| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гантуяа |
| Хэргийн индекс | 191/2025/04695/И |
| Дугаар | 191/ШШ2025/06868 |
| Огноо | 2025-08-14 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 191/ШШ2025/06868
2025 08 14 191/ШШ2025/06868
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Гантуяа би,
Нэхэмжлэгч: тоот хаягт оршин байх, ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоот хаягт оршин суух, *******ын ******* /РД:*******/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 20,188,602.74 төгрөг гаргуулах, автомашинаар үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай байгууллага нь 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр №******* тоот Зээлийн гэрээ болон Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг байгуулан 18,000,000 /арван найман сая/ төгрөгийг, сарын 2,5 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатайгаар Монгол улсын Иргэний хууль, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг тус тус үндэслэн байгуулсан. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр ******* маркийн 61-42 УАМ улсын дугаартай, арлын ******* дугаар бүхий цагаан өнгийн 2017 онд үйлдвэрлэгдсэн суудлын зориулалттай авто машиныг Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.2-т "Шилжүүлсэн хөрөнгийг үүрэг хүлээгч ашиглах эрхтэй байхаар гэрээнд зааж болно." гэж заасны дагуу хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг байгууллага руу шилжүүлж, харин хөрөнгийг үүрэг хүлээгч ашиглаж байхаар гэрээ байгуулсан байдаг. Зээлдэгч нь 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Зээлийн гэрээ байгуулснаас хойш үндсэн зээлийн үлдэгдлээс болон хүүгийн үлдэгдлээс зээлийн төлөлт хийгээгүй болно. Иймд Зээлийн гэрээний 2.2-д "Зээлдэгч гэрээний хавсралт-1-д дурдсан хуваарийн дагуу авсан зээлийг түүний хүүгийн хамт хугацаанд нь зээлдүүлэгчид буцаан төлөх үүрэгтэй" гэж заасан ч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчаас дараах төлбөрийг нэхэмжилж байна.
Иймд хариуцагч Б.*******эс 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөр тооцож дараах төлбөрийг нэхэмжилж байна. Үүнд: 1. Үндсэн зээл 18,000,000 /арван найман сая төгрөг / 2. Хуримтлагдсан хүү 1,823,835.62/нэг сая найман зуун хорин гурван мянга найман зуун гучин таван төгрөг жаран хоёр мөнгө / 3. Нэмэгдүүлсэн хүү 364,767.12 /гурван зуун жаран дөрвөн мянга долоон зуун жаран долоон төгрөг арван хоёр мөнгө /-ийг, нийт 20,188,602.74 /хорин сая нэг зуун наян найман мянга зургаан зуун хоёр төгрөг далан дөрвөн мөнгө / улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258,894 /хоёр зуун тавин найман мянга найман зуун ерэн дөрвөн төгрөг/-ийн хамт нэхэмжилж байгаа бөгөөд зээлийн гэрээний төлбөрийг №******* тоот Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр манай байгууллагын өмчлөлд шилжүүлсэн, авто машинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
Талууд нь шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:Нэхэмжлэгч нь автомашинаар үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Хариуцагч нь миний бие ******* ББСБ ХХК-аас 20,188,602.74 төгрөгийг авсан нь үнэн болно. Уг мөнгийг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна гэжээ.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 20,188,602.74 төгрөг гаргуулах, автомашинаар үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан.
Нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгч нь автомашинаар үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагаасаа татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага нийт 20,188,602.74 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор бүрэн төлөхөө хүлээн зөвшөөрсөн нь шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч талууд эвлэрсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. Мөн хуулийн 74.2-т хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэж зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч нь автомашинаар үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага нийт 20,188,602.74 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлөхөө зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, 258,894 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 164,547 төгрөгийг, хариуцагч Б.*******эс 164,547 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Н.ГАНТУЯА