| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2018/0090/э |
| Дугаар | 108 |
| Огноо | 2018-05-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 108
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон
Улсын яллагч С.Сугар
Шүүгдэгч Б.Өы өмгөөлөгч Х.Эбаатар
Шүүгдэгч Б.Ө нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Өд холбогдох эрүүгийн 1830001310092 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн 1980 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5 эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух, ял шийтгэлгүй, Б.Ө.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Б.Ө нь 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Х гэх газарт эхнэр Б.Бийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Б.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Өвөл 12 сард манай дүү Биээ архи уучихаад “бэр эгчээ хоёулаа хүүхэдтэй болъё” гэж хэлсэн. Тэр шөнө би унтаж чадаагүй. Тэгээд 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр би сумаас 0,5 литрийн архи авч хөдөө ганцаараа уугаад гэртээ ирээд эхнэрээсээ Биээ юу гээд байгаа юм бэ гэхэд дуугарахгүй байхаар нь эхнэрээ зодсон нь үнэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
-Хохирогч Б.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр манай нөхөр Б.Ө нь 11 цагийн үед хонио усална гээд гэрээсээ гараад 12 цагийн үед гэртээ ирэхдээ согтуу ирсэн бөгөөд гэрт орж ирээд чи ЭБитэй явалдаж ах дүү 2-ыг муудалцууллаа гээд хэлэх хэлэхгүй үгээр доромжилоод цамцнаас зулгааж гэрээс гаргах гэж оролдож гараараа миний зүүн нүд рүү 2-3 удаа цохисон. Тухайн үед аав ХБи нь хүний хүүхэд аллаа боль гэж хэлэхэд Б.Ө нь ЭБи, А 2 намайг эхнэрээ толгой дээрээ гаргалаа гээд байгаа юм энийг алсан ч багадна гээд гэрээс гарч гадаа бахираад байсан. Тэгсэн удалгүй 2 цагдаа ирээд ЭБи, Ө 2-ыг аймаг руу аваад явсан. Бид 2 урьд өмнө нь маргалдаж байсан удаа байхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй”...” гэх мэдүүлэг /хх-ийн 05-06-р хуудас/
- Гэрч Б.Аийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тухайн өдөр Б над руу залгаад та намайг ирээд аваач манай нөхөр Ө намайг зодоод, хадам дүү ЭБи хэл амаар доромжлоод байна гэж залгасан. Тэгээд Цагдаагийн газарт дуудлага өгсөн. Манай дүү Бийг 17 цагийн үед цагдаа нар авчирсан. Бийн зүүн нүд хөхөрч хавдсан шархтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/
- Гэрч Б.Агийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 12 цагийн үед манай нөхрийн ах Ө мал дээрээсээ халамцуу ирж байгаа харагдсан. Тэгээд би хадам аав ХБиийг худаг дээрээс авчирчихаад хониндоо яваад ирэхэд манай гадаа 2 цагдаа ирчихсэн байсан би юу болоод байгааг ойлгоогүй.Удалгүй цагдаа нар Ө, Б, ЭБи гурвыг аваад аймаг явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас
- Гэрч Д.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Б нь манай ээж ДБи рүү өөрийнхөө утаснаас залгаад манай нөхөр Ө зодоод байна та нар хүрээд ир гэж ярьсан. Тэгээд бид нар цагдаагийн газарт дуудлага өгсөн. Би цагдааг нь аваад зам зааж өгөхөөр явсан. Тэгээд Б эгчийн гадаа очиход гэрийнхээ хамаг эд зүйлийг гаргаад шидчихсэн Б эгчийн зүүн нүд битүү хөхөрсөн, ам хамраас нь цус гарч байсан. Тэгээд Ө, ЭБи нарыг аваад Сүхбаатар аймаг орсон .. гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/
-Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 дугаар сарын 29-ний өдрийн 233 дугаар дүгнэлтэнд:Б.Бийн биед зүүн нүдний дээд, доод зовхины болон 2 гарын бугалга, шууны хэсгийн зөөлөн эдийн цус хуралт няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тус бүртээ Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 17-р хуудас/
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-р хуудас/
-Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 06/214 тоот тодорхойлолт /хх-ийн 30-р хуудас/
-Б.Өы ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32-р хуудас/ зэрэг баримтууд болно.
Шүүгдэгч Б.Ө нь 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Х гэх газарт хохирогч Б.Бийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох шүүгдэгч Б.Өы мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Б.Б, гэрч Б.А, Ч.Алтантуяа, Д.Б нарын мөрдөн байцаалтанд гаргасан мэдүүлэг, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 233 дугаартай дүгнэлт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Өд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон тул Б.Өыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Өы үйлдсэн хэрэг нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон тул Б.Өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.Өд ял шийтгэл оногдуулахад анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Ө нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б. Өыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Өыг 600 /зургаан зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Өд оногдуулсан торгох ялыг 3 /гурван/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Б.Өд мэдэгдсүгэй.
5. Ялтан Б.Ө нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА