Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 409

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч    Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвахүү,

улсын яллагч Д.Ууганцэцэг /томилолтоор/,

шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Ж.Гантулга /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 1163/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Н.Б-д холбогдох эрүүгийн 00000000 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Н.Б- нь Монгол Улсын иргэн, 1978 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, “Сапорт Сервис Монголия” ХХК-нд үйлчлэгч ажилтай, ам бүл 5, нөхөр, 3-13 насны хүүхдүүдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 38 дугаар гудамжны, 19 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:ЧВ78111767/.   

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга.

Н.Б нь 2017 оны 12 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө __________тоотод иргэн Д.С-ог нөхөртэйгээ хардсаны улмаас зодож биед нь хэвлий, цээж, зүүн бугалга, баруун гуя, хонго, шилбэ, ташаанд цус хуралт, баруун, зүүн хацар, духанд зулгаралт, хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б: Мэдүүлэг гаргахгүй гэв.

 

Хоёр. Эрүүгийн 0000000000 дугаартай хэргээс:

 

1.Хохирогч Д.С-гийн хэрэг бүртгэлтэд 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр мэдүүлсэн “...Би тэр өдөр гэртээ байсан. Тухайн үед би хувийн сууцандаа /байшинд/ ганцаараа байтал нэрийг нь мэдэхгүй, урд нь огт харж байгаагүй сүүлд мэдснээр В- гэж дууддаг залуу архи уучихсан халамцуу манайд гартаа талыг нь уусан 1 шил архи барьчихсан 23 цагийн үед орж ирээд чамтай танилцмаар байна авч яваа архиа хувааж уучихаад гарах уу, чамайг харж явдаг гэх утга учиртай юм хэлсэн. Уг нь манайх хэцүү нохойтой боловч тэр ороод ирсэн байсан. Гэрт орж ирэхдээ манай байшингийн гаднах үүдний таамбарын /амбаар гэх/ хаалгыг түгжсэн юм билээ. Тухайн үед би мэдээгүй бөгөөд нөгөө залууг гэрээс гар гэсэн. Тэр орж ирээд 5 минут орчмын дараа гэрийн хаалга хүн цохихоор нь хаалга тайлтал танихгүй эмэгтэй орж ирсэн. Намайг хаалга тайлах гээд байшингаас гарахад нөгөө залуу орон дээр сууж байсан. Харин буцаад ороод иртэл хувцасны шкаф руу орчихсон байхаар нь эхнэр чинь ирчихсэн байна, гараач чи гэтэл тэр гарч ирсэн. Эхнэр нь гадуур хувцсаа тайлж над руу дайрч, этгээд гаж буруу үгээр намайг хэлж “яадаг муу янхан бэ” гэх мэтээр улмаар зодож манай гэрийн дэгээ төмрөөр миний нуруу орчимд хэд, хэдэн удаа цохиж, цохисон тоог нь хэлж мэдэхгүй, мөн үснээс зулгааж гараараа доош дарж хүн харах эрхгүй болгоод өгнө чамайг гэж нүүр маажиж гэмтээсэн. Сүүлд харахад баруун нүдний доод хэсэгт хумсаараа маажиж гэмтэл учруулсан. Тэр үед нөхөр нь эхнэрээ болиулах гэж ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Би чамтай ямар нэгэн хамаарал байхгүй чи хэлээч гэхэд тэр миний буруу, бид хоёр унтаж хэвтсэн зүйл байхгүй, наад эмэгтэйд чинь буруу байхгүй гэж хэлсэн боловч эхнэр гэх Н.Б- нь муу янхнууд та нар бие биенээ өмөөрч байна гээд итгээгүй. Тухайн үед би гэрээс гарч зугтааж гэрийн ойролцоо байдаг манай хүргэн дүү П.Үүрцайхын төрсөн ах Б.гийнд орж болсон асуудлыг хэлж намайг хүмүүс зодоод байна гэтэл Н.Б- нь араас орж ирээд “яадаг муу янхан бэ чамайг хаана байсан ч ална” гэж хэлээд дахин миний үснээс зулгааж дарсан. Мөн хөлөөрөө миний гуя, бөгс, гэдэс, хөл орчимд өшиглөж зодсон. Гэтэл Н.Б-гийн төрсөн эгч гэх А- гэдэг эмэгтэй орж ирж айлын гэр бүл үймүүллээ гэж мөн л намайг үсдэж гараараа базаж хөл, гар луу өшиглөсөн. Тэр хоёр хоёулаа намайг үсдэж цохиж, зодсон. Гэхдээ илүү их зодсон хүн Н.Б- юм. Б.гийнд байх үед тэр хоёрын хэн хэн нь миний аль хэсэгт ямар байдлаар өшиглөж зодсон эсэхийг тодорхой хэлж мэдэхгүй байна. Миний хувьд биеийн эрүүл мэнд болон сэтгэл санааны хувьд маш их гомдолтой байна. Тухайн үед энэ асуудлаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. ... Анх эхэлж намайг зодож дэгээ төмрөөр цохиж, улмаар үснээс зулгааж газарт унагаж цохиж зодсноор тухайн гэмтлийг Н.Б учруулсан. Харин сүүлд түүний төрсөн эгч гэх А- нь орж ирж мөн л намайг цохисон боловч тухайн үйлдлийн улмаас гэмтэл учруулсан эсэхийг мэдэхгүй. Гэхдээ би Н.Б, А- хоёрт адилхан гомдолтой. Харин гэмтэл учруулсан Н.Бд эрүүгийн хуулиар, харин А-д зөрчлийн хуулиар арга хэмжээ авахуулах хүсэлтэй байна. ...” гэх мэдүүлэг [1],

 

2. Гэрч П.Б-ы мөрдөн байцаалтад 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлсэн “...2017 оны 12 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө байсан. ...хашааны хаалга нүдээд байсан. Тэгсэн гаднаас хамаатны С- нь намайг хүн аллаа гээд орилоод ороод ирсэн. Би гэрлээ асаагаад “яасан бэ” гээд хартал С-огийн баруун нүдний доод хэсэгт маажуулсан байсан. Араас нь гаднаас нэг махлагдуу эмэгтэй орж ирээд чи “манай нөхрийг шкафандаа нуудаг хэн бэ” гээд чарлаад С-ог үсдээд авсан, би болиулсан. Тэгтэл туранхай эмэгтэй араас нь орж ирээд хэрүүл хийгээд байсан. Тэгээд нөгөө туранхай, бүдүүн хоёр эмэгтэй С-ог дахин үсдээд газар унагаагаад, тэр хоёр хүүхэн нийлээд өшиглөөд, цохиод байхаар нь би тэр хоёр эмэгтэйгийн гарыг нь салгаад болиулсан. Бүдүүн хүүхний нөхөр нь эхнэрийгээ аваад гараад гарсан. С- манайд үлдээд цагдаа дуудсан. ...” гэх мэдүүлэг [2]

 

3. Гэрч Н.А-гийн мөрдөн байцаалтад 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр мэдүүлсэн “...Тухайн өдөр би ажлаа тараад гэртээ байсан. Д.С-огийн гэр манай гэрийн ойролцоо байдаг. ...2017 оны 12 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 01 цаг өнгөрч байхад гадаа хүмүүс орилолдох чимээ гарсан. Би гэрээс гартал манай доод айл /Б.гийн хашаанд/ хүн орилолдох чимээ гараад тийшээ яваад ортол Б.гийн гэрт миний танил Д.С-о, миний төрсөн дүү Н.Б нар хоорондоо хэрэлдэж байсан. Н.Б нь “чи яахаараа манай нөхөртэй ингэж явдаг юм” гэж нөхрөө Д.С-отой хардаж хэрэлдэж байсан. Тэр хоёр зууралдаж Н.Б нь бухимдаж Д.С-о руу дайрахад Б. ах салгаад байсан. Н.Б- нь бас түүнийг үснээс нь нэг удаа зулгаасан. Юу болсон талаар Н.Бгаас асуухад Д.С-о нь Ю.В-гийн хамт гэртээ согтуу байсан байна, тэгээд удаж байгаад хаалгаа тайлж гэрт нь орж нөхрөө асуутал хувцсаны шүүгээнд байна гэж хэлээд тэндээс Ю.В- нь гарч ирсэн гэсэн. Мөн унтах ороо зачихсан байсан гэсэн. Ю.В- нь Д.С-отой урд нь ямар нэгэн харьцаа үүсгэж байгаагүй. Ю.В- зуны улиралд барилгын салбарт ажилладаг болохоор зав, чөлөө гэж гардаггүй...” гэх мэдүүлэг [3],

 

4. Гэрч Ю.В-гийн мөрдөн байцаалтад 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр мэдүүлсэн “...Би тэр өдөр Б. гэдэг айлд очиж тэдний ажлыг хийж өгчихөөд 1.5 литрийн 1 пиво уусан. Тэднийд байхад би “Д.С-ог дуудаад өгчих” гэхэд Б. ах “чи яах гээд байгаа юм бэ” гээд дуудаж өгөөгүй. Харин пиво дууссаны дараагаар дахиад нэг юм уумаар санагдаад байхаар нь 1 шил “Хараа” нэртэй 0.33 граммын архи авч Д.С-огийн гэрт очиж түүнтэй уулзаж ганц шил архи хувааж уумаар байна гэхэд тэр зөвшөөрч би тэднийд орсон. Орой 22 цагийн үед очсон. Нөгөө архиа хувааж уугаад тухайн үед би нилээн согтсон байсан. Би Д.С-отой Б. ахынд таарч 2017 оны зун танилцаж байсан. 2017 оны 12 дугаар сарын 14-ний шөнө тэднийд байхад манай эхнэр намайг хайж яваад миний машиныг харчихаад Д.С-огийнд ирсэн. Гаднаас хаалга хүчтэй цохиод орж ирсэн. Д.С-о гэрийнхээ хаалгыг тайлсан. Тухайн үед манай эхнэр ирж байна гэдгийг би мэдчихээд сандрахдаа хувцасны шүүгээнд орж нуугдсан. Гэтэл гаднаас эхнэр орж ирээд манай нөхөр хаана байна гэхэд Д.С-о миний байгаа газрыг хэлж би тэндээс гартал эхнэр уурлаж Д.С-ог үсдэж, тэр бас өмнөөс нь үсдэж тэр хоёр дээр, доороо орж зууралдсан, би тэр хоёрыг салгасан. Тэр үед эхнэртээ би Д.С-отой ямар нэгэн харьцаанд орсон асуудал байхгүй гэж хэлсэн боловч тэр ойлгож итгээгүй. Харин Д.С-о гэрээсээ гарч Б.гийнд очиж хашааны хаалгаар орсон. Би араас нь ирэхэд тэр хоёр тэдний гэрт орчихсон хэрэлдэж байсан. Гэтэл гадаа чимээ гарсныг сонсоод Н.Бгийн төрсөн эгч Н.Апимаа нь ирж удалгүй бид нар харьцгаасан. ...” гэх мэдүүлэг [4],

 

5. Н.Бгийн мөрдөн байцаалтад яллагдагчаар 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр мэдүүлсэн “...Би энэ өдөр ажлаа тараад 18 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Гэтэл манай нөхөр Ю.В- гэртээ байгаагүй. Яасан талаар нь хүүхдээсээ асуухад манай хорооны иргэн Б. ах, Нараа эгч хоёртой пиво аваад хамт явсан гэсэн. Гэхдээ түүнийг бага зэрэг ууж байгаад ирэх байх гэж бодоод хэсэг хүлээсэн, 01 цаг өнгөртөл ирээгүй. Нөхөр Ю.В- нь машинтайгаа явсан болохоор би санаа зовоод гэрээс гарч түүнийг хайсан. Гэтэл Д.С-огийн гадаа машин нь байсан. Д.С-о бид хоёр хоорондоо уулзаж харьцаж байгаагүй. Зүгээр л түүнийг манай тэр хавиар яваад байдаг архи их уудаг, элдэв бус асуудалд их ордог, заримдаа бүр өөрийгөө хариуцах ямар ч чадваргүй болтлоо согтчихсон хэвтэж байдаг, хувийн байдал их муутай гэдгээр нь би мэддэг болохоор тухайн үед бухимдаж тэдний байшин руу орох гэтэл хаалгаа дотроосоо түгжчихсэн байсан. Тэгээд хаалгыг нь цохисоор байж /15-20 минут/ ортол Д.С-о нь архи уучихсан унтахаар ороо засаж бэлдчихсэн байсан. Манай нөхөр хаана байна гэхэд хувцасны шүүгээнд байгаа гэж хэлсэн. Тэр үед би бүр бухимдаж уур хүрэхдээ биеээ барьж чадалгүй түүнийг үсдэж аваад тэр ч намайг үсдэж авч бид харилцан зууралдаж дээр, доороо орж унасан. Гэхдээ би түүнийг галын дэгээ төмрөөр 2-3 удаа цохисон. Тухайн үед манай нөхөр бид хоёрыг салгасан. Гэтэл тэр гэрээсээ гарч ахынх руугаа явсан. Би түүний араас явж Б. гэдэг ахынд нь ортол тэр орон дээр нь сууж байсан. Тэнд дахиад бид хоёр нэгнийхээ үснээс зулгаалцах үед Б. ах бид хоёрыг салгасан. Би тэд нараас та нар яахаараа ингээд нийлж аваад архидаад байдаг юм бэ, манай нөхөртэй хамт гэртээ согтуу байсан байна гэж хэлж, мөн Д.С-о бид хоёр хэрэлдэж байтал манай төрсөн эгч Н.Апимаа орж ирсэн. Гадаа гарсан чимээ сонсоод орж ирсэн байсан. Мөн л уурлаж загнасан. Б., Нараа хоёр бид нарыг одоо больцгоо гээд гэрээсээ гаргаж бид нар харьцгаасан. ...” гэх мэдүүлэг [5],

 

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүний биед шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн 365 тоот үзлэгийн:

Болсон хэргийн товч: Шинжээч томилсон тогтоолд: 2017.12.14-нөөс 15-нд шилжих шөнө үл таних эмэгтэй намайг зодож гэмтээсэн гэх.

Хэсэг газрын үзлэгт: Хэвлийд 13х3,0см, нуруунд 13х4,5см, цээжний баруун хажуу хэсэгт 8,0х3,5см, зүүн бугалганы гадна доод хэсэгт 12х4,0см, баруун гуяны урд дунд хэсэгт 14х15см, баруун хонгонд 16х9,5см, зүүн гуяны гадна дунд хэсэгт 5,5х3,5см, 7,5х5,5см, баруун шилбэний урд дээд хэсэгт 8х4,5см, дотор доод хэсэгт 6,0х,3.5см, баруун ташаанд 11х4 см хөхөлбөр өнгийн цус хуралттай. Баруун хацарт 3.2х0.2 см, духанд 2,0х0,2см, 0,2х0,3см, зүүн хацарт 0,4х0,2см, 0,2х0,2см, хүрэн өнгийн зулгаралттай. Дагзны хуйх 1,5х1,5см талбайд цайсан.

ДҮГНЭЛТ:

1.Д.С--н биед хэвлий, цээж, зүүн бугалга, баруун гуя, хонго, шилбэ, ташаанд цус хуралт, баруун, зүүн хацар, духанд зулгаралт, хуйханд зөөлийн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /Шинжээч Г.Ханхүү/” гэсэн дүгнэлт [6]

 

7. Шүүгдэгч Н.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас [7], Н.Бгийн дансны талаарх Улаанбаатар хотын банк, Худалдаа хөгжлийн банкны лавлагаа [8] зэрэг болон бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.    

 

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Н.Бд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.

Гурав. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Н.Бгийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

1.Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Н.Б нь 2017 оны 12 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 37 дугаар гудамжны 29 тоотод иргэн Д.С-ог нөхөр Ю.В-тай хардсаны улмаас түүнтэй маргалдаж, “янхан” гэх зэрэг үг хэлээр доромжилж, гэр бүл үймүүллээ гэх шалтгаанаар Д.В-гийг үснээс нь зулгааж, нүүрийг нь маажиж, газарт унаган хөл гар, нуруу, гэдэс  руу нь өшиглөх, цохих, базах, дэгээ төмрөөр цохих зэргээр зодож, биед нь хэвлий, цээж, зүүн бугалга, баруун гуя, хонго, шилбэ, ташаанд цус хуралт, баруун, зүүн хацар, духанд зулгаралт, хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

охирогч Д.С-гийн хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн “...би хувийн сууцандаа /байшинд/ ганцаараа байтал нэрийг нь мэдэхгүй, урд нь огт харж байгаагүй сүүлд мэдснээр В- гэж дууддаг залуу архи уучихсан халамцуу манайд гартаа талыг нь уусан 1 шил архи барьчихсан 23 цагийн үед орж ирээд чамтай танилцмаар байна, авч яваа архиа хувааж уучихаад гарах уу, чамайг харж явдаг гэх утга учиртай юм хэлсэн. ...гэрийн хаалга хүн цохихоор нь хаалга тайлтал танихгүй эмэгтэй орж ирээд гаж буруу үгээр намайг хэлж “яадаг муу янхан бэ” гэх мэтээр хэлж, улмаар зодож манай гэрийн дэгээ төмрөөр миний нуруу орчимд хэд, хэдэн удаа цохиж, үснээс зулгааж гараараа доош дарж хүн харах эрхгүй болгоод өгнө чамайг гэж нүүр маажиж гэмтээсэн. ...Тухайн үед би гэрээс гарч зугтааж гэрийн ойролцоо байдаг ...Б.гийнд орж болсон асуудлыг хэлж намайг хүмүүс зодоод байна гэтэл Н.Б- нь араас орж ирээд “яадаг муу янхан бэ чамайг хаана байсан ч ална” гэж хэлээд дахин миний үснээс зулгааж дарсан. Мөн хөлөөрөө миний гуя, бөгс, гэдэс, хөл орчимд өшиглөж зодсон. ... Анх эхэлж намайг зодож дэгээ төмрөөр цохиж, улмаар үснээс зулгааж газарт унагаж цохиж зодсоноор тухайн гэмтлийг Н.Б учруулсан. ...” гэх мэдүүлэг [9],

-гэрч Ю.В-гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Д.С-огийн гэрт очиж түүнтэй уулзаж ганц шил архи хувааж уумаар байна гэхэд тэр зөвшөөрч би тэднийд орсон. Орой 22 цагийн үед очсон. Нөгөө архиа хувааж уугаад тухайн үед би нилээн согтсон байсан. Би Д.С-отой Б. ахынд таарч 2017 оны зун танилцаж байсан. 2017 оны 12 дугаар сарын 14-ний шөнө тэднийд байхад манай эхнэр намайг хайж яваад миний машиныг харчихаад Д.С-огийнд ирсэн. Гаднаас хаалга хүчтэй цохиод, Д.С-о гэрийнхээ хаалгыг тайлсан. ...манай эхнэр ирж байна гэдгийг би мэдчихээд сандрахдаа хувцасны шүүгээнд орж нуугдсан. ...Эхнэр орж ирээд манай нөхөр хаана байна гэхэд Д.С-о миний байгаа газрыг хэлж би тэндээс гартал эхнэр уурлаж Д.С-ог үсдэж, тэр бас өмнөөс нь үсдэж тэр хоёр дээр, доороо орж зууралдсан. ...” гэх мэдүүлэг [10],

-гэрч П.Б-ы мөрдөн байцаалтад 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлсэн “...2017 оны 12 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө байсан. ...хашааны хаалга нүдээд, гаднаас хамаатны С- нь намайг хүн аллаа гээд орилоод ороод ирсэн. Би гэрлээ асаагаад “яасан бэ” гээд хартал С-огийн баруун нүдний доод хэсэгт маажуулсан байсан. Араас нь гаднаас нэг махлагдуу эмэгтэй орж ирээд чи “манай нөхрийг шкафандаа нуудаг хэн бэ” гээд чарлаад С-ог үсдээд авсан. ...” гэх мэдүүлэг [11]

-гэрч Н.А-гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...2017 оны 12 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 01 цаг өнгөрч байхад гадаа хүмүүс орилолдох чимээ гарсан. Би гэрээс гартал манай доод айл /Б.гийн хашаанд/ хүн орилолдох чимээ гараад тийшээ яваад ортол Б.гийн гэрт миний танил Д.С-о, миний төрсөн дүү Н.Б нар хоорондоо хэрэлдэж байсан. Н.Б нь “чи яахаараа манай нөхөртэй ингэж явдаг юм” гэж нөхрөө Д.С-отой хардаж хэрэлдэж байсан. Тэр хоёр зууралдаж Н.Б нь бухимдаж Д.С-о руу дайрч, түүнийг үснээс нь нэг удаа зулгаасан. ...” гэх мэдүүлэг [12],

-шүүгдэгч Н.Бгийн мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлсэн “...Нөхөр Ю.В- машинтайгаа явсан болохоор би санаа зовоод гэрээс гарч түүнийг хайсан. Гэтэл Д.С-огийн гадаа машин нь байсан. ...Тэгээд хаалгыг нь цохисоор байж ортол Д.С-о нь архи уучихсан унтахаар ороо засаж бэлдсэн байсан. Манай нөхөр хаана байна гэхэд хувцасны шүүгээнд байгаа гэж хэлсэн. Тэр үед би бүр бухимдаж уур хүрэхдээ биеээ барьж чадалгүй В-гийг үсдэж аваад тэр ч намайг үсдэж авч бид харилцан зууралдаж дээр, доороо орж унасан. Гэхдээ би түүнийг галын дэгээ төмрөөр 2-3 удаа цохисон. ...тэр гэрээсээ гарч ахынх руугаа явсан. Би түүний араас явж Б. гэдэг ахынд нь орж бид хоёр нэгнийхээ үснээс зулгаалцсан.  ...” гэх мэдүүлэг [13],

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүний биед шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн 365 тоот дүгнэлт [14] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй,агуулгын хувьд зөрүүгүй,үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч Н.Б гэм буруугийн талаар маргаагүй болно.

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Н.Бтай түүний эгч Н.А- оролцсон талаар хэрэгт цугларсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогддог боловч хохирогчоос мэдүүлэхдээ “...сүүлд түүний төрсөн эгч гэх А- нь орж ирж мөн л намайг цохисон боловч тухайн үйлдлийн улмаас гэмтэл учруулсан эсэхийг мэдэхгүй. Гэхдээ илүү их зодсон хүн нь Н.Б юм...” гэж мэдүүлсэн, мөн шүүгдэгч Н.Бгаас “...Би ганцаараа бүх гэмтлийг учруулсан. А- орж ирж салгасан...” гэж мэдүүлсэн зэргээр Н.А-гийн үйлдлийн улмаас гэмтэл учирсан эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогоогүй. Түүнчлэн Н.А-гийн үйлдлээс гэмтэл учирсан эсэх нь тогтоогдоогүй учир түүнийг Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шалгуулахаар 2018 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст албан бичиг хүргүүлсэн талаарх албан бичгийн хуулбарыг хэрэгт ирүүлсэн байна. [15]

 

Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэв.

Хууль зүйн дүгнэлт:

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас үзвэл тухайн гэмт хэрэг гарсан өдөр шүүгдэгч Н.Бгийн нөхөр Ю.В-тай хохирогч Д.С- нь архидан согтуурсан, улмаар хохирогч Д.В-гийн гэрт нөхөр нь байсны улмаас шүүгдэгч Н.Б нь хохирогчийг нөхөртэйгээ хардаж эр, эмийн хардалтын улмаас шууд санаатай үйлдлээр Д.В-гийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.В-гийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул шүүгдэгч Н.Бгийн үйлдсэн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Н.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэж,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч Н.Бд холбогдох хэргийн зүйлчлэл болоод гэм буруугийн тал дээр маргахгүй. Шүүгдэгч Н.Б өөрөө гэм буруугийн тал дээр маргахгүй байгаа гэсэн тайлбарыг гаргасан ба, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Тиймээс шүүгдэгч Н.Бг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг дээрх хуулийн зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэстэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн тухай.

Хохирогч Д.В-гийн биед хөнгөн хохирол учирсан байх боловч хохирогч нь  нэхэмжлэх мөнгөн хохирол байхгүй, эмчилгээг эрүүл мэндийн даатгалаар хийлгэсэн гэж мэдүүлсэн [16], мөн хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй, шүүгдэгч Н.Бгаас хохирогчид сайн дураараа төлсөн төлбөргүй байна. Иймд тогтоолд хохирогч Д.С- нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.

 

2. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас Н.Бгийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөл, хохирол, хор уршигийн хэмжээ, мөн гэмт хэрэг үйлдэхдээ галын дэгээ төмөр ашиглаж хохирогчийг зодсон, хохирогч хохирлын нөхөн төлбөр нэхэмжлээгүй боловч хохирогчид хөнгөн хохирол учруулсан үйлдэлдээ гэм хорын хохирол нөхөн төлөөгүй зэргийг харгалзан түүнд

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч Н.Бгийн  гурван хүүхэдтэй  хувийн байдал, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч гомдол саналгүй, хохирлын талаар нэхэмжилсэн зүйлгүй гэсэн зэрэг хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх хугацааг жилээр тогтоож өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн.  

 

Шүүхээс шүүгдэгч Н.Бд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.Б нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх бөгөөд шүүгдэгчийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл байдал, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан түүнд 550,000 төгрөгийн торгох ял оногдуулж, торгох ялыг шүүгдэгчийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан 3 сар буюу 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Н.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

3.Бусад асуудлаар

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Н.Бгийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  Н.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 (таван зуун тавь) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бд торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сар буюу 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгуулын ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Д.С- нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Н.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Н.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА

 


[1] Хавтаст хэргийн 9-10 дугаар тал.

[2] хавтаст хэргийн 15-16 дугаар тал.

[3] Хавтаст хэргийн 17-18 дугаар тал.

[4] Хавтаст хэргийн 19-21 дүгээр тал.

[5] хавтаст хэргийн 35-36 дугаар тал.

[6] Хавтаст хэргийн 26 дугаар тал.

[7] Хавтаст хэргийн 42-43 дугаар тал.

[8] Хавтаст хэргийн 49-51 дүгээр тал.

[9] Хавтаст хэргийн 9-10 дугаар тал.

[10] Хавтаст хэргийн 19-21 дүгээр тал.

[11] хавтаст хэргийн 15-16 дугаар тал.

[12] Хавтаст хэргийн 17-18 дугаар тал.

[13] хавтаст хэргийн 35-36 дугаар тал.

[14] Хавтаст хэргийн 26 дугаар тал.

[15] Хавтаст хэргийн 62 дугара тал.

[16] Хавтаст хэргийн 10 дугаар тал.