| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түндэвийн Энхмаа |
| Хэргийн индекс | 151/2021/00053/И |
| Дугаар | 223/МА2022/00002 |
| Огноо | 2022-01-07 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 223/МА2022/00002
Ж.Х-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 151/ШШ2021/00749 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч Ж.Хын нэхэмжлэлтэй,
Хариуцагч Б.Т, Н.Ө нарт холбогдох,
Гэм хорын хохиролд 13 313 765 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 11 сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Х /онлайн/, түүний өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ /онлайн/, хариуцагч Б.Тгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сонинбайгаль /онлайн/, хариуцагч Н.Ө /онлайн/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Анхбаяр нар оролцов.
Нэхэмжлэгч Ж.Х нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 11 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооллын автобусны буудлын явган хүний гарцаар зам гарч явах үед Х.Портер маркийн 4307 ТӨА улсын дугаартай машины жолооч Б.Т нь намайг мөргөж гэмтээсэн. Улмаар түргэн тусламжаар Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэж, тэндээ яаралтай хагалгаанд орон, зүүн духны дэлгэгдэж урагдсан шарх, зүүн хөмсөгний 4 хэсгээр сэтэрсэн болон дээд уруул сэтэрсэн зэрэгт нийт 18 см оёдол тавиулсан. Мөн уг эмнэлэгт тархины томограф зураг авахуулан, зүүн нүдний доод ухархайн яс цөмрөн хугарсан болон хамрын яс хугарсан, тархины доргилт, хий, хаван, цус хуралттай зэрэг онош тавьсан билээ. 2020 оны 02 дугаар сарын 16-24-нд гэмтэл согогийн “Эм Би Жи” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, нүд болон хамартаа хагалгаа хийлгэсэн.
Улмаар эмчийн зааврын дагуу хэвтрийн дэглэм баримталсан болно. Гэвч толгойн болон нүдний өвчин зовуурь огт багасаагүй, нурууны доод хэсгээр болон сүүж, өгзөг орчмоор өвдөж эхэлсэн учир нүдний болон гэмтэл, мэдрэлийн эмч, эмнэлгүүдэд үзүүлж, зураг авахуулан, зөвлөгөө авч эмчилгээгээ үргэлжлүүлэх шаардлагатай болсон. Мөн бариачид ч хандсан. Одоо ч нүд бүрэлзэх, нүдэнд гэрэл гялсхийх нь зүгээр болоогүй, толгой өвдсөөр байгаа тул эмчилгээ хийлгэж байгаа.
Дээрх эмчилгээ, эм тарианы шууд төлбөрөөс гадна ослоос улбаатай дам хохирлууд ихийг амслаа. Үүнд: 1.Гоо сайхны хохирол: Хөмсөг: Ослын улмаас зүүн хөмсөг хэдэнтээ сэтэрсэн нь одоо дахин хөмсөг ургахааргүй болжээ. Хөмсөг суулгах болон шивүүлэхээр гоо сайхны эмнэлгүүдэд хандсан ч өнөөг хүртэл мэдээ ороогүй, үхэжсэн байгаа тул мэс ажилбар үр дүнгүй болох учир 1-1,5 жилийн дараа л боломжтойг зөвлөлөө. Үс суулгах эмчилгээ нь дунджаар 2 500 000 төгрөг байдаг аж.
Дух: Зүүн духанд босоо болон хөндлөн байрлалтай 3 хэсгээр салаалан тогтсон 6 см сорвийг арилгахад лазер эмчилгээ шаардлагатай. Энэ нь арьсыг гэмтээх тул нөхөн сэргээх, эдгэрэлтийг дэмжих PRP эмчилгээтэй давхар хийгдэх ба сэрүүний улиралд хийлгэх ёстой, 2 жил үргэлжилнэ хэмээв. Мөн хөмсөг өргөх болон зангидах булчинд эмгэг өөрчлөлт үүссэн тул энэхүү булчингийн өргөлтийг багасгах зорилгоор ботокс тарилга 4-6 cap тутамд хийлгэх юм. Гэвч эдгээр эмчилгээний үр дүнд сорви бүдгэрэх боловч бүрэн арилах боломжгүй гэлээ.
Уруул: Дээд уруул хамгийн зузаан хэсгээрээ буюу уруулын дээд өнцгөөр сэтэрсэн тул оёдол тавихад баруун уруулын дээд өнцөг гадагш татагдан оёгдсон. Үүний улмаас нүүрний тэгш хэм алдагдаж, энгийн төв байдлаар зураг ч авахуулж болохооргүй болсон. Үүнийг засварлах талаар судлахад, уруулын хүрээг дахин гаргаж шивүүлэх, мөн уруул дээрх оёдлын цагаан сорвийг дарж бүрэн шивүүлж болох бололтой. Гэвч уруулын оёдол бүрэн эдгэж өвчин нь арилаагүй, эмзэг хэвээр байгаа тул мөн л 1-1,5 жилийн дараа л ийм үйлчилгээ авч болохыг зөвлөлөө. Уруул шивэхэд энгийн салонд дунджаар 300 000 төгрөг байна.
Доод зовхи: Нүдний доод ухархайн хагалгааны улмаас зүүн нүдний доод зовхи дээш татагдан оёгдож, баруун зовхитойгоо адилгүй болсон.
Шүд: Уруулын оёдол үргэлж хөдөлгөөнтэй байдаг булчин учраас эдгэрэхгүй удаж 45 хоногийн дараа оёдлыг авсан. Амаа ангайж чадахгүй, хоол цайг гуурсаар идэж ууж, шүдээ угааж чадахгүйгээс олон шүд өвчилж, 4 шүд ломбодуулсан.
2.Цалин хөлсний алдагдал: Миний бие “Монсудар паблишн” ХХК-д ажилладаг бөгөөд 2020 оны 02 дугаар сараас “Унших бичгийн сурах бичиг” төслийн ажилд зохиогчоор оролцож байсан. Уг төсөл 5 дугаар cap хүртэл үргэлжлэх, цалин 2 500 000 төгрөгөөр тогтсон байв. Гэвч 2 дугаар сарын дундуур осолд орсноос ажлаа гүйцэтгэж чадахгүй, мөн сарын эцсээр хийсэн ажлаа тайлагнаж чадаагүй тул ажлаас суурь цалин болох 500 000 төгрөгийг л олгосон. Улмаар биеийн байдал сайжрахгүй байсан тул 4 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл эмчилгээгээ хийлгэсэн. Энэ хугацаанд хамаарах цалингийн алдагдал 2 дугаар сарын үлдэгдэл цалин 2 000 000 төгрөг, 3 дугаар сарын цалин болох 2 500 000 төгрөг, 4 дүгээр сарын цалинд ногдох 1 200 000 төгрөг болж байна. ...
Иймд надад учруулсан хохирол болох эм, эмчилгээний төлбөр 809 765 төгрөг, гоо сайхны нөхөн төлбөр 6 804 000 төгрөг, цалингийн орлого болох 5 700 000 төгрөг, нийт 13 313 765 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт хариуцагч Б.Т, Н.Ө нараас тэнцүү хэмжээгээр гаргуулан өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Ж.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 11 цаг 30 минутын орчимд гэрээсээ гараад, хүнс цуглуулахаар зам гарч яваад, портер машинд мөргүүлж гэмтсэн. Түргэн тусламжийн машинаар гэмтлийн эмнэлэгт очиж анхан шатны тусламж аваад, гэмтлийн эмнэлэгт ор байхгүй гэсэн учраас гадуур өөр эмнэлэгт оч гэсэн. Гэмтлийн эмнэлэгт духны болон уруулын оёдлыг хийлгэсэн. “Эм Би Жи” эмнэлэгт 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 9 хоног хэвтээд гарсан. Тэр эмнэлэгт нүдний ухархайн, хамрын хагалгаа хийлгэсэн. Хагалгааны өмнө болон хойно томографын зураг авдаг гээд авсан. Тархины үзлэг, оношилгоо хийлгээд, онош гарсны дараа тархины хаван буулгах тариа хийлгэсэн. 2 өнжөөд боолт хийлгэ гэсэн зөвлөмжтэйгөөр эмнэлгээс гарсан. Өнжөөд очих гэхээр манай гэр 16-р хороололд, эмнэлэг маань 3 дугаар эмнэлгийн хажууд тул ирж очиход маш хүндрэлтэй байсан. Өөрөө явж чадахгүй, таксигаар явахаар 10 000 төгрөг, гэртээ харихад мөн 10 000 төгрөг гардаг байсан. Гэртээ шингэн савангаар угаагаад, цэвэрлээд байж болно, хэвтрийн дэглэмээ бариад, утас, компьютер оролдож болохгүй гэсэн. 3 удаа нүдний болон духны боолт, уруулын оёдол хийлгэсэн. Энэ ослоос болж гоо сайхнаараа хохирсон тул хохирлоо нэхэмжилж байгаа. Дух сорвитой болсон. Нүдэнд хажуу талаас цагаан юм гүйгээд ирж байгаа юм шиг харагдаад байдаг болсон. Одоо болтол зүгээр болоогүй. Уруул бүрэн зүгээр болоогүй, удаан ярихаар уруул татваганадаг, толгой, дагзаар өвддөг жирийн парацетмол уугаад зүгээр болохгүй. Эмнэлэгт үзүүлж хаван буулгадаг тариа дахиж хийлгэсэн. Толгойн эмчилгээгээ энэ хугацаанд хийлгэсээр байсан. Сүүлд бариачид хандаад 2, 3 удаа толгой, нуруугаа бариулаад арай гайгүй болсон. Нүдний хараа эрс муудаж шил зүүхээр болсон. Ослын дараагаас сарын тэмдэг ирэхээ больсон. 2, 3 удаа эмнэлгээр явж... эмчид үзүүлсэн. Гэтэл “гэнэтийн цочролоос үүдэлтэй саатал. Аз байвал хэсэг хугацааны дараа ирнэ. Удах юм бол цэвэрших ч магадлалтай. Өнчин тархитай холбоотой” гэсэн. Би энэ тухайгаа нэхэмжлэл дээрээ бичиж чадаагүй. Би ганц бие, одоо болтол хүнтэй суугаагүй. Гэтэл тархиндаа гэмтэл аваад зогсохгүй, царай зүс ийм болсон. Сарын тэмдэг ирэхгүй байхаар нь судалж байгаад иог хийж байгаа. Энэ мэтээр би маш их хичээж байгаа. Зүв зүгээр замаар гараад явж байсан хүнийг ийм болгосон... Миний 2020 оны цалин буурсан байгаа. Би толь бичиг, сурах бичиг, сурагчийн гарын авлага хийдэг. Бид нар ном зохиолоо бусдад танилцуулдаг. Телевизээр, лайв, подкаст хийж ярих болдог. Ийм байдалтай гээд тэр болгоноос хоцроод байдаг... Олны өмнө гарахаас ичиж байна. Байгууллага, хамт ажиллагсад маань эхэндээ ойлгодог байсан. Сүүлдээ өөрсдийнхөө эрх ашгийг бодож, намайг гэрээр ажиллахыг санал болгож байгаа. Хагалгаанд ороод 7 кг хассан. Би Солонгос яваад косметик хагалгаанд ороод ирье гээгүй. Тэнгэрийн үнэ нэхэмжлээгүй. Улиралд нэг эмнэлэгт хэвтээд, нэхэмжлээд байх боломжтой байсан. Олны өмнө нь арай гайгүй царай зүстэй болчих юм сан гэж байгаа. Бүх эмнэлгүүд сорив нь арилахгүй гэсэн” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч сэтгэл зүйн таагүй байдлаас болоод сайн ярьж чадахгүй байх шиг байна. Би нэхэмжлэлийн шаардлагын талаар ярья. Анх 13 134 000 төгрөгийг хариуцагч Б.Тгөөс гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Н.Өыг хамтран хариуцагчаар татсан. Хэрэг хянан шийдвэрлэх явцад хийлгэсэн эмчилгээний зардал буюу 920 960 төгрөгийн баримтыг өмнөх шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлага дараах байдлаар гарч байгаа. Нэгдүгээрт, эмчилгээний зардал 1 730 000 төгрөг, цалингийн зөрүү 5 600 000 төгрөг, гоо сайхны эмчилгээ 5 804 000 төгрөг, нийт 13 134 000 төгрөгийг шаардаж байгаа. Хариуцагч Б.Тгөөс 6 567 000 төгрөг, хариуцагч Н.Өаас 6 567 000 төгрөг гаргуулахаар тус тус нэхэмжилж байна. Анхны нэхэмжлэлийн шаардлагаас бол 179 765 төгрөгийг багасгасан. Нэхэмжлэлийн бүрдүүлбэрт болоод өмнөх шүүх хуралдаан дээр 2 эмнэлгийн баримт гаргаж өгсөн. Монгол Улсад гоо сайхны эмчилгээ хийдэг эмнэлгийг Ж.Х өөрийнхөө хэмжээнд судлаад, бие, эрүүл мэндээ үзүүлээд нотлох баримтыг гаргасан. Синдерелла эмнэлгийн хувьд нөхөн сэргээлт хийлгэхэд 4 400 000 төгрөг, “Цаглашгүй Дэлгэр” гоо сайхны компани 6 828 000 төгрөг болох юм байна гэж тодорхойлолт гаргаж өгсөн. Эдгээрийг дундажлаад үзэхээр гоо сайхны зардал 5 804 000 төгрөг гарахаар тооцсон. Цалинд анх 5 700 000 төгрөг нэхэмжилж байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажил олгогч “Монсудар” хэвлэлийн компаниас ирсэн тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл, нийт сарын цалин 2 500 000 төгрөг, 2, 3, 4 дүгээр сарын цалин бодогдохоор 7 500 000 төгрөгийн цалин авах юм. 2 дугаар сард 600 000, 3 дугаар сард олгогдоогүй, 4 дүгээр сард 1,300,000 төгрөгийн цалин авсан. Иймд 7 500 000 төгрөгөөс 1 900 000 төгрөгийг хасаж тооцохоор 5 600 000 цалингийн зөрүү гарч байгаа. Ийм байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг бодсон” гэжээ.
Хариуцагч Б.Тн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сонинбайгаль шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн асуудал болсон гэм буруу дээр маргахгүй байгаа. Энэ асуудал болсноос хойш хариуцагч “Эм Би Жи” эмнэлэгт хагалгаанд орсон зардал, эмчилгээний зардал гээд нийт 5 610 000 төгрөгийн хохирлыг цаг тухайд нь өгсөн. Өнөөдрийн нэхэмжилж байгаа төлбөрөөс эмчилгээний төлбөрийг зөвшөөрч байгаа. Эмчилгээний зардлыг сүүлд өгсөн баримтын хэмжээнд нэмэгдүүлсэн гэж байна. Нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж байгаа бол түүнийгээ бичгээр өгөөд хариуцагч талаас хариу тайлбар өгөх ёстой. Шүүх хуралдаан дээр баримт өгсөн. Гэхдээ нэмэгдүүлсэн шаардлага байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүх хэргийг шийдвэрлэх байх. Өмнө огт сонсоогүй зарим асуудлыг өнөөдөр шүүх хуралдаан дээр сонслоо. Өмнөх шүүх хуралдаан дээр ч яригдаагүй. Баримтаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дурдсанаараа 712 000 төгрөгийг төлнө. Б.Тгийн хувьд эрүүл мэндэд нь хохирол учруулсан учраас хариуцлагаа хүлээнэ гэж байгаа. Гэхдээ тухайн нэхэмжлэлийн шаардлага нотлох баримтаар тогтоогдсон байх ёстой. Гоо сайхны нөхөн төлбөр 5 804 000 төгрөгийг “Синдерелла клиник” ХХК, “Цаглашгүй дэлгэр” ХХК гэсэн 2 эмнэлгийн баримтаар ийм эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж үзэж байгааг зөвшөөрөх боломжгүй. Иргэний хуульд ирээдүйд гаргах хохирлыг зайлшгүй шаардлагатай бол төлнө гэж байгаа. Шүүхээс хэргийн оролцогчийн хүсэлтийн дагуу шинжээч томилсон. Шинжээчийн дүгнэлтэд эмчилгээ хийлгэх боломжтой гэсэн. Эмчилгээгээ хийгээд ороод ирвэл бид төлнө. Тэрнээс биш хувийн эмнэлэг дээр очоод бичиг авчраад, энэ баримтаар ирээдүйд хийлгэх эсэх нь тодорхойгүй зардлыг зайлшгүй гэж үзэж төлөх боломжгүй.
2020 оны 2, 3, 4 дүгээр сарын зөрүүг нэхэмжилжээ. Үндсэн цалин “Монсудар паблишн” ХХК-ийн тодорхойлолтоор 1 600 000 төгрөг гэсэн. Хаанаас 2 500 000 төгрөг гаргаж ирсэн юм. Хавтаст хэргээс харахад 2020 оны 3 сард л ажлаа хийгээгүй байгаа. 4, 5 дугаар сард ажлаа хийсэн. Ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан нь тогтоогдохгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн гэмтлийн зэрэг тогтоосон баримтууд байгаа. Гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар хөнгөн гэмтэл бол 14 хүртэл хоногийн хугацаанд үргэлжилнэ. Тэрнээс бол хөдөлмөр эрхлэх боломжийг хаасан зүйл байхгүй. Би хөдөлмөр эрхлээгүй гэж 2 болон 3 дугаар сарын цалин нэхэмжилж байгаа бол үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Анх нэхэмжлэлийн шаардлагаа арай өөрөөр гаргасан гэж ойлгосон. Ном хэвлэх гээд ажил гүйцэтгэх гэрээгээр эх бэлтгэл дээр нь ажиллах ёстой байсан гэж нэхэмжилж байна гэж ойлгосон. Тэгсэн өнөөдөр цалингийн зөрүү гэж яриад байна. Ажил гүйцэтгэх гэрээний үндсэн 3 сар ажиллаагүй ч гэсэн ажил хөдөлмөрөө эрхэлж байсан нь харагддаг. Үндэслэлтэй зүйл нэхэмжилсэн бол төлөх байсан. Үүнийг төлөх боломжгүй. Эмчилгээний төлбөрийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт авагдсан баримтаар зөвшөөрч байгаа” гэжээ.
Хариуцагч Н.Өын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Базардорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2020 оны 02 дугаар 16-ны өдөр осол болсон. Н.Өын хувьд Б.Тд машинаа шилжүүлсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа эмчилгээний төлбөрийн 1 740 000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн осол болдог өдөр нь 5 610 000 төгрөгийг “Эм Би Жи” гэдэг эмнэлэгт төлсөн. Хариуцагчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд, өөрийнхөө бололцоогоор эмчилгээний төлбөрийг төлсөн байдаг. Гоо сайхны зардалд 5 804 000 төгрөг гэжээ. “Синдерелла клиник” ХХК-ийн эмчийн дүгнэлтээр 4 400 000 төгрөгөөр энэ эмчилгээг хийх боломжтой гэж, “Цаглашгүй дэлгэр” ХХК-аас 6 828 000 төгрөг гэжээ. Нэхэмжлэгч талаас гоо сайхны төлбөрт 5 804 000 төгрөг гарахыгаа яг аль баримтаар нэхэмжилж байгаа нь тодорхойгүй учраас хүлээн зөвшөөрөхгүй.
Цалин 5 600 000 төгрөгийн хувьд шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2740 дугаартай дүгнэлт, дахин шинжээч томилоод 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 439 дугаартай дүгнэлтээр авто ослоос үүдэлтэй хөнгөн гэмтэл учирсан гэж гарсан. Тухайн учирсан гэмтэл хөдөлмөрийн чадвараа алдахад нөлөөлөхгүй. Б.Х нь 2 болон 3 дугаар сард ажил үүргээ гүйцэтгэсэн. Хавтаст хэргийн 100-р талд авагдсан нийгмийн даатгалын шимтгэлээр тогтоогдож байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн хүсэлтэй байна” гэжээ.
Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 499 дугаар зүйлийн 499.4, 505 дугаар зүйлийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар гэм хорын хохиролд 3 858 593 төгрөгийг хариуцагч Н.Өаас гаргуулан нэхэмжлэгч Ж.Хд олгож, хариуцагч Н.Ө, Б.Т нарт холбогдох 9 275 407 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 224,518 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч Н.Өаас 76 687 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Хд олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Ж.Х давж заалдах гомдолдоо: 1. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “...нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 24 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаас тухайн гоо сайхны эмчилгээний зардал нь зайлшгүй гарах зардал мөн болохыг нотлох үүргээ биелүүлсэнгүй” гэжээ.
Нэхэмжлэгч би 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр гарцаар гарч явахдаа хариуцагч Б.Тгийн жолоодож явсан Х.Портер маркийн 4307 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд мөргүүлж биедээ маш хүнд гэмтлүүд авч олон сар эмчилгээ хийлгэж одоо ч үргэлжилж байна. Тус ослоос болж нэхэмжлэгч миний бие махбодид өөрчлөлт орсноос гадна хүний нүдэнд харагдах хэсгүүдэд гэмтлээс бий болсон үлдцүүд үлдсэн. Үүнийг хуучин хэвэнд оруулахын тулд зайлшгүй эмчилгээ хийлгэх шаардлагатай. Энэнд ямар эмчилгээ хийлгэх шаардлагатай талаар нэхэмжлэгчийн зүгээс нарийн мэргэжлийн эмнэлгүүдийн тодорхойлолт дүгнэлтүүдийг шүүхэд гарган өгсөн. Гэвч анхан шатны шүүх зайлшгүй эмчилгээ хийлгэх шаардлага байхгүй мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Тодруулбал “Синдерела клиник” ХХК-ийн /4 004 000 төгрөг/ болон “Цаглашгүй дэлгэр” ХХК-ийн “Чамзонь лайф бьюты мед” /6 828 000 төгрөг/ хэмээх гоо сайхны эмнэлгүүдэд үзүүлж, эмчийн дүгнэлтээр гоо сайхны нөхөн сэргээлтэд дунджаар 5 416 000 төгрөгийн мэсийн болон мэсийн бус эмчилгээ шаардлагатай хэмээснээр гоо сайхны нөхөн төлбөрөө нэхэмжилж холбогдох баримтыг шүүхэд гарган өгсөн байхад анхан шатны шүүх үнэлэлгүй нэхэмжилсэн дүнгээс 4 891 289 төгрөгийг нотлогдсонгүй хэмээн хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцэхгүй байна.
Нөгөө талаар хариуцагч нарын буруутай үйлдлээс болж нэхэмжлэгчид гэм хор учирсан, хариуцагч нар гэм хор учруулснаа хүлээн зөвшөөрөх боловч гэм хор учруулснаас үүссэн үр дагаврыг хариуцахгүй хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа үйлдэл нь ойлгомжгүй нэхэмжлэгч, эрүүгийн хэргийн хохирогч намайг арай л тохуурхан даажигнаж байна гэж үзэхээр байна. Хэрэв ослоос миний бие амьд үлдээгүй бол хариуцагч нар өнөөдөр ямар байдалтай байх билээ гэдгийг нэг бодож үзээсэй гэж хүсэх байна.
Иймээс шүүх эмнэлгийн шинжээч эмч нарын болон гоо сайхны эмнэлгийн дүгнэлтээр гоо сайхны эмчилгээ хийлгэх талаар дүгнэсэн байхад зайлшгүй эмчилгээ хийлгэхийг нотлох үндэслэл болохгүй хэмээн үзсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
2. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “...ажил олгогч “Монсудар паблишн” ХХК-ийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэгч Ж.Хын сарын цалин хөлс нь 2 500 000 төгрөг гэсэн тодорхойлолт нь хуульд заасан журмын дагуу төрийн байгууллагад тайлагнадаг хувь хүний орлогод ногдуулан суутгасан албан татварын тайлан, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангийн мэдээлэлтэй тохирохгүй , тухайн гэрээт ажлыг орлон гүйцэтгэсэн хүмүүст олгосон ажлын хөлсөөр давхар нотлогдохгүй байх тул эргэлзээтэй үнэн зөв нотлох баримт гэж үнэлж шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна” гэжээ.
Гэтэл шүүхийн уг дүгнэлт нь “Нэхэмжлэгч Ж.Хын цалин хөлс нь суурь цалин, хийснээр олгох нэмэгдэл, гэрээт ажлын хөлс зэргээс бүрддэг болох нь ажил олгогчийн шүүхэд ирүүлсэн цалингийн тодорхойлолтод, ажил гүйцэтгэх болон хөдөлмөрийн гэрээгээр нотлогдож байх ба цалин хөлсний хэмжээ нь тухайн сард хийж гүйцэтгэсэн ажлаас хамааран өөрчлөгддөг, тогтмол бус байна” гэсэн дээрх дүгнэлттэйгээ зөрчилдөж байна. Учир нь “Монсудар паблишн” ХХК-нь нэхэмжлэгч Ж.Хын нэг сарын цалин 2 500 000 төгрөг байдаг гэсэн тусгай тодорхойлолт гаргаж өгөөгүй бөгөөд харин “Унших бичиг”номыг зохиоход 2020 оны 2-5 дугаар сар хүртэл 3 сарын хугацаанд сарын 2.500.000 төгрөгийн цалинтайгаар ажиллах ажил гүйцэтгэх гэрээ, тухайн ажлын төсөв болон төлөвлөгөөг илгээсэн байгаа юм. Шүүх цалин хөлсний нь гүйцэтгэсэн ажлаасаа хамаараад, сар бүр өөр байдаг хэмээн дүгнэж, мөн ослын улмаас энэ хугацаанд ажлаа гүйцэтгээгүй гэдгийг нотолсон ч тухайн үед хэрэгжих байсан энэхүү ажлыг гүйцэтгэж чадаагүй байхад ... Ж.Хын сарын цалин хөлс нь 2 500 000 төгрөг гэсэн тодорхойлолт нь хуульд заасан журмын дагуу төрийн байгууллагуудад тайлагнадаг хувь хүний орлогод ногдуулан суутгасан албан татварын тайлан, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангийн мэдээлэлтэй тохирохгүй байна хэмээн үзэх нь үндэслэлгүй юм.
Тодруулбал ажил олгогчоос ажилтан нэхэмжлэгч би ослоос шалтгаалан ажиллах боломжгүй, ажиллагаагүй тул ажилласан гэсэн үндэслэлээр эсхүл олгоогүй цалинг олгосон мэтээр Хувь хүний орлогод суутгасан албан татварын тайлан болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлт хийх боломжгүй учраас бага байх нь ойлгомжтой.
Харин нэхэмжлэгч нь би хавтаст хэрэгт авагдсан Ажил гүйцэтгэх гэрээгээр осолд өртсөн цаг хугацаанд 2020 оны 2-5 дугаар сард сарын 2.500.000 төгрөгийн цалин авахаар болсон байсан гэдэг нь эргэлзээгүй нотлогдож байгаа. Гэвч тухайн цалингаа хариуцагч нарын гэм хор учруулснаас болж бүтэн авч чадаагүй тул зөрүүл шаардах нь хуульд заасан нэхэмжлэгч миний эрх гэж үзэж байна.
Мөн “...тухайн гэрээт ажлыг орлон гүйцэтгэсэн хүмүүст олгосон хөлсөөр давхар нотлогдохгүй байх тул эргэлзээгүй, үнэн зөв нотлох баримт гэж үнэлж, шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна” гэсэн дүгнэлтийг ч хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь “Монсудар паблишн” ХХК-д ирүүлсэн 2021 оны ...Захирамждаа тухайн гэрээт ажлыг хэнээр орлон гүйцэтгүүлсэн болон тухайн ажлын хөлсийг хэрхэн тооцож олгосон талаар тайланг ирүүлэхийг огт дурдаагүй байсан тул энэ мэдээлэл шүүхэд очоогүй бөгөөд хаанаас ийн дүгнэж байгаад эргэлзэж байна. Тиймээс энэхүү дүгнэлтээр миний нэхэмжилсэн цалингийн дүнг бууруулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн 00749 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Ж.Х миний цалингийн зөрүү 3 366 118 төгрөг, гоо сайхны нөхөн сэргээлтэд шаардагдах төлбөр 5 416 000 төгрөг нийт 8 782 118 төгрөгийг хариуцагч нараас нэмж гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгч Ж.Хын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч Ж.Х нь хариуцагч Б.Т, Н.Ө нарт холбогдуулан гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол, хор уршигт 13 313 765 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд энэхүү шаардлагаа 179 765 төгрөгөөр багасгаж, эм эмчилгээний төлбөр 809 765 төгрөг, гоо сайхны эмчилгээнд зарцуулсан 921 235 төгрөг, гоо сайхны эмчилгээнд ирээдүйд гарах зайлшгүй зардалд 5 804 000 төгрөг, цалин хөлсний дутуу болон ажил гүйцэтгэх гэрээний орлогод авах байсан цалин 5 600 000 төгрөг нийт 13 134 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Хариуцагч нар нь татгалзлын үндэслэлээ “...нэхэмжилж байгаа төлбөрөөс эмчилгээний төлбөрийг зөвшөөрч байна... гоо сайхны нөхөн төлбөр 5 804 000 төгрөгийг “Синдерелла” ХХК, “Цаглашгүй дэлгэр” ХХК гэсэн 2 эмнэлгийн баримтаар эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй... ирээдүйд хийлгэх эсэх нь тодорхойгүй зардал гэж үзэж төлөх боломжгүй... 3 сар ажиллаагүй ч гэсэн ажил хөдөлмөрөө эрхэлж байсан нь харагддаг... ажил гүйцэтгэх гэрээгээр олох байсан орлогыг төлөх боломжгүй” гэж тайлбарлажээ.
Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Б.Т нь 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Хьюндай Портер маркийн 43-07ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас явган зорчигч Ж.Хыг мөргөн эрүүл мэндэд нь гэмтлийн зэргийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл учруулсан байх бөгөөд зам тээврийн осол нь зөрчлийн шинжтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр Тээврийн Прокурорын газрын “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 250 дугаар прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хааж, Ж.Х нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг жолооч Б.Т, иргэний хариуцагч Н.Ө нарын оршин суух газрын шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйгээр шийдвэрлэжээ. Энэ талаар нэхэмжлэгч хариуцагч нар хэн аль нь маргаагүй.
Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4 дэх хэсэгт зааснаар эрх нь зөрчигдсөн гэж үзсэн этгээд учруулсан хохирлоо арилгуулахаар эрх зөрчсөн этгээдээс шаардах эрхтэй гэж, мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас эрүүл мэнд ...хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, ...зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус зохицуулсан.
Зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч Ж.Хын эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан тул уг гэмтлийг эмчлүүлэхэд гарсан эмчилгээний зардал болон дутуу авсан цалин хөлс зэрэг гэм хорын хохирлыг эрүүл мэндэд гэм хор учруулсан буруутай этгээдүүдээс дээрх хуулийн дагуу шаардах эрхтэй.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан гэм хорын хохирлын нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-д заасны дагуу үнэлж эм эмчилгээний зардалд 712 000 төгрөг, гоо сайхны эмчилгээ хөмсөг уруул шивэлттэй холбоотой зардалд 912 711 төгрөг, хөдөлмөрийн гэрээний дагуу авах ажилтны цалин хөлсийг 2, 3, 4 дүгээр сарын цалин хөлсний зөрүүгээр тооцож 2 233 882 төгрөг нийт гэм хорын хохиролд 3 858 593 төгрөгийн хэмжээгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцэж байна.
Нэхэмжлэгч Ж.Хын “...шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, ...цалингийн зөрүү 3 366 118 төгрөг, гоо сайхны нөхөн сэргээлтэд шаардагдах төлбөр 5 416 000 төгрөг, нийт 8 782 118 төгрөгийг хариуцагч нараас нэмж гаргуулах”-ыг хүссэн давж заалдах гомдлыг гаргасан.
1. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т зааснаар хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй боловч гоо сайхны эмчилгээнд урьдчилан төлүүлэхээр шаардсан 5 804 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, зайлшгүй гаргуулах эмчилгээний зардал гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Учир нь хэрэг бүртгэлтийн шатанд хариуцагчаас 5 610 000 төгрөг буюу тодорхой хэмжээний хохирол төлбөр төлж барагдуулсан, мөн анхан шатны шүүх хөмсөг, уруул шивэлт зэрэг зарим эмчилгээ үйлчилгээ авсан гоо сайхны эмчилгээний зардалд 912 711 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд нэхэмжлэгч гоо сайхны төлбөрийг урьдчилан төлүүлэхээр нэхэмжилсэн үндэслэл, шаардлагаа гоо сайхны эмчилгээнд зайлшгүй гарах зардал гэж Синдерелла клиник ХХКомпанийн эмнэлгийн дүгнэлтээр 4 004 000 төгрөг, /1-р хх-ийн 32тал/, “Цаглашгүй” ХХКомпанийн эмнэлгийн дүгнэлтээр 6 828 000 төгрөг /2-р хх-ийн 55тал/, эдгээр эмнэлгийн дүгнэлтийн үнийн дүнг дунджаар тооцож 5 804 000 төгрөг гэж тодорхойлон нэхэмжилж буй нь өөрөө ойлгомжгүйн дээр аль эмнэлгийг сонгон гоо сайхны эмчилгээг хийлгүүлэх болсон одоогоор тодорхойгүй, гоо сайхны эмчилгээ хийгдээгүй байна.
Дээрх тогтоогдсон нөхцөл байдлуудаас үзвэл гоо сайхны нөхөн сэргээлтэд шаардагдах төлбөрт 5 416 000 төгрөгийг хариуцагчаас урьдчилан гаргуулах үндэслэлгүй байна.
2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл “Монсудар Паблишн” ХХК, иргэн Д.Цогзолмаа, иргэн Д.Мөнхзаяа нарын хооронд захиалагчийн санаачилга санхүүжилтээр 1-5 ангийн сурагчдад зориулсан “Унших бичиг“ зохиох зохиогчоор ажиллах тухай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг ажил гүйцэтгэх гэрээний хүрээнд нэхэмжлэгч Ж.Хын хийгдэх ажил, төсөвлөсөн цалин нь Унших бичиг сурах бичиг зохиох ажлын төлөвлөгөө, Унших бичиг сурах бичиг зохиох урьдчилсан төсөв баримтад /1-р хх-ийн 131-132 тал/ тусгагджээ. Эдгээр баримтуудыг үндэслэж нэхэмжлэгч Ж.Х хохирол нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Тодруулбал
Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалаар батлагдсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.” Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан; “2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10хувь/ тогтонги алдагдсан.” гэж гэмтлийн зэрэг тогтоох шалгуур үзүүлэлтүүд, хөдөлмөрийн чадварын хэмжээ тусгагдсан байна.
Шинжээч нарын дүгнэлтээр зам тээврийн ослын улмаас Ж.Хд учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу “түр хугацаагаар сарниулсан” хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь тогтоогдсон, хэдийгээр ажлаас эмнэлгийн магадалгаагаар чөлөөлөгдсөн баримт байхгүй ч гэсэн шүүх Ж.Хын зам тээврийн осол болсон 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс хойш 2, 3, 4 дүгээр саруудад дутуу олгогдсон цалин хөлсний зөрүүг нөхөн гаргуулахаар шийдвэрлэсэн байна.
Мөн түүнчлэн нэхэмжлэгч Ж.Х нь эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсны улмаас ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр алдагдсан байх ба тодорхой хугацаагаар ажил хөдөлмөрөө эрхлээгүй хохирол амссан хэдий боловч “Монсудар паблишн” ХХКомпанитай 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэж /1-р хх-ийн 114 тал/ байсан болох нь “Монсудар” хэвлэлийн газрын албан бичиг, ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тогтоогдож байх тул түүнийг хөдөлмөрийн орлого алдагдаж, хохирсон гэж үзэхгүй тул нэхэмжлэгчийн “...ажил гүйцэтгэх гэрээгээр осолд өртсөн цаг хугацаанд 2020 оны 2-5 дугаар сарын хугацаанд сард сарын 2 500 000 төгрөг цалин авахаар болсон байсан гэдэг нь эргэлзээгүй нотлогдсон ...цалингийн зөрүү 3 366 118 төгрөг ...гаргуулах” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
Иймд дээрх тогтоогдсон байдлуудаас үзвэл хариуцагч Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.3-д заасны дагуу гэм хорыг арилгах үүрэг хүлээхгүй тул нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах хууль зүйн боломжгүй юм.
Харин анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ гэм хор учруулснаас хариуцлага хүлээлгэх үндэслэлийг зохицуулсан Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зүйл, заалтыг баримтлаагүйн дээр, тээврийн хэрэгслийг ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж хариуцах ёсгүй этгээдэд гэм хорын төлбөр хариуцуулсан байна.
Хариуцагч Б.Тгийн жолоодож явсан Хьюндай Портер маркийн 43-07 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Н.Ө болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд энэ талаар нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн аль нь маргаагүй.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж зохицуулжээ.
Өөрөөр хэлбэл, хариуцагч Б.Т нь осол гаргасан Хьюндай Портер маркийн 43-07 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч биш, тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч байх тул шууд байдлаар эзэмшилдээ эзэмшиж байхдаа бусдад учруулсан эрүүл мэндийн гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Гэтэл шүүх тээврийн хэрэгслийн өмчлөгч Н.Өад гэм хорын төлбөрийг хариуцуулсан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх зохицуулалтыг буруу хэрэглэж, нэхэмжлэгчээс урьдчилан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224 518 төгрөгийг буцаан олгоогүй орхигдуулсан байна.
Дээр тогтоогдсон нөхцөл байдалд тулгуурлан давж заалдах шатны шүүхээс хууль хэрэглээний алдаануудыг залруулан анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.
Мөн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-т зааснаар нэхэмжлэгч Ж.Х давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул түүний улсын тэмдэгтийн урьдчилсан төлсөн 155 463 төгрөг, давж заалдах гомдлоо дэмжиж оролцоогүй, хэлэлцэгдээгүй тул хариуцагч Н.Өын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50 700 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Ж.Х нь нотлох баримтаа бүрдүүлж, дахин нэхэмжлэл гаргасан тохиолдолд энэхүү шүүхийн шийдвэр, магадлал саад болохгүй бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 151/ШШ2021/00749 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар гэм хорын хохиролд 3 858 593 төгрөгийг хариуцагч Н.Өаас гаргуулан нэхэмжлэгч Ж.Хд олгож “ гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1,228 дугаар зүйлийн 228.4-д зааснаар гэм хорын хохиролд 3 858 593 төгрөгийг хариуцагч Б.Тгөөс гаргуулан нэхэмжлэгч Ж.Хд олгож” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтын “ Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 224 518 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч Н.Өаас 76687 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Хд олгосугай” гэснийг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-т зааснаар нэхэмжлэгч Ж.Хын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224 518 төгрөгийг буцаан олгож, хариуцагч Б.Тгөөс улсын тэмдэгтийн хураамжид 76 687 төгрөг гаргуулан улсын төсөв оруулсугай “ гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-т зааснаар нэхэмжлэгч Ж.Хын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155 463 төгрөг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.2-д зааснаар хариуцагч Н.Өын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50 700 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА
ШҮҮГЧИД Р.МӨНХ-ЭРДЭНЭ
Т.ЭНХМАА