| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00601/И |
| Дугаар | 304/ШШ2025/00577 |
| Огноо | 2025-10-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 304/ШШ2025/00577
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай 304/2025/00601/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч Ш.О*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Ш.О******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Ш.О******* миний бие 1986 онд 8 дугаар ангиа төгсөөд өөрийн хүсэлтээр зуны амралтаараа 4 сар үтрэмд нормчин ажилчнаар ажилласан. Мөн 1987 онд 9 дүгээр ангиа төгсөөд зуны амралтаараа үтрэмд 4 сар нормчиноор ажилласан. Мөн 1988 онд 10 ангиа төгсөөд 6 сарын 30-ны өдрөөс Сангийн аж ахуйн үйлдвэр дээр ажилчнаар гарч ирж 1989 оны 09 сарын 30-ны өдөр хүртэл үтрэмд нормчиноор 1 жил 3 сар ажилласан. 1988 оны 06 сарын 30 нд ажилд орсон тушаал Булган аймгийн Архиваас авч хавсаргав. Харин ажлаас халагдсан тушаал олдоогүй. Хутаг-Өндөр сум Магсаржав сангийн аж ахуйн Хантай цогцолборын архив гал түймэрт өртөж шатсан тул гал түймрийн улсын байцаагчийн тодорхойлолт хавсаргав. Аймгийн архивын тасгаас ажилласан байх хугацааны лавлагаа гарахгүй байгаа тул ажилласан жил орохгүй хохироход хүрээд байна. миний өндөр насны тэтгэвэрт гарах нас хүрсэн. Тэтгэврээ тогтоолгох гэтэл ажилласан жилийн баримт гарч иэхгүй байгаа учир нийгмийн даатгалаас ажилласан жилээ шүүхээр тогтоолго гэсний дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгож авах зорилгоор шүүхэд хандаж ажилласан жилээ тогтоолгох хүсэлт гаргаж байна гэжээ.
2.Хүсэлт гаргагчаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
-Иргэний үнэмлэхийн лавлагаа,
-Булган аймгийн Магсаржав сангийн аж ахуйн даргын тушаал,
-Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад Ж.Э*******ы тодорхойлолт зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
3.Хүсэлт гаргагч Ш.О*******гийн хүсэлтээр Д.М*******, Ц.Б******* нараас гэрчийн мэдүүлэг авсан.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 01/259 дугаартай албан бичиг,
-Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ХААТР-1 лавлагаа,
-Үндэсний төв Архивын газрын 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 02/933 дугаартай албан бичгээр ирүүлсэн 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн №03-01/6134 дугаартай 1989 оны хүн ам, орон сууцны архивын тооллогын лавлагаа зэргийг бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хангахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
2.Хүсэлт гаргагч нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Магсаржав САА-н Хантай багийн үр тарианы үтрэмд 1986 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл үтрэмд нормчиноор, 1987 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл үтрэмд нормчиноор, 1988 оны 06 сарын 30-ны өдрөөс 1989 оны 09 сарын 30-ны өдөр хүртэл үтрэмд нормчиноор ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.
3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1.Хүсэлт гаргагч Ш.О******* нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Магсаржав САА-н Хантай багийн үр тарианы үтрэмд 1986 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл үтрэмд нормчиноор, 1987 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл үтрэмд нормчиноор, 1988 оны 06 сарын 30-ны өдрөөс 1989 оны 09 сарын 30-ны өдөр хүртэл үтрэмд нормчиноор ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба дээрх хугацаанд ажиллаж байсан нь хэрэгт авагдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
-Булган аймгийн Магсаржав сангийн аж ахуйн даргын тушаал,
-Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад Ж.Э*******ы тодорхойлолт зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 01/259 дугаартай албан бичиг,
-Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ХААТР-1 лавлагаа,
-Үндэсний төв Архивын газрын 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 02/933 дугаартай албан бичгээр ирүүлсэн 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн №03-01/6134 дугаартай 1989 оны хүн ам, орон сууцны архивын тооллогын лавлагаа зэрэг баримтууд,
Гэрч Ц.Б*******ы: Би 1982 оны 04 дүгээр сараас 1992 он хүртэл Хутаг-Өндөр сумын Магсаржав сангийн аж ахуйн Хантай цогцолборын үтрэмийн эрхлэгчээр,1992 оноос 1997 оныг дуустал Хантай ХК-ийн захирлаар ажиллаж байсан. Ш.О******* нь 1986 оны 06 дугаар сараас 3 сарын гэрээгээр Хантай цогцолборын үтрэмд нормчноор, 1987 оны 06 дугаар сараас 3 сарын гэрээгээр Хантай цогцолборын үтрэмд нормчноор, 1988 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс үндсэн ажилчнаар тус тус ажиллаж байсан. 1989 оны 10 дугаар сарыг хүртэл ажиллаж байгаад оюутан сургуульд явсан. Ш.О******* нь надтай хамт ажиллаж байх хугацаандаа тасралтгүй ажиллаж байсан. 15-16 настай хүүхдүүд гэрээгээр ажилладаг байсан тул шагнал урамшуулал гэж авч байгаагүй гэх,
Гэрч Д.М*******ын: Би 1984 онд 10 дугаар анги төгсөөд цэргийн албанд явсан. 1987 онд цэргийн албанаас халагдаж ирээд Хутаг-Өндөр сумын Магсаржав сангийн аж ахуйн Хантай цогцолборын үтрэмд түр ажилчнаар нормчноор ажилд орж 1990 оныг хүртэл ажилласан. Намайг 1987 онд ажилд ороход Ш.О******* 8 дугаар анги төгсөөд нормчноор ажилд орж ирж байсан. Би 1990 оноос баг бригадын даргаар ажилласан. Намайг ажлаасаа гараад явахад ажиллаад үлдсэн. 1989 оноос сургуульд явсан санагдаж байна. Тухайн үед сургуульд төгсөөд ажилгүй байдаг хүн гэж байгаагүй. Улирын чанартай ажил хийдэг байсан бөгөөд өвөл ажилладаггүй байсан. Тасралтгүй ажиллаж байгаад сургуульд явсан. Сувилагчийн ангид явсан гэж байсан. Тэр талаар сайн мэдэхгүй байна. Сургуульд явахад нь сайн ажиллаж байсан бол тодорхойлолт гаргаж өгдөг байсан гэх мэдүүлгүүд, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг болно.
4.Хүсэлт гаргагчийн гэрээгээр ажиллаж байсан гэх 1986 оны 6 дугаар сараас 3 сарын гэрээгээр Хантай цогцолборын үтрэмд нормчноор, 1987 оны 06 дугаар сараас 3 сарын гэрээгээр ажилласан гэх үйл баримт нь гэрчийн мэдүүлгээс гадна өөр бичгийн нотлох баримтаар давхар нотлогдсон байхыг шаардана.
5.Иймд хүсэлт гаргагч Ш.О*******г Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Магсаржав САА-н Хантай багийн үр тарианы үтрэмд 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оныг 9 дүгээр сарын 30-ныг дуустал хугацаанд нормчноор ажиллаж байсан болохыг тогтоож, гэрээгээр ажиллаж байсан гэх 1986 оны 4 сар, 1987 оны 4 сарын хугацааг хэрэгсэхгүй болгож, хуульд зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар П******* овогт Ш*******ын О*******г Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Магсаржав САА-н Хантай багийн үр тарианы үтрэмд 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оныг 9 дүгээр сарын 30-ныг дуустал хугацаанд нормчноор ажиллаж байсан болохыг тогтоож, гэрээгээр ажиллаж байсан гэх 1986 оны 4 сар, 1987 оны 4 сарын хугацааг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА