| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2018/0249/Э |
| Дугаар | 252 |
| Огноо | 2018-06-15 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Баярхүү |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 252
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг, улсын яллагч Б.Баярхүү /томилолтоор/, шүүгдэгч Г.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Боржигон овогт Г-ын А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 1810003580337 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, англи, солонгос хэлний орчуулагч мэргэжилтэй, “Аrt collection” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 3, аав, дүүгийн хамт Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 20 дугаар байр 90 тоотод оршин суух хаягтай боловч улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Боржигон овогт Г-н А
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.А нь 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайнь 5-131 тоотод хамтран амьдрагч Ч.Оюун-Эрдэнийг хардалтаас болж маргалдан, улмаар зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Г.А: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч Ч.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 02 дугаар сарын 01-ний өглөө 10 цагийн үед ажилдаа явах гэж байхад манай нөхөр өөр хүнтэй хардаад, хэл амаар доромжилж байснаа миний үснээс зулгааж, нүүр рүү алгадаж, ор руу авч шидээд дээр гарч хоолой боогоод үснээс дахин зулгааж толгойны дагз хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон. Тэгснээ намайг доош нь харуулж нуруун дээр өвдөглөөд бие рүү цохисон, тэр үед би амьсгалж чадахгүй болоод болиоч гээд уйлахад болисон. А бид хоёрт гэрлэлтийн баталгаа байхгүй, хамтран амьдраад 5 жил болж байна. ...Урьд нь 2017 оны 9 дүгээр сард намайг газар чирээд, толгой дээр өвдөглөж зодсон...” /хх-ийн 17-20/ гэсэн,
Гэрч С.Алтанцэцэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Миний охин Атэй амьдраад 6 жил болж байгаа, дундаасаа нэг хүүхэдтэй. Надад өмнө нь нөхөртөө зодуулж байсан талаараа хэлж байгаагүй, 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр уйлчихсан, хоёр нүд нь хөхөрсөн байдалтай ирсэн. Сүүлд зодуулсныхаа дараа өмнө нь бас нэг удаа хэрүүл хийхдээ зодож байсан гэсэн...” /хх-ийн 21-22/ гэсэн,
Шүүгдэгч Г.А мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 02 дугаар сарын 01-ний үүрээр эхнэрийн утсанд “ууж шоудах уу” гэсэн мессеж ирсэн байхаар нь би тэр дугаар руу нь энэ дугаар руу бич гээд өөрийнхөө дугаарыг бичээд явуулсан. Тэгтэл хүрээд ир, ууцгаая гэсэн мессеж ирсэн. Тэгэхээр нь би эхнэрээ босгоод утасны дугаарын эзнийг таних уу гэж асуухад би бааранд шоудаж байгаад нэг залууд дугаараа өгсөн юм, тэр байх гэж хэлсэн. Тэгээд өглөө нь тэр дугаарын талаар дахин асуухад өөр юм яриад, бантаад байсан болохоор нь гадуур янхандаж явлаа гээд хэрэлдсэн. Хүүхдээ орхиод гадуур, дотуур янхандаж явлаа гэхэд арчаагүй царайлаад хууртагдаж байвал хохь чинь гэхээр нь миний уур хүрээд хацарт нь хоёр удаа алгадаад, өөдөөс сарвалзаад байхаар нь шилэн хүзүүн дээр нь гараараа дарж болиулсан. Тэгээд хэсэг хугацаанд хэрүүл намдаж байтал арчаагүй амьдралтай пизда гэхээр нь орон дээр дарж хэвтүүлээд ярилцах гэтэл босох гээд байхаар нь араас нь тэвэртэл тийчлээд эвлэрэх шинжгүй болохоор гараа тавиад буруу хараад хэвтсэн...” /хх-ийн 40-44/ гэсэн мэдүүлгүүд,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн №2162 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Ч.О-н биед тархи доргилт, баруун, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Уг гэмтэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” /хх-ийн 33/ гэсэн дүгнэлт,
- Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 13/
- Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 52-60/,
- Шүүгдэгч Г.Аийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 47-49/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Г.Ад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.Ад холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.А нь 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайнь 5-131 тоотод хамтран амьдрагч Ч.Отэй хардалтаас болж маргалдан, улмаар зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ч.О-н “...2018 оны 02 дугаар сарын 01-ний өглөө 10 цагийн үед ажилдаа явах гэж байхад манай нөхөр өөр хүнтэй хардаад, хэл амаар доромжилж байснаа миний үснээс зулгааж, нүүр рүү алгадаж, ор руу авч шидээд дээр гарч хоолой боогоод үснээс дахин зулгааж толгойны дагз хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон. Тэгснээ намайг доош нь харуулж нуруун дээр өвдөглөөд бие рүү цохисон, тэр үед би амьсгалж чадахгүй болоод болиоч гээд уйлахад болисон. А бид хоёрт гэрлэлтийн баталгаа байхгүй, хамтран амьдраад 5 жил болж байна...” /хх-ийн 17-20/ гэсэн,
Гэрч С.Алтанцэцэгийн “...Миний охин Атэй амьдраад 6 жил болж байгаа, дундаасаа нэг хүүхэдтэй. Надад өмнө нь нөхөртөө зодуулж байсан талаараа хэлж байгаагүй, 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр уйлчихсан, хоёр нүд нь хөхөрсөн байдалтай ирсэн...” /хх-ийн 21-22/ гэсэн,
Шүүгдэгч Г.Аийн “...2018 оны 02 дугаар сарын 01-ний ...өглөө нь дугаарын талаар дахин асуухад өөр юм яриад, бантаад байсан болохоор нь гадуур янхандаж явлаа гээд хэрэлдсэн. Хүүхдээ орхиод гадуур, дотуур янхадаж явлаа гэхэд арчаагүй царайлаад хууртагдаж байвал хохино гэхээр нь миний уур хүрээд хацарт нь хоёр удаа алгадаад, өөдөөс сарвалзаад байхаар нь шилэн хүзүүн дээр нь гараараа дарж болиулсан. Тэгээд хэсэг хугацаанд хэрүүл намдаж байтал арчаагүй амьдралтай пизда гэхээр нь орон дээр дарж хэвтүүлээд ярилцах гэтэл босох гээд байхаар нь араас нь тэвэртэл тийчлээд эвлэрэх шинжгүй болохоор гараа тавиад буруу хараад хэвтсэн...” /хх-ийн 40-44/ гэсэн мэдүүлгүүд,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны №2162 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Ч.О-н биед тархи доргилт, баруун, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Уг гэмтэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 33/ гэсэн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнийг заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж заажээ.
Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн 3 дугаар зүйлд зааснаар эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч …этгээдийг ойлгох ба Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилжээ.
Шүүгдэгч, хохирогч нар нь 2013 оноос хамтран амьдарч байсан болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд энэ талаар хэн аль нь маргахгүй тул шүүгдэгч Г.Аийг хамтран амьдрагч Ч.О-н биед хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг агуулж байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч Ч.О-н биед тархи доргилт, баруун, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан, хохирогч нь эмчилгээний зардал нэхэмжлээгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 19/ гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх, хохирол төлбөргүй байна.
Шүүхээс Г.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Г.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Г.Аийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд прокурорын саналын хүрээнд торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч Ч.О гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Г-ын А-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г-ын А-ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Г.А-д оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.А торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 1810003580337 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Ч.О гомдол, саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР