Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 100

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Х.Санжидмаа даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон                                                                                                                      

Улсын яллагч Э.Хосбаяр

Шүүгдэгч Б.Дгийн өмгөөлөгч Г.Амарсайхан 

Шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Дд холбогдох эрүүгийн 1830000000087 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн 1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар аймгийн Наран суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамт амьдрах,  ял шийтгэлгүй, Б.Д.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр   Сүхбаатар аймгийн Наран сумын 2 багийн нутаг дэвсгэр С гэх газарт иргэн Х.Аыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  - Шүүгдэгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Х.А ахынд очиж 1 шил архи хувааж уугаад маргалдсан. Манай ахыг муу хэлээд байсан. Би гарахдаа Х.А ахыг өшиглөсөн хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

-Шүүгдэгч Б.Д  мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би тус өдөр хөдөө гэрээсээ Наран сумын төврүү орж мотоцикльдоо бензин авчихаад дэлгүүр орж 0.75 граммын “Ерөөл” нэртэй архи аваад буцаад гэрлүүгээ  явах замдаа Х.А ахын гэрээр ортол Х ах гэртээ байхгүй эхнэр болох Аэ нь гэртээ байсан. Удалгүй эхнэр нь хониндоо явлаа гээд яваад өгсөн. Би гэрт нь үлдээд хэвтэж байгаад унтаад өгсөн юм. Х ах 13 цаг өнгөрөөгөөд гэртээ орж ирэхэд нь би сэрсэн. Тэгээд бид хоёр миний авсан архийг хувааж ууж байгаад хоорондоо бага зэрэг маргалдаж байгаад гэрээс нь гартал миний араас гарч ирээд тонгойх үед нь би нүүр рүү нь өшиглөсөн юм. Тэгэхэд  Х ахын амнаас  бага зэрэг цус гарч байсан. Намайг Х.А ах цохиж зодсон зүйл байхгүй. Би Х ахыг өшиглөж гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу. Би Х.А ахаас уучлалт гуйсан. Надаас нэхэмжлэх ямар нэгэн зүйл байхгүй гэсэн. Би буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү”” гэх  /хх-ийн 20-21/

 

-Хохирогч Х.Аын  мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би тус өдрийн өглөө 08 цагийн үед үхэртээ яваад 14 цагийн орчим гэртээ иртэл манай гэрт Б.Д ганцаараа сууж байсан. Манай эхнэр хониндоо яваад байхгүй байсан. Тэгээд Д  энгэрээсээ 0.75 граммын “Ерөөл” нэртэй  архи гаргаж ирээд надтай хамт хувааж уугаад бид хоёр хоорондоо маргалдаж муудалцсан. Муудсан шалтгаан  гэвэл Д нь хамаатныхаа ах болох Бийг чадалтай явж байгаа гэхээр нь би “тийм л чадалтай байсан юм бол чи дагаад явж байх нь яасан юм” гэж бага зэрэг загнахад  Д манайхаас гарсан,  би араас нь хониндоо явдаг юм уу гээд гэрийнхээ хаалгаар тонгойгоод гарах гэтэл Д нь миний нүүр рүү өшиглөсөн чинь үүдэн дээд шүд унаад, уруул язарсан. Бид хоёрын дунд өөр болсон асуудал байхгүй. Тухайн үед миний хамраас цус гарч байсан. Дээд талын үүдэн нэг шүд унасан. Эмнэлгээр  доод урууландаа нэг оёдол хийлгэсэн. Өөр гэмтэл надад учраагүй. Миний хувьд Б.Дгаас нэхэмжлэх зүйл байхгүй. Б.Д нь надаас уучлалт гуйсан. Одоо бид хоёр хоорондоо эвлэрсэн байгаа”...” гэх мэдүүлэг /хх-ийн 04-05-р хуудас/

 

- Гэрч С.Уийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 04 дүгээр сарын 24-нд 15 цагийн үед С гэх газраас Хасбазар овогтой Х нь хүнд зодуулсан, амнаас нь их хэмжээний цус гарч, шүд нь унасан гэсэн дуудлага ирсэн. Тэгээд сумын цагдаад мэдэгдэж сумаас зүүн урагш 8 километр газар очиход Х.А биеийн байдал дунд, ухаантай, согтуу, амин үзүүлэлт хэвийн уруул 2 сантиметр орчим язарсан шархтай цус гоожсон байдалтай байсан тул сумын эрүүл мэндийн төвд авчирч уруулд нь 4 оёдол тавьсан. Мөн үүдэн шүдний 1 нь унасан байсан...” гэх /хх-ийн 7-р хуудас/  

 

- Гэрч Ж.Аэийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 04 дүгээр сарын 24-ний өглөө 10 цагийн үед манайд Д ирсэн. Тухайн үед манай нөхөр малдаа явсан байсан. Тэгээд 11 цагийн үед би хониндоо явсан хойно манай нөхөр малаасаа ирээд тэр хоёр нэг шил архи уусан гэсэн.Би 15 цагийн үед хониноосоо гэртээ ирэхэд манай нөхөр  Дд зодуулсан гээд амнаас нь цус гараад хэвтэж байсан. Тэгээд би цус нь тогтохгүй болохоор  сандраад сумын түргэн дуудаж үзүүлсэн. Тэр хоёрт ямар нэгэн өс хонзон байхгүй. Яагаад муудсаныг ойлгохгүй байгаа”..” гэх /хх-ийн 8-р хуудас/  

 

-Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 дугаар сарын 27-ны өдрийн 238 дугаар дүгнэлтэнд:  Х.Аын биед доод уруулд язарсан шарх, дээд үүдэн 1 шүдний уналт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тус бүртээ  Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 13-р  хуудас/

 

-Сүхбаатар аймгийн Наран сумын 3 дугаар багийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 08/401 дүгээр тодорхойлолт /хх-ийн 22-р хуудас/

 

-Б.Дгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 24-р хуудас/ зэрэг баримтууд болно.

 

Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр   Сүхбаатар аймгийн Наран сумын 2 багийн нутаг дэвсгэр С гэх газарт хохирогч Х.Аыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Дгийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Х.А, гэрч С.У, Ж.Аэ нарын мэдүүлэг, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 238 дугаартай дүгнэлт  хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Шүүгдэгч Б.Дд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж,  хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон тул Б.Дг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.Дгийн  үйлдсэн хэрэг нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон тул Б.Дд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 500.000 төгрөгөөр торгох  эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

 

Шүүгдэгч Б.Дд ял шийтгэл оногдуулахад анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хөнгөрүүлэх нөхцөл  байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал  тогтоогдоогүй болно.

 

 Шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, хохирогч Х.А гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй  гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1.Шүүгдэгч Б. Дг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Дг 500 /таван зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу  500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Дд оногдуулсан торгох ялыг 5 /таван/  сарын зз дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Б.Дд мэдэгдсүгэй. 

 

5. Ялтан  Б.Д нь  цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй,  хохирогч Х.А гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй  гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дд  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Х.САНЖИДМАА