Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 4

 

ЮЖд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгч ЮЖ, түүний өмгөөлөгч Н.Болормаа, Д.Дэлгэрцэцэг, орчуулагч Л.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 684 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 995 дугаар магадлалтай, ЮЖд холбогдох 1809008330367 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Болормаа, Д.Дэлгэрцэцэг нарын гаргасан гомдол, прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

БНАСАУ-ын иргэн, 1974 оны 7 дугаар сарын 8-ны өдөр БНАСАУ-ын Пхеньян хотод төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, уламжлалт анагаах ухааны эмч мэргэжилтэй, энэ хэрэгт холбогдох үедээ “Рафа” /Rapha/ эмнэлэгт эмчээр ажиллаж байсан, ял шийтгэлгүй, ЮЖ /YUN JIN/ нь Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч ЮЖийг бусдад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар эрх хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, хохирогч Д.Мгаас гаргасан 6 сая төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, ЮЖд холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Болормаа, Д.Дэлгэрцэцэг нар хамтран гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “... Анхан шатны шүүх шүүгдэгч ЮЖийг хохирогч Д.Мгийн биед зүү тавих эмчилгээ хийсний улмаас биед нь хүнд гэмтэл учруулсан гэм буруутайд тооцсон, харин давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцээд “Эмчийн үйл ажиллагааны улмаас хохирол учирсан тохиолдол бүрийг гэмт хэрэг гэж үзэхгүй тул эмч ЮЖ өвчтөнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хэрхэн зохих ёсоор биелүүлээгүй болохыг эргэлзээгүй тогтоох шаардлагатай” гэсэн дүгнэлт хийсэн. Үүгээр эмч ЮЖ нь эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор биелүүлээгүй” гэж буруутгаж буй үндэслэл тогтоогдоогүй болохыг дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийг үндэслэлгүйгээр буруутгасан, хэргийг 2 жилийн хугацаанд хянан шалгахдаа “уламжлалт анагаах ухааны оношилгоо, эмчилгээний стандарт, удирдамжуудыг зөрчсөн нөхцөл байдлыг хянан шалгаж тогтоож чадаагүй, 6 удаагийн шинжээч нарын дүгнэлтээр эргэлзээгүйгээр гэм буруутай болох нь баттай тогтоогтоогүй, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2, 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдал эргэлзээгүйгээр тогтоогдохгүй байхад гэм буруутай гэж дүгнэж, мөн дахин нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг эс зөвшөөрч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр гомдол гаргаж байна.

1.Уг хэрэгт шинжээчийн 2534, 409, 485, 985, 1203, 681 тоот дүгнэлтүүд гарсан. Үүнээс уламжлалтын эмч нар оролцсон бүрэлдэхүүнтэйгээр гаргасан 985 тоот шинжээчийн дүгнэлтээр /2хх-185/ “2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 409 тоот, 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 845 тоот дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Д.Мгийн биед баруун мөрний үений дээд хэсгийн булчингийн нэвчдэсний хаван хавдар тогтоогдохгүй байна” гэж дүгнэн, зүү тавих стандартын дагуу эмчилгээ хийгдсэн болохыг тогтоосон. Мөн дүгнэлтэд “Эмч ЮЖ нь Д.Мд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага номхон далайн баруун эргийн бүсийн товчооноос гаргасан “Зүү төөнө заслын сүвийн хэмжил зүйн стандарт”-ын дагуу ... нуруу, цээж, тавхай, тохойн дотор тал, шуу, хэвлий сарвуу шилбэний цэгүүдэд зүү тавих эмчилгээ хийсэн байх ба байршил зүйн болон хатгах аргын хувьд зохих журмын дагуу гүйцэтгэсэн байна” гэж, .... мөн Д.Мг уушгины архаг үрэвслийн шинжтэй байдал илэрснийг дүгнэсэн.

2.Шинжээчийн 681 тоот дүгнэлтийг гаргасан 7 шинжээч эмч нар хоорондоо санал зөрсөн учраас тус тусдаа дүгнэлтээ гаргасан байдаг. Шинжээч эмч С.Одончимэг нь “2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 985 тоот дүгнэлтэд: Д.Мгийн биед хийгдсэн эмчтэй санал нэг байна. Д.Мгийн биед хийгдсэн шинжилгээгээр уушгинд полип буюу ургацаг, нэвчдэст өөрчлөлт илэрсэн, гуурсан хоолойн архаг үрэвсэл өвчтэй байсан бөгөөд зүү эмчилгээнээс шалтгаалсан гэх эх үүсвэр тогтоогдохгүй байна. Гуурсан хоолойн архаг үрэвсэл, удаан хугацааны ханиалгын үед хүндрэл байдлаар цээжний хөндийд хий хуралдаж уушиг авчийж болно. Баруун мөрний үений дээд хэсгийн булчингийн нэвчдэс хаван хавдар ямар шалтгаанаар үүссэн эсэхийг тогтоох боломжгүй” гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, шинжээчийн дүгнэлтүүд хоорондоо зөрүүтэй гарсан. Хохирогчийн биений баруун эгэмний хэсэгт зүү эмчилгээ хийгдээгүй, харин “Гранд мед” эмнэлэгт мэс ажилбар хийснээс үлдсэн баруун эгэмний хэсэгт байгаа ул мөрийг шинжээч нар зүү эмчилгээний улмаас үүссэн хэмээн буруу дүгнээд байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Хохирогчийн гэмтэл авсан өдөр буюу 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн Цээжний хөндийн эрхтний тодосгогчтой компьютер томографийн шинжилгээгээр “Баруун уушгины дээд дэлбэн хагас, дээд болон доод дэлбэнгүүд бүрэн шалчийсан. Мөн доод дэлбэнд нэвчдэстэй” /хх49/ гэсэн онош тогтоогдсон. Энэ нь хохирогчийн уушгины доод хэсэгт байсан нэвчдэс нь уушиг авчих болсон гол шалтгаан болохыг тодорхойлсон гэж үзэхээр байна.

3.Хохирогчийн биед мэс ажилбар хийж, гуурс суулгасан мэс заслын эмч Л.Мишигдорж нь шүүх хуралдаанд гэрчээр оролцохдоо “... Д.М нь 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн үдээс хойш Гранд мед эмнэлэг дээр ирж, тусламж үйлчилгээ авсан. Баруун талын уушиг унасан байсан. Баруун талын эгэмний дунд шугамаар 1,2 болон 2,3 дугаар хавирганы завсраар цээжний хөндийд хатгалт хийх стандарттай, хатгалт хийж хийг гадагшлуулах зорилготой. Уушгины суурь эмгэгээс болоод уушиг унадаг. Гэмтлийн гарлаас уушиг өөрөө аяндаа унах нь өндөр хувьтай тохиолддог. Энэ нь төрөлхийн гаралтай буюу байнгын ханиалгаж, нэвчдэс буюу буль хагарахаараа уушиг унадаг, олон жил ханиахад үүснэ. Мөр нь хөхөрч няцарсан зүйл харагдаагүй... Би уламжлалтын эмч биш учраас мэдэхгүй байна... Хэвтэж байх хугацаанд уушиг нь бүрэн эмчлэгдсэн” гэж мэдүүлдэг. /Шүүх хуралдааны тэмдэглэл хх-158, гэрчийн мэдүүлэг хх-29/ Гэрч, хохирогчийн нөхөр Ш.М нь “Одоогоос хоёр жилийн өмнөөс манай эхнэр үе үе хоолой нь сэрвэгнээд хий ханиалгаад байдаг болчихсон юм. Ингээд хэд хэдэн эмнэлэгт үзүүлж шинжилгээ өгсөн боловч ямар шалтгааны улмаас ханиалгаж байгааг тогтоож чадаагүй..., Ингээд 4 удаа зүү тавиулахад манай эхнэрийн хий ханиалга нь багассан байсан” гэж /хх-118/ гэж мэдүүлдэг.

4.Хууль хэрэглээний хувьд “Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тооцохдоо зорчих эрх хязгаарлах ялын дээд хязгаарыг 1 жил хэмээн тогтоож хөөн хэлэлцэх хугацааг 1 жил, 1.2 дахь хэсэгт зорчих эрх хязгаарлах ялын доод хэмжээг 1 жилээс дээш хугацаагаар тооцож хөөн хэлэлцэх хугацааг 5 жил байхаар тогтоосон байдаг. Харин Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэгт зорчих эрх хязгаарлах ялыг зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар оногдуулахаар заасан байна. Өөрөөр хэлбэл ЮЖий холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн ангиллын алинд хамаарагдах нь тодорхойгүй, эргэлзээтэй байна.

5.Прокурорын яллах дүгнэлтээр ЮЖийг гэм буруутай гэж үзсэн үндэслэлийн тухайд: Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.2, 28.4.3 дугаар зүйлд заасны дагуу үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж, зохих ёсоор эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлээгүй гэж буруутгасан үндэслэл нь дээрх хууль болон стандарт, удирдамжийн яг ямар заалтыг хэрхэн яаж зөрчсөн болохыг хөдлөшгүй нотлох баримтаар тогтоосноор энэхүү гэмт хэргийн шинжийг бүрдүүлэх байсан. Гэтэл яг ямар зүйл заалтыг зөрчсөнийг тодорхойлохгүйгээр, хууль, стандартыг зөвхөн нэрлэн зааснаар зөрчсөн гэж яллах дүгнэлт үйлдсэн.

6.Гэм буруугүй байдал нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэж байна. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэг болон Эрүүл мэндийн тухай хуулийн 19.3.1 дэх хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөл бүхий эмнэлэгт эмчилгээ үзүүлсэн. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т олон улсын гэрээг дагаж мөрдөхөөр заасан байна. Иймд 985 тоот шинжээчийн дүгнэлтээр “Дэлхийн эрүүл мэндийн байгууллага номхон далайн баруун эргийн бүсийн товчооноос гаргасан “Зүү төөнө заслын сүвийн хэмжил зүйн стандартын дагуу ВL 43 Gao hwan нуруу, цээж, тавхай тохойн дотор тал, шуу, хэвлий сарвуу шилбэний цэгүүдэд зүү тавих эмчилгээ хийсэн байх ба байршил зүйн болон хатгах аргын хувьд зохих журмын дагуу гүйцэтгэсэн байна” гэж мэргэшсэн эмч нар дүгнэсэн байдаг. Хохирогчийн хувийн байдлын талаар болон ”уушиг авчих” шалтгааны талаар бодит байдлыг тодорхойлсон нотлох баримтууд хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн. Тодруулбал, эмчийн эмчилгээтэй шалтгаант холбоогүй болох нь нотлогдсон байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх хуулийн заалтыг хэрэглэсэнгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн "... гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах” , 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “... хуулийн заалтыг чанд сахина” гэсэн зарчим хэрэгжихгүй байна.

Иймд хохирогчийн биед учирсан гэх хүнд гэмтлийг Д.Мгийн биеийн аль хэсэгт, ямар цэгт тавьсан зүүнээс үүссэн эсэх, зүү цээжний хөндийд нэвтэрсэн эсэх, гялтан хальсыг цоолж, агаар оруулсан эсэх нь тогтоогдохгүй байсаар өдий хүрсэн бөгөөд уушиг авчих, унасан нь эмчийн үйлдлээс болсон нь тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасныг үндэслэн ЮЖд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлээгүйд гомдолтой байна” гэв.

Хяналтын шатны шүүхэд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Амгаланбаатар бичсэн эсэргүүцэлдээ: “...Иргэн Д.М нь 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Рапха эмнэлэгт зүү тавих эмчилгээ хийлгэж байсан бөгөөд тус эмнэлгийн эмч ЮЖ зүү тавих эмчилгээ хийж байхдаа эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас өвчтөн Д.Мгийн биед баруун уушгины авчилт, цээжний хөндийд хий хуралт буюу эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. Тухайлбал хохирогч Д.М нь“ ...2018 оны 1 дүгээр сарын 15-ны өглөө зүүгээ тавиулаад босоод иртэл өөрийн мэдэлгүй ... ёолсон. Тэгээд хувцсаа өмсөх гэсэн чинь болохгүй байхаар нь баруун талын эгэм, мөрний доод талд өвдөөд байна гээд дараад эмчид хэлэхэд эмч доошоо хараад хэвт гээд хэд дарснаа энд булчин зангирсан байна гэж хэлээд хэд нухаад дахин зүү тавьсан. ... зураг авахуултал баруун талын уушги бүрэн унасан байна гэсэн онош гарсан” /1хх-16/ гэж мэдүүлсэн. Түүнчлэн орчуулагчаар ажиллаж байсан гэрч Г.Оюун-Эрдэнэ, Рапха эмнэлгийн захирал Д.Оюунбат нар ч зүү тавьж дууссаны дараа Д.Мгийн цээж хэсгээр өвдөөд байсан гэж мэдүүлсэн байдаг.

Мөн шинжээчийн удаа дараагийн дүгнэлтүүдэд:

“Д.Мгийн биед баруун уушгины авчилт, цээжний хөндийд хий хуралт... зүү тавиулах эмчилгээний улмаас үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь өвчний улмаас үүсээгүй” /хх-149/, “Д.Мгийн биед учирсан баруун уушгины авчилт, цээжний хөндийд хий хуралт гэмтэл нь 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр зүү тавих эмчилгээ хийх үед үүссэн байна. Д.Мгийн 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн цээжний рентген болон КТГ-н зургаар баруун уушиг авчилт, баруун уушгины плеврийн хөндийд хий хуралт тогтоогдсон бөгөөд уушгинд голомтот болон нэвчдэст өөрчлөлтгүй, ямар нэгэн булла /хийт хөндий/ тогтоогдоогүй болно... Д.М нь гуурсан хоолойн архаг үрэвсэл өвчтэй байсан бөгөөд уг өвчний улмаас уушгины авчилт, цээжний хөндийд хий хуралт гэмтэл үүсээгүй болно...” /хх-198/, “Д.Мгийн биед баруун уушгины авчилт, цээжний баруун хөндийд хий хуралт гэмтэл нь 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр зүү тавих эмчилгээний улмаас үүссэн байх боломжтой. Д.М нь гуурсан хоолойн архаг үрэвсэл өвчтэй байсан бөгөөд уг өвчний улмаас баруун уушгины авчилт, цээжний баруун хөндийн хий хуралт гэмтэл үүсэх боломжгүй юм...” /2хх-80/ гэж тус тус тодорхойлсон бөгөөд зүү тавиулах эмчилгээ хийлгэж байх цаг хугацаанд хохирогч Д.Мгийн уушги өвчлөөгүй, эрүүл байсан бөгөөд баруун уушгины авчилт, цээжний баруун хөндийд хий хуралт гэмтэл нь өвчний улмаас биш зөвхөн механик хүчин зүйлээр буюу зүү тавих эмчилгээ хийлгэж байх явцад үүссэн гэмтэл байна гэж дүгнэсэн.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад эмч ЮЖ нь хохирогч Д.Мд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэхдээ Монгол Улсад Уламжлалт анагаах ухааны оношилгоо, эмчилгээний чиглэлээр мөрдөгдөж буй Эрүүл мэндийн технологи-Уламжлалт анагаах ухааны ор бүхий эмнэлэг, амбулаторийн үйл ажиллагааны стандарт, Эмчилгээ оношилгооны түгээмэл үйлдлийн хэсэг, Уламжлалт анагаах ухааны үндсэн 6 өвчний оношилгоо, эмчилгээний стандарт, Уламжлалт анагаах ухааны зонхилон тохиолдох өвчний оношилгоо, эмчилгээний эмнэл зүйн удирдамж, ЭМС-ын 2013 оны 450 тоот тушаал зэрэг стандарт, журам, зааврыг зөрчсөн эсэхийг тодруулахаар шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Ундармаа, Т.Амартүвшин, Ө.Сарангэрэл, Эрүүл мэндийн яамны уламжлалт анагаах ухааны мэргэжлийн салбар зөвлөлөөс томилсон шинжээч Ч.Чимэдрагчаа, Д.Нацагдорж нарыг шинжээчээр томилон дүгнэлт гаргуулсан. Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 985 тоот актанд “...Gaohan BL43 нурууны дээд хэсэгт сээрний 4, 5 нугалмын арын сэртэнгийн завсрын хонхроос 3 цун гадагш байрлах цэгт уушгийг шимжүүлэх ажиллагааг нь нэмэгдүүлэх бие бодийг чийрэгжүүлэх зорилгоор зүүг 0,3-0,5 цун хатгана. Заасан хэмжээнээс гүн хатгавал цээжний гялтангийн хальс цоолох уушги гэмтэх зэрэг хүндрэлд хүргэнэ” гэж тусгасан бөгөөд дүгнэлт хэсэгт “Д.Мгийн биед 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр үүссэн баруун уушгины авчилт, цээжний хөндийн хий хуралт нь зүү тавих эмчилгээ хийх үед үүссэн, эсхүл удаан хугацааны ханиалгын улмаас уушгинд полип /цэврүү/ үүссэнтэй холбоотой эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй байна. Эмч ЮЖ нь ... Дэлхийн эрүүл мэндийн байгууллага номхон далайн баруун эргийн бүсийн товчооноос гаргасан “Зүү төөнө заслын сүвийн хэмжил зүйн стандарт”-ын дагуу нуруу, цээж, тавхай, тохой, хэвлий, сарвуу, шилбэ нурууны цэгүүдэд зүү тавих эмчилгээ хийсэн байх ба байршил зүйн болон хатгах аргын хувьд зохих журмын дагуу гүйцэтгэсэн” гэж дүгнэжээ. Шинжээч Ч.Чимэдрагчаагаас гаргасан дүгнэлттэй нь холбогдуулан мэдүүлэг авахад “...Мгийн биед зүү тавих эмчилгээг хийхдээ зүүний сүвүүдийн байршил зөв эсэх, тухайн сүвүүдэд зүүг хатгасан арга техник нь стандартын дагуу хийгдсэн эсэхэд үнэлэлт дүгнэлт өгсөн. ... сүвүүдийн байршил зүйг зөв тогтоосон, хатгах аргын хувьд зохих стандартын дагуу гүйцэтгэсэн гэж дүгнэлт гаргасан” /2хх-45/ гэж мэдүүлсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлийг заана” гэж тодорхойлсон. Эмч ЮЖийг зүү тавих эмчилгээ хийж байхдаа эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас өвчтөн Д.Мгийн уушгийг зүүгээр хатган баруун уушгины авчилт, цээжний хөндийд хий хуралт буюу эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж дүгнэн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна. “Монгол хэлний их тайлбар тольд “Цун” уртын хэмжүүр бөгөөд “хүний эрхий хурууны үзүүрээс нэгдүгээр үе хүртэлх хэмжээ”-г хэлнэ гэж заасан. Зүү тавих эмчилгээ хийхдээ Gaohan BL 43 нурууны дээд хэсэгт сээрний 4, 5 нугалмын арын сэртэнгийн завсрын хонхроос 3 цун гадагш байрлах цэгт “Цун”-г заасан хэмжээнээс гүн хатгавал цээжний гялтангийн хальс цоолох уушги гэмтэх зэрэг хүндрэлд хүргэх эрсдэлтэй бөгөөд эмч ЮЖ нь өвчтөн Д.Мд зүү тавих эмчилгээ хийхдээ сүвүүдийн байршил зүйн дагуу хатгах аргын хувьд стандартын дагуу хийж гүйцэтгэсэн гэх боловч тухайн зүүг хэдэн “цун”-гийн хэмжээтэй хатгасан болохыг тогтоох боломжгүй талаар 985 тоот акт болон шинжээч Ч.Чимэдрагчаагийн мэдүүлэгт тусгагджээ. Шинжээчийн удаа дараагийн давтан шинжилгээний актаас дүгнэж үзэхэд Д.Мгийн биед учирсан баруун уушгины авчилт, цээжний хөндийд хий хуралт гэмтэл нь өвчний улмаас биш харин зүү тавих эмчилгээ хийх үед үүссэн болохыг тогтоосон бөгөөд энэ нь зүү тавихдаа цунг стандартад заасан хэмжээнээс хэтрүүлэн хатгаж эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор биелүүлээгүйн улмаас Д.Мгийн баруун уушгийг хатгаж эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байна.

Давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэл тогтоогдож байх тул 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 995 дугаар магадлалыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 684 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Ц.Бурмаа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч ЮЖ нь 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ 12 цагт зүү тавьсан, ВL 43 цэг баруун, зүүн далны доод хэсэгт, СV 17 цэг нь өрц хэсэг буюу ар талын хавирганаас доош 4 дэх хавирганы харалдаа байрших цэг, СV 22 цэг нь эгэмний ясны уулзварын цэг бөгөөд баруун талын уушги, цээжтэй холбоотой эдгээр 3 цэг дээр зүү тавьсан гэдэг. Шүүгдэгч нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрдөггүй. Нийт 6 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд хохирогч Д.Мг баруун уушгины авчилт, цээжний хөндийн хий хуралт үүсч эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан гэж шинжээчийн дүгнэлтүүдэд тусгагдсан байгаа. Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлд заасан “эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй” буюу стандарт зөрчсөн эсэхийг заавал шинжээчийн дүгнэлтээр гаргуулах юм шиг шаардаж байгаа. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтууд, шинжээчийн дүгнэлтээс гадна бусад нотлох баримтаар хохирогчийн биед баруун уушгины авчилт, цээжний хөндийд хий хуралт буюу хүнд гэмтлийг ЮЖ эмч эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байхдаа учруулсан гэдэг нь нотлогддог. Хохирогч нь 7 хоногийн эмчилгээ хийлгэсэн бөгөөд хамгийн сүүлийн өдөр 08 цагт очиж зүү тавиулж дуусаад бие нь эвгүйтэж өвдсөн байдаг. Дараа нь булчин зангирсан байна гээд нэмж 3 зүү тавиулсан. Хохирогч эмчилгээ хийлгэх үед эрүүл мэндийн хувьд зүгээр байсан. 16 цагт рентгенд харуулахад баруун уушги унасан байдал нь эмчийн оноштой таарсан учир дараагийн шатлалын эмнэлэг буюу европ эмнэлэг рүү явахыг зөвлөсөн. “Гранд мед” эмнэлэгт очиж үзүүлээд маш яаралтайгаар гурван гуурс тавиулж уушги өргөх аппаратад орсон байдаг. Мэс засал хийсэн эмч Л.Мижиддорж анхан шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ уушгины баруун талын оройн зүүн хэсэгт зүү тавьсан ором харагдаж байсан. Шинжилгээгээр уушгины голомтод өөрчлөлт байхгүй, уушги унасан нөхцөл байдал байхгүй байсан гэж мэдүүлсэн. Цөм гэдэг нь уртын хэмжээ бөгөөд нэг цөм нь эрхий хурууны үзүүрээс нэгдүгээр үе хүртэлх хэмжээг хэлдэг. Цөмийн хэмжээг хэтрүүлж хохирогчийн уушги хатгагдсан гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Болормаа, Д.Дэлгэрцэцэг нарын гаргасан гомдол, прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч ЮЖд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн, эсхүл оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг үндэслэлгүйгээр хасаж, хязгаарлах зэргээр шүүхийн шийдвэр гарахад сөргөөр нөлөөлөх зөрчил тогтоогдоогүй болно.

Харин шүүгдэгч ЮЖд холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад ЮЖийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг хөдөлбөргүй тогтоож чадаагүй, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх дараахь үндэслэл тогтоогдов.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч ЮЖийг 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Paфa” эмнэлэгт иргэн Д.Мд зүү тавих эмчилгээ хийж байхдаа эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор биелүүлээгүйгээс эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх талуудын хүсэлтээр шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, өөрийн дотоод итгэлээр үнэлэх замаар шүүгдэгч ЮЖийг 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Paфa” эмнэлэгт иргэн Д.Мд зүү тавих эмчилгээ хийж байхдаа эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор биелүүлээгүйгээс түүний эрүүл мэндэд “баруун уушигны авчилт, цээжний хөндийд хий хуралт, баруун мөрний үеийн дээд хэсгийн булчингийн нэвчдэс, хаван хавдар” бүхий хүнд хохирол учруулсан болох нь тогтоогдсон гэж дүгнэжээ.

Гэвч шүүхийн тогтоосон дээрх хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийг шинжийг агуулаагүй байхад анхан шатны шүүх шүүгдэгч ЮЖийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэв.

“Эмнэлгийн мэргэжилтэн” гэж Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д зааснаар анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль, коллежийг төгссөн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий хүний их, бага эмч, шүдний их эмч, уламжлалт анагаах ухааны их эмч, сувилагч, эх баригч, эм зүйч, эм найруулагч, сэргээн засах чиглэлийн мэргэжилтэнг, харин “Эмнэлгийн тусламж, үйлчилгээ” гэж Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар өвчин эмгэг, гэмтэл бэртэл, хүний биеийн үйл ажиллагааны алдагдлыг орчин үеийн болон уламжлалт анагаах ухаанд тулгуурлан оношлох, эмчлэх, сувилах, хөнгөвчлөх, сэргээн засах цогц үйл ажиллагааг тус тус ойлгоно.

Шүүгдэгч ЮЖий хувьд Эрүүл мэндийн сайдын 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн A/264 дүгээр тушаалаар олгогдсон эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн дагуу “Рафа” эмнэлэгтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан уламжлалт анагаах ухааны чиглэлээр эмчилгээ эрхэлж байсан /хх-127, 128/ тул тэрээр Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт мөн болно.

Харин шүүгдэгч ЮЖий үйлдэлд тухайн гэмт хэргийн объектив шинжид хамаарах эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй, өөрөөр хэлбэл эрхэлсэн ажилдаа хайхрамжгүй хандаж өвчтөний амь нас, эрүүл мэндийг аврах, түүнийг эмчлэх, өвчин шаналал, зовиурыг нь хөнгөвчлөх талаар шаардлагатай арга хэмжээ аваагүй, эсхүл өвчтөнд тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсан гэж үзэх нөхцөл байдал шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдоогүй байна.

Тухайлбал, Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3-т заасны дагуу эмнэлгийн мэргэжилтний үүрэгт хамаарах “Үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах”, мөн Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д заасан “Үзлэг, шинжилгээ, оношилгоо хийх, зөвлөгөө өгөх, эмчилгээ, мэс засал, ажилбар хийх” зэрэг хууль тогтоомжид заасан үүргээс алийг нь санаатай зөрчсөнөөс хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсан гэм буруутай болохыг мөрдөн байцаалтын шатанд тогтоож чадаагүй байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субъектив тал нь эмнэлгийн мэргэжилтэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өвчтөнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлээгүй, эсхүл зохих ёсоор үзүүлээгүй үйлдэлдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр, харин учирсан хохирол, хор уршигт болгоомжгүй хандсан шинжийг агуулна.

Харин эмнэлгийн мэргэжилтэн нь өвчтөний өвчний оношийг зөв тогтоогоогүйгээс өвчтөнд буруу эмчилгээ хийж, түүний улмаас эрүүл мэндэд нь хохирол учруулсан эмчийн мэргэжлийн алдааг гэмт хэрэгт тооцох боломжгүй юм.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас харахад шүүгдэгч ЮЖий үйлдэлд хохирогч Д.Мд шаардлагатай эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үзүүлээгүй, эсхүл Эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг санаатай зөрчсөнөөс хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Түүнээс гадна шүүгдэгч ЮЖий хийсэн зүү тавих эмчилгээний улмаас хохирогч Д.Мгийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь тогтоогдсон эсэх талаар мэргэжлийн шинжээчид нэг мөр үндэслэл бүхий дүгнэлтэд хүрч чадаагүй байна.

Тухайлбал, шинжээч эмч Б.Ганзоригийн гаргасан 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 409 тоот /хх-34/, мөн шинжээч Б.Ариунзул, Н.Энхцолмон, Б.Даваасүрэн нарын хамтран гаргасан 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 845 тоот /хх-147/, мөн шинжээч эмч Ц.Ганболд, М.Энхбаяр, Г.Энхбаатар, Ч.Эрдэмболор, С.Өлзийсайхан нарын хамтран гаргасан 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 1203 тоот /хх-195/, мөн шинжээч эмч Ж.Ганцэнгэл, Н.Туяа, Ц.Бадрал, О.Болороо, Д.Мөнхбаатар, Н.Ариунцэцэг нарын хамтран гаргасан 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 641 тоот /2хх-81/ дүгнэлтүүдэд хохирогч Д.Мгийн эрүүл мэндэд учирсан “баруун уушгины авчилт, цээжний хөндийд хий хуралт, баруун мөрний үеийн дээд хэсгийн булчингийн нэвчдэс хаван хавдар” бүхий хүндрэл нь зүү тавих эмчилгээний улмаас үүссэн байх боломжтой гэсэн агуулга бүхий дүгнэлт хийгдсэн байхад шинжээч эмч С.Одончимэгийн гаргасан 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн тусгай санал бүхий дүгнэлтээр хохирогч Д.Мгийн уушгинд үүссэн полип буюу ургацаг, нэвчдэст өөрчлөлт, гуурсан хоолойн архаг үрэвсэл өвчин нь удаан хугацаанд ханиалгасны улмаас хүндэрч, цээжний хөндийд хий хуралдаж уушиг авчих шалтгаан болсон байх боломжтой /2хх-81/, мөн шинжээч эмч Б.Ундармаа, Т.Амартүвшин, Ө.Сарангэрэл, Ч.Чимэдрагчаа, Д.Нацагдорж нарын хамтран гаргасан 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 985 тоот дүгнэлтээр “Зүү тавих эмчилгээ хийлгэх үед, эсхүл удаан хугацааны ханиалгын улмаас уушгинд полип /цэврүү/ үүссэнтэй холбоотой эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй. Эмч ЮЖ нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллага номхон далайн баруун эргийн бүсийн товчооноос гаргасан “Зүү төөнө заслын сүвийн хэмжил зүйн стандартын дагуу … цэгүүдэд зүү тавих эмчилгээ хийсэн байх ба байршил зүйн болон хатгах аргын хувьд зохих журмын дагуу гүйцэтгэсэн” /хх-185/ гэсэн харилцан зөрүүтэй шинжээчийн дүгнэлтүүд хавтаст хэрэгт цугларчээ.

Ийнхүү анхан шатны шүүх харилцан зөрүүтэй, эргэлзээ бүхий нотлох баримтуудаас шүүгдэгч ЮЖийг буруутгасан агуулга бүхий шинжээчийн дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэн болгож, түүнийг бусдад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэхдээ шинжээч эмч С.Одончимэгийн гаргасан 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн тусгай санал бүхий дүгнэлт, мөн шинжээч эмч Б.Ундармаа, Т.Амартүвшин, Ө.Сарангэрэл, Ч.Чимэдрагчаа, Д.Нацагдорж нарын хамтран гаргасан 985 тоот дүгнэлт, шүүгдэгч ЮЖий мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон түүний өмгөөлөгч Н.Болормаагийн гаргасан тайлбарыг нэг бүрчлэн үндэслэлтэйгээр няцаан үгүйсгэж чадаагүй, өөрөөр хэлбэл шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар хэргийг бодит байдлыг тогтоох, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх” нотолгооны стандарт шаардлагыг илтэд хангаагүй байна гэж үзэв.

Давж заалдах шатны шүүхээс “… удаа дараагийн шинжилгээнүүд нь хохирогчид учирсан гэмтэл, түүнд хүргэсэн хүчин зүйлийг тогтоох зорилгоор хийгдсэнээс бус эмч ЮЖий хийсэн гэх зүү эмчилгээ нь холбогдох хууль тогтоомж, стандартад нийцсэн эсэхийг шалгаагүй байна… Эмчийн үйл ажиллагааны улмаас хохирол учирсан тохиолдол бүрийг гэмт хэрэг гэж үзэхгүй” гэсэн үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийсэн боловч яллах болон өмгөөлөх талаас мөрдөн байцаалтын дутуу ажиллагааг хэргийг прокурорт буцаах замаар нөхөн гүйцэтгүүлэх тухай санал гаргаагүй, харин прокуророос мөрдөн шалгах шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн гэж үзэж, энэ талаар эсэргүүцэл бичиж буй нөхцөлд давж заалдах шатны шүүх өөрийн санаачилгаар “шүүгдэгч ЮЖ өвчтөнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хэрхэн зохих ёсоор биелүүлээгүй болохыг эргэлзээгүй тогтоох шаардлагатай” гэсэн дүгнэлт хийж, хэргийг дахин шалгуулахаар прокурорт буцаах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцэхгүйгээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг зөрчсөн байна.

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Амгаланбаатар бичсэн эсэргүүцэлдээ “Шинжээчийн удаа дараагийн давтан шинжилгээний актаас дүгнэж үзэхэд Д.Мгийн биед учирсан баруун уушгины авчилт, цээжний хөндийд хий хуралт гэмтэл нь өвчний улмаас биш харин зүү тавих эмчилгээ хийх үед үүссэн болохыг тогтоосон бөгөөд энэ нь зүү тавихдаа цунг стандартад заасан хэмжээнээс хэтрүүлэн хатгаж эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор биелүүлээгүйн улмаас Д.Мгийн баруун уушгийг хатгаж эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байна.” гэж дүгнэсэн нь яллах дүгнэлтэд бичигдээгүй, анхан шатны шүүх хуралдаанаар тогтоогдоогүй хэргийн үйл баримт байх бөгөөд хяналтын шатны шүүхийн хувьд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрх хуулиар олгогдоогүй тул хяналтын шатны шүүх хуралдаанаас “шүүгдэгч Юн Жигийг хохирогч Д.Мд зүү тавих эмчилгээ хийхдээ стандартад заасан хэмжээнээс хэтрүүлэн хатгасан” гэж хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг өөрөөр дүгнэх боломжгүй юм.

Ийнхүү шүүгдэгч ЮЖд холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын шатанд цугларсан нотлох баримтууд нь түүний гэм бурууг хөдөлбөргүй нотолж чадаагүй, прокурорын яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд дурдсан хэргийн үйл баримт буюу шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй байх тул энэ талаар шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Болормаа, Д.Дэлгэрцэцэг нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх” зарчмын дагуу шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч ЮЖд холбогдох хэргийг “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх талаар прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 684 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 995 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч ЮЖд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх үед түүнд холбогдох Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2-т зааснаар дуусаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 684 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 995 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч ЮЖд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

2.Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Амгаланбаатарын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                    ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                    ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН   

                                                                                                         Д.ГАНЗОРИГ          

                                                                                                         Ч.ХОСБАЯР

                                                                                                         Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН