Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2016/01461

 

“Мандал женерал даатгал” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2016/0361 дүгээр шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1668 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч “Мандал женерал даатгал” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Капитрон банкинд холбогдох,

“Мандал Женерал даатгал” ХХК болон Капитрон банкны хооронд байгуулсан 2012 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 12/83 тоот Хамтын ажиллагааны ерөнхий гэрээ, Цалингийн зээлийн эрсдлийг даатгах гэрээ, Ипотекийн зээлийн эрсдлийг даатгах гэрээ, Лизингийн болон зээлийн барьцаан дахь тээврийн хэрэгслийг даатгах хэлцэл, 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 12/172 тоот Хамтын ажиллагааны ерөнхий гэрээнд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээг тус тус хүчин төгөлдөр бyc байх хэлцэлд тооцуулах, Капитрон банкнаас 29 278 404 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхчимэг, Э.Энхбаатар, Р.Булган, Г.Отгонжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ялалт, Г.Чинбат, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Мандал Женерал Даатгал” ХХК нь Капитрон банктай 2012 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 12/83 тоот хамтын ажиллагааны ерөнхий гэрээ, уг гэрээний 01 дугаар хавсралтаар цалингийн зээлийн эрсдэлийг даатгах хэлцэл, 02 дугаар хавсралтаар ипотекийн зээлийн эрсдэлийг даатгах хэлцэл, 03 дугаар хавсралтаар лизингийн болон зээлийн барьцаан дахь тээврийн хэрэгслийг даатгах хэлцэл, 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 12/172 тоот Хамтын ажиллагааны ерөнхий гэрээнд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ зэргийг байгуулсан. Талууд дээрх гэрээг байгуулахдаа “хамтын ажиллагааны ерөнхий гэрээ”-г зөвхөн гадаад илэрхийлэл болгон халхавчилж, даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагааг тодруулбал даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа явуулах гэрээг байгуулсан бөгөөд энэ нь гэрээний 2.4-т зааснаар нотлогдож байна.Санхүүгийн зохицуулах хорооноос 2014 оны 7 дугаар сард “Мандал Женерал Даатгал” ХХК-д хийсэн шалгалтын тайлангаар, даатгалын зуучлалын эрх аваагүй Капитрон банкинд даатгалын зуучлалын шимтгэлийг олгосон байна хэмээн дүгнэж, торгууль ногдуулсан. Капитрон банк, “Мандал Женерал даатгал” ХХК-тай даатгалын зуучлалын чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулахдаа даатгалын зуучлалын тусгай зөвшөөрөл аваагүй ба хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно. Харин Капитрон банкны тухайд тусгай зөвшөөрөл шаардсан үйл ажиллагааг зөвшөөрөлгүй эрхлэхийн зэрэгцээ зуучлан борлуулж буй даатгалын гэрээнүүдээ өөртөө ашигтайгаар хийж байсан нь сонирхлын зөрчлийг бий болгосон. “Мандал женерал даатгал” ХХК-ийн өмнөөс даатгалын гэрээ байгуулж, түүнийхээ төлөө хөлс шагнал авч, “Мандал женерал даатгал” ХХК-ийн ашиг сонирхлын төлөө бус өөрийн ашиг сонирхлын төлөө ажиллаж байсан нь даатгалын зуучлагчийн хувьд мэргэжлийн ёс зүйгүй үйлдэл юм. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 11/223 тоот тодорхойлолтоор, 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар “Капитрон банкинд даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгоогүй болно” гэснээр нотлогдсон. Хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна. Капитрон банктай байгуулсан дээрх гэрээ, хэлцэлүүд нь даатгалын тухай хууль, Иргэний хууль, Ердийн даатгалын болон түүнтэй холбоотой үйл ажиллагааг тодорхойлох заавар зэргийг зөрчиж хийсэн, анхнаасаа хийгдэх ёсгүй байсан, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна.Иймд “Мандал Женерал Даатгал” ХХК болон Капитрон банкны хооронд 2012 оны 8 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан 12/83 тоот Хамтын ажиллагааны ерөнхий гэрээ, 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 12/172 тоот Хамтын ажиллагааны ерөнхий гэрээнд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ, Цалингийн зээлийн эрсдэлийг даатгах хэлцэл, Ипотекийн зээлийн эрсдэлийг даатгах хэлцэл, Лизингийн болон зээлийн барьцаан дахь тээврийн хэрэгслийг даатгах хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 56.1.8, 56.1.9-д зааснаар тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Капитрон банкнаас 2 278 404 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандсан. Шүүхэд 5 хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулахын нэг нь цалингийн зээлийн эрсдэл хүчин төгөлдөр бусд тооцох нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээд харшилсан хэлцэл. Цалингийн эрсдэлийг банк өөрөө Мандал женерал даатгалд даатгуулсан гэж тайлбар гаргаж байна. Энэ нь цалингийн зээл даатгалтай гэсэн байдлаар цалингийн зээл олгох журам зөрчиж, зээл олгох нөхцлийг хөнгөн болгож эргэн төлөх магадлал багатай зээл олгож эхэлсэн. Бусад хэлцлүүдийн хувьд хамтын ажиллагаа гэсэн нэр дор даатгалын гэрээ байгуулсан байдаг. Даатгалын үйл ажиллагааг хамтран эрхэлсэн мэт харагдаж байгаа боловч агуулгын хувьд даатгалын гэрээ биш даатгалын зуучлалын гэрээ юм. Зарлал стенд байршуулсаны төлбөр төлсөн гэж тайлбар гаргаж байгаа боловч хамтын ажиллагааны гэрээний дагуу даатгалын зуучлалын ажиллагаа явуулсаны төлбөр хураамж авсан нь тодорхой байдаг.Санхүүгийн зохицуулах хорооноос хийсэн шалгалтаар түрээсийн төлбөр гэх зүйлийн нэр дор даатгалын үйл ажиллагаа явуулсан байна гэж тайланд тусгасан. Түрээсийн төлбөрөөр халхавчилж даатгалын зуучлалын үйл ажиллагаа явуулсан. Зарлал стендыг шүүх хуралдаанд авчирч харуулж байгаа боловч түрээсийн төлбөрт хэдэн төгрөг авч байсан нь тодорхойгүй. Тооцож бодохоор хураамж байгаа, хураамж нь түрээсийн төлбөр мэтээр харагдаж байна. Санхүүгийн зохицуулах хороо зөрчил гэж дүгнэсэн. Зөрчлийг арилгах үүрэгтэй. Зөрчил арилгах үүднээс гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг шүүхэд гаргасан. Мөн гэрээний хугацаа дууссан боловч нөхөн төлбөрийн асуудал яригдахаар гэрээг эргэж харахаас өөр арга байгаагүй. Хамтын ажиллагаа ерөнхий гэрээ нэрээр халхавчилж даатгалын зуучлалын гэрээ байгуулсан учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Цалингийн даатгалын хэлцлийг дуусгавар болгох тухай нэхэмжлэлийг “Мандал женерал даатгал” ХХК шүүхэд гаргаж, давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр болж маргаан дууссан. Тус магадлалд хэд хэдэн зүйлийг дүгнэсэн. Миний үзэж байгаагаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу нэгэнт тогтоогдсон үйл баримт юм.Хамтран ажиллах гэрээг ямар зорилгоор байгуулагдсан талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байдаг. Хамтран ажиллах Ерөнхий гэрээнд шимтгэлийн орлого гэх заалт байсан боловч үүнээс хойш 3 сарын дараа буюу 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулж, шимтгэлийн орлого гэдгийг зарлал, самбар стенд байршуулсны түрээсийн төлбөр гэж өөрчилсөн. 2012 оны 8 дугаар сарын 22-ны  өдрөөс 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл 3 сарын хугацаанд “Мандал женерал даатгал” ХХК-иас шимтгэлийн орлого гэх төлбөр аваагүй.Гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулсан 2 сарын дараа 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр анхны түрээсийн төлбөр гэж гүйлгээ хийгдэж байсан. Эд мөрийн баримтаар зарлал буюу стенд байршуулсан байсан. Манай банкны салбаруудаар зарлал байршуулсаны түрээсийн төлбөр авч байсан юм. Хамтран ажиллах гэрээний 3.1-д даатгал нь банкинд дүрмийн сан, нөөцийн сан байршуулах, орлого цуглуулах, гадаад гуйвуулга хийх зэрэг банкны үйлчилгээг авах нөхцөлтэй, банк нь өөрийн зээл болон зээлийн барьцаа хөрөнгөд учирч болох эрсдэлийг даатгалд шилжүүлэх, банк өөрийн харилцагчийн сайн дурын хүсэл зоригийн дагуу, тэдний саналаар “Мандал женерал даатгал” ХХК-ийн даатгалд хамруулахыг эрмэлзэнэ гэж тохирсон.Банк нэхэмжлэгчийн нэрийн өмнөөс гэрээ байгуулна гэсэн ойлголт байхгүй. Нэхэмжлэгчээс тодорхой гэрээ байгуулах эрх олгосон зүйл байхгүй. Банк нь өөрийн олгосон цалингийн зээлийг даатгуулж, цалингийн зээл муудсан бол банк өөрөө даатгуулагч болдог. Лизингийн болон ипотекийн гэрээний хувьд харилцагчийн хөрөнгийг “Мандал женерал даатгал” ХХК-иар даатгуулдаг ба банк нэг ч харилцагчтай даатгалын байгууллагыг төлөөлж гэрээ байгуулаагүй. Хамтран ажиллах ерөнхий гэрээ нь хамтын ажиллагаа тал руу чиглэсэн. Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан дүрэм, заавар нь даатгалын үйл ажиллагаанд чиглэсэн заавар ба хууль гэж ойлгохгүй. Даатгагч байгууллага Санхүүгийн зохицуулах хорооны баталсан дүрэм мөрдөх ёстой. Харин даатгуулж байгаа банк дүрмийг мөрдөхгүй.Даатгалын зуучлалын үйл ажиллагааны гэрээг халхавчилж хамтран ажиллах ерөнхий гэрээ байгуулсан гэж тайлбар гаргаж байна. Халхавчилж байгаа бол 2 гэрээ байгуулах ёстой ба гэрээг халхавчилсан бол бодит байдал дээр зарлалын самбар, стенд шүүх хуралдааны танхимд баримтаар байх ёсгүй, гэтэл бид баримтаар зарлал самбарыг авчирсаныг харж болно. Нэхэмжлэгч гэрээ байгуулж түрээсийн төлбөр авч байсан. Үйл ажиллагааны үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл нь даатгалын зуучлалын үйл ажиллагаа эрхлээгүй гэдэг олон үндэслэлээр тайлбарласан ба хэд хэдэн баримтаар няцаагдана.Шимтгэл гэдгээр гүйлгээ хийгдсэн эсэх, зарлал байршуулсан эсэх, хамтран ажиллах ерөнхий гэрээний утга агуулгаас даатгалын зуучлалын үйл ажиллагаа харагдахгүй. Нэхэмжлэгчийн цалингийн зээлийн эрсдэлийн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, даатгалын нөхөн төлбөр гаргуулах тухай маргааныг шийдсэн. Санхуүгийн зохицуулах хороо нэхэмжлэгчид 79 тоот акт тавьсанд “Мандал женерал даатгал” ХХК нь уг актад гомдол гаргаж маргаагүй байдаг. Харин Капитрон банк даатгалын үйл ажиллагааг зөвшөөрөлгүйгээр эрхэлж байгаа мэтээр тайлбарлаж байна. Капитрон банк нь Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу үйл ажиллагаа явуулдаг. Цалингийн зээлийн эрсдэл даатгах хэлцэл бол банкинд хамааралтай буюу даатгуулагч нь Капитрон банк бөгөөд Ипотекийн зээл, лизенгийн буюу барьцаат зээл, тээврийн хэрэгслийн даатгал нь банк даатгуулаагүй, иргэн өөрөө даатгуулдаг. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 56.1.8, 56.1.9-д заасныг баримталж нэхэмжлэлээ гаргасан гэж тайлбарлаж байна. Санхүүгийн зохицуулах хорооны заавар зөрчсөн эсэх нь даатгуулагчид хамааралгүй, хууль зөрчсөн хэлцэл биш юм.Нэхэмжлэгч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар тайлбарлаж байгаа, хамтын ажиллагааны ерөнхий гэрээ, нэмэлт гэрээний хуулийн агуулга нь хамтран ажиллах ерөнхий гэрээнээс гадна өөр нэг гэрээ байхыг шаарддаг. Нэг хэлцлийг халхавчлах зорилгоор дахин хэлцэл байгуулахыг хэлдэг. Талуудын хооронд даатгалын зуучлалын хэлцэл байгуулаагүй. Халхавчилсан хэлцэл байсан бол “Мандал женерал даатгал” ХХК халхавчилсан хэлцлийг хэрэгт баримтаар гаргаж өгөх байсан. Зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл нь өөрөө тухайн хэлцэл хийх зөвшөөрөл олгохтой холбоотой. Иргэний хуулийн ерөнхий ангид заасан зохих этгээдийн зөвшөөрөлтэй холбоотой асуудалд хамаарч байна. Зохих этгээдийн зөвшөөрөл гэдэгт Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулаагүй. Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авч хэлцэл хийх нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасанд хамааралгүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д банкыг даатгалын зуучлалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй хэлцэл хийсэн гэж үзэж байгаа бол Иргэний хуулийн 56.1.8-д заасныг тайлбарласан Дээд шүүхийн тайлбар байдаг. Талуудын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээгээр зарлалын самбар буюу стенд байршуулсаны төлбөр авах явдал, даатгалын зуучлалын үйл ажиллагаанд хамаарахгүй. Хэрэгт авагдсан баримтаар Капитрон банк, “Мандал женерал даатгал” ХХК-ийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн баримт байхгүй. Банкнаас зээл авсан зээлдэгч нар нь “Мандал женерал даатгал” ХХК-тай гэрээ байгуулсан.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2016/0361 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 56.1.8, 56.1.9, 56.5 дахь хэсэгт зааснаар “Капитрон банк”-д холбогдох, 2012 оны 8 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан 12/83 тоот хамтын ажиллагааны ерөнхий гэрээ, цалингийн зээлийн эрсдэлийг даатгах хэлцэл, Ипотекийн зээлийн эрсдэлийг даатгах хэлцэл, Лизингийн болон зээлийн барьцаан дахь тээврийн хэрэгслийг даатгах хэлцэл, 2012 оны 11 сарын 19 өдрийн 12/172 тоот “Хамтын ажиллагааны ерөнхий гэрээнд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, 29.278.404 төгрөг гаргуулах тухай “Мандал Женерал даатгал” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 374.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1668 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2016/0361 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Булган, Б.Мөнхчимэг, Г.Отгонжаргал нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа “Мандал Женерал даатгал” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 374 550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 116.2-т заасныг зөрчиж, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлээгүй, нэхэмжлэгчийн хууль ёсоор гаргасан хүсэлтийг хэлэлцээгүй, шүүхийн хэргийн харъяалал зөрчсөн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Даатгалын тухай хууль, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль, Даатгалын багц дүрмийн холбогдох  зохицуулалтыг буюу хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна....Нэхэмжлэгч шаардлагаа тодорхойлдоо Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хийсэн гэсэн бөгөөд энэ нь хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөнийг тодруулбал Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 9 дүгээр зүйл “Тусгай зөвшөөрөлгүйгээр даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглох”, 9.1-д “3охицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр аливаа этгээд Монгол Улсад болон Монгол Улсаас гадаад улсын нутаг дэвсгэрт даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно” гэснийг зөрчиж Капитрон банк нь Зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын нутаг дэвсгэрт даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхэлсэн болох нь тус хорооноос хийсэн газар дээрх шалгалтын тайлан, албан шаардлага, албадлагын арга хэмжээ, шүүх хурал дээр гаргасан гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдоно.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн нь тухайн хэлцлийг хийх хүсэл зориг эрмэлзэлгүй, зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгоор хийгдсэн байхыг шаарддаг бөгөөд талуудын хооронд байгуулсан Хамтран ажиллах ерөнхий гэрээ, өөрчлөлт оруулах гэрээ, хавсралт гэрээнүүд нь даатгалын зуучлалын гэрээг халхавчлах зорилгоор байгуулагдсан болох нь хэрэгт авагдсан хавсралт гэрээний агуулга, хавсралтуудаар нотлогдоно. Мөн энэ халхавчлах гэрээ болох нь гэрээнд өөрчлөлт оруулсан байдлаас илүү тодорхой харагддаг бөгөөд үүнд шүүхүүд дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Нэхэмжлэгчийн зүгээс даатгалын гэрээгээр халхавчлан даатгалын зуучлалын гэрээг байгуулсан гэж үзэж байгаа бөгөөд даатгалын зуучлалын үйл ажиллагаа явуулсны төлөө авах хөлс, шагналаа Капитрон банк нь стенд, зарлалын самбар байршуулсан түрээсийн төлбөр гэдэг үгээр нуун далдаж, зах зээлийн жишгээр нийт даатгалын борлуулалтын 10 хувиар тооцон авч байсан болох нь санхүүгийн баримтууд зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогддог. Хамгийн чухал нь Капитрон банк нь орон нутагт салбаргүй “Мандал женерал даатгал” ХХК-ийн нэрийн өмнөөс тухайн орон нутаг дахь өөрийн салбараар дамжуулж “Мандал женерал даатгал” ХХК-ийн нэрийн өмнөөс даатгуулагч нартай даатгалын гэрээ байгуулах замаар даатгалын зуучлалын үйл ажиллагаа явуулж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаан дээр гаргасан имэйлээр, мөн түүнийг иитгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхчимэгийн утснаас үзлэг хийлгэх гэсэн хүсэлтээр бүрэн дүүрэн дэмжигдэх байсан боловч шүүгч үндэслэлгүйгээр татгалзаж хурлыг үргэлжлүүлж хэргийг шийдвэрлэсэн. Энэ талаар давж заалдах гомдол, шүүх хурал дээрх тайлбартаа тусгасан боловч Давж заалдах шатны шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ үүнийг огт хэрэгсээгүйгээс нэхэмжлэгчийн хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдөөд байна.Ийнхүү нэхэмжлэгчийн хууль ёсны эрхийг зөрчиж гаргасан шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан хуулийн шаардлагад нийцээгүй болно.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар заасан бөгөөд Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “даатгагч” гэж энэ хуулийн дагуу даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан компанийг хэлнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч “Мандал Женерал Даатгал” ХХК нь ердийн даатгал хийх тусгай зөвшөөрөл бүхий тодруулбал 1 жилийн хугацаатай ердийн даатгалын гэрээгээр ердийн даатгалын үйл ажиллагаа явуулах эрх бүхий хуулийн этгээд атал Капитрон банктай байгуулсан дээрх гэрээ, хэлцлүүд нь Даатгалын тухай хууль, Иргэний хууль, “Ердийн даатгалын болон түүнтэй холбоотой үйл ажиллагааг тодорхойлох заавар” зэргийг зөрчиж хийсэн, анхнаасаа хийгдэх ёсгүй байсан.“Мандал Женерал Даатгал” ХХК нь хариуцагчид холбогдуулан “Цалингийн эрсдлийн зээлийг даатгах хэлцэл дуусгавар болсныг тогтоолгох тухай” нэхэмжпэлийг шүүхэд гаргасан бөгөөд тухайн хэргийг шийдвэрлэх үед энэ хэргийн үед яригдсэн нөхцөл байдал, шаардлага, үндэслэл огт яригдаагүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлага нь тэс өөр байгааг шүүх харгалзан үзэлгүй дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Шүүхээс Санхүүгийн зохицуулах хорооны 2014  оны 8 дугаар сарын 20-ны өдрийн шалгалтын тайланг учир дутагдалтай хэмээн дүгнэж улмаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэр, түүнийг хуульд нийцсэн хэмээн дүгнэсэн магадлалаараа Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн шалгалтын тайлан, түүний мөрөөр гаргасан албан шаардлага, хуульд заасан арга хэрэгслээр авч хэрэгжүүлсэн албадлагын арга хэмжээний үйлчлэл түүний үр дагаврыг зогсоож буй үйлдэл нь хэргийг харъяалал зөрчиж, шүүх өөрт олгогдоогүй бүрэн эрхийг эдэлсэн гэж үзэхээр байна.Мөн түүнчлэн шүүхүүд нь Даатгалын тухай хууль, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль, Даатгалын багц дүрмээс Даатгалын зуучлалын үйл ажиллагаатай холбогдох хуулийн бүхий л зохицуулалтыг огт хэрэглэлгүй хэргийг шийдвэрлэж буй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ойлгохгүй, даатгалын зуучлалын үйл ажиллалагааг таньж мэдэхгүйгээр хэргийг шийдвэрлэж байна гэж үзэх буюу хэргийг бүх талаас нь бүрэн бодитоор үнэлэж дүгнэсэн, хуульд нийцсэн шийдвэр гаргаагүй гэж дүгнэхээр байна.Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасныг зөрчсөн гэж үзэж байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                                                    ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааны төрлийг зөв тодорхойлж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд үндэслэлтэй тайлбарлан хэрэглэсэн байна. Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан шаардлагад нийцсэн байх ба хяналтын шатны шүүхээс эдгээр дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч “Мандал женерал даатгал” ХХК нь хариуцагч “Капитрон банк” ХХК-д холбогдуулан 2012 оны 8 дугаар сарын 22-ний өдрийн “Хамтын ажиллагааны ерөнхий” гэрээ, “Цалингийн эрсдлийг даатгах” хэлцэл, “Ипотекийн зээлийн эрсдлийг даатгах” хэлцэл, “Лизингийн болон зээлийн барьцаан дахь тээврийн хэрэгслийг даатгах” хэлцэл, “Хамтын ажиллагааны ерөнхий” гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн гэрээ зэргийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, 29 278 404 төгрөг гаргуулахыг хүсч шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч “Капитрон банк” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж, дээрх гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдлын талаар эрх зүйн дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1., 56.1.3., 56.1.8., 56.1.9.-д заасан үндэслэлүүдийг зөв тайлбарлаж, маргаантай харилцаанд оновчтой хэрэглэсэн байна.

Шүүх Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1.-д заасан даатгалын гэрээний харилцааны агуулга, талуудын эрх, үүргийн талаар зөв дүгнэж, зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний нөхцлийг тухайн харилцаанд хамааруулж үзсэн байна.

Түүнчлэн, шүүх Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1 дүгээр шүүхийн 2015 оны 2250 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 788 дугаар магадлалаар хянан шийдвэрлэгдсэн “Мандал женерал даатгал” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Капитрон банк” ХХК-д холбогдох нэхэмжлэлтэй иргэний хэргийн үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т заасан зарчмын дагуу тайлбарлажээ. Өөрөөр хэлбэл, шүүхийн хүчин төгөлдөр  шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт өөр хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэх нотлох баримтын үнэлгээний зарчим тухайн хэргийн зарим үйл баримтад хамааралтай байна. Хоёр шатны шүүх энэ талаар шийдвэр, магадлалдаа тодорхой тусгасан байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн байх ба хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай асуудлыг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хянан шийдвэрлэснийг хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн гэж үзнэ. “Даатгалын тухай хууль, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль, Даатгалын багц дүрмээс Даатгалын зуучлалын үйл ажиллагаатай холбогдох хуулийн бүхий л зохицуулалтыг огт хэрэглэлгүй хэргийг шийдвэрлэсэн” гэх гомдол үндэслэл муутай байна.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2016/0361 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1668 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 374 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН