2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 191/ШШ2025/00975

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 03 191/ШШ2025/00975

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ

татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш би,

 

Нэхэмжлэгч: Б дүүрэг,  дүгээр хороо,  дугаар байр,  тоотод оршин суух, Ху овогтой Ба-ийн Ба /РД:....../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б дүүрэг,  дүгээр хороо,  дугаар байр,  тоотод оршин суух, Ха мэ овогтой Да-ийн Бу /РД:......./-д холбогдох

 

Эх байх эрх хасуулах, асран хамгаалагчаар тогтоолгох тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 3-14 насны 6 ач нарын хамт ам бүл 7-уулаа амьдарч байна. Миний дунд хүү Ба-ын Га зургаан ачийн минь аав 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр өвчний учир нас барсан.

Хүү Б.Га-ийн эхнэр, ач нарын маань ээж Д.Бу нь 2009 оноос хүүтэй маань амьдарч ирсэн ба тэдний дундаас 20.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр том охин Г.Ам, 20.. оны .. дугаар сарын ..-ний өдөр охин Г.На, 20.. оны .. дугаар сарын ..-ний өдөр хүү Г.Ха, 20.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр охин Г.Гү, 20.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр охин Г.Са, 20.. оны .. дугаар сарын ..-ний өдөр охин Г.Үж нар маань төрсөн.

Д.Бу нь өмнөх гэр бүлээсээ нэг хүүтэй /С.Би/, хүүгийн эцэг нас барснаар тэрээр нагац эгчийнхээ асрамжид өсөж хүмүүжиж байгаа, одоо .. настай. Д.Бу-г миний хүүтэй хамт амьдарсан цагаас эхлэн С.Би миний хүүг ааваа гэж дуудан, ирж очин явдаг, сайн харилцаатай байсан. Д.Бу нь миний хүүтэй танилцах үедээ л үе үе архи уудаг байсан бөгөөд сүүлдээ архи уух нь ихэсч, энэ байдлаасаа болж зарим тохиолдолд гэр бүлийн маргаан үүсгэдэг, архи уусан үедээ хүүхдүүдээ хэдэн өдрөөр ч хамаагүй хаяж таг алга болдог байсан.

Бид тухайн үед 6 хүүхэдтэй эх хүн ингээд гайгүй болох байлгүй гэж итгэн хүлээцтэй ханддаг байсан. Гэвч одоо бол миний зургаан ачийн ээж Д.Бу нь архи, согтууруулах ундаа байнга хэрэглэдэг, архины бүрэн хамааралтай болсон. Хүүгийн минь буяны ажлыг арай гэж дуусгаад л шууд архиа ууж эхэлсэн. Гэртээ огт ирдэггүй, хүүхдүүдтэйгээ нэг ч удаа уулзаж, санаа тавьдаггүй.

Ер нь 6 хүүхдээ төрүүлсэн цагаас хойш өөрөө огт тогтвортой харж байгаагүй, асрагч хөлслөх эсхүл надад хаяаад өөрөө архи ууж алга болдог байсан. Би хүүгийнхээ 3 дахь хүү болох Г.Ха-г эхээс төрөөд 4 хоногтой байхад нь авч одоог хүртэл /9 настай/ өөрийнхөө асрамжид өсгөж байна. Тухайн үед бусад хүүхдүүд аав, ээж, хүүхэд асрагчийн хамт Сэлэнгэ аймгийн Түнхэл суманд амьдарч байсан бөгөөд том ач охин 20.. онд сургуульд орсон үеэс Г.Ам, Г.На нар миний асрамжид ирсэн.

Харин одоо зургаан ач маань бүгд миний асрамжид байгаа бөгөөд том ач охин Г.Ам Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн 6 дугаар ангид, ач охин Г.На 4 дүгээр ангид, ач хүү Г.Ха 3 дугаар ангид, ач охин Г.Гү 1 дүгээр ангид тус тус суралцаж, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргад өргөдөл, хүсэлт гаргаж, хөөцөлдсөний үр дунд бага насны 2 охин Г.Са, Г.Үж нарыгаа 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн Баянзүрх дүүргийн 22 дугаар цэцэрлэгт оруулж, бүгд эрүүл, саруул өсч бойжиж байна.

Д.Бу нь үр хүүхдээ харж хандах чадваргүй, ажил хөдөлмөр огт эрхэлж байгаагүй, одоо ч эрхэлдэггүй, архины дээд зэргийн хамааралтай, ёс суртахуунгүй, хань ижил, үр хүүхдүүдээ анхаарал, халамж тавихыг мэддэггүй, бага насны хүүхдүүдийнхээ дэргэд байнга уудаг зэрэг байдлаас болж хүүхдүүдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүйн дээр хүүхдүүдийн эрүүл, аюулгүй орчинд өсч хүмүүжих, эцэг, эхээрээ тэжээн тэтгүүлэх эрх зөрчигдсөөр байна. Учир нь эх Д.Бу нь архи ууж алга болсон, хүүхдүүддээ огт ирэхгүй байгаа учир тэжээгчээ алдсаны тэтгэмжээ авч чадахүй, аливаа төрийн үйлчилгээнд хамрагдаж чадахгүй, төрөөс олгож буй хүүхдийн сар бүрийн тэтгэмжийн мөнгийг хүүхдүүддээ зарцуулж чадахгүй /эх нь авдаг/ хохирсоор байна.

Бүрлээч хүү минь С аймгийн Т суманд хувиараа хөдөлмөр эрхлэн ажиллаж, амьдарч байсан, 20.. оны .. дүгээр сарын ..-ны үүрээр Төв аймгийн Батсүмбэр сумын эмнэлэгт ухаангүй байна гэж хүн хэл дуулгаснаар би Д.Бу-гийн хамт очиход хүү минь ямар ч ухаангүй байсан тул бид түргэний машинаар Улаанбаатар хотод ирж, эмчлүүлсэн боловч амь насыг нь аварч чадаагүй.

Өмнө хүү минь Түнхэлд байхдаа 2023 оны 4 дүгээр сард бие нь муудахад дүү Н.Га-г нь У хотод хүргэн ирж, ..-р эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байхад нь эхнэр болох Д.Бу нь эмнэлэг дээр нэг ч удаа ирээгүй, гэртээ ч ирээгүй 15 хоног таг алга болсон. Гэтэл энэ хугацаанд архидаж яваад хүнд хутгалуулсан байсан. Мөн гэр бүлээс гадуур харилцаатай байсан гэсэн ойлголт надад одоо ч байсаар байгаа. Хүү минь хүнд өвчтэй, сэхээнд үхэлтэй нүүр тулан тэмцэж байхад нь эхнэр болох хүн хувиа хичээж, нүгэл үйлдэж явсан нь хань ижил, үр хүүхдэд нь маш муу үр дагавар үүссэн гэж эх хүний хувьд бодож, харамсаж явдаг.

Түүнчлэн Д.Бу нь залилангийн гэмт хэрэг үйлдэж, бусдад 192,000,000 төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдож 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022/ШЦТ/595 шийтгэх тогтоолоор 40,000,000 сая төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн бөгөөд торгуулийн ялыг 3 жилийн хугацаанд төлж барагдуулах үүрэг хүлээсэн ч 3 жилийн хугацаанд төлөх чадваргүй хүн юм. /өөрөө би орлогогүй учраас хүүхдүүдийнхээ сар бүрийн мөнгөн тэтгэмжээр энэ хохирлоо барагдуулна гэж ярьдаг/

Мөн Д.Бу нь 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдөр ганц удаа гэртээ ирэхдээ ажлын хэрэгцээний нөтбүүкийг хулгайлан, ач охин Г.Ам-гийн цүнхэд хийж авч гаран Бан Бан" гэдэг ломбарданд 450,000 төгрөгийн барьцаанд тавьсан байсныг би сүүлд мэдээд, авах гээд очиход ломбардны зүгээс ...заавал Д.Бу-д өгөх ёстой, таньд өгөх боломжгүй гэсэн учир би одоог хүртэл Д.Бу-гийн авсан зээлийн хүүнд сар бүр 33,000 төгрөг төлж бас хохирсоор байна. /Энэ нөтбүүк нь албаны хөрөнгө ийнхүү төлж байна/.

Иймд архи, согтууруулах ундаа байнга, хэрэглэдэг, архины бүрэн хамааралтай болсон Д.Бу-гийн эх байх эрхийг хасаж өгнө үү, 6 хүүхдийг надаас өөр асран хамгаалах хүнгүй, төрсөн эх нь үүрэг, хариуцлагаа ухамсарладаггүй, биелүүлдэггүй тул хууль ёсны асран хамгаалагчаар тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны явцад хариуцагч Д.Бу нь өвчний улмаас нас барсан тул түүнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.

Иймд хэргийг хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

  Нэхэмжлэгч Б.Ба нь хариуцагч Д.Бу холбогдуулан, эх байх эрх хасуулах, асран хамгаалагчаар тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Бу нас барсан гэх үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгчийн тус шүүхэд бичгээр гаргасан хүсэлт, нас барсны гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй гэж заасан ба нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Б.Ба-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Бу-д холбогдох эх байх эрх хасуулах, асран хамгаалагчаар тогтоолгох тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийн 50 хувь буюу 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Бу-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ