Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаа Ариунхишиг |
Хэргийн индекс | 2210028771569 |
Дугаар | 2024/ДШМ/1070 |
Огноо | 2024-09-18 |
Зүйл хэсэг | 17.3.1., |
Улсын яллагч | Б.Энх-Амгалан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 2024/ДШМ/1070
2024 09 18 2024/ДШМ/1070
Д.Э т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Энх-Амгалан,
хохирогч Б.Н , түүний өмгөөлөгч Д.Бум-Аюуш,
цагаадсан этгээд Д.Э , түүний өмгөөлөгч Ж.Мөнгөнзул,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/296 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Н , түүний өмгөөлөгч Д.Бум-Аюуш нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Д.Э т холбогдох эрүүгийн 2210028771569 дугаартай хэргийг 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Д.Э нь хохирогч Б.Н ыг Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байхад ноос авч өгнө гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2022 оны 7 дугаар сарын 01-ээс 19-ний хооронд 5 удаагийн гүйлгээгээр 15.000.000 төгрөг, мөн 2022 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 19-ний өдөр 4.470.000 төгрөг, нийт 19.470.000 төгрөгийг үргэлжилсэн үйлдлээр өөрийн Хаан банкны **** тоот дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокуророос: Д.Э ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Э т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19
дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Д.Э ыг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь зааснаар хохирогч Б.Н ын нэхэмжилсэн 19,470,000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн 2210028771569 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 2 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, цагаатгагдсан этгээд энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогч Б.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Миний бие намартаа Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд очиж мал маллаж, ажил хийж очдог байсан. Энэ хугацаанд мал авч яваад Д.Э той танилцаж байсан юм. Ингээд хоорондоо холбоотой болж Д.Э нь надтай холбогдож тухайн үеийн мал, мах, арьс түүхий эд, ноос ноолуурын үнэ ханшийг надаас асууж холбоотой болсон юм. Би Д.Э ыг сумандаа ноос ноолуур авдаг гэхээр нь холбогдож, “ноос авбал олдох уу” гэсэн чинь “манай сумын ноос одоо ид гарч байгаа, та над руу мөнгө шилжүүлбэл би таны мөнгөнд малчдаас ноос аваад ноосыг чинь Улаанбаатар руу ачуулж өгье. Одоо манай суманд кг ноос 500 төгрөг байна” гэсэн. Тэгэхээр нь би “за шилжүүлье чи сумынхаа ханшаар аваад над руу Улаанбаатар руу ачуулаад ирсэн өдрийнх нь ханшаар бодож өөрийн мөнгөнөөс тооцъё. Зөрүү нь чиний ашиг болно” гэж хэлэхэд Д.Э “болж байна” гэсэн. Ингээд 2022 оны 6 дугаар сард 20.000.000 төгрөгийг цувуулж шилжүүлээд Д.Э энэ мөнгөнд 1кг ноосыг 500 төгрөгт авсныг нь би 1400 төгрөгөөр бодож ашиг гаргаж тооцсон. Дараа нь дахиад ноос олдохоор байна гэж хэлээд надаас 2022 оны 7 дугаар сарын 01-ээс 19-ний хооронд 5 удаагийн гүйлгээ хийж, 15.000.000 төгрөг шилжүүлж авсан. Энэ хугацаанд Д.Э ноосоо авсан, ачих гэж байна гээд фейсбүүк чатаар харуулдаг байсан. Тэгээд “ноосоо хурдан авъя” гэж ярихад “унаагаа олсон, тээвэрлэх зардал хэрэгтэй байна” гэж надаас 4.470.000 төгрөг шилжүүлж аваад утсаа авахгүй, чатаа авахгүй, мессеж бичихээр хариу өгөхгүй болсон. Тэгээд би өөрөө 2022 оны 8 дугаар сарын 13-нд Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд очиход өмнөх ноосны үлдэгдэл 2-3 тонн ноос байхыг ачуулж явуулаад, өгсөн мөнгөнийхөө ноосыг авах гэсэн “ноос нь байхгүй”, мөнгөө авах гэхэд “мөнгө нь байхгүй” байсан. Ингээд би Гурван булагт 3, 4 хоноод Д.Э ыг хүлээгээд ноос байхгүй болохоор нь Д.Э той 2022 оны 8 дугаар сарын 17-нд очиж уулзаад өөрийн машиндаа цуг сууж байгаад “мөнгөө авъя” гэхэд “надад мөнгө байхгүй ахаа, би зээлдээ хэдэн төгрөг хийчихсэн байгаа, мөнгийг чинь өгнө, харин өгөх ноос байхгүй, өөрийн чинь мөнгөнд мал аваад ачаад Улаанбаатарт хүргэж өгье” гэсэн. Тэгэхээр нь “чи тэгвэл надад 15.000.000 төгрөг өгнө гээд гарын үсэг утасны дугаараа бичиж өг” гэхэд “тэгье” гээд өөрийн биеэр цуг сууж байгаад бичиж өгсөн. Тэгээд “авсан 15.000.000 төгрөг тээвэрт өгсөн мөнгөнд нийтэд нь бодоод мал аваад очъё” гээд үлдсэн. Тэгээд би өөрөө Гурван булаг, заг сумуудаас авах малаа аваад Улаанбаатарт ирсэн. Харин Д.Э хэлсэн хугацаандаа ирэхгүй болохоор нь утас, чат, фейсбүүкээр нь холбогдох гэхэд холбогдохгүй байсан. Мөн Д.Э ын эхнэртээ ч холбоо барих гээд утсаа авахгүй болохоор нь аргаа бараад цагдаад хандсан юм. Тэгээд цагдаа дээр Д.Э дансны хуулгаа авчирч өгсөн байсан. Тэр хуулгыг нь харахад миний ноосны мөнгө гэж хийсэн мөнгө дансанд нь оронгуут өөрийн хувийн хэрэглээ, мөн ноолуурынхаа урьдах өглөгийг тараасан байгааг харахад Д.Э нь надад ноос авч өгнө гэж худал хэлж надаас мөнгө залилж авсан нь харагдаж байна. Гэтэл Д.Э ын бүх мэдүүлэг өөрийн биеэр цуг сууж, яриад авсан. Мөнгөө хүлээн зөвшөөрсөн, гарын үсэг утасны дугаар утсанд нь хийсэн бичлэг байхад анхан шатны шүүх Д.Э ын хийсэн үйлдэл нь залилах гэмт хэрэг биш байна гэж цагаатгасанд маш их гомдолтой байна. Яагаад гэвэл өөрийн мөнгөө залилуулаад хохирчхоод байхад анхан шатны шүүх залилж, хүний мөнгийг авсан хүнийг цагаатгаж, залилуулсан намайг дахин хохироож байгаад үнэхээр их гомдолтой байна. Уг нь би өөрийн мөнгөөр хохироод, худал хэлж залилан хийсэн хүнээсээ мөнгөө авах гэж шүүхэд хандаж байхад шүүх бүр эсрэгээрээ өшөө олон залилан хийгээрэй гэсэн утгатай шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна. …” гэв.
Хохирогч Б.Н ын өмгөөлөгч Д.Бум-Аюуш давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Дээрх дүгнэлтийг шүүхээс хийхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.1, 1.2-т шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт “шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, түүнийг нотолж байгаа нотлох баримтын агуулга, шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг тусгахаар хуульчилсан хуулийг зохицуулалтыг ноцтой зөрчсөн байна.
Өөрөөр хэлбэл, шүүхээс Д.Э , Б.Н нарын хооронд болсон үйл явдлыг дүгнэхэд тэдний хооронд ноос худалдаж авах, нийлүүлэх хэлцлийг амаар хийсэн улмаар Б.Н 2022 оны 07 дугаар сарын 01-ээс 19-ны хооронд нийт 5 удаагийн гүйлгээгээр 15 сая төгрөг мөн 2022 оны 08 дугаар сарын 13-аас 19-ний хооронд 4,470,000 төгрөг нийт 19,470,000 төгрөгийг шилжүүлсэн, ноосоо хэзээ ачуулах талаар талууд харилцан тохиролцоогүй ч 2022 оны 08 дугаар сарын 11, 16-ны өдрүүдэд хоёр удаа Улаанбаатар хот руу Д.Э ноос ачуулсан Улаанбаатарт хүлээж авсан, ноос ачсан тээврийн хэрэгслийн төлбөрийг Б.Н төлсөн зэрэг үйл баримтаас дүгнэхэд Д.Э ын үйлдэлд ноос нийлүүлээгүй, нийлүүлэхгүй байх гэсэн санаа зорилго тогтоогдохгүй байх бөгөөд өөрөө түүхий эд худалдан авч зардаг байсан, энэ талаар хохирогч, шүүгдэгч хэн аль нь мэдүүлэх бөгөөд ноос нийлүүлэх явцад хугацаа алдсан, ноосны жингийн зөрүү гарсан байх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэхдээ эдгээр үйл баримтууд нь хавтаст хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан ямар нотлох баримтуудаар нотлогдож байгаа, улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгч нарын гэм буруутайд тооцуулахаар гаргасан дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудыг ямар нотлох баримтуудаар үгүйсгэж байгаа үндэслэлээ тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Цагаатгах тогтоолын хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт хэсэгт
дүгнэсэн дүгнэлтүүд нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар дараах байдлаар нотлогдохгүй байна.
Үүнд, шүүхээс дүгнэсэн “...Д.Э , Б.Н нарын хооронд болсон үйл явдлыг дүгнэхэд тэдний хооронд ноос худалдаж авах, нийлүүлэх хэлцлийг амаар хийсэн” гэх дүгнэлт нь хохирогчийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлгээр үгүйсгэгдэнэ. Ноос худалдаж авах, нийлүүлэх хэлцэл гэдэг нь Д.Э нь өөрийн мөнгөөр болон өөрт байсан ноосоо Б.Н т өгөхөөр харилцан тохиролцож Б.Н нь мөнгө шилжүүлснээр Д.Э нь өөрт байгаа ноосоо өгөх харилцааг ноос худалдаж авах, нийлүүлэх хэлцэл гэж ойлгохоор Монгол улсын Иргэний хуулиар зохицуулсан байдаг. Гэтэл Б.Н ын хохирогчоор өгсөн мэдүүлгүүд, Д.Э ын гэрч, яллагдагч, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр Б.Н нь өөрийн мөнгөө Д.Э т шилжүүлж, шилжүүлсэн мөнгөөр Д.Э нь малчдаас ноос худалдан авч ачуулахаар болсон үйл баримт тогтоогддог. Энэхүү үйл баримтаас Д.Э Б.Н т ноос худалдах, нийлүүлэх харилцаа биш харин Д.Э нь Б.Н ын шилжүүлсэн мөнгөөр зөвхөн ноос худалдаж авах ёстой байснаар шүүхийн үйл баримтад хийсэн дүгнэлт нь үндэслэлгүй болох нь тогтоогдож байна.
Анхан шатны шүүхийн “...улмаар Б.Н 2022 оны 07 дугаар сарын 01-ээс 19-ний хооронд нийт 5 удаагийн гүйлгээгээр 15.000.000 төгрөг мөн 2022 оны 08 дугаар сарын 13-аас 19-ны хооронд 4.470.000 төгрөг нийт 19.470.000 төгрөгийг шилжүүлсэн, ноосоо хэзээ ачуулах талаар талууд харилцан тохиролцоогүй ч” гэж дүгнэсэн нь шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримт болох хавтаст хэргийн 33-38, 41-51-д авагдсан Б.Н ын Хаан банкны дансны хуулга, Д.Э той чаталсан фейсбүүк чат, мессежүүд, /хх 146/-д авагдсан Д.Э ын дансны хуулгаар үгүйсгэгдэнэ.
Өөрөөр хэлбэл хохирогч Б.Н ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн Д.Э т мөнгөнүүдийг цувуулж өгч байгаа нь эхний 2.000.000 төгрөгийг шилжүүлсний дараа Д.Э нь 2.000.000 төгрөгт ноогдох ноосыг авчихлаа гээд видео колл хийж ноос харуулангуут дараагийн мөнгийг шилжүүлдэг гэх мэдүүлэг нь Б.Н ын дансны хуулга, харилцан ярилцсан чат, мессежнүүдээр нотлогддог. Үүнээс дүгнэхэд 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 19-ний өдөр хүртэл 5 удаагийн гүйлгээ хийсэн байх бөгөөд хамгийн сүүлийн гүйлгээнээс өмнө 13.000.000 төгрөгийн ноос авагдсан байх ёстой. Гэтэл ноос авчихлаа гэж худал хэлж дараагийн мөнгөнүүдийг Б.Н аар шилжүүлүүлчихээд ноосноос өөр зүйлд зарцуулсан, мөнгөнүүдийг шилжүүлж авч дуусангуутаа ноосоо ачуулах гэж байна гэж хэлээд ноос байхгүй, утсаа авахгүй алга болж байгаа Д.Э ын үйлдэл нь хуурч мэхлэх, залилах гэмт хэргийн шинжийг агуулж байгаа нотлогдож байхад шүүхээс бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн байна гэж үзэхээр байна. Анхан шатны шүүхээс “ноосоо хэзээ ачуулах талаар талууд харилцан тохиролцоогүй ч 2022 оны 8 дугаар сарын 11, 16-ны өдрүүдэд хоёр удаа Улаанбаатар хот руу Д.Э ноос ачуулсан Улаанбаатарт хүлээж авсан, ноос ачсан тээврийн хэрэгслийн төлбөрийг Б.Н төлсөн зэрэг үйл баримтаас дүгнэхэд Д.Э ын үйлдэлд ноос нийлүүлээгүй, нийлүүлэхгүй байх гэсэн санаа зорилго тогтоогдохгүй байх ...” гэсэн дүгнэлт нь хавтаст хэргийн 109 дүгээр талд авагдсан дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хавтаст хэргийн 132 дугаар талд авагдсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэгт авагдсан Д.Э , Б.Н нарын хооронд 2022 оны 06 дугаар сард шилжүүлсэн 20.000.000 төгрөгийн ноосыг хүлээн авсан, 2022 оны 07 дугаар сарын 01-ээс 19-ний хооронд шилжүүлсэн 15.000.000 төгрөгт ноос аваагүй, ноосны тээвэрт төлсөн хөлсийг төлөхийг баталгаажуулж авсан баримтуудаар үгүйсгэгдэнэ.
Өөрөөр хэлбэл хохирогч Б.Н ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2022 оны 06 сард шилжүүлсэн 20.000.000 төгрөгийн ноосны тооцоо дууссан, 2022 оны 07 дугаар сарын 01-ээс 19-нд шилжүүлсэн 15.000.000 төгрөгийн ноосыг авах гэж иртэл сураггүй алга болсон тул Д.Э т 3тн ноосноос өөр ноос байгаагүй, 3тн ноос нь 06 дугаар сард шилжүүлсэн 20.000.000 төгрөгийн үлдэгдэлд тохирсон тул 06 дугаар сарын тооцоогоо хаагаад, 2022 оны 07 дугаар сарын 01-ээс 19-нд шилжүүлсэн 15.000.000 төгрөгт ноос аваагүй болохоо Д.Э хүлээн зөвшөөрөөд гарын үсгээ зурсан” гэх үйл баримт нь шүүхээс 11, 16-нд 2 удаа Улаанбаатар хот руу ноос ачсан тул Д.Э ын ноос нийлүүлээгүй, нийлүүлэхгүй байх гэсэн санаа зорилго тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн үндэслэлгүй болохыг нотолж байна.
Анхан шатны шүүхээс “....Д.Э ын үйлдэлд ноос нийлүүлээгүй, нийлүүлэхгүй байх гэсэн санаа зорилго тогтоогдохгүй байх бөгөөд өөрөө түүхий эд худалдан авч зардаг байсан, энэ талаар хохирогч шүүгдэгч хэн аль нь мэдүүлэх бөгөөд ноос нийлүүлэх явцад хугацаа алдсан, ноосны жингийн зөрүү гарсан байх нөхцөл байдал...” гэж дүгнэснийг нотлох нэг ч нотлох баримт байхгүй болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан хавтаст хэрэгт авагдсан, шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд шүүх нотлох баримтгүйгээр өөрөө хийсвэр дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна. Шүүхээс “...ноос худалдаж авах, нийлүүлэхээр хийсэн Б.Н, Д.Э нарын хооронд байгуулсан аман хэлцлээр тэд ноосоо Улаанбаатар хот руу хэзээ ачуулах, тээвэрлэх, хүргүүлэх талаар харилцан тохиролцоогүй бөгөөд Д.Э ноосоо Улаанбаатар хот руу ачуулахгүй хугацаа алдаж, улмаар утсаар асуухаар залгахад утсаа авдаггүй, юу болж байгаа талаараа мэдэгдээгүй нь залилах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэл болохгүй гэж дүгнэсэн нь , XX-146 талд авагдсан Д.Э ын дансны хуулга, /хх 132/-т авагдсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлд авагдсан гарын үсэг зурсан тооцоо нийлсэн баримт, /хх 109/-т авагдсан сиди, сидинд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тус тус үгүйсгэгдэнэ. Өөрөөр хэлбэл Д.Э ноосоо ачуулахгүй хугацаа алдсан гэж үзвэл Д.Э нь Б.Н аас шилжүүлсэн мөнгийг өөр зүйлд зарцуулсан биш ноос авсан үйл баримт, Б.Н ыг ноосоо авах гэж ирэхэд ноос нь бэлэн, ачуулах гэж хугацаа алдсан бол Д.Э , Б.Н нарын хооронд тооцоо нийлж, гарын үсэг зурсан баримт үйлдэгдэхгүй, дуу-дүрсний бичлэг хийгдэхгүй байсан болно. Иймээс дээрх үндэслэлүүдээр анхан шатны цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Цагаадсан этгээд Д.Э ын өмгөөлөгч Ж.Мөнгөнзул давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн 296 дугаартай цагаатгах тогтоол хууль зүйн үндэслэлтэй. Хохирогч болон хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан. Давж заалдах гомдолтой танилцаж дараах тайлбарыг гаргаж байна. Цагаатгах тогтоолын үндэслэлийг тодорхой бичээгүй гэж гомдолдоо дурдсан нь үндэслэлгүй байна. Ноос худалдаж авах нийлүүлэх процесс ажиллагаа нь Д.Э өөрийн мөнгөөр өөрийн ноосоо өгөхөөр харилцан тохиролцож Б.Н мөнгө шилүүлснээр Д.Э оос өөрт байх ноосоо өгөх харилцааг ноос худалдаж авах нийлүүлэх хэлцэл гэж Иргэний хуулиар зохицуулсан байдаг. Гэтэл иргэний эрх зүйн харилцаанд гэрээний чөлөөт байдлын зарчмыг хадгалдаг. Талуудын хооронд байгуулах гэрээний нөхцөлүүдийг хуулиар нэн хатуу чанга тогтоож хуульчилсан зүйл байдаггүй. Иргэний хуулийн гэрээний эрх зүйн бүлэг 189 дугаар зүйлийн 189.1 дэх хэсэгт “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан. Д.Э харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээ байгуулсан. Хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан гомдол хууль зүйн үндэслэлгүй. Хохирогч гомдолдоо 2022 оны 6 дугаар сард 22.000.000 төгрөгийг цувуулж шилжүүлээд Д.Э 1кг ноосыг 500 төгрөгөөр авсныг Б.Н 1400 бодож авсан талаар анхан шатны шүүх хурал дээр тайлбарладаг. Д.Э , Б.Н нарын тохиролцооноос Д.Э бүх мөнгийг ноосонд зарцуулна гэж харагдахгүй байна. Энэ хоёр хүний тохиролцоо ашиг олох байсан. 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл шилжүүлсэн 20.000.000 төгрөгийн ноосыг авсан. Д.Э ыг залилсан гэж хохирогч Б.Н гомдол гаргасан. Гэтэл 6 дугаар сараас, 7 дугаар сарын 19-ний өдөр хүртэл нийт 35.000.000 төгрөгийг Д.Э ын дансанд шилүүлсэн. Б.Н Гурванбулаг суманд очиж 8 дугаар сарын 11, 17 өдрүүдэд 2 удаа ноос ачуулдаг. Ноосны жинг Улаанбаатар хотод ирээд пүүлж авдаг. Хэдэн тонн ноос пүүлж авсан тухай баримт хохирогчид байдаггүй. Хэдэн тонн ноосыг Д.Э оос авах тухай асуухад тодорхой хариулт өгдөггүй. Улаанбаатар хотод авч ирсэн ноосоо хэнд өгсөн, хаана буулгасан талаар асуухад мөн хариулт өгч чаддаггүй. Жолооч нарын мэдүүлгээр 22 товчооны тэнд Хятад компанид өгдөг талаар мэдүүлдэг. Б.Н нь тухай нь ноосыг хаана өгсөн таалар баримтгүй байж Д.Э оос тонн жингийн зөрүү гарсан талаар асуудал ярьдаг. Д.Э 9.000.000 төгрөгийн мал, мах өгөхөөр тохиролцсон боловч гэнэт 19.000.000 төгрөгийг Д.Э оос нэхдэг. 19.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй болоод шүүхэд гомдол гаргасан. Мөн 19.000.000 төгрөг дотор тээврийн зардал ороод байгаа гэж Д.Э тайлбарладаг. Д.Э ыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэж улсын яллагч яллах дүгнэлт үйлдсэн байдаг. Гэтэл залилан мэхлэх гэмт хэргийн үйлдэл нь залилах сэдэл санаа зорилготой байх ёстой. Б.Н Д.Э 2-ын тохиролцоог харахад 35.000.000 төгрөгийн ноосыг 8 дугаар сарын 11, 17-ны өдрүүдэд ачуулж явуулаад Улаанбаатар хотод очоод пүү дээр тавихад жингийн зөрүү гарсан учраас маргаан гарсан гэж Б.Н гомдолдоо дурддаг. Гэтэл ноосны зөрүү гарсан үйл баримтын талаар прокуророос үндэслэлтэй тайлбар хийдэггүй. Хохирогчийн тооцоо нийлсэн баримт байгаа Д.Э т нийт 35.000.000 төгрөг өгсөн талаар гомдолдоо дурдсан байдаг. Д.Э ын мэдүүлгээр тээврийн хөлсийг худалдаж авч байгаа тал буюу Б.Н төлөхөөр анхнаасаа тохиролцсон гэж тайлбарладаг. Төрийн эрх бүхий албан тушаалтны гаргасан гарал үүслийн гэрчилгээ үгүйсгэх боломжгүй юм. Хохирогчийн өмгөөлөгч гар утасны чатын талаар ярьдаг. Түүнд ноос авч өгөх үеийн харилцаанууд байдаг. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Прокуророос: Д.Э , Б.Н нарын хооронд худалдах, худалдан авах харилцаа 2022 оны 6 дугаар сард үүссэн. Б.Н нийтдээ Д.Э т 35.000.000 төгрөг шилжүүлсэн. 25.000.000 төгрөгийг 06 дугаар сард, 15.000.000 төгрөгийг 7 дугаар сард өгсөн. Цагаатгах тогтоолд иргэний эрх зүйн харилцаа буюу хэлцэл үүссэн гэж дурдсан. Шүүгдэгч, хохирогч 2 ноосоо тооцоход тонн жингийн зөрүү гарсан. Энэ талаар иргэний эрх зүйн харилцаа гэж анхан шатны шүүх дүгнэсэн. Прокурорын зүгээс ноос авсан харилцаа үүсэж дахин Б.Н аас мөнгө авсан. Д.Э авсан мөнгөө зориулалтын бусаар зарцуулсан. Хохирогч болон шүүгдэгч нар анхан шатны шүүх хурал дээрх мэдүүлдэгтээ “тухайн үед авч байгаа ханш, Улаанбаатар хотод ноос авч байгаа ханш зөрүүтээ” байдаг.Үүнээс хамаараад Д.Э ашиг хүртдэг байсан. Прокуророос Д.Э ыг 15.000.000 төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан гэж яллах дүгнэлт үйлдсэн. Уг 15.000.000 төгрөгөөр ноос худалдаж аваагүй нь тогтоогддог. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.
Прокурор Б.Энх-Амгалан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокуророос: Д.Э , Б.Н нарын хооронд худалдах, худалдан авах харилцаа 2022 оны 06 дугаар сард үүссэн. Б.Н нийтдээ Д.Э т 35.000.000 төгрөг шилжүүлсэн. 25.000.000 төгрөгийг 06 дугаар сард, 15.000.000 төгрөгийг 07 дугаар сард өгсөн. Цагаатгах тогтоолд иргэний эрх зүйн харилцаа буюу хэлцэл үүссэн гэж дурдсан. Шүүгдэгч, хохирогч 2 ноосоо тооцоход тонн жингийн зөрүү гарсан. Энэ талаар иргэний эрх зүйн харилцаа гэж анхан шатны шүүх дүгнэсэн. Прокурорын зүгээс ноос авсан харилцаа үүсэж дахин Б.Н аас мөнгө авсан. Д.Э авсан мөнгөө зориулалтын бусаар зарцуулсан. Хохирогч болон шүүгдэгч нар анхан шатны шүүх хурал дээрх мэдүүлдэгтээ “тухайн үед авч байгаа ханш, Улаанбаатар хотод ноос авч байгаа ханш зөрүүтээ” байдаг.Үүнээс хамаараад Д.Э ашиг хүртдэг байсан. Прокуророос Д.Э ыг 15.000.000 төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан гэж яллах дүгнэлт үйлдсэн. Уг 15.000.000 төгрөгөөр ноос худалдаж аваагүй нь тогтоогддог. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Д.Э т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогч Б.Н , түүний өмгөөлөгч Д.Бум-Аюуш нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Шүүх аливаа нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдийн мэдүүлгийг нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог бөгөөд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна гагцхүү хэргийн үйл баримтыг эргэлзээ үүсгээгүйгээр, бүрэн дүүрэн нотолсон тохиолдолд л Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцнэ.
Прокуророос Д.Э ыг Хан-Уул дүүргийн 03 дугаар хороонд байхад “ноос авч өгнө” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2022 оны 7 дугаар сарын 01-ээс 19-ний хооронд 5 удаагийн гүйлгээгээр 15.000.000 төгрөг, мөн 2022 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 19-ний өдөр 4.470.000 төгрөг, нийт 19.470.000 төгрөгийг хохирогч Б.Н аас үргэлжилсэн үйлдлээр өөрийн Хаан банкны **** тоот дансаар шилжүүлэн авч залилсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, Д.Э ын үйлдэлд ноос нийлүүлээгүй, нийлүүлэхгүй байх гэсэн санаа зорилго тогтоогдохгүй байх бөгөөд өөрөө түүхий эд худалдан авч зардаг байсан, энэ талаар хохирогч, шүүгдэгч хэн аль нь мэдүүлэх бөгөөд ноос нийлүүлэх явцад хугацаа алдсан, ноосны жингийн зөрүү гарсан байх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилсан гэх үйл баримт хөдөлбөргүй, эргэлзээгүй, нотлогдож тогтоогдоогүй гэсэн дүгнэлтийг хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Д.Э т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.
Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субьектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог бөгөөд энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох учиртай.
Харин гэмт хэргийн субьектив талын зайлшгүй байх шинж чанар бол гэм буруу бөгөөд “Гэм буруугүй бол гэмт хэрэг байхгүй” гэж тооцогдоно. Энэ нь гэмт хэргийг, гэмт хэрэг бус үйлдлээс ялгах үндсэн шинж болдог. Гэм буруу нь сэдэл болон санаа зорилго гэсэн дотоод элементүүдээс бүрдэх тул эдгээрийг бодитой тогтоох шаардлагатай төдийгүй, ингэснээр тодорхой хүний үйлдэлд хууль зүйн зөв дүгнэлт хийх боломж бүрдэнэ.
Хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад, хохирогч Б.Н 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр нь бусдад залилуулсан талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж, дараах нотлох баримтуудыг хэрэгт цуглуулж, бэхжүүлжээ.
Үүнд: хохирогч Б.Н ын “...Надад малын ноос хэрэгтэй болоод Э-с малын ноос байгаа юу гэж асуухад “байгаа, та мөнгөө явуулчих, тухайн мөнгөнд чинь тааруулаад ноос явуулъя” гэж хэлэхээр нь Д.Э ын эхнэр С нь тухайн сумын Тамгын газарт ажилладаг төрийн албан хаагч байсан учраас итгэж 20.000.000 төгрөг шилжүүлж, тухайн мөнгөндөө тааруулж малын ноосыг авсан. Надад дахин ноос хэрэг болоод Д.Э , С нартай холбогдож малын ноос явуулах боломж байна уу гэхэд ямар нэг асуудал байхгүй гэж хэлэхээр нь 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 07 дугаар сарын 19-ний өдрийн хооронд 5 удаагийн гүйлгээгээр 15.000.000 төгрөг шилжүүлсэн. Энэ явдлаас хойш ноос авсан уу гэж асуухад авчихлаа гэж хэлээд фейсбүүк чатаар залгахад авчихсан байгаа гээд зургийг нь харуулдаг байсан. Тэгээд 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр малын ноосоо ачуулах гэж байна, тээврийн зардал хэрэгтэй гэхээр нь 4.470.000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс хойш Д.Э , С нар нь утсаа авахаа болиод одоогийн байдлаар миний мөнгө ч байхгүй, малын ноос ч байхгүй, урьд харилцааны явцад надад итгэл төрүүлж намайг залилсан. Би 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 2.000.000 төгрөг, 05-ны өдөр 3.000.000 төгрөг, 5.000.000 төгрөг, 08-ны өдөр 3.000.000 төгрөг, 19-ний өдөр 2.000.000 төгрөг, нийт 15.000.000 төгрөгийг ноосонд зориулж, түүний дараа малын ноос ачуулах гэж байна гээд тээврийн зардалд 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 4.470.000 төгрөг тус бүрийг Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа интернэт банкаар шилжүүлсэн. ...” /1хх 17-18/,
гэрч Э.С “...Би ноос, ноолуур авдаггүй, Н гэдэг хүнээс мөнгө авч байгаагүй, танихгүй, ямар нэгэн бизнес хийж байгаагүй, Н хийсэн гэрээ гэж зүйл байхгүй...” /1хх 22-23/,
Д.Э ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Б.Н надаас хонины ноос авах зорилгоор нийтдээ 35.000.000 төгрөг дансаар шилжүүлсэн, би уг мөнгөнөөс нэг ч төгрөг үрэлгүй бүх мөнгөөр нь 2022 оны 08 дугаар сарын 11-ний өөр 20 тонн ноос авсан ба хажууд Б.Н өөрөө зогсож байгаад хүлээж авсан. Түүний дараа буюу 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 4 тонн ноос авсан. Б.Н өөрөө тухайн ноосыг ачуулаад аваад явсан. Ингээд 35.000.000 төгрөг 24 тонн ноос ачуулаад Б.Н т хүлээлгэж өгсөн. ...2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 20 тонн ноос, 17-ны өдөр 4 тонн ноос, нийт 24 тонн ноос өгсөн. Би 35.000.000 төгрөгт ноос өгсөн, 3 саяас 4 сая төгрөгийн зөрүү үүсээд байгаа, надад илүү авсан зүйл огт байхгүй. Ноос ачуулах тээврийн хөлс надад хамаагүй, Б.Н төлөх ёстой, одоо надаас тээврийн зардал нэхээд байгаа, тээврийн зардлыг би хариуцахгүй. ...” /1хх 29-30, 127-129/ гэсэн мэдүүлгүүд,
Б.Н , Д.Э нарын Хаан банкны дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 32-40, 84-102, 103-104, 139-154/, Б.Н , Д.Э нарын хооронд фейсбүүк чатаар болон гар утсаар зурвас хэлбэрээр ярьсан, харьцсан тухай баримт /1хх 41-50, 115-122/, дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар /1хх 110-113/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 114/, тооцоо нийлсэн баримт /1хх 134/, ноос ачсан тээврийн хэрэгслийн гэрэл зураг /1хх 136- 138/ зэрэг хэрэгт авагдсан анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтууд авагджээ.
Залилах гэмт хэрэг нь хуурч мэхлэх, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй байх санаа зорилго, сэдэлтээр, эсхүл дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдах учиртай.
Цагаатгагдсан этгээд Д.Э , хохирогч Б.Н нарын хооронд болсон үйл явдлыг дүгнэхэд тэдний дунд ноос худалдах, худалдан авах хэлцлийг амаар хийсэн ба уг хэлцлийн дагуу хоёр удаа Улаанбаатар хот руу Д.Э ноос ачуулсан байх бөгөөд дээрх ачуулсан ноосыг хүлээж авсан болон ноос ачсан тээврийн хэрэгслийн төлбөрийг Б.Н төлсөн зэрэг үйл баримтаар Д.Э нь Б.Н т “ноос нийлүүлээгүй эсхүл нийлүүлэхгүй” гэсэн санаа зорилготой байсан гэж үзэх боломжгүй юм.
Түүнчлэн хэрэгт дээрх аман хэлцлийн дагуу Д.Э, Н нийлүүлсэн гэх ноос, түүхий эдийг хаанаас хэрхэн авдаг болох нь тодорхойгүй бөгөөд авч буй ноосоо пүүлж, жинлээгүй харин багцаагаар нь машинд ачиж явуулдаг байсан ба тухайн ноосыг Наранбаатар Улаанбаатар хотод хүлээж авахдаа мөн хэрхэн пүүлж, жинлэж хүлээн авч байсан зэрэг нь тодорхойгүй, улмаар талуудын дунд ноосны жингийн зөрүү гарсантай холбоотой мал, мах өгч, авалцахаар тохиролцсон зэргээс дүгнэхэд Д.Э-г залилан мэхэлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас дүгнэн үзэхэд Д.Э-н үйлдэлд ноос нийлүүлээгүй, нийлүүлэхгүй байх гэсэн санаа зорилго тогтоогдохгүй байх бөгөөд харин ноос нийлүүлэх явцад хугацаа алдсан, нийлүүлсэн ноос, хүлээн авсан ноосны хооронд жинлэж пүүлсэн гэх баримт байхгүйгээс жингийн зөрүү гарсан үйл баримт тогтоогдож байх тул “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр Д.Э т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгагдсан гэм буруугүйн зарчимд нийцэж байх бөгөөд энэ нь Д.Э , Б.Н нарын хооронд үүссэн харилцаа Иргэний хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэгдвэл зохих, гэрээний эрсдэлээс үүдсэн иргэний эрх зүйн маргааны шинжтэй болохыг харуулж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн бодит үнэнийг тогтоохын тулд нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор шалгах, ингэхдээ яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүргийг мөрдөгч, прокурор хүлээдэг бөгөөд шүүгдэгчийн мэдүүлгийн эх сурвалжийг нь өөр бусад баримтаар нотлоогүй нь мөрдөгч, прокурор нь дээрх хууль ёсны зарчмыг хангаж ажиллаагүйг харуулж байхаас гадна Д.Э ын үйлдэлд залилах гэмт хэргийн шинж тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
Шүүх хуралдаанаар судалж, хянан хэлэлцээд ямар нотлох баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг гагцхүү шүүх шийдвэрлэх бөгөөд шүүгдэгчийн гэм бурууг тогтоож нотлох хэмжээний хангалттай баримт цугларсан тохиолдолд түүнд үндэслэн гэм бурууг тогтоодог. Гэтэл хэрэгт авагдсан дээрх баримтууд нь шүүхээр хэлэлцэж гэм буруутайд тооцож шийдвэрлэхэд хангалтгүй, ач холбогдол хамаарлын хувьд эргэлзээтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.
Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.Н , түүний өмгөөлөгч Д.Бум-Аюуш нарын “анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулах”-аар бичсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/296 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.Н , түүний өмгөөлөгч Д.Бум-Аюуш нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ЕРӨНХИЙ, ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ