| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гантуяа |
| Хэргийн индекс | 191/2025/02840/И |
| Дугаар | 191/ШШ2025/06846 |
| Огноо | 2025-08-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 191/ШШ2025/06846
2025 08 13 191/ШШ2025/06846
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:*******/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоот хаягт оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД:*******, ИҮД:*******/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 20,960,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х.*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Х.******* миний миний бие өөрийн танил Ц.*******ийг мөнгө зээлээч гэхээр итгээд 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 19,000,000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл 45 хоногийн хугацаатай нэг сая төгрөгийн хүүтэйгээр Тоёота приүс 30 маркын улсын дугаартай авто машиныг барьцаалж зээлдүүлсэн болно.
Миний бие өөрийн Хаан банкны тоот данснаас Ц.*******ийн Хаан банкны тоот дандсанд 2024 оны 12 сарын 09-ний өдөр 18,000,000 төгрөг шилжүүлсэн, бэлнээр 1,000,000 төгрөгийг өгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүсэн болно.
Гэрээний хугацаанд буюу сарын хүү болох 1,000,000 төгрөг болон үндсэн зээлээс 2,000,000 төгрөг нийт 3 сая төгрөгийг Ц.******* дансаар буцаан шилжүүлсэн болно. Гэвч Ц.******* нь зээлийн гэрээний хугацаа дууссан байхад өнөөдрийг хүртэл зээлийн үлдэгдэл төлбөр болох 17,000,000 төгрөгийг өгөхгүй байгаа бөгөөд шаардахад удахгүй гэдэг боловч сүүлдээ шалтаг тоочоод өгөхгүй байна. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 17,000,000 төгрөг, зээлийн гэрээний 3.7-д заасны дагуу гэрээний хугацаа дууссан өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртлэх 62 өдрийн 117,000,000 төгрөгийн нэг өдрийн алданги 85,000 төгрөг/ алдангид 5,270,000 төгрөг нийт 22,270,000 төгрөгийг Ц.*******ээс гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Одоо бэлнээр өгсөн 1,000,000 төгрөгийн хэмжээгээр багасгаж түүний алдангийг тооцоолж нийт 1,310,000 төгрөгийн шаардлагаас татгалзаж байна. Нийт 20,960,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч Ц.Цотцэнгэл нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ц.******* Х.******* гэдэг хүнийг сайн танихгүй. Цэрэгт байсан найз гэдэг хүнээр нэг удаа холбогдоод анх уулзаад зээл авсан. ******* гэдэг хүнээс дансаар 18,000,000 төгрөг авсан. Бэлнээр ерөөсөө мөнгө аваагүй. 1,000,000 төгрөг бэлэн өгсөн гэдэг нь худлаа. 18,000,000 төгрөгийн зээл аваад хүүнд нь 2,000,000 төгрөг гэхээр өндөр хүүтэй гээд гэрээ хийж өгөхгүй байх тэгэхээр чи 19,000,000 төгрөг авсан гэж хэлээд эргээд төлөхдөө 20,000,000 төгрөг өгчих гэхээр нь тэгье гээд хэлсэн. ******* би ******* гэдэг хүнээс авсан мөнгөө Film Critic гэдэг кино компанид хулхидуулаад зээлээ төлж чадахгүй бөгөөд барьцаанд өгсөн машинаа нэр шилжүүлээд өгөхөөр ярилцаж тохирсон боловч удалгүй болилоо гээд над руу ярьсан. Одоо надад мөнгийг төлөх боломж байхгүй байгаа болохоор тохиролцоод бага багаар төлөх саналтай байна гэв.
2.1 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...эвлэрэн хэлэлцэх хугацаан дээр тохирохгүй байх тул бүхэлд нь эс зөвшөөрч байна. Зээлийн гэрээнд алданги тохирсон заалтыг бүрэн сайн ойлгоогүй гарын үсэг зурсан учир хүчин төгөлдөр бус хэлцэл үндэслэлээр бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Зээлийн гэрээний үүрэгт 18,000,000 төгрөгийг хүлээн авсан гэв.
3. Хэргийн оролцогчдоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:
3.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гарган өгсөн баримтууд: Улсын тэмдэгтийн хураамж нийт 269,300 төгрөг төлсөн баримт, Х.*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн дүгээр Зээлийн гэрээний хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, дансны хуулга, итгэмжлэл,
3.2 Хариуцагч нараас шүүхэд гарган өгсөн баримтууд: итгэмжлэл, тодорхойлолт зэрэг баримтууд хэргийн материалд авагдсан байна.
3.3 Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
4. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
5. Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч Ц.*******д холбогдуулан Зээлийн гэрээний үндсэн үүрэгт 17,000,000 төгрөг, алданги 5,270,000 төгрөг нийт 22,270,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
5.1 Нэхэмжлэгч шүүх хуралдаанд бэлнээр өгсөн 1,000,000 төгрөгийн шаардлагаас татгалзаж, гэрээний үндсэн үүрэгт 16,000,000 төгрөг, түүний алданги 4,960,000 төгрөг нийт 20,960,000 төгрөг гаргуулахаар мэтгэлцэж, нэхэмжлэлийн шаардлагаас 1,310,000 төгрөгийн шаардлагаас татгалзаж байна.
6. Хариуцагч Ц.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгийг бэлнээр аваагүй, үлдэх хэсгийг төлөх талаар бичгээр тайлбарласан боловч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч оролцсон.
7. Хэрэгт цугларсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
7.1 Нэхэмжлэгч Х.*******, хариуцагч Ц.******* нарын хооронд 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр дугаар Зээлийн гэрээ байгуулагдсан болох нь хэрэгт авагдсан Зээлийн гэрээгээр нотлогдож байна./хх-ийн 5-р тал/
7.2 Зээлийн гэрээний 3.1-т гэрээний хугацаа: 2024.12.09-2025.01.24 өдрийг хүртэл 45 хоногийн хугацаатай олгов, 3.2-т Зээлийн хэмжээ: 19,000,000 төгрөг, 3.3-т Зээлийн хүү: 1,000,000 төгрөг, Зээл олгох хэлбэр: бэлэн бусаар Хаан банкны тоот дансанд 2024.12.09-ний өдөр зээлдүүлэгч мөнгийг шилжүүлнэ, 3.6-д Эргэн төлөх нөхцөл: Хэсэгчлэн төлөх төлбөрийн хээмжээ 3,000,000 төгрөг, 7 хоног бүр, 3.7-д ...0.5 хувиар алданги тооцно гэж тус тус тохиролцжээ.
7.3 Талууд зээлийн гэрээний 3.5-д Барьцаатай гэж зааж, тээврийн хэрэгслийн гэрчилгээг гарган өгсөн боловч нэхэмжлэгч шүүхэд мөнгөн төлбөрийн шаардлага гаргасан, хариуцагч мөн уг үйл баримтын талаар маргаагүй тул шүүх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв./хх-ийн 6-р тал/
7.4 *******гийн *******гийн тоот дансны дэлгэрэнгүй хуулга баримтаар 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 18,000,000 төгрөгийг ******* гэх гүйлгээний утгаар дансруу шилжүүлсэн болох нь нотлогдож байна. /хх-ийн 8-р тал/
7.5 Түүнчлэн Х.*******гийн дансанд 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ******* гүйлгээний утгаар 3,000,000 төгрөгийн орлого орсон болох нь нотлогдож байна.
8. Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
8.1 Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж тус тус зааснаар хүчин төгөлдөр хэлцэл байна.
8.2 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зээлийн гэрээний дагуу 18,000,000 төгрөгийг шилжүүлэн хүлээн авсанд маргаангүй боловч алданги тохирсон заалтыг бүрэн ойлгоогүй гарын үсэг зурсан гэж мэтгэлцсэн. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна, 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно, 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт Бичгээр хийх хэлцлийг дараахь тохиолдолд хийсэн гэж үзнэ: 43.2.1.талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан гэж тус тус зааснаар дээрх зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр байгуулагдсан гэж үзнэ.
8.3 Түүнчлэн хариуцагч талын шүүх хуралдаанд гаргасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэх тайлбар үндэслэлгүй.
Учир нь хэрэгт авагдсан баримтаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэлд хамаарах, гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх баримт авагдаагүй байна.
Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн зорилт нь барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагааг байнга, ашиг олох зорилгоор эрхлэх иргэнийг бүртгэх, хяналт тавих, тэдгээрээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох, зээл, түүний хүүг төлөх болон мөнгөн зээлийн үйл ажиллагаанд хэрэглэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж заасан ба нэхэмжлэгч Х.*******г мөнгөн зээлийн үйл ажиллагааг байнга, ашиг олох зорилгоор эрхлэх иргэн гэж үзэх баримтгүй.
8.4 Нэхэмжлэгч Зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн 18,000,000 төгрөгөөс 3,000,000 /үндсэн зээл 2,000,000 төгрөг, хүү 1,000,000 төгрөг/ төгрөгийг хариуцагч төлсөн үндэслэлээр үндсэн үүрэгт 16,000,000 төгрөг, түүний алданги 4,960,000/80,000х62 хоног/ төгрөг нийт 20,960,000 төгрөг шаардсан. Нэхэмжлэгч тал хариуцагчийн бэлнээр шилжүүлж аваагүй гэх 1,000,000 төгрөг, түүний алдангийн хамт нийт 1,310,000 төгрөгийн шаардлагаасаа татгалзсан.
Гэрээний талуудын хооронд 18,000,000 төгрөг шилжүүлсэн болон 3,000,000 төгрөгийг хариуцагч төлсөн болох нь дансны хуулга баримт, зохигчийн маргаангүй тайлбараар нотлогдож байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дэх хэсэгт 232.6.Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ заасан ба хариуцагч нь гэрээгээр тохирсон алдангийг нэхэмжлэгч талд төлөх үүрэгтэй.
8.5 Иргэний хуулийн 189 дүгээр зүлйийн 189.1 дэх хэсэгт Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмыг, мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж үүрэг гүйцэтгэх зарчмыг тус тус тусгасан болохыг дурдав.
9. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Ц.*******ээс зээлийн гэрээний үндсэн үүрэгт 16,000,000 төгрөг, алданги 4,960,000 төгрөг нийт 20,960,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.*******д олгож шийдвэрлэв.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 269,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 269,300 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Ц.*******ээс зээлийн гэрээний үндсэн үүрэгт 16,000,000 төгрөг, алданги 4,960,000 төгрөг нийт 20,960,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.*******д олгосугай.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага 22,270,000 төгрөгийн шаардлагын 1,310,000 төгрөгөөс татгалзсан болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 269,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 269,300 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА