Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/00531

 

 

 

 

 

         2022         03         21                                            531

 

 

С.Х-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2021/03088 дугаар шийдвэртэй,

С.Х-ын нэхэмжлэлтэй

Х.Д-т холбогдох,

Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, эдийн бус гэм хорын хохиролд 10,000,000 төгрөг гаргуулах, орон нутгийн радиогоор болон мэдээ тараасан хэлбэрээр няцаалт хийхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Х-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш, хариуцагч Х.Д-, хариуцагчийн өмгөөлөгч К.Жархынбек, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Даваасүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Би 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Т.Х-тай ажлын байрандаа уулзаж, ярилцсан. Тухайн үед өрөөнд өөр хүмүүс гарч орсон. Бидний хооронд ярьсан зүйлсийн талаар маргааш нь нүүр ном /facebook/ цахим орчныг ашиглан “Сагсай мэдээ” гэсэн хуурамч хаяг /аккаунт/-аар 2020 оны 3 дугаар сарын эхээр Сагсай сумын 7 дугаар багийн иргэн, сумын Иргэдийн хурлын төлөөлөгч Т.Х-г муулсан мэдээлэл тавьсан байсан.

Гэтэл Т.Х- болон түүний хүүхдүүд Х.Д-, Х.А нар нь намайг буруутгасан. Би тэд нарт удаа дараа уг хаягийн эзэн би биш гэдгээ хэлсэн ч тэд итгээгүй. Би тухайн үед Т.Х-г өмөөрөн өөрийнхөө сэтгэгдлээ илэрхийлэн “Сагсай мэдээ”-ний тавьсан нийтлэлд няцаалт өгч, Т.Х-д биечлэн очиж ойлгуулан энэ хаягийн эзэн би биш, цагдаагийн байгууллагаар шалгуулаарай, би танд ямар нэгэн өс хонзон санасан зүйлгүй” гэдгийг тэдэнд мэдэгдэж байсан. Улмаар 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Т.Х-н хүү Х.Д- өөрийнхөө “Д.Х” гэсэн нүүр хуудас /facebook/-аар  олон нийтэд хандан “Сайн байцгаана уу, Сагсайн ард түмэн. Сүүлийн үед Сагсай мэдээ гэсэн аккаунтаар миний эцэг Тайв Хангай болон түүний хүүхдүүд болох н.Х, А.А бид нарыг учиргүй харааж, буруутгаж нэр хүндэд халдаж, хоч зүүсэн увайгүй үйлдлүүд цахим сүлжээнд хэд хэдэн удаа тархсан юм. Техникийн эрэл хайлтын ачаар уг “Сагсай мэдээ”-гийн эзэн нь луйварчин баригдлаа. Ард түмний хооронд яс хаяж байгаа уг увайгүй үхэнц рүү утастаж, өөрт нь мэдэгдсэн чинь удалгүй хоёр цагийн дараа Сагсай мэдээ аккаунтыг устгачихлаа. Энэ бол өөрийгөө нотолж байгаагийн шинж. Үнэнд бурхан ээлтэй гэдэг шиг өнгөрсөн жилийн Назар Аудар /Nazar audar/ болон Сагсай мэдээ хоёр нэг хүн болох нь нотлогдлоо. Удалгүй нэрийг нь илчлэх болно” гэж тавьсан нийтлэлийн эх хувь болон ард иргэдийн анхаарлыг татсан худал мэдээ нийтэлж үүнд итгэсэн олон хүн сэтгэгдэл бичиж, хэн гэдгийг нь мэдэхийг хүлээж байсан юм. Ингээд ард иргэдийн анхаарлыг татаж байгаад маргааш нь буюу 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр өөрийнхөө “Д.Х” нүүр хуудас /facebook/-аар олон нийтэд илт ор үндэслэлгүй, худал мэдээ тарааж миний нэр төр, ажил хэргийн маань нэр хүндийг гутаан доромжилсон мэдээлэл нийтэлж тараасан. Үүнд “Сүүлийн үед ард түмнийг хоёр хэсэгт хувааж, гэмгүй хүмүүсийг харааж, буруутгаж, хүмүүсийн дунд яс хаяж, гайхалтай кино тоглож байгаа “Сагсай Мэдээ”, 2019 оны Назар Аудар /Nazar audar/ гэсэн нүүрний халхавч зүүсэн аккаунтын эзэн бол 2011-2012 оны МАХН-ын гишүүн, 2012-2016 оны ардчилсан намын гишүүн болж худалдагдсан, урвагч, луйварчин Сагсай сумын Засаг дарга, 2016 оноос сумын Монгол ардын намын дарга, Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч гишүүн, Сумын Засаг дарга, луйварчин, хоёр нүүртэй Секей овогтой Хонаев мөн болох нь шинжлэх ухаан техникийн эрэл болон өөрийнх нь хэд хэдэн үйлдлийн үндсэн дээр тодорхой болов. Хуулийн байгууллагад өгсөн байгаа. Олон нийтийн сүлжээ интернетэд Сагсай сумаас фейсбүүкт орж байгаа нь илчлэгдлээ. Дайсан хавцал доор нуугдана, дотроос гарсан дайсан аюултай гэж казахын зүйр үгт хэлдэгчлэн ахан дүүс минь болгоомжтой байцгаагаарай” гэж бичиж доор нь миний зургуудыг янз бүрээр тавьж доромжилсон байсан.

Би өөрийн нэр төрөө цэвэрлэх, хуурамч хаягийн эзнийг олохын тулд тус сумыг хариуцсан эрүүгийн мөрдөгчид 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр “Сагсай мэдээ” хуурамч хаягийн эзнийг олж өгөхийг хүсэж өргөдөл гаргасан байсан.

Намайг тухайн үед таньж мэддэг олон хүн өмөөрч байсан ч зарим таньж мэддэггүй хүмүүс болон таньж мэдсэн ч улс төрийн эсрэг үзэл бодолтой хүмүүс уг нийтлэлийг олон зуун хүмүүст тарааж, миний нэр хүндийг гутаасан, доромжилсон сэтгэгдлүүд бичсэн.

Х.Д- нь үүнийг бичээд зогсохгүй үүний дараа 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр мессенжерээр “Би чиний МАХН-д элссэн нотлох баримтыг чинь олсон, 2016 онд н.Сагатбекийн гэрт талх барин тангараг өргөж, АН-д элссэн бичлэг чинь байна. Алтанбек Шау нарын гэрт согтуу очиж Шау-гийн оронд унтаж байсан бичлэг чинь байна, эдгээрийг ил тавих уу, яах уу? Сагсай мэдээ угаасаа чи ш дээ” гэж ор үндэслэлгүй гүтгэн сүрдүүлсэн.

Иймд Х.Д- нь удаа дараа намайг гүтгэн доромжилж, аав, ахан дүүс, төрөл төрөгсдийн хамт надад заналхийлж, олон түмэнд олон нийтийн сүлжээгээр илт худал мэдээлэл тарааж, миний нэр төр, ажил хэргийн маань нэр хүндийг гутаан доромжилж, удаа дараа сэтгэл санааны дарамт үзүүлсэн. Иймд С.Х- миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн маань нэр хүндийг гутаасан илт худал мэдээ тараасан Х.Даурены хууль бус үйлдлийг нь тогтоож, эдийн бус гэм хорын хохиролд 10 000 000 төгрөг гаргуулах, орон нутгийн радиогоор болон мэдээ тараасан хэлбэрээр няцаалт хийхийг Х.Д-д даалгаж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: “Сагсай мэдээ” нүүр хуудас /facebook/-аар миний болон миний гэр бүлийн нэр төрийг гутаасан, илт үндэслэлгүй, худал мэдээлэл орсон байсан. Үүний дараа энэ талаар судалж үзсэн ба өөрийн нүүр хуудас /facebook/-аар “Сагсай мэдээ” хаягнаас дуудлага ирснийг авахад цаана нь С.Х- ярьж байсан. Үүнээс болж “Сагсай мэдээ” цахим хуудсыг эзэмшигч, худал мэдээлэл тараадаг этгээд С.Х- гэдгийг мэдсэн. Би энэ талаар С.Х-тай утсаар холбогдож, хууль бус үйлдлээ таслан зогсоохыг шаардаж ярьсан боловч хүлээж аваагүй. Би түүнийг сүрдүүлсэн зүйл байхгүй.

Миний аав Т.Х- нь Баян-өлгий аймгийн цагдаагийн газарт гомдол гаргасан ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. С.Х- мөн болохыг мэдсэний дараа “Сагсай мэдээ” хуудас хаагдсан. С.Х-ын төрөл садангийн дүү М.А- нь С.Х-ын бичсэн нийтлэлийн доор “Сагсай мэдээ” хуудсыг би хаасан гэх хариулт, сэтгэгдлийг бичсэн байсан. Үүнээс дүгнэхэд С.Х- үүнд холбоотой, миний аав, манай гэр бүлийн талаар худал мэдээлэл тарааж, бидний нэр төрд халдсан.

Би 2020 оны 03 дугаар сарын 14-15-ны өдөр “Сагсай мэдээ” хуудасны эзэн нь С.Х- гэх агуулгатай мэдээлэл нийтэлсэн нь үнэн. Сагсай сумын группд бичсэн нийтлэл хэдэн хүнд хүрсэн гэдгийг мэдэх боломжгүй. Харин хувийн цахим зурвасаар явуулсан зүйлийг олон нийтэд тараасан, гутаан доромжилсон гэж үзэхгүй.

С.Х- нь 2011-2012 онд МАХН-ын гишүүн, 2012-2016 онд ардчилсан намын гишүүн болж худалдагдсан урвагч болох нь үнэн бөгөөд энэ талаарх баримтуудыг гаргаж өгөх болно. Мөн 2016 онд Сагатбекийн гэрт талх барьж тангараг өргөсөн, Шау гэж хүний оронд унтсан зэрэг үйлдэл нь үнэн бөгөөд үүнийг хэлсний төлөө нэр төрд халдсан гэж үзэхгүй. Миний бие үнэн бодитой баримтын хүрээнд С.Х-ын хууль бус, ёс зүйгүй үйлдлийн талаар бичсэн бөгөөд түүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

“Сагсай мэдээ” гэх хуудасны эзэмшигч, худал мэдээлэл тараасан этгээдийг олж тогтоохоор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа ба үүнийг олж тогтоогдсоны дараа энэхүү иргэний хэрэг хянан шийдвэрлэх боломжтой.

 

3. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан илт худал мэдээ тараасан Х.Д-ийн хууль бус үйлдлийг нь тогтоож, эдийн бус гэм хорын хохиролд 10,000,000 төгрөг гаргуулах, орон нутгийн радио болон мэдээ тараасан хэлбэрээр няцаалт хийхийг Х.Д-т даалгах тухай С.Х-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.Х-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Тухайлбал, анхан шатны шүүх “Сагсайлыктар” нүүр хуудас /facebook/-аар мэдээ тархсан байхад “Сагсай мэдээ” нүүр хуудас /facebook/-т тавьсан болгож, нотлох баримтыг тараасан хэлбэрийг буруу тодорхойлсон.

Цахим сүлжээнд “Сагсай мэдээ” гэх хуурамч хуудас, мөн “Сагсайлыктар” (Сагсайнхан) гэх хуудас тус тус байгаа бөгөөд нэхэмжлэгч С.Х- надтай холбоотой нэр төрд халдсан мэдээллийг хариуцагч Х.Д- нь 2020 оны 03 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд “Сагсайлыктар” (Сагсайнхан) гэх хуудсанд байршуулан олон нийтэд тараасан нь олон түмнийг өргөн хамарсан, олон нийтэд илэрхий болсоныг баталж байна.

Мөн Х.Д-ын “Сагсай мэдээ” гэсэн нүүр хуудас /facebook/-т 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр тавьсан мэдээлэл 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр устгагдсан, мөн Д.Х хаягаас 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр “Сагсай мэдээ” гэх Сагсай сумын иргэдийн группд тавьсан мэдээлэл мөн тухайн 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр устгагдсан гэж нотлох баримтанд буруу ташаа үнэлэлт, дүгнэлт өгсөн. Учир нь хариуцагч Х.Д-ын “Сагсайлыктар” (Сагсайнхан) гэх хуудсанд тавьсан мэдээлэлүүд нь 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр устгагдаагүй бөгөөд удаан хугацаанд байршиж, миний нэр төр, алдар хүндэд халдсан үйлдэл үргэлжлэн даамжирсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.

Нотлох баримтын эх сурвалж болох бичлэгүүдийг 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр “Сагсайлыктар” (Сагсайнхан) гэх хуудаснаас устгагдсан болох нь нотлох баримтаар батлагдаагүй байхад шүүх буруу дүгнэлт хийсэн байна. “Сагсайлыктар” (Сагсайнхан) гэх хуудасны шууд хэрэглэгч нь 1500 хүнтэй болох нь нүүр хуудсаар нотлогдож байхад анхан шатны шүүхээс “мэдээлэл тарсан хүрээг нарийвчлан тогтоох боломжгүй” гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцэхгүй байна.

Хариуцагчийн хүсэлтээр гэрчээр асуугдсан н.С, н.А нар нь хариуцагчийн ахан дүүс байгаа бол гэрч М.Хайса нь Т.Х-н баз, н.М нь нагац ах, гэрч н.Б нь Ардчилсан намын дарга байх тул гэрчүүд бүгд хариуцагчийн тойрон хүрээлэгч нар байгаа явдал нь зөвхөн гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэж, маргааныг хянан шийдвэрлэх нь нэг талыг барьсан асуудал болсон байна.

Анхан шатны шүүх хурлын үеэр нэхэмжлэгчийн болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг анхаараагүй, бичээгүй илт нэг талыг баримталж шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү.

 

5. Хариуцагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан. Х.Д- нь тодорхой мэдээллүүдийг 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр тавиад 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр устгагдсан. С.Х-тай Х.Д-ын аав Т.Х- ажлын өрөөндөө уулзсан. Уулзалтаар яригдсан бүх зүйлийг “Сагсайн мэдээ” хуудаст тавигдсан нь гэрчийн мэдүүлгүүд бусад нотлох баримтаар тогтоогдсон. С.Х- нь надад хамаагүй, би цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа гэж тайлбарладаг боловч энэ талаар баримт байдаггүй. С.Х-ын ойрын хүн болох М.А- гэх хүн хуурамч хаягийг хаасан гэсэн мэдүүлэг өгсөн, энэ талаарх сэтгэгдэлээ цахим хуудаст бичсэн байдаг. Сагсай мэдээ хуурамч хаягийг нээсэн хүн нь С.Х- юм. Мөн тархасан хүрээг тогтоосон, энэ талаар нотолсон баримт байхгүй. Анхан шатны шүүх гэрчүүдийн мэдүүлгийг бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж, шалтгаант холбоотой учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Түүнээс биш ямар ор үндэслэлгүй нэр төрд халдсан зүйл байхгүй. Гэрчүүдэд хууль сануулаад мэдүүлэг авсан учраас анхан шатны шүүх нотлох баримтаар үнэлсэн нь үндэслэлтэй. Орон нутгийн радиогоор нэр төрөө сэргээлгэх шаардлага нь тараасан хэлбэртэй нийцээгүй. 10,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа яаж үнэлж, ийм хохирол учирсан талаар баримтгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Нэхэмжлэгч гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. 

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянан хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч С.Х- нь хариуцагч Х.Д-т холбогдуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан илт худал мэдээ тараасан Х.Д-ийн хууль бус үйлдлийг нь тогтоож, эдийн бус гэм хорын хохиролд 10,000,000 төгрөг гаргуулах, орон нутгийн радио болон мэдээ тараасан хэлбэрээр няцаалт хийхийг Х.Д-т даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байх ба анхан шатны шүүх нэхэмжлэлийн эхний шаардлагыг хуульд нийцүүлэн зөв тодорхойлоогүй байна. Энэ алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой тул нэхэмжлэгч нь нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасныг сэргээлгэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж дүгнэв. 

 

Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч мэдээлэл бодит, үнэн зөв гэж маргасан.

 

3. Х.Д- нь өөрийн “Д.Х” гэх нүүр ном /facebook/ хаягаар “Саксайлыктар” нэртэй Сагсай сумын иргэдийн олон нийтийн сүлжээнд 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр “Сайн байцгаана уу, Сагсайн ард түмэн. Сүүлийн үед Сагсай мэдээ гэсэн аккаунтаар миний эцэг Тайв Хангай болон түүний хүүхдүүд болох Н.Х, А.А бид нарыг учиргүй харааж, буруутгаж нэр хүндэд халдаж, хоч зүүсэн үйлдлүүд цахим сүлжээнд хэд хэдэн удаа тархсан юм. Техникийн эрэл хайлтын ачаар уг Сагсай мэдээний эзэн нь луйварчин баригдлаа. Ард түмний хооронд яс хаяж байгаа уг увайгүй үхээнц рүү утасдаж, өөрт нь мэдэгдсэн чинь удалгүй хоёр цагийн дараа Сагсай мэдээ аккаунтыг устгачихлаа. Энэ бол өөрийгөө нотолж байгаагийн шинж. Үнэнд бурхан ээлтэй гэдэг шиг өнгөрсөн жилийн Назар аудар /Nazar audar/ болон “Сагсай мэдээ” хоёр нэг хүн болох нь нотлогдлоо, удахгүй нэрийг нь илчлэх болно” гэж,

Мөн 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр “Д.Х” нүүр ном /facebook/ хаягаар “Саксайлыктар” нэртэй Сагсай сумын иргэдийн олон нийтийн сүлжээнд “Сүүлийн үед ард түмнийг хоёр хэсэгт хувааж, гэмгүй хүмүүсийг харааж, буруутгаж, хүмүүсийн дунд яс хаяж, гайхалтай кино тоглож байгаа “Сагсай Мэдээ”, 2019 оны Назар Аудар /Nazar audar/ гэсэн нүүрний халхавч зүүсэн аккаунтын эзэн бол 2011-2012 оны МАХН-ын гишүүн, 2012-2016 оны ардчилсан намын гишүүн болж худалдагдсан, урвагч, луйварчин Сагсай сумын Засаг дарга, 2016 оноос сумын Монгол Ардын Намын дарга, Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч гишүүн, Сумын Засаг дарга, луйварчин, хоёр нүүртэй Секей овогтой Хонаев мөн болох нь шинжлэх ухаан техникийн эрэл болон өөрийнх нь хэд хэдэн үйлдлийн үндсэн дээр тодорхой болов, хуулийн байгууллагад өгсөн байгаа. Олон нийтийн сүлжээ интернетэд Сагсай сумаас фейсбүүкт орж байгаа нь илчлэгдлээ. Дайсан хавьцал доор нуугдана, дотроос гарсан дайсан аюултай гэж Казакын зүйр үгэнд хэлдэгчлэн ахан дүүс минь болгоомжтой байцгаагаарай” гэсэн мэдээллийг тус тус нийтэлсэн нь “Сагсай сум” гэсэн хаалттай группд “Д.Х” нэртэй хэрэглэгчийн оруулсан мэдээнд шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдсон. Хариуцагч Х.Д- нь мэдээллийг уг олон нийтийн цахим сүлжээнд нийтэлсэн талаар маргаагүй.

 

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ” гэж заасан бөгөөд хариуцагч Х.Д- нь Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зааснаар дээрх нийтлэл дэх мэдээллийг үнэн зөв гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.

 

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 5/43 дугаар тогтоол /1хх 34/, тус газрын 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн хариу мэдэгдэх хуудас /1хх44/, тус газрын мөн өдрийн прокурорын 5/25 тоот тогтоол /1хх 63/, прокурорын 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 5/96 тоот тогтоол, Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөгчийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн тогтоол /1хх 62/, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 08 дугаар тогтоол /1хх 250/-д Т.Х-н гомдолд дурдсан “С.Х- нь “Сагсай мэдээ” гэх нүүр ном /facebook/ хаягаар Т.Х- болон түүний хүүхдүүдийн нэр төрд халдсан, худал мэдээлэл тараах” гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй, гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэжээ. Мөн гэрч Т.Х- шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: “...Би Улаанбаатар хотоос 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ирэхэд Сагсай мэдээ гэх хаягтай facebook дээр намайг доромжилсон байсан, тэгээд би С.Х- даргатай уулзаж учир байдлыг хэлэхэд та битгий санаа зов ... гэсэн, 2020 оны 03 дугаар сарын 01-ний үед ... бид хоёр тэр хаягийн талаар нэлээд ярьсан, ... маргааш нь би гэртээ сууж байхад манай хүүхэд аав та үүнийг хардаа гэж Сагсай мэдээ гэдэг группт тавьсан шинэ пост харуулсан. Тэгээд би С.Х-тай утсаар ярихад тэр бол ардчилсан намын иргэдийн хийсэн зүйл гэсэн. ...Тэгээд манай хүүхэд “...яагаад хүн доромжилж байгаа юм бэ...” гэж С.Х-тай утсаар яриад энэ гарцаагүй чи эсвэл Ш.Нурбулан тавьсан гэж хардсан. Дараа нь 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 15 цагийн үед С.Х-тай утсаар ярьж байгаад “...чи мөн байна...” гэхэд тэр орой нь тэр групп хаагдсан” гэж, /хх-202, 203/ гэрч М.А- шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: “...С.Х-ыг намын нөхдийн хувьд танина, би Сагсай сумын уугуул иргэний хувьд Сагсай мэдээ группт байдаг байсан, тэр группт дандаа бие биеэ муулсан мэдээ тавьдаг, бусад сумууд зүгээр байхад манай сумын групп дээр хэрүүл маргаан байдаг. С.Х-ыг муулж бичиж бичиж мэдээ тавихад нь би репорт хийж хаасан тэгээд надад харагдахгүй болгож блок хийсэн, би энэ группээс гарлаа, би энэ группийг хаана гэж бичиж байсан...” ./хх 201-205/ гэсэн мэдүүлгийг үндэслэн Х.Д-ийн нийтэлсэн мэдээллийг үнэн зөв гэж дүгнэх боломжгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Х-ын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хариуцагч Х.Д- гутаасан байх тул нэхэмжлэгч С.Х-ын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээнэ. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй.

 

4. Дээрх “Д.Х” гэх нүүр ном /facebook/ хаягаар “Саксайлыктар” нэртэй Сагсай сумын иргэдийн олон нийтийн сүлжээнд 2020 оны 03 дугаар сарын 14, 15-ны өдөр нэхэмжлэгч С.Х-ын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасныг сэргээж, мэдээ тараасан хэлбэр болох “Д.Х” гэх нүүр ном /facebook/ хаягаар няцаалт хийхийг хариуцагч Х.Д-т даалгах нь зүйтэй. Тухайн мэдээлэл орон нутгийн радиогоор тараагдаагүй тул уг мэдээллийн хэрэгслээр няцаалт хийхийг хариуцагчид даалгах үндэслэлгүй байхаас гадна “Саксайлыктар” нэртэй Сагсай сумын иргэдийн олон нийтийн сүлжээ устгагдсан тул уг олон нийтийн сүлжээнд мэдээлэл байршуулах боломжгүй болно.

 

5. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.9 дэх хэсэгт “Энэ зүйлд заасан эрхийг зөрчсөн этгээд бусдад учруулсан гэм хорыг хохирогч буюу сонирхогч этгээдэд энэ хуулийн 497, 511 дүгээр зүйлд заасан журмын дагуу арилгана” гэж заасан ба мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.2 дахь хэсэгт зааснаар тухайн мэдээг тараасан арга хэрэгсэл, тарсан хүрээ, хохирогчийн сэтгэл санаанд учирсан үр дагавар зэргийг харгалзан үзэж эдийн бус гэм хорын хохирлыг тодорхойлохоор заасан байх ба нэхэмжлэгч нь хохирлыг тодорхойлж нотлох шаардлагатай.

 

Мэдээ тараасан арга хэрэгсэл нь “Саксайлыктар” нэртэй Сагсай сумын иргэдийн олон нийтийн сүлжээ байх бөгөөд мэдээлэл тарсан хүрээг 1500 хүнтэй гэж нэхэмжлэгч  тодорхойлсон боловч энэ талаар баримтгүйгээс гадна хохирогчийн сэтгэл санаанд учирсан үр дагаврыг нотолсон баримтгүй тул анхан шатны шүүх нэхэмжлэлээс эдийн бус гэм хорын хохиролд 10,000,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруу гэж үзэхгүй.

 

6. Х.Д- нь 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хувийн цахим зурвас /мессенжер/-аар “Би чиний МАХН-д элссэн нотлох баримтыг чинь олсон, 2016 онд Сагатбекийн гэрт талх барин тангараг өргөж, АН-д элссэн бичлэг чинь байна. Алтанбек Шау нарын гэрт согтуу очиж Шау-гийн оронд унтаж байсан бичлэг чинь байна. Эдгээрийг ил тавих уу яах уу, Сагсай мэдээ угаасаа чи ш дээ” гэж бичиж С.Х-т илгээсэн нь шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байна. Энэ хувийн цахим зурвас /мессенжер/-аар нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд үүссэн харилцаа тул уг мэдээлэл олон нийтэд тархаагүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хариуцагч гутаасан гэж үзэхгүй гэсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ. Иймд анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн энэ шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

7. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэсэн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт 2 нийтлэлийн хүрээнд буруу болсныг дурдах нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах  нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2021/03088 дугаар шийдвэрийн

 

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Д.Х” гэх нүүр ном /facebook/ хаягаар “Саксайлыктар” нэртэй Сагсай сумын иргэдийн олон нийтийн сүлжээнд 2020 оны 03 дугаар сарын 14, 15-ны өдөр нэхэмжлэгч С.Х-ын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг Х.Д- гутаасныг сэргээж, мэдээ тараасан хэлбэр болох “Д.Х” гэх нүүр ном /facebook/ хаягаар олон нийтийн сүлжээнд няцаалт хийхийг хариуцагч Х.Д-т даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас Х.Д- нь 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хувийн цахим зурвас /мессенжер/-аар нэхэмжлэгч С.Х-ын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасныг сэргээх болон орон нутгийн радиогоор няцаалт хийхийг хариуцагч Х.Д-т даалгах, эдийн бус гэм хорын хохиролд 10,000,000 төгрөг гаргуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7,1.1, 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Х-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Д-ээс 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Х-т олгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 319,344 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.     

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

                                      

                             ШҮҮГЧИД                                  Д.НЯМБАЗАР

                                                                                        

                                                                                  Э.ЗОЛЗАЯА