Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаа Ариунхишиг |
Хэргийн индекс | 2303002530231 |
Дугаар | 2024/ДШМ/1101 |
Огноо | 2024-09-26 |
Зүйл хэсэг | 27.10.2.2., |
Улсын яллагч | Г.Нандин-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 2024/ДШМ/1101
2024 09 26 2024/ДШМ/1101
П.Б т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Нандин-Эрдэнэ,
шүүгдэгч П.Б ийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц гийн өмгөөлөгч Д.Эрдэнэтөгс,
иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б ,
нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/448 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ, иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б , хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц , түүний өмгөөлөгч Д.Эрдэнэтөгс нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч П.Б т холбогдох эрүүгийн 2303 00253 0231 дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч П.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ буюу 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 17 цаг 35 минутын орчимд Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Наадамчдын гудамж, Буянт-Ухаа 1 хотхоны баруун замд *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 15.1 дэх хэсэгт заасан “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн гарч яваа явган зорчигчид ...зам тавьж өгнө" гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаг гарцаар зөвшөөрөгдсөн гэрэл дохиогоор зам хөндлөн гарч явсан 13 настай явган зорчигч Б.А ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэг холбогджээ.
Тээврийн прокуророос: П.Б ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б-г “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан" гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар П.Б т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, 03 жилийн хугацаагаар түүний оршин суух нутаг дэвсгэрийг харьяалах Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар П.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 хэсэгт тус тус зааснаар гэмт хэргийн хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт “Зорчигч тээврийн нэгтгэл” *** -аас 22.937.850 /хорин хоёр сая есөн зуун гучин долоон мянга найман зуун тавин төгрөг/ гаргуулж, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо 1-35 тоотод оршин суух хаягтай, насанд хүрээгүй хохирогч Б.А , түүний хууль ёсны төлөөлөгч Д.Ц нарт олгож, тэдний нэхэмжлэлийн шаардлагаас “хоол, хүнсний зардлын 4.728.702 /дөрвөн сая долоон зуун хорин найман мянга долоон зуун хоёр/ төгрөгийн шаардлагыг хангахгүй орхиж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эмчилгээ, үйлчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн төлөгдсөн 2.368.000 /хоёр сая гурван зуун жаран найман мянга/ төгрөгийг П.Б ээс гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь **** тоот дансанд нөхөн төлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчөөс гаргасан цаашид гарах эмчилгээ үйлчилгээний зардал болон сэтгэл санааны хохирлын 100.000.000 төгрөг, хохирогчийн аав Н.Б ийн ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах тухай шаардлагыг тус тус хэлэлцэхгүй орхиж, учирсан гэмтлийн улмаас цаашид хийгдэх эмчилгээний зардал, төлбөр болон насанд хүрээгүй хохирогчийг асрамжлах хугацаанд түүний эцэг Н.Б ийн ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулна гэх шаардлага зэрэгт хамаарах нотлох баримтаа зохих журмын дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий СD нэг ширхгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргуулахаар үлдээж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар П.Б ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хавтаст хэрэгт авагдсан үйл баримтаар 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх цагдаагийн хэлтсийн зохицуулагч д/ч Энхцолмон Зөрчлийн тухай хуулийн 14.7.51-д зааснаар хялбаршуулсан журмаар тухайн өдөр 100.000 төгрөгөөр торгож зөрчлийн 5 оноо хасаж шийдвэрлээд П.Б т зөрчлийн 5 оноо хасаад зөрчлийн оноо дууссан талаар мэдээлэл өгсөн. П.Б нь “Зорчигч тээврийн нэгтгэл” *** -н хоёрдугаар баазад жолоочоор ажиллаж амьдарлаа залгуулдаг тул “Тулгат хөгжлийн төв” ТББ-д зөрчлийн оноо сэргээх сургалтад 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хамрагдаж зөрчлийн 10 оноог 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр сэргээгээд 10 оноотой болсон байна.
Харин 2023 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн замын цагдаагийн хэлтсээс Зөрчлийн тухай хуулийн 14.7.51-д зааснаар тухайн өдөр 100.000 төгрөгөөр торгож зөрчлийн 5 оноо хасуулсан. 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр зам тээврийн осол болох үед П.Б нь зөрчлийн 5 оноотой үлдсэн байхаар байна. Баянзүрх дүүргийн замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч д/ч Энхцолмон нь 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр буюу тухайн өдрөө хялбаршуулсан журмаар зөрчлийг шийдвэрлэсэн атлаа зөрчлийн оноог 2023 оны 02 дугаар сарын 20 өдөр П.Б ийг зөрчлийн 10 оноогоо сэргээсний дараа хассан байна. Энэ талаар П.Б т мэдэгдээгүй бөгөөд ажлаа цаг тухайд нь хийгээгүй ажилтны буруутай үйлдлийн улмаас П.Б ийн сэргээсэн 5 оноо алга болох нөхцөл болсон.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн” гэх жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хэзээ үгүй болсон талаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих ажиллагаа огт хийгдээгүй.
2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр Цагдаагийн ерөнхий газрын, мэдээлэл дүн шинжилгээний, шуурхай удирдлагын албаны 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн албан бичигт П.Б нь 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр, 2023 оны 03 дугаар сарын 12-ны өдрүүдэд тус тус 5 оноо хасуулж зөрчлийн оноо 0 болсон талаар дурдсан. Улсын яллагч нь давж заалдах шатны шүүхэд П.Б ийг зөрчлийн оноогоо сэргээсний дараа буюу 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр, 2023 оны 03 дугаар сарын 12-ны өдрүүдэд тус тус 5 оноо хасуулж зөрчлийн оноо 0 болсон талаар давж заалдах шатны шүүхэд буруу мэдээлэл өгсөн. Үүнээс үзэхэд төрийн албан хаагчийн буруутай үйлдэл буюу ажлаа хийх цагт нь хийгээгүй улмаас П.Б ийн зөрчлийн 5 оноо хасагдаж эрх зүйн байдал дордох нөхцөл үүссэн. Үүнийг анхан шатны шүүх анхаарч үзээгүй болно.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Дараах тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болно”, 18.1.3-д “зөрчлийн оноо тогтоосон хязгаарт хүрсэн”, 18.4-т ”Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.” гэж хуульчилсан байна.
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээх журмыг хууль зүйн асуудал
эрхэлсэн Засгийн газрын гишүүн буюу Хууль зүйн сайд Д.Дорлигжав 2015 оны 05
дугаар сарын 28-ны өдрийн А/187 дугаартай тушаалаар баталсан боловч Хууль
зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нь 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр А/140
дугаартай тушаалаар Хууль зүйн сайд Д.Дорлигжавын 2015 оны 05 дугаар сарын
28-ны өдрийн А/187 дугаартай тушаалаар хүчингүй болгож тушаалыг 2024 оны 05
дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн мөрдөж байна. Монгол улсын хэмжээнд
жолоочийн зөрчлийн оноо гэсэн зүйл огт байхгүй болно.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн П.Б ийг буруутгасан
эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь
заалтыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон
өөрчилж өгнө үү. ...” гэв.
Иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц Н ХХК-д Зорчигч терминалын газрын үйлчилгээний хэлтэст мэдээллийн үйлчилгээний ахлах ажилтнаар ажилладаг, 2023 оны 05 дугаар сарын 15, 06 дугаар сарын 01, 06 дугаар сарын 15, 07 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл тус бүр цалингүй чөлөө авч байсан баримтыг үндэслэн 1 сарын цалинг 2.450.000 төгрөгөөр тооцон 2 сарын цалинд 4.900.000 төгрөгийг анхан шатны шүүхээс “хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц гийн Н ХХК-д Зорчигч терминалын газрын үйлчилгээний хэлтэст мэдээллийн үйлчилгээний ахлах ажилтнаар ажилладаг талаар баримттай байх тул” гэж дүгнэсэн гаргуулахаар шийдвэрлэсэн.
Хангалттай нотлох баримтаар тогтоогдоогүй, хавтаст хэрэгт зөвхөн чөлөө олгосон 2 тушаал авагдсан ба тухайн байгууллагатай хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсгэснийг нотлох хөдөлмөрийн гэрээ, ажилд авсан тушаал, нийгмийн даатгалыг шимтгэл төлсөн баримт зэрэг байхгүй. Чөлөө олгосон тушаалаар 2 сарын цалинг олгож байгаа нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3.5 дахь хэсэгт заасан үндэслэлийн бүрэн хангаагүй гэж үзэж байна.
Шатахуун болон авто зогсоолын төлбөрийн 2.694.511 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг анхан шатны шүүх хангахдаа Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгийг үндэслэсэн ба хуульд бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй зардлыг төлөхийг хуульчилсан ба шатахуун болон зогсоолын төлбөр тусгагдаагүй. Мөн шүүхийн зүгээс тулгуур эрхтэн гэж тайлбарласан хэдий ч шатахууны тооцоог хэрэгт хамаарал бүхий хугацаанд уялдуулж тооцоогүй. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие маш их гомдолтой байна. Яагаад гэвэл охиныг маань санаатай биш санамсаргүй дайрсан ч гэлээ тус компанийн зүгээс нэг ч хүн, ганц ч удаа “танд яаж туслах вэ” гэж хандаагүй, охины маань биеийг асуугаагүй, эрүүл мэндэд нь огтхон ч анхаарал тавиагүй хүний үнэргүй байснаар барахгүй шүүхээс тогтоосон хэдэн төгрөгийн зардал дээр гомдол гаргаж, дараагийн шатны шүүхэд хандаж байгаа нь хариуцлагаа үүрэхгүй, харамсахгүй, дахин ийм гэмт хэрэг гарах вий гэж ухаарч ойлгохгүй байгаагийн илрэл юм.
Хүүхдийн маань ирээдүй харамсалтай болчхоод байхад бодитоор гарсан зардлыг гаргаад өгөх, хариуцлага хүлээх сэтгэлгүй байгаад харамсахын дээдээр харамсаж, гомдохын дээдээр гомдож байна.
Мөн жолооч П.Б нь “би санаатай дайраагүй чиний бах ханаж байна уу?, би ялаа үүрч, харин чи үйлийн үрээ үүрнэ дээ” гэж надад мессеж бичсэн.
Хүүхдийн эрүүл мэнд, эрхэнд халдаж насан туршаар нь хохироож, сэтгэл санааны, өөрийгөө үнэлэх үнэлэмж, өөртөө итгэх итгэл, сурлага хүмүүжил, хүсэл мөрөөдлөөр нь тоглож том тээврийн хэрэгслийн дугуйгаар хөлийг нь эргүүлж дайрсан шигээ давхар амьдралыг нь эргүүлж хаяснаа ойлгож ухаарахгүй, чин сэтгэлээсээ гэмшихгүй, зөвхөн “би одоо яан аа” гэж өөрийгөө л бодож байгаа хүн цаашид яаж ажил хөдөлмөр эрхлэх вэ?
Би маш их гомдолтой, хэлэх ч үг олдохгүй байна. Миний зүгээс тооцоолол гаргасан нийт 136.927.527 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийг тус компаниас гаргуулж өгнө үү.
Миний охин нь А нь сурч, хөгжиж, боловсорч, дэгдэж, дэрвэж, сурлага, урлагийн амжилтаа гаргаж, түүндээ бэлдэж явсан. Мөн бие сэтгэлийн хувьд ид боловсорч байсан сэргэлэн цовоо эрүүл саруул хүсэл мөрөөдлөөр дүүрэн явсан охин минь сэтгэл санаа, бие эрхтэн бүхий л талаараа уналтад орж одоогийн байдлаар хичээл сургуулийн хоцрогдолтой учраас 9 дүгээр ангидаа багш нартаа үнэн учраа хэлж арай хийж төгссөн.
Хичээл эхлэхэд бүх хоцрогдлоо арилгаж, сургалтад сууж ирээрэй гэсэн сануулгатайгаар сургуулиа төгссөн. Иймээс бүх хичээл дээр сургалт авах шаардлагатай байгаа бөгөөд нэг хичээл дээр доод тал нь 250.000 төгрөгийн төлбөртэй байна. 17 хичээл нийт 4.250.000 төгрөг болж байгаа бөгөөд энэхүү мөнгийг нэмж нэхэмжилж байна.
Мөн хоол хүнсний асуудалд зарцуулагдсан 4.728.702 төгрөгийг хасахгүй байхыг хүсэж байна. Хүүхдэд зөвлөсөн сүү, жимс, бусад хүнсний зүйлс байгаа. Эмнэлэгт байх 3 сарын хугацаанд эмнэлгийн гадаа машин дотроо хоол шөл хийж эмнэлэг хавийн дэлгүүрүүд, CU зэргээр аав нь болон сахиж байсан би охин бид 3 амьдарч байсан. Цаашид өгөх ёстой уураг, эрдэс бодис, дархлаа дэмжих зүйлсийг одоо огтхон ч авч өгч чадахгүй болсон. Цаашид сэргээн засах эмнэлэгт явах, бүх шатны эрүүл мэндийн үзлэгт хамрагдах, сэтгэл санаа, хүмүүжил төлөвшил гээд удаан хугацааны насан туршийн эмчилгээ асаргаа шаардлагатай болсон. Иймд тус компаниас нийт 141.177.527 төгрөгийг гаргуулж өгнө үү. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэтөгс давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хохирогчийн эрх ашиг ноцтой зөрчигдсөн, түүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэг “хүндэвтэр” гарсан. Цаашид эрүүл мэнд, сэтгэцийн өөрчлөлт хэрхэн өөрчлөгдөх нь эрсдэлтэй хохирсон байхад уг хохирлыг шүүх тогтоож өгөөгүйд гомдолтой байна.
Шийтгэх тогтоолын 4 ба 6-д заалтад нэмэлт өөрчлөлт оруулан сэтгэцэд учирсан хохирлын төлбөр, хүнсэнд зарцуулсан төлбөр, эцэг Балдандоржийн цалин, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Цэрэнпэлжээгийн нэхэмжилсэн 100.000.000 төгрөгийг нэмж олгохоор шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Прокурор Г.Нандин-Эрдэнэ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Тухайн осол нь 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр болсон. Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс хэрэгжсэн тул анхан шатны шүүх хуулийг буцаан хэрэглэхгүй гэж үзэж, хохирогчийн сэтгэцэд учирсан хор, уршгийг нөхөн төлүүлээгүй. Иймээс анхан шатны шүүх нотлох баримтуудыг үндэслэж, баримттай хохирлыг тогтоож, цаашид гарах зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Д.Батцэцэгийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц , түүний өмгөөлөгч Д.Эрдэнэтөгс, иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч П.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ буюу 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 17 цаг 35 минутын орчимд Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Наадамчдын гудамж, Буянт-Ухаа 1 хотхоны баруун замд *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 15.1 дэх хэсэгт заасан “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн гарч яваа явган зорчигчид ...зам тавьж өгнө" гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаг гарцаар зөвшөөрөгдсөн гэрэл дохиогоор зам хөндлөн гарч явсан 13 настай явган зорчигч Б.А ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан болох нь 102 тусгай дугаарын утсанд дуудлага, лавлагааны хуудас /1хх 2/, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 4-6/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 7-9/, жолоочийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг драйгер багаж үлээлгэн шалгахад 0.00% гарсныг баталгаажуулсан 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн тэмдэглэл баримт /1хх 11/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 14-15/, Шүүх Шинжилгээний газрын хүний биед хийсэн хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 5012 дугаартай дүгнэлт /1хх 36-38/, хэргийн материалаар хийсэн Шүүх эмнэлгийн шинжилгээний 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 445 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчдийн гаргасан дүгнэлт /шүүхийн шатанд хийгдсэн ажиллагаа/, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн шинжилгээ 503 дугаартай дүгнэлт /шүүхийн шатанд хийгдсэн ажиллагаа/, насанд хүрээгүй хохирогч Б.А ын “Гэмтэл согог судлалын үндэсний төв”- д хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар /1хх 67-69, 2хх 124-135, 136-140/, шүүгдэгч П.Б ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа /1хх 93, 117, 212-213/, гэрлэн дохионы горим /1хх 212, 2хх 15/, Тээврийн Цагдаагийн албаны мөрдөгч, цагдаагийн хошууч Т.Буянтогтохын 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр гаргасан 592 дугаартай Мөрдөгчийн магадалгаа /1хх 105-106/, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 999685 дугаартай техникийн шинжээчдийн дүгнэлт /1хх 45-48/, тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа /1хх 101/, “Зорчигч тээврийн нэгтгэл” *** -ын” 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 1/272 дугаартай албан бичиг /1хх 83/, Цагдаагийн Ерөнхий Газар, мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 13а/2321 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичиг, уг албан бичигт “...Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо”-ны сангаас иргэн П.Б /регистрийн дугаар НТ77040704/-ийн жолоочийн зөрчлийн оноо хасагдсан талаарх мэдээллийг шалгаж үзэхэд Зөрчлийн мэдээллийн санд “****” дугаар бүртгэлд 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсээс Зөрчлийн тухай хуулийн 14.7.51 дэх заалтаар 100.000 төгрөгөөр торгож, жолоочийн зөрчлийн бүртгэлийн 5 оноо хасаж 5 оноотой. Мөн “****” дугаар бүртгэлд 2023 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсээс Зөрчлийн хуулийн 14.7.51 дэх заалтаар 100.000 төгрөгөөр торгож, жолоочийн зөрчлийн бүртгэлийн 5 оноог хасаж 0 оноотой болсон. Харин 2023 оны 05 дугаар сарын 04-ны өдөр Бүртгэл хяналтын төвөөс жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноог сэргээж 10 оноотой болсон мэдээлэл бүртгэгдсэн байна.” /1хх 242/, Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны 2024 оны 4 сарын 10-ны өдрийн 13ё/3072 дугаартай “...цагдаагийн байгууллагын зөрчлийн мэдээллийн сангаас шалгахад иргэн П.Б ийн 2023 оны 02 сарын 10-ны өдрийн гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн ба эрх бүхий албан тушаалтан гомдол мэдээллийг хүлээн авч ажлын 5 хоногийн дотор шийдвэр гаргаж мэдээллийн санд шийдвэрлэлтээ бүртгэдэг ба мэдээлэл судалгааны мэргэжилтэн уг мэдээллийг хянаж авсны дараа “Жолоочийн бүртгэлийн оноо” тооцох журмын 2.4 дэх хэсэгт заасны дагуу жолоочийн бүртгэлийн 5 оноо хасагдаж, давхардуулан бүртгэж оноо хассан мэдээлэл байхгүй байна.” гэх албан бичиг /шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан баримт/, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 04/2005 дугаартай албан бичиг, хавсралт /1хх 81-82/,
насан хүрээгүй Б.А ын хохирогчоор өгсөн “...ногоон гэрэл ассан байхад нь гарцаар гарах гээд баруун хөлөө зам руу тавиад орж байхад улаан өнгийн том оврын автобус баруун гар тийшээ эргээд миний баруун хөл дээгүүр дайраад би газар унасан байгаа...” /1хх 19/,
насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц гийн өгсөн “...Миний охин А нь хичээлдээ яваад буцаад гэртээ ирэх замдаа зам тээврийн осолд орж баруун хөл шагай хэсгээр бүтэн эргэж маш хүнд осолд орсон. Ослын дараа шууд гэмтлийн эмнэлэгт хүргэгдэн очиж хагалгаанд ороод 15 хоног хэвтэн эмчлүүлж байгаад түр хугацаанд гарсан. Охины баруун хөл шагай хэсгээрээ бүтэн эргэж шагайны яс нь ил гарсан байсан. ...Миний хувьд хүүхдийн эрүүл мэндэд зарцуулагдаж гарах хүртэл зардлыг бүгдийг нь нэхэмжилнэ. Гарсан зардлын баримтаа авчирч өгнө...” /1хх 21-22/,
иргэний хариуцагч, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Б гийн өгсөн “...Байгууллагын автобусанд ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй. ...Манай байгууллагын ажилтан жолооч П.Б ийн гэм буруутай үйлдэл нь эцэслэн тогтоогдвол хохирогчид учирсан хохирлыг “Ард даатгал” компаниар бүрэн барагдуулна..." /1хх 25-28/,
иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг төлөөлж Д.Г өгсөн “...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Б.А ын нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 2.368.000 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг П.Б ээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын
ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 тоот дансанд төлүүлж өгнө үү..." /1хх 31/,
П.Б ийн яллагдагчаар өгсөн “...гэрлэн дохиотой уулзвараар баруун гар тийш эргэх үйлдэл хийх үедээ Ерөнхий боловсролын сургуулийн сурагч бололтой эмэгтэй хүүхдийг автобусны баруун талын урд дугуйгаар баруун хөлийг нь дайрч гарсан байсан. Би баруун тийш зөвшөөрсөн ногоон гэрэл ассан байхад баруун гар тийш эргэх үйлдэл хийгээд зүүн гар талаас машин ирж байгаа эсэхийг хараад эргэх үед тэр хүүхдийг дайрсан байсан.
Автобусны зорчиж байсан хүмүүс орилолдоод, би баруун гар талын толиндоо хартал
газар хүүхэд уначихсан байдалтай байсан. Тэгээд автобуснаас буугаад түргэн тусламж
дуудсан, мөн цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн байгаа...” /1хх 103/ гэх мэдүүлгүүд зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, гэрч нарын мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч П.Б ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, эрүүгийн хуулийн зөв тайлбарласан гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Шүүгдэгч П.Б ийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ “...П.Б нь зөрчлийн 10 онооноос 5 оноо хасуулсан боловч сэргээлгэсэн, мөн дахин 5 оноо хасуулсан боловч дахин сэргээлгэсэн ба зөрчлийн 10 онооноос 5 оноо үлдсэн байхад үүнийг тэмдэглэхдээ давхардуулан хасаж зөрчлийн оноо 0 гэж буруу мэдээлэл өгснийг анхан шатны шүүх анхаарч үзээгүй орхигдуулсан. Одоо Хууль зүйн дотоод хэргийн сайдын 2024 оны А/104 дугаар тушаалаар зөрчлийн оноо гэх зүйл байхгүй болсон ба П.Б ийг буруутгасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн мөн хуулийн 207.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж өгнө үү. ...” гэсэн,
иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б “...хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг Н ХХК-д ажилдаг гэсэн хангалттай нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад чөлөө олгосон 2 тушаалаар ажилгүй байсан хугацааны цалин олгож байгаа нь үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3.5 дахь хэсэгт заасан үндэслэлийг хангахгүй байна. ...” гэсэн,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц “...миний охинд цаашид сэргээн засах эмчилгээ сувилгаанд явах, эрүүл мэндийн бүх шатны үзлэгт хамрагдах, сэтгэл засал, хүмүүжил төлөвшил гээд бүх талын эмчилгээ асаргаа шаардлагатай байгаа тул тус компаниас 141.177.527 төгрөгийг гаргуулж өгнө үү. ...” гэсэн,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц гийн өмгөөлөгч Д.Эрдэнэтөгс “...шийтгэх тогтоолын 4, 6 дугаар заалтад нэмэлт өөрчлөлт оруулан сэтгэцэд учирсан хохирлын төлбөр, хоол хүнсэнд зарцуулсан төлбөр, эцэг Балдандоржийн цалин, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Цэрэнпэлжээгийн нэхэмжилсэн 100.000.000 төгрөгийг нэмж олгохоор шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.
Хэрэгт авагдсан 1 хавтаст хэргийн 211 дүгээр талд авагдсан “гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл”, 242 дугаар талд авагдсан “Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 13а/2321 дугаартай албан бичиг” зэрэг баримтуудаар шүүгдэгч П.Б нь жолоодох эрхийн эрхгүй байсан нь тогтоогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг, мөн 1 дүгээр хавтаст хэргийн 209 дүгээр талд Н ХХК-ийн 2023 оны 06 дугаар саарын 12-ны өдрийн АМ-HR/744 дугаартай “Ц нь тус компанид Зорчигч, терминалын газрын Зорчигч үйлчилгээний хэлтэст Мэдээллийн үйлчилгээний ахлах ажилтнаар ажилдаг ба сарын дундаж цалин 2.450.000 төгрөг болно” гэх албан бичгээр тус компанид ажилдаг болох нь тогтоогдож байх тул иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б гийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байх тул дээрх гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц , түүний өмгөөлөгч Д.Эрдэнэтөгс нарын гаргасан давж заалдах гомдлын “хангагдсан хохирол төлбөрийн үнийн дүнг нэмэгдүүлэн гаргуулах” гэсэн хэсгийг хангаж, “сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулахтай” холбоотой хэсгийг нь хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын 4 дэх заалтад “Зорчигч тээврийн нэгтгэл *** -аас 22.937.850 гаргуулах” гэсэн хэсэгт “хоол, хүнсний зардлын 4.728.702 төгрөгийн үнийн дүнгээр нэмэгдүүлж Зорчигч тээврийн нэгтгэл *** -аас нийт 27.666.552 төгрөгийг гаргуулж хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчид олгуулахаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Иймд, шүүгдэгч П.Б ийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ, иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц , түүний өмгөөлөгч Д.Эрдэнэтөгс нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/448 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/448 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
4 дэх заалтын “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 хэсэгт тус тус зааснаар гэмт хэргийн хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт “Зорчигч тээврийн нэгтгэл” *** -аас 22.937.850 /хорин хоёр сая есөн зуун гучин долоон мянга найман зуун тавин төгрөг/ гаргуулж, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо 1-35 тоотод оршин суух хаягтай, /РД:ХЕ77091400/ насанд хүрээгүй хохирогч Б.А , түүний хууль ёсны төлөөлөгч Д.Ц нарт олгож, тэдний нэхэмжлэлийн шаардлагаас “хоол, хүнсний зардлын 4.728.702 /дөрвөн сая долоон зуун хорин найман мянга долоон зуун хоёр/ төгрөгийн шаардлагыг хангахгүй орхисугай.” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 хэсэгт тус тус зааснаар гэмт хэргийн хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт “Зорчигч тээврийн нэгтгэл” *** -аас нийт 27.666.552 төгрөгийг гаргуулж, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо 1-35 тоотод оршин суух хаягтай, /РД:ХЕ77091400/ насанд хүрээгүй хохирогч Б.А , түүний хууль ёсны төлөөлөгч Д.Ц нарт олгосугай...” гэж өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч П.Б ийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ, иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц , түүний өмгөөлөгч Д.Эрдэнэтөгс нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ