Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 388

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч    Т.Алтантуяа даргалж,

нарийн бичгийн дарга А.Тэмүүжин,

улсын яллагч Б.Уранцэцэг,

хохирогч А.Э

шүүгдэгч Г.Г.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мэргэд овгийн Гэрэлчулууны Г.Мд холбогдох эрүүгийн 00000000000 дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Мэргэд овгийн Гэрэлчулууны Г.М Монгол Улсын иргэн, 0000 оны0  дүгээр сарын 00 ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, 000  ХХК-ний 000000  ажилладаг, ам бүл 6, эх, дүү нарын хамт амьдардаг, иргэний бүртгэлийн лавлагаагаар Багануур дүүргийн 0 дүгээр хороо, 00 дүгээр гудамжны 00 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 00  дугаар хороо, 00 дүгээр байрны 00 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл:

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга.

Г.Г.М нь 2018 оны 0 дүгээр сарын 00 -ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо,00  дүгээр байрны 00 дугаар орцонд А.Э-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.М-аас: Мэдүүлэг гаргахгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Э мэдүүлэхдээ:

2018 оны 1 дүгээр сарын 15-ний өдөр “Хар хорин” худалдааны төв дээр найз Бтэй тааралдаж, бид дэлгүүр орж 00 граммын архи худалдаж аваад 00 хорооны 00 дүгээр байрны 0 дугаар орцонд орж хамт архиа уусан. Бид хоёр юм яриад архинаасаа нэг нэг уугаад байж байхад гаднаас шүүгдэгч Г.М орж ирээд “та нар энд архи уух ёстой юм уу” гээд Бг нэг цохиод авсан. Б гарнаас нь мултраад гараад зугтсан. Тэгтэл Г.М намайг барьж аваад нүүрэнд гараараа 2-3 удаа цохиод, бас мөргөсөн. Тэгээд цус гарахаар нь би доошоо тонгойтол Г.М намайг шатны уруу чирч буулгаад дахиад 2-3 удаа өшиглөсөн. Би нэг айлын хаалга нүдэж тусламж гуйх гэтэл тайлж өгөөгүй. Г.М-д би “одоо болоо юм биш үү” гэхэд дахиж нэг цохиод орцноос гараад явсан. Би ухаан орон гаран байж байтал Г.М орцонд эргэж орж ирээд дээшээ гараад явсан. Удалгүй тэр байрны Сууц өмчлөгчдийн холбооны хүн ирж цагдаа, түргэн тусламж дуудаж өгсөн. Цагдаагийнхан ирээд зураг аваад явсан. Түргэн тусламж ирж гэмтлийн эмнэлэгт намайг хүргэж өгсөн. Гэмтлийн эмнэлэг дээр дух, баруун нүдний зовхи, урууландаа оёдол тавиулсан. Дараа нь цагдаа нар ирж надаас байцаалт аваад дүүргийн цагдаагийн хэлтэс рүү авч явсан.

Энэ хэргийн улмаас шүүх эмнэлэгт 8000 төгрөгөөр үзүүлсэн. Косметик оёдол 70.000 төгрөгөөр хийлгэсэн. Компьютер томографийн зураг 120.000 төгрөгөөр авахуулсан. Иймд боолт, эм тариа эмчилгээний зардал, шатахууны зардал зэрэгт 1.099.960 төгрөг нэхэмжилнэ гэв.

 

Хоёр. Эрүүгийн 000000000000  дугаартай хэргээс:

 

1.Хохирогч А.Э-ын хэрэг бүртгэлтэд 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлсэн “...2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр найз Б-тэй 00 ийн буудал дээр 15 цагийн үед тааралдаж, дэлгүүр орж 0,33 граммын архи худалдаж авч 00 дугаар хорооны 00 дүгээр байрны 00 дугаар орцны 0 давхарт ууж байсан. Тэгсэн чинь гаднаас үл таних согтуу залуу орж ирээд ямар ч үг дуугүй Б-г нүүр лүү нь цохисноо мөргөсөн. Би болиулах гэсэн чинь Б өөрөө мултраад гараад явсан. Тэгээд тэр залуу намайг шууд нүүр лүү гараараа хэд, хэдэн удаа цохиод, 3-4 удаа мөргөсөн. Миний толгойноос цус гарсан. Гэтэл тэр залуу намайг куртикны захны ар талаас бариад 1 давхар луу чирсэн. 1 давхарт очоод дээрээс хэдэн удаа юм мэдэхгүй дэвссэн. Би хэвтэж байснаа болоо шдээ, одоо больё гээд 1 давхрын шатны өөдөөс харсан айлын хаалгыг нүдсэн боловч онгойлгож өгөөгүй. Тэр залуу дахиад намайг чирээд үүдэнд аваачсан. Тэгээд намайг орхиод тэр залуу гараад явсан. Миний ухаан орж гараад байсан. Тэр залуу буцаж орж ирээд дээшээ гараад явсан. Удалгүй сууц өмчлөгчдийн холбооны эгч гээд танихгүй эгч орж ирээд миний зургыг аваад эмнэлэг цагдаа дуудсан. Би тэр залуутай хэрэлдэж маргаагүй. “Муу пизда нар” гэж байсан санагдаж байна. Гаднаас нилээн ууртай орж ирж байсан. Өөр юм яриагүй байх, би сайн санахгүй байна. ...Би эмчилгээндээ эм тариа зарцуулсан. Толгой, дух, уруул, хөмсгөндөө оёо тавиулсан. Тархины томографик зураг авахуулсан. Би зардлаа тооцож байгаад баримттайгаа авчирна. Зодуулсандаа гомдолтой байна. Эмчилгээнд болон унаанд зарцуулсан зардлаа нэхэмжилж авна. ...” гэх мэдүүлэг [1] ,

 

-хохирогч А.Э-ын хэрэг бүртгэлтэд 2018 оны 04 дүгээр сарын 02-ний өдөр дахин мэдүүлсэн “...2008 онд Б-тэй Д-д явж байгаад танилцсан. Тэр өдөр би 1 дүгээр хороололд явж байгаад гэнэт тааралдсан. Ер нь бол холбоотой байдаггүй, тэр өдөр л таарсан. Г.М гэх залуу намайг зодож байхад Б хажууд байгаагүй, зугтаад гараад явчихсан. Г.М нь Бг эхлээд цохиод автал тэр айгаад гүйгээд гарсан. Б бид хоёр тааралдаад нэг шил архи аваад 00 дүгээр байрны 0 дугаар орцонд орж хоёр давхарт нь суугаад архиа задлаад дөнгөж нэг нэг татаад сууж байхад Г.М гаднаас согтуу орж ирээд "Та хоёр юу хийж суугаан” гээд Б-г барьж аваад цохисон, тэр мултраад гарч зугтангуут миний нүүр лүү 3-4 удаа цохиод 2 удаа толгой руу мөргөөд миний хөмсөг, дух, уруулаас цус гараад тонгойход доошоо шат руу нидрүүлэгдэн чирч нэг давхарын үүдний хэсэг рүү түлхэж унагасан. Дээрээс хоёр удаа өшиглөсөн. Тэгээд дээшээ гараад яваад өгсөн. Миний эмчилгээний зардалд 1.099.960 төгрөг болсон. Толгойн томографикт харуулсан 180.000 төгрөг, дух, хөмсөг, уруулын дотор талд косметик оёдол 70.000 төгрөг, эм тариа болон нааш цааш явсан унааны зардал нийлээд 750,000 төгрөг болсон. Цаасан дээр гарсан зардлаа тооцож бичсэн. Зарим баримтууд нь байхгүй. Өнөөдрийн байдлаар Г.М нь нэг төгрөг ч өгөөгүй, одоог хүртэл уучлалт гуйгаагүй, их муу залуу байна лээ. ...” гэх мэдүүлэг [2] ,

 

2.Гэрч Н.А-гийн хэрэг бүртгэлтэд 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр мэдүүлсэн: “...Би 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр “Бүргэд-113” чиглэлд автомашинт эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд 14 цагийн үед “Бүргэд-10”-аас Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, 00 дүгээр байрны 0 дугаар орцонд зодуулсан хүн байна гэх дуудлагыг аваад очиход нэг давхарт толгойноос нь цус гарсан согтуу хүн ухаангүй хэвтэж байхаар нь 103 дуудаж үзүүлэхэд тэр ухаан орж, толгойд нь боолт хийж өгсөн. Уг хүнээс юу болсон талаар асуухад хэнд зодуулснаа санахгүй, ар гэрийн хүмүүсийн талаар мэдээлэл өгч чадахгүй байсан. Тэр хавиар биечилсэн сурвалжлага хийж тухайн байрыг хариуцсан сууц өмчлөгчийн холбооны /нэрийг мэдэхгүй/ дарга эмэгтэйтэй уулзаж камер шүүхэд уг согтуу залуу нэг өндөр залууд зодуулж байгаа бичлэг байсан. Зодож байсан залуугийн хувцасны өнгө харагдаагүй, /камер нь хар цагаан өнгөтэй байсан тул/ юүдэнтэй цайвар цамцтай байсан, бараан өнгийн куртиктэй, түүнийгээ тайлж тавиад шатан дээрээс нөгөө залуутай хамт өнхөрч унаад босож ирээд хэд, хэдэн удаа тархи толгой руу нь өшиглөж байгаад дээшээ куртикээ аваад яваад өгсөн. Тэр хоёроос өөр зодуулдаг залуутай хамт явж байсан Б гэх залуу байсан. Түүнийг нөгөө өндөр залуу зодох гэхэд гараад зугтаж байгаа бичлэг байсан. Энэ ажиллагааг хийчихээд зодоон болсон байрны оршин суугч нартай уулзахад энэ байрны 8 давхарт бичлэг дээр гарсан залуу амьдардаг болохыг тогтоогоод түүнийг барьж цагдаагийн хэлтэст авчирч саатуулсан. Зодуулсан залууг 103 эмнэлэг авч явах гэтэл би явахгүй гээд хэлтэс дээр ирж өргөдлөө өгсөн байх. Зодуулсан залуу тухайн үедээ ямар ч юм яриагүй, өөрөө ар гэрийнхээ хүмүүсийг утсаараа дуудаад байсан. ...” гэх мэдүүлэг [3] ,

 

3.Гэрч Ц.с /Өнөр-44 СӨХ дарга ажилтай/ хэрэг бүртгэлтэд 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр мэдүүлсэн “...Энэ өдөр би гадуур ажлаар явж байгаад 14 цаг 30 минутын үед гэртээ ирсэн. Гэтэл 0 дугаар орцны иргэн одоо хэнийг нь санахгүй байна, нэг хүн залгаад 3 дугаар орцонд зодоон болоод байх шиг байна, би гэрээсээ гарч чадахгүй байна та очиж үз гэхээр нь би очоод орцны хаалгыг онгойлгоход нэг давхарт үүдний хэсэгт нэг залуу толгой, зүүн талаас нь байх цус гарчихсан ухаангүй хэвтэж байсан. Би шууд цагдаа, эмнэлэг дуудсан. Тэгээд нөгөө залуу ухаан ороод босоод ирсэн. Түүнээс юу болсныг асуухад найзтайгаа хоёулаа энд нэг шил архи уух гээд орж ирсэн, гэтэл нэг залуу “яасан муухай царайтай хоёр вэ” гээд намайг барьж авахад манай найз гараад зугтсан,  намайг ганцааранг минь үлдээгээд зодсон гэж ярьсан. Зодсон хүнээ таних уу гэхэд намайг зодсон залуу дээшээ гараад явчихсан гэхээр нь манай байрны оршин суугч байж магад гэж бодоод цагдаа нар ирэхээр сууц өмчлөгчдийн холбооны камерыг шалгуулсан зодсон хүний зургыг утсаараа аваад явцгаасан. Цагдаа нар 7-н давхраас эхлэн айлуудын хаалгыг нүдээд эхний айлыг нүдэхэд нэг согтуу залуу гараад ирсэн. Тэр залуу уг залууг зодсон залуу мөн байсан гэж сүүлд яригдаж байсан. Би уг тоотын айлын хүмүүсийг огт танихгүй. Бүртгэлд бол 0-н давхрын 00 тоотын айл юм билээ. Тэр өдөр дуудлагаар ирсэн цагдаа нар үзээд явсан. Зодож байгаа залуугийн зургыг утсан дээр авч байх шиг байсан. Дараа нь байцаагч ирж бичлэг авах байх гээд явснаас хойш огт өөр хүн ирээгүй. Одоо бол уг бичлэг устсан, манайх 14-21 хоног хадгалагддаг. Харин би өөрийн утсан дээрээ зодуулсан залуугийн зургыг авч үлдсэн байсан. Энэ зураг нь надад байгаа тул би наад хэрэгт ач холбогдолтой байх гээд авчирч өгч байна. Би уг бичлэгийг харсан. Нэг давхраас хоёр давхар луу өгсдөг шат дээр зодуулдаг залуу найзтайгаа зогсож байсан, зоддог залуу нь үүдээр орж ирээд шат руу дээшээ хараад барьж явсан цүнхээ шатны хажууд тавиад өмсөж явсан куртикээ тавиад дээшээ өгсөөд тэгээд зодуулдаг залууг барьж авмагц найз нь гэх залуу шурт хийгээд гараад гүйсэн. Зодуулдаг залууг буюу одоо нэрийг нь мэдсэнээр Э-ыг хувцаснаас нь зуураад шатны доошоо нэг давхар луу шатаар нидрүүлэгдэн чирээд, лифтний үүдэн дээр аваачаад босгон толгойгоор нь нэг удаа хана мөргүүлсэн. Тэгээд ханаа дагуулан шувтарч чирэх явцдаа цохиж харагдсан. Яг хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна. Үүдний хэсэгт байдаг хаалга хоорондын коридорын хэсэг рүү түлхээд унагаад өөрийнхөө цүнх, куртикийг аваад лифтэнд суугаад дээшээ гарч байгаа бичлэг байсан. Манай байрнууд жижүүр байдаггүй, дан домофон түгжээтэй байдаг юм. ...” гэх мэдүүлэг [4],

 

4. Гэрч С.Э хэрэг бүртгэлтэд 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөр мэдүүлсэн “...Миний хүү Г.М архи дарс байнга уугаад байдаггүй, хааяа уудаг, гэхдээ агсан согтуу тавиад байдаггүй. Өмнө 2007 онд хэрэг холбогдон ял эдэлж байсан. 2017 оноос хойш над дээр ирж амьдарч байна. Одоо хамгаалалтын газарт хамгаалагч хийж байгаа. Зан харьцааны хувьд даруу төлөв, догшин авир зан байхгүй. ...гэртээ ирээд байж байхад Г.М над руу утсаар яриад цагдаа дээр байна, намайг ирж аваач гэснээр би мэдсэн. Орцондоо хүн зодсон байсан. ...” гэх мэдүүлэг [5] ,

 

5. Г.Г.М-ы хэрэг бүртгэлтэд 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн “...2018 оны 1 дүгээр сарын 15-ны өглөө 09 цагт ажлаа тараад ажлынхаа залуу Тулгаатай хамт Наранбаярынд очиж, 2 шил 0,5 граммын архи хувааж уусан.  Тэндээс гарсан цагаа сайн санахгүй байна, гараад би гэр лүүгээ ирсэн. Орцонд хоёр залуу буюу одоо энэ хэргийн хохирогч Э нь нэг залуутай хамт нэг давхрын шатан дээр архи уугаад сууж байхаар нь “та нар орц хонгилд битгий архи уугаад бай” гэтэл өөдөөс хохирогч Этой хамт байсан залуу “чи муу юу вэ” гээд өөдөөс хэрэлдэхээр нь би барьж аваад хажуу тийшээ дугтарсан чинь тэр гүйгээд гараад явсан. Тэгээд үлдсэн залууг буюу Э-ыг би “чи гар” гээд нүүр лүү нь 2-3 удаа цохиод нэг удаа мөргөөд чирээд гаргаж явуулаад гэртээ орсон. Удалгүй цагдаа нар ирээд намайг аваад явсан. Би Э-ын шүүх эмнэлэгт үзүүлсэн дүгнэлтийн хариутай өмнө танилцсан байгаа. Дүгнэлтэд хэлэх санал хүсэлт байхгүй, энэ гэмтлийг түүнд би учруулснаа хүлээн зөвшөөрч байна. 2 шил архи дөрвүүлээ уусан учир нэг их согтуу байгаагүй. ...Одоогоор би ямар ч хохирол төлөөгүй. ...” гэх мэдүүлэг [6],

 

6.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед үзлэг хийж гаргасан 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 0000 дугаартай дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Духны баруун урд хэсэг босоо байрлалтай 2см урттай, баруун нүдний дээд зовхины дунд хэсэгт 2,1см урт, доод уруулын зүүн хэсэгт 1,5см урттай мэс заслын оёдол бүхий шархтай, шархны эргэн тойрон хавдартай, баруун нүдний дээд зовхи хүрэн ягаан өнгийн, зүүн чихний дэлбэнгийн дээд хэсэг хөхөлбөр өнгийн, баруун гуяны урд дээд хэсэгт 4х5см, зүүн гуяны урд дунд хэсэгт 3х3см цус хуралттай.

2018 оны 1 дүэгэр сарын 15-ны өдрийн Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн  үзлэгт: онош: тархи доргилт, нүүр болон уруулын няцарсан шарх гэжээ.

2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн   толгойн КТГ-д: ...2 талын нүдний ухархайн дотор хана, хамар ясны хуучин хугаралтай... баруун талын хөхлөг сэртэнгийн агааржилт буурсан, склероз өөрчлөлттэй... тархины бор ба цагаан өнгийн эдийн ялгарал буурсан, бага зэргийн хавантай.

ДҮГНЭЛТийн:

1.А.Э-ын биед дух, баруун нүдний дээд зовхи, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхи, зүүн чихний дэлбэн, баруун, зүүн гуянд  цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...” /шинжээч Б.Долгормаа/ гэсэн хэсэг [7] ,

 

7.2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 19 цаг 50 минутаас 20 цаг 10 минутад хэргийн газарт буюу Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 44 дүгээр байрны 3 дугаар орцонд үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын схем зураг, буулгаж, бэхжүүлсэн гэрэл зураг,  [8]

8. Хохирогч А.Э-ын эмчилгээний зардал нэхэмжилсэн талаарх баримтууд [9],

9.Г.Г.М-ы иргэний үнэмлэхийн лавлагаа [10], түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас [11], Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2005 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 109, Багануур дүүргийн шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 99 дүгээр шийтгэх тогтоолуудын хуулбар[12], Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт[13], тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай Автотээврийн үндэсний төвийн лавлагаа[14], Г.М данс эзэмшдэггүй талаарх Капитрон, Худалдаа хөгжлийн банкуудын лавлагаа[15], “000 ХХК-ниас Г.М-ы талаар тодорхойлсон тодорхойлолт[16] зэрэг бичгийн баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүх хуралдаанд хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт талуудаас гаргаагүй болно.

 

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг судлаад үзэхэд:

1.Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Г.Г.М нь согтуурсан үедээ, 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, 00 дүгээр байрны 0 дугаар орцонд иргэн А.Э-ыг “манай байрны орцонд орж ирж архи уулаа” гэх шалтгаанаар зодож, биед нь дух, баруун нүдний дээд зовхи, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхи, зүүн чихний дэлбэн, баруун, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

-Хохирогч А.Э-ын хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн “...2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр найз Б-тэй 19-ийн буудал дээр 15 цагийн үед тааралдаж, дэлгүүр орж 0,33 граммын архи авч 00 дугаар хорооны  00 дүгээр байрны 0 дугаар орцны 0 давхарт ууж байсан. ...Тэгсэн гаднаас үл таних согтуу залуу орж ирсэн. Тэр залуу намайг шууд нүүр лүү гараараа хэд, хэдэн удаа цохиод, 3-4 удаа мөргөсөн. Миний толгойноос цус гарсан. Гэтэл тэр залуу намайг куртикны захны ар талаас бариад 1 давхар луу чирсэн. 1 давхарт очоод дээрээс хэдэн удаа юм мэдэхгүй дэвссэн....” гэх мэдүүлэг [17], мөн түүний хохирогчоор дахин мэдүүлсэн  “...Б бид хоёр тааралдаад нэг шил архи аваад 00 дүгээр байрны 0  дугаар орцонд орж хоёр давхарт нь суугаад архиа задлаад дөнгөж нэг нэг татаад сууж байхад Г.М гаднаас согтуу орж ирээд "Та хоёр юу хийж суугаан” гээд ...намайг нүүр лүү 3-4 удаа цохиод 2 удаа толгой руу мөргөөд миний хөмсөг, дух, уруулаас цус гараад тонгойход доошоо шат руу нидрүүлэгдэн чирч нэг давхарын үүдний хэсэг рүү түлхэж унагасан. Дээрээс хоёр удаа өшиглөсөн. ...” гэх мэдүүлэг [18] ,

-Гэрч Н.А хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн “...Би 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд 14 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо 00 дүгээр байрны 0  дугаар орцонд зодуулсан хүн байна гэх дуудлагыг аваад очиход нэг давхарт толгойноос нь цус гарсан согтуу хүн ухаангүй хэвтэж байсан. ...камер шүүхэд уг согтуу залуу нэг өндөр залууд зодуулж байгаа бичлэг байсан. Зодож байсан залуу ...юүдэнтэй цайвар цамцтай байсан, бараан өнгийн куртиктэй, түүнийгээ тайлж тавиад шатан дээрээс нөгөө залуутай хамт өнхөрч унаад босож ирээд хэд, хэдэн удаа тархи толгой руу нь өшиглөж байгаад дээшээ куртикээ аваад яваад өгсөн. Тус байрны 8 давхарт бичлэг дээр гарсан залуу амьдардаг болохыг тогтоогоод түүнийг барьж цагдаагийн хэлтэст авчирч саатуулсан.. ...” гэх мэдүүлэг [19] ,

-Гэрч Ц.С-ийн /СӨХ дарга ажилтай/ хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн: “...нэг хүн залгаад 3 дугаар орцонд зодоон болоод байх шиг байна, би гэрээсээ гарч чадахгүй байна та очиж үз гэхээр нь би очиход орцны хаалгыг онгойлгоход нэг давхарт үүдний хэсэгт нэг залуу толгой, зүүн талаас нь байх цус гарчихсан ухаангүй хэвтэж байсан. ...түүнээс юу болсныг асуухад найзтайгаа хоёулаа энд нэг шил архи уух гээд орж ирсэн юм, гэтэл нэг залуу “яасан муухай царайтай хоёр вэ” гээд ...намайг ганцааранг минь үлдээгээд зодсон гэж  ярьсан. ...Цагдаа нар 7-н давхраас эхлэн айлуудын хаалгыг нүдээд эхний айлыг нүдэхэд нэг согтуу залуу гараад ирсэн ба тэр залуу уг залууг зодсон залуу мөн байсан гэж сүүлд яригдаж байсан. Би бичлэгийг харсан. ...зоддог залуу нь үүдээр орж ирээд шат руу дээшээ хараад барьж явсан цүнхээ шатны хажууд тавиад өмсөж явсан куртикээ тавиад дээшээ өгсөөд ...Эыг хувцаснаас нь зуураад шатны доошоо нэг давхар луу шатаар нидрүүлэгдэн чирээд, лифтний үүдэн дээр аваачаад босгон толгойгоор нь нэг удаа хана мөргүүлсэн. Тэгээд ханаа дагуулан шувтарч чирэх явцдаа цохиж харагдсан. ...Үүдний хэсэгт байдаг хаалга хоорондын коридорын хэсэг рүү түлхээд унагаад өөрийнхөө цүнх, куртикийг аваад лифтэнд суугаад дээшээ гарч байгаа бичлэг байсан. ...” гэх мэдүүлэг [20],

-Г.М-ы яллагдагчаар мэдүүлсэн “..Би 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өглөө ...Наранбаярынд очоод 2 шил 0,5 граммын архи хувааж уусан. Би гэртээ ирсэн. Орцонд хоёр залуу буюу одоо энэ хэргийн хохирогч Э нь нэг залуутай хамт нэг давхрын шатан дээр архи уугаад сууж байхаар нь “та нар орц хонгилд битгий архи уугаад бай” гэтэл өөдөөс хохирогч Этой хамт байсан залуу “чи муу юу вэ” гээд өөдөөс хэрэлдэхээр нь би барьж аваад хажуу тийшээ дугтарсан чинь тэр гүйгээд гараад явсан. Тэгээд үлдсэн залууг буюу Эыг би чи гар гээд нүүр лүү нь 2-3 удаа цохиод нэг удаа мөргөөд чирээд гаргаад явуулаад гэртээ орсон.  ...” гэх мэдүүлэг [21],

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 2018 оны 01 дүгээр сарын 19-ний  өдрийн 0000 дугаартай дүгнэлт [22], 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зураг[23] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Хэргийн үйл баримтаас үзвэл тухайн хэрэг үйл явдал болсон өдөр хохирогч А.Э шүүгдэгч Г.М нарын хэн аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, мөн хохирогч А.Э нь шүүгдэгч Г.Мы оршин суудаг байрны орцонд архи ууж байснаас болж “орцонд архи уулаа” гэх шалтгаанаар хохирогчийг зодож гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогч А.Э нь Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, 00 дүгээр байрны 0 дугаар орцонд архидан согтуурсан зүй бус үйлдэл, мөн шүүгдэгч Г.М нь бусадтай зөв боловсон харьцаагүй зэрэг ёс суртахууны дутагдлын улмаас А.Э-ын бие махбодид халдсан гэмт хэрэг гарсан байна.

Улсын яллагчаас шүүгдэгч Г.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Г.М хохирогч А.Э-ын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

Тиймээс шүүгдэгч Г.М-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг дээрх хуулийн зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэстэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн тухай.

Хохирогч А.Э-ын бие махбодид хөнгөн хохирол учирсан ба хохирогчоос эмчилгээний зардалд 1.099.960 төгрөг нэхэмжилж, 99.960 төгрөгийн баримт[24]-ыг хэрэгт ирүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Г.М нь түүнд 200,000 төгрөг нөхөн төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Э-ын өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Г.Мы мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

 Шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Г.М-ы үйлдлийн улмаас хохирогч А.Э-д дух, баруун нүдний дээд зовхи, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхи, зүүн чихний дэлбэн, баруун, зүүн гуянд  цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учирсан болох нь тогтоогдсон байхад хохирогч А.Э-оос хэрэгт ирүүлсэн эмчилгээний зардал нэхэмжилсэн тухай хүсэлт [25]-д “элэгний эмний үнэ гаргуулахаар” нэхэмжилсэн нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Мы үйлдлийн улмаас хохирогчийн элгэнд гэмтэл учраагүй болох нь шинжээчийн дүгнэлтээс харагдана. Иймд хохирогч А.Э нь шинжээчийн 0000 тоот дүгнэлтэд дурдагдсан гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхтэй ба, энэ талаарх нотлох баримтаа цуглуулан иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно. Харин хохирогч элэгний цериоз өвчин сэдэрсэн цаашид эмчлүүлэх шаардлагатай байгаа тул энэ зардлаа нэхэмжилнэ гэж нэхэмжилсэн нь үндэслэлгүй бөгөөд энэ талаар эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхгүй болохыг дурдах нь зүйтэй.  

Нөгөө талаар хавтаст хэргийн 41 дүгээр талд авагдсан А.Э-ын хөдөлмөрийн чадвар алдалтыг хувь, хугацааг тогтоосон актаас үзвэл 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс харьяа дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр К74 Элэгний фиброз ба цирроз, элэгний хатуурал өвчнөөр А.Э-ын хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоож шийдвэрлэсэн байна. Үүнээс үзвэл тус гэмт хэрэг гарахаас өмнө хохирогч А.Э нь элэгний өвчнөөр өвчилж, тус өвчний оношоор хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоосон холбогдох байгууллагын шийдвэр гарсан байхад тус эрүүгийн хэрэгт холбогдуулан элэгний эмийн үнийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Мөн энэ хэргийн улмаас учирсан хөнгөн гэмтлийн улмаас хохирогчийн элэгний өвчин сэдэрсэн гэх баримт хэрэгт байхгүй, шинжээчийн дүгнэлтээр ч тогтоогдсон зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Г.М-ыг шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтлийн улмаас учирсан хохиролд баримтын хүрээнд буюу баримтгүйгээр 200.000 төгрөг хохирогчид нөхөн төлсөн байх тул энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

 

2. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч шүүгдэгч Г.М-д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцохдоо ажил эрхэлдэг тул торгуулийн ял оногдуулж өгнө үү гэж мэтгэлцсэн.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл зэргийг харгалзан үзсэн болно. Үүнд:

Шүүгдэгч Г.М нь хувийн байдлын хувьд урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр хоёр удаа ял шийтгэгдсэн байна.  Иймд шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан 464 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, торгуулийн ял оногдуулж өгнө үү гэсэн шүүгдэгчийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж дүгнэсэн болно.

 

3. Бусад асуудлын талаар.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдаж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Г.М-ы иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М.Г-ны Г.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-ыг 464 /дөрвөн зуун жаран дөрөв/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Г.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шүүгдэгч Г.М нь энэ тогтоолоор хохирогч А.Э-д төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогч А.Э нь шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 0000 тоот дүгнэлтээр тогтоогдсон гэмтэлтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Г.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Г.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА

 


[1] Хавтаст хэргийн 198-21 дүгээр тал.

[2] Хавтаст хэргийн 34  дүгээр тал.

[3] Хавтаст хэргийн 24 дүгээр тал.

[4] Хавтаст хэргийн 38-39 дүгээр тал.

[5] Хавтаст хэргийн 37 дугаар тал.

[6] Хавтастхэргийн 30-31 дүгээр тал.

[7] Хавтаст хэргийн 24 дүгээр тал.

[8] хавтаст хэргийн 9-13 дугаар тал.

[9] хавтаст хэргийн 42-43 дугаар тал.

[10] Хавтаст хэргийн 46  дугаар тал.

[11] Хавтаст хэргийн 49 дүгээр тал.

[12] хавтаст хэргийн 51-54 дүгээр тал.

[13] хавтаст хэргийн 58 дугаар талын ар талд.

[14] Хавтаст хэргийн 72  дугаар тал.

[15] Хавтаст хэргийн 63-65, 67-68  дугаар тал.

[16] хавтаст хэргийн 44-45 дугаар тал.

[17] Хавтаст хэргийн 198-21 дүгээр тал.

[18] Хавтаст хэргийн 34  дүгээр тал.

[19] Хавтаст хэргийн 24 дүгээр тал.

[20] Хавтаст хэргийн 38-39 дүгээр тал.

[21] Хавтастхэргийн 30-31 дүгээр тал.

[22] Хавтаст хэргийн 24 дүгээр тал.

[23] хавтаст хэргийн 9-13 дугаар тал.

[24] Хавтаст хэргийн 42 дугаар тал.

[25] Хавтаст хэргийн 43 дугаар тал.