Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 425

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,

нарийн бичгийн дарга Х.Лхагвахүү,

улсын яллагч Х.Анхцэцэг,

шүүгдэгч Э.Э-, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 0938/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Э-ад холбогдох эрүүгийн 00000000000000 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Э.Э- Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дүгээр сарын 0000-ны өдөр Төв аймгийн 000000гт суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “А” ХХК-д туслах ажилтнаар ажилладаг, ам бүл 4, эхнэр, 02-04 насны 2 хүүхдийн хамт амьдардаг, _______ оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, (РД:_________).

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга

Э.Э- нь согтуугаар 2017 оны 12 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ___дугаар хорооны нутаг дэвсгэрт, ________ талбайн хажууд А.Аийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Нэг.Шүүгдэгч Э.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйл байхгүй гэв.

 

Хоёр. Эрүүгийн 0000000000000 дугаартай хэргээс:

 

1.Хохирогч А.Аийн хэрэг бүртгэлтэд 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр мэдүүлсэн “...2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр би гэртээ амарч байгаад 14 цагийн үед найз Бтай гэрт нь уулзсан. Тэр үед Б намайг “пүүзээ өгчихөөч найзаа, Эын гэрийн найранд очих гэсэн юм, чи хамт явахгүй юм уу” гэж хэлсэн. Би “охиноо харж байна амжихгүйнээ, Эад хэлчихээрэй” гээд би пүүзээ Бд өгөөд явсан. Тэгтэл тэр орой 18 өнгөрч байхад Б, түүний эхнэр нар хоёулаа залгасан. Тэр хоёр залгаад гадаа котокдох уу гэсэн. Би тэгье, тэгье гэсэн. Намайг Цамбын цагдаагийн хажууд байж бай, Эын гэрээс одоо гарлаа гэж хэлэхээр нь би гэрээс 18 цаг 40 минутын үед гараад Цамбын Замын цагдаагийн хажууд очсон. Тэгтэл 19 өнгөрч байхад Б, түүний эхнэр, Э, Эрка гэх хүмүүс над дээр машинтай ирсэн. Намайг суучих гэхээр нь би коток орох юм байна гэж бодоод суутал коток оролгүй, “М” гээд караокены гадаа очсон. Караокены гадаа урд явж байсан улаан машинаас У, Э, Эын ээж, Угийн эхнэр, Ж эгч нар бууж ирээд караоке руу орсон. Б “эд нар намайг караоке орчихоод, коток оръё” гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд караоке руу хамт орсон. Бид нар бүгдээрээ 1 өрөөнд орцгоосон. Тэд нар караокед 1 шил 0.75 граммын архи авч ууцгаасан. Намайг архи уух уу гэхээр нь би уугаагүй. Би тамхи татчихаад нойл ороод ирэхэд тэд дахиад 0.75 граммын шил архи авсан байсан. Би тухайн архинаас уугаагүй. Цаг нь дуусаад бид караокенаас 21 цаг өнгөрч байхад гарсан. Тэгтэл караокены үүдэнд текний хажууд Б, У хоёр маргалдаад байсан. Бид нар гартал Б, У хоёр караокены үүдэнд барилцаад авсан. Тэр  хоёрыг Угийн эхнэр Төөгий бид хоёр салгасан. Тэр хоёрыг салгаад юм яриад байж байтал Э бид нар дээр ирээд үгийн зөргүүгүй намайг нүүр, уруул руу цохиод авсан. Тэр үед хажууд Угийн эхнэр Төөгий, Бгийн эхнэр С байсан. Уугаанаа, Б хоёр цаана юм яриад байж байсан. Тэгтэл Төөгий, С хоёр Эыг надаас салгасан. С намайг гэдсээр тэвэрч аваад “миний найз болио” гэж хэлсэн. Би согтуу хүнтэй маргалдахгүй явлаа гэхэд С намайг караокены хашаа хүртэл гаргаж өгсөн. Би алхаж яваад 32-ын талбайн хажууд байрлах хөлбөмбөгийн талбайн хажууд граш өнгөрөөд явж байхад Э араас орилоод хүрээд ирсэн. Би Э руу харчихаад эргээд хартал Э “наадхаа бариад ав” гэж хэлсэн. Тэгтэл грашны үзүүр эргэхэд 2 танихгүй залуу гарч ирээд намайг сугадаад авсан. Би тэр хоёр залуугийн гарыг тавиулах гээд эргээд хартал Э хүрч ирээд миний дух руу гараараа цохисон. Би толгой манараад доошоо суутал Э “наадах чинь их зэвүүн пизда, гэрийн найранд уриад байхад ирдэггүй” гэж хэлсэн. Би доошоо суутал Э миний хамар руу өшиглөх болсон. Би манараад хамраас цус гарч эхэлсэн. Тэгтэл Э намайг газар унагаагаад дээрээс нүүр, хөл рүү цохиод байсан. Э намайг зодож, зодож байгаад цаашаа гүйгээд явсан. Би хэсэг байж байгаад хамгийн эхэнд хамт явж байсан У руу залгаад Э намайг хоёр залуутай нийлээд зодчихоо гэж хэлсэн. Тэгтэл У намайг “чи хаана байгаа юм бэ” гэж хэлэхээр нь би “гүүрэн дээр явж байна” гэж хэлсэн. Би Утай ярьсны дараа ээж Отгонбаттай утсаар ярьсан. Ээж би Эад зодуулчихлаа гэж хэлсэн. Ээж надад “миний хүү гайгүй юу, такси бариад гэртээ хүрээд ир” гэж хэлсэн. Би такси бариад гэртээ харьсан. Намайг гэрт байхад ээж, манай охинтой байсан. Тэгээд ээж бид хоёр гэрээс гараад Эын ээжийнд орсон. Тэгтэл ээж нь гэртээ согтуу унтаж байсан. Ээж бид хоёр гэрээс нь гараад Угийн гэр лүү очоод Утай хамт Эын гэрт очсон. Эын гэрт нь ортол Э унтаж байсан Тэгэхээр нь би ээжийн хамт цагдаа дээр очсон. Бид хоёр бие биенээ 4-5 жилийн өмнөөс танина. Бид хоёр өмнө нь маргалдаж, муудалцаж, зодолдож байгаагүй, эд хөрөнгийн болон өш хонзонгийн маргаан байхгүй.

Би караокед байхад Эад найз нь хүүхдээ хараад очиж чадсангүй гэхэд зүгээр зүгээр гээд байсан. Бид хоёр маргалдаж муудалцаагүй. Би тухайн өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Э намайг цохихоор нь би түлхсэн. Би түүнийг цохиж зодоогүй. Би тэр хоёр залуугийн царайг санахгүй байна. Харвал танихгүй. Нэг залуу нь улаан бэлтгэлийн өмдтэй байсан, нөгөө залуу нь өндөр биетэй залуу байсан. Бусад зүйлийг санахгүй байна. 1 залуу нь намайг татаад унагаах шиг болсон. Өндөр биетэй залуу нь намайг унагаасан. Яах аргагүй намайг хоёр залуугаар миний гарыг бариулж байгаад зодсон. Тэр орой би гэрт нь очоод хамт зодсон хоёр залуугаа заагаад өгөөч гэхэд урдаас уучлаарай гээд байсан. Надад нөгөө хоёр залуугаа зааж өгөөгүй. Караокены гадаа байхад Э.Э- ирээд намайг зуураад байхаар нь цааш түлхсэн. Тэр үед Э газар унасан. Надад эмчилгээний зардал нийт 153,000 төгрөгийн хохирол учирсан. Гэхдээ цаашид хамраа дахин эмчлүүлнэ. Гомдолтой байна. ...” гэх мэдүүлэг [1],

 

-Хохирогч А.Аийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр дахин мэдүүлсэн “...Э намайг зодож миний биед хохирол учруулсан эмчилгээний зардал нийт 153,000 төгрөг болсон, тэр зардлыг Э надад бэлнээр авчирч өгсөн. Одоо надад гомдол санал байхгүй. Би тэр үед нилээн согтуу байсан намайг Э цохих үед хоёр хүн хажууд нь байсан гэж бодсон юм. Дараа нь сайн бодоод байсан чинь Э намайг араас ирээд дуудах үед миний хажуугаар хоёр залуу зөрөөд явж байсан гэдгийг одоо сайн санаж байна. Э араас ирээд намайг цохиход бид хоёрын хажууд ямар нэгэн хүн байгаагүй. Э бид хоёр л байсан. Тэр үед явж байсан хоёр залуу надад ямар нэгэн хохирол учруулж зодож цохисон зүйл байхгүй. Надад учруулсан хохирлыг Э ганцаараа учруулсан. ...” гэх мэдүүлэг [2],

 

2.Гэрч Г.Уын мөрдөн байцаалтад 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр мэдүүлсэн “...2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр найз Эын шинэ гэрийн найр болсон. Тэгээд би эхнэр Т, ах Н нарын хамт найранд очсон. Тэнд бид нар ууж идээд 18 цаг өнгөрч байхад Н, Ж, Э, Б, С, Э, Төөгий бид нар караоке орохоор гарсан. Бид хоёр машинд хуваагдаж суусан. Тэгээд замд Улаанаа буюу А явж байхаар нь бид нар хамт караоке руу авч явсан. Гэхдээ манай хэдээс А рүү ярьсан юм шиг байна лээ. Бид “М” нэртэй караокед орсон, 2 шил архи захиалан уусан. ...Би нэг сэргэхэд гадаа замын хажууд найз Бтай зогсч байсан. Би эргээд хартал А, Э хоёр зодолдож байсан. Тэгээд Б бид тэр хоёрыг салгасан. Аийг Б авч явсан, би Эыг болиулаад явуулсан. Э нь Аийн араас гүйгээд явсан. Тэр үед өөдөөс Б ирж байсан. Б ирээд А явсан гэж хэлсэн. Тэгээд бид нар тараад явсан. Тэгээд харих гээд замдаа явж байтал А 0000000 дугаараас залгаад “Э намайг зодчихлоо” гэж хэлсэн. Би хаана байна гэтэл 32-ын ард байдаг 34-н гүүрэн дээр байна гэхээр нь би яваад очтол байхгүй байсан. Би дахиад А рүү залгахад гэртээ харьж байна гэсэн. Тэгээд би гэртээ хариад амарч байтал шөнө 03 цагийн үед Аийн ээж нь хамт ирээд Эын гэрийг зааж өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би зааж өгөөд Эын гэрт хамт очсон. Эын гэрт Аийн ээж тэд нар уулзаад цагдаа руу ирсэн. ...Намайг харахад л тэр хоёр зууралдаад заамдалцсан байдалтай байхаар нь Б бид хоёр тэр хоёрыг салгасан. ...” гэх мэдүүлэг [3],

 

3.Гэрч Б.Жы мөрдөн байцаалтад 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр мэдүүлсэн “...2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр манай хамаатны дүү Э шинэ гэрийн найртай гээд урьсан. Би нөхөр Ндорж, С, Уын эхнэр Т, Балт бид 15 цаг өнгөрч байхад очсон. Бид тэднийд 2 шил архи, 1 вино уусан. Бид 18 цаг өнгөрөөд караоке оръё гээд Д эгч, Э, Ндорж, Ж, С, Балт, Т, А бид нар орсон. А зам дээр зогсч байхаар нь бид такситай явж байгаад хамт хүрээд ирсэн. Бид “М” нэртэй караокед орж, 2 шил архи уусан. ...Тухайн үед караокед байхад Э, А нар маргалдан муудалцсан зүйл болоогүй. Э нилээн согтуу байсан. А согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсныг мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг [4],

 

4. Гэрч А.Сгийн мөрдөн байцаалтад 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр мэдүүлсэн “...2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр манай хамаатны залуу Э шинэ гэрийн найртай гээд урьсан. 15 цаг өнгөрч байхад Балт, Т, Ндорж, Ж, У бид очсон. ...би тэдний гэрт архи уугаад тасарсан. Нэг сэрэхэд би шөнө 03 цагийн үед ...А ээж, ахтайгаа манайд орж ирээд Эын гэр нь хаана вэ гээд асууж орж ирсэн. ...Э.Э-, А.А нар маргалдан муудалцсан зүйл болсныг мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг [5],

 

5.Гэрч А.Ндоржийн мөрдөн байцаалтад 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр мэдүүлсэн “...2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр манай хамаатны дүү Э шинэ гэрийн найртай гээд урьсан. Би эхнэр Ж, С, Уын эхнэр Т, Балт бид 15 цаг өнгөрч байхад очсон. ...Би Эынд архи уугаад тасарсан. А.А, Э.Э- нар нь караокены гадаа зодолдсонг мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг [6],

 

6.Гэрч Ц.Тгийн мөрдөн байцаалтад 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр мэдүүлсэн: “...2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр манай нөхрийн найз Эын шинэ гэрийн найр болоод манай нөхөр бид хоёр уригдсан. Эын гэрт 15 цагийн үед Ж эгч, Н ах, С, Балт бид очсон. Тэдний гэрт ээж нь, Э, хоёр хүүхэд, эхнэр нь байсан. Эын гэрт хоёр шил архи, 1 шил вино уусан. 18 цаг өнгөрч байхад караокед орохоор болсон. “М” нэртэй караокед 2 цаг авсан юм. Араас удалгүй Д эгч, Ж эгч, Н ах, С, Балт, А нар орж ирсэн. Тэгээд бид нар караокед 2 шил архи, пиво авч уусан. ...Караокений гадаа Э.Э-, А.А нар маргалдан муудалцаж зодолдсныг хараагүй болохоор мэдэхгүй байна. Э уухын хувьд уусан, хэр хэмжээний согтолттой байсныг би мэдэхгүй байна. Аийг архи уусан эсэхийг би мэдэхгүй байна. Э.Э-, А.А нар нь ямар холбоотойг би мэдэхгүй байна. Караокед А.А анх орж ирэхэд нүүрэнд нь ямар нэгэн гэмтэл шархгүй зүгээр л сууж байсан. Караокед бид нар дээр танихгүй хоёр залуу нэмэгдэж ирээгүй. ...” гэх мэдүүлэг [7],

 

7. Гэрч А.Дгийн хэрэг бүртгэлтэд 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр мэдүүлсэн “...Манай хүү Э.Э- нь 1991 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Төв аймагт төрсөн. Эхээс гурвуулаа айлын хоёр дахь хүү юм. Дээрээ 1 ахтай, 1 дүүтэй. Бага насаа манай хүү Э.Э- нь хөдөө Төв аймагт байж байгаад 1999 онд Улаанбаатар хотод гэр бүлээрээ орж ирсэн. Тэгээд 2000 онд манай хүү 77 дугаар сургуульд 1 жил суралцаад сургуулиасаа гарсан. Э.Э- нь сургуулиасаа гараад гэртээ л байсан. Манай хүү нарийн боовны цехэд торт хийдэг байгаад сүүлд тавилгын үйлдвэрт зүлгүүрчин хийдэг болсон. Одоо манай хүү ажилгүй байгаа. 2012 онд манай хүү эхнэр Отэй суугаад 2013 онд охин гарсан. Дараа нь хүүтэй болсон. 2013 оноос хойш Э гэр бүлээрээ Эрдэнэт хотын Хялгантад хадмындаа амьдарч байгаад 2017 оны намар 10 сард гэр бүлээрээ хотод орж ирсэн. Одоо эхнэр, хүүхдүүдийн хамт ахынхаа хашаанд амьдарч байгаа. Манай хүү бага боловсролтой, мэргэжилгүй. Манай хүү томоотой, хүмүүжил сайтай. Хүнтэй муудалцаад байдаггүй. Бусадтай хэрэлдээд ч байдаггүй юм. Ааш зангийн хувьд даруу төлөв зантай юм. Найз нөхөд гээд байхаар хүмүүс байхгүй. 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр манай хүү Э шинэ гэрт орсны цайллага хийсэн. Би тэдний гэрт 14 цагийн үед дүү нар болох Ндорж, У, Ж, С, Б нарын хамт очсон. Бид нарыг очиход гэрт нь Э эхнэр, хоёр хүүхэдтэйгээ байсан. Би нар ууж идэн найрласан. Тэнд байсан бүх хүн л архи уусан, уугаагүй хүн байхгүй. Тэгээд бид нар найрлаж байгаад караоке орохоор болсон. Тэгээд би караокед унтаад өгсөн. Би шөнө гэртээ сэрсэн. Бусад үед нь юу болсныг мэдэхгүй байна. Э.Э-ын гэрийн цайллаганд А.А ирээгүй. А.А караокед байхад л ирсэн байх гэж бодож байна. ...Манай хүү Э ярихдаа Би Аийг ганцаараа зодсон шүү дээ ээжээ, А намайг хоёр залуутай нийлж зодсон гээд худлаа яриад байх юм гэж хэлсэн....” гэх мэдүүлэг [8],

 

8. Э.Э-ын хэрэг бүртгэлтэд яллагдагчаар 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр мэдүүлсэн “...2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо хангайн 68-8 тоотод шинэ гэр бариад хамаатан төрөл садангаа уриад найр хийсэн юм. Тэр өдрийн орой би хамаатны хүмүүстэй нийлээд 2 машинд хуваагдаж суугаад 19 цагийн үед 1 дүгээр хороолол ороод караокед суух гээд явсан. “М” караоке баарны гадаа ирээд тийшээ орох гэсэн чинь миний багийн найз А ар талын машинд суугаад баарны гадаа ирсэн байсан. А манай найз нар, хамаатнуудтай хамт тэр караокед ороод бүгд архи, пиво, захиалаад, дуулсан. Тэндээс 23 цаг өнгөрч байхад гарсан би нилээн согтуу байсан. Баарны үүдэнд А зогсож байсан. Тэр үед би Атэй маргалдсан чинь миний нүүр лүү цохиод авсан, би зөрүүлээд цохих гэсэн чинь зугтаад явсан. Тэгээд би араас нь гүйгээд хөөж байгаад хөл бөмбөгийн талбайн хажууд гүйцэж очоод Аийг цохиод авсан чинь газар унасан. Би дээрээс нь 2-3 удаа өшиглөөд, бас 4-5 удаа гараараа цохисон. Тэгтэл А за болъё хөгшөөн манийгаа уучлаарай гээд босоод ирсэн. Тэгээд би за за тэгвэл манайд очъё гээд бид хоёр хамт зам дагаад алхаад явж байсан чинь А гэнэт буцаад гүйгээд явсан. Би А.Аийг цохиж унагаад газар унасан байхад нь 2-3 удаа өшиглөөд гараараа нүүр лүү нь 4-5 удаа цохиж биед нь гэмтэл учруулсан. Би шүүх эмнэлэгийн дүгнэлттэй танилцсан. Би гэм буруугаа хүлээж байна. Тэр үед А намайг зодож, цохиогүй. Би Аийг цохиж байхдаа хуруугаа гэмтээсэн. Би хохирогч А.Ат эмчилгээний зардлыг нь бүрэн төлж барагдуулсан, баримт нь хэрэгт байгаа. ...” гэх мэдүүлэг [9],

 

9.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 15145 тоот дүгнэлтийн:

Болсон хэргийн товч: 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр зүс таних хүнд зодуулсан гэх.

“...Хэсэг газрын үзлэгт: Духны баруун хэсэгт 3.5x1см, 2.5х1.5см, баруун хажууд 8х6см хүрэн улаан өнгийн зулгаралттай хавдсан, баруун зовхи хавдсан тойроод хөх ягаан цус хуралттай, хамрын нуруунд 4.5х0.5см хүрэн улаан өнгийн зулгаралт, 3x1 см бүдэг ягаан өнгийн цус хуралт, хүзүүний баруун хажууд 3x1.5см, 2х2см, 1х2см хүрэн улаан өнгийн зулгаралт, зүүн чамархайн хуйханд Зхбсм, 6х5см хүрэн ягаан өнгийн цус хуралт, зүүн доод зовхинд 2x1.5см, дотор буланд 2.5x1 см хөх ягаан өнгийн цус хуралт, зүүн хацарт 2х1см, эрүүнд 3.5х0.5см, дээд уруулын зүүн дээр 1х1 см хүрэн улаан өнгийн зулгаралттай, зүүн чихний дэлбээнд 2х1см хөх ягаан өнгийн цус хуралттай, нуруунд 3.5х.5см, 2x1 см, 1x1см хүрэн улаан өнгийн зулгаралт, баруун шилбэний урд дунд хэсэгт 5х1см хүрэн улаан өнгийн зулгаралт, 1.5х0.6см хэмжээтэй шархтай, шарханд чихээс хийгдсэн.

2017 оны 12 дугаар сарын 07-ны medTrauma-н толгойн КТГ-д: ...хамар ясанд цөмөрсөн хугаралтай, баруун хацар хамрын зөөлөн эдэд хавантай гэжээ.

ДҮГНЭЛТ:

1. А.Аийн биед хамар ясны хугарал, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт, цус хуралт, зүүн чихний дэлбээ, хуйх, зүүн доод зовхинд цус хуралт, зүүн хацар, эрүү, дээд уруулын дээр, хүзүү, нуруунд зулгаралт, баруун шилбэнд зулгаралт, шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүг мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. /шинжээч Т.Номинцэцэг/ гэсэн дүгнэлт [10],

 

10. Хохирогч А.Аийн “ДУБ” ХХК-нд толгойн томографикт үзүүлсэн кассын орлогын баримт [11],

 

11. Шүүгдэгч Э.Э-ын иргэний үнэмлэхийн лавлагаа [12], түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас [13], Худалдаа хөгжил, Улаанбаатар хотын банкуудын лавлагаа [14], Э.Э-ын нэр дээр өмчлөлтэй хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа [15], Авто тээврийн үндэсний төвийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Э.Э-ын эзэмшилд 0465 УНС улсын дугаартай “Hyundai Accent” маркийн тээврийн хэрэгсэл бүртгэлтэй тухай лавлагаа [16], “Абрим констракшн” ХХК-ний 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн “Э.Э- нь тус компанид барилгын туслах ажилтнаар ажилладаг ба, сарын 300.000 төгрөгний цалинтай тухай” тодорхойлолт[17], Э.Э-ын хялбаршуулсан журмаар хэрэг шийдвэрлүүлэх тухай хүсэлт [18] зэрэг нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад Э.Э- нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 58 дугаар тогтоолоор шийдвэрлэж, яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар бичсэн саналаа буюу 500 нэгжээр буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр яллагдагчид танилцуулж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.

Гурав. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Э.Э-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

1.Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Э.Э- нь согтуурсан үедээ, 2017 оны 12 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт “М” нэртэй караокены гадна А.Атэй “шинэ гэрийн найранд ирсэнгүй, чи намайг хүндэлсэнгүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар А.Аийг гэр рүүгээ явж байхад  нь араас хөөж очин, тус хорооны хөл бөмбөгийн талбайн хажууд хохирогчийг цохиж газар унаган, дээрээс нь 2-3 удаа өшиглөх, 4-5 удаа гараараа нүүрэнд нь цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт, цус хуралт, зүүн чихний дэлбээ, хуйх, зүүн доод зовхинд цус хуралт, зүүн хацар, эрүү, дээд уруулын дээр, хүзүү, нуруунд зулгаралт, баруун шилбэнд зулгаралт, шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

-Хохирогч А.Аийн хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн “...2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Б намайг пүүзээ өгчихөөч Эын гэрийн найранд очих гэсэн юм, чи хамт явахгүй юм уу гэж хэлэээр нь би охиноо харж байна амжихгүйнээ, Эад хэлчихээрэй гэсэн.  ...орой 18 өнгөрч байхад Б, Бгийн эхнэр хоёулаа залгасан.  ...Б эд нар намайг караоке орчихоод коток оръё гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд караоке руу хамт орсон. тэгтэл...Э бид нар дээр ирээд үгийн зөргүүгүй намайг нүүр, уруул руу цохиод авсан. ...Би согтуу хүнтэй маргалдахгүй явлаа гээд ...алхаж яваад 32-ын талбайн хажууд байрлах хөл бөмбөгийн талбайн хажууд граш өнгөрөөд явж байтал Э араас орилоод хүрээд ирсэн. ...Э ирээд миний нүүрний дух хэсэг рүү гараараа цохисон. Би толгой манараад доошоо суутал Э “наадах чинь их зэвүүн пизда, гэрийн найранд уриад байхад ирдэггүй” гэж хэлсэн. Би доошоо суутал Э миний хамар руу өшиглөх болсон. Би манараад хамраас цус гарч эхэлсэн. Тэгтэл Э намайг газар унагаагаад дээрээс нүүр, хөл рүү цохиод байсан. Э намайг зодож зодож байгаад цаашаа гүйгээд явсан. ...” гэх мэдүүлэг [19],

-Хохирогч А.Аийн хэрэг бүртгэлтэд дахин мэдүүлсэн “...Надад учруулсан хохирлыг Э ганцаараа учруулсан. ...” гэх мэдүүлэг [20],

-Гэрч А.Дгийн хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн: “...2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр манай хүү Э шинэ гэрт орсны цайллага хийсэн. Бид ууж идэн найрласан. ...Э.Э-ын гэрийн цайллаганд А.А ирээгүй. ...Тэрээр манай хүүтэй найзууд. ...Манай хүү Э ярихдаа Би Аийг ганцаараа зодсон шүү дээ ээжээ, ...гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг [21],

-Гэрч Г.Уын мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр найз Эын шинэ гэрийн найр болсон. Тэгээд би эхнэр Т, ах Н нарын хамт шинэ гэрийн найранд очсон. ...18 цаг өнгөрч байхад ...бид караоке орохоор гарч. ...”М” нэртэй караокед орсон,  ...А, Э хоёр зодолдож байсан. Тэгээд Б бид тэр хоёрыг салгасан. ...би Эыг болиулаад явуулсан. Гэтэл Э нь Аийн араас гүйгээд явсан. ...Тэгээд би харих гээд замдаа явж байтал А 0000000 дугаараас залгаад “Э намайг зодчихлоо” гэж хэлсэн. ...Намайг харахад л тэр хоёр зууралдаад заамдалцсан байдалтай байхаар нь Б бид тэр хоёрыг салгасан. ...” гэх мэдүүлэг [22],

-Э.Э-ын хэрэг бүртгэлтэд яллагдагчаар мэдүүлсэн “...2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр би Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо хангайн 68-8 тоотод шинэ гэр бариад хамаатан төрөл садангаа уриад найр хийсэн юм. ...19 цагийн үед 1 дүгээр хороолол ороод караокед суух гээд явсан. “М” караоке баарны гадаа ирээд тийшээ орох гэсэн чинь миний багийн найз А ар талын машинд суугаад баарны гадаа ирсэн байсан. ...тэндээс 23 цаг өнгөрч байхад гарсан, би нилээн согтуу байсан. Баарны үүдэнд А зогсож байсан, тэр үед би Атэй маргалдсан чинь миний нүүр лүү цохиод авсан би зөрүүлээд цохих гэсэн чинь зугтаад явсан. Тэгээд би араас нь гүйгээд хөөж байгаад хөл бөмбөгийн талбайн хажууд гүйцэж очоод Аийг цохиод авсан чинь газар унасан, тэгээд би дээрээс нь 2-3 удаа өшиглөөд бас 4-5 удаа гараараа цохисон. ...Би гэм буруугаа хүлээж байна. ...” гэх мэдүүлэг [23],

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 15145 тоот дүгнэлт  зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй,агуулгын хувьд зөрүүгүй,үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч Э.Э- нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Хууль зүйн дүгнэлт.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас үзвэл тухайн хэрэг үйл явдал болсон өдөр шүүгдэгч Э.Э- нь согтууруулах ундааны зүйлийг ихээр хэрэглэсэн, улмаар согтуурсан үедээ шинэ гэрийн найранд ирсэнгүй гэх үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан өдөөж, улмаар хохирогч А.А нь түүнтэй согтуу байгаа учраас маргахгүй гэж хэлэн гэр рүүгээ салаад явсан байхад түүнийг араас нь хөөж очиж, шууд санаатай үйлдлээр цохиж, зодон хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал хангалттай тогтоогджээ.

Улсын яллагчаас шүүгдэгч Э.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Э.Э- нь хохирогч А.Аийн бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

Тиймээс улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Э.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн тухай.

Хохирогч А.Аийн бие махбодид хөнгөн хохирол учирсан ба хохирогчоос эмчилгээний зардал нь 153.000 төгрөг болсон талаар мэдүүлж, 120.000 төгрөгийн баримтыг хэрэгт ирүүлсэн байх ба шүүгдэгч Э.Э- нь түүнд 120.000  төгрөгийг бэлнээр төлснийг хохирогчоос мэдүүлж, цаашид гомдол саналгүй, эмчилгээний зардал болох 120,000 төгрөгийг авсан, нэхэмжлэх зүйлгүй, бид эвлэрсэн гэх хүсэлтийг 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр [24] хэрэгт ирүүлсэн байна. Иймд шүүгдэгч Э.Э- нь хохирогч А.Ат төлөх төлбөргүй гэж үзэв.

 

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

Прокурорын шатанд Э.Э-ад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шийдвэрлэж, түүнд эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялын саналыг танилцуулаха, Э.Э- нь  зөвшөөрч гарын үсгээ зурсан байна.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Э.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял оногдуулах, мөн шүүгдэгчийн цалин хөлс, орлогын харгалзан 5 сарын хугацаанд хэсэгчлэн торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоох тухай дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшингээс торуулын ялын талаар маргахгүй, мөн 5 сарын хугацаагаар тогтоох саналыг зөвшөөрч байна гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Э-ад эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Э- нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид хохирол, хор уршигийг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зарим хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх талаар заасан ба уг зүйлийн 8 дахь хэсэгт  “шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан.

Иймд шүүгдэгч Э.Э- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын танилцуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар маргаагүй зэргийг, мөн “Абрим констракшн” ХХК-ний 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн “Э.Э- нь тус компанид барилгын туслах ажилтнаар ажилладаг ба, сарын 300.000 төгрөгний цалинтай тухай” тодорхойлолт”[25], бусад орлогыг харгалзан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын шүүхэд ирүүлсэн саналыг харгалзан шүүгдэгч Э.Э-ыг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар, тус ялыг биелүүлэх хугацааг 5 сарын хугацаагаар  тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгч Э.Э-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Э.Э-ын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 9, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгтзаасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Э.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сар буюу 150 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгохыг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг Э.Э-ад мэдэгдсүгэй.

 

4.Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  Э.Э- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч А.Ат төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Э.Э-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Э.Э-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА

 


[1] Хавтаст хэргийн 14-15 дугаар тал.

[2]хавтаст хэргийн 13  дугаар тал.

[3] Хавтаст хэргийн 24-25 дугаар тал.

[4] Хавтаст хэргийн 26 дугаар тал.

[5] Хавтаст хэргийн 27 дугаар тал.

[6] Хавтас хэргийн 28 дугаар тал.

[7] Хавтаст хэргийн 29 дүгээр тал.

[8]хавтаст хэргийн 22-23 дугаар тал.

[9] хавтас хэргийн 46-49 дүгээр тал.

[10] Хавтаст хэргийн 35 дугаар тал.

[11] Хавтаст хэргийн 11 дүгээр тал.

[12]Хавтаст хэргийн 51 дүгээр тал.

[13]Хавтаст хэргийн 70  дугаар тал.

[14]хавтаст хэргийн 62-65 дугаар тал.

[15]хавтаст хэргийн 66 дугаар тал.

[16]хавтаст хэргийн 67-68 дугаар тал.

[17] Хавтаст хэргийн 50 дугаар тал.

[18]Хавтаст хэргийн 85 дугаар тал.

[19] Хавтаст хэргийн 14-15 дугаар тал.

[20]хавтаст хэргийн 13  дугаар тал.

[21]хавтаст хэргийн 22-23 дугаар тал.

[22] Хавтаст хэргийн 24-25 дугаар тал.

[23]хавтас хэргийн 46-49 дүгээр тал.

[24] Хавтаст хэргийн 81 дүгээр тал.

[25] Хавтаст хэргийн 50 дугаар тал.