Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2026/0408

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т.Э /РД:/

Хариуцагч: Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар нарын хоорондын төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, хариуцагчийн өмгөөлөгч С.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Т.Э нь Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газарт холбогдуулан Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/112 дугаартай тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалтай адил ажил, албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт, цахим баталгаажуулалт хийлгэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Хэрэгт авагдсан баримтууд:

2.1. Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/35 дугаар тушаалаар Залуучууд хөгжлийн төвийн үйл ажиллагааны зохицуулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд Т.Эийг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн томилж,

2.2. Мөн даргын 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/53 дугаар тушаалаар Т.Эийг Залуучуудын хөгжлийн хэлтсийн Зорилтод бүлгийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс, 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/62 дугаартай Т.Эийг шилжүүлэн ажиллуулах тухай тушаалаар Захиргаа, санхүүгийн хэлтсийн Хууль, эрх зүй тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтний албан тушаалд тус тус шилжүүлэн ажиллуулсан байна.

2.3. Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/02 дугаар Төрийн албан хаагчдыг үргэлжлүүлэн ажиллуулах тухай тушаалаар Зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн албан хаагчдыг хавсралт ёсоор үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн, уг хавсралтын 4-д Хууль, эрх зүй, тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн Т.Э, дэс түшмэл, гүйцэтгэх ТЗ-8, үндсэн цалин - 1,399,000, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл - 1%, бусад нэмэгдэл - 40% гэжээ.

2.4. Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 196 дугаар Тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолоор Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Улсын бүртгэлийн газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газрын чиг үүргийг төрийн захиргааны болон харьяа дүүрэг рүү холбогдох байгууллагад шилжүүлэх ажлыг хууль тогтоомжийн хүрээнд хамтран зохион байгуулж, эд хөрөнгө, санхүүгийн төлбөр тооцоог зохих журмын дагуу шийдвэрлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.А, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Э, Соёл, спорт, аялал, жуулчлал, залуучуудын сайд Ч.Н, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Н нарт даалгаж,

2.5. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/112 дугаар тушаалаар...Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрыг татан буулгах ажлыг зохион байгуулах комиссыг хоёрдугаар, ажлын удирдамжийг гуравдугаар хавсралтаар тус тус баталж...шийдвэрлэжээ.

2.6. Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 01/228 дугаар албан бичгээр Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт хандаж ...09 дүгээр сарын төсвийн хуваарьт оруулах санал хүргүүлсэн, уг хавсралт Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын тэтгэмж авах албан хаагчдын жагсаалт-д Т.Э, мөн газрын 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 01/230 дугаар албан бичгээр дахин Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт хандаж ...тус газрын 09 дүгээр сар дээр төсвийн хуваарьт өөрчлөлт оруулах хүсэлт хүргүүлсний дотор Т.Э, олговол зохих тэтгэмж-4,197,000... гэж,

2.7. Мөн Засгийн газрын 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 52 дугаар Засгийн газрын агентлагийн бүтэц, орон тооны талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолоор Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын орон тооны хязгаар-56 байхаар тогтоожээ.

2.8. 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Албан хаагчдад тогтоол танилцуулах тухай хурлын тэмдэглэлд Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Д ...та бүхэн яг эцсийн байдлаар ямар саналтай ирсэн бэ? Яг одоо хэдэн хүн тэтгэмж авч хэдэн албан хаагч шилжин ажиллахаар байна вэ? Жагсаалт байна уу? гэхэд Д.М ...танд өмнө нь өгсөн мэдээлэл болон албан хаагчдын санал байгаа, энэ саналаар манайхан бүгд тэтгэмж авах хүсэлтэй байгаа...Т.Э, М.С гэж тэмдэглэсэн,

2.9. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/164 дүгээр Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын төв, орон нутгийн байгууллагын орон тооны хязгаар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын бүтэц, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн батлах тухай тушаалаар Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын байгууллагын орон тооны дээд хязгаарыг 1844 байхаар шинэчлэн тогтоож, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийг нэгдүгээр, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталж, Баталсан орон тооны дээд хязгаарт багтаан Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дэргэдэх нэгжүүд, аймаг, дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, хэлтсүүдийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн баталж, шаардлагатай албан тушаалын тодорхойлолтыг шинэчлэн боловсруулан, мөрдөн ажиллахыг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт үүрэг болгож шийдвэрлэсэн бөгөөд түүнийг үндэслэн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын байгууллагын бүтэц, ерөнхий газрын болон зарим албан тушаалын нэршил, ангилал, зэрэглэлийг шинэчлэн батлах тухай А/136 дугаар тушаалаар Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын байгууллагын орон тооны хязгаар, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр шинэчлэн батлагдсантай холбогдуулан Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын байгууллагын бүтцийн зураглалыг Нэгдүгээр, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын албан тушаалын нэршил, ангилал, зэрэглэлийг Хоёрдугаар, зарим албан тушаалын нэршил, ангилал, зэрэглэлийг Гуравдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталж тус тус шийдвэрэлсэн.

2.10. Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн сонсох ажиллагааны мэдэгдэл-д ...саналыг бичгээр авах хэлбэрээр явуулж байгаа тул 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 15:00 цагаас өмнө Төрийн захиргааны удирдлагын газрын даргын 301 тоот өрөөнд ирж уулзах (бичгээр тайлбар өгөх)-ыг мэдэгдье, заасан хугацаанд саналаа бичгээр ирүүлээгүй тохиолдолд захиргааны шийдвэрт таны саналыг заавал тусгах үүрэг хүлээхгүй-г сануулсан, уг баримтанд Т.Э гарын үсэг зураагүй,

2.11. Дээрх мэдэгдлийг бусад албан хаагчдын мэдэгдлийн хамт 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр [email protected] мэйлээс gan-ulzii гэх мэйл хаягт ХГБХХЕГ-аас албан хаагчдын Мэдэгдлийг хүргүүлж байна. Эх хувийг нь шуудангаар явууллаа гэж НХГБХХГ албан хаагчд гэх 6.94 MB хэмжээтэй PDF файлыг хавсаргасан, 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр u******* мэйл хаягт Өдрийн мэнд 2025 оны 09 дүгээр сарын 10, 15-ны өдрүүдэд Ө.Г даргын g******* албаны цахим шуудангаар хүргүүлсэн мэдэгдэлийг дахин хүргүүлж байна НХГБХХГ албан хаагчд 6.94 MB хэмжээтэй, Ө.Г 406.04 КВ хэмжээтэй 2 PDF файлыг, мөн өдөр НХГБХХГ гэх вайбер группт D гэх нэртэй хаягаас НХГБХХГ албан хаагчдын мэдэгдлүүд 17.pdf 6.94 MB хэмжээтэй файлыг илгээсэн,

2.12. Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хөгжил, хамгааллын албан хаагчидтай утсаар ярьж мэдээлэл хүргэсэн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн тэмдэглэлийн 1-д Т.Э, 99, 51-262210 утаснаас 99 ypyу 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 17:56-д тушаал гарах гэж байна эцсийн байдлаар дахиж лавлаж асууж байна, үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй юу гэж асуухад ажиллахгүй тэтгэмжээ авна гэж хэлэв гэж тэмдэглэсэн,

2.13. Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/112 дугаар Төрийн албанаас чөлөөлөх тухай тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.25 дахь заалт, 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1 дэх заалт, 82 дугаар зүйлийн 82.1.1 дэх заалт, Засгийн газрын 2025 оны 196 дугаар тогтоол, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын А/164 дүгээр тушаалыг тус тус үндэслэн Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрыг татан буулгасантай холбогдуулан чиг үүргийн давхардал үүссэн албан хаагчдын нэрсийг хавсралтаар баталж, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөр дуусгавар болгон төрийн албанаас чөлөөлж, хавсралтаар баталсан албан хаагчдын ээлжийн амралтын холбогдох тооцоог хийж, 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг холбогдох зардлаас гаргахыг Ерөнхий нягтлан бодогч (П.Э*******)-д зөвшөөрч шийдвэрлэсэн ба хавсралтын Нэг удаагийн тэтгэлэг олгох албан хаагчдын нэрсийн жагсаалтын 2-т Т.Э, албан тушаалын нэр -хууль, эрх зүй тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн, зэрэглэл-ТЗ-8, үндсэн цалин-1,399,000, тэтгэлэг олгох мөнгөн дүн-4,197,000 төгрөг гэжээ.

2.14. Нэхэмжлэгчээс нэр бүхий иргэдийн хамт 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Төрийн албаны зөвлөлд хандан гомдол гаргасан, дээрх гомдлын хариуд Төрийн албаны зөвлөлөөс 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 01/2604 дугаар албан бичгээр ...Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/112 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалтыг үндэслэн Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрыг татан буугдсан үндэслэлээр нэр бүхий 15 албан хаагчийг төрийн албанаас чөлөөлж, гурван сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг олгосон...,татан буугдсантай холбоотойгоор тус газрын албан хаагчдыг мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжин ажиллах боломжийг хангах арга хэмжээг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас зохион байгуулсан байна, мөн та бүхний гаргасан хүсэлтийг үндэслэн гурван сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг олгохоор шийдвэрлэж, төрийн албанаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг хангах арга хэмжээг авсан гэж үзэх үндэслэлтэй гэх хариуг өгчээ.

2.15. Мөн нэхэмжлэгчийн Хасбанкны 50******* дансанд 4,204,944.04 төгрөгийг шилжүүлснийг Т.Э 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн SX******* дугаар гүйлгээгээр Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар Төрийн сан 100******* дансанд буцаан шилжүүлсэн байна.

3.1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: ...Засгийн газрын 2025 оны 196 дугаар тогтоолоор манай байгууллага татан буугдаж чиг үүрэг, орон тоо нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт нэмэгдэж шилжсэн. Үүнтэй холбогдуулан Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Б/112 дугаар тушаал гарч, тус тушаалаар намайг төрийн албанаас чөлөөлсөн.

Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлд заасанчлан төрийн жинхэнэ албан хаагч нь нэмэгдэл баталгаа эдлэх ба тус хуулийн 62.1.1-д энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх гэж тодорхой тусгасан. Үүнтэй холбоотойгоор тус хуулийн 62.1.4-д төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох эрхтэй.

Төрийн албаны тухай хуулиар байгууллага татан буугдсан тохиолдолд өөр ажил албан тушаалд томилуулах эрхтэй байна. Энэ эрхийг хангаж ажлын байр санал болгож, хэрэв албан хаагч зөвшөөрөөгүй тохиолдолд тэтгэлэг олгох ёстой байтал урьдчилан мэдэгдэхгүйгээр, сонсгох ажиллагаа хийж саналыг сонсохгүйгээр шууд чөлөөлсөн нь миний хуулиар олгосон эрхийг зөрчиж байна.

Миний бие өөрийн салбартаа үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй байсан ба 2025 оны 08 сард уулзах үеэр Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын шинэчилсэн бүтэц батлагдаагүй, ажлын байрны тодорхойлолт гараагүй байсан. Энэ үед манай байгууллагад ажиллаж байсан хоёр хүн шилжиж ажилласан байдаг. Бусад албан хаагчдын хувьд бүтэц батлагдаад дуусахаар ажиллах боломжтой ажлын байрны тодорхойлолттой танилцаад ямар албан тушаалаар үргэлжлүүлэн ажиллах тухайгаа шийдэхээр тохиролцсон байдаг. Гэтэл бидэнд ажлын байр санал болгохгүйгээр шууд ажлаас чөлөөлсөн. Биднийг чөлөөлсөн шийдвэр гарсны дараа буюу 2025 оны 10 сарын 17-ны өдөр Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын албан ёсны сайтад 15 гаруй ажлын байрыг зарласан байсан.

Уг шийдвэрийн эсэргүүцэн Төрийн албаны зөвлөлд 2025 оны 10 сарын 16-ны өдөр гомдол гаргасан бөгөөд гомдлын хариу 2025 оны 12 сарын 04-ний өдрийн 01/2604 тоот албан бичгээр хариу ирүүлсэн. Уг хариунд Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын Б/112 тоот тушаал нь таны хүсэлтийг бүрэн хангасан, үндэслэлтэй шийдвэр гэж үзсэн.

Энэ мэтчилэн миний хуульд заасан төрийн байгууллагад үргэлжлүүлэн ажиллах эрхийг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байгаа тул Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/112 дугаартай тушаалыг хууль бус болохыг тогтоож, шилжин ажиллах боломжтой албан тушаалд томилж, цалингүй байсан хугацааны цалин хөлсийг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

3.2. Нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...09 дүгээр сарын 04-ний өдөр А/136 дугаар тушаалаар албан тушаалын нэршил, ангилал зэрэглэлийг шинэчлэн баталсан байгаа боловч үүнээс хойш надтай нэг ч удаа холбогдоогүй буюу ажиллах боломжтой гэдгийг хэлээгүй, миний хувьд өөрөө тэтгэмж авах хүсэлт гаргасан зүйл байхгүй. надаас санал аваагүй.

08 дугаар сарын 25-ны өдөр хурал дээр ажлын байр санал болгоно гэж найдаж очсон, би албан тушаалын нэршил батлагдахаар ямар албан тушаалд шилжих боломжтойг харж байгаад шийдвэрээ гаргах хүсэлтэй байна гэж хэлсэн боловч үүнийг хурлын тэмдэглэлд тусгаагүй байна. Ирцийн хуудас болон тогтоолын танилцуулах хуудас байхгүй байгаа нь уг хурлыг албан ёсны хурал байсан гэдгийг үгүйсгэж байна гэж миний хувьд үзэж байна.

Мөн н.Э******* гэх манай мэргэжилтэн уг хуралд огт оролцоогүй байхад түүнийг үг хэлсэн мэтээр тэмдэглэлд тусгасан байсан. Ажиллах эсэхийг тодруулах бэлтгэсэн ямар ч зүйл байхгүй, яг ямар албан тушаал дээр яаж ажиллах талаар огт мэдээлэл өгөөгүй учраас тухайн байгууллагын албан тушаалын нэршил, ангилал зэрэглэл нь албан ёсоор батлагдсан тохиолдолд дахин уулзалт зарлана гэж ойлгоод тухайн өдөр явсан. Мэдэгдлийг 09 дүгээр сарын 15-ны өдрийн огноотой 09 дүгээр сарын 16-ны 15 цагт хариу ирүүлэхээр заасан байсан бөгөөд хугацаа нь дуусгавар болсон мэдэгдэл байсан учраас бид ямар нэгэн хариу өгч чадаагүй. Мөн тухайн мэдэгдэх хуудас манайд 10 дугаар сарын 06-ны өдөр баталгаат шуудангаар ирсэн. Гэтэл 09 дүгээр сарын 30-ны өдрөөр биднийг чөлөөлөх тушаалыг гаргачихсан байсан учраас уг мэдэгдэх хуудсыг 6-7 хоногийн хойно ирүүлснийг ойлгоогүй.

12 дугаар сарын 31-ний өдөр ажилгүйдлийн тэтгэмж миний дансанд орж ирсэн ба би ажилд томилогдох хүсэлтэй байсан учраас тэр даруйд нь буцаагаад шилжүүлсэн.

Миний хувьд шилжин ажиллахаас нэг ч удаа татгалзаагүй. Хурлын үеэр хүртэл би яг ямар албан тушаал дээр очихоо мэдчихээд хариугаа хэлмээр байна гэсэн байхад санаатай, эсхүл болгоомжгүйгээр хурлын тэмдэглэлээс хассан байсан... гэв.

4.1. Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын Хууль, эрх зүй тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн асан Т.Э нь нэхэмжлэлдээ бодит байдлаас илтэд зөрүүтэй зүйлсийг дурдсан байна. Үүнд:

1. Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Тогтоолд өөрчлөлт оруулах тухай 196 дугаар тогтоолоор Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрыг татан буулгаж чиг үүргийг төрийн захиргааны байгууллага, дүүрэг дэх холбогдох байгууллага руу шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнээс үүдэн Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын албан хаагчдыг шилжүүлэн ажиллуулахын тулд байгууллагын бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн тогтоох шаардлага үүссэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн бүтэц, орон тооны дээд хязгаарыг Засгийн газрын тогтоолоор баталдаг тул тогтоолоор шинэ бүтэц, орон тооны дээд хязгаар батлагдах хүртэл албан хаагчдыг шилжүүлэн ажиллуулах боломжгүй байсан.

Улмаар Засгийн газрын 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Засгийн газрын агентлагийн бүтэц, орон тооны талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 52 дугаар тогтоолоор агентлагийн орон тооны хязгаар шинэчлэгдэж 56 болсон. Дээрх тогтоолын хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/164 дугаартай тушаалаар Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын бүтэц, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн батлах тухай шийдвэр гарсан.

Үүний дагуу Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/136 дугаар тушаалаар агентлагийн албан тушаалын нэршил, ангилал, зэрэглэл шинэчлэгдсэн. Уг тушаал гарах хүртэл Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын албан хаагчдыг албан тушаалын нэршилд санал өгөх боломжтой талаар дурдаж байсан. Мөн дээрх тушаал гарсны дараа ч өмнө ажиллаж байсан албан тушаалтай адил төсөөтэй чиг үүрэг, албан тушаалын нэршил бүхий ажилд томилогдох боломжийг хангаж ажилласан.

2. Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар Засгийн газрын 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 196 дугаар тогтоолоор татан буугдсанаас хойш удаа дараа шилжин ажиллах хүсэлтэй эсэхийг тодруулахад 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг авах хүсэлтэй байгаа талаараа хэлсэн. Энэ ч Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас 2025.08.19-ний өдрийн 01/228 дугаартай албан бичгээс харагдана.

Дээрх албан бичиг ирсний дараа 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Засгийн газрын 2025 оны 52 дугаар тогтоолыг танилцуулах, албан хаагчид шилжин ажиллах хүсэлтэй эсэх талаар тодруулах зорилгоор Төрийн өмчийн 11-р байрны 301 тоот өрөөнд хурал зохион байгуулсан. Уг хуралд Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын 26 албан хаагч оролцох байснаас ээлжийн амралттай 2, чөлөөтэй 3 албан хаагч ирээгүй бөгөөд нийт 21 албан хаагч оролцсон.

Энэ үеэр албан хаагчид шилжин ажиллах хүсэлтэй эсэх талаар сонсох, шилжих хүсэлтэй албан хаагчдаас анкет, холбогдох мэдээллийг гаргуулж авах ажлыг зохион байгуулж ажилласан.

3.Захиргааны акт гаргахаас өмнө 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын албан хаагчдаас тайлбар, санал авах буюу сонсох ажиллагаа явуулах зорилгоор мэдэгдлийг Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрыг төлөөлөх эрх бүхий этгээд болох Ө.Г рүү цахим шуудангаар явуулахын зэрэгцээ баталгаат шуудангаар захиргааны байгууллагын хаягаарp хүргүүлсэн.

Албан хаагчдын зүгээс ямарваа нэгэн хариу тайлбар, саналыг ирүүлээгүй. Иймээс тодруулах зорилгоор 2025 09.16-ны өдөр Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын албан хаагчидтай Захиргаа, удирдлагын газраас холбогдоход тэтгэлэг авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Улмаар 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас 01/230 дугаартай албан бичгээр тэтгэмж авах албан хаагчдын мэдээллийг өгсөн Мөн 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын Ерөнхий нягтлан бодогч Н.******* сүүлийн байдлаар 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг авах хүсэлтэй албан хаагчдын мэдээллийг гарын үсэг, санхүүгийн тэмдэг дарж баталгаажуулан ирүүлсэн.

Дээрх албан хаагчдын санал сүүлийн байдлаар ирсний дараа манай байгууллагаас холбогдох албан хаагчдыг "Төрийн албанаас чөлөөлөх тухай" 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/112 дугаар тушаалыг гаргасан.

4. Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас ирүүлсэн 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг авах хүсэлтэй албан хаагчдын саналыг үндэслэн 2025 оны 12 дугаар сард 15 албан хаагчид 3 сарын цалин хөлстэй тэнцэх нэг удаагийн тэтгэлгийг олгосон.

5. Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын албан хаагчид шилжин ажиллахаас татгалзаж, нэг удаагийн тэтгэлэг авах хүсэлтээ илэрхийлж Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025.09.30-ны өдрийн Б/112 дугаар тушаал гарснаас хойш буюу 2025.10.17-ны өдөр шилжин, сэлгэн ажиллах талаар холбогдох зарыг оруулсан.

Дээрхээс харвал нэхэмжлэгч нь шилжин ажиллахаас татгалзаж, тэтгэлэг авах тухай хүсэл зоригоо илэрхийлсний дараа буюу тэтгэлэг олгож, ажлаас чөлөөлөх шийдвэр гарсан хойно ажлын байрны сул орон тооны зарыг оруулсан байх тул энэ нь хэрэгт хамааралгүй юм.

Иймд Т.Эээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт холбогдох хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрыг Засгийн газрын 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 196 дугаар тогтоолоор татан буулгасан. 56 дугаар тогтоол гарснаас хойш 08 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын албан хаагчдыг өөрийн байран дээр дуудаж уулзсан. Тус хуралдаанд Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын Д.М дарга нь нийслэлийн албан хаагчдыг үргэлжлүүлэн ажиллах эсэх судалгааг Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын н.Д даргад өгсөн байдаг.

09 дүгээр сарын 03-ны өдрийн А/112 дугаар тушаал гарахын өмнө 08 дугаар сарын 29-ны өдрийн огноотой 08 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын даргын тоон гарын үсгээр нийслэлийн албан хаагчдын үргэлжлүүлэн ажиллахгүй гэсэн судалгааг ирүүлсэн. Энэ судалгаан дээр тухайн байгууллагын Хүний нөөц, захиргаа удирдлагын газрын дарга болон н.Г дарга нар гарын үсэг зурж баталгаажуулаад ирүүлсэн.

Мөн 09 дүгээр сарын 23-ны өдөр албан хаагчдын тэтгэмжийн дэлгэрэнгүй тооцоолол гэдэг албан бичиг ирүүлсэн. Хурлын тэмдэглэлд алдаа гарсан байх бөгөөд тухайн үгийг н.Э******* биш Б.М******* хэлсэн гэдгээ хурлынхаа үеэр өөрөө илэрхийлсэн байдаг. Тухайн мэйл нь 09 дүгээр сарын 15-ны өдөр явсан. 08 дугаар сарын 22-ны өдөр тухайн байгууллагатай холбогдоход албан хаагчид бүгд хамт байгаа учраас нэг бүрчлэн холбогдох шаардлагагүй гэсэн. Энэ нь манайхаас гаргаж өгсөн утасны жагсаалтаас харагдана. Мөн 09 дүгээр сарын 30-ны өдөр Т.Этэй тушаал гарах гэж байна, үргэлжлүүлэн ажиллах эсэх саналаа илэрхийлээрэй гэж биечлэн холбогдсон боловч манайд ямар нэгэн тайлбар өгөөгүй.

...Мэдэгдэх хуудсыг тухайн байгууллагын газрын албаны даргын мэйл хаяг руу явуулсан гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж үнэлээд, дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

2. Нэхэмжлэгчээс шүүхэд хандаж Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/112 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалтай адил ажил, албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт, цахим баталгаажуулалт хийлгэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, улмаар шүүх хуралдааны явцад даалгах шаардлагаа ...Ерөнхий газрын Тогтоол шийдвэрийн биелэлт, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн, Хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, эсхүл Салбарын гэрээ, эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн гэх 3 албан тушаалын аль нэгд нь томилохыг даалгах гэж тодруулсан, эдгээр шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.

3. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэмэгдэл баталгаа эдлэх эрхтэй, мөн хуулийн 62.1.1-ийг хариуцагч зөрчсөн, цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих боломж олгоогүй, тэтгэмж авна гэж хэлээгүй байхад шилжүүлсэн, мэдэгдэх сонсгох ажиллагаа хийлгүйгээр миний эрхийг зөрчсөн гэж тайлбарласныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргав.

4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нь анх Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/35 дугаар тушаалаар Залуучууд хөгжлийн төвийн үйл ажиллагааны зохицуулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилогдсон байх ба тус газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/53 дугаар тушаалаар Залуучуудын хөгжлийн хэлтсийн Зорилтод бүлгийн асуудал хариуцсан мэргэжилтнээр, мөн оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/62 дугаар тушаалаар Захиргаа, санхүүгийн хэлтсийн Хууль, эрх зүй тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтний албан тушаалд шилжин ажилласан байна.

5. Түүнчлэн Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/02 дугаар Төрийн албан хаагчдыг үргэлжлүүлэн ажиллуулах тухай тушаалаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, Засгийн газрын 2022 оны Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах тухай 487 дугаар тогтоол, Засгийн газрын 2023 оны Хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 378 дугаар тогтоол, Засгийн газрын 2024 оны Тогтоолын хавсралт нэмэх, тогтоолын хавсралт өөрчлөн батлах тухай 84 дүгээр тогтоол, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2024 оны Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын бүтэц, орон тооны хязгаар батлах А/90 дүгээр тушаалыг тус тус үндэслэн...зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн гэх үндэслэлээр Г.Эийг тухайн албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулсан,

6. Нэхэмжлэгчийг ийнхүү ажиллаж байх хугацаанд Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 196 дугаар Тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоол гарч Нийслэлийн Засаг даргын дэргэдэх...Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын...газрын чиг үүргийг төрийн захиргааны болон харьяа дүүрэг рүү холбогдох байгууллагад шилжүүлэх ажлыг хууль тогтоомжийн хүрээнд хамтран зохион байгуулж, эд хөрөнгө, санхүүгийн төлбөр тооцоог зохих журмын дагуу шийдвэрлэхийг холбогдох захиргааны байгууллагад даалгасны дагуу Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/112 дугаар тушаалаар...Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрыг татан буулгах ажлыг зохион байгуулах комиссыг хоёрдугаар, ажлын удирдамжийг гуравдугаар хавсралтаар тус тус баталж...шийдвэрлэжээ.

7. Нэг. Нэхэмжлэгчийн гаргасан Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/112 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

8. Засгийн газрын 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 196 дугаар Тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолоор Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 10.1.10, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 17.1.1-д заасныг тус тус үндэслэн...Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар...-ын чиг үүргийг төрийн захиргааны болон харьяа дүүрэг рүү холбогдох байгууллагад шилжүүлэх ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн,

9. Мөн, Засгийн газрын 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Засгийн газрын агентлагийн бүтэц, орон тооны талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 52 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч зарим агентлагийн орон тооны дээд хязгаарыг баталснаар Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын орон тооны дээд хязгаарыг 56 байхаар баталсан,

10. Уг тогтоолуудыг үндэслэн гаргасан, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/164 дүгээр тушаалаар Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын байгууллагын орон тооны дээд хязгаарыг 1844 байхаар шинэчлэн тогтоосны дагуу маргаан бүхий, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/112 дугаар Төрийн албанаас чөлөөлөх тухай тушаалаар...Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5 дах заалт, 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх заалт, 82 дугаар зүйлийн 82.1.1 дэх заалт...ыг үндэслэн нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрыг татан буулгасантай холбогдуулан чиг үүргийн давхардал үүссэн 15 албан хаагчдыг 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөр дуусгавар болгон төрийн албанаас чөлөөлж, тэтгэмж олгохоор шийдвэрлэсний дотор нэхэмжлэгч Т.Э багтсан байна.

11. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө, 46.2.5-д хуульд заасан бусад үндэслэл, 62 дугаар зүйлийн 62.1-д Төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 61.1-д зааснаас гадна дараахь баталгаагаар хангагдана, 62.1.3-т төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах, 62.1.4-т төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох гэж,

12. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно, 80.1.1-т аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн, 82 дугаар зүйлийн 82.1-д Энэ хуулийн 65.4.2, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажилтанд нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй эсэхээс үл хамааран ажил олгогч дараах хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно, 82.1.1-д тухайн аж ахуйн нэгж, байгууллагад зургаан сараас хоёр жил хүртэл ажилласан бол нэг ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх гэж тус тус заажээ.

13. Хэрэгт авагдсан баримтууд болон дээрхи хуулийн зохицуулалтаас үзвэл хариуцагчийн гаргасан 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/112 дугаар Төрийн албанаас чөлөөлөх тухай тушаал нь хууль зүйн үндэслэлтэй, хариуцагч захиргааны байгууллагын эрх хэмжээ, чиг үүрэгт нийцсэн, уг тушаалын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул хүчингүй болгох боломжгүй гэж шүүх дүгнэв. Учир нь:

14. Засгийн газрын 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 52 дугаар тогтоолоор тухайн байгууллагын орон тооны дээд хязгаарыг 56 байхаар тогтоосны дагуу 08 дугаар сарын 25-ны өдөр дээрх тогтоол танилцуулах хурлыг Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт хийсэн, уг хуралдаанд Г.Эийг тэтгэмжээ авах саналтайг танилцуулсан, мөн Албан хаагчидтай утсаар ярьж мэдээлэл хүргэсэн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн тэмдэглэл-ийн 1-д Т.Э, 99, 51-262210 утаснаас 99 ypyу 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 17:56-д тушаал гарах гэж байна эцсийн байдлаар дахиж лавлаж асууж байна, үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй юу гэж асуухад ажиллахгүй тэтгэмжээ авна гэж тэмдэглэгдсэн зэргээс үзэхэд нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан өөр ажил, албан тушаалд шилжин ажиллах эрхээ хэрэгжүүлэх талаар ямар нэгэн тодорхой хүсэлт, санал илэрхийлээгүй, харин эсрэгээрээ тэтгэмж авах сонирхлыг илэрхийлсэн, энэ үндэслэлээр түүнийг төрийн албанаас чөлөөлснийг буруутгах боломжгүй.

15. Түүнчлэн маргаан бүхий тушаалд Төрийн албаны тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.4-т заасан тэтгэмж авах эрхийг тусгасан ба Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байхыг сонгох боломж гэнэ, 42.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ гэж заасны дагуу нэхэмжлэгчид төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэлт баталгааны 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох хэлбэрийг сонгож хэрэглэсэн нь хууль зөрчөөгүй байна.

16. Шүүх энэ тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д заасанчлан захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт хууль зөрчсөн эсэхийг л шалгах үүрэгтэй ба хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хариуцагч захиргаа дээрхи байдлаар зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.

17. Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/112 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

18. Хоёр. Нэхэмжлэлийн Урьд эрхэлж байсан албан тушаалтай адил ажил, албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт, цахим баталгаажуулалт хийлгэхийг хариуцагчид даалгах шаардлагын тухайд:

19. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана, 106.3.4-т захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох гэж заасан.

20. Нэхэмжлэгч нь ...Ерөнхий газрын Тогтоол шийдвэрийн биелэлт, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн, Хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн эсхүл Салбарын гэрээ, эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн гэх 3 албан тушаалын аль нэгд нь томилохыг даалгах гэж тодруулан шаардаж байх боловч түүнийг ажлаас чөлөөлсөн тушаалыг шүүхийн энэ шийдвэрээр хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй.

21. Түүнчлэн, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, 26.2-т Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ гэж, 27 дугаар зүйлийн 27.1-д Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно, 27.2-т Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ, 27.4-т Сонсох ажиллагааг дараах арга хэлбэрээр явуулна, 27.4.2-т саналыг бичгээр авах, 27.4.4-т утсаар санал авах, 27.7-д Сонсох ажиллагааны үед гарсан саналыг захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд заавал тусгах үүрэг хүлээхгүй боловч тусгаагүй шалтгааныг тайлбарлах үүрэгтэй гэж тус тус заасан.

22. Нэхэмжлэгчээс мэдэгдэх, сонсгох ажиллагааг хуульд заасны дагуу хийгээгүй гэж тайлбарлан маргаж байх боловч хариуцагч нь маргаан бүхий тушаалыг гаргахдаа үргэлжлүүлэн ажиллах эсэх талаар тодруулж утсаар санал авсан-д нэхэмжлэгч үргэлжлүүлэн ажиллахгүй, тэтгэмж авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн, энэ тохиолдолд хариуцагчийг дээрхи хуульд заасан ажиллагааг явуулаагүй гэх үзэхгүй.

23. Нөгөө талаар хариуцагчаас мэдэгдэх сонсгох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж тайлбарлан улмаар шүүхэд 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр [email protected] мэйлээс gan-ulzii гэх мэйл хаягт ХГБХХЕГ-аас албан хаагчдын Мэдэгдлийг хүргүүлж байна. эх хувийг нь шуудангаар явууллаа гэж НХГБХХГ албан хаагчид гэх 6.94 MB хэмжээтэй PDF файлыг хавсаргасан, 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр u******* мэйл хаягт ...Ө.Г даргын g******* албаны цахим шуудангаар хүргүүлсэн мэдэгдэлийг дахин хүргүүлж байна, НХГБХХГ албан хаагчд 6.94 MB хэмжээтэй, Ө.Г 406.04 КВ хэмжээтэй 2 PDF файлыг, мөн өдөр НХГБХХГ гэх вайбер группт D гэх хаягнаас НХГБХХГ албан хаагчдын мэдэгдлүүд 17.pdf 6.94 MB хэмжээтэй файлыг тус тус илгээснийг нотлох баримтаар гаргаж ирүүлсэн, эдгээр нотлох баримтыг нэхэмжлэгч үгүйсгээгүй болно.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5, 62 дугаар зүйлийн 62.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Эээс Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газарт холбогдуулан гаргасан Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/112 дугаартай тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалтай адил ажил, албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт, цахим баталгаажуулалт хийлгэхийг хариуцагчид даалгах гэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН