Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/00530

 

 

Ш.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2022/00182 дугаар шийдвэртэй,

Ш.Б-ийн нэхэмжлэлтэй

С.А-, С.М-, С.О-, С.Н- нарт холбогдох

6,506,060 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Алтангадас, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Төрболд, хариуцагч нарын өмгөөлөгч Г.Амартүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Даваасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 165 дугаар тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 890 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаар “хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй” тухай захирамжтай эрүүгийн хэрэгт хохирогч болон иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Ш.Б- нь шүүгдэгч С.О-ын үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас 3.500 ам.доллар буюу 6,213,550 төгрөгөөр хохирсон.

Шүүгдэгч С.О- эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр нас барсан тул дээр дурдсан тогтоолоор түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Ш.Б- нь 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөр талийгаач С.О-ын эхнэр П.Д-, охин О.Б- нарт холбогдуулан гэм хорын хохиролд 6,213,550 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 862 дугаар шийдвэрээр үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч С.О-од ногдох хэсгийг болон өөр бусад эд хөрөнгийг түүний охин О.Б-, эхнэр байсан П.Д- нар өвлөн авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Дээрх иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 10 дугаар байр, 192 тоотын орон сууцны өмчлөгчөөр Ч.Т-, С.М- С.А-, С.О-, П.Д-, О.Б- нар бүртгэлтэй болох нь тогтоогдсон. Хэн нэгэн этгээд уг орон сууцны өмчлөлөөс талийгаач С.О-од ногдох хэсгийг өвлөн аваагүй байдаг. Талийгаач С.О-ын эх Ч.Т- нас барсан, С.О- эхнэр П.Д-тай 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр захиргааны журмаар гэрлэлтээ цуцлуулсан, охин О.Б- нь эцгийнхээ өвийг хүлээн авахаас татгалзсан байдаг.

Талийгаач С.О-ын эд хөрөнгө, эрхийг С.М-, С.А-, С.О-, С.Н-  нар нь өвлөн авах эрхтэй байх бөгөөд С.О-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас Ш.Б-т учирсан гэм хорын хохирлыг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хариуцан арилгах үүрэгтэй.

Иймд С.О-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 3,500 ам.доллар буюу 6,213,550 төгрөг, эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалахад зарцуулсан 78,760 төгрөг, “Дамно” ХХК-ийн шинжээчийн ажлын зардал 213,750 төгрөг, нийт 6,506,060 төгрөгийг хариуцагч С.М-, С.А-, С.Н-, С.О- нараас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга: Талийгаач С.О- нь хариуцагч С.М-, С.А- нарын төрсөн дүү нь мөн. С.О-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар түүний гэм бурууг шүүхээс тогтоогоогүй. С.О- нь эрүүгийн хэргийг шалгаж байх явцад нас барсан учраас түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Талийгаач С.О-ын бусдыг залилсан гэх гэм буруу шүүхээр тогтоогдоогүй байгаа учир талийгаачийн ах, эгч, дүү гэм буруугийн хариуцлагыг хүлээх ёсгүй. Талийгаачийн бусдаас зээлсэн гэх мөнгийг ах, эгч нар нь хариуцах учиргүй.

Өөрийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж буй этгээд шүүхэд мэдүүлэх эрхтэй. Ийнхүү шүүхэд хандсан этгээд эргээд тодорхой үүрэг хариуцлагыг хүлээдэг бөгөөд үүний нэг нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуульд нийцсэн нотлох баримтыг бүрдүүлж, өөрийн шаардлага болон татгалзлаа нотлох ёстой байдаг. Ийм учраас нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох гэж бүрдүүлсэн, цуглуулсан баримттай холбогдож гарсан гэх зардлыг хариуцагч нар хариуцахгүй.

С.О-ыг нас барах үед тухайн орон сууцанд С.М-, С.А-, С.О- нар амьдарч байсан ба одоо С.А-, С.М- нар амьдарч байгаа. Хариуцагч нар талийгаач С.О-ын өв хөрөнгийг өвлөн авсан эсэх нь тодорхойгүй, С.О-од холбогдох өвтэй холбоотой баримт холбогдох газарт нь бүртгэгдээгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд П.Д-гийн тайлбарын агуулга: Би 1991 онд С.О-той гэр бүл болсон, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 10 дугаар байрны _. тооторон сууцанд бид амьдарч байсан.

Би Ш.Б-ийг зүс танина, гэр бүлийн найзууд байгаагүй. Талийгаачийг нэр хүндтэй, ажил төрөлтэй байхад манайд 1-2 удаа ирж байсан.

2019 онд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд С.О-ын зээлсэн гээд байгаа 3,500 ам.долларыг охин бид хоёроос нэхэмжилж байсан. Ш.Б-ээс би нэг ч төгрөг аваагүй. Охин О.Б- талийгаач эцгээсээ өв хөрөнгө залгамжилж аваагүй. Иймд Ш.Б-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

4. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 515 дугаар зүйлийн 515.2, 535 дугаар зүйлийн 535.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч С.А-гээс 3,253,030 төгрөг, хариуцагч С.М-гөөс 3,253,030 төгрөг, нийт 6,506,030 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Б-т олгон, нэхэмжлэлийн шаардлагаас С.Н-, С.О- нарт холбогдох шаардлагыг нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Ш.Б- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч С.А-гээс 59,523 төгрөг, хариуцагч С.М-гөөс 59,523 төгрөг, нийт 119,047 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж  шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна.

Монголын Нотариатчдын танхимийн лавлагаагаар талийгаач С.О-ын өв хүлээн авахтай холбоотой бүртгэл байхгүй. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2019/00862 дугаартай Ш.Б-ийн нэхэмжлэлтэй П.Д-, О.Б- нарт холбогдох шийдвэрээр С.О-од ногдох хэсгийг өвлөн авахаас татгалзсан гэж П.Д-, О.Б- нар тайлбар өгөөгүй бөгөөд тэднийг өв хөрөнгө хүлээн авах эрхээсээ татгалзсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Шүүх Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т заасныг дурдаад “...С.О-ын төрсөн охин О.Б- нь... хууль ёсны өвлөгч мөн байх боловч тэрээр өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн авах хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй нь түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзэхээс гадна тэрээр дээрх орон сууцны С.О-од ногдох хэсгээс болон бусад эд хөрөнгийг өвлөн аваагүй болох нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон болно...” гэжээ.

Талийгаач С.О-од ногдох хэсэг, бусад эд хөрөнгийг өвлөн аваагүй болох нь тогтоогдсон гэж байгаа боловч өв хүлээн авахаас татгалзсан болохыг тогтоосон зүйл байхгүй байгааг шүүх анхаарч үзнэ үү.

Шүүх “...мөн хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.2-т...заасны дагуу С.М-, С.А-, С.Н-, С.О- нар С.О-ын хууль ёсны өвлөгч мөн байна...” гэж дүгнэдэг. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.2-т зааснаар С.О-ын хууль ёсны өвлөгч байхгүй эсхүл хууль ёсны өвлөгч нь өвлөхөөс татгалзсан үйл баримт хэрэгт байхгүй болно.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 165 дугаар тогтоолоор С.О-од холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Дээрх үйл баримтаас үзэхэд талийгаач С.О- нь нэхэмжлэгч Ш.Б-т гэм хорын хохирол учруулан залилан мэхэлсэн гэдгийг тогтоогоогүй. Ямар гэм хорын хохирол учирсан болохыг шүүх шийдвэрлээгүй болно.

Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримталсан атлаа хэн, хэнд ямар гэм хорын хохирол учруулсан, гэм хор учруулсан гэдэг нь ямар баримтаар тогтоогдож байгаа гэдэгт дүгнэлт өгч шийдвэрлээгүй. Шалтгаант холбоог бүрэн тогтоогоогүй атлаа хариуцагч нараас 6,506,030 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

 

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. П.Д- нь С.О-той 1993 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр гэр бүл болсон, 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдөр гэрлэлтээ захиргааны журмаар цуцлуулсан. С.О-ыг нас барахад П.Д-, С.О- нар нь хууль ёсны гэр бүл биш байсан. Иймд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан өвлөгч биш гэдэг нь тодорхой байгаа. О.Б- нь С.О-ын хууль ёсны хүүхэд, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 10 дугаар байрны _. тоотүл хөдлөх эд хөрөнгийн С.О-од ногдох хэсгийг өвлөн аваагүй. Өвлөн авахтай холбоотой хүсэлт болон ямар нэгэн баримт байхгүй учраас Иргэний хуулийн 521 дүгээр зүйлийн 521.3 дахь хэсэгт зааснаар өвөөс татгалзсан гэж үзэхээр байдаг. Үүнтэй холбоотой баримтууд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 00862 тоот шийдвэрт тодорхой тусгагдсан байгаа. Анхан шатны шүүх хуралдаанд О.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон П.Д- нь байр сууриа илэрхийлж, өвөөс татгалзаж байгаа талаар бататгасан нь тэмдэглэлд тусгагдсан. Тэрээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 00182 тоот шийдвэрт гомдол гаргаагүй байдаг.

Ш.Б- нь тухайн зардлыг гаргахаас өөр аргагүй. Энэ бол нэхэмжлэл бүрдүүлэх, нотлох баримтын шаардлага хангуулахтай холбоотой зайлшгүй шаардлага гаргадаг. Үл хөдлөх эд хөрөнгөд шинжээч томилж, зардалд 213,550 төгрөг гарсан.

С.О-ын гэм бурууг тогтоосон шүүхийн шийдвэр байхгүй гэж татгалздаг. Хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй гэдэг үндэслэлээр С.О-од холбогдох хэргийг шүүх хэрэгсэхгүй болгож, цагаатгаснаас бусад тохиолдолд гэм хорыг арилгах үүргээс чөлөөлөгдөхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1.3-т заасан шүүгчдэгч нас барсан гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Анхан шатны шүүхийн шиийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд ар гэрийнхэн нь шүүхэд гомдол гаргаж гэм буруугийн асуудлыг ердийн журмаар шийдвэрлэх тухай заасан байдаг. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд С.О-ын ар гэрийн хүмүүс болон түүний өмгөөлөгч оролцсон бөгөөд ямар нэгэн гомдол гаргаагүй байдаг. Хэрэв гомдол гаргасан байсан бол ердийн журмаар шийдвэрлэгдэх, хохирол, хор уршигийн асуудал яригдах байсан. Давж заалдах гомдолд дурдагдсан 3 үндэслэл анхан шатны шүүх хуралдаанд маш дэлгэрэнгүй яригдаж, талууд нотлох баримтын хүрээнд мэтгэлцсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан хэлэлцээд давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүйн улмаас талуудын маргааны үйл баримтад хамааралтай, ач холбогдолтой талаас нь дүгнээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулж, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Ш.Б- нь хариуцагч С.М-, С.А-, С.О-, С.Н- нарт холбогдуулан С.О-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 6,506,060 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

2.а. Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 10 дугаар байр, 192 тоотын 40 м.кв талбайтай, 3 өрөө эрхийн улсын бүртгэлийн Y-2204008468 дугаарт бүртгэгдсэн орон сууцны хамтран өмчлөгч С.О- нь 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр нас барсан, үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

2.б. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т заасны дагуу С.О-ын төрсөн охин О.Б- нь С.О-ын хууль ёсны өвлөгч мөн байх боловч тэрээр мөн хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт зааснаар өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн авах хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй тул түүнийг мөн хуулийн 528 дугаар зүйлийн 528.3 дахь хэсэгт зааснаар өвлөхөөс татгалзсан гэж үзнэ. Тэрээр дээрх орон сууцны С.О-од ногдох хэсгээс болон түүний бусад эд хөрөнгийг өвлөн аваагүй болох нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 00862 дугаар шийдвэрээр тогтоогджээ.

 

Мөн хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.2-т “энэ хуулийн 520.1.1-д заасан өвлөгч байхгүй, эсхүл тэдгээр нь өвлөхөөс татгалзсан буюу өвлөх эрхээ алдсан бол нас барагчийн өвөг эцэг, эмэг эх, ах, эгч, дүү, ач, зээ”-г хууль ёсны өвлөгч болох талаар заасны дагуу орон сууцанд тухайн үед хамт амьдарч байсан С.М-, С.А-, С.Н-, С.О- нар мөн хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт  зааснаар өв хүлээж авахаас татгалзаагүй тул өвийг хүлээж авсан, С.О-ын хууль ёсны өвлөгч мөн бөгөөд тэдгээр нь уг орон сууцанд тухайн үед амьдарч байсан гэж шүүх зөв дүгнэсэн.

 

2.в. Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2 дахь хэсэгт “Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ”, 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт “Өв хүлээн авсан өвлөгч... өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ”, 535.2 дахь хэсэгт “Хэд хэдэн өвлөгч байвал, тэдгээр нь энэ хуулийн 535.1-д заасан үүргийг тус тусын өвлөсөн эд хөрөнгийн хэмжээнд хувь тэнцүүлэн хүлээнэ” гэж тус тус заасан. Иймд хариуцагч С.М-, С.А-, С.Н-, С.О- нар нь  өвлүүлэгч С.О-ын хүлээсэн үүргийг хариуцах юм. Өвлөгч нараар өвлүүлэгчийн үүргийг хариуцуулахын тулд тухайн өвлүүлэгчид иргэний эрх зүйн үүрэг үүссэн байх ёстой. Нас барагч С.О-ын зүгээс бусдад гэм хор учруулснаас үүрэг үүссэн гэх байдал тогтоогдсон байх шаардлагатай.

 

2.г. С.О- нь “нийт 13 удаагийн давтан үйлдлээр, бусдыг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж 196,773,550 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн ба уг үйлдлүүд дунд 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар сувилалд иргэн Ш.Б-ээс мөнгөний хэрэг гараад байна, хороололд 2 өрөө орон сууц хураагдах гээд байна гэж хэлэн 3.500 ам.доллар буюу 6,213,550 төгрөгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж авсан эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй” гэсэн үндэслэлээр эрүүгийн журмаар шалгагдаж байсан.

 

Дээрх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч С.О- 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр өвчний улмаас нас барсан учраас түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 165 дугаар тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 890 дугаар магадлалаар тус тус тогтоогдож байна. /хх 7-9, 12-23 дугаар тал/ Эдгээр шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

 

Шүүхийн шийдвэрээр С.О-ыг гэмт хэрэг үйлдсэн гэж тогтоогоогүй байна. Иймд Ш.Б-т хохирол учруулсан гэх нөхцөл байдал эргэлзээгүй баримтаар нотлогдоогүй байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд санаатай болон болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол нөхөн төлөх үүрэг үүснэ. Ийнхүү нас барагч С.О-ын гэм бурууг тогтоосон нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтын хүрээнд эргэлзээгүй тогтоогдоогүй байна. Үүрэг үүссэн гэх нөхцөл байдал нотлоогдоогүй учир өвлөгч болох С.А-, С.М-, С.О-, С.Н- нарт С.О-ын үйлдсэн гэх гэмт хэргийн хохирол 6,213,550 төгрөг, уг хохиролтой хамт гарсан зардлыг Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2 дахь хэсэгт заасан хэмжээгээр хариуцах үндэслэлгүй.

 

3. Анхан шатны шүүхээс иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч иргэдийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд зохигч болон гуравдагч этгээдээс иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2022/00182 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 515 дугаар зүйлийн 515.2, 535 дугаар зүйлийн 535.2 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч С.А-, С.М-, С.О-, С.Н- нарт холбогдох гэм хорын хохиролд 6,506,060 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ш.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 120,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД                                                Ц.ИЧИНХОРЛОО

 

Э.ЗОЛЗАЯА