Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 304/ШШ2025/00581

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б***** аймаг, Х*******-******* сум, ** дугаар багт оршин суух П.А*******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б****** аймаг, Х*******-******* суманд байрлах Булган аймгийн Х*******-******* сумын сургуулийн захирал Ж.А*******д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 6 сарын нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй 304/2025/00644/и индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч П.А*******,

Хариуцагч Булган аймгийн Х*******-******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Ж.А*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч П.А******* нь хариуцагч Булган аймгийн Х*******-******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Ж.А*******д холбогдуулан 6 сарын нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Миний бие 1971 онд төрсөн. 1991 онд Архангайн багшийн сургуулийг төгсөж 34 жил бага боловсролын багшаар ажиллаж байна. 1999 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн сургуулийн захирлын 08 тоот тушаалаар Уньт багийн сургуульд багшаар орж одоог хүртэл ажиллаж байгаа. 2001 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүү Ганзолбоог төрүүлээд 6 сар хүүхдээ асарсан. Энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй, ажлаас орсон, гарсан тушаал нь архив болон бусад байх газраас олдоогүй. Тухайн үеийн сургуулийн захирлаар Д.Лхагва гэдэг хүн ажиллаж байсан. Миний бие 2026 онд өндөр насны тэтгэвэртээ гарахаар холбогдох материалыг бүрдүүлэх шаардлагатай болсон. Иймд Х*******-******* сумын бүрэн дунд сургуулиас 2001 оны 9,10,11,12 дугаар сар, 2002 оны 1,2 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү. гэжээ.

2.Хариуцагч Булган аймгийн Х*******-******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Ж.А******* шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х*******-******* сумын Уньт бага сургуулийн бага ангийн багш П*******гийн А******* Х*******-******* сумын ерөнхий боловсролын сургуульд бага ангийн багшаар ажилд орж 2001 оны 09 дүгээр сарын 01-нээс 6 сар хүүхдээ асарсан үеийн нийгмийн даатгал төлсөн баримт болон сургуульд орсон, гарсан захирлын тушаал тус сургуулийн архивт байхгүй байгаа тул тухайн үеийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх боломжгүй болно. гэв.

3.Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, П.Ганзолбоогийн төрсний бүртгэлийн лавлагаа, Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 08 дугаартай цалингийн цэс, П.А*******ийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын архивын лавлагаа зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

4.Хариуцагчаас хариу тайлбар шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. 2001 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүү Ганзолбоог төрүүлээд 6 сар хүүхдээ асарсан. Энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй, ажлаас орсон, гарсан тушаал нь архив болон бусад байх газраас олдоогүй. Тухайн үеийн сургуулийн захирлаар Д.Лхагва гэдэг хүн ажиллаж байсан. Миний бие 2026 онд өндөр насны тэтгэвэртээ гарахаар холбогдох материалыг бүрдүүлэх шаардлагатай болсон. Иймд Х*******-******* сумын бүрэн дунд сургуулиас 2001 оны 9,10,11,12 дугаар сар, 2002 оны 1,2 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлнэ гэв.

3.Хариуцагч Булган аймгийн Х*******-******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Ж.А******* нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Х*******-******* сумын Уньт бага сургуулийн бага ангийн багш П*******гийн А******* Х*******-******* сумын ерөнхий боловсролын сургуульд бага ангийн багшаар ажилд орж 2001 оны 09 дүгээр сарын 01-нээс 6 сар хүүхдээ асарсан үеийн нийгмийн даатгал төлсөн баримт болон сургуульд орсон, гарсан захирлын тушаал тус сургуулийн архивт байхгүй байгаа тул тухайн үеийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх боломжгүй болно гэв.

4.Хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1.Нэхэмжлэгч П.А******* нь 1999 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн сургуулийн захирлын 08 тоот тушаалаар Уньт багийн сургуульд багшаар орж одоог хүртэл ажиллаж байгаа болох нь зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

4.2.Хариуцагч нь П*******гийн А******* Х*******-******* сумын ерөнхий боловсролын сургуульд бага ангийн багшаар ажилд орж 2001 оны 09 дүгээр сарын 01-нээс 6 сар хүүхдээ асарсан үеийн нийгмийн даатгал төлсөн баримт болон сургуульд орсон, гарсан захирлын тушаал тус сургуулийн архивт байхгүй байгаа тул тухайн үеийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх боломжгүй гэх хариу тайлбарыг гаргаж байгаа хэдий ч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

4.3.Нэхэмжлэгч П.А******* нь 1999 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн сургуулийн захирлын 08 тоот тушаалаар Уньт багийн сургуульд багшаар ажилд орж өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа болох нь тогтоогдож байна. Учир нь Засгийн газрын 1991 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 13 дугаар тогтоолоор батлагдсан Ажилласан хугацааг тооцох журам-ын 2 дахь хэсэгт төрүүлсэн хүүхдээ 2 нас хүртэл асрахаар авсан чөлөөний хугацааг ажилласан хугацаанд оруулан тооцохоор тогтоосон.

4.4.1994 оны Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт Төр, аж ахуйн нэгж, байгууллагаас дараахь хугацааны шимтгэлийг тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын санд төлсөн тохиолдолд эдгээр хугацааг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно:, 3.3-ийн 3 дахь заалтад хүүхдээ гурван нас хүртэл асрах чөлөөтэй байсан хугацаа гэж, 3.6 дахь хэсэгт Энэ зүйлийн 3 дахь хэсгийн 3 дахь заалтад заасан хугацааны шимтгэлийг дараахь журмаар төлнө, 3.6-ийн 1 дэх хэсэгт холбогдох хууль тогтоомж, хамтын гэрээ хэлэлцээрт заасны дагуу ажил олгогч нь төлөхөөр хуульчилсан байна.

Иймд тухайн үед мөрдөгдөж байсан дээрх хуулийн дагуу тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ажил олгогчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээгээр хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

4.5.Засгийн газрын 2000 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 155 дугаартай тогтоолоор 2001 оны 10 дугаар сарын 1-нээс 146 төгрөг 45 мөнгө байхаар шинэчлэн тогтоогдсон байсныг үндэслэн Нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргасан тооцооллоор маргаан бүхий 2001 оны 10-2022 оны 2 сар хүртэлх хугацаанд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 24,750 төгрөг байна. Энэ дүнгээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж 62170 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар баталгаажсан хуулбарын 14 дүгээр талд ...тэтгэврийн даатгалд ажил олгогч 17,9 хувь... гэсэн бичвэр байгааг үндэслэн 24,750 төгрөгнөөс 17,9 хувиар тооцож, нэг сарын 4,430 төгрөг буюу нийт 26,582 төгрөгийг хариуцагчаас нөхөн гаргуулж шийдвэрлэв.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөгнөөс 4550 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагчаас 4,550/дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөг, төрийн сангаас 65,650/жаран таван мянга зургаан зуун тавь/ төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай/1994 он/ хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, 3.6-ийн 1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч П.А*******ийг 2001 оны 9-12 сар, 2002 оны 1,2 дугаар саруудад ажиллаж байсныг тогтоон, тухайн саруудын нийгмийн даатгалын шимтгэлд ажил олгогч Х*******-******* сумын Ерөнхий боловсролын сургуулиас 26,582/хорин зургаан мянга таван зуун наян хоёр/ төгрөг гаргуулж,нийгмийн даатгалын санд нөхөн төлөхийг хариуцагч Булган аймгийн Х*******-******* сумын сургуулийн захирал /Ж.А*******/-д даалгасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200/далан мянга хоёр зуу/ төгрөгнөөс 4,550/дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 4,550/дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөг, төрийн сангаас 65,650/жаран таван мянга зургаан зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА