрлэлт дээр гаргасан эрчим хүчний зарцуулалтыг ... ашигласан тоног төхөөрөмжийн суурилагдсан хүчин чадал, 24 цагаар тогтмол ачаалалтай байгаа учраас  цахилгаан эрчим  хүчийг 11 цагаар, шөнө хэрэглэсэн цахилгаан эрчим хүчийг 8 цагаар, оргил цагийн эрчим хүчийг 5 цагаар тооцон 3 тарифт тооцооллоор хохирлыг тооцон гаргасан.  Цахилгаан эрчим хүчний төлбөрийг  манай байгууллага *******ийн үйлдвэрт НӨАТ-тай  нэхэмжилж байгаа. ...Нэхэмжилсэн дүнгээр НӨАТ-тай  дүн бичигдсэн тул хохирлыг  энэ дүнгээр тооцсон...” гэж өөрийн  гаргасан дүгнэлтээ тайлбарлажээ.

Мөн “******* Шохой” ТӨХК-ийн  цахилгаан эрчим хүчний хэрэглээ эрс өссөн,  хохирогч байгууллагаас 2021-2023 оны өндөр хэрэглээтэй үеийг хэвийн  хэрэглээний үетэй харьцуулан  2021 оны 12 сараас 2023 оны 05 саруудад  зарцуулсан цахилгаан зарцуулалтын зөрүүг  цахилгаан эрчим хүчний  тарифаар   хохирлын тооцоог гарсан /2-р хх-ийн 145-171/, шүүгдэгчийн койн үйлдвэрлэх төхөөрөмжийг суурилуулсан хугацаанд эрчим хүчний зарцуулалт огцом өссөн тухай гэрчүүдийн мэдүүлэг зэрэг баримтаар, гэмт хэргийн хохирлын хэмжээг цахилгаан эрчим хүчний зарцуулалтын зөрүү болон гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тоног төхөөрөмжийн цахилгаан эрчим хүч зарцуулах хүчин чадлын хэмжээгээр тооцон гаргасан нь үндэслэлтэй байх ба  шинжээч нь гаргасан дүгнэлтийнхээ үндэслэлийг өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд тайлбарлаж дүгнэлт гаргасан байна гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

 Хохирогч байгууллага нь  Дархан Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ ХХК-тай  цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний дагуу  эрчим хүчийг авч хэрэглэсэн  төлбөрийг НӨАТ-тай хамт төлдөг, шүүгдэгч ******* нь биткойн үйлдвэрлэхийн тулд цахилгаан эрчим хүчийг ашигласан, шүүгдэгчийн хууль бус үйлдлийн улмаас хохирогч байгууллага нь өөрийн хэрэглээгүй буюу ашиглаагүй эрчим хүчний үнийг эрчим хүч хангах байгууллагад төлөх үүрэг үүссэн болох нь   тогтоогдсон тул хэрэглэсэн цахилгааны төлбөрийг НӨАТ-ын хамт хохирогч байгууллагад төлөх нь  шударга ёсонд нийцэх бөгөөд хохиролд НӨАТ-ыг оруулан тооцох үндэслэлгүй гэсэн  шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын гаргасан тайлбар нь хуулийн үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 6.Шүүгдэгч ******* нь хууль бусаар койн үйлдвэрлэж тодорхой хэмжээний орлого олсон  байдал тогтоогдог бөгөөд  хэрэгт  шүүгдэгчийн Хаан банк, Худалдаа хөгжлийн банк дахь дансны хуулгыг хавсарган ирүүлсэн боловч мөрдөн байцаалтын шатанд түүний хууль бус үйл ажиллагаанаас хэдэн төгрөгийн орлого олсон байдлыг тогтоогоогүй, анхан шатны шүүхээс  гэмт үйлдэж олсон орлого гэдэг нь тогтоогдоогүй тулд хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх хуулийн үндэслэлгүй байна гэсэн дүгнэлт  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.”  заасан хуулийн шаардлагад нийцсэн байна.

7. Улсын яллагчийн зүгээс хорих ял оногдуулах санал оруулсан байх ба шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн байдлыг харгалзан анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан  шүүгдэгч *******т тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг хөнгөрүүлж шийдвэрлэснийг хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл  тохирсон  гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1,  2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг Сайхан  сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/71 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

                                 ШҮҮГЧИД                                   Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                       Г.ДАВААРЕНЧИН