Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 223/МА2022/00010

 

                                                          

 

 

 

“Х б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Т.Энхмаа, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 151/ШШ2021/00965 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Х б ХХК”-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Пд холбогдох,

Зээлийн гэрээг цуцлуулах, гэрээний үүрэгт 19 011 906.06 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваасүрэн, Ц.Анхбаяр, хариуцагч Б.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Анхбаяр нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...“Х б” ХХК-ийн Баянчандмань салбараас Ш.Эрдэнэбаатар, Б.П нар нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ЗГ/201844225631 тоот зээлийн гэрээ байгуулан 19 977 449.10 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар зээлсэн. Зээлийн гэрээний барьцаанд зээлдэгч Ш.Эрдэнэбаатар, Б.П нарын өмчлөлийн гэрийн эд хогшил, зээлдэгч Ш.Эрдэнэбаатар, Б.П нарын өмчлөлийн цалин болон түүнтэй адилтгах орлогыг барьцаалуулсан. Зээлдэгч нар нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ЗГ/201844225631 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 4 054 154.31 төгрөг, хүүгийн төлбөрт 5 095 398.15 төгрөг, нийт 9 149 552.46 төгрөг төлсөн. Зээлдэгч Ш.Эрдэнэбаатар нь 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр нас барсан. Иймээс зээлийн гэрээний дагуу төлбөл зохих төлбөрүүдийг Б.Паас 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөр тасалбар болгон үндсэн зээл 15 923 294.79 төгрөг, хүү 3 088 611.27 төгрөг, нийт 19 011 906.06 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

Хариуцагч Б.П шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...“Х б ХХК-ийн Баянчандмань салбараас цалингийн зээлийн гэрээгээр нэхэмжилж байгаа 19 977 449,10 төгрөгийг дараах үндэслэлээр төлөхгүй, төлөх төлбөрийн чадваргүй байна. Тухайн зээл нь цалингийн зээлийн бүтээгдэхүүн бөгөөд тухайн зээлийн гэрээний 3.2.2-д заасны дагуу цалингийн зээлийн хувьд зээл олголт, эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацааг үл харгалзан зээлдэгчийн дансанд цалин орсон тухай бүр зээлийн төлбөрийг суутгах авах ёстой. Гэтэл зээлдэгч Ш.Эрдэнэбаатар 2020 оны 04 сарын 10-ны өдөр өвчний улмаас нас барсан бөгөөд түүний 5735185626 тоот дансанд энэ цалингийн зээлийн бүтээгдэхүүний гол төлбөр болох цалин орох нөхцөлгүй болсон. Хамтран үүрэг гүйцэтгэгч Б.П миний бие Төв аймгийн Баянчандмань Политехникийн коллежид математикийн багш ажилтай, үндсэн цалин 895 945 төгрөг. авдаг. Төрийн банканд цалингийн зээлийн гэрээтэй бөгөөд сард 2 удаа, нийт 6 880 007 төлдөг. Энэ цалингийн зээл 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр дуусах бөгөөд зээлийн үлдэгдэл 14 722 890.01 төгрөг байна. Иймээс Б.П миний бие иргэний хувьд олдог ганц орлого багшийн цалингаасаа талийгаачийн энэ зээлд төлбөр төлөх боломж байхгүй. Миний бие 5 хүүхэдтэй. Тэдний 4 нь насанд хүрээгүй тул өрх толгойлсон эмэгтэй би дээрх цалингийн үлдэгдэл орлогоор хүүхдүүдийнхээ хэрэгцээ, амьжиргааг хангаж хүрэлцэхгүй амьдардаг. Манай гэр бүл бүгд газар эзэмшээгүй, өмчлөөгүй, орон гэргүй бөгөөд өнчин 5 хүүхдийн хамт төрийн өмчит Баянчандмань Политехникийн коллежийн багш нарын төрийн өмчийн байранд түрээс төлж амьдардаг. Төв аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүх миний амьдралын боломжгүй байдал, өнчин 5 хүүхэд, насанд хүрээгүй 4 хүүхдийн ирээдүйн амьдралын байдлыг муудуулахгүй байхыг харгалзан үзэж дээрх баримт, тайлбарыг үндэслэн “Х б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-д заасныг баримтлан хариуцагч Б.Пд холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 19 011 906.06 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Х б” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 323 084 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Шүүх хэрэгт авагдсан ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй болно.

Шүүхээс банк нь хамтран үүрэг гүйцэтгэгчээс үүргийг шаардах эрхгүй, гэрээний үүрэг дуусгавар болсон гэж Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсгийг тус тус буруу хэрэглэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

 

1. Хамтран үүрэг гүйцэтгэгчээс үүргийг шаардах эрхтэй талаар:

Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Паас зээлийн үүргийг шаардах нь Иргэний хуулийн 451.1-т заасантай нийцэхгүй гэж үзсэн нь хуулийг буруу ойлгож хэрэглэсэн, мөн хуулийн 242 дугаар зүйлд заасан Хамтран үүрэг гүйцэтгэгчид хэсгийг хэрэглэлгүй зээлдэгчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Тодруулбал зээлдэгч Ш.Эрдэнэбаатар, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.П нар нь банктай 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ЗГ/201844225631 тоот зээлийн гэрээ байгуулан 19 977 449.10 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар зээлсэн нь Иргэний хуулийн 451.1-т заасантай нийцсэн буюу талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн. Уг гэрээнд Б.П нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр орж хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсгээ зурж баталгаажуулсан, мөн хамтран үүрэг гүйцэтгэгчээр орох өргөдөл гараар бөглөн өгсөн байдаг.

Иргэний хуулийн 242.1-т "Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ." гэж зааснаас үзэхэд Б.П нь хамтран үүрэг гүйцэтгэгч мөн юм.

 

Банк хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Паас үүргийн гүйцэтгэлийг дараах үндэслэлээр шаардах эрхтэй болно.

- Иргэний хуулийн 242.3-д "Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна." гэж заасан.

- Зээлийн гэрээний 5.1.7-д "Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол Банк үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй бөгөөд Зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн хэнээс нь ч бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах,” гэж заасан үндэслэлтэй байна.

 

2.  Гэрээний үүрэг дуусгавар болоогүй талаар:

Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 240.1.2-т заасан "үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан;" үндэслэлээр зээлдэгчийн үүрэг дуусгавар болгосон гэж дүгнэсэн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Дээрх шүүхийн дүгнэлт нь Үүрэг гүйцэтгэгч нас барсан, түүний оролцоогүйгээр үүргийг биечлэн гүйцэтгэх боломжгүй болсон буюу хамтран үүрэг гүйцэтгэгчгүй тохиолдолд хамаарч болох юм. Харин талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хувьд хамтран үүрэг гүйцэтгэгчтэй, Б.П нь гэрээний нэг талд хамтран үүрэг гүйцэтгэгч болж үүрэг хүлээсэн байх тул хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасан үндэслэлд хамаарахгүй.

 

Мөн Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2-т "хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ" гэж заасны дагуу үндсэн зээлдэгч нас барснаар зээлдэгчийн эрх, үүрэг нь хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Пд шилжсэн болно.

Иймд хариуцагч Б.Паас үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь хуульд нийцэж байх тул дээрх үндэслэлүүдээр Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 151/ШШ2021/00965 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваасүрэнгийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч “Х б” ХХК хариуцагч Б.Пд холбогдуулан зээлийн гэрээ цуцлуулах, гэрээний үүрэгт нийт 19 011 906.06 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

 

 

“Х б” ХХК нь  Ш.Эрдэнэбаатар, Б.П нартай 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр №ЗГ/201844225631 дугаар  Зээлийн гэрээ бичгээр байгуулж, Ш.Эрдэнэбаатар үндсэн зээлдэгчээр, Б.П хамтран  зээлдэгчээр  тус тус оролцож, “хэрэглээний  зориулалт”-аар зээлийн үлдэгдэл 18 977 449.1 төгрөгийн зээл дээр нэмж 1 000 000  төгрөг, нэмэлт гэрээ байгуулан,  нийт 19 977 449.1 төгрөгийг  жилийн 16.8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаанд “Зээлийн эргэн төлөлтийн хуваарь”-ийн дагуу төлөхөөр, барьцааны зүйл нь зурагт, хөргөгч, нөүтбүүк, шарах шүүгээ, суурин компьютер, цалингийн орлого зэргийг барьцаалж №БГХ201844225631 тоот Барьцааны гэрээ байгуулан барьцаалуулахаар тохирчээ. /хх-15-20 тал/

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээний талууд хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурж баталгаажуулсан, хүчин төгөлдөр гэрээнүүд  байна.

 

Зээлдүүлэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 20200722-1 дугаартай ”Зээл төлөх мэдэгдэл”, мөн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 20201023/02 дугаартай “Зээлийг буцаан шаардах мэдэгдэл” зэргээр удаа дараа мэдэгдсэн боловч зээлдэгч, хамтран хариуцагч нар нь зээл, зээлийн хүүг “Зээлийн эргэн төлөлтийн хуваарь”-т заасан хугацаандаа төлөлгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн үйл баримт тогтоогджээ.

 

“Х б” ХХК зээлдэгч Ш.Эрдэнэбаатар, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.П нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу зээлдэгч нь “Зээлийн эргэн төлөлтийн хуваарь”-т зааснаар үндсэн зээлд 4 054 154.31 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 5 095 398.15 төгрөг нийт 9 149 552.46 төгрөгийг төлсөн байна.

Үндсэн зээлдэгч  Ш.Эрдэнэбаатар нь 2020 оны 04 сарын 10-ны өдөр нас барсан байх бөгөөд  анхан шатны шүүх үүргийн гүйцэтгэл нь үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тул хамтран зээлдэгч гэж гэрээнд заагдсан хариуцагч Б.Пд хамаарахгүй гэж  хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийн хууль буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

 

Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-д үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч нас барсан үндэслэлээр үүрэг дуусгавар болохоор заасан. Тухайлбал үүргийн гүйцэтгэл нь үүрэг гүйцэтгэгчийн зайлшгүй гүйцэтгэх ёстой үүрэг мөн бол үүрэг гүйцэтгэгч нь нас барсан үйл баримтын улмаас уг үүргийн гүйцэтгэлийг биечлэн гүйцэтгэх боломжгүйд хүрэх учраас тухайн үүрэг гүйцэтгэгчийн хувьд үүрэг дуусгавар болох ойлголт юм.

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2-д заасан зохицуулалтаар  хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар үүсэх бөгөөд  “Х б” ХХК болон үндсэн зээлдэгч Ш.Эрдэнэбаатар, хамтран зээлдэгч  П.П нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан Зээлийн гэрээний Дөрөв. Зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн эрх, үүрэгт  хамтран үүрэг гүйцэтгэгч зээлдэгчийн нэгэн адил мөнгөн төлбөрийн нийтлэг үүргийг хүлээх талаар тодорхой  тусгагдсан байх тул  зээлдэгч нас барснаар үүргийн гүйцэтгэл дуусгавар болохгүй юм.

Өөрөөр хэлбэл зээлийг  Ш.Эрдэнэбаатар, Б.П нарт олгосон бөгөөд хамтран зээлдэгч нь банкны өмнө санхүүгийн хариуцлага хүлээх үүрэг хүлээж  гэрээ байгуулагдсан байна.

 

Иймээс хамтран үүрэг гүйцэтгэгч Б.П нь зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээсэн тул банктай байгуулсан гэрээг дагаж мөрдөх ёстой. Үндсэн зээлдэгч нас барсны дараагаар  зээлийг эргүүлэн төлөх хүн нь хамтран зээлдэгч байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваасүрэнгийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч “Х б” ХХК нь зээлдэгч Ш.Эрдэнэбаатар, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.П нартай байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 15 923 294.79 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3 088 611.27 төгрөг нийт 19 011 906 төгрөгийг хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Паас шаардах эрхтэй байна.

 

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 242 дугаар зүйлийн 242.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Паас 19 011 906.06 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х б” ХХК-д олгох үндэслэлтэй байна.

                Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг баримтлан ТОГТООХ нь:

1.Төв  аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 151/ШШ2021/0965 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 242 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Паас 19 011 906.06 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х б” ХХК-д олгосугай” гэж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч Б.Паас улсын тэмдэгтийн хураамжид 323 084 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х б” ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваасүрэнгийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253 084  төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.МӨНХДАВАА

                   ШҮҮГЧИД                                           Т.ЭНХМАА

                                                                               Р.МӨНХ-ЭРДЭНЭ