| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Махайн Риза |
| Хэргийн индекс | 110/2026/0003/З |
| Дугаар | 110/ШШ2026/003/8 |
| Огноо | 2026-04-16 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 110/ШШ2026/003/8
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х.Ж,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг дарга ,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Байгаль орчны газрын дарга нарын хоорондын төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Асланбек /цахимаар/, хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Айсауле, хариуцагч Байгаль орчны газрын дарга Ш.М, хариуцагчийн өмгөөлөгч Б.Мөнхзул /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
1. Нэхэмжлэгчээс Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/697 дугаартай “Байгаль орчны газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” захирамж, Байгаль орчны газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Б/36 дугаартай “Х.Жг төрийн албанаас чөлөөлөх тухай” тушаалыг тус тус хүчингүй болгох, байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчийн ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг тус тус даалгах”-аар маргаж байна.
2. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/697 дугаартай захирамжаар Байгаль орчны газрын бүтэц орон тоог шинэчлэн батлахдаа нэхэмжлэгчийн ажиллаж байсан байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчийн орон тоог оруулж батлаагүй байх ба Байгаль орчны газрын даргын 2026 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/31 дугаартай тушаалаар “орон тоо хасагдсан” гэсэн үндэслэлээр Х.Жг ажлаас нь чөлөөлжээ.
3. Нэхэмжлэгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
3.1.Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны А/697 дугаартай захирамжаар Байгаль орчны газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлахдаа миний ажиллаж байсан байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчийн орон тоог хасагдсан гэж тайлбарласан, бодит байдалд “хасаагүй” буюу миний орон тоо, гүйцэтгэдэг байсан ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байна.
Өөрөөр хэлбэл, байгаль орчны хяналтын улсын байцаагч нь хуулиар дотроо орчны бохирдол, усны нөөц ашиглалт, ан амьтан, газрын хэвлий, байгаль орчны үнэлгээ, ойжуулалт, уур амьсгал зэрэг дэд хэсгүүдэд хуваагдаж, бид чиглэлээрээ хариуцаж явдаг байсан. Гэтэл “хасагдсан” гэх орон тооны шинэчилсэн бүтцээр дээр дурдсан дэд хэсгүүдийг тус бүрд нь хувааж мэргэжилтэн болгож, өмнөх байсан бүгд “байгаль орчны байцаагч” нарыг чиглэлээр нь хуваагаад өгсөн гэсэн үг. Энэ нь “хасагдах’’ гэх ойлголт биш харин “цөөрсөн" гэх ойлголт болно.
Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд “хасагдах”, “цөөрөх” ойлголтыг нарийвчлан заагаад өгсөн. Үүнийг Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 сарын 03-ны өдрийн 33 дугаартай “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх хэсэгт "орон тоо хасагдсан" гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино.” гэж, мөн зүйлийн 15.1.2 дахь хэсэгт "орон тоо цөөрүүлэх" гэдэгт хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг ойлгоно.” гэж тус тус ялгааг зааглаж тайлбарласан байдаг. “Орон тоо хасагдах” бол ажил, албан тушаал үүний дагуух үүрэг, хариуцсан чиглэл тэр чигээр бүхэлдээ үгүй болохыг ойлгоно. Гэтэл шинэчилсэн бүтцээр миний гүйцэтгэж байсан, тэнд ажиллаж байсан байгаль орчны байцаагч нарын бүх үүрэг, чиглэл бүхэлдээ тэр чигээр хэвээр бөгөөд харин зөвхөн албан тушаалын нэрийг дэд хэсгээр тухайлсан чиглэлээр ялгаж заасан байсан. Орон тоо цөөрөхөд шударга өрсөлдөөний зарчмаар шийдэх учиртай. Гэтэл манай тохиолдолд анхнаас “орон тоо хасах” гэж хэлбэр төдий нэр өөрчилснийг тайлбарлан шударга өрсөлдөөн явуулж “орон тоог цөөрүүлэх”-ийг сонгоогүй байна.
3.2. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/697 дугаартай захирамжаар өмнөх батлагдсан бүтцийг хүчингүй болгож, шинэ бүтэц баталсан нь хууль бус болно. Учир нь аймгийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн А/333 дугаартай захирамжаар батлагдсан бүтцээр миний ажиллаж буй байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчийн орон тоог хэвээр баталчхаад дараа нь үүнийг хасаж, байхгүй болгож баталсан.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2.7 дахь хэсэгт "байгаль орчныг хамгаалах" гэдэгт байгаль орчныг бохирдохоос урьдчилан сэргийлэх, байгалийн баялгийг жам ёсоороо нөхөн сэргэх боломжийг нь алдагдуулахгүйгээр, байгалийн даацад нь тохируулан зохистой ашиглах, нөхөн сэргээх, тэдгээрт хяналт тавих ажиллагаа хамаарна гэж зааж, 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:нутаг дэвсгэртээ ажиллах байгаль орчны улсын ахлах болон улсын байцаагчийг энэ хуульд заасны дагуу ялгах тэмдэг, дүрэмт хувцас, бие хамгаалах зэвсэг, техник хэрэгсэл, уналгаар хангах” тухай тус тус зааснаас үзвэл байгаль орчныг хамгаалах байцаагч заавал байх ёстой байдлаар хуульд зохицуулсан болохыг харж болно. Тодруулбал, тус хуулийн Тавдугаар бүлэгт байгаль орчны хяналт байх ёстойг тухайлан бүлэг болгож, 26 дугаар зүйлд үндсэн зохицуулалт болгон оруулж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт ‘Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар байгаль орчны чиглэлийн мэргэжилтэй, эсхүл энэ чиглэлээр мэргэшиж дадлагажсан дээд боловсролын зэрэгтэй иргэнийг томилно.” гэж тухайлан байгаль орчны хяналтын улсын байцаагч байх ёстой байдлаар зааж өгсөн.
Энэ тухай Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 01/5101 дугаартай “Санал хүргүүлэх тухай” албан бичгээр аймгийн Засаг даргад хандаж, "байгаль орчны хяналтын улсын байцаагч” заавал байх ёстой талаар санал хүргүүлснийг аймгийн Засаг дарга биелүүлэхгүй байгаа нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7-д байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад олгосон “байгаль орчныг хамгаалах ... талаар төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагад аргачилсан туслалцаа ... үзүүлэх” бүрэн эрхийг зөрчиж буй хэлбэр мөн болно. Нэгэнт хууль зөрчиж, байгаль орчныг хамгаалах байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчийн албан тушаалыг байхгүй болгосон учир уг захирамж хууль бус бөгөөд хүчингүй болох ёстой гэжээ.
4. Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:
4.1. 2022 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгасантай холбогдуулан Засгийн газрын 2022 оны “Хууль хэрэгжүүлэх талаарх зарим арга хэмжээний тухай” 417 дугаар тогтоолоор Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүргийг холбогдох салбар яамд шилжүүлсэн байдаг. 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс байгаль орчны хяналтын чиг үүрэг Байгаль орчны яам дээр ирснээр орон нутагт мөн салбарын хяналт аймгийн Байгаль орчны газарт шилжсэн. Миний бие 2011 оноос аймгийн Мэргэжлийн хяналтын газарт байгаль орчны хяналтын улсын байцаагч, улсын ахлах байцаагчаар ажиллаж байгаад тус байгууллага татан буугдсантай холбогдуулан 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Байгаль орчны газарт шилжсэн, төрийн жинхэнэ албанд тасралтгүй 14 жил ажилласан юм.
4.2. 2025 онд Засгийн газраас төрийн албан хаагч нарыг 9 хувиар цомхотгох шийдвэр гаргасантай холбогдуулан миний ажиллаж байсан байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчийн орон тоог цомхотголд оруулж, намайг ажлаас чөлөөлсөн ба гол шалтгаан нь ажлын чиг үүргийн давхардал үүссэн гэж үзсэн. Ш.М нь 2015 онд Байгаль орчны газрын даргын албан тушаалд томилогдсоноос хойш 2022 он хүртэл байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчийн эрхгүй байсан. Учир нь, Байгаль орчны газрын бүтэц, орон тоонд байгаль орчны хяналтын улсын байцаагчийн орон тоо огт байгаагүй, албан тушаалын тодорхойлолт улсын ахлах байцаагчийн эрхтэй байхаар тусгагдаагүй. 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Мэргэжлийн хяналтын газар татан буугдсантай холбогдуулан Байгаль орчны газарт байгаль орчны хяналтын улсын байцаагч, улсын ахлах байцаагч нар шилжиж ирсэнтэй холбогдуулан Байгаль орчны газрын дарга Ш.Мад улсын ахлах байцаагчийн эрх олгогдсон.
Шалтгаан нь шилжиж ирсэн гүйцэтгэх албан тушаалтан болох байгаль орчны хяналтын улсын байцаагч, улсын ахлах байцаагч нарыг зөвхөн удирдлагаар хангах, улсын байцаагчийн гаргасан шийдвэрт хяналт тавьж, төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх удирдамжийг батлах үүрэг хүлээх, мөн улсын байцаагч нарын гаргасан шийдвэрт холбогдох хууль тогтоомжоор иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд тухайн байгууллагын удирдах албан тушаалд нь гомдол гаргах эрхийг зааж өгсөн. Тийм учраас Байгаль орчны газрын дарга улсын ахлах байцаагчийн эрхтэй болж байж улсын байцаагч нарын гаргасан шийдвэрийг хянах эрх зүйн чадамжтай болдог тул улсын ахлах байцаагчийн эрх олгогдсон.
4.3. Байгаль орчны газар өмнө нь аймгийн Засаг даргын захирамжаар бүтэц, орон тоогоо 46 болгож батлуулсан ба 9 хувийн цомхотгол хийхдээ бүтэц, орон тоог 35 болж батлуулсан. Үнэндээ 30 хувийн орон тооны цомхотгол гэж 11 хүний орон тоог цомхотголд оруулж, хоморголон халсан нь бодитой шийдвэр байгаагүй. Уг батлагдсан 35 орон тоонд тааруулж, ямар албан тушаалыг цомхотголд оруулах талаар Ажлын хэсэг байгуулагдсан. Албан тушаалын чиг үүргийн шинжилгээ хийх Ажлын хэсгийг Байгаль орчны газрын даргын тушаалаар томилсон, Ажлын хэсэгт орсон таван ажилтан нь өөрсдийн ажиллаж байгаа орон тоонд дүн шинжилгээ хийгээгүй, хамгаалаад үлдсэн гэж ойлгогдохоор байгаа.
Ажлын хэсэг албан тушаалын чиг үүргийн шинжилгээг ямар аргачлалын дагуу хийсэн нь, хууль журмын дагуу хийсэн эсэх, албан тушаалын чиг үүргийг тухайн байгууллага өөрөө хийх ёстой юу гэдэг асуудал үүсэж байгаа. Мөн нотлох баримтад авагдсан Ажлын хэсгийн хурлын тэмдэглэлтэй танилцахад Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орсон ажилтнууд байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчийн орон тоо, байгаль орчны газрын даргын орон тоотой чиг үүргийн хувьд давхцаж байгаа талаар нотлоогүй, энэ талаар дүн шинжилгээ хийгээгүй, дүгнэлт гаргаагүй, зөвхөн үзэмжээр хэн нэгний даалгавраар дургүй байгаа албан тушаалтнуудын орон тоог байхгүй болгосон гэж ойлгож байгаа. Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч гүйцэтгэх албан тушаалын ангилалд, Байгаль орчны газрын дарга удирдах албан тушаалын ангилалд багтдаг ба Төрийн албаны зөвлөлөөс боловсруулан баталж өгсөн ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг тус тусдаа хийж гүйцэтгэдэг. Иймд ажил үүргийн хувьд давхцах боломжгүй.
Мөн 13 сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч нар тухайн сумын Засаг даргын тамгын газарт харьяалагдан цалинждаг. Мөн тус тусдаа өөр өөр нутаг дэвсгэрийг хариуцдаг, ажлын байрны тодорхойлолт нь байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтний ангиллаар батлагдсан бөгөөд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас зөвхөн улсын байцаагчийн эрх авч ажилладаг, Байгаль орчны газарт шууд харьяалагддаггүй тул орон тооны хувьд давхардал үүсэх боломжгүй.
4.4. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/697 дугаартай захирамжаар байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчийн орон тоог цомхотголд оруулж баталж, түүний оронд ажлын байрны тодорхойлолтгүй, дур мэдэн шинээр уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, байгалийн нөөц ашигласны төлбөр, үйл ажиллагааны хөтөлбөр, тогтоол шийдвэр, гэрээт сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтний орон тоог нэмж баталсан нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасныг зөрчсөн. Орон тоог хасаж, цомхотгож байхад нөгөө талдаа шинээр нэмж орон тоо бий болгож баталсан нь хууль бус захирамж болно.
4.5. Миний гаргасан гомдлын дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2025 оны ХЭГ/3360 дугаартай зөвлөмж, шаардлага, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 01/5101 дугаартай санал хүргүүлсэн албан бичгийг үндэслэн аймгийн Засаг даргаас 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Байгаль орчны газрын бүтэц, орон тоог баталсан 2025 оны А/697 дугаартай захирамжийн хавсралтад өөрчлөлт оруулсан А/02 дугаар захирамж гаргаж, Байгаль орчны газрын бүтэц, орон тоонд миний өмнө ажиллаж байсан байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчийн орон тоог нэмж баталж өгсөн. Ингэснээр намайг төрийн албанаас чөлөөлсөн маргаан бүхий захирамжийн үндэслэл болсон үйл баримт арилсан буюу үгүй болсон болно. Өөрөөр хэлбэл, миний хуучин ажиллаж байсан албан тушаал хасагдаагүй буюу хэвээр байгаа учир Байгаль орчны газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/36 дугаартай ажлаас чөлөөлөх тушаал хүчингүй болох ёстой гэж үзэж байна гэв.
5. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын шүүхэд гаргасан тайлбарт:
5.1. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас ирүүлсэн санал болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас ирүүлсэн зөвлөмж, шаардлагын хүрээнд аймгийн Засаг даргын “Байгаль орчны газрын бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай” А/697 дугаартай захирамжийн хавсралтад аймгийн Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/02 дугаартай захирамжаар өөрчлөлт оруулан байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчийн орон тоог бий болгон шинэчлэн баталсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагын аймгийн Засаг даргад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:
6.1. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/02 дугаар захирамжаар 2025 оны А/697 дугаартай захирамжид оруулсан өөрчлөлтийн хүрээнд байгаль орчны хяналтын улсын байцаагчийн орон тоог бий болгож, Байгаль орчны газрын бүтэц орон тоог 36 болгож баталсан. Хэдий уг орон тоог бий болгосон ч аймгийн 2026 оны төсөвт орон тооны цалинг тусгаагүй учраас бодитоор хэрэгжүүлэх боломжгүй байна. Мөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас сул орон тоог царцаах, сул орон тоонд нэмж хүн авахгүй байх чиглэлийг өнөөдрийг хүртэл өгч байгаа гэв.
7. Хариуцагч Байгаль орчны газрын даргын шүүхэд гаргасан тайлбарт:
7.1. Монгол Улсын Их Хурлын 2025 оны 48 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан ‘‘Монгол Улсын хөгжлийн 2026 өнд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэл”-д төрийн албаны шинэчлэлийг хийх, чиг үүргийн давхардлыг арилгах, төсөв, зардлыг хэмнэх зорилгоор багш, эмч нараас бусад төрийн албан хаагчдын тоог 9 хувиар буюу 3850 орон тоогоор бууруулах замаар чадварлаг, цомхон, бүтээмжид суурилсан төрийн албыг бэхжүүлэх бодлогыг хэрэгжүүлэхээр тусгасан бөгөөд энэхүү бодлого нь төрийн байгууллагын бүтцийн оновчлол, төсвийн хэмнэлт, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах хууль зүйн үндэслэлтэй арга хэмжээ болсон.
7.2. Байгаль орчны газрын орон тоо нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/333 дугаартай захирамжаар 46 байсныг Монгол Улсын Сангийн яамнаас 35 болгон тогтоож, төсөвт тусгасантай холбогдуулан аймгийн Засаг даргын мэдэгдлийн дагуу Байгаль орчны газрын даргын 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/19 тушаалаар Ажлын хэсэг байгуулан байгууллагын бүтэц орон тоонд үнэлэлт, дүгнэлт шинжилгээ хийлгэж ажиллуулсан бөгөөд Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдааны 58 дугаар тогтоолоор тус аймгийн 2025 оны төсөвт тодотгол хийж, 35 орон тооны цалингийн төсөв баталсан. Үүний дагуу Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/697 дугаартай захирамжаар Байгаль орчны газрын бүтэц, орон тоог 35 болгон шинэчлэн баталж, байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчийн орон тоог цомхотгосон. Захирамжаар төсвийн хязгаарлалт давхардлыг арилгах, бүтцийг оновчтой болгох шаардлагатай байсан учир бүтэц орон тоонд хийсэн дүгнэлт, шинжилгээний дагуу зарим орон тоог хасаж, зарим албан тушаалыг цөөрүүлж бусад орон тоог хэвээр хадгалан байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй явуулах зохицуулалт хийгдсэн.
7.3. Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч гэх албан тушаалыг хасаж, Х.Жг ажлаас чөлөөлсөн бөгөөд ажлаас чөлөөлөхдөө Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.4-т тус тус заасны дагуу мэдэгдэл хүргүүлж, сонсох ажиллагааг хуульд заасны дагуу явуулж, ажлаас чөлөөлсөн. Х.Жг ажлаас чөлөөлөхтэй холбоотой Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасны дагуу 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр сонсох ажиллагааны талаарх мэдэгдэл хүргүүлж, 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр, 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрүүдэд сонсох ажиллагаа зохион байгуулагдсан. Ажилтанд санал өгөх, биечлэн оролцох төлөөлөгчөөр дамжуулан цахим болон утсаар санал өгөх боломжууд олгогдсон. Х.Ж нь дээрх боломжуудаас алийг нь ч сонгож оролцоогүй.
7.4. Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчийн орон тоо цөөрсөн асуудал байхгүй, тухайн орон тоо хасагдсанаас хойш байгууллагын зорилт үйл ажиллагаа тасалдаагүй бөгөөд бусад орон тоо, мэргэжлийн ажилтнуудын гүйцэтгэх чиг үүрэг хэвийн үргэлжилж байна. Тодруулбал, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар уг хуулийн зорилт нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, нийгэм эдийн засгийн хөгжлийг байгаль орчны тэнцэлтэй уялдуулах, байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулахад орших бөгөөд энэ зорилтыг хэрэгжүүлэхэд сумдын байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагч, холбогдох мэргэжилтнүүд хамтын ажиллагааны үндсэн дээр чиг үүргээ хэрэгжүүлж ирсэн. Иймд байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчийн орон тоо хасагдсанаар байгууллагын хувьд хуульд заасан үндсэн зорилт хяналт шалгалтын үйл ажиллагаа доголдсон гэж үзэх үндэслэлгүй болно.
7.5. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 01/5101 дугаартай албан бичгээр тус аймгийн Засаг даргад хүргүүлсэн саналд “..Засгийн газрын 2025 оны аймгийн Засаг даргын тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн тогтоох тухай 37 дугаар тогтоолын хүрээнд Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн бүтэц, орон тоог шинэчлэн батлахдаа Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн орон тоог хасаж батлагдсан нь төрийн хяналт шалгалтын чиг үүргийг алдагдуулах эрсдэл үүссэн байна.” гэх, мөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогтын 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ХЭГ/3360 дугаартай тус аймгийн Засаг даргад “Зөвлөмж, шаардлага хүргүүлэх тухай” албан бичгийн 4-т “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас өгсөн чиглэл болон Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн аймгийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/697 дугаартай захирамжаар баталсан аймгийн Байгаль орчны газрын бүтэц орон тоонд байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч эсхүл хяналтын улсын байцаагчийн орон тоог нэмж шинэчлэн батлах” гэх зөвлөмжүүдээс харахад тус ажлын байр нь нэхэмжлэгчийн маргаж байгаачлан орон тоо цөөрсөн бус ажлын байр хасагдсан бөгөөд дээд шатны байгууллагуудаас буцааж уг ажлын байрыг нэмэхийг зөвлөж байгаагаар ажлын байр хасагдсан гэх үндэслэл нотлогдож байна.
7.6. Түүнчлэн нэхэмжлэлд хасагдсан гэх орон тооны чиглэлийг мэргэжилтэн нарт хувааж өгсөн гэж маргаж байна. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “Үлгэрчилсэн дүрэм. чиглэлийг шинэчлэн батлах тухай” тушаалын хавсралтаар аймаг, нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын ажилтнуудын ажил үүргийн үлгэрчилсэн чиглэлийг баталсан бөгөөд улсын ахлах байцаагч болон улсын байцаагчийн хэрэгжүүлэх чиг үүрэг нь тусдаа буюу өөр бөгөөд нэхэмжлэлд дурдсан мэргэжилтнүүдийн хэрэгжүүлэх чиг үүрэгт багтсан гэх үндэслэл нь үүгээр няцаагдаж байна.
7.7. Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас хэрэгжүүлж буй төрийн байгууллагын бүтцийн оновчлол, чиг үүргийн давхардлыг арилгах, төсөв, зардлыг хэмнэх бодлогын хүрээнд Баян-Өлгий аймгийн Засаг даргын захирамжаар орон тоог хассаны дагуу ажилтныг чөлөөлөх шийдвэрийг гаргасан бөгөөд энэхүү шийдвэр нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Төсвийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн хууль ёсны шийдвэр юм.
7.8. Түүнчлэн Х.Ж нь Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан бөгөөд Төрийн зөвлөлийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 06/2707 дугаартай албан бичгээр “...Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас хэрэгжүүлж буй төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалт, чиг үүргийг оновчтой болгох, чиг үүргийн давхардлыг арилгах, төсөв, зардлыг хэмнэх бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд Байгаль орчны газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/36 дугаартай тушаалаар таныг тус газрын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчийн албан тушаалаас чөлөөлсөн байх тул гомдолд дурдагдсан асуудлыг хүлээн авч. шийдвэрлэх боломжгүй.” гэх хариуг өгч, маргаан бүхий тушаалыг хэвээр үлдээсэн.
7.9. Миний бие Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө: 46.2.5-т хуульд заасан бусад үндэслэл. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно”, 80.1.1-д “аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн” гэж тус тус заасантай нийцсэн шийдвэр гаргасан бөгөөд орон тоо, төсөв байхгүй болсон энэ тохиолдолд Х.Жг ажиллуулах нь төсвийн эрх мэдлээ хэтрүүлэх, хууль зөрчсөн үйлдэл болох үр дагавартай болохоор байна гэжээ.
8. Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:
8.1. Засаг даргын гаргасан шийдвэрүүд нь хоёр өөр эрх зүйн акт юм. Нэг нь 2025 онд бүтэц батлаад, тэрийг би хэрэгжүүлсэн. Тэрний дараа уг орон тоог нэмж байгаа олон шалтгаан бий. Эхний гаргасан Засаг даргын бүтэц, орон тоо баталсан захирамж одоо хүртэл хүчин төгөлдөр байна. 11 хүний асуудлыг эхлээд захирамжаар шийдчихсэн, дараагийн эрх зүйн акт гарахад тухайн үедээ нэхэмжлэгч хүсэлтээ гаргасан, хүсэлтийг нь хангахгүйгээр шийдвэрлэсэн. Дараагийн эрх зүйн акт гаргасан тохиолдолд сонгон шалгаруулалт явуулж, хууль журмын дагуу үйл ажиллагаа явагдах ёстой. 11 хүний орон тоо хасагдаад нэг л хүн маргаж явж байгаа, бусад хүмүүс уг эрх зүйн актыг хүлээн зөвшөөрсөн. Хоёр өөр эрх зүйн акт байгаа учраас хэрэгжүүлэх асуудал байхгүй болов уу гэж ойлгож байна гэв.
9. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
9.1. Хариуцагчаас бүтцийн өөрчлөлт хийхдээ Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэсэн байдаг. Уг Ажлын хэсгийг Байгаль орчны газрын даргын тушаалаар баталсан. Тус газарт ажилладаг нэр бүхий таван иргэн хуралдаж, ажлын байрны чиг үүргийн давхцалтай холбоотой дүгнэлт гаргасан. Энэ нь Захиргааны ерөнхий хуульд заасан хэд хэдэн суурь зарчмуудыг зөрчиж байгаа. Захиргааны шийдвэр гаргах процесс учраас захиргааны байгууллагын шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зааснаар “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” ёстой. Гэтэл шийдвэр гаргаж байгаа этгээдүүд нь тус байгууллагад ажилладаг, мэргэжлийн хүмүүс мөн эсэх нь эргэлзээтэй, ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д заасан “ашиг сонирхлын зөрчилтэй захиргааны үйл ажиллагаанаас татгалзан гарах, татгалзан гаргах боломжийг хангах” тухай зарчмыг мөн хуульчилж өгсөн. Иймээс мэргэжлийн бус этгээдүүдээр 46 орон тоог 35 орон тоог бууруулах арга хэмжээ авч байгаа нь анхнаасаа буруу шийдвэр байсан гэж үзэж байгаа.
9.2. Ингэж шийдвэр гаргахдаа дараах хуулийн алдааг гаргасан. Ажлын байрны албан тушаал цөөрсөн үү эсвэл хасагдсан уу гэдэг дээр үндэслэл бүхий тайлбар өнөөдөр хүртэл өгөөгүй байдаг. Ажлын хэсгээс байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчийн чиг үүрэг давхардсан эсэх гэдэг дээр “тийм” гээд дүгнэлт гаргасан. Чиг үүргийн давхардал байна гэвэл уг орон тоог хасагдсан гэж тайлбарлаж байгаа нь логикийн хувьд алдаатай байна. Учир нь тухайн ажлын байр өөр нэг албан тушаалтны чиг үүрэгтэй давхацсан байна гэдэг дүгнэлтийг хийснээр энэ чинь байхгүй болчихлоо, хасагдлаа гээд хасаж байгаа нь ажлын байрны буюу албан тушаал хасагдсан ойлголт руу орохгүй, эсрэгээрээ цөөрсөн гэдэг ойлголтод орно гэж үзэж байна. Улсын Дээд шүүхийн 2006 оны Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарласан тайлбарт заасны дагуу “орон тоо хасагдсан” гэдэг нь тухайн орон тоо нь байгууллагын зохион байгуулалт буюу бүтцээс чиг үүрэг нь бүхэлдээ байхгүй болохыг ойлгоно гэж зааж өгсөн. Хэрвээ цөөрөх ойлголт байсан бол давхардаж байгаа орон тоонд сонгон шалгаруулалт хийх замаар, өөрөөр хэлбэл, захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагааны шийдвэр нь үндэслэл бүхий байх ёстой байсан. Яагаад заавал Х.Жгийн орон тоо цөөрөөд, заавал Х.Жг ажлаас чөлөөлөх болсон нь үндэслэл бүхий байх ёстой байсан. Гэтэл мөн адил хуулийн суурь зарчмыг зөрчсөн гэж үзэж байгаа.
9.3. Ерөнхий сайдын 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 4 дугаартай даалгаврын 1.2 дахь хэсэгт төрийн албан тушаалын чиг үүргийн давхардлыг арилгах, удирдах албан тушаалын тоог бууруулах арга хэмжээ авах, байгууллагын орон тоог нэмэгдүүлэхгүй байх, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ажилтныг чөлөөлөх, сул орон тоог царцааж, нөхөн томилгоо хийхгүй байх зэргийг холбогдох албан тушаалтнуудад даалгасан байдаг. Үүнээс үзвэл захиргааны байгууллага буюу хариуцагч өөрөө энэ даалгаврын дагуу бүтцийн өөрчлөлт хийх болсон үндсэн зорилго нь эдгээрийн аль нөхцөлд орж байгааг тайлбарлаагүй. Хэрвээ чиг үүргийн давхардал гэж үзэж байвал хэрхэн, ямар байдлаар давхардсан талаар Ажлын хэсэг үндэслэл бүхий дүгнэлтийг гаргах ёстой байсан.
9.4. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу хяналт шалгалт хийгдээд, хяналт шалгалтын тайлан ирсэн байдаг. Уг тайлан дээр байгаль орчны хяналтын улсын байцаагч нь 400 гаруй хууль, журмыг хэрэгжүүлдэг заавал байх ёстой албан тушаал гэдгийг тусгасан. Мөн уг албан тушаалыг хасах үндэслэл тогтоогдохгүй байгаа буюу давхардаагүй байна. Газрын даргын албан тушаал дээр давхардсан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй буюу газрын дарга нь удирдах албан тушаалтан, харин гүйцэтгэх албан тушаалтан хяналт шалгалт хийж, зөрчлийг арилгуулах үүрэгтэй учраас үүний дагуу үүрэг нь давхардсан гэж үзэхгүй гэдэг тухай хяналт шалгалт хийхдээ чиглэл ирсэн. Уг чиглэлийн дагуу Засаг дарга өөрт нь олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд маргаан бүхий захиргааны актад нэмэлт өөрчлөлт хийсэн. Албан даалгаврын дагуу нэмэлт өөрчлөлт хийхдээ байгаль орчны улсын ахлах байцаагч гэдэг орон тоог дахиад бий болгосон. Уг орон тоо дахиад гурван сарын дотор бий болсон буюу гурван сарын дотор уг орон тоог дахиж сэргээсэн гэсэн үг. Энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.3-т заасан нөхцөл бий болж байгаа. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т хөдөлмөрийн харилцаатай холбоотой төрийн албан хаагчийн асуудлыг зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.1 дэх хэсэгт “Ажил олгогч дараах үндэслэлээр хүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах үүрэгтэй.”, 61.1.3 дахь хэсэгт “Ажлын байр нь хасагдсан шалтгаанаар ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосноос хойш гурван сарын дотор уг ажлын байр дахин бий болсноос хойш 30 хоногийн дотор ажилтан хүсэлт гаргасан” бол түүнийг авах үүрэгтэй гэж заасан. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн зүгээс Засаг даргын захирамж гараад, бүтцийн нэмэлт өөрчлөлт оруулаад, өөрийнх нь урьд эрхэлж байсан албан тушаал буюу байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчийн албан тушаалыг шинээр оруулж байсан. Ингээд урьд эрхэлж байсан албан тушаал нь дахин бий болсон учраас “ажилдаа оръё” гэдэг хүсэлтээ гаргасан. Гэтэл үүнийг шийдвэрлэхгүй байгаа.
Тэгэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.3-т заасан урьдчилсан нөхцөл бий болсон буюу ажил олгогч түүнийг өмнө нь эрхэлж байсан ажилд эгүүлэн авах үүрэгтэй гэж үзэж байна.
9.5. Цалин төсвийн тодотголтой холбогдуулж хэлэхэд, бүтцийн өөрчлөлтийн дагуу орон тоог баталж, цалингийн төсвөө хасаж баталсан, цалин байхгүй учраас ажиллуулах боломжгүй гэдэг тайлбар өгч байна. Захиргааны байгууллагын шийдвэр гаргах үйл ажиллагаа иргэнээс үл хамааран гардаг. Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллагын цалинг батлах эсэхтэй холбоотой асуудлаар бид иргэнийг буруутгаж болохгүй. Цалин төсвийг батлах, бүтцийн өөрчлөлтийг хийх нь захиргааны байгууллагын бүрэн эрхийн асуудал юм. Бүтцийн өөрчлөлт нь хуульд нийцэж байгаа эсэхийг шүүх хянан, хэрвээ хуульд нийцээгүй шийдвэр гаргасан байвал үүнийг хүчингүй болгодог. Хүчингүй болгосны дагуу захиргааны байгууллага шийдвэрээ дахин гаргадаг, харин ирээдүйд гарах эсвэл гарахгүй байх шийдвэрийн талаар захиргааны байгууллага төсөв нь батлагдаагүй юм байна. Тэгэхээр энэ хүнийг ажиллуулах боломжгүй байна гэдэг шийдвэр гаргах боломжгүй гэдгийг хэлмээр байна.
9.6. Тухайн иргэнийг анхнаасаа ажлаас гарахдаа үндэслэлтэй гаргасан эсэхэд шүүх дүгнэлт хийгээд, уг үндэслэлийн дагуу шүүх шийдвэр гаргах ёстой гэж үзэж байгаа.
Ажлаас чөлөөлсөн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2026 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл нийтдээ 5 сар 11 ажлын өдөр байгаа. Энэ хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөгдөх ёстой. Нэхэмжлэгчийг хууль бусаар ажлаас чөлөөлсөн шийдвэр, мэргэжлийн бус үндэслэл бүхий биш дүгнэлтийг үндэслэн бүтцийн өөрчлөлт хийсэн шийдвэр тус тус хүчингүй болгох ёстой гэж үзнэ гэв.
10. Хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
10.1 Нэхэмжлэгч нь өөрийнхөө ажиллаж байсан албан тушаалыг хасагдсан биш цөөрсөн гэж маргаж байгаа, гэтэл хасагдсан гэдгийг хүлээн зөвшөөрөөд, хасагдсантай холбоотой гурван сарын дараа дахин нэмэгдсэн орон тоонд томилж өгнө үү гэж тайлбарлаж байгаа нь уг орон тоог хасагдсан гэдгийг 100 хувь хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна.
10.2. Нэхэмжлэгч өөрийнхөө ажиллаж байсан албан тушаалыг зайлшгүй шаардлагатай, байгаль орчны хяналт шалгалт хэрэгжих боломжгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт байгаль орчны хяналтыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлэхээр заасан. Мөн хуулийн 27, 28 дугаар зүйлд зааснаар улсын байцаагч, байгаль хамгаалагчийн эрх, үүргийг тодорхойлж, байгаль орчны хяналт шалгалтыг маш олон субъект хамтран хэрэгжүүлэхээр зохицуулж өгсөн. Өөрөөр хэлбэл, энэ нь улсын байцаагч, байгаль хамгаалагч, холбогдох яам, прокурорын байгууллагын хяналтын хүрээнд хэрэгждэг цогц үйл ажиллагаа, тухайн албан тушаал хасагдсанаар хяналт шалгалт тасалдсан гэж үзэх үндэслэл байхгүй юм.
10.3. Байгаль орчны газрын дарга Ш.М гэдэг хүн өөрийн дураар орон тоог бий болгох, эсвэл хасах эрх бүхий этгээд биш, зөвхөн эрх бүхий байгууллагаас баталж өгсөн бүтэц, орон тоог нөхөн, төсвийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах үүрэг хүлээнэ. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, 16.5.5 дахь хэсэг, мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8 дахь хэсэгт тус тус зааснаар төсвийн шууд захирагч нь батлагдсан орон тоонд ажилтан ажиллуулах үүрэгтэй бөгөөд батлагдаагүй орон тоонд ажилтан ажиллуулж цалин хөлс олгох нь хууль зөрчсөн үйлдэл болно. Энэ хүрээнд аймгийн Засаг даргын захирамжаар Байгаль орчны газрын орон тоог 46 байсныг 35 орон тоо болгож бууруулж, байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчийн албан тушаал бүрэн хасагдсан байна.
Гэрч Б.Мы мэдүүлгээс үзэхэд, 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Засаг даргын захирамжаар нэмэгдсэн орон тооны цалингийн төсвийн санал өнөөдөр хүртэл ирээгүй, цалингийн төсөв нь батлагдаагүй болох нь тогтоогдож байгаа тул нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн авах санхүүгийн бодит боломж байхгүй байна.
10.4. Мөн аймгийн Засаг даргын А/697 дугаартай захирамж нь байгууллагын дотоод бүтэц орон тоог шинэчлэн баталсан, дотогшоо чиглэсэн, дотоод зохион байгуулалтын шинжтэй байгаа тул захиргааны актын шинжийг хангахгүй. Иймд Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны А/697 дугаар захирамжтай холбоотой нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэх үндэслэлд хамаарч байгаа тул нэхэмжлэлийн уг шаардлагыг хүлээн авахаас татгалзах үндэслэл болно.
10.5. Таван гишүүнтэй Ажлын хэсэг нь эцсийн шийдвэрийг гаргаагүй, зөвхөн дүн шинжилгээ, саналыг боловсруулсан шинжтэй байсан тул Захиргааны хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзэхгүй.
10.6. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ. Энэ маргааныг ямар нэгэн захиргааны байгууллагын шийдвэрээр биш, зөвхөн шүүх эцэслэн шийдвэрлэх ёстой. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн маргаан үндэслэлтэй байна.
2. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/333 дугаартай захирамжаар баталсны дагуу Байгаль орчны газар нь газрын дарга, улсын ахлах байцаагч-1, Ойн нэгжийн дарга-1, байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч-1, мэргэжилтэн-7, аймгийн 13 сумын байгаль хамгаалагч-21, төрийн үйлчилгээний албан тушаалд 15 буюу нийт 46 орон тоотойгоор ажиллаж байсан.
3. 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдаж, 2025 оны төсвийн жилд орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээ буурсан, Монгол Улсын Их Хурлын 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 48 дугаартай “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Монгол Улсын хөгжлийн 2026 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэл”-д “...Төрийн албаны шинэчлэлийг хийж, чиг үүргийн давхардлыг арилгах зорилгоор багш, эмч нараас бусад төрийн албан хаагчдын тоог 9 хувиар бууруулах замаар чадварлаг, цомхон, бүтээмжид суурилсан төрийн албыг бэхжүүлнэ” гэж, мөн Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 03 дугаартай албан даалгаврын 1.2-т харьяа байгууллага, хуулийн этгээдийн хэмжээнд сахилга, хариуцлагыг чангатгаж, төсвийн үр ашиггүй зардлыг танан, хэмнэлтийн горимыг чанд мөрдөх, бүтэц, чиг үүргийн давхардлыг арилган, орон тоог үе шаттай цөөлөх” гэж тус тус заасан, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 04 дугаартай албан даалгаврын 1.2-т төрийн албан тушаалын чиг үүргийн давхардлыг арилгах, удирдах албан тушаалтны тоог бууруулах арга хэмжээ авч,байгууллагын орон тоог нэмэгдүүлэхтэй холбоотой аливаа шийдвэр гаргахгүй байх, өндөр насны тэтгэвэр тогтоолгож чөлөөлөгдсөн ажилтан, албан тушаалтны орон тоо болон сул орон тоог царцааж, нөхөн томилгоо хийхгүй байхыг… аймгийн Засаг дарга нарт үүрэг болгосон байна.
4. Үүний дагуу Сангийн яамнаас Байгаль орчны газрын орон тоог 35 орон тоотойгоор хянасантай холбогдуулан Баян-Өлгий аймгийн Засаг даргаас 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 1-01/1201 дугаартай албан бичгээр ...аймгийн төсвийн тодотголыг хийж, орон тоог 35 болгон бууруулах тул бүтцийн өөрчлөлтөд орох албан хаагчдад урьдчилан мэдэгдэж, ажиллахыг үүрэг болгосон, үүний дагуу Байгаль орчны газрын даргын 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/19 дугаартай тушаалаар орон тооны судалгаа, албан хаагчдын ажлын чиг үүрэгт шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт өгөх, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулсан, Ажлын хэсгээс байгууллагын бүтцээс хасагдах 11 орон тоонд байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчийн орон тоог оруулж, уг ажлын байрны чиг үүргийг улсын ахлах байцаагчийн эрхтэй газрын дарга болон аймгийн нийт 13 сумын 21 байгаль хамгаалагчийн чиг үүрэгтэй давхардсан гэх дүгнэлтийг гаргасан, Ажлын хэсгийн уг саналыг Байгаль орчны газрын 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 222 дугаартай албан бичгээр Баян-Өлгий аймгийн Засаг даргад хүргүүлсэн зэрэг үйл баримтууд хэргийн нотлох баримтаар тогтоогдож байна.
5. Мөн Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдааны 58 дугаартай тогтоолоор аймгийн 2025 оны төсөвт тодотгол хийх үед Байгаль орчны газрын цалингийн төсвийг 37 орон тоогоор баталсан байх ба Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/697 дугаартай захирамжаар “2025 оны Төсвийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн аймгийн төсвийн тодотголоор төсөвт байгууллагуудын цалингийн санг бууруулж баталсантай холбогдуулан Байгаль орчны газраас ирүүлсэн саналын дагуу..." гэх үндэслэлийг зааж, Байгаль орчны газрын бүтцийг нийт 35 орон тоотойгоор шинэчлэн баталж, тус байгууллагын өмнөх бүтцийг 46 орон тоогоор баталсан Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/333 дугаартай захирамжийг хүчингүй болсонд тооцож шийдвэрлэжээ.
6. Дээрх байдлаар эрх бүхий этгээдээс Байгаль орчны газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлахдаа өмнөх бүтэц дэх нэхэмжлэгчийн ажиллаж байсан байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчийн нэг орон тоог оруулж батлаагүй буюу байгууллагын бүтцээс уг ажлын байрыг үгүй болгосон байх ба уг шийдвэрийг үндэслэн Байгаль орчны газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/36 дугаартай тушаалаар “орон тоо хасагдсан” гэх үндэслэлээр нэхэмжлэгч Х.Жг ажлаас нь чөлөөлсөн байна. Энэ тохиолдолд Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаартай “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 15.1.1 дэх хэсэгт заасан “орон тоо хасагдсан” гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино.” гэх тайлбарын агуулгаар Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны А/697 дугаартай захирамжаар маргаан бүхий ажлын байрыг хассан гэж үзэхээр байна.
7. Баян-Өлгий аймгийн Засаг даргаас А/697 дугаартай захирамжийг гаргасны дараа нэхэмжлэгч Х.Ж нь орон тооны цомхотголтой холбогдуулан ...гомдол гаргаснаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас “...Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагаар Байгаль орчныг хамгаалах алба” гэж заасны дагуу байгаль орчны хяналт нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд чухал оролцоотой хяналт болохыг, байгаль орчны хяналтыг хэрэгжүүлэгч байгаль орчны хяналтын улсын байцаагч нь Монгол Улсын 44 хууль тогтоомж, олон улсын нэгдэн орсон 17 гэрээ, конвенц, 92 хэм хэмжээний акт, 179 стандартуудын хэрэгжилтийг хангуулдаг, байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөц баялгийг зохистой ашиглалт, хамгаалалт, нөхөн сэргээлтийн байдалд хяналт тавих, хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, түүнээс урьдчилсан сэргийлэх, илэрсэн зөрчил дутагдлуудыг арилгуулах, таслан зогсоох, хүний эрүүл мэнд, байгаль орчинд үүсэж болзошгүй эрсдэл, сөрөг нөлөөлөл, хүрээлэн буй орчинд учруулах хохирлоос урьдчилан сэргийлэх замаар иргэдийн аюулгүй амьдрах эрхийг хангах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг албан тушаалтан болохыг, байгаль орчны хяналтын улсын байцаагчийн орон тоог хасаж баталсан нь Байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, байгаль орчны төрийн хяналт шалгалтын чиг үүргийг алдагдуулах эрсдэл үүссэнийг тус тус дурдаж, ...хуульд зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийг тогтвортой ажиллуулах нөхцөлөөр хангаж, байгаль орчны хяналтыг бэхжүүлэхэд анхаарч ажиллах талаарх “Санал хүргүүлэх тухай” 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 01/5101 дугаартай албан бичгийг Баян-Өлгий аймгийн Засаг даргад ирүүлжээ.
8. Түүнчлэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Ажлын хэсэг байгуулж ажиллуулсан байх ба Баян-Өлгий аймагт 2025 оны 10 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд ажилласан Ажлын хэсгээс хяналт шалгалт явуулж, байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчийн орон тооны чиг үүргийг бусад албан тушаалын чиг үүрэгтэй давхардаагүй гэж үзэж, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан улсын байцаагчийн эрх, үүргийг байгаль орчны хяналтын улсын байцаагчаас хэрэгжүүлэх нь зүйтэй гэх дүгнэлт гаргаж, Баян-Өлгий аймгийн Байгаль орчны газрын бүтцийг дахин эргэн харж, байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч, эсхүл хяналтын улсын байцаагчийн орон тоог зайлшгүй нэмж батлахыг Баян-Өлгий аймгийн Засаг даргад үүрэг болгох саналыг гаргасан нь Ажлын хэсгийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн “Баян-Өлгий аймагт томилолтоор ажилласан тайлан” бүхий баримтаар тогтоогдож байна.
9. Улмаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Ажлын хэсгийн дээрх санал, дүгнэлт болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас өгсөн чиглэлийг үндэслэн аймгийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн захирамжаар баталсан Байгаль орчны газрын бүтэц орон тоонд байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч, эсхүл хяналтын улсын байцаагчийн орон тоог нэмж, шинэчлэн батлах тухай 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ХЭГ/3360 дугаартай зөвлөмж, шаардлагыг Баян-Өлгий аймгийн Засаг даргад хүргүүлжээ.
10. Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Төсвийн ерөнхийлөн захирагч төсвийн удирдлагын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 14.2.5. өөрийн эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төсвийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах; 14.2.12.эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төсөвт байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор чиг үүрэг, зохион байгуулалтын бүтцийг батлагдсан орон тооны хязгаар, төсөвт багтаан шинэчлэн тогтоох” гэж заасан ба дээрх нотлох баримтуудаар Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны А/697 дугаартай захирамжийн “...Байгаль орчны газраас ирүүлсэн санал болох байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчийн чиг үүрэг бусад албан хаагчдын ажлын чиг үүрэгтэй давхардалтай” гэх үндэслэл үгүйсгэгдсэн гэж үзэхээр байна.
Тухайлбал, хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримтуудаас үзэхэд, Байгаль орчны газрын даргын 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/19 дугаартай тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг нь “байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчийн чиг үүрэг улсын ахлах байцаагчийн эрхтэй газрын дарга болон аймгийн нийт 13 сумын 21 байгаль хамгаалагчийн чиг үүрэгтэй давхардсан.” гэх ерөнхий дүгнэлтийг гаргасан, уг дүгнэлтийн үндэслэл нь тодорхойгүй, гаргасан дүгнэлтийн үндэслэлээ нотлоогүй байх тул Ажлын хэсгийн уг дүгнэлт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасан захиргааны үйл ажиллагааны тусгай зарчимтай нийцээгүй байна.
Иймд энэ талаарх нэхэмжлэгч талын маргааныг үндэслэлтэй гэж үзлээ.
11. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2025 оны ХЭГ/3360 дугаар “Зөвлөмж, шаардлага хүргүүлэх тухай”, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2025 оны 01/5101 дүгээр “Санал хүргүүлэх тухай” дээрх албан бичгүүдийг хэрэгжүүлэх зорилгоор гэх үндэслэлээр 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр А/02 дугаартай “Байгаль орчны газрын бүтэц, орон тоог баталсан аймгийн Засаг даргын 2025 оны А/697 дугаартай захирамжийн хавсралтад өөрчлөлт оруулан шинэчлэн батлах тухай” захирамж гаргаж, байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчийн орон тоог нэмж батлах замаар маргаан бүхий орон тоог бий болгосон. Энэ тохиолдолд Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн огноотой А/697 дугаартай захирамжаар Байгаль орчны газрын өмнөх бүтэц дэх байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчийн нэг орон тоо хэвээр батлагдсан гэж ойлгох бөгөөд маргаан бүхий орон тоог шинээр батлагдсан сул орон тоо гэж үзэхгүй юм.
Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар “сул орон тоо” гэж төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсан, өөр албан тушаалд сонгогдсон, томилогдсон, эсхүл төрийн жинхэнэ албан хаагч нас барсны улмаас тухайн албан тушаалын орон тоо суларсан байхыг ойлгоно. Нэхэмжлэгчийн гаргасан гомдлын дагуу эрх бүхий этгээдээс тухайн ажлын байрны чиг үүрэг давхардаагүйг тогтоож, байгаль орчны хяналт нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд чухал оролцоотой хяналт болохын хувьд байгаль орчны хяналтын улсын байцаагчийн орон тоог хасаж баталсан нь Байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, байгаль орчны төрийн хяналт шалгалтын чиг үүргийг алдагдуулах эрсдэл үүссэнийг анхаарч, Байгаль орчны газрын бүтэц орон тоонд байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч, эсхүл хяналтын улсын байцаагчийн орон тоог нэмж, шинэчлэн батлах талаар зөвлөмж, шаардлага хүргүүлсний дагуу Баян-Өлгий аймгийн Засаг даргаас Байгаль орчны газрын бүтцийг шинэчлэн батлахдаа тухайн ажлын байрыг хассан алдаатай шийдвэрээ зөвтгөж, уг орон тоог буцаан бий болгосон тогтоогдож байх тул маргаан бүхий орон тоо нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан журмаар нөхөгдөх “сул орон тоо” биш юм.
Иймд байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчийн орон тоог сул орон тоо гэж үзэж, сонгон шалгаруулалтын журмаар нөхнө гэх хариуцагч Байгаль орчны газрын даргын тайлбар, маргаан үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.
12. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан.
Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/697 дугаартай захирамж нь өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төсөвт байгууллагын бүтэц, орон тоог баталсан шийдвэр боловч байгууллагын өмнөх бүтцэд өөрчлөлт оруулж, зарим орон тоог хасаж шийдвэрлэснээр хэргийн энэ тохиолдолд нэхэмжлэгчийн хувьд түүний ажиллаж байсан ажлын байрыг үгүй болгосон эрх зүйн үр дагавар үүсгэсэн, гадагшаа чиглэсэн, уг шийдвэрийг үндэслэн томилох эрх бүхий этгээдээс орон тоо нь хасагдсан Х.Жг ажлаас нь чөлөөлсөн дараагийн шийдвэрийг гаргасан тул Засаг даргын А/697 дугаартай захирамж нь заавал дагаж мөрдөх захирамжилсан шинжийг агуулсан захиргааны акт гэж шүүхээс үзсэн.
Иймээс Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/697 дугаартай захирамжийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохыг хүссэн хариуцагч Байгаль орчны газрын өмгөөлөгчийн тайлбар, маргааныг үндэслэлгүй гэж дүгнэв.
13. Мөн шүүх хуралдааны явцад хариуцагчийн өмгөөлөгчөөс “...нэхэмжлэгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан шүүхэд нэхэмжлэл гаргах 30 хоногийн хугацааг илтэд хэтрүүлсэн.” гэж тайлбарлаж, 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт зааснаар Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны А/697 дугаартай захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох талаар гаргасан санал, тайлбарт шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн. Учир нь, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д “Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах бөгөөд нотлох баримттай холбоотойгоос бусад асуудлын талаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг сонсмогц шүүгч, шүүх бүрэлдэхүүн даруй шийдвэрлэнэ. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэсэн асуудлаар шүүх хуралдаан дээр дахин хүсэлт гаргах эрхгүй.” гэж заасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Байгаль орчны газрын даргын гаргасан нэхэмжлэлийн дээрх шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзах хүсэлтийн үндэслэлд шүүхээс дүгнэлт хийж, шүүгчийн 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэх тухай” 110/ШЗ2026/0123 дугаартай захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн, мөн уг үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчөөс 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад дахин хүсэлт гаргасныг шүүгчийн 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 110/ШЗ2026/0138 дугаартай захирамжаар хүсэлтийг хэлэлцэхээс татгалзаж шийдвэрлэсэн болно.
14. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”, 3 дугаар зүйлийн 3.1.3-т "нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг;” гэж заасан.
Дээрх байдлаар Баян-Өлгий аймгийн Засаг дарга 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр А/02 дугаартай захирамж гаргаж, маргаан бүхий захиргааны актад өөрчлөлт оруулах замаар байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчийн орон тоог бий болгосныг 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн огноотой А/697 дугаартай захирамжаар батлагдсан Байгаль орчны газрын бүтэц дотор уг ажлын байрыг байна гэж ойлгоно. Анх Баян-Өлгий аймгийн Засаг даргын А/697 дугаартай захирамж гарсан үед уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн төрийн албанд ажиллах, цалин хөлс авах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээр байгаа ч орон тоог хасаж шийдвэрлэсэн үр дагавар дээрх байдлаар арилсан буюу нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол буцаан сэргэсэн байх тул Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/697 дугаартай захирамжийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
15. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Аймгийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 60.1.21.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх”, 66 дугаар зүйлийн 66.1-д “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.”, Төсвийн тухай 14 дүгээр зүйлийн 14.2-т “Төсвийн ерөнхийлөн захирагч төсвийн удирдлагын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 14.2.5. өөрийн эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төсвийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах; 14.2.12.эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төсөвт байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор чиг үүрэг, зохион байгуулалтын бүтцийг батлагдсан орон тооны хязгаар, төсөвт багтаан шинэчлэн тогтоох”, 65 дугаар зүйлийн 65.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга орон нутгийн төсвийн удирдлага, санхүүжилтийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 65.1.8.тухайн шатны төсвийн байгууллагын орон тоог төсвийн захирагч бүрээр батлах” гэж тус тус заасан.
Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2026 оны А/02 дугаартай захирамж, түүний үндэслэл, Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн холбогдох зохицуулалтын агуулгаар нэхэмжлэгчийн ажиллаж байсан байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчийн ажлын байрыг чиг үүргийн давхардалгүй, Байгаль орчны газрын бүтцэд зайлшгүй байх шаардлагатай орон тоо гэж үзэх нь үндэслэлтэй бөгөөд уг орон тоог эрх бүхий этгээдээс буцаан бий болгосон нь хуулийн дээрх зохицуулалттай нийцсэн байна.
16. Баян-Өлгий аймгийн Засаг даргаас эрх бүхий этгээдийн хувьд анх 2025 оны А/697 дугаар захирамжийг гаргахдаа байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчийн ажлын байрыг байгууллагын бүтцээс хассанаар уг шийдвэрийг үндэслэн Байгаль орчны газрын дарга 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/36 дугаар тушаалаар “орон тоо хасагдсан” гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно: 80.1.1.аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн;” гэж заасан зохицуулалтын хүрээнд Х.Жг ажлаас нь чөлөөлсөн боловч Баян-Өлгий аймгийн Засаг даргаас дээрх байдлаар А/697 дугаар захирамжид өөрчлөлт оруулж маргаан бүхий орон тоог буцаан бий болгосон буюу Байгаль орчны газрын бүтцэд уг орон тоог оруулж, хэвээр баталсан байх тул Б/36 дугаар тушаалын “орон тоо хасагдсан” гэх үндэслэл арилсан гэх нэхэмжлэгч талын маргаан нь үндэслэлтэй байна.
Иймд Х.Жг ажлаас нь чөлөөлсөн Байгаль орчны газрын даргын 2025 оны Б/36 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Х.Жг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.
17. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан А/02 дугаартай захирамжид аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Аймгийн 2026 оны төсөв батлах тухай” 109 дугаартай тогтоолыг үндэслэсэн байх боловч уг тогтоолоор Байгаль орчны газрын 2026 оны цалингийн төсвийг 35 орон тоогоор баталсан, хариуцагч нарын тайлбар, тус байгууллагын 2026 оны цалингийн төсвийн хуваарь, гэрч Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн төсвийн мэргэжилтэн Б.Мы мэдүүлгээс тус тус үзэхэд, эрх бүхий этгээдээс тус байгууллагын цалингийн төсөвт байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчийн цалинг нэмж баталсан шийдвэр гараагүй нь тогтоогдож байна.
Гэвч хариуцагч захиргааны байгууллага, албан тушаалтны буруу шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байр нь үндэслэлгүйгээр хасагдсан нь нэхэмжлэгчийн Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.1-д заасан албан тушаалын цалин хөлс авах нийтлэг баталгаа, 62 дугаар зүйлийн 62.1.1-д заасан хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх гэсэн төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааны эрх нь зөрчигдөх үндэслэл болсон ба Баян-Өлгий аймгийн Засаг даргаас уг алдаатай шийдвэрээ зөвтгөсөн нөхцөл байдал тогтоогдсон тул одоогоор маргаан бүхий ажлын байрны цалингийн төсвийг эрх бүхий этгээдээс хуульд заасан журмаар баталж шийдвэрлээгүй байгаа нь нэхэмжлэгчийг буюу ажилтныг буруутгах үндэслэл болохгүй юм.
Иймд энэ талаарх нэхэмжлэгч талын тайлбар, маргааныг мөн үндэслэлтэй гэж үзлээ.
18. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна.”, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Ажил олгогч дараах үндсэн эрхтэй: 43.2.7.ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах;”, 127 дугаар зүйлийн 127.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно.” гэж заасан.
Дээрх байдлаар ажил олгогчийн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн шийдвэрийг шүүхээс хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн тул ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг мөн хангаж шийдвэрлэлээ.
19. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй.”, 101 дүгээр зүйлийн 101.2-т “Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна.” гэж заасан.
Ажил олгогч болох Байгаль орчны газрын даргын Х.Жг ажлаас чөлөөлсөн А/36 дугаартай тушаалыг шүүхээс хүчингүй болгосон боловч уг тушаалын үндэслэл болсон маргаан бүхий орон тоог байгууллагын бүтцээс үндэслэлгүйгээр хассан хууль бус шийдвэрийг Баян-Өлгий аймгийн Засаг дарга гаргасан тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргаас гаргуулж, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг мөн нөхөн төлөхийг даалгаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.7, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.21, 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.5, 14.2.12, 65 дугаар зүйлийн 65.1.8, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 61 дүгээр зүйлийн 61.1.1, 62 дугаар зүйлийн 62.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 80 дугаар зүйлийн 80.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баян-Өлгий аймгийн Байгаль орчны газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/36 дугаартай “Х.Жг төрийн албанаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, Х.Жг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг Баян-Өлгий аймгийн Засаг даргаас гаргуулж, энэхүү хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тус тус нөхөн төлөхийг Баян-Өлгий аймгийн Засаг даргад даалгаж, үлдсэн хэсэг болох Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/697 дугаартай “Байгаль орчны газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” захирамжийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.РИЗА