| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2018/0087/э |
| Дугаар | 106 |
| Огноо | 2018-05-16 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 106
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон
Улсын яллагч С.Сугар
Шүүгдэгч Б.Бы өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн 1830000850077 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, 1974 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар аймгийн Наран суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт оршин суух, ял шийтгэлгүй, Б.Б.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Б.Б 2018 оны 01 дүгээр сарын 20-ны орчимд Сүхбаатар аймгийн Наран сумын 2 дугаар багийн нутаг “Ц” гэх газраас хохирогч Т.Бийн адуунаас 2 /хоёр/ адуу хулгайлж 1 200 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2018 оны 01 дүгээр сарын 20-ны орчимд Бийн адуунаас хүрэн гүү хоёрыг барьж аваад хашаандаа хийсэн. Тухайн үед мөнгөний асуудал их байсан. Миний 6 настай хүүгийн минь баруун бөөр нь чулуутай гэсэн оноштойгоор эмчилгээ хийлгэж байгаа. 2017 оны 08 дугаар сараас эхлэн 1 ширхэг нь 80000 төгрөгийн үнэтэй 4 ширхэг эмийг сар бүр гаднаас авч хэрэглэж эхэлсэн. Би ах дүү нараасаа олон удаа мал авч хүүхдийнхээ эмчилгээг хийлгэж байсан. 2018 оны 01 дүгээр сард хүүгийнхээ эмчилгээг хийлгэх мөнгө байхгүй байсан учраас би ийм үйлдэл хийсэн. Дахиж ийм үйлдэл хийхгүй. Би хохирогчийн төлбөрийг бэлнээр төлж барагдуулсан. Хохирогч одоо гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Хохирогч Т.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 12 дугаар сараас 2018 оны 02 дугаар сарын хооронд Наран сумын Ц гэх газраас адуунаасаа 2 гүү алдаад олоогүй. Манайх 2017 оны 11 дүгээр сарын сүүлээр Н хөндийд аавын дээрээ идшээ хийхээр очиход тэр 2 гүү адуундаа байсан. Зөв талын гуяндаа 2 нүдний онгин тамгатай, том биетэй, тарган соёолон насны хүрэн гүү, мөн зөв талын ташаан дээр Н үсгэн тамгатай, ахар дэлтэй нас гүйцсэн бүдүүн хүрэн гүү алдсан. Тухайн үед тарган гүү ямар ханштай байсан тэр ханшаар үнэлнэ. Манай 2 гүүг авсан Б.Б надад 1 200 000 төгрөг бэлнээр өгч хохиролгүй болгосон одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 08-09, 11-12-р хуудас/
Гэрч Б.Баын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2018 оны 01 дүгээр сарын 20, 21-ний үед Б ахынхаар мотоцикльтой очтол Б ах хонины хорооныхоо урд нөмөрт хүрэн зүсмийн нэг адуу унагаад өвчиж байсан. Хажууд нь дахиад нэг хүрэн адуу уячихаад байхаар нь та юун адуу янзалж байгаа юм бэ гэж асуухад ах нь хүнээс адуу авсан юм, ахдаа энэ 2 адууг хамжаад өг гэхээр нь би хамжиж өгсөн. Хоёр адуу нь хоёулаа гүү байсан. Тухайн үед 17 цаг өнгөрч харанхуй болсон байсан болохоор тэр 2 адуу ямар тамгатай байсныг хараагүй. Духандаа зүүдэг гар чийдэнгийн гэрэлд 2 адууг нь хамжиж янзалж өгчихөөд гэр рүүгээ харьсан. Тухайн үед Б ахынд гаднаас хүн байгаагүй эхнэр Отгонгэрэл, 10 сартай хүүтэйгээ гурвуулаа байсан...гэх мэдүүлэг /хх-ийн16/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-04/
Сүхбаатар аймгийн Наран суманд 2018 оны 01-р сарын байдлаарх малын үнэлгээ /хх-ийн 07-р хуудас/
Сүхбаатар аймгийн Наран сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 15-р хуудас/
Б.Бы ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26-р хуудас/ зэрэг баримтууд болно.
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 20-ны орчимд Сүхбаатар аймгийн Наран сумын 2 дугаар багийн нутаг “Ц” гэх газраас хохирогч Т.Бийн адуунаас зөв талын гэр гуяндаа 2 нүдний онгин тамгатай, соёолон насны хүрэн зүсмийн гүү, зөв талын ташаан толгой дээрээ Н үсгэн тамгатай, хүрэн зүсмийн нас гүйцсэн бүдүүн гүү буюу нийт 2 /хоёр/ адуу хулгайлж 1 200 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Бы мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Б.Б, гэрч Б.Ба нарын мөрдөн байцаалтанд гаргасан мэдүүлэг, Наран сумын малын үнэлгээ, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Бд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэрэг нотлогдож тогтоогдсон тул Б.Быг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Бд ял шийтгэл оногдуулахад анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Бы үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэжээ. Шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Т.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Т.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б.Быг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Быг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.Бд мэдэгдсүгэй.
4. Ялтан Б.Б цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Т.Бд хохирол төлөгдсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА