| Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Сарангэрэл |
| Хэргийн индекс | 119/2026/0005/з |
| Дугаар | 119/ШШ2026/0028 |
| Огноо | 2026-04-21 |
| Маргааны төрөл | Татвар, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 119/ШШ2026/0028
Нэхэмжлэгч: “**” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Орхон аймгийн Татварын газрын татварын Улсын байцаагч **, ** нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “Орхон аймгийн Татварын газрын татварын Улсын байцаагч нарын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн НА-20240000050 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий татварын маргаан бүхий 119/2026/0005/3 тоот индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч **, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “**” ХХК нь Орхон аймгийн Татварын газрын татварын Улсын байцаагч **, ** нарт холбогдуулан “татварын Улсын байцаагч нарын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн НА-20240000050 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Орхон аймгийн Татварын газрын татварын Улсын байцаагч **, ** нар нь “**” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн НА-20240000050 дугаартай актаар 502,489,909.27 төгрөгийн нөхөн татвар, 200,995,963.71 төгрөгийн торгууль, 107,980,056.6 төгрөгийн алданги, нийт 811,465,929.58 төгрөгийн төлбөр ногдуулсан.
3. Нэхэмжлэгч нь дээрх захиргааны актыг эс зөвшөөрч Орхон аймгийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргасныг тус зөвлөлийн 2025 оны 11 дугаар сарын 13-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Татварын улсын байцаагч нарын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн НА-20240000050 дугаартай актыг хэвээр баталж шийдвэрлүүлсэн бөгөөд урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлсэн гэж үзэж шүүх хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн.
4. Нэхэмжлэгч “**” ХХК-ийн захирал ** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Орхон аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч нар нь манай компанийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн НА-20240000050 дугаартай актаар 502,489,909.27 төгрөгийн нөхөн татвар, 200,995,963.71 төгрөгийн торгууль, 107,980,056.6 төгрөгийн алданги, нийт 811,465,929.58 төгрөгийн төлбөр ногдуулсан.
Ингэхдээ “**” ХХК-тай ** ** нийлүүлэх гэрээг 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр байгуулсны дагуу гэрээний орлогууд харилцах дансаар орж ирснээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх шаардлагыг хангасан боловч ... бүртгүүлээгүйгээс 2022 онд 5,024,899,092.72 төгрөгийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8, 5.2, 5.2.1, 7.1, 7.1.1 дэх заалтыг тус тус зөрчсөн” гэж үзсэн.
Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална”, 5.1.1-д “зайлшгүй байх”, 5.1.2-т “тодорхой байх", 5.1.3-д “шударга байх”,
Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4-д “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна”, 25.1.1-д “ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах”, 25.1.4-д “гэрч, гуравдагч этгээдээс тайлбар гаргуулах”, 25.1,5-д “баримт бичиг болон хууль, бусад шийдвэртэй танилцах, хуулбарлах”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”,
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж тус тус заасан.
Нөхөн ногдуулалтын актын үндэслэл болсон 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн №2021-02 дугаартай ** ** нийлүүлэх гэрээг “**” ХХК болон “**” ХХК нар нь дээрх заалтын дагуу, хүсэл зоригоо бүрэн илэрхийлж, байгуулсан бөгөөд гэрээний 3.10-д "... Хэрвээ НӨАТ ногдохоор болбол худалдан авагч тал хариуцан төлнө" гэж маш тодорхой заасан.
Одоогоор энэхүү гэрээ бүрэн хэрэгжиж дуусаагүй, дүгнэж, тооцоо нийлээгүй учраас борлуулалтын орлого бус урьдчилж орсон орлогоор тайлагнасан. Иймээс гэрээний дагуу нэмэгдсэн өртгийн албан татварыг гэрээ бүрэн хэрэгжиж дууссаны дараа “**” ХХК бүрэн хариуцаж, тайлагнан төлөх үүрэгтэй.
Гэтэл татварын улсын байцаагч нар татварын хяналт, шалгалт хийхдээ “**” ХХК нь татварын тайландаа үүнийг тусгасан эсэхийг шалгаж тогтоолгүйгээр, 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн №2021-02 дугаартай ** ** нийлүүлэх гэрээ хэрэгжиж дуусаагүй, гэрээг дүгнэж, тооцоо нийлээгүй байхад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн НА-20240000050 дугаартай акт тогтоосон нь үндэслэлгүй.
“**” ХХК гэрээнд зааснаар бидэнд мэдэгдэлгүй, зөвшөөрөл авалгүйгээр нууцаар ** хүдрийг удаа дараа илүү хэмжээгээр ачиж, тээвэрлэсэн тул хэд хэдэн удаагийн уулзалтаар “Бидний зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүйгээр хэдэн тонн ** хүдрийг ачиж авч явсан, мөн дотоодын угаах үйлдвэрт хэдэн тонн ** ** зарсан талаарх холбогдох баримтаа ирүүлэн тооцоо нийлсэн акт үйлдэх тухай” мэдэгдэж, акт үйлдэх талаар удаа дараа хэлсэн боловч ямар нэгэн хариу өгөөгүй бөгөөд манайхаас ачиж явсан ** хүдрийн зарим хэсгийг “**” ХХК нь Сэлэнгэ аймгийн ** сумын нутаг, “**” ТӨХК-ийн “**” өртөөнд байрлах гаалийн талбайд байршуулсан байдаг. Иймд гэрээний 3.9-д зааснаар компанийн зүгээс Гаалийн ерөнхий газрын Статистик, дүн шинжилгээний хэлтсээс гаалийн бүрдүүлэлтийн мэдээ, мэдээллийг авахаар хүсэлт гаргасан боловч “Боломжгүй” гэсэн хариуг өгсөн.
Улмаар компанийн зүгээс гэрээний дагуу шилжүүлсэн болон “**” ХХК-ийн бидний зөвшөөрөлгүй илүү ачиж явсан Сэлэнгэ аймгийн ** сумын нутагт байрлах “**” өртөөний гаалийн талбайд байрлах ** хүдрээ буцаан авахаар “**” ТӨХК-д удаа дараа очиж уулзахад “... бид танай компанитай гэрээ байгуулаагүй гэх үндэслэлээр ** хүдрийг өгдөггүй тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “**” ХХК болон “**” ТӨХК-д холбогдуулан “2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн №2021-02 дугаартай гэрээний 5.2-т заасны дагуу Тооцоо нийлсэн акт үйлдэхийг “**” ХХК-д даалгах, ** өртөөнд байрлах ** хүдрийг буцаан өгөхийг “**” ТӨХК-д даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “**” ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа “Экспортод гаргасан ** хүдрийн татвараа төлөхийг “**” ХХК-д даалгах, ** өртөөнд байрлах үлдэгдэл ** хүдрийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхийг хариуцагч нарт даалгах” гэж өөрчилсөн. Иймд уг иргэний хэргийг шүүх эцэслэн хянан шийдвэрлэх хүртэл энэхүү татварын маргааныг шийдвэрлэх боломжгүй байсан.
Түүнчлэн, татварын улсын байцаагчийн актад дурдаж буй 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “** ** нийлүүлэх гэрээ”-ээр худалдан борлуулсан гэх ** хүдрийг “**” ХХК-ийн зүгээс “хууль бусаар тусгай зөвшөөрөлгүйгээр машин механизм ашиглан манай тусгай зөвшөөрөл бүхий талбайд олборлолт хийн тээвэрлэн борлуулсан” гэх гомдлыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт гаргасан. Уг гомдлын дагуу 5303 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг үүссэн. Иймд уг эрүүгийн хэргийг эцэслэн хянан шийдвэрлэж дуусах хүртэл энэхүү татварын маргааныг мөн адил хянан шийдвэрлэх боломжгүй юм.
Мөн “**” ХХК-ийн зүгээс үндэслэлгүйгээр цагдаагийн байгууллага болон өөр бусад газруудад тасралтгүй гомдол гарган ** ** захиран зарцуулах үйл ажиллагаанд байнга саад учруулсаар байсан тул “****” ХХК-ийн зүгээс “**” ХХК-д холбогдуулан “****” ХХК-ийн өмчлөлийн ** хүдрийг захиран зарцуулж, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж буй “**” ТӨХК-ийн үйлдлийг таслан зогсоож, өмчлөх эрхэд саад учруулахгүй байхыг ** ТӨХК-д даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Дархан-Уул аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд гаргасан.
Улмаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 135/Ш32023/06972 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 135/Ш32024/02691 дүгээр захирамжаар ИХШХШТХуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д зааснаар 5803 дугаартай эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэгдэж дуусах хүртэл хугацаагаар тус иргэний хэргийг түдгэлзүүлсэн.
Гэтэл татварын улсын байцаагч нар татварын хяналт, шалгалт хийхдээ “**” ХХК нь татварын тайландаа үүнийг тусгасан эсэхийг шалгаж тогтоолгүйгээр, 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн №2021-02 дугаартай ** ** нийлүүлэх гэрээтэй холбоотой болон ** хүдрийн өмчлөлтэй холбоотой иргэний болон эрүүгийн маргааныг шүүх эцэслэн хянан шийдвэрлээгүй байхад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн НА-20240000050 дугаартай акт тогтоосон нь үндэслэлгүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар бодит нөхцөл байдлыг тогтоох, 25 дугаар зүйлд заасны дагуу нотлох баримтыг цуглуулах, 26 дугаар зүйлд зааснаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдээс ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгож, сонсох ажиллагааг явуулах хуулийн заалтыг зөрчсөн.
Энэ талаар Орхон аймгийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргасан.
Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.10-д “Маргаан таслах зөвлөл нь татварын актаар баталгаажуулсан дүнг өөрчлөх, хүчингүй болгох, хэвээр үлдээх, түдгэлзүүлж татварын албанд буцаах шийдвэрийн аль нэгийг гаргах бөгөөд уг шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна”, 47.20-д “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.3-т заасантай адилтгах шалтгаанаар Маргаан таслах зөвлөл татвар төлөгчийн гомдлыг хянан шийдвэрлэх боломжгүй бол татварын актыг хэлэлцэхийг түдгэлзүүлж болно”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д “эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй” гэж,
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 466 дугаар тогтоолоор баталсан татварын “Маргаан таслах зөвлөлийн ажиллах журам”-ын 6.8-д “Татвар төлөгчийн ирүүлсэн гомдолд хамаарах асуудал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.3-т заасны дагуу хянан шийдвэрлэх боломжгүй бол хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ. Ийнхүү түдгэлзүүлсэн нь тухайн гомдлыг дахин хянан шийдвэрлэхгүй байх үндэслэл болохгүй”, 7.1-д “Маргаан таслах зөвлөл гомдлыг хянан хэлэлцээд тухайн татварын акттай холбогдуулан дараах шийдвэрийн аль нэгийг гаргана”, 7.1.4-д “татварын актыг түдгэлзүүлж татварын албанд буцаах” гэж тус тус заасан.
Иймээс Орхон аймгийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.10, 47.20, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, Маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 6.8-д зааснаар дээрх иргэний болон эрүүгийн хэргүүдийг эцэслэн хянан шийдвэрлэж дуусах хүртэл Орхон аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч **, ** нарын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн НА-20240000050 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хэлэлцэхийг түдгэлзүүлж, татварын албанд буцаах ёстой байхад 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 03 дугаар тогтоолоор татварын улсын байцаагчийн дээрх актыг хэвээр баталсан. Энэхүү Орхон аймгийн Татварын газрын дэргэдэх Татварын Маргаан таслах зөвлөлийн 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 03 дугаарт тогтоолыг манай компани 2025 оны 12 дугаар сарын 02-нд шуудангаас хүлээж аваад эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно.
Иймд Орхон аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч **, ** нарын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн НА-20240000050 дугаартай нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
5.Хариуцагч Орхон аймгийн Татварын газрын татварын Улсын байцаагч **, ** нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Орхон аймгийн Татварын газрын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч **, ** бид ** тоот регистрийн дугаартай “**” ХХК-ийн 2019.01.01-2022.12.31 өдрийг дуусталх хугацааны албан татвар ногдуулалт төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, хяналт шалгалтын тасгийн даргын олгосон 2023902832 тоот томилолтоор эрсдэлд суурилсан хяналт шалгалт 2023.09.29-2024.06.05-ны өдрийн хугацаанд хийсэн. 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн НА-20240000050 тоот нөхөн ногдуулалтын актаар нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх шаардлага хангасан боловч бүртгүүлээгүй орлого олсон 5,024,899,092.72 төгрөгийн зөрчилд 502,489,909.27 төгрөгийн нөхөн татвар, 200,995,963.71 төгрөгийн торгууль, 107,980,056.60 төгрөгийн алданги нийт 811,465,929.58 төгрөгийн төлбөр ногдуулсан.
Шалгалтын ажиллагааг хийхэд: ** ХХК нь 2021 онд “**” ХХК-тай 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн №2102-02 дугаартай “*** нийлүүлэх” гэрээгээр 50000 тн ** хүдрийг 1 тн-ыг нь 21.5 $-оор 2021 оны 1 дүгээр улиралд багтаан нийлүүлнэ гэсэн гэрээ хийсэн. Энэ гэрээний дагуу 2021 оны 3 дугаар сарын 16-ны байдлаар 50000 тн ** ** борлуулсан үнэ ** ХХК-ийн ХААН банкны ** тоот төгрөгийн харилцах дансанд 5 удаагийн шилжүүлгээр 3,067,835,000.00 төгрөгийн орлого орж ирсэн. Мөн дээрх орлогоос гадна 2021 онд “**” ХХК-иас төгрөгийн харилцах даснаар 2,554,330,000.00 төгрөгийн, “**” ХХК, “**” ХХК-иудаас долларын харилцах дансаар 3,063,191,950.00 төгрөгийн ** ** борлуулсан орлогууд орсон боловч тухайн үедээ төлбөрийн баримт үйлдээгүй байсан. 2020-2021 онд ** ХХК-ийн төгрөгийн харилцах дансаар 90000 тн ** хүдрийн үнэ 5,622,165,000.00 төгрөг, 2021 онд валютын харилцах дансаар 50000 тн ** хүдрийн үнэ 3,063,191,950.00 төгрөг, нийтдээ 140000 тн ** хүдрийн үнэ 8,685,356,950.00 төгрөг харилцах дансуудаар орж ирсэн. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д “Татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй” гэж заасан байдаг. Гэтэл татвар төлөгч борлуулалт хийх тухай бүр төлбөрийн баримтаа бүртгээгүй, 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр эцсийн хэрэглэгчээр нийт дүнгээр 8,256,612,180.00 төгрөгийн баримтыг шивсэн байна.
2023 оны 06 дугаар сард 2022 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаа хоцроосон тул хугацаа сунгуулах хүсэлтийг илгээн тайлангаа татварын алба гаргаж өгсөн байна. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө” гэж заасан. Татвар төлөгч орлогоо хүлээн зөвшөөрч Цахим тайлангийн системд татвар төлөгч өөрийн эрх, нууц үгээрээ нэвтрэн орж Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 2022 онд 8,256,612,180.00 төгрөгийн татвар ногдох орлого, 7,325,826,687.75 төгрөгийн татвар ногдох орлогоос хасагдах зардал тайлагнаж, 930,785,492.25 төгрөгийн татвар ногдуулах орлогод 93,078,549.23 төгрөгийн албан татвар ногдуулснаар тайлагнан тоон үсгээрээ баталгаажуулан албан татварын тайланг цахимаар ирүүлсэн. Тайлангаар ногдуулсан аж ахуйн нэгжийн орлогын албан татвараа 2023 оны 11 дүгээр сард 9,000,000.00 төгрөг, 2024 оны 01 дүгээр сард 84,078,549.23 төгрөгийг тус тус төсөвт төлсөн. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8-д “нэмэгдсэн өртгийн албан татвар суутгах үүрэг үүсэх өдөр" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхэлж, орлого олж байгаа хувь хүн, хуулийн этгээдийн уг үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн өдрийг” гэж заасны дагуу ** ХХК-ийн гэрээний дагуу нийлүүлсэн 50 тн ** хүдрийн үнэ болох дансаар орсон 3,067,835,000.00 төгрөгийг нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх үүрэг үүсэх өдөр болж, босго хангасанд тооцоод зөрүү орлого 5,617,521,950.00 төгрөгийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар нөхөн ногдуулж нөхөн ногдуулалтын акт үйлдсэн болно.
Одоогоор энэхүү гэрээ бүрэн хэрэгжиж дуусаагүй, дүгнэж, тооцоо нийлээгүй учраас борлуулалтын орлого бус урьдчилж орсон орлогоор тайлагнаад явж байгаа. Иймээс гэрээний дагуу НӨАТ-ыг гэрээ бүрэн хэрэгжиж дууссаны дараа “**” ХХК бүрэн хариуцаж тайлагнан төлөх үүрэгтэй гэсэн гомдлын хүрээнд:
Гэрээ бүрэн хэрэгжиж дуусаагүй, дүгнэж, тооцоо нийлээгүй гэдэг нь хууль хяналтын байгууллага болон бусад баримтаар нотлогдоогүй, хяналт шалгалтын явцад эдгээртэй холбоотой баримт материал ирүүлээгүй. Харин ** ХХК нь өөрсдөө орлогоо хүлээн зөвшөөрч Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайландаа тусган тайлагнасан ** ХХК-ийн захирал **тэй хийсэн 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр цахимаар хийсэн ярилцлагаар орлого олсоноо хүлээн зөвшөөрч байсан. ХААН банкны төгрөгийн болон валютын харилцах дансуудаар орлогууд орж үйл ажиллагаандаа зарцуулсан нь харилцах дансны хуулгаараа нотлогдож байгаа болно.
Захирал **тэй удаа дараа утсаар холбогдон биеэр ирж хяналт шалгалтын явцтай танилцан тайлбар лавлагаа өгөхийг хүссэн боловч эрүүл мэндийн шалтгаантай гээд ирээгүй цахим шуудангаар ярилцлагын асуултуудыг явуулж хариулж, гарын үсэг зуруулж ирүүлсэн. Хяналт шалгалтын шийдвэр гарахаас өмнө шийдвэр гарах гэж байгаа талаар мэдэгдэж биеэр ирж танилцахыг мэдэгдэхэд итгэмжлэгдсэн төлөөлөгч явуулна гэж хэлээд шийдвэр гарахаас өмнө ирээгүй. Харин шийдвэр гарсны дараа итгэмжилсэн төлөөлөгч ирүүлж актаа гардан авсан. “**” ХХК-тай “** ** нийлүүлэх гэрээ”-г 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр байгуулсны дагуу гэрээний орлогууд харилцах дансаар орж ирснээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх шаардлагыг хангасан боловч нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлээгүйгээс харилцах дансаар орж тайлагнасан орлогын зөрүү 5,024,899,092.72 төгрөгийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй зөрчилд нөхөн ногдуулалтын акт үйлдсэн” гэжээ.
6. Хариуцагч Орхон аймгийн Татварын газрын татварын Улсын байцаагч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “**” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй санал нийлэхгүй байна. Яагаад гэвэл илтэд худалдан авагч тал нь НӨАТ төлнө гэсэн гэрээ байсан. Бид захиргааны актыг хуулийн дагуу гаргасан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Тухайн үед “**” ХХК-ийн **ийн өвчтэй гэх шалтгаанаас болж 9 сарын хугацаанд шалгасан. Энэ хугацаанд ямар нэгэн маргаан, баримт сэлт гараагүй. Мөн татварын алба нь сонсох ажиллагаа явуулж бусад этгээдийг шалгах эрх бүхий субъект биш. Томилолт үүссэн газрыг бид шалгадаг. Шалгах явцад тухайн онд борлуулалт хийгээд үүнийгээ өөрсдөө тайлагнаад, и-баримтаа гаргаад өөрсдөө орлогоо хүлээн зөвшөөрчхөөд Татварын ерөнхий хуулийн заалтуудыг зөрчсөн нь илт байгаа тул хуулийн дагуу нөхөн ногдуулалтын акт гаргасан гэв.
7. Хариуцагч Орхон аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч **гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа гэж энэ хуулийн 11.1-д заасан шийдвэр гаргах үйл ажиллагааг ойлгоно, 11 дүгээр зүйлийн 11.1-д “Захиргааны үйл ажиллагаа дараах хэлбэртэй байна, 11.1.1-д “захиргааны акт” гэж заасан. Татварын газраас нөхөн ногдуулалтын акт гаргахдаа Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд баримтлах зайлшгүй байх, тодорхой байх, шударга байх, үр ашигтай байх зарчмуудыг үндэслэн Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Татварын улсын байцаагч энэ хуулийн 16.2, 16.3, 36.1, 37.1, 41.1-д заасан үндэслэлээр нөхөн ногдуулалтын акт, эсхүл илтгэх хуудас үйлдэх бөгөөд нөхөн ногдуулалтын акт нь тэмдэглэх, тогтоох хэсгээс, илтгэх хуудас нь тэмдэглэх хэсгээс бүрдэнэ”, 41 дүгээр зүйлийн 41.1-д “Татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана” гэж заасны дагуу хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд үйлдсэн. Энэ актаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8-д "нэмэгдсэн өртгийн албан татвар суутгах үүрэг үүсэх өдөр" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхэлж, орлого олж байгаа хувь хүн, хуулийн этгээдийн уг үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн өдрийг ойлгоно гэж заасныг зөрчсөн байна.
Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий дараах этгээд албан татвар суутган төлөгч байна”, 5.2.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний борлуулалт хийсэн”, 5.2.3-т “бараа, ажил, үйлчилгээг экспортод гаргасан”, 6 дугаар зүйлийн 6.1-д “Энэ хуулийн 4.1.8-д заасны дагуу албан татвар суутгах үүрэг үүссэн хувь хүн, хуулийн этгээд ажлын 10 өдөрт багтаан албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх өргөдлөө харьяалах татварын албанд гаргана” эдгээр заалтуудыг зөрчсөн байна гэж үзсэн. Татварын ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Татварын хуулиар татвар төлөх, эсхүл татвар суутгах үүрэг бүхий этгээд нь татвар төлөгчөөр бүртгүүлнэ” гэж зааснаас үзэх юм бол албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх үүргээ зөрчсөн нь 2020 онд **гэдэг компанитай төмөр нийлүүлсэн гэрээний дагуу 2020 онд 1 удаа, 2021 онд 1 удаа, 2022 онд 1 удаа, 2023 онд 1 удаа, 2024 онд нийт 12 удаагийн гүйлгээ буюу борлуулалтын орлогоос харагдаж байна. Хэрэгт хавсаргасан гүйлгээний баримт болон гаалийн бүрдүүлэлтийн мэдээллээр яг энэ өдөр борлуулалт хийсэн нь нотлогдсон байна. Нэхэмжлэгчийн тайлбарт энэ компанитай гэрээ байгуулсан, гэрээний үүрэг дуусгавар болоогүй, болгохоор бол татвар төлнө гэх талаар эрүү болон иргэний хэргийн маш олон баримт хэрэгт авагдсан байдаг.
Энэ нь хуулийн этгээдийн хооронд байгуулагдсан гэрээний гүйцэтгэлтэй холбоотой маргаан учраас энэ хэрэгт ямар ч ач холбогдолгүй. Хоёрдугаарт хуульд заасны дагуу 50,000,000 төгрөгөөс дээш борлуулалт хийсэн, Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө” гэдгийн дагуу аж ахуйн нэгжийн орлогын албан татвартаа энэ борлуулалтаа өөрөө тайлагнаж хүлээн зөвшөөрсөн байдаг. Холбогдох хуулиар борлуулалтын орлого орсон нь “**” ХХК-ийн 12 удаагийн гүйлгээгээр болон тайлан мэдээгээр нотлогдсон байна. Тийм учраас энэ акт нь үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа” гэв.
Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч “**” ХХК-иас Орхон аймгийн Татварын газрын татварын Улсын байцаагч **, ** нарт холбогдуулан “татварын Улсын байцаагч нарын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн НА-20240000050 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
2.Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч ** нар нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд хариуцагч талаас “...нэхэмжлэгчээс удаа дараа хүсэлтүүд тавьж хурлыг хойшлуулж байсан. Хурлаа хойшлуулахгүйгээр шийдвэрлүүлмээр байна. Нэхэмжлэгч талын хүсэлтээр маш олон удаа хойшилсон..” гэх хүсэлтийг хүлээн авч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-т “Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд хариуцагчийн хүсэлтээр шүүх хангалттай нотлох баримт цугларсан гэж үзвэл хэргийг хянан шийдвэрлэж болно” зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт өгч, тэдгээрийг байлцуулахгүйгээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
3.Тодруулбал, шүүх нэхэмжлэгч “**” ХХК-ийн захирал ** болон түүний өмгөөлөгч ** нарын хүсэлтийг хүлээн авч 2026 оны 02 дугаар сарын 16, мөн оны 03 дугаар сарын 24, 04 дүгээр сарын 13-ны өдөр шүүх хуралдааныг тус тус хойшлуулж шийдвэрлэсэн бөгөөд энэ өдрийн шүүх хуралдаанд тэдгээрээс ямар нэгэн хүсэлт гаргаагүй байна. /ХХ-ийн 131-132, 171-175,187-188 дугаар тал/
Хэргийн үйл баримтын талаар:
4.Татварын улсын байцаагчид “**” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг дуустал хугацаанд хийж, татварын улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн НА- 20240000050 дугаартай нөхөн ногдуулалтын актаар 5,024,899,092.72 төгрөгийн зөрчилд 502,489,909.27 төгрөгийн нөхөн татвар, 200,995,963.71 төгрөгийн торгууль, 107,980,056.60 төгрөгийн алданги нийт 811,465,929.58 төгрөгийн төлбөр ногдуулжээ.
5. Хариуцагч талын... “2020-2021 онд “**” ХХК-ийн төгрөгийн харилцах дансаар 90000 тн ** хүдрийн үнэ 5,622,165,000.0 төгрөг, 2021 онд валютын харилцах дансаар 50000 тн ** хүдрийн үнэ 3,063,191,950.0 төгрөг, нийт 140000 тн ** хүдрийн үнэ 8,685,356,950.0 төгрөг орж ирсэн бөгөөд татвар төлөгч 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн эцсийн хэрэглэгчээр нийт дүнгээр 8,256,612,180.0 төгрөгийн баримтыг шивсэн, “**” ХХК нь орлогоо хүлээн зөвшөөрч Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 2022 онд 8,256,612,180.0 төгрөгийн татвар ногдох орлого, 7,325,826,687.75 төгрөгийн татвар ногдуулах орлогоос хасагдах зардал тайлагнаж, 930,785,492.25 төгрөгийн татвар ногдуулах орлогод 93,078,549.23 төгрөгийн албан татвар ногдуулснаар тайлагнан тайланг ирүүлсэн, тайлангаар ногдуулсан аж ахуйн нэгжийн орлогын албан татвараа 2023 оны 01 дүгээр сард 9,000,000.0 төгрөг, 2024 оны 01 дүгээр сард 84,078,549.23 төгрөгийг тус тус төсөвт төлсөн” гэх тайлбар үндэслэлтэй байна. /ХХ-ийн 100-102 дугаар тал/
6. Мөн энэ дагуу татварын улсын байцаагчдаас Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.8-д заасныг баримтлан “**” ХХК-ийн гэрээний дагуу нийлүүлсэн 50 тн ** хүдрийн үнэ болох дансаар орсон 3,067,835,000.0 төгрөгийг нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр үүрэг үүсэх өдөр гэж үзэн, босго хангасанд тооцон зөрүү орлого 5,617,521,950.0 төгрөгийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар нөхөн ногдуулсан үйлдлийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.
7. Дээрх байдлуудаас дүгнэвэл, татварын улсын байцаагчдын “**” ХХК-ийн 9,047,286,950.0 төгрөгийн орлого, үүнээс 50,000 тонн ** хүдрийн үнэ 3,067,835,000 төгрөгийг 1 багц гэрээний үнэ, дансны хуулгаар орж ирсэн гүйлгээний утга тодорхойгүй үйл ажиллагааны бус орлогыг хасч үлдэх 5,024,899,092.72 төгрөгийг орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй зөрчилд тооцон 502,489,909.27 төгрөгийн татварыг нөхөн ногдуулж, 200,995,963.71 төгрөгийн торгууль, 107,980,056.60 төгрөгийн алданги ногдуулж нийт 811,465,929.58 төгрөгийн нөхөн ногдуулалтын акт үйлдсэнийг үндэслэлтэй гэж дүгнэв.
8. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө”, 41 дүгээр зүйлийн 41.1-д “Татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана”, 84 дүгээр зүйлийн 84.1.1-д “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх шаардлагыг хангасан боловч гэрчилгээ авалгүйгээр бараа үйлдвэрлэсэн буюу борлуулсан, түүнчлэн ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.8-д “нэмэгдсэн өртгийн албан татвар суутгах үүрэг үүсэх өдөр" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхэлж, орлого олж байгаа хувь хүн, хуулийн этгээдийн уг үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн өдрийг”, 5.2-т “Үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий дараах этгээд албан татвар суутган төлөгч байна”, 5.2.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний борлуулалт хийсэн” , 6.1-т “Энэ хуулийн 4.1.8-д заасны дагуу албан татвар суутгах үүрэг үүссэн хувь хүн, хуулийн этгээд ажлын 10 өдөрт багтаан албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх өргөдлөө харьяалах татварын албанд гаргана” гэж тус тус заасан.
9.Татварын улсын байцаагчдийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн НА-20240000050 дугаартай нөхөн ногдуулалтын акт нь холбогдох хуульд нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж дүгнэлээ.
10.“**” ХХК нь “**” ХХК-тай байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой маргаан нь татварын улсын байцаагчийн үйлдсэн акттай хамааралгүй, ердийн журмаар иргэний шүүхээр шийдвэрлэгдэх маргаан тул тус нэхэмжлэлээ иргэний хэргийн шүүхэд шийдвэрлүүлэхэд уг шүүхийн шийдвэр саад болохгүй болохыг дурдвал зохино.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 106.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 41 дүгээр зүйлийн 41.1, 84 дүгээр зүйлийн 84.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8, 5 дугаар зүйлийн 5.2, 5.2.1, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “**” ХХК-ийн Орхон аймгийн Татварын газрын татварын Улсын байцаагч **, ** нарт холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Татварын газрын татварын Улсын байцаагч нарын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн НА-20240000050 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.САРАНГЭРЭЛ