Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2024/ДШМ/1100

 

 

 

 

 

 

    2024           09           26                                        2024/ДШМ/1100         

 

 

Н.О , Г.Ө  нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 шүүгдэгч Н.О , түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн,

 шүүгдэгч Г.Ө , түүний өмгөөлөгч Л.Жавзмаа,

 нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,

          Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/573 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч  Г.Ө ын өмгөөлөгч Л.Жавзмаа, шүүгдэгч Н.О  нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Н.О , Г.Ө  нарт холбогдох эрүүгийн 2411 00000 0592 дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         

            Шүүгдэгч Н.О , Г.Ө  нар нь бүлэглэн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Б тэй маргалдан хавсарч унагаан, нүүр лүү цохисны улмаас баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд язрал, цус хуралт, үүдэн баруун доод 1 дүгээр шүдний эмтрэл, дух, зүүн шанаа, зүүн чихний дэлбэнд зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн бүлэглэн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Б тэй маргалдан хавсарч унагаан, нүүр хэсэгт цохиж, улмаар Б.Б-н эзэмшлийн Самсунг А23 загварын, Самсунг А6 загварын гар утаснуудыг илээр, хүч хэрэглэж, хууль бусаар авч, 440.000 төгрөгийн хохирол учруулж дээрэмдэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Чингэлтэй дүүргийн прокуророос: Н.О , Г.Ө  нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

          Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч О, Ө нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Н.О , Г.Ө  нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.О , Г.Ө  нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоногоор тооцон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр буюу хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 2 жил 1 сарын хугацаагаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О , Г.Ө  нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Н.О , Г.Ө  нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Г.Ө ын өмгөөлөгч Л.Жавзмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэрэгт авагдсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын илтэд зөрүүтэй мэдүүлгээр хэргийг шийдвэрлэсэн нь мөрдөгч, прокурор нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дүгээр зүйлд зааснаар мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

            Хохирогч Б.Б : "...Би 2024 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Э гэх найзтайгаа уулзаж байгаад Э гэдэг найзаа дуудсан бид 3 буудалд ороод 1 шил Хараа гэх нэртэй архи хувааж уугаад сууж байтал Э манайх руу явъя гэж хэлсэн 2 шил пиво аваад алхаж явтал Э дүү нар урьдаас хүрээд ирсэн бид гудамжинд 1 пиво хувааж уугаад, гэрт нь ороод 1 пиво хувааж уучхаад дахин пиво уухаар болоод би Э төрсөн дүү, дүүгийнх нь найз залуу, найзынх нь нөхөр гэсэн 3 залуутай пиво авахаар явсан, над руу тэр 3 дайраад зодоод миний 2 гар утсыг аваад явсан. Хэн нь хэдэн удаа цохисон, гар утас хэн авсныг сайн мэдэхгүй. Намайг зодсон тэр 3-ыг шууд заагаад өгч болно...” гэж мэдүүлсэн.

            Гэрч Э.Э “...Б буудалд орж 1 шил архи хувааж ууж дуусаад манай гэрт очихоор болоод СU дэлгүүрээс 2 том 2,5 литрийн Сэнгүр нэртэй пиво авсан, гэрт манай дүү Х, О, Э, А, Ө, О нар байсан. Пивоо ууж дуусчхаад Б, Ө, О 3 хамт гарсан. Хэсэг байж байгаад Ө, О нар гэрт орж ирсэн...” гэж мэдүүлжээ.

            Шүүх дээрх хохирогч, гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж дүгнэхдээ бүрэн гүйцэт тал бүрээс нь хэрэгт ач холбогдолтой байдлыг орхигдуулсан, хохирогч өөрийг нь 3 залуу зэрэг дайраад зодсон гэж мэдүүлсэн, харин гэрч Э.Э хохирогч Ө, О нартай хамт 3-уулаа гараад хэсэг хугацааны дараа Ө, О 2 буцаж ирсэн гэж мэдүүлсэн нь хамт гэрээс гарсан О ыг ямар ч хамааралгүй мэтээр санаатайгаар нууж, худал мэдүүлэг өгсөн.

            Шүүгдэгч Г.Ө ын гэрчийн мэдүүлэгт "...пиво дуусаад авахаар би болон Б , О , О бид 4 хамт гараад явсан, ...Б  үлдээд О , О  бид 3 хамт гэр рүү унтах гээд яваад өгсөн...” гэж, шүүгдэгч Н.О  гэрчийн мэдүүлэгт "...хадам ах Э.Э  гаднаас Б  гэх хүнтэй орж иргээд пиво уусан дахиад пиво уухаар Б , О , О  бид 4 хамт СU орж пиво авахаар явсан...” гэх мэдүүлгүүдээр гэрч Э.Э ийн мэдүүлэг худал болох нь давхар нотлогддог. Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Оргилболд гэгч нь эрүүгийн хариуцлага хүлээхгүй өнгөрч болохгүй гэж үзэж байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хэргийг хэн, хэзээ яаж үйлдсэн, гэмт хэрэг үйлдэх сэдэл, санаа зорилгыг хэн хэрхэн гаргасныг нягтлах, гэмт хэрэг үйлдэхэд хэн нэгэн нөлөөлсөн хөндлөнгийн шалтгаан байгаа эсэх бодит нөхцөл байдлыг нотлох” үүргээ хэрэгжүүлээгүй байна.

            Шүүгдэгч Г.Ө , Н.О  нарын мөрдөн шалгах ажиллагаанд хэлсэн үг хэллэг, шүүх хуралдаанд оролцохдоо хэлсэн үг нь нэг утга агуулгатай бөгөөд Г.Ө ын мэдүүлэгт түүний хэлсэн үг, санаа бодлыг буруу ташаа илэрхийлж тэмдэглэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Мөрдөгч энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримт цуглуулж, шалгаж, бэхжүүлнэ” гэх заалт зөрчигдөж, мөрдөн шалгах ажиллагаа дутуу, бүрэн гүйцэт хийгдээгүй байна.

            Хавтаст хэрэгт шүүгдэгч Г.Ө ын хувийн байдлыг тодорхойлсон бичиг баримт авагдаагүй, өөрөө бичиг үсэг мэдэхгүй, уншиж бичиж чадахгүй боловсрол багатай бөгөөд хавтаст хэргийн материалтай танилцаагүй, найз охин Анужин нь яллах дүгнэлтийг уншиж өгсөн боловч ойлгоогүй, анхан шатны шүүх хуралдааны дараа өмгөөлөгчийн хувьд хэргийн материалтай танилцаад хорих 461 дүгээр ангид очиж хэрэгт авагдсан бичгийн баримт, шийтгэх тогтоолыг нэг бүрчлэн танилцуулахад шүүгдэгч Н.О , гэрч Э.Э  нарын мэдүүлэгт өөрийнх нь хийгээгүй “хохирогчийн хавсарч унагаад цохисон" үйлдлийг хийсэн гэж худал мэдүүлсэн, мөн өөрөө мөрдөн байцаагчид ...Н.О  хохирогчийг хавсарч унагаагаад дээр нь гарч нүүр толгой руу цохисон..., би нэг удаа л алгадсан...” гэдгээ хэлсэн байхад мэдүүлэгт зодсон мэтээр тэмдэглэж шууд гарын үсэг зуруулсан, мэдүүлэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авагдаагүй байна.

            Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.3-д зааснаар "...бичиг мэдэхгүй...” хүнд холбогдсон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүй явуулсан, мөн хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д зааснаар “...өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангаагүй...” хууль зөрчсөн байна.

            Гэрч Э  хохирогчийн гар утасны талаар “Б  том жижиг 2 гар утас бариад байдаг. СU-руу ороод гарсны дараа утсаа алдчихлаа гэсэн...” гэж мэдүүлсэн байдаг. Хохирогч болон Э  2 анх уулзаад буудалд нэг шил архи хувааж уучхаад Э ийн хамт түүний гэр рүү явах замдаа СU-руу орж 2 шил пиво авсан тэр үедээ утсаа алдчихлаа гэж түүнд хэлсэн гэж мэдүүлсэн байдаг. Гэтэл хэрэг гарсан газарт утас хэн авсан нь тодорхойгүй, үзэж харсан хүн ч байдаггүй мэтээр мэдүүлсэн ба яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ Н.О  "...гар утсыг Ө  хохирогчийн халааснаас аваад явсан...” гэж харин Г.Ө  "...гар утсыг газар унасан байхад О  авсан...” гэж зөрүүтэй мэдүүлсэн байдаг.

            Харин гэрч Э.Э  буудлаас хохирогчийн хамт гэр рүүгээ очиж байгаа тухайгаа дүү Х тайгаа ярих үед гэрт хамт байсан бүх хүмүүс Х гийн харилцан яриаг сонссон гэдэг. Г.Ө ын сонссон зүйл Х  ах руугаа “гайгүй утастай юм уу дагуулаад ирээ авъя” гэж хэлэхэд нь Ө  “болох юм уу” гэж хэлсэн гэдэг. Энэ тухайгаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлээгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад л тухайн 2 гар утсыг шүүгдэгч Н.О гийн эхнэр Х  мөрдөгчид авч ирж өгч хохирогч утсаа бүрэн бүрэн хүлээн авсан.

            Гэтэл тухайн хэрэг гарсны дараа хохирогч цагдаагийн хамт Н.О гийн гэрт нь очиж, гар утсаа дээрэмдүүлсэн хүн гээд асууж байхад яагаад утсыг гаргаж өгсөнгүй вэ? ...хохирогчийг 2 утастай явсан гэдгийг гэрч Э , түүний дүү О гийн эхнэр Х  2 мэдсэн, харсан, утсыг хэн ямар зорилготой авсан асуудлыг тогтоогоогүй, бүрэн гүйцэт нягтлан шалгаагүй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн1 дэх хэсгийн 1.2-д заасан гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл бүрэн гүйцэт нотлоогүй, мөн 1.5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хэний үйлдлээс учирсныг бүрэн шалгаж хөтөлбөргүй, эргэлзээгүй байдлаар тогтоогоогүй, яллагдагчийн мэдүүлгийн эх сурвалжийг магадлах аргаар шалгаагүй, хэн хэн ямар үйлдлээр хэрхэн оролцсон оролцоог нарийвчлан шалгаж тогтоогоогүй байхад бусдын эд зүйл дээрэмдсэн гэж үзэж хариуцлага оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

            Мөн шүүгдэгч Н.О гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэгт “...Б-г нүүр рүү нь гараараа 1 удаа цохисон, ...би сайн хүн болох гээд худлаа мэдүүлэг өгчихсөн юм...” гэх мэдүүлэгт дурдсан үйл баримтын талаар шалгаагүй, хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий нөхцөл байдлыг шалгаж тогтоогоогүй байхад хохирогчийн биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

            Иймд давж заалдах гомдолд дурдсан дээрх асуудлуудыг нягтлан шатгаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2024\ШЦТ\573 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Н.О  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би тухайн үедээ хохирогч Б д гэмтэл учруулах санаа сэдэл байгаагүй бөгөөд Ө тай маргалдаад байхаар нь болиулах зорилгоор нүүр нь тус газарт нь нэг удаа цохисон бөгөөд зодоон болоогүй. Мөрдөн байцаалтын явцад би түүний гар утсыг авсан гэж худлаа хэлсэн. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд маань 2 жилийн хорих ял арай хүндэдсэн байгаа боловч би гэм буруугаа ойлгож хүлээн зөвшөөрч байна. Миний эхнэр Х  нь одоо жирэмсэн бөгөөд 2-6 настай бага насны 2 хүүхдийн хамт амьдарч байгаа. Би анх удаа хохирогчийн буруутай үйл ажиллагааны улмаас гэмт хэрэгт холбогдсон бөгөөд хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг маань харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж, ялыг маань хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Ө  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Б тэй маргахын хувьд маргасан. Гэхдээ би ганц удаа алгадсан. Намайг “Увсынхан” гээд хэл амаар доромжлоод байсан...” гэв.

Шүүгдэгч Н.О гийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтол хэргийн бодит үнэнийг тогтоогоогүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дүгнэлт хэсэгт “шүүгдэгч нар дээрмийн болон бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай тогтоогдсон” гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, мөрдөгч, прокурорууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэр тухай хуулийн 1.7 дугаар зүйлийг зөрчсөн. Анхан шатны шүүх мөрдөгч, прокуроруудын хууль зөрчсөн үйл ажиллагааг анхаарч үзэлгүйгээр шийдвэр гаргасан. Хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд эрс зөрүүтэй байдаг. Хэргийн 68 дугаар хуудаст Н.О гийн яллагдагчаар өгсөн “би сайн хүн болох гээд утас авснаа хүлээсэн” гэх мэдүүлэг авагдсан. Мөн хэргийн 31 дүгээр талд мөрдөгч эд зүйл, бичиг, баримтыг түр хүлээн авсан тэмдэглэл авагдсан бөгөөд тус баримтыг мөрдөгч хуурамчаар үйлдсэн байж болзошгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлгүй байх тул хэргийг прокурорт буцааж өгнө үү...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Н.О , Г.Ө  нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасны дагуу шүүгдэгч Н.О , шүүгдэгч Г.Ө ын өмгөөлөгч Л.Жавзмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудад хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Түүнчлэн, 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн прокурорын газарт 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр товлогдсон давж заалдах шатны шүүх хуралдааны товыг мэдэгдэж, тов хүргүүлсэн боловч давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор оролцоогүй болохыг тэмдэглэв.

 

 Шүүгдэгч Н.О , Г.Ө  нар нь бүлэглэн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Б тэй маргалдан хавсарч унагаан, нүүр лүү цохисны улмаас баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд язрал, цус хуралт, үүдэн баруун доод 1 дүгээр шүдний эмтрэл, дух, зүүн шанаа, зүүн чихний дэлбэнд зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн бүлэглэн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Б тэй маргалдан хавсарч унагаан, нүүр хэсэгт цохиж, улмаар Б.Б-н эзэмшлийн Самсунг-А23 загварын, Самсунг-А6 загварын гар утаснуудыг илээр, хүч хэрэглэж, хууль бусаар авч, 440.000 төгрөгийн хохирол учруулж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 4193 дугаартай дүгнэлт /хх 17-18/, “Дамно үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ЧД1-24-395 дугаартай хөрөнгийн үнэлгээ /хх 23-28/, 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /хх 31-32/,

хохирогч Б.Б-н “...Тэгээд гудам уруудаад явж байтал CU байхгүй биз дээ гэж асуухад доохон талд байгаа гэж хэлээд над руу тэр гурав дайраад намайг зодоод миний А23, А6 загварын 2 ширхэг гар утсыг аваад яваад өгсөн. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл бага зэрэг хэрэглэсэн байсан. Тухайн Э ийн дүү болон найзууд нь намайг унагааж байгаад зодсон болохоор хэн нь хэдэн удаа цохисныг би сайн мэдэхгүй байна. Миний гар утсыг хэн нь авсан гэдгийг сайн мэдэхгүй байна. Миний нүүр рүү цохиод байсан болохоор би 2 гараараа нүүрээ дараад нуусан байсан...” /хх 6/,

гэрч Э.Э ийн “...Тухайн өдөр би өөрийн найз Б.Б тэй хамт хонох гэж байгаа буудалд орж 1 шил архи хувааж уусан. Би хоёр архи ууж дуусаад манай гэр буюу нийтийн байранд очихоор болоод CU дэлгүүрээс 2 том 2,5 литрийн сэнгүр пиво авсан. ...Гэрт ороход манай дүү Х , О , Э, А, Ө , О  нар байсан. ...авч орсон 2 пивыг бид дөрөв хувааж уусан. Ууж дуусчхаад Б  дахиад CU руу пивонд явах уу гээд хэлэхээр нь Ө , О , Б  3 хамт  гарсан. О , Ө  гэртээ буцаад орж ирсэн. Гэтэл үүдэнд танихгүй машинтай хоёр хүн ирээд энд нэг хүн утсаа алдчихсан гээд цагдаа дуудаад өгөөч гэж байна гэж хэлээд Б.Б тэй ирсэн. ...CU руу би хамт гараагүй учраас болсон асуудлын талаар сайн мэдэхгүй. Гэрт байх үед Б.Б , О  нар жоохон үг зөрөх маягтай л байсан. Өөрөөр хэрэлдэж муудалцсан асуудал байхгүй. ...” /хх 14/,

гэрч Б.А-н “...бид нар архи, пиво уугаад байж байтал Э  ах найзтайгаа ирээд гэрт 1 пиво барьж орж ирээд хуваагаад ууцгаасан. Пиво дуусаад О , О  нар дахиж пиво авъя гэж хэлээд Э  ахын найз гэх хүнтэй хамт гарахаар болсон. Тэр гурвын араас Ө  гүйгээд гарсан. Ингээд гарсны дараа юу болсныг мэдээгүй. ...О  тухай хүний 2 ширхэг гар утсыг авсан байсныг би харсан. Маргааш нь О  өөрийнхөө байшингийн дээврийн заагаас нөгөө 2 утсыг гаргаж ирээд цагдаад авчирч өгсөн. ...” /хх 78/,

шүүгдэгч Г.Ө ын яллагдагчаар өгсөн “...Дэлгүүр рүү О  бид хоёр О, Б  дөрвүүлээ хамт гарсан. Тэгээд дэлгүүр явж байх замдаа Б  бид согтуу байх үедээ маргалдаж эхэлсэн. Би Б-г газарт хавсарч унагаасан. Гэтэл Б  нүүрээрээ унасан байсан. О  хараад зогсож байсан ба Б-г газарт унахад нүүр хавь руу нь өшиглөж байсан. Ингээд бид нар салцгаагаад Б  цаашаа эргээд явсан ба О  бид 2 гүйгээд зугтаагаад яваад өгсөн. Б.Б-н гар утсыг Н.О  газарт унасан байхад нь авсан гэсэн. ...” /хх 58/,

шүүгдэгч Н.О гийн яллагдагчаар өгсөн “...Гадаа гараад алхаж байтал Ө , Б  хоёр юунаас болсныг мэдэхгүй ч маргалдаж эхэлсэн юм. Би тэр хоёрыг болиулаад цааш аваад явсан. Гэтэл тэр хоёр маргалдахаа болихгүй байхаар нь би Б-г 1 удаа нүүр рүү нь гараараа цохисон. Ө  бид хоёрын дундуур орж ирээд Б газарт унагаагаад зодсон. Тухайн 2 ширхэг гар утсыг Ө , Б-н халааснаас зодолдож байх үедээ аваад явчихсан юм.  Би тэр гар утсыг аваагүй ээ. Би дахин гэрчийн мэдүүлэг өгөхдөө сайн хүн болох гээд худлаа ярьчихсан юм. ...” /хх 68/, 

гэрч Г.Ө ын “...Пиво дуусаад ахин уухаар болоод би Б.Б , Н.О , О  бид 4 хамт гараад явж байсан чинь Б.Б  надтай маргалдсан. Тэгээд бид хоёр хоорондоо зодолдоод би нэг хавсарч унагаагаад, нэг удаа алагдаад унагаасан. Б.Б-н нүүрний хэсгийн шалбархай хэсэг нь намайг хавсарч унагаахад газар мөргөөд тийм болсон юм. Н.О , О  бид гурав хамт гэр рүүгээ унтах гээд яваад өгсөн. Б.Б  ар талд үлдсэн. О  рүү Б.Б  тэлээгээ гартаа ороогоод сайхан үзэх үү гээд дайраад байхаар нь О  нэг удаа алагдсан. Самсунг А23, А6 загварын гар утас байсан үгүйг сайн мэдэхгүй байна. Тухайн газар ноцолдоод маргалдаж байхад гар утас нь унасан байж магадгүй. Б.Б эс гар утас бол аваагүй. О гийн гэрт байхдаа гар утас гаргаж ирсэн үгүйг сайн мэдэхгүй байна. ...” /хх 8/,

гэрч Н.О гийн “...Тэгээд амарч байхад хадам ах Э  гаднаас Б  гэх хүнтэй орж ирээд манай гэрт бид хэдтэй хамт пиво уусан. Бид хэд ахин пиво уухаар болоод Ө , Б , О  бид хамт CU ороод пиво авах гэж байтал Ө , Б  гэх хүнтэй маргалдаж тэр хоёр ноцолдоод эхэлсэн ба Ө , Б  гэх залууг нэг алагдаад хавсарч унагаасан. Тэгэхэд Баяр-Эрдэнийн толгой хэсэгт үүссэн шарх байхаа. Тэгээд Б.Б  босож ирээд тэлээгээ гартаа ороогоод сайхан үзэх үү гээд над руу дайрахаар нь би нэг алагдаад унагаасан. ...О , Б  гэж залууд гар хүрээгүй бид гурваас зайтай хол байсан.  ...гар утас байсан эсэхийг сайн мэдэхгүй байна. Тухайн газар ноцолдоод маргалдаж байхад гар утас нь унасан байж магадгүй. Бид гурав гар утас бол аваагүй. ...” /хх 10/

...Би Б.Б-н гар утсыг унасан байхад авсан. Би утсыг аваад гэртээ аваачиж тавиад өнөөдөр авчирч өгч байна. ...” /хх 12/ гэх мэдүүлгүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн  шүүгдэгч Н.О , Г.Ө  нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн бөгөөд анхан шатны шүүхээс Н.О , Г.Ө  нарыг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Г.Ө-н өмгөөлөгч Л.Жавзмаа нь “...Анхан шатны шүүх хэрэгт авагдсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын илтэд зөрүүтэй мэдүүлгээр хэргийг шийдвэрлэсэн., ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4-д заасан “Мөрдөгч энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримт цуглуулж, шалгаж, бэхжүүлнэ” гэх заалт зөрчигдөж, мөрдөн шалгах ажиллагаа дутуу, бүрэн гүйцэт хийгдээгүй байна. ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.3-д зааснаар "...бичиг мэдэхгүй...” хүнд холбогдсон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүй явуулсан, мөн хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д зааснаар “...өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангаагүй...” хууль зөрчсөн байна. ...Мөн шүүгдэгч Н.О гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэгт “...Б-г нүүр лүү нь гараараа 1 удаа цохисон, ...би сайн хүн болох гээд худлаа мэдүүлэг өгчихсөн юм” гэх мэдүүлэгт дурдсан үйл баримтын талаар шалгаагүй, ...Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэсэн,

шүүгдэгч Н.О  “...Би тухайн үедээ хохирогч Б-д гэмтэл учруулах санаа сэдэл байгаагүй бөгөөд Ө тай маргалдаад байхаар нь болиулах зорилгоор нүүр нь тус газарт нь нэг удаа цохисон. Мөрдөн байцаалтын явцад би түүний гар утсыг авсан гэж худлаа хэлсэн. ...Би гэм буруугаа ойлгож хүлээн зөвшөөрч байна. Миний эхнэр Х  нь одоо жирэмсэн бөгөөд 2-6 настай бага насны 2 хүүхдийн хамт амьдарч байгаа. Би анх удаа хохирогчийн буруутай үйл ажиллагааны улмаас гэмт хэрэгт холбогдсон бөгөөд хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг маань харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж, ялыг маань хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.

Шүүгдэгч нарт оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой.

Дээрх давж заалдах гомдлуудтай холбоотой хэрэгт авагдсан хохирогч Б.Б-н “...Миний нүүр рүү цохиод байсан болохоор би гараараа нүүрээ дараад нуусан...” /хх 6/, шүүгдэгч Г.Ө ын гэрчээр өгсөн “...би нэг хавсарч унагаагаад, нэг удаа алгадаад унагаасан...” /хх 8/, яллагдагчаар өгсөн “... би Баяр-Эрдэнийг хавсарч унагаасан. ...О  хараад зогсож байсан ба Б-ийг газарт унахад нүүр хавь руу нь өшиглөж байсан...” /хх 58/, шүүгдэгч Н.О гийн гэрчээр өгсөн “...Ө , Б  гэх залууг нэг алгадаад хавсарч унагаасан...” /хх 10/, яллагдагчаар өгсөн “...би Б-г 1 удаа нүүр рүү нь гараараа цохисон. Ө  бид 2-ын дундуур орилж орж ирээд Баяр-Эрдэнийг газарт унгаагаад зодсон...” /хх 68/ гэх мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 4193 дугаартай  “..Б.Б-н биед баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруул язрал, цус хуралт, үүдэн баруун доод 1 дүгээр шүдний эмтрэл , дух, зүүн шанаа, зүүн чихний дэлбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт /хх 17-18/ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч нар зөрүүтэй мэдүүлэг өгсөн, мөрдөн шалгах ажиллагааны шатанд мөрдөгч, прокурор хэргийн оролцогчдын зөрүүтэй мэдүүлгийг бүрэн шалгаж тодруулаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.  

Түүнчлэн, шүүгдэгч Г.Ө  нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүддээ өөрийн боловсролын түвшинг “бүрэн дунд боловсролтой” гэж мэдүүлж, анхан шатны шүүх хуралдаанд “би есдүгээр анги төгссөн, уншиж бичиж чадна” гэж тайлбар өгч оролцсон ба хавтаст хэргийн 112, 113 дугаар талд шүүгдэгч Н.О , Г.Ө  нарын “өмгөөлөгч авахгүй өөрийгөө өмгөөлөн оролцоно” гэх гар бичвэр бүхий хүсэлтүүд хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Г.Ө ын өмгөөлөгч Л.Жавзмаагийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Мөн шүүгдэгч Н.О  нь “ял хөнгөрүүлэх”-тэй холбоотой давж заалдах гомдол гаргасан хэдий ч холбогдох баримтыг хавсарган ирүүлээгүй тул түүний гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүхэлдэхүүн үзлээ.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/573 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Ө ын өмгөөлөгч Л.Жавзмаа, шүүгдэгч Н.О  нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч Г.Ө , Н.О  нар нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсан 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс хойш давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл тус бүр нийт 58 хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн эдлэх ялын хугацаанд оруулж тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н.О , шүүгдэгч Г.Ө ын өмгөөлөгч Л.Жавзмаа нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/573 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл шүүгдэгч Н.О , Г.Ө  нарын цагдан хоригдсон 58 хоногийг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                                        ШҮҮГЧ                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                                        ШҮҮГЧ                                     Б.АРИУНХИШИГ