| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00662/И |
| Дугаар | 304/ШШ2025/00575 |
| Огноо | 2025-10-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 304/ШШ2025/00575
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 304/2025/00662/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Д.У*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Д.У******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
...Илгээлтээр мал аж ахуй дээр гараад 1991-1993 онд Б******* сумын Хөдөлмөр нэгдэлд саальчнаар ажиллаж байсан. Өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэтэл нийгмийн даатгалаас ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай гэсний дагуу 1991-1993 онд Б******* сумын Хөдөлмөр нэгдэлд саальчнаар ажиллаж байсныг тогтоолгохоор шүүхэд хандаж байна гэжээ.
2.Хүсэлт гаргагчаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,
-Булган аймгийн Архивын тасгийн 2013 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 816 дугаартай цалингийн цэсийн лавлагаа /хэргийн 3-р хуудас/,
-Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 4-р хуудас/,
-Д.У*******гийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хэргийн 5-6-р хуудас/,
-Д.У*******д 1991 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 7-р хуудас/,
-1999 оны мал тооллогын бүртгэлийн хуулбар /хэргийн 8-р хуудас/,
-Булган аймгийн Б******* сумын архиваас малчин-даатгуулагчид олгох архивын лавлагаа /хэргийн 9-р хуудас/,
-2000 оны мал тооллогын бүртгэлийн хуулбар /хэргийн 10-р хуудас/ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2.Хүсэлт гаргагч нь Булган аймгийн Б******* сумын Хөдөлмөр нэгдэлд 1991-1993 онд саальчнаар ажиллаж байсан боловч ажилласан жилийн баримт байхгүй зөрчилтэй тул ажилласан жилээ тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.
3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1.Хүсэлт гаргагч Д.У******* нь Булган аймгийн Б******* сумын Хөдөлмөр нэгдэлд 1991-1993 онд саальчнаар ажиллаж байсан болох нь Булган аймгийн Архивын тасгийн 2013 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 816 дугаартай цалингийн цэсийн лавлагаа, Д.У*******гийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Д.У*******д 1991 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1999 оны мал тооллогын бүртгэлийн хуулбар, 2000 оны мал тооллогын бүртгэлийн хуулбар, Булган аймгийн Б******* сумын архиваас малчин-даатгуулагчид олгох архивын лавлагаа зэрэг баримтуудаар нотлогдож байна.
4.Иймд хүсэлт гаргагч Д.У*******гийн Булган аймгийн Б******* сумын Хөдөлмөр нэгдэлд 1991-1993 онд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хуульд зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б******* овогт Д*******гийн У*******г Булган аймгийн Б******* сумын Хөдөлмөр нэгдэлд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчинаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА