| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаа Ариунхишиг |
| Хэргийн индекс | 2403002890429 |
| Дугаар | 2024/ДШМ/1102 |
| Огноо | 2024-09-26 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Б.Одонтуяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 2024/ДШМ/1102
2024 09 26 2024/ДШМ/1102
Д.Б д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Одонтуяа,
яллагдагч Д.Б гийн өмгөөлөгч А.Сэлэнгэ,
нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амар даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 1965 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Одонтуяагийн бичсэн 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 35 дугаар эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр яллагдагч Д.Б д холбогдох эрүүгийн 2403 00289 0429 дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Яллагдагч Б нь Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрт Улаанбаатар хотоос 61-н гарам явах замд 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 07 цаг 45 минутын орчимд **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсох арга хэмжээ авна 3.4 Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэл онхолдож улмаар тээврийн хэрэгсэлд зорчиж байсан 8 настай зорчигч Д.М ын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокуророос: Д.Б гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хэрэгт авагдсан баримтаар яллагч Д.Б гийн жолоодож байсан **** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь **** -ын эзэмшилд бүртгэлтэй байх бөгөөд мөрдөгчөөс **** -ыг иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар тогтоосон байна.
Ийнхүү иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар **** -ыг тогтоосон атлаа **** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын хэмжээг тогтоогоогүй байгаа нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршийг бүрэн гүйцэт нотлон тогтоогоогүй гэж үзнэ.
Шүүхийн хэлэлцүүлэгт прокуророос **** иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар тогтоохдоо улсын бүртгэл дээрх эзэмшигчийн нэрээр тогтоосон болохоос тухай тээврийн хэрэгсэл нь Д.Д зээлийн гэрээ байгуулан худалдан авсан тул шүүх хуралдаанд Д.Д г оролцуулах, иргэний нэхэмжлэгчээр тогтоох, цаашлаад шинжээчийн дүгнэлт гаргуулах боломжтой, мөн Д.Д нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг гаргасан байдаг...” гэсэн санал, тайлбар гаргасныг хүлээн авах боломжгүй.
Иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б мэдүүлэгтээ "...Тухайн тээврийн хэрэгслийг Д.Д гэх хүнтэй 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр **** тоот зээлийн гэрээ байгуулж 7,500,000 төгрөгийг 36 сарын хугацаатай 1 сарын 3.2%-ийн хүүтэй зээл олгосон ба тэр олгосон зээлээр Д.Д тухайн зам тээврийн осолд орсон **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдаж авсан..." гэж мэдүүлсэн.
Д.Д болон иргэний нэхэмжлэгч, хариуцагч **** нарын хооронд “фидуци”-ийн гэрээ байгуулагдсан гэх боловч энэхүү гэрээ хэрэгт авагдаагүй талуудын хооронд байгуулсан гэрээний гол зүйл, эрх, үүргийг мэдэх боломжгүй/ байх тул иргэний нэхэмжлэгч, хариуцагчийг өөрчлөх, дахин томилох боломжгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хохирогч /түүний хууль ёсны төлөөлөгч/, иргэний нэхэмжлэгч, хариуцагч нарын эдлэх эрх, үүрэг нь харилцан адилгүй болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Д.Д нь амь хохирогч Д.М ын хууль ёсны төлөөлөгчөөр оролцож, гомдол саналгүй гэсэн хүсэлтийг гаргасан болохоос тээврийн хэрэгслийн эзэмшигчийн хувиар буюу иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн байр суурьтай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй, гэмт хэргийн улмаас тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг нэхэмжлэх, хариуцах эсэх асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.21 дүгээр зүйл, 27.8 дугаар зүйлүүдэд заасан зохицуулалтаар шүүх хуралдааны явцад шүүхээс нэмэлт, дахин шинжээчийг томилж дүгнэлт гаргуулах хууль зүйн боломжтой болохоос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдээгүй, шинээр шинжээчийн дүгнэлт гаргуулах боломжгүй юм.
Иймд дээр дурдсан ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн болно.
Шүүх эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх боломжгүй гэж үзсэн нөхцөл байдлыг хууль зүйн хувьд тодорхойлох учиртай. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор хэрэг авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийг бодит байдлыг тогтоох үүрэгтэй тул шүүх мөрдөн шалгах ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй, мөрдөгч, прокурорын хийх ажиллагааны талаар шийдвэртээ нэрлэн заах боломжгүйг дурдах нь зүйтэй.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь хэсэгт “яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримт”-ыг яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тусгана гэж заасан ба яллах дүгнэлтийн холбогдсон хэргийн товч утгад иргэний нэхэмжлэгч Е.Ц д учирсан хохирлын талаар бүрэн гүйцэт тусгалгүй орхигдуулсан болохыг анхаарвал зохино.
Хэргийг прокурорт очтол яллагдагч Д.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, яллагдагчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Прокурор Б.Одонтуяа давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1-д мөрдөгч, прокурор дараах хүний хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно, 1.1-д ...арван найман насанд хүрээгүй хохирогчийн төрсөн, үрчилж авсан эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг, мөн зүйлийн 4-т ”Хууль ёсны төлөөлөгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн төлөөлөн оролцож байгаа оролцогчийн энэ хуульд заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ” гэж хуульчилсан ба насанд хүрээгүй амь хохирогчийн төрсөн ээжийг хууль ёсны төлөөлөгчөөр томилж мэдүүлэг авсан байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөөгч Д.Д нь амь хохирогчийн буяны ажилд болон сэтгэцэд учирсан гэм хорын хохирол, хор уршиг зэргийг нэхэмжлэхгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад бичгээр хүсэлт гаргасан бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бодитой тогтоож улмаар дүгнэхгүйгээр орхигдуулсан зүйл байхгүй. **** улсын дугаартай тээврийн хэрэгсэл осол гарах үед **** -ийн нэр дээр байсан ба зээлийн гэрээгээр Д.Д худалдан авсан болох мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдон улмаар Иргэний хуулийн тусгай ангийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт "...3орчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.” гэж заасны дагуу **** -ийг иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар тогтоон мэдүүлэг авсан байна.
Гэтэл Д.Д тээврийн хэрэгслийн зээлийн үлдэгдэл зэрэг хохирол, хор уршиг зэргийг яллагдагч Д.Б гоос нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэх хүсэлт гаргасан. Мөн **** -ийн нэр дээрх тээврийн хэрэгслийн зээлийг бүрэн төлж барагдуулсан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана." гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шинжлэн судалсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж хянасны үндсэн дээр хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэмжээнд бодит байдлыг тогтоон, хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн асуудал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, оролцогчдын эрхийг хангасан байдал зэрэгт үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх боломжтой байтал хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 1965 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Яллагдагч Д.Б гийн өмгөөлөгч А.Сэлэнгэ давж заалдах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай эсэргүүцлийг дэмжиж байна. Учир нь, анхан шатны шүүхийн шүүгч тухайн гэмт хэргийн улмаас тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг нэхэмжлэх тухай асуудлыг шийдээгүй гэх үндэслэлээр захирамж гаргасан. Гэвч **** нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт “**** улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигч, тээврийн хэрэгслийн жолооч Дагвадорж овогтой Долгорсүрэн нь манай байгууллагад ямар нэгэн өр төлбөргүй, өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байгаа” гэсэн нотлох баримт гарган өгч, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй, иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар оролцохгүй” гэсэн тайлбар хүргүүлсэн учраас анхан шатны шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс хэргийг нотлох баримтын хүрээнд шийдвэрлүүлж өгөн үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурор Б.Одонтуяагийн бичсэн 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 35 дугаар эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Прокуророос Д.Б д холбогдох эрүүгийн 2403 00289 0429 дугаартай хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг анхан шатны шүүхээс прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус зааснаар шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон нөхцөл байдал болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэж, яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой байна.
Тодруулбал, **** нь 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар татагдсан нь хавтаст хэргийн 23, 27 дугаар талд авагдсан бөгөөд тэрээр иргэний хариуцагчаар “...бусдад учирсан хохирлыг зээлдэгчтэй хийсэн гэрээний дагуу зээлдэгч төлж барагдуулна...” гэж, иргэний нэхэмжлэгчээр “...манай байгууллага зээлийн үлдэгдэл төлбөр, үндсэн өр болон үндсэн хүү мөн нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилнэ...” гэж тус тус мэдүүлэг өгсөн байх ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д гийн “...өөрийн төрсөн эгч Б ямар нэгэн гомдол санал байхгүй, хууль дүрмийн дагуу хамгийн бага шийтгэлийг оногдуулж өгнө үү хэмээн хүсэж байна. Сэтгэл санаа болон сэтгэцэд учирсан гэм хорыг нэхэмжлэхгүй болно...” /хх158/ гэх хүсэлт хэрэгт авагдсан ба шүүх хуралдаанд яллагдагчийн өмгөөлөгч А.Сэлэнгэ “...****-с “Д нь манай байгууллагад ямар нэгэн өр төлбөргүй, өөрийн нэр дээр **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг шилжүүлэн авсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд болон иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар оролцохгүй. ...” гэдгээ илэрхийлсэн ” гэх нотлох баримт гарган өгсөн боловч давж заалдах шатны шүүх хүлээн аваагүй гэж тайлбар өгч оролцсон ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй...” гэж давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг тодорхой зохицуулсны дагуу тухайн нотлох баримтыг хүлээн авч хэлэлцэх боломжгүй тул хүлээн авахаас татгалзаж, тус баримтыг анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн судалбал зохилтой гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.
Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор Б.Одонтуяагийн бичсэн 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 35 дугаар эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 1965 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын бичсэн 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 35 дугаар эсэргүүцлийг хүлээн авсугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ