| Шүүх | Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Сувдмаа |
| Хэргийн индекс | 111/2025/0021/З |
| Дугаар | 111/ШШ2026/0058 |
| Огноо | 2026-04-27 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 111/ШШ2026/0058
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сувдмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Гомдол гаргагч: Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******,
Хариуцагч: Баянхонгор аймгийн Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч *******,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: *******
Гомдлын шаардлага: “Эрх бүхий албан тушаалтны 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 0039253 дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах”-аар бичсэн Прокурорын дүгнэлттэй зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Прокурор *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбадулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Баянхонгор аймгийн Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчид холбогдуулан “Эрх бүхий албан тушаалтны 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 0039253 дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах”-аар маргасан.
2. Хариуцагч нь Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны салбарын улсын ерөнхий байцаагч, Эрүүл мэндийн яамны салбарын улсын ерөнхий байцаагч нарын хамтран баталсан 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 08-00-02/05/10-00/06 дугаартай, “Нийтээр тэмдэглэх баяр болон цаг үеийн шаардлагаар зохион байгуулж буй арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамж, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргын2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А106 дугаар захирамж, Баянхонгор аймгийн Мал эмнэлгийн газрын 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 01/26 дугаар “Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын удирдамж хүргүүлэх тухай” албан бичгийн хүрээнд Эрдэнэцогт сумын 6 дугаар багт байрлалтай “*******” хүнсний дэлгүүрт хяналт шалгалт хийж, тус дэлгүүр нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдсан гэх зөрчлийг 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр илрүүлсэн байна.
Иймд *******ыг Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д “хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, эсхүл хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн, эсхүл хуурамч хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, үйлчилсэн;” гэж заасан зөрчлийг гаргасан гэж үзэн, 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр бүртгэлийн МЭ14/26-4 дугаартай хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн зөрчлийн материалыг Баянхонгор аймгийн Прокурорын газарт хүргүүлжээ.
3. Хяналтын прокурор нь Баянхонгор аймгийн Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 0039253 дугаар шийтгэлийн хуудсаар торгууль оногдуулсан зөрчлийн хэргийн материалыг шалгаж, зөрчил илэрсэн тул шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах шаардлага бүхий дүгнэлтийг 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд гаргасан байна.
4. Хяналтын прокурор шүүхэд гаргасан дүгнэлтдээ:
“Баянхонгор аймгийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор би, тус аймгийн Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч ******* нь "Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ******* нэртэй хүнсний дэлгүүрт 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдсан" гэх зөрчилд хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж улмаар 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 0039253 дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч *******ад Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн бүртгэлийн МЭ14/26-4 дугаартай зөрчлийн материалыг шалгалтын явцад хянав.
Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад "хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, эсхүл хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн, эсхүл хуурамч хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, үйлчилсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасан.
Материалд авагдсан баримтаас дүгнэвэл, 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ******* ХХК нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хугацаа дууссан блок шоколад 2 ширхэг, пороро жүүс 1 ширхэг, майонез 1 ширхэг худалдсан болох нь баримтаар тогтоогдсон байна.
Тус дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нь “*******” ХХК-ийн нэр дээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эрх бүхий албан тушаалтнаас ******* гэх иргэнд шийтгэл оногдуулсан нь буруу буюу Зөрчлийн тухай хуулийн 1.1-т заасан “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино”, 1.3 дугаар зүйлд заасан “Зөрчил үйлдсэн хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим болон зөрчлийн хуулийн зорилт алдагдах нөхцөл байдлыг бий болгож байна.
Иймд эрх бүхий албан тушаалтны 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 0039253 дугаартай шийтгэлийн хуудасны Олсон нь хэсгийн “Иймд холбогдогч *******ад...” гэснийг “... Иймд холбогдогч “*******” ХХК -д...” гэж.
Шийдвэрлэх нь хэсгийн 1 дэх заалтад “Холбогдогч *******ын үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасны дагуу 500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай...” гэснийг “Холбогдогч Мөнх Уудам орчлон ХХК-ын үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасны дагуу 5.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай...” гэж шийтгэлийн хуудасны холбогдох хэсгүүдэд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус аймгийн Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Б. Насандарийн *******ад Зөрчлийн тухай хуулийн 6. 15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн шийтгэл оногдуулсан 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 0039253 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичив.” гэжээ.
5. Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч би, 2026 оны 02 дугаар 11-ний өдөр, Нийтээр тэмдэглэх баяр болон цаг үеийн шаардлагаар зохион байгуулж буй арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх, “Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны салбарын улсын ерөнхий байцаагч, Эрүүл мэндийн яамны салбарын улсын ерөнхий байцаагч нарын хамтран баталсан” 08-00-02/05/10-00/06 дугаартай удирдамжийн хүрээнд суманд үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүрүүдэд хяналт шалгалтын ажлыг хийсэн. М314/26-4 дугаартай зөрчлийн хэрэг дээр ажиллаж "*******" хүнсний дэлгүүрийг Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйл. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 3.1.хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, хэрэглэж дуусах хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдсан гэх зөрчил илрүүлж хуулийн дагуу хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн. “*******” хүнсний дэлгүүрийн эзэн ******* ВТ88111710 регистрийн дугаартай иргэн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн хурлын шийдвэрээр олгогдсон тохирлын гэрчилгээг үндэслэж хуулийн дагуу хүнийг таван зуун нэгжтэй тэмцэх шийтгэлийг оногдуулсан. Баримт материалыг бүрдүүлж аймгийн прокурорын газар хүргүүлсэн. Прокурорын дүгнэлтээр шийтгэлийг өөрчлөх талаар мэдээлэл ирсэн иргэн *******ад танилцуулсан боловч хүлээн зөвшөөрөөгүй болно.” гэжээ.
6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“******* миний бие Баянхонгор аймгийн Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Б.Насандэлгэрт холбогдуулан эрх бүхий албан тушаалтны 2026 оны 02 сарын 27-ны өдрийн 0039253 дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах тухай Прокурорын 2026 оны 03 сарын 19 ний өдрийн 08 дугаартай дүгнэлтийг хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Прокурор нь тус дүгнэлтдээ... тус дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нь “*******” ХХК -ийн нэр дээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эрх бүхий албан тушаалтнаас ******* гэх иргэнд шийтгэл оногдуулсан нь буруу буюу зөрчлийн тухай хуулийн 1.1, 1.3-д заасан шударга ёсны зарчим болон зөрчлийн хуулийн зорилт алдагдах нөхцөл байдлыг бий болгож байна.... эрх бүхий албан тушаалтны 2026 оны 02 сарын 27-ны өдрийн 0039253 дугаартай шийтгэлийн хуудасны Олсон нь хэсгийн иймд холбогдогч *******ад..." гэснийг...иймд холбогдогч “*******” ХХК -д гэж.....шийдвэрлэх хэсгийн 1 дэх заалтад холбогдогч *******ын үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасны дагуу 500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай"...гэснийг холбогдогч “*******” ХХК -ны үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасны дагуу 5.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай".... гэж шийтгэлийн хуудасны холбогдох хэсгүүдэд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна гэжээ.
Прокуророор нь улсын байцаагчийн надад холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасны дагуу 500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 2026 оны 02 сарын 27-ны өдрийн 0039253 дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулахаар дүгнэлт гаргасан байгааг хүлээн зөвшөөрөхгүй.
Учир нь би 2024 оны 05 сарын 09 ний өдөр жижиглэн худалдааны газар түүний үйлчилгээ, Ерөнхий шаардлага MNS 5021-1:2023 стандартын дагуу Стандарт хэмжил зүйн газраас БХД10910 дугаартай тохирлын /хүчинтэй хугацаа 2026.05.09/ гэрчилгээг үндэслэн ******* хүнсний дэлгүүрийг холбогдох хууль журмын дагуу иргэн *******аар ажиллуулахаар үйл ажиллагааг нь нээж байсан. Прокурорын дурдаад байгаа хуулийн этгээд нь архи согтууруулах ундаа болон бусад төрлийн худалдаа үйлчилгээ худалдаалахаар 2024 оны 12 сард байгуулж байсан юм. Өөрөөр хэлбэл “*******” ХХК нь ******* гэх нэртэй хүнсний дэлгүүрт архи согтууруулах ундааны зүйл худалдан борлуулах, эзэмшигч нь нэг хүн байх зэрэг нь ******* гэх хүнсний дэлгүүрийг “*******” нэртэй хуулийн этгээдэд хамаатуулах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Эрх бүхий албан тушаалтан нь 2026 оны 02 сарын 27-ны өдөр ******* гэх нэртээ Хүнсний худалдаа эрхлэх эрхтэй дэлгүүрт хяналт шалгалт хийж хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотойгоор Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 д зааснаар Хүнсний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.12."хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч" гэж хүнсний сүлжээнд хамаарах үйл ажиллагааны аль нэг, эсхүл хад хэдэн үйл ажиллагаа эрхэлдэг Монгол Улсын иргэнийг ...хэлнэ, ******* хүнсний дэлгүүр жижиглэн худалдааны газар түүний үйлчилгээ, БХД10960 дугаартай Тохирлын гэрчилгээ /хүчинтэй хугацаа 2026.05.09/ зэргийг үндэслэн хүнсний худалдаа эрхлэгч /ХХЭ/ ******* миний хариуцлагагүй үйлдлийн улмаас гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасны дагуу 0039253 дугаартай шийтгэлийн хуудсаар 500.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсныг хуулийн үндэслэлтэй гэж үзэж байгаа, 500.000 төгрөгийг төлнө, төлөхөд надад татгалзах зүйл байхгүй. Тиймээс тус шийтгэврийн хуудсанд өөрчлөлт оруулахгүй байхыг хүсэж байна.
2023 онд Улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан зөрчилд холбогдуулан Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт хүнс худалдаалах үйл ажиллагаа явуулдаг дэлгүүрүүдэд хяналт шалгалт хийж иргэнээр 500.000 төгрөгөөр торгож шийтгэл оногдуулсан байдаг ба Аймгийн прокурорын газраас шийтгэврийн хуудаст өөрчлөлт оруулахаар буюу Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэж бичихийг 6.15.3.1 гаж буруу бичсэнийг зөвтгүүлэхээр тус шүүхэд дүгнэлт бичсэн байдаг ба зөрчлийн прокурор нь дэлгүүрт худалдаалж байсан хүнсний бүтээгдэхүүний хугацаа хэтрүүлсэн зөрчлийг хуулийн этгээд үйлдсэн гэж маргаан үүсгээгүй зөвхөн хүнсний худалдаа эрхлэх зөвшөөрөл буюу тохирлын гэрчилгээг үндэслэж зөрчлийн тухай хуулиар иргэнд 500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрсөн байдаг ба уг захиргааны маргааныг шийдвэрлэсэн 2023 оны 11 сарын шийдвэрүүд нь нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн байдаг.
1-т Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1. Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна, 2....Хүн бүр эрх зүйн этгээд байна гэжээ.
Миний бие Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд “*******” нэртэй Хүнсний дэлгүүрийг 2024 оны 05 сарын 09 ний өдрөөс Стандарт хэмжил зүйн газрын Тохирлын БХД/10960 дугаартай гэрчилгээг үндэслэн хүнсний бараа худалдаалах үйл ажиллагааг иргэн *******аар эрхэлдэг.
Улмаар архи согтууруулах ундаа худалдаалах эрхийг холбогдох байгууллагаас авахаар хөөцөлдөж холбогдох хууль тогтоомжийг судлахад уг худалдааг эрхлэх тусгай зөвшөөрлийг иргэнд олгодоггүй, зөвхөн хуулийн этгээдэд олгодог болохыг мэдэж, 2024 оны 08 сарын 23-ны өдөр хүнсний худалдаа, төлбөр, эсхүл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа гэх мэт 14 чиглэлийн үйл ажиллагаа эрхлэх" *******" ХХК-ийг үүсгэн байгуулж 000321702 дугаартай Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг холбогдох газраас гаргуулан авч Баянхонгор аймгийн засаг даргын 2024 оны 12 сарын 09 ний өдрийн А/682 дугаартай захирамжийг үндэслэн согтууруулах ундаа худалдах зөвшөөрлийг 2024 оны 12 сарын 09 ний өдрийн Х-24/125 дугаартай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг "*******" ХХК-д өгсөн. Би тус хуулийн этгээдийн захирал юм.
Өөрөөр хэлбэл ******* миний бие Хүнсний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.12."хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч" гэж хүнсний сүлжээнд хамаарах үйл ажиллагааны аль нэг, эсхүл хэд хэдэн үйл ажиллагаа эрхэлдэг Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн /цаашид "иргэн" гэх/, хуулийн этгээдийг хэлнэ гэснийг үндэслэн 2024 оны 05 сард Хүнсний тухай хуульд зааснаар хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхээр ******* гэх нэртээ дэлгүүрийг нээж Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.11. "тохирлын гэрчилгээ" гэж бүтээгдэхүүн нь тогтоосон шаардлагад нийцсэнийг тодорхойлсон баримт бичгийг, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1. Тохирлын үнэлгээний зорилго нь бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хэрэглэгчийн эрх, ашгийг хамгаалахад оршино, 13.2. Тохирлын үнэлгээнд хүн, малын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж болзошгүй бүтээгдэхүүнийг заавал хамруулна, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 10 сарын 03-ны өдрийн 291 дугаартай тогтоол зэрэгт зааснаар Хүнсний худалдаа эрхлэх зах зээлд нийлүүлэхийн тулд холбогдох тохирлын гэрчилгээг гаргуулан авч “*******” гэх нэртээ Хүнсний худалдаа үйлчилгээг эрхлэх дэлгүүрээ ажиллуулж эхэлсэн.
Би Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1. "хуулийн этгээд" гэж Иргэний хуулийн 25.1-д заасан шинжийг агуулсан зохион байгуулалтын нэгдлийг хэлнэ гэснийг үндэслэн 2024 оны 08 сарын 23-ны өдөр хүнсний худалдаа, төлбөр, эсхүл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа гэх мэт 14 чиглэлийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй *******" ХХК-ийг үүсгэн байгуулж 000321702 дугаартай Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг холбогдох газраас гаргуулан авсан. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн 10.1.3.хуулийн этгээдийн ерөнхий захиргаа оршин байгаа газрын албан ёсны хаяг, хэрэв байнгын ажиллагаатай ерөнхий захиргаа байхгүй бол тухайн хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн оршин байгаа газрын хаяг гэх заалтын дагуу Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 6-р баг Цагаан дэнж, мааньт 1, 1 гэх өөрийн оршин суух хаягаар тухайн хуулийн этгээдийн хаягийг тодорхойлуулсан.
Зөвшөөрлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.13-д согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэхэд тусгай зөвшөөрөл авахаар хуульчилсан, мөн Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д Согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийг худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг ашгийн төлөө хуулийн этгээдэд олгоно гэх заалтыг үндэслэн “*******” ХХК-ний нэр дээр Баянхонгор аймгийн засаг даргын 2024 оны 12 сарын 09 ний өдрийн А/682 дугаартай захирамжийг үндэслэн согтууруулах ундаа худалдах зөвшөөрлийг 2024 оны 12 сарын 09 ний өдрийн Х-24/125 дугаартай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авсан. “*******” ХХК нь архи согтууруулах ундаа худалдаалах тусгай зөвшөөрөл эзэмшигч бөгөөд зөвшөөрлийн үндсэн дээр ******* гэх нэртэй дэлгүүрт архи согтууруулах ундаа худалдаалах эрхийг авсан. Тухайн дэлгүүр нь хүнсний үйл ажиллагаа эрхлэх эрх нь 2024 оны 05 сарын 09 ний өдөр авсан тохирлын гэрчилгээний дагуу иргэнээр 2026 оны 05 сарыг хүртэл хугацаанд үйл ажиллагаа явуулах эрхтэй гэж үзэж байна.
Иймд ******* миний хууль ёсны эрх ашгийг хүндэтгэн үзэж Прокурорын 2026 оны 03 сарын 19 ний өдрийн 08 дугаартай дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож, улсын байцаагчийн надад холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасны дагуу 500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 2026 оны 02 сарын 27-ны өдрийн 0039253 дугаартай шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор ******* нь Баянхонгор аймгийн Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчид холбогдуулан “Эрх бүхий албан тушаалтны 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 0039253 дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах”-аар дүгнэлт бичжээ.
2.Шүүх зөрчлийн хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үнэлэн дараах үндэслэлээр Баянхонгор аймгийн Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 0039253 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
3.Хариуцагч нь Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны салбарын улсын ерөнхий байцаагч, Эрүүл мэндийн яамны салбарын улсын ерөнхий байцаагч нарын хамтран баталсан 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 08-00-02/05/10-00/06 дугаартай, “Нийтээр тэмдэглэх баяр болон цаг үеийн шаардлагаар зохион байгуулж буй арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамж[1], Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргын 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А106 дугаар захирамж[2], Баянхонгор аймгийн Мал эмнэлгийн газрын 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 01/26 дугаар “Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын удирдамж хүргүүлэх тухай” албан бичгийн[3] хүрээнд Эрдэнэцогт сумын 6 дугаар багт байрлалтай “*******” хүнсний дэлгүүрт хяналт шалгалт хийсэн байна.
4.Тус хяналт шалгалтаар “*******” хүнсний дэлгүүр нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдсан гэх зөрчлийг 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр илрүүлж, холбогдогч *******ыг Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д “хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, эсхүл хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн, эсхүл хуурамч хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, үйлчилсэн;” гэж зааснаар 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан.
5.Хяналтын прокурор нь дүгнэлтийн үндэслэлээ “... аж ахуйн нэгжийн тухайд “Мөнх Уудам Орчлон” ХХК нь 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан. Тусгай зөвшөөрөл авахдаа иргэн дээр гаргаж өгсөн. Хуулийн этгээдийн нэрийг иргэн тодорхойлох учраас иргэн дээр олгогдсон нь эзэмшигчийн хувьд зөв гэж үзэж байна. Гэсэн хэдий ч тухайн дэлгүүр нь иргэний нэрээр биш, “Мөнх булаг” гэдэг аж ахуйн нэгжийн нэрээр үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ үйл ажиллагаа явуулахдаа хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдсан нь хуулийн этгээдэд оногдуулсан шийтгэл гэж үзсэн учраас аж ахуйн нэгжид шийтгэл оногдуулах нь зүйтэй. Эрх бүхий албан тушаалтан нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон байх ёстой. Мөн гуравдагч этгээдээс хэрэгтэй холбоотой бүх баримтыг авч хавсаргасан байх ёстой. Гэтэл зарим ажиллагааг дутуу хийсэн. ” гэж тайлбарладаг.
6.Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “...“*******” хүнсний дэлгүүрийн эзэн ******* нь 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн хурлын шийдвэрээр олгогдсон тохирлын гэрчилгээг үндэслэж хуулийн дагуу хүнийг таван зуун нэгжтэй тэмцэх шийтгэлийг оногдуулсан. Баримт материалыг бүрдүүлж аймгийн прокурорын газар хүргүүлсэн. Прокурорын дүгнэлтээр шийтгэлийг өөрчлөх талаар мэдээлэл ирсэн иргэн *******ад танилцуулсан боловч хүлээн зөвшөөрөөгүй...” гэжээ.
7.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа “... улсын байцаагчаас тохирлын гэрчилгээг үндэслэн иргэн дээр торгох шийтгэл ногдуулсан. Аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээг сүүлд 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдөр авсан. Компанийн хувьд үйл ажиллагаа явуулдаггүй. Тохирлын гэрчилгээний хугацаа дуусаагүй байгаа. Зөрчил гаргасныг хүлээн зөвшөөрч байна дахин зөрчил гаргахгүй, торгох шийтгэлийг өөрчилж нэмэгдүүлэхийг зөвшөөрөхгүй...” гэж тайлбарладаг.
8. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-д зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх үндэслэлийг тусгасан бөгөөд 1.1-д “зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол”, 1.2-т “зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол”, 6.6 дугаар зүйлийн 4-т “эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж, шийтгэл оногдуулахдаа энэ хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан журмыг баримтална.”, 7.1 дүгээр зүйлийн 1-д “эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна”, 1.1.-д “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх” гэж тус тус хуульчилсан.
9. Дээрх хуулийн зохицуулалтаас харахад эрх бүхий албан тушаалтан нь тухайн зөрчлийг илрүүлж, нотлох баримтаар тогтоосны эцэст хуульд зааснаар зохих шийтгэлийг ногдуулах, улмаар эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээхээр заасан.
10. Гэтэл хариуцагч нь холбогдогч *******ад шийтгэл ногдуулахдаа 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Х-24/125 дугаар Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлд[4] хуулийн этгээдийн нэрийг “Мөнх Уудам Орчлон” ХХК гэж бичигдсэн байхад энэ талаар холбогдох баримт бүрдүүлэх, шалгах, нотлох ажиллагааг хийлгүйгээр 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Стандарт хэмжил зүйн газрын БХД10960 дугаар тохирлын гэрчилгээг[5] үндэслэн Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасныг баримтлан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан нь хууль бус болжээ.
11. “Мөнх булаг” хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нь “Мөнх Уудам Орчлон” ХХК-ийн нэр дээр байх бөгөөд тус хуулийн этгээдийн нэрээр үйл ажиллагаа явуулдаг нь 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Х-24/125 дугаар Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 000321702 дугаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр[6] тогтоогдож байна.
12. Энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ." гэж заасантай нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нь нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй.
Иймд Баянхонгор аймгийн Мал эмнэлгийн улсын байцаагчийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 0039253 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Баянхонгор аймгийн Мал эмнэлгийн улсын байцаагчийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 0039253 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад заасныг баримтлан гомдол гаргагч улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсгийг баримтлан шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.СУВДМАА