| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаа Ариунхишиг |
| Хэргийн индекс | 2302 00017 0150 |
| Дугаар | 2024/ДШМ/1147 |
| Огноо | 2024-10-15 |
| Зүйл хэсэг | 20.7.2., |
| Улсын яллагч | Д.Цэцэг-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 2024/ДШМ/1147
2024 10 15 2024/ДШМ/1147
Э.М од
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Цэцэг-Эрдэнэ /томилолтоор/,
шүүгдэгч Э.М /цахимаар/, түүний өмгөөлөгч Г.Сүхээ, Б.Тэнгис,
нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/635 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.М , түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн М-д холбогдох эрүүгийн 2302 00017 0150 дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ариунхишиг илтгэснээр хянан хэлэлцэв.
Нийслэлийн прокурорын газраас: Шүүгдэгч Э.М ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М ыг 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М ын 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 111 (нэг зуун арван нэг) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М од оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 1 дугаараар тэмдэглэсэн Cledomox 625 гэсэн бичиглэл бүхий эм мэт зүйл 1 ширхэг, цэнхэр өнгийн гялгар уутны хамт 1,4029 грамм цэвэр жинтэй өвс мэт зүйл, 2 дугаараар тэмдэглэсэн 60,8 грамм цэвэр жинтэй хар өнгийн хайрцагтай өвс мэт зүйл, ОСВ гэсэн бичиглэлтэй цэнхэр хайрцаг 2 хэсэг, хар өнгийн жижиг хайрцаг бүхий 2 хэсэг нимгэн цаас, дууссан үзгэн балын запас 1 ширхэг зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалт болон хэрхэн устгагдсан баримтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Э.М ын өмгөөлөгч Г.Сүхээ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасны дагуу хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор, нотлох баримтыг хуульд заасан бүх арга хэмжээг эргэлзээгүй тогтооно гэсэн үндсэн зарчмыг эхнээсээ баримтлаагүй хэтэрхий нэг талыг барьж шалгасан. Урьдчилсан хэлэлцүүлэгт энэ хэргийн цорын ганц гэрчийг оролцуулъя гэхэд “хэрэгт 2 удаа мэдүүлэг өгсөн байна, шаардлага байхгүй” гэж шууд хэргийг шүүхэд шилжүүлсэн. Мөн М.Т аас Э.М ын ээжид удаа дараа занал хийлсэн бичлэгийг сидинд буулгаад зохих журмын дагуу бэхжүүлэн авхуулахыг хүссэн ч хүсэлтийг огт хүлээн аваагүй. Уг бичлэгт “чиний тахир дутуу ээжийг өдөр бүр харж байгаа шүү, ална, чамайг бол заавал 5 жил шоронд явуулна” гэсэн байдаг. Өөртэй нь суугаагүй, өөр хүнтэй явалдсан гээд илтэд заналхийлж байгаа байдлыг үнэн зөвөөр нь тогтоож баримтжуулаагүй.
Түүнчлэн М.Т нь анх аав, ээжийнхээ нутгаас түүсэн, түүлцсэн, анх авч ирж өгсөн гээд шинэчилсэн байцаалтад миний үйлчлүүлэгч мэдүүлээд байхад шалгаагүй. Мөн гэрч М.Т аас “зарсан баримт байна уу” гэхэд “байхгүй” гэж мэдүүлсэн байхад худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэж хүндрүүлэн яллаж байгаад гомдолтой байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бэлтгэсэн, хадгалсан гэсэн зүйл, заалтыг зөвшөөрч байгаа бөгөөд урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа, төрсөн эх нь төрөлхийн хэлгүй, хүний асаргаанд байдаг зэрэг хувийн байдлыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар өөрчилж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Э.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би үйлдсэн гэмт хэргийн гэм буруу дээр маргаагүй бөгөөд анх удаа ийм гэмт хэрэгт холбогдсондоо маш их харамсаж, гэмшиж байна. Би ээжийн хамт амьдардаг бөгөөд ээж маань хөгжлийн бэрхшээлтэй, хэлгүй, дүлий юм. Би ээжийгээ асран халамжилдаг ба гэр орон, ээжийгээ би авч явдаг. Хийсэн бүхэндээ харамсаж байна, цаашдаа ээжийгээ болон гэр орноо нэр төртэй авч явахаа илэрхийлж байна. Би тухайн сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор бусдад өгөөгүй, борлуулаагүй. Иймд хийсэн гэмт хэргийг маань хөнгөрүүлж, оногдуулсан ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар өөрчилж өгнө үү. Мөн өмгөөлөгч Б.Тэнгисээс хууль зүйн туслалцаа авч байгаа тул тухайн шатны шүүх хуралдаанд мөн өмгөөлөгч Б.Тэнгистэй хамт оролцуулж өгнө үү.
...Хадгалсан, хэрэглэсэн үйлдлийн талаар маргахгүй, зарсан үйлдлийн талаар маргаж байна. ...” гэв.
Шүүгдэгч Э.М ын өмгөөлөгч Б.Тэнгис давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие шүүгдэгчийн хүсэлтээр давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож байна. Миний бие давж заалдах гомдол гаргаагүй хэдий ч Э.М ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж үзэж байна. Анхан шатны шүүх сэтгэцэд нөлөөт ургамлын грамм, гэрч М.Т ын “урьд нь өвсийг 5,000 төгрөгөөр зарж байсан” гэх мэдүүлэгт үндэслэж хэргийг шийдвэрлэсэн. Сэтгэцэд нөлөөт ургамлыг зарсан гэх үйл баримт тогтоогдохгүй байсан тул худалдаалах зорилгоор хадгалж байсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Улсын дээд шүүх 340 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийг тайлбарласан. Хэрэв тодорхой грамм бүхий каннабисын төрлийн өвс гэх ургамлыг худалдаалах зорилготой байсан гэж үзвэл зиплок, шин хэмжүүр зэрэг бусад нөхцөл байдал нь бүрдсэн эсэх талаар эргэлзээтэй гэж үзэж байна. Бидний зүгээс сэтгэцэд нөлөөт ургамлыг хадгалсан үйлдлийн талаар маргаагүй. М.Т ын мэдүүлснээр тухайн цаг хугацаанд орон байрнаас хураагдсан асуудал байдаг. Гагцхүү худалдан борлуулах зорилго агуулж байсан нь хуулийн шаардлагад нийцээгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү. Түүнчлэн өмгөөлөгч Г.Сүхээгийн гаргасан давж заалдах гомдолд дурдсанчлан Э.М нь хадгалсан гэх үйлдлийн талаар маргаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу түүнд оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ял болгож өөрчилж өгнө үү. М.Т нь Э.М той тухайн цаг хугацаанд хамтран амьдарч байсан. Гэвч өмгөөлөгч Г.Сүхээгийн дурдсан үйл явдал болсон. Миний бие тус асуудлын бичлэгийг сонссон. М.Т нь өс хонзон, хорслоо илэрхийлж, “өөрийг чинь ямар нэгэн байдлаар нийгмээс тусгаарлана” гэж заналхийлсэн байсан. Хэрэв энэ асуудлыг тодруулах зорилгоор мөрдөн шалгах ажиллагаа хийгдсэн бол зарах зорилгоор хадгалж байсан гэх үйл баримт тогтоогдох байсан. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэж, Э.М ыг гэм буруутайд тооцсон боловч давж заалдах шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийж, Э.М ын үйлдлийг хөнгөрүүлэн зүйлчилж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлтэй. ...” гэв.
Прокурор Д.Цэцэг-Эрдэнэ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Сүхээгийн гаргасан давж заалдах гомдолтой танилцахад хэргийн зүйлчлэлтэй маргаж, худалдаалах зорилгогүй талаар дурдсан боловч уг үндэслэл нь хэрэгт байгаа ямар баримтаар няцаагдаж байгаа талаар тайлбар хэлсэнгүй. Түүнчлэн түүний бичгээр гаргасан давж заалдах гомдолд энэ талаар дурдаагүй байсан. Түүнчлэн тайлбартаа шүүгдэгч, түүний эхийн хувийн байдлын талаар дурдаж байна. Мөн “худалдаалах зорилго агуулж байсан” гэсэн мэдүүлэг өгсөн гэрч М.Т ын талаар тайлбарласан. Тамираас 3 удаагийн мэдүүлэг авсан. Тэрээр “өмнө нь зарж борлуулдаг байсан. Цаасанд ороосон нэг удаагийн хэрэглээг 5.000 төгрөгөөр зардаг байсан” гэх мэдүүлгийг 3 удаа тогтвортой мэдүүлсэн. Түүнчлэн хэргийн газрын үзлэг хийж, хурааж авсан эд зүйлс дунд ороож бэлтгэдэг байсан гэх дөрвөлжин хэлбэртэй цаас хураагдсан. Энэ талаар шинжээчийн дүгнэлт гарсан. Шүүгдэгчийн өмгөөлөгч “М.Т ыг шүүх хуралдаанд оролцуулах талаар хүсэлт гаргахад оролцуулаагүй” гэж тайлбарлаж байна. Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гэрч М.Т ыг шүүх хуралдаанд оролцуулах санал гаргасан гаргасан боловч анхан шатны шүүх “М.Т нь хангалттай тогтвортой мэдүүлэг өгсөн тул түүний мэдүүлэг үндэслэлтэй байна” гэж үзэж, түүний мэдүүлгийг шүүх хуралдааны явцад шинжлэн судлах нь зүйтэй, шүүх хуралдаанд гэрчийг оролцуулах шаардлагагүй гэж шийдвэрлэсэн. Шүүгдэгч нь сэтгэцэд нөлөөт ургамлыг түүж бэлтгэсэн, тухайн үедээ хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Иймээс тус үйл баримт нь хураагдсан сэтгэцэд нөлөөт ургамлын хэмжээ, гэрч М.Т ын мэдүүлэг, хураагдсан дөрвөлжин цааз зэргээр нотлогдож байна гэж үзэж байна. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо шүүгдэгчийн гэм буруугийн асуудалтай холбоотой нотлох баримтуудыг дурдаж, гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар хууль зүйн дүгнэлт хийсэн. Мөн шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан “худалдаалах зорилго байгаагүй” гэх тайлбарыг тодорхой нотлох баримтыг дурдаж, үгүйсгэн няцаасан гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчид “Э.М од оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэж байсан. Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн хувийн байдал, түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэр хэмжээ зэрэгт тохирсон байх ёстой. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Э.М нь 2022 оны 10 дугаар сард С аймгийн Х сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-н хоёрдугаар жагсаалтад багтдаг дельта-9 тетрагидроканнабинолын /delta-9 tethrahydrocannabino/ агууламж бүхий нийт 62,2029 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт олсны ургамлыг худалдаалах зорилгоор хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хаягт тус хориглосон сэтгэцэд нөлөөт олсны ургамлыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 24-25/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 26-32/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 6062 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 67-71/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 5757 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 72-73/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2460 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 78-79/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 441 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 85-86/, Цагдаагийн албан хаагч дэслэгч Г.Энх-Амгалан, дэслэгч Б.Мөнхтулга нарын “...М.Т ыг гэрт нь хүргэж өгөхөөр ороход сэтгэцэд нөлөөт бодис байсан тул энэ талаар холбогдох хэлтсийн жижүүрийн албанд мэдэгдсэн...” гэх илтгэх хуудас /1хх 40/,
гэрч М.Т ын “...Хар өнгийн ургамал нь найз залуу Э.М ын эд зүйл байгаа юм. Тухайн ургамлыг өвс гэж нэрлэдэг юм байна лээ. Найз залуу тухайн өвсийг өөрөө татдаг юм байна лээ, энэ талаар би 2021 оны 02 дугаар сарын сүүлээр мэдсэн. ...Найз залуу Э.М ын хувцас дээр нь ил байж байсан. ...Манай найз залуу Э.М нь нэг ширхэг ороосон өвсөө 5.000 төгрөгөөр хүнд зардаг, мөн өөрөө татдаг, нэг удаа татахыг цаасанд савлаж бэлдээд 5.000 төгрөгөөр зардаг. Би түүнийг боль гэж хэлсэн боловч тэр тоохгүй зарсаар байгаа. ... С аймаг яваад түүж ирээд энд гэртээ байлгаж байгаад бусдад зардаг. ...2022 оны 11 сарын эхэн үеэс өнөөдрийг хүртэл зарж байгаа...” /1хх 35-36/,
“...2021 оны 02 дугаар сарын сүүлээр өвч гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх ургамал хэрэглэдэг байсныг нь мэдсэн. Тэр үед М нь дуудлагын жолооч хийдэг байсан бөгөөд ер нь байнгын өвс хэрэглэдэг байсан. С аймаг руу явж өвс түүдэг байсан. Түүсэн өвсөө бэлэн мөнгөөр хүмүүст 5,000 төгрөгөөр зардаг байсан, ердөөсөө дансаар мөнгө авдаггүй байсан. Өвсөө бусдад зардаг байсан талаарх баримт бол байхгүй...” /1хх 131-132/,
гэрч Б.О-н “...2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр М нь манайд буюу 39 тоотод Тамир гэдэг охинтой ирж 4 хоносон. 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ажлаа тараад гэртээ харихад цагдаа нар гэрт ирчихсэн үзлэг хийж байсан. ...Хамгийн сүүлд хэрэг болсноос 7 хоногийн дараа М надтай утсаар холбогдож гадаад улс руу суралцахаар явна, нэлээн удах байх гэж хэлсэн. Тэрнээс хойш одоог хүртэл холбоогүй байгаа...” /хх 134-135/,
Э.М ын яллагдагчаар өгсөн “... Би 2022 оны 10 дугаар сард өөрөө хэрэглэх зорилгоор С аймгийн Х сумаас гялгар уутанд жоохон өвс түүж авсан. Тус өвсөө өөрийн эгч Баярсайханы гэрт авч ирж хадгалсан. Тухайн үед би түүсэн өвснөөс 2 удаа татсан. ...Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Гэм буруу дээрээ маргахгүй. Би тухайн бодисыг одоо бол огт хэрэглэхгүй байгаа...” /хх 162-163/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тус туснотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Э.М ын Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-н хоёрдугаар жагсаалтад багтдаг дельта-9 тетрагидроканнабинолын /delta-9 tethrahydrocannabino/ агууламж бүхий нийт 62,2029 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт олсны ургамлыг худалдаалах зорилгоор хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хаягт тус хориглосон сэтгэцэд нөлөөт олсны ургамлыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүгдэгч Э.М “...ээжтэйгээ хоёулаа амьдардаг бөгөөд ээж маань хөгжлийн бэрхшээлтэй, хэлгүй, дүлий юм. Иймд хорих ялыг багасгаж, зорчих эрх хязгаарлах ялаар сольж өгнө үү. ...” гэсэн, түүний өмгөөлөгч Г.Сүхээ “...ээжтэйгээ хоёулаа амьдардаг бөгөөд ээж нь хөгжлийн бэрхшээлтэй, хэлгүй, дүлий, мөн ээжийгээ асран халамжилдаг, урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хорих ялыг багасгаж, зорчих эрх хязгаарлах ялаар хөнгөрүүлэн сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээг сонгон ял шийтгэл оногдуулах, эсхүл ял оногдуулахгүйгээр тэнсэх, ялаас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэдэг.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.М ын “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан” үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх зарчимд нийцсэн төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.
Шүүгдэгч Э.М болон түүний өмгөөлөгч Г.Сүхээ нар давж заалдах гомдлуудтай холбогдуулан холбогдох баримтуудыг гарган өгөөгүй ба мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Э.М ын ээж нь хэлгүй, дүлий, хөгжлийн бэрхшээлтэй, мөн хоёулаа амьдардаг гэх нотлох баримтууд хэрэгт авагдаагүй байна.
Түүнчлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж хуульчилсан боловч шүүгдэгч Э.М нь давж заалдах шатны шүүх хуралдааны үеэр “...Би хадгалсан, хэрэглэсэн үйлдлийн талаар маргахгүй, зарсан үйлдлийн талаар маргаж байна...” гэж мэдүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруугийн үйлдлээ бүрэн хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлсэн тул дээрх хуулийн шаардлагыг хангаагүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Хэдийгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно...” гэж давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг хуульчилсан боловч шүүгдэгч Э.М од анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг багасгах нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.М , түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Э.М од шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 68 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/635 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.М , түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М од шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 68 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ