Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 128/2017/0920/З |
Дугаар | 221/МА2018/0158 |
Огноо | 2018-03-05 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 221/МА2018/0158
“Б.Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, Э.Э нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0003 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М-ийн гаргасан давж заалдах гомдлоор, “Б.Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0003 дугаар шийдвэрээр: Авто замын тухай хуулийн /1998 оны/ 9 дүгээр зүйлийн 9.2, 22 дугаар зүйлийн 22.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б.Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/520 дугаар захирамжийн 1 дэх заалтыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М давж заалдах гомдолдоо: “...Засаг дарга 2016 оны А/520 дугаар захирамжийг батлан гаргахдаа Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.1.4 б, 29.1.6 а болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9.4.2, 9.4.3, 20, Авто тээврийн тухай хуулийн 7.1-д заасан Засаг даргад хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд тус захирамжийг батлан гаргасныг анхан шатны шүүх харгалзан үзэлгүйгээр шийдвэрлэсэн. Нийслэлийн Засаг даргын 2016 оны “Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах тухай” А/520 дугаар захирамжийг хэрэгжилтийг хангахад Монгол Улсын стандарт MNS4598:2011 “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”-ын хүрээнд тээвэрлэлт гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн тээврийн хэрэгсэлд хяналт тавьж ажилласан.
Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас Био комбинат, Шувуун фабрик чиглэлийн 22.5 км урттай авто урттай авто замын улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Э. С. П. С. Ж. А” ХХК зураг төслийг хийж “Т-И” ХХК 30.4 тэрбум төгрөгөөр 2012-2014 онд хийж гүйцэтгэсэн бөгөөд Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн тасгийн захиалгаар “Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ дээрх зам Засгийн газрын 2004 оны 74 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтын хоёрдугаар зүйлийн 2.4-д заасан тэмдгийг байрлуулсан батал шүүх харгалзан үзээгүй. Мөн тус шийдвэрийг гаргахдаа тухайн оршин суугч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг хангах зорилгоор гаргасан бөгөөд татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгжийн 30.4 тэрбум төгрөгөөр хийгдсэн авто замын ашиглалт хамгаалалтад хяналт тавьж ажилласан, мөн нэг компанийн эрх ашгийн ард олон зуун иргэдийн эрх ашиг хөндөгдөж байгааг анхан шатны шүүх харгалзан үзэлгүйгээр шийдвэр гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-д заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд “Б.Т” ХХК анх “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/520 дугаар захирамжийн 1 дүгээр заалт нь илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байх бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2017/0776 дугаар шийдвэрээр тус нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.
Үүний дараа “Б.Т” ХХК-аас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/520 дугаар захирамжийн 1 дэх заалтыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч уг нэхэмжлэлийн шаардлагаар захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь буруу байна.
Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана”, 14.4-д “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана”,14.5-д “захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт, ...илт хууль бус болох, ...нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна” тус тус гэж заасан.
Дээр хуулийн зохицуулалтаас үзэхэд илт хууль бус болох “захиргааны акт”-ыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд “шинж”-ээр тодорхойлж, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болохоор заасан байна.
Харин “хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” шаардлагад хөөн хэлэлцэх хугацааг харгалзан үзэхээр байна.
Уг захиргааны хэргийн тухайд нэхэмжлэгч “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/520 дугаар захирамжийн 1 дэх заалтыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” шаардлага гаргасан. Гэтэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байгааг анхаараагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Ийнхүү хуульд тусгайлан заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гаргасан захиргааны акттай маргаж, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”, 54.1.8-д “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” гэж заасныг зөрчжээ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн гэж үзвэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар хугацаа сэргээлгэх хүсэлтээ холбогдох нотлох баримтын хамт захиргааны хэргийн шүүхэд гаргах боломжтойг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0003 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан “Б.Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэгч “Б.Т” ХХК-ийн “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/520 дугаар захирамжийн 1 дэх заалтыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР