Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 2024/ДШМ/1109

 

 

 

 

         2024           10            01                                    2024/ДШМ/1109

 

Д.Э , Б.М , Б.Э , Б.А  нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Сэргэлэнбаатар,

шүүгдэгч Д.Э , Б.Э , Б.А  /цахимаар/,

шүүгдэгч Д.Э , Б.М  нарын өмгөөлөгч Б.Адалбек,  

шүүгдэгч Б.А ийн өмгөөлөгч А.Мөнхтулга,

шүүгдэгч Б.Э гийн өмгөөлөгч Д.Наранцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Даваадорж даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/852 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Э , Б.А  нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Д.Э , Б.М , Б.Э , Б.А  нарт холбогдох эрүүгийн 2308 03011 0105 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ариунхишиг илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Д.Э , Б.М , Б.Э , Б.А  нар нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Б.Э гийн эзэмшлийн ****  маркийн тээврийн хэрэгслээр Орхон аймгаас Улаанбаатар хот руу зорчиж байх үедээ С  аймгийн С  сумын нутаг дэвсгэр орчмоос Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй нийт 5.817,1 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, олж авсан, улмаар дээрх бодисоо хог хаягдал хийх зориулалт бүхий 9 ширхэг хар өнгийн гялгар уутанд хуваан хийж, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун турууны шалган нэвтрүүлэх хяналтын пост хүртэл ****  маркийн тээврийн хэрэгсэлд хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Д.Э , Б.М , Б.Э , Б.А  нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э-г бусадтай бүлэглэн “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, олж авсан, хадгалсан” гэмт хэргийг буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, М-г бусадтай бүлэглэн "Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, олж авсан, хадгалсан" гэмт хэргийг буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Э-г бусадтай бүлэглэн "Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, олж авсан, хадгалсан" гэмт хэргийг буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,  А-г бусадтай бүлэглэн "Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, олж авсан, хадгалсан" гэмт хэргийг буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гом буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Э т 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Э д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасны журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.А эд 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.М д 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг зааснаар Д.Э т оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг, Б.Э д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг, Б.А эд оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.М д оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээс бусад тохиолдолд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, тус нутаг дэвсгэрээс гарахыг хориглох үүргийг хүлээлгэж, ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.М  нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ****  тээврийн хэрэгслийн үнэлгээ 4,221,563 /дөрвөн сая хоёр зуун хорин нэгэн мянга таван зуун жаран гурав/ төгрөгийг Д.Э , Б.М , Б.Э , Б.А  нараас хувь тэнцүүлэн тус бүрээс 1,055,390.75 /нэг сая тавин таван мянга гурван зуун ерэн төгрөг далан таван мөнгө/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 3, 6 дахь хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хуулийн хучин төгөлдөр болмогц Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон "5,817.1 грамм жинтэй өвс" мэт зүйлийг зохих журмын дагуу устгаж, уг ажиллагаанд прокурор, мэргэжилтнийг оролцуулан тэмдэглэл үйлдэн, устгасан эд мөрийн баримтын жагсаалтыг хэрэгт хавсаргуулахаар тус шүүхэд илрүүлэхийг Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, тэднээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Э , Б.М , Б.Э , Б.А  нар нь энэ тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Д.Э , Б.Э , Б.А  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, тэдэнд энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, эдлэх ялыг 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Э  давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 23 цагийн үед Улаанбаатараас Эрдэнэт хот руу А , Э , М  нарын хамт найз Гантулгын аавын буяны ажил явдалд оролцохоор явсан. Буяны ажилд оролцоод 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 11 цагийн үед Улаанбаатар руу А , Э , М  нарын хамт буцаж явах замдаа хөтөл өнгөрөөд бие засахаар зогсож А , Э  2 хүндрэхээр хол явсан миний хөл хугархай байсан тул машины хажууд бие засаад сууж байсан. А , Э  2 ирээд багажаа нээчих гээд юм хийсэн. Юу хийсэн бэ гэж асуухад өвс гэж хэлсэн тэгээд нээх тоогоогүй яваад 22-ын товчоон дээр цагдаа зогсоогоод машинд шалгалт хийхэд багажаас ууттай өвс гарж ирсэн. Баригдах үед ямар төрлийн өвс гэдгийг мэдээгүй хориотой өвс түүсэн байна гэж саатуулсан. Тэгээд шинжилгээ өгөх үед биеэс хар тамхины төрлийн бодис илрээгүй. 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр орох үед шүүгч Даваадорж хэргийн материалтай танилцаад хэлэлцүүлэг болж байх үед өмгөөлөгч Адалбект шүүгдэгч Э  чинь цагаадах хүн юм биш үү яагаад хэрэг дээр маргахгүй хэргээ хүлээж орж байгаа вэ гэж асуусан өмгөөлөгч Адалбект бид хэдтэй уулз гээд гарж уулзсан өмгөөлөгч гарж ирээд бүгд хэргээ хүлээж байна миний буруу гээд зогсож бай гэсэн бид хэд хууль мэдэхгүй улмаас бүгд хэргээ хүлээж байна гэж шүүхэд оролцсон. Миний бие хийгээгүй хэрэгтэй ял эдэлж байгаадаа үнэхээр их гомдолтой байна. Миний бие эхнэр П, охин Х-н хамт түрээсний байранд амьдардаг эхнэр минь бүтэн өнчин охин минь 4-н настай гэр бүлд минь надаас өөр санаа тавьж, харж хамгаалах хүн байхгүй тул хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж цагаатгаж өгнө үү. ...Миний бие ийм хэрэгт холбогдсондоо маш их харамсаж, гэмшиж байна. Хорих байгууллагад хоригдож өнгөрөөсөн 2 сарын хугацаандаа их зүйлийг ойлголоо. Хүнд эрх чөлөө, эрүүл мэнд, цаг хугацаа ямар үнэ цэнэтэй болохыг ухаарсан. Надад хүсэл тэмүүлэл, зорилго болон хийж бүтээхийг хүссэн зүйлс маш их байна. 1 жилийн хугацааг хоригдож өнгөрөөнө гэдэг надад маш их харамсалтай байна. Энэ хугацаанд хайртай хүмүүс, гэр бүлийнхээ төлөө ажил хөдөлмөр хийж бүтээх боломжоор хангаж, хорих ялыг өөр төрлийн ялаар сольж өгөхийг хичээнгүйлэн гуйж байна. ...” гэв.

Шүүгдэгч Б.А  давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Э гийн эзэмшлийн ****  маркийн тээврийн хэрэгслээр Орхон аймгаас Улаанбаатар хот руу зорчиж байх үедээ С  аймгийн С  сумын нутаг дэвсгэр орчимд түр зогсолт хийх үед уг газарт мансууруулах төрлийн ургамал байж болзошгүй ургамал их хэмжээгээр ургасан байсныг сонирхлын журмаар түүж машиндаа тээвэрлэсэн байдалтайгаар баруун турууны пост нь дээр цагдаа саатуулж бидэнд тайлбарласнаар гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдалд орсноо ойлгосон. Би уг үйлдэлдээ гэмшиж, харамсаж байгаа бөгөөд гэм буруугийн тал дээр маргалдаагүй төдийгүй мөрдөн байцаагч дуудсан цаг бүрийд очиж шаардлагатай мэдээ, мэдүүлгийг өгч, нэмэлт тайлбар баримтыг саадгүйгээр гарган өгч байсан. Энэхүү мөрдөн шалгах явцад Хар тамхитай тэмцэх хэлтсийн мөрдөн байцаагч Мөнхжин 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр утасдаж, маргааш өглөө 9 цагт бэлэн бай гэсний дагуу Дархан-Уул аймагт ажлаар явж байсан учир буцахаар шийдвэрлэж 2024 оны 03 дугаар сарын 28-ны үүрээр хөдөлсөн. Улмаар 8 цагийн үед Төв аймгийн Баянчандмань сумын орчимд “ноцтой авто тээврийн осолд” өртөж Баянчандмань сумын эмнэлэгт баруун гуяны том булчин тасарч, гуяны мах ясны хэсгээс салсан, зүүн хөлийн өвдөгний үе хүнд гэмтсэн байдалтайгаар ухаан орж, Улаанбаатар хот руу түргэний тэргээр Гэмтэл согог судлалын төвд хүргэгдэж сар гаруй хугацаанд хэвтэж эмчлүүлсэн үүнээс хойш байнгын хөндүүр зовуурьтай, суугаа байдалтай, толгой дүүрч өвдөх зовуурьтай, шээс тасалдах бөөр өвдөх, хоол боловсруулах эрхтэн тогтолцоо муудсан, сахрын хэмжээ нэмэгдсэн, хавагналт гэх шинж тэмдгүүд шинээр илэрсэн. Хөдөлмөр эрхлэх чадамжгүй байдалтайгаар шүүх хуралд оролцсон. 2024 оны 7 дугаар сарын 22-оос эхлэн 461-р ангид хоригдсоноос хойш байнгын эмчийн хяналтад байж дээрх зовиурууд арилаагүй хөдөлгөөн бүхэн хязгаарлагдсан, байнгын суугаа байдалтай, толгой дүүрч өвдөх, хоол боловсруулах эрхтэн тогтолцоо муудсан бөөр өвдөх, нуруу өвдөх, хөлийн шарх таталдаж зовуурилах гэх шинээр илэрсэн шинж тэмдгүүд хэвээр хэцүү нөхцөлд байсаар байгаа тул яаралтайгаар 3.4 дүгээр шатлалын эмнэлэгт оношлуулж, эмчлүүлэх шаардлага үүсээд байна. А  би хуулийн дагуу шийдвэрлэсэн хэргийн үйл баримттай маргалдаагүй бөгөөд гэм буруугаа хүлээж зөвшөөрч, харамсаж гэмшиж байна. Харин миний биед авто ослын улмаас үүссэн хүнд гэмтэл, авсан шарх бүрэн эдгээгүй байдал, шинээр бий болсон өвчин зовуурь зэргийг харгалзан үзэж миний энэхүү хувийн байдлыг ойлгож, биеэр эдлэх 1 жил 2 сарын ялыг биеэр эдлэхээс өөр төрлийн ялаар сольж биеэ эмчлүүлж, эрүүл мэнддээ анхаарах боломжийг олгож, оногдуулсан ялыг өөрчилж өгнө үү хэмээн чин сэтгэлээсээ хүсэж байна. ...Миний бие хоригдож байх хугацаандаа эрх чөлөө ямар үнэ цэнэтэй, буруу зүйл хийж, хууль зөрчвөл ямар үр дагаварт хүрэхийг маш сайн ойлгосон. Чин сэтгэлээсээ ойлгож, сэрэмжилж, сайн С  амьдрал руу тэмүүлж амьдрахыг хичээх болно. Давж заалдах гомдолд дурдсан нэмж хэлэх зүйл нь шинээр илэрсэн шинж тэмдгүүд байгаа. Идээт үрэвсэл гарах, цэврүү үүсэж, шарх тойрч бадайрах, хааяа шөрмөс татах гэх зэрэг хэцүү нөхцөлд байдалд байна. 3, 4 дүгээр шатлалын эмнэлэгт хандаж нарын мэргэжлийн эмчээр эмчлүүлэх хүсэлтэй байх тул миний гомдлыг хүлээн авч, эрүүл мэнддээ анхаарах боломжийг хангаж, биеэр эдлүүлэх ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.Э  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой маргасан зүйлгүй. Би 07 дугаар сарын 22-ны өдрөөс хойш цагдан хоригдож байгаа бөгөөд энэ хугацаандаа гэм буруугаа маш их ойлгож, ухаарсан. Давж заалдах шатны шүүх хэрэв боломжтой гэж үзвэл анхан шатны шүүхээс надад оногдуулсан хорих ялыг өөрчилж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж, нийгэмд байх боломжоор хангаж өгөхийг хүсэж байна. ...” гэв.

Шүүгдэгч Б.Э гийн өмгөөлөгч Д.Наранцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Э гийн хувьд анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээсэн тухай баримт үйлдэж, эрүүгийн хариуцлага хүлээсэн. Яллах дүгнэлтэд шүүгдэгч нарыг үйлдлээрээ санаатай нэгдсэн гэж буруутгасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан. Бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан гэсэн үйлдлүүдийн яг алинаар нь шийтгэгдэхийг хүлээн зөвшөөрсөн гэдэг нь тодорхой бус байна. Тиймээс өмгөөлөгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дутуу явагдсан байж магадгүй гэж үзэж байна. Б.Э тэй цагдан хорих байранд хэд хэдэн удаа уулзаж асуухад “Анхан шатны шүүх хуралдаанд ямар байр суурьтай байгаагаа илэрхийлээгүй учир давж заалдах шүүх хуралдаанд хэлье” гэсэн. Гэвч энэ шүүх хуралдаанд тэр талаараа хэлсэнгүй,  ярьсан зүйл нь тусгагдсангүй. Б.Э  анхан шатны шүүхийн шатанд хэргээ хурдан шийдвэрлүүлэх байр суурьтай оролцсон тул гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэсэн. Шүүх хуралдаан эхэлсний дараа Б.Э  өмгөөлөгч Б.Адалбектэй уулзахад “Хэргээ хурдан шийдвэрлүүлэх байр суурьтай байгаа бол гэм буруугаа хүлээн зөвшөөрчих” гэсэн зүйл ярьсан. Тэгээд гэм буруугаа хүлээтэл шүүхээс 1 жилийн хорих ял оногдуулсанд харамсаж, хийгээгүй гэдгээ илэрхийлж давж заалдах гомдол гаргасан. Анхан шатны шүүх яллах дүгнэлтийн хүрээнд Б.Э г өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан гэж үзсэн ч хэрэгт түүнийг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан гэх нөхцөл байдал тогтоогоогүй байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаалгах саналтай байна. ...” гэв.

Шүүгдэгч Б.А ийн өмгөөлөгч А.Мөнхтулга давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах шатны шүүхээс гэрээ байгуулан оролцож байна. Б.А  нь 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр авто осолд орж хүндэвтэр гэмтэл авсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Биеийн зовуурийн хувьд 1 сар эмнэлэгт хэвтэн мэс засал хийлгэж эмчлүүлсэн, хорих байгууллагад чанартай эмчлүүлэх боломжгүй тул эмчилгээ тасалдсан байгааг харгалзан үзэхийг хүсэж байна. Б.А ийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, урьд нь хэрэг үйлдэж байгаагүйг тогтоосон шалгах хуудас, Т -д тогоочоор ажиллаж, цалин авч байсан, тус байгууллагын захирлуудын өгсөн “Ажилдаа сайн ханддаг, хийх ажлаа сайн хийдэг” гэсэн мэдүүлгүүд зэрэг баримтуудаар түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжтой. Мөн гэм буруугийн талаар маргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн нийт 4 удаагийн мэдүүлэгтээ хэргээ хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэх боломжтой гэж үзэж байх тул хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.Э , Б.М  нарын өмгөөлөгч Б.Адалбек давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.Э  давж заалдах гомдолдоо “тухайн хэрэгт өмгөөлөгч Б.Адалбек гэм буруугаа хүлээн зөвшөөр гэсэн учраас ял авсан” гэсэнд маш их харамсаж байна. Шүүгдэгч нар надтай гэрээ байгуулахдаа “Гэм буруугийн талаар маргахгүй, 2 жил орчим шалгасан тул хэргийг хурдан шийдвэрлүүлмээр байна”, “Ямар байр суурьтай оролцох вэ” гэсэн тул тавуулаа гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, хорихоос өөр төрлийн буюу зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлэх байр суурьтай оролцсон. Гэтэл Б.Э  шүүх хуралдаанд “Хэрэг үйлдээгүй”, “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна”, “Би яагаад ийм хэрэгт холбогдсоноо мэдэхгүй байна” гэх зэргээр тогтворгүй мэдүүлгүүд өгч, өөр байр суурийг илэрхийлсэн. Давж заалдах гомдолдоо ар гэрийн байдлыг харгалзан үзнэ үү хэмээн дурдсан байна. Миний хувьд өөрийн өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байсан үйлчлүүлэгч Б.Э , Б.А  нарын эсрэг тайлбар хиймээргүй байгаа ч тайлбартаа миний нэрийг хэд хэдэн удаа дурдсан учраас ийм тайлбар өгье. Шүүгдэгч Б.М гийн хувьд бага насны хүүхэдтэй, тухайн үед автомашинд сууж байсан тул үйлдлээ хүлээн зөвшөөрч, маргаагүй. Шүүгдэгч Д.Э ын хувьд эцгийнхээ хамт амьдардаг. Иймд хувийн байдлуудыг нь харгалзан Б.Э , Б.А , Д.Э  нарт хорихоос өөр төрлийн ял шийтгэх бүрэн боломжтой гэж харж байна. ...” гэв.

Прокурор Ц.Сэргэлэнбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өмгөөлөгч Д.Наранцэцэгээс мөрдөн шалгах ажиллагаа хангалттай хийгдээгүй, дутуу гэж байгаа ч ямар мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн талаар тодорхой ярьсангүй. Тийм учраас шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой байсан гэж үзэж байна. Шүүгдэгч нар нь шүүх хуралдааны шатанд гэм буруугаа хүлээсэн зөвшөөрсөн  Шүүгдэгч Б.Э гийн үйлдэл хэрэгт авагдсан бусад яллагдагч нарын мэдүүлэг,шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг гэм буруугүйд тооцох үндэслэлгүй. Яллагдагч нарын мэдүүлэгт дурдсанаар Орхон аймгаас ирж байх замдаа бие засах гэж зогссон, мөн Д.Э  тухайн өвс байгаа газрыг олж мэдсэн учраас буцаж очоод дөрвүүлээ нийлж түүхээр ярилцаж тохирч, хогийн уут авч түүсэн гэх нөхцөл байдал тогтоогдсон тул хэргийг нэгтгэн зүйлчилж, гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлсэн. Б.А ийн хувьд эрүүл мэндийн асуудалтай учраас эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж гээд түүний өмгөөлөгчөөс өөр хэрэгт хохирогчоор тогтоогдож, эмчилгээ хийлгэж байгаа баримтыг гаргаж өгч байна. Хорих байгууллагын холбогдох дүрэм, журамд зааснаар хорих байгууллага нь өөрийн гэсэн нэгдсэн эмнэлэгтэй учраас шүүгдэгч нь тухай бүртээ эмчилгээ авах боломжтой. Мөн Б.А ийн өвчин нь хорих ял оногдуулж болохгүй өвчний жагсаалтад хамаарахгүй тул энэ талаарх гомдлыг хүлээн авах боломжгүй.Тухайн гэмт хэргийн хувьд гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирсон хор уршгийн хэмжээг харгалзан үзэх нь зүйтэй байдаг. Энэ төрлийн гэмт хэргийн тухайд нийгмийн аюулын хэр хэмжээ бусад төрлийн гэмт хэрэгтэй харьцуулахад харьцангуй хүндрүүлэх буюу олон нийтийн, Монгол Улсын хүн амын удмын сангийн аюулгүй байдалд нөлөөлдөг. Тийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Д.Э , Б.М , Б.Э ,  Б.А  нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.Э , Б.А  нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг  шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Д.Э , Б.М , Б.Э , Б.А   нар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Б.Э гийн эзэмшлийн ****  маркийн тээврийн хэрэгслээр Орхон аймгаас Улаанбаатар хот руу зорчиж байх үедээ С  аймгийн С  сумын нутаг дэвсгэр орчмоос Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй нийт 5.817,1 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, олж авсан, улмаар дээрх бодисоо хог хаягдал хийх зориулалт бүхий 9 ширхэг хар өнгийн гялгар уутанд хуваан хийж, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун турууны шалган нэвтрүүлэх хяналтын пост хүртэл ****  маркийн тээврийн хэрэгсэлд хадгалсан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгасан тухай мөрдөгчийн тэмдэглэл /1хх 128-132/, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Н-19Б/18 дугаартай дүгнэлт /1хх 126-127/, Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 1830 дугаартай дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /1хх 116-118/, Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 257 дугаартай дүгнэлт /1хх 109-111/, Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 166 дугаартай дүгнэлт /1хх 105-106/, Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1013 дугаартай дүгнэлт /1хх 101-102/, Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1005 дугаартай дүгнэлт /1хх 97-98/, “Дамно” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Д23-80 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, тээврийн хэрэгслийн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 86-92/, Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 4606 дугаартай дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 75-80/, Экологийн цагдаагийн албаны Эргүүл хяналт, шалгалтын хэлтсийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Азбаярын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр “**** улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Б.Э гийн жолооны үнэмлэх” зэргийг хураан авсан тухай тэмдэглэл /1хх 17-19/, хураан авсан эд зүйл болон эд мөрийн баримтыг хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /1хх 32/, хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Ганпүрэвийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 761 дугаартай “Эд мөрийн баримтад үзлэг хийсэн тухай” тэмдэглэл /1хх 33/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, холбогдох гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 13-16/, Экологийн цагдаагийн албаны Эргүүл хяналт, шалгалтын хэлтсийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Азбаярын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн илтгэх хуудас /1хх 12/, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 19 цаг 19 минутад гэмт хэргийн шинжтэй мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх 11/, Мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгасан тухай мөрдөгчийн тэмдэглэл /1хх 128-132/, 

          гэрч Б.Б-н “...Би 2023 оны 01 дүгээр сарын хавьцаа ****  улсын дугаартай “Тоёота чэзер” маркийн тээврийн хэрэгслийг хүнээс 5.800.000 төгрөгөөр худалдаж авсан. Би уг машиныг авахдаа тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийнхөө нэр дээр зарсан. Тэгээд энэ машиныг унаж байгаад 2023 оны 07 дугаар сард арван жилийн
найз Э д 5.000.000 төгрөгөөр зарсан. Мөнгө төгрөгөө авсан. ...Э  мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис эм хэрэглэдэггүй байсан. Би түүнийг яагаад ийм асуудалд холбогдсоныг мэдэхгүй байна...” /1хх 69/,

          гэрч Г.Г “...Миний төрсөн эцэг 2023 оны 09 дүгээр сард нас бараад манай найзууд буяны ажилд оролцохоор 2023 оны 09 дүгээр сарын 18-ний өдөр ирээд, улмаар 09 дүгээр сарын 20-ны өдөр буцсан. Тэр үед сүүлд уулзсан, дөрвүүлээ цуг ирсэн. Э гийн машинтай ирсэн..." /1хх 71/,

   яллагдагч Д.Э ын “...Э гийн машинд байсан хогны уутыг аваад А  бид хоёр түүгээд Э гийн машинд хийсэн. Улаанбаатар хот орж ирэхэд машин шалган нэвтрүүлдэг пост дээр цагдаа нар зогсоож шалгаад, тухайн түүсэн байсан өвсийг маань илрүүлсэн...” /1хх 146/,

   яллагдагч Б.М гийн “...А , Э  хоёр буцаж ирээд “энд каннабис гэдэг мансууруулах үйлчилгээтэй ургамал ургасан байна” гээд ...цаасанд ороосон тамхи шиг зүйл сороод байхаар нь би сонирхоод сорж үзсэн. Тэгээд хэдүүлээ түүж хэрэглэж үзье гэхээр нь Э  бид хоёр зөвшөөрсөн бөгөөд А , Э  хоёр цаашаа яваад удалгүй буцаж ирээд машины тээшинд түүсэн өвсөө хийсэн...” /1хх 168/,

   яллагдагч Б.А ийн “...Машинаас буугаад Э  бид хоёр жоохон зайтай очиж бие засаж байхад тэр хавиар мансууруулах үйлчилгээтэй “өвс” гэх нэршилтэй ургамал ургасан байхыг хараад түүж хэрэглэхээр ярилцаад буцаж Э гийн машин дээр ирж М  тэр хоёрт хэлээд машинаас нь хогийн уут авч Э  бид хоёр бууж өвс түүсэн. Тэгээд түүсэн өвсөө Э гийн машины тээшинд нь хийгээд хөдөлсөн. Хот руу явах замдаа дахин зогсоод түүсэн өвснөөсөө бид 4 хэрэглэсэн. Улаанбаатар хот руу орох үед тээврийн хэрэгсэл шалган нэвтрүүлэх пост дээр цагдаагийн албан хаагч нар зогсоон шалгаад түүсэн өвсийг маань илрүүлсэн...” /1хх 187-188/,

   яллагдагч Б.Э гийн “...Тухайн үед би хөлөө хугалаад хол явж чадахгүй байсан болохоор машиныхаа хажууд бие зассан. А , Э  хоёр машинаас зайтай явж бие зассан бөгөөд буцаж ирээд“машиныхаа тээшийг нээчих юм хийе” гэхээр нь би юу хийх гэж байгааг асуухад “өвс байгаа юм” гэж хэлсэн. Тэгээд "замдаа явж байгаад дахиж зогсоод Э , А  хоёр тухайн өвснөөсөө цаасанд ороож тамхи хэлбэртэй болгоод сорж хэрэглэсэн. Улмаар Улаанбаатар хот руу орох шалган нэвтрүүлэх хэсгээр орж байхад цагдаагийн алба хаагч нар зогсоож шалгах үед үлдсэн байсан өвс нь илэрсэн. ...Тухайн ургамлыг мансууруулах үйлчилгээтэй ургамал болохыг мэдэж байсан...” /1хх 217/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч нар ямар гэм буруутай болох, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч нар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй нийт 5.817,1 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, олж авсан, улмаар дээрх бодисоо хог хаягдал хийх зориулалт бүхий 9 ширхэг хар өнгийн гялгар уутанд хуваан хийж, тээврийн хэрэгсэлд хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Б.Э  нь “...миний хөл хугархай байсан тул машины хажууд бие засаад сууж байсан. А , Э  2 ирээд багажаа нээчих гээд юм хийсэн. ...цагдаа зогсоогоод машинд шалгалт хийхэд багажаас ууттай өвс гарж ирсэн. ...өвс гэдгийг мэдээгүй хориотой өвс түүсэн байна гэж саатуулсан. ...Миний бие хийгээгүй хэрэгтэй ял эдэлж байгаадаа үнэхээр их гомдолтой байна. Миний бие эхнэр М.Пүрэвцэнд, охин Э.Хатанзаяа хамт түрээсний байранд амьдардаг эхнэр минь бүтэн өнчин охин минь 4-н настай гэр бүлд минь надаас өөр санаа тавьж, харж хамгаалах хүн байхгүй тул ...хорих ялыг өөр төрлийн ялаар сольж өгнө үү. ...” гэсэн,

шүүгдэгч Б.А  нь “...Төв аймгийн Баянчандмань сумын орчимд “ноцтой авто тээврийн осолд” өртөж Баянчандмань сумын эмнэлэгт баруун гуяны том булчин тасарч, гуяны мах ясны хэсгээс салсан, зүүн хөлийн өвдөгний үе хүнд гэмтсэн байдалтайгаар ухаан орж, Улаанбаатар хот руу түргэний тэргээр Гэмтэл согог судлалын төвд хүргэгдэж сар гаруй хугацаанд хэвтэж эмчлүүлсэн үүнээс хойш байнгын хөндүүр зовуурьтай, суугаа байдалтай, толгой дүүрч өвдөх зовуурьтай, шээс тасалдах бөөр өвдөх, хоол боловсруулах эрхтэн тогтолцоо муудсан, сахрын хэмжээ нэмэгдсэн, хавагналт гэх шинж тэмдгүүд шинээр илэрсэн. ...би хуулийн дагуу шийдвэрлэсэн хэргийн үйл баримттай маргалдаагүй бөгөөд гэм буруугаа хүлээж зөвшөөрч, харамсаж гэмшиж байна. Харин миний биеийн байдлыг маань харгалзан үзэж ...хорих ялыг өөрчилж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхийн асуудал юм.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг хэрхэн сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэж хуулийн зорилгыг тодорхойлсон бол мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх”-аар тус тус хуульчилсан байна.

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансууруулах сэтгэцийн өвчин үүсгэдэг нөлөөлөл бүхий бодис юм.

Хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг, тухайн хууль бусаар ашиглахыг хориглосон бодисыг худалдаалж байгаа этгээдүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх байдлаар худалдааг нь өргөжүүлэн тэлдэг зэрэг нийгмийн хор аюулын уршиг ихтэй учраас нийгэмд учирч болох хор аюул, үр дагавраас урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулиар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, хадгалах, бусдад өгсөн, олж авсан, мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг хууль бусаар тариалсан, ургуулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцсон.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Э , Б.М , Б.Э , Б.А  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, тэдгээрийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, түүсэн гэх мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хоёр төрлийн ялаас хорих ялыг сонгохдоо хорих ялын хамгийн доод хэмжээгээр буюу шүүгдэгч Д.Эрдэнэбаярт 1 жил 2 сарын, Б.Э д 1 жилийн, Б.А эд 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг тус тус оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, шүүгдэгч Б.М д 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Э , Б.А  нарын “хорихоос өөр төрлийн ял оногдуулах” талаар гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Д.Э , Б.Э , Б.А  нарт шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 70 /дал/ хоногийг тэдний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/852 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Э , Б.А  нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э , Б.Э , Б.А  нар 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нийт 70 /дал/ хоног цагдан хоригдсоныг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Т.ШИНЭБАЯР

 

                                    ШҮҮГЧ                                              С.БОЛОРТУЯА

 

                                    ШҮҮГЧ                                              Б.АРИУНХИШИГ