Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 437

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.АлтанТ- даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч Ц.Гансүлд,

хохирогч Б.Ц, түүний өмгөөлөгч И.Хонгор /ҮД:2456/,

шүүгдэгч В.М, Д.Б- тэдний өмгөөлөгч Ц.Өлзийбаяр /ҮД:0162/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн В.М- нарт холбогдох эрүүгийн 00000000000 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1. В.М- Монгол Улсын иргэн, 100000 оны 0000 дугаар сарын 0000-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эмэгтэй, бүрэнд дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, “М” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирлаар ажилладаг гэх, ам бүл 2, 19 настай хүүхдийн хамт _________ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй (РД:_________).

2. Д.Б- Монгол Улсын иргэн, 000 оны 000 дугаар сарын 000-ний өдөр ____д төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “М” төрийн бус байгууллагад тогоочоор ажилладаг гэх, ам бүл 4, нөхөр 11-16 насны 2 хүүхдийн хамт амьдардаг, _________ түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, (РД:_________).

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга

Д.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 12 дугаар сарын 07-ны орой  Б.Цийг “Г.Н-тай хардсаны улмаас” зодож, биед нь зүүн талд 4, 5, 6 дугаар хавирганы хугарал бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан;

В.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр _______ тоотод иргэн Б.Цийг хамтран амьдрагч Г.Н-тай хардсаны улмаас зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус  холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхий хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг.

 

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.Мгаас: Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг гаргахгүй гэв.

 

2.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б-аас: Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг гаргахгүй гэв.

 

            3.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Ц мэдүүлэхдээ: 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Б-ийн гэрт очиход манай найзууд хөзөр тоглоод сууж байсан. Оройтсон болохоор тэнд хонох гээд хөл муутай залуу болох Б- нөгөө талын орон дээр унтаад, Б- Н- бид хоёрын орны хажууд гудас тавиад унтсан. Н- бид хоёр орон дээр унтаж байхад гаднаас хүмүүсийн орж ирэх чимээ гарахад Б-ийн ээж дүүтэй нь орж ирж байна гэж бодож байтал хоёр танихгүй хүн буюу М-, Б- нар орж ирсэн байсан. Н-т уурлаад “намайг хэн бэ” гэхэд нь Ц- гэж нэрээ хэлэхэд үгийн зөрүүгүй, учир зүггүй үсдэж аваад нийлээд доош нь тонгойлгоод зодоод байсан. Манай найзууд намайг өмөөрхөд энд тэнд зодоон болсон. Би ухаан алдаж унасан гэдгээ мэдээгүй. Доошоо тонгойлгоод зодоод байсан болохоор хэн нь хаашаа цохиод зодоод байсан нь мэдэгдэхгүй байсан. Гэхдээ М- үсдээд тонгойлгоход Б- халуун тогоогоор хавирга руу цохисон. Халуун тогоогоор цохиулснаас болоод амьсгал авч чадахгүй байсан. М- 20 литрийн саваар толгой хэсэгт цохисон гэдгийг мэдэж байна. Миний толгой хагараад оёдол тавиулсан. Чихэнд байсан ээмэгнээс М- татахаар нь чих сэтлэх байх гээд тонгойход миний чихнээс хазаад чихэндээ оёдол тавиулсан. М-, Б- нар нийлээд намайг үсдээд, хоёр талаас өшиглөөд, тааралдсан зүйлээрээ зодоод байсан. М- нь эхэлж үсдэж авсан. Би ухаан алдаж унаад нэг сэрэхэд Гэмтлийн эмнэлэгт ирсэн байсан. Тухайн үед Б- түргэн, цагдаа дуудсан гэж мэдсэн. Би архи хэрэглээгүй байсан. Н-ыг 3 жилийн өмнөөс таньдаг болсон. Н-тай танилцаад хааяа нэг таардаг байсан. Сүүлд нь эхнэрээсээ салсан гээд л Б-ийнд байдаг байсан. Гэмтлийн улмаас гэмтлийн эмнэлэгт 2 хоног эмчлүүлсэн. “Улаанбаатар мед” эмнэлэгт 7 хоног хэвтэн эмчлүүлсэн. Мөн “Э” сувилалд хэвтэж эмчлүүлсэн. Одоо толгой өвддөг. Эмч нар мэдрэлийн судас таарсан байна гэж хэлсэн. Мөн хамар байнга битүүрч байна. Нүдний ухархайн гэмтлийг эмчлүүлэх ёстой. Би өмнө нь цагийн ажил хийдэг байсан боловч хавирга хугарсны улмаас 6 сараас 1 жилийн хугацаанд хүнд зүйл өргөж болохгүй гэсэн учир ажил хийж чадахгүй байна. Энэ гэмт хэргийн улмаас нийт эмчилгээний зардалд 1,435,500 төгрөгийн зардал гарсан. Үүнээс М-, Б- нар нь 1,385,000 төгрөгийг төлсөн. Одоо үлдэгдэл 50,500 төгрөг дутуу байгаа. Мөн нүдний ухархайн хагалгаанд орох 1,000,000 төгрөг, хамрын хагалгаанд орох 1,500,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1,000,000 төгрөг, нийт 3,500,000 төгрөгийг нэмж, бүгд 3,550,500 төгрөг нэхэмжилж байна гэв.

 

Хоёр. Эрүүгийн 000000000000 дугаартай хэргээс:

 

1. Хохирогч Б.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр мэдүүлсэн “...Би өмнө 2017 оны 12 дугаар сарын 07-ны орой 19 цаг өнгөрч байхад __________________ тоотод байх гэрээсээ гараад автобусны буудал руу явж байхад замд таньдаг эгч тааралдаж, ...тэр эгч манай гэр дээр шонгийн мод унаад гэрийн тооно эвдэрсэн өөр газар хөлслөх байр хайгаад явж байна гэж хэлэхэд нь би манай найз М-гийнх хажуу жижиг байшингаа хөлсүүлдэг юм гэж хэлсэн. ...Тэр эгчид туслах санаатай би хойшоогоо М-гийнх рүү алхаж яваад гэрт нь ороход М-гийнд өөрөө байхгүй, Н-, Б-, Б- гурав хөзөр тоглоод сууж байсан. Би М- хаашаа явсан талаар асуухад мэдэхгүй юманд явсан удахгүй ирэх байх гэж хэлсэн. Түүнийг хүлээнгээ хамт хөзөр тоглосон. Хөзөр тоглож байгаад оройтсон тул М-гийн гэрийн орон дээр би бүхлээрээ унтсан.  Нэг мэдэхэд миний хажуугаар Н-, Б- шалан дээр гудас дэвсээд хэвтсэн. Б- хөл нь муу болохоор ганцаараа зэрэгцээ орны цаад талын орон дээр унтсан юм. Унтаж байхад гаднаас эмэгтэй хүний дуу гарсан. Би бодохдоо М-гийн ээж, дүү хоёр нь ирж байна гэж бодоод хэвтэж байхад эмэгтэй хүмүүс хоорондоо юм яриад орж ирж байгаа нь сонсогдож байсан. Гэтэл гэрэл асаахад шал согтуу хоёр эмэгтэй хоорондоо яриад хажуугаар нь ороод унтаж байна гээд ярьж байсан. Би өндийхөд миний үснээс Т- гэгч нь үсдэж аваад доошоо шал руу толгой дарахад хажуудах эмэгтэй нь будгын 20 литрийн төмөр саваар баруун талын чамархай хэсэгт нэг удаа цохиод авахад толгой дүүрээд, манарсан. Гэтэл дахин тэр эмэгтэй будгийн саваар цохисон. Би нүүрээ хамгаалаад тонгойход хоёр талаар өшиглөж зодсон. Б- босож ирээд салгах гэхэд түүний аргаш нь түлхэж унагаад намайг том өрөөнөөс гаргахгүй ээлжлэн зодоод байсан. Би мултрах гэхэд чихэндэх ээмэгнээс зуурахаар нь чих сэт татчих байх гээд тонгойход хоёр талаас ээлжлэн зодсон. Би “үхлээ шүү дээ” гэхэд жижиг намхан хүүхэн нь “алчихъя” гээд дайраад цохиод байсан. Тэр жижиг намхан хүүхэн нь халуун тогооны төмөр тагаар толгойн зулай руу хоёроос гурван удаа цохиж, түүнээс арай хийж салахад нөгөө том биетэй Т- нь ирж зууралдаж үсдээд зодож байхад хажуунаас, нөгөө намхан эмэгтэй зөрж орж ирээд халуун тогоо гартаа бариад зүүн талын хавирга руу маш хүчтэй цохиод авахад амьсгаа авч болохгүй, үг хэлж болохгүй болоод байхад тэр хоёр эмэгтэй ээлжлэн ирж үсдээд зодоод байсан. Гэтэл нэг мэдэхэд гаднаас М-г орж ирж байгаа бүүр түүрхэн санаж байна. М- уурлаад “хүн аллаа шүү дээ” гэхэд тэр хоёр над руу дайраад байсан. Нэг мэдэхэд гэмтлийн эмнэлэгт ирсэн, тариа тариад, баруун талын хазуулсан чихэн дээрээ 6 оёдол, баруун талын хөмсөгний дээд талд 4 оёдол, баруун талын ташаан дээр хатгасан оромтой яг юугаар хатгасныг мэдэхгүй цус гарч байсныг тогтоон нэг оёдол тавьсан юм. Миний нүүрний баруун талын хэсэг бол бүгд гэмтэлтэй, хамар цөмөрсөн, нүдний ухархаа хугарсан, бүх бие бүгд хөх эрээн болсон байсан. Би “UB MED” эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд 5 хоносон. Миний тархины дүүнгэ ер гарахгүй байнгын дусал залгаатай хэвтэн эмчлүүлж байна. Би шүүх эмнэлэгт өөрийн биеэр очиж үзүүлсэн.

Н-тай танилцаад түүнээс хойш бие, биенээ мэддэг болсон. Түүний нөхөр бид хоёрын хооронд ямар нэгэн эр, эмийн харьцааны асуудал байхгүй, жирийн л найзууд, М- болохоор манай 10 жилийн найз юм. Бид нэг төгсөлтийн найз нар байгаа юм. Н- болохоор М-гийн хар багийн найз гэж байсан юм. Зодуулсны улмаас баруун талын чих юм сонсохгүй, толгой өвднө, нүүрний яснууд бүгд өвдөнө, нүднээс нулимс байнга гарч, хүзүү хөшиж даралт өсдөг болсон. Зүүн талын 3, 4, 6 дугаар хавирга хугарсан, амьсгаа авч чадахгүй, хэвтэж болохгүй, ханиалгаж болохгүй, цээжээр хатгаж өвддөг, унтаж чадахгүй болоод байна. Хоёр тийшээ харж чадахгүй байнгын дээшээ харж хэвтэж байгаа. Байнга өвчин намдаах эм ууж байна. Зүгээр байж байгаад зодуулсандаа гомдолтой. Би “болиоч үхлээ” гэхэд “алаад хаячихъя” гээд намхан эмэгтэй болон Т- хоёр ээлжлэн зодоод байсан. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Гарсан эмчилгээний зардлаа бүгдийг нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг [1],

 

2. Хохирогч Б.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр дахин мэдүүлсэн “...Н- бид хоёр цугтаа унтаж байтал гаднаас үл таних 2 согтуу эмэгтэй орж ирээд гэрэл асаагаад Н- бид хоёрыг унтаж байгааг харчихаад “чамайг хэн гэдэг юм бэ” гэхээр нь би Ц- гэдэг гээд нэрээ хэлтэл Н-ын эхнэр М- намайг 20 литрийн будагны саваар толгойн баруун тал руу 2 удаа цохисон. Миний толгой дүүрээд манраад ирсэн. Тэгтэл М- нь миний баруун чихнээс зулгааж чихийг тас хазсан. Тэгтэл хамт орж ирсэн Б- гэх эмэгтэй халуун тогооны төмөр тагаар миний толгой руу 2-3 удаа цохиж толгойг хагалсан. Тэр М- нь миний үснээс зулгааж, нүүр болон, хамар, нүд, толгой гээд хаа саагүй гараараа цохиж хөлөөрөө баруун ташаа руу өшиглөж, 2 гар луу олон удаа цохиж зодсон. Тэр үед Б- нь халуун тогоо барьж ирээд төмрөн халуун тогоогоор миний зүүн талын хавирга, дал, нуруу руу хэд, хэдэн удаа цохисон. Тэр үед би амьсгал авч чадахгүй хавиргаар хүчтэй өвдөж байсан. Тэгээд миний ухаан балартаад эмнэлэгт ухаан орсон. Тухайн болсон асуудлыг Н-, Б-, Б- гурав харж байсан боловч тухайн үед салгах гээд чадахгүй байсан. Б- орж ирээд цагдаа болон эмнэлэг дуудсан гэсэн. Би архи огт уугаагүй, эрүүл байсан. Н-, Б-, Б- гурав бага зэрэг уусан байсан. М-, Б- хоёр гаднаас нилээд согтуу орж ирсэн. Зүүн талын 4, 5, 6 дугаар хавирганы хугарлыг Б- гэгч нь халуун тогоогоор цохиж учруулсан гэмтэл юм. Хуйханд шарх гэмтлийг мөн Б- халуун тогооны тагаар цохиж учруулсан. Баруун ташаанд Б- нь нэг юмаар хатгасан, би юугаар хатгасныг нь мэдээгүй. Харин баруун нүд, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, 2 нүд, баруун чих, хөмсөг, зовхи болон толгойн нүүрэн хэсэгт учруулсан гэмтлүүдийг М- нь гараараа олон удаа цохиж, хөлөөрөө өшиглөж учруулсан гэмтлүүд байгаа юм. Баруун бугалга, шуунд учруулсан гэмтлүүдийг Б- М- намайг цохиж байхад хажуунаас цохиж учруулсан гэмтэл байгаа юм. Би тухайн үед “Мед таунма” эмнэлэгт цээж, толгой компьютер томографикт харуулсан 270,00 төгрөг, “Улаанбаатар мед” эмнэлэгт 7 хоног хэвтсэн төлбөр 564,200 төгрөг, “Нөхөн сэргээх” эмнэлэгт 10 хоног хэвтсэн 400,000 төгрөг, “ЭМЖЖ” эмнэлэгт 25,000 төгрөгөөр үзүүлсэн. Бусад эм тарианд нийлээд 150,000 төгрөг болсон. Одоогоор нийт 1.384.200 төгрөгний зардал гарсан. Цаашид “ЭМЖЖ” эмнэлэгт хамар зовхины хугарал, баруун нүдний ухархайн хугарал засах хагалгаанд орох шаардлагатай. Энэ зардал ороогүй. Урьдчилсан байдлаар дээрх хагалгааг хийхэд 3 сая орчим болно гэсэн. Би эмчилгээний зардлаа бүрэн төлүүлэх, хуулийн дагуу шийдүүлэх хүсэлтэй байна. ...” гэх мэдүүлэг [2],

 

3. Гэрч Г.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр мэдүүлсэн “...Би В.М гэх эмэгтэйтэй таван жилийн өмнө танилцаж байсан. ...В.Мтай анх танилцаад хамтран амьдарч эхэлсэн. Харин Ц-той одоогоос гурван жилийн өмнө өөрийн найз БатМ-р дамжуулан тэдний гэрт танилцаж байсан. Түүнээс хойш одоог хүртэл эр, эмийн холбоотой байгаа. М- болохоор намайг Ц-той явалдаж байгааг мэдээгүй байх гэж бодож байна. Ер нь мэдэж байсан ч  байж магадгүй, сайн мэдэхгүй байна. Ц-той би Б-ийнд бол байнга уулздаг, хааяа гэрт нь очдог, нэг бол Толгойтын хуучин эцэс дээр уулзаад Б-ийнд очиж хонож өнжөөд явдаг байсан. Ц-ийнд бол хонож байгаагүй, гэрээр нь ороод л гардаг байсан. М- болохоор Ц-той явалдаж байгаа талаар надаас асууж байгаагүй. Би тэр талаар түүнд ярьж байгаагүй. М-тай хамтран амьдарч, Ц-той явалдаж байгаад Б-ийнд хонож байгаад гардуулан баригдаж М- нь өөрийн бэр Б-тай Б-ийнд 2017 оны 12 дугаар сарын 07-ны орой шөнө Ц- бид хоёрыг нэг оронд цугтаа унтаж байхад орж ирээд М-, өөрийн бэр Б-тай нийлж Ц-ийг зодож танхайрсан. Тэр үед Ц- архи уугаагүй байсан. ...Ц- бид хоёрыг цугтаа унтаж байхад гэрэл асаагаад “энэ хараач хамт нэг оронд унтаж байна” гээд орилж түүнийг үсдэж аваад орноос буулгаж байгаад хоёр талаас нь өшиглөөд зодоод байсан. Мөн халуун тогоогоор түүний бэр Б- гэгч нь толгой, цээж рүү нь цохиж байхыг харсан. Тэр хоёрын үйлдлийг болиулах гэж Б-, Б- нар оролдоод салгаж чадаагүй, улам улайраад зодоод байсан. М- түүнийг үсдээд орноос доош булгаад шалан дээр доош нь дараад нүүр, цээж рүү нь өшиглөж зодсон. Б- нь мөн усны саваар толгой, нуруу руу нь зодож цохиж байхыг харсан. ...Ямар ч байсан тэр хоёр нийлж байгаад Ц-ийг зодож гэмтээсэн юм. Б- гарч цагдаа, түргэн дуудсан.  Б-, М- хоёрыг цагдаа авч яваад, Ц-ийг түргэнээр авч явахад нь би хамт дагаж гэмтлийн эмнэлэг дээр очиж эмнэлэгт үзүүлэхэд хамт байсан. ...” гэх мэдүүлэг [3]

 

4. Гэрч Ц.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлсэн: “...2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Б-ийн гэрт буюу Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 51-07 тоотод Б- ах ажилдаа явчихсан хойгуур Н-, Б- бид гурав хамт байхад гаднаас Ц- ганцаараа Б- ахыг сураглаад орж ирсэн. Тэгээд бид дөрөв хөзөр тоглож байгаад оройтсон тул би газар ор засаад унтсан. Хүмүүс орилолдох чимээнээр сэрээд хартал Ц-ийг Н- ахын эхнэр М- нэг эмэгтэйн хамт өшиглөж байсан. Би босоод боль гэж хэлтэл М- 20 литрийн будагны саваар Ц-ийн толгой, нүүр лүү цохиод байсан. М-тай хамт орж ирсэн Б- гэх эмэгтэй газар байсан халуун тогоо аваад Ц-ийн цээж, нуруун тус газар нь хэд, хэдэн удаа цохисон. Тухайн үед Н- ах “намайг цагдаа дууд” гэхээр нь би цагдаа дуудахаар гарч яваад буцаад орж ирэхэд Б- ах ирчихсэн цагдаа, түргэн дуудсан байсан. Тухайн үед Н-, Б- бид гурав бага зэрэг уусан байсан. Ц- эрүүл, М-, Б- гэх эмэгтэй хоёр согтуу байсан. Би унтаж байгаад хүмүүс орилолдох чимээнээр сэрсэн. Н-, Б- бид гурав тэр үед байсан, өөр хүн байгаагүй. Ц-ийг цонхон талын орон дээр хэвтэж байхад нь М- 20 литрийн будагны төмөр саваар 2-3 удаа толгой нүүрэн тус газар нь цохисон. Бямбасүрэн /Б-/  гэх эмэгтэй Ц-ийг  халуун тогоогоор цээж нуруун тус газар нь цохиод байсан. ...” гэх мэдүүлэг [4],

 

5. Гэрч М.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлсэн: “...2017 оны 12 дугаар сарын 07-ны өглөөны 10 цагийн үед Б- ажилдаа явсан. Гэрт нь Н- бид хоёр үлдсэн. Н- өмнөх орой нь Б-ийнд ирсэн. Би Б-ийн гэрт хоёр, гурав хонож байсан. Тухайн өдөр 13 цагийн орчим Ц-, Б- нар ирсэн. Өдрийн 15 цагийн үед миний санаачлагаар “Их монгол” гэх 0.75 граммын архийг дэлгүүрээс авч, бид дөрөв хөзөр тоглонгоо хувааж уусан. Оройн 20 цагийн үед хоёр танихгүй эмэгтэй гэрт орж ирээд шууд орон дотор хэвтэж байсан Ц-, Н- хоёрыг зодоод эхэлсэн. Би салгах гэтэл намайг түлхээд унагаасан. Б- бас салгах гэтэл дийлдэхгүй байсан. ...Тэгээд Б- цагдаа дуудсан. ...Сүүлд нь сонсоход Н-ын эхнэр М- гэгч эмэгтэй байсан гэсэн, нөгөө бэр дүү нь гээд байгаа эмэгтэйг бол би танихгүй. ...” гэх мэдүүлэг [5],

 

6. Гэрч Х.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлсэн “...В.М нь манай найз Н-ын хамт амьдарч байсан эхнэр нь юм. ...2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Н-, Б- бид хамт байсан. Өмнөх орой нь Н- согтуу орж ирсэн, эхнэртэйгээ маргалдсан гэж ярьж байсан. Өглөө 10 цаг өнгөрөөгөөд би ажилдаа явсан. Гэрт Н-, Б- хоёр үлдсэн. Оройн 21 цагийн үед гэрийнхээ хашааны хаалгаар ортол байшингийн маань цонх хагарсан байсан. Тэгээд байшин руугаа ортол В.М өөрийн бэр дүү Б-тай нийлэн Ц- гэх эмэгтэйг манайд зодсон. Манайд Б-, Б-, Н-, Ц-, В.М, мөн бэр дүү нь болох Б- эдгээр хүмүүс байсан. Намайг ороход Б- үүдэнд зогсож байсан. Мөн Н-, Б- хоёр гэрт сууж байсан. Би В.М болон бэр дүү болох Б- хоёрыг салгах гэтэл над руу “чи гэртээ энэ хоёрыг банзалдууллаа” гээд дайрсан. ...би зодооныг салгах гээд дийлэхгүй болохоор цагдаа дуудсан. Би Ц- гэх эмэгтэйтэй арван жилийн нэг төгсөлт байсан. М-гийн бэр дүү гэх Б-ыг би танихгүй, сүүлд сонсоход бэр дүү нь гэж байсан. ...” гэх мэдүүлэг  [6],

Мөн түүний мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр дахин мэдүүлсэн: “...Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын 51-07 тоот хаяган дээр байдаг гэрт тэр орой 21-22 цагийн орчимд ажлаасаа иртэл манай байшингийн цонх хагарчихсан, гэрт ороход байшингийн цонхон талын орон дээр Ц- зодуулсан байдалтай ухаангүй хэвтэж байсан. Намайг ороход Н-ын эхнэр М-, Б- хоёр согтуу “чи орон гэртээ хүн орогнуулж банзалдууллаа” гээд над руу дайраад байсан. Мөн Ц-ийг зодохоор дайраад байхаар нь салгах гээд дийлээгүй. Ц-ийг сэрэхээр нь татсан боловч ухаан орохгүй байсан тул цагдаа дуудсан. Намайг орж ирэхэд зодоон дуучихсан байсан. Гэрийн эд зүйл ундуй сундуй болсон, халуун тогооны гадна талын хувцанцар нь хагарч, төмөр нь хонхойсан, таг нь хагарсан байдалтай, 20 литрийн сав хонхойж шалчийсан байдалтай байсан. Би цонхоо шилэлсэн тул нэхэмжлэх зүйл байхгүй.  ...” гэх мэдүүлэг  [7],

 

7. Гэрч Б.З-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлсэн: "...2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 16 цагийн үед Ц-ийн биеийн байдлыг нь үзсэн гэмтлийн дараах толгойн өвдөлт гэж оношилсон. Би өөрөө гэмтлийн эмч биш болохоор мэдрэлийн талаар оношийг тогтоосон. 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 18-ныг хүртэл 7 хоног хэвтэж эмчлүүлсэн. Тухайн үед миний оношоор Б.Ц нь хүндэвтэр гэж гарсан байна. Миний бичсэн өвчний түүх дээр бүгд байгаа. Нийт 684,200 төгрөг кассын төлбөр дээр байна. Бид нар ерөөсөө мөнгөнд оролцдоггүй, ямар ч байсан манай эмнэлэгт ирж 7 хоног хэвтэн эмчлүүлсэн байна. Даатгалын дэвтэргүй байсан. Мөнгөө бэлнээр төлсөн. ...” гэх мэдүүлэг [8],

 

8. Гэрч Ч.Г-ын мөрдөн байцаалтад 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр мэдүүлсэн: “... “Энхсаран” сувилалын хүлээн авахын журналд бичигдсэнээр Б.Ц гэдэг нь 2017 оны 12 дугаар сарын 16-наас 12 дугаар сарын 26-ныг хүртэл 10 хоног хэвтэн сувилуулсан гэж бичигдсэн байна. Энэ хүнд ямар нэгэн бүртгэл нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын бүртгэл байхгүй, хамрагдаагүй болохоор ямар нэгэн бүртгэлд бүртгэгдээгүй байна. ...Мөнгөний баримт дээр 400,000 гэж бичигдсэн бөгөөд миний гарын үсэг хүлээн авсан нь мөн байна. ...” гэх мэдүүлэг [9],

 

9. Гэрч Л.О- мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлсэн “...Миний том хүү Н-ын эхнэр В.Мг цагдаагийн байгууллагад ямар хэрэг үйлдсэний учраас шалгагдаж байгаа талаар мэдэж байгаа. Хэрэг үйлдсэнийхээ маргааш нь надаа өөрөө хэлсэн. Би хэрэг үйлдсэн орой нь цагдаагийн газраас ирж авсан. В.М нь манай хүүхэдтэй 2013 оноос хойш хамт амьдарсан. Энэ хоёр хамт амьдрахдаа хэрүүл уруул хийж байхыг нь харж байгаагүй. Хамт Хархорин зах дээр бичиг хэргийн лангуу ажиллуулдаг байсан. В.М архи ууж тамхи татаж байхыг өмнө харж байгаагүй. Зан байдлын хувьд миний зүгээс дүгнэхэд их дуугүй, ямар нэгэн муу үг хэрэглэдэггүй, томоотой, даруухан гэж боддог. ...” гэх мэдүүлэг [10],

 

10. Гэрч В.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр мэдүүлсэн “...Б- нь ...Хүнсний техникийн сургуулийг тогооч мэргэжлээр төгссөн. Үг дуу цөөтэй, даруухан, ажилсаг, гэнэн цайлган зантай, хүнд тусархуу, гэр бүлдээ халамжтай, элдэв муу зуршилгүй, архи тамхи хэрэглээд байдаггүй, урьд нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй. ...” гэх мэдүүлэг [11],

 

11. Гэрч Ч.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр мэдүүлсэн “...М- бид хоёр Хархорин захад хамт хорин жил ажиллаж байгаа дотны найзууд юм. М- шударга шулуун зантай, юмыг сэтгэлээсээ хийдэг, найз нөхдийн дунд нэр хүнд сайтай, хамт олонтойгоо нийтэч, ямар ч хүнтэй үг хэлээ сайн ойлголцож чаддаг, элдэв гаж зуршилгүй, ажилсаг дайчин хүн юм. М- нь одоогоор Сонгинохайрхан дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүүгийнхээ хамт амьдардаг. Урьд нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй ...” гэх мэдүүлэг [12],

 

12. Гэрч В.М-гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлсэн “...Д.Б- нь манай төрсөн дүү В.М-тай 2000 онд гэрлэж байсан. Д.Б- нь архи тамхи хэрэглэдэггүй их дуугүй даруухан, хүн зодсон гэхээр нь гайхаад байна. Нөхөр хүүхэддээ халамжтай, их томоотой бас их тус ч хүн байдаг. ...” гэх мэдүүлэг [13],

 

13. Д.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн “... 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр М-гийнд 0,33 гр хараа архи хувааж уусан. М- Н-ыг олж ирэхээр М-гийнх рүү очихоор намайг дагуулаад гэрээсээ 21.00 цаг болж байхад гараад явган алхаж явсаар М-гийн хашааны өмнө очих үед хашааны хаалга нь онгорхой байсан. Байшингийн гэрэл нь унтраатай байсан. Хаалгыг нь тогшиход нэг хүн дотор талаас тайлж өгсөн. Н- байна уу гэж М- эгч асуухад цонхны хажууд унтаж байна гэж зааж өгсөн. М- эгч очиж хөнжлийг нь сөхөж үзэхэд түүний нөхөр Н- нэг хүүхэнтэй нэг оронд тэврэлдээд унтаж байсан. М- эгчийн уур нь хүрээд нөхөр Н-ыг чи ямар өөдгүй юм гэж хэлэхэд Н- сэрээд М- эгчийн цээж рүү зүүн гараараа саваад цохисон. Н-тай унтаж байсан архичин царайтай хүүхэн босож ирээд М- эгч бид хоёр руу хараад энэ юу болоод байнаа, энэ юун хүмүүс бэ гэж хэлээд М- эгч рүү дайраад зууралдаж авсан. Тэр хоёр бие биенийхээ үснээс зууралцаж аваад байхад түүний нөхөр Н- нь М- эгч Ц- гэх эмэгтэй тэр хоёрын голоор орж хамт унтаж байсан эмэгтэйгээ өмөөрч Н- М- эгчийг цохисон. М- эгч уурандаа тэр Ц- гэх эмэгтэйн нүүрэнд цохиж байсан. Ц- нь намайг цохиод авсан. Би цохиулсандаа уур хүрч гэнэт М- эгчтэй нийлж байгаад бид хоёр Ц- гэх эмэгтэйг зодсон. ...Би шалан дээр байсан халуун тогоо авч түүнийг цохисон. ...” гэх мэдүүлэг [14],

 Мөн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр яллагдагчаар дахин мэдүүлсэн “...М- эгч өөрийн нөхөр Н-ыг гэртээ ирэлгүй 3 хонолоо гэж ярьсан. Тэгээд Н-ыг хайгаад Н-ын найз Б-ийн гэрт нь очтол Ц- гэх эмэгтэй Н-тай хамт нэг оронд хэвтэж байсан тул хардалтаас болж зодоон болсон. М- эгч тэр хоёрыг нэг оронд хэвтэж байхыг харангуутаа шууд орилоод дайрсан. Тэгээд Ц- Н- хоёр нийлээд М- эгч рүү дайрсан. Тэгээд Н- намайг нэг удаа цээж рүү гараараа цохиод М-г аваад зайлаач гэж хэлэх үед би арагшаа ухарсан. Тэр үед миний хөлд нэг юм тээглэхээр нь эргэж хараад автал халуун тогоо байхаар нь тэр халуун тогоог аваад Ц- руу шидсэн. Тэгтэл халуун тогоо Ц-ийг оносон. М-, Ц- хоёрыг салгах үедээ Ц-той би зодолдсон. Дээр доороо ороод ноцолдож байсан. ...Тухайн үед гурвалжин дөрвөлжин зодоон болсон. Н- нь Ц-ийг өмөөрөөд М- руу дайрсан. Тэнд байсан Н-, Б-, Б- гурав Ц-ийг цохиж зодоогүй. Уг зодоонд оролцоогүй. Зодоон болоод байгаа айлын гэрийн эзэн нь гэх Б- хүрч ирээд цагдаа дуудсан. Тухайн үед Ц- бид хоёр дээр доороо ороод зодолдсон тул миний бие энд тэнд хөхөрчихсөн байсан боловч тухайн үед эмчид үзүүлээгүй, зүгээр болсон. ...” гэх мэдүүлэг [15],

 

14. В.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн “... 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 86-11 тоот хашаанд байх төрсөн дүү М-ын эхнэр Б-тай хамт уусан. Тэр үед орой болчихсон байсан. Н-ыг олж ирэхээр М-гийнд очихоор бэр Б-ыг дагуулаад гэрээсээ 21 цаг болж байхад гараад явган алхсаар М-гийн хашаанд очсон. Байшингийн хаалгыг татахад цоожтой байсан. Нэг хүн дотор талаас хаалгыг тайлж өгсөн. Н- байна уу гэж хаалга тайлж өгсөн хүнээс асуухад цонхны хажууд орон дээр унтаж байна гэж зааж өгсөн. Би өөрөө очоод хөнжлийг сөхөж үзэхэд нөхөр Н- нэг хүүхэнтэй нэг орон дээр тэврэлдээд унтаж байсан. Энэ бүхнийг би хараад цожирдоод гэнэт уур хүрч нөхөр Н-ыг чи ямар өөдгүй юм бэ гэж хэлэхэд Н- сэрээд миний цээж рүү гараараа саваад цохисон. Н-тай унтаж байсан хүүхэн босож ирээд энэ юу болоод байнаа гээд над руу дайраад зууралдаж авсан. Би уурандаа Ц- гэх эмэгтэй нүүрэн тус газар цохиж байсан. Б- юун салгах манатай гэнэт надтай нийлж байгаад Ц- гэх эмэгтэйг нийлж зодсон юм. ...” гэх мэдүүлэг [16] ,

Мөн түүний 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр яллагдагчаар дахин мэдүүлсэн “...Би Ц-ийг танихгүй. Б-ийн гэрт нь нөхөр Н-ыг хайгаад очтол Н-тай хамт нэг оронд цуг хэвтэж байсан. Тэр өдөр анх удаа харсан. Ц-, Н-тай хамт нэг оронд унтаж байхаар нь уур хүрээд Ц-ийн нүүр рүү нь гараараа 2 удаа цохиж, үсдэж орноос нь татаж унагаасан. Газар унасан хойно нь үсдэж байгаад гараараа хаа сайгүй цохисон, өшиглөсөн. Б- бас хажуунаас гараараа цохисон. Миний баруун гарын сарвууны ар тал битүү хавдаж хөх няц болсон байсан. Тухайн үед би баруун гарынхаа сарвууны ар талаар алагдаж цохиж байсан тул хөхөрч хавдсан....” гэх мэдүүлэг [17],

 

15. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 30 дугаартай дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: 2 нүдний зовхи, хамрын нуруу 2 хацар дээд уруул хавдаж нэлэнхүйдээ хөхөрсөн, дээд уруулын дотор салстад 5х4см улаан ягаан өнгийн цус хуралттай, хамрын нуруунд 1.5х0.1см, зүүн хацарт 1x0.5см, 1.5х0.8см, 0,5х0.2см, эрүүнд 2x1.5см, эрүүний доор 2.8х0.3см хүрэн улаан өнгийн зулгаралттай, баруун хөмсөгний дээр 3.5см шарханд 4ш, баруун чихний дэлбээнд 4.5см шарханд 4ш мэс заслын оёдолтой.

Орой хэсгийн хуйханд 1.5х0.3см хэмжээтэй шархтай. Баруун бугалагны ар дунд хэсэгт 14х6см хөх ягаан цус хуралттай хавдсан, баруун шууны ар дунд хэсгээс сарвууны ар хүртэл 23x11см хөх ягаан өнгийн цус хуралтын голд 2x1 см, 1x1 см, 0.2x0.Зсм хүрэн улаан өнгийн зулгаралттай, зүүн мөрний ард 12х8см, зүүн бугалганы гадна дээд хэсэгт 4х4см, дунд хэсэгт 1.5х1.5см, доод хэсэгт 12х7см хөх ягаан өнгийн цус хуралттай, зүүн шууны ар дээд хэсгээс сарвууны ар хүртэл нэлэнхүйдээ хөх ягаан өнгийн цус хавдсан, 1x1.5см, 0.5х0,5см, 0.5х0.2см хүрэн улаан зулгаралттай. Зүүн даланд 12х7см хөх ягаан өнгийн цус хуралт, нурууны баруун дунд хэсэгт 6х4см, 2х2см хүрэн улаан өнгийн зулгаралт, баруун ташаанд 6хЗсм хөх ягаан өнгийн цус хуралттай, 2см шарханд 1см мэс заслын оёдолтой. Цээжний зүүн хажууд 2хЗсм хөх ягаан өнгийн цус хуралттай.

2017 оны 12 дугаар сарын 08-ны Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн бичигт:

онош: баруун ухархайн ханын хугарал, хамар ясны хугарал, зүүн талын 4, 5, 6-р хавирганы хугарал, нүүрний зөөлөн эдийн няцрал гэжээ.

2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Med Trauna”-н толгойн компьютер томографид: баруун ухархайн дотор хана 1.7см өргөн сууриар этмойд хөндий рүү цөмөрсөн шинэ хугаралтай, зүүн талын ухархайн хана 1.5см өргөн сууриар 0.5см цөмөрсөн хуучин хугаралтай. Хамар ясны баруун хажуу хана урд хэсгээр 1.0см өргөн сууриар хамрын хөндийрүү 0,Зсм цөмөрсөн хугаралтай, баруун талын этмойд хөндийд бага зэрэг шингэнтэй, ...хоёр талын гайморт +24-+26HU нягттай шингэнтэй. ...Хамрын таславч урд хэсгээр зүүн тийш мурийсан, Баруун талын чамархай хацар шанаа болон 2 нүдний дээд доод зовхи хамар орчмын зөөлөн эдэд хавантай, баруун нүдний ухархайн эргэн тойрны эдэд хийтэй.

 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Med Trauna”-н цээжний компьютер томографид: зүүн уушигны доод дэлбэнд фиброз өөрчлөлттэй. ...зүүн талын 4, 5-р хавирга СУШ-р, 6-р хавирга СДШ-р зөрөөтэй хугаралтай. Зүүн талын 9-р хуучин хугарч бороожсон.

2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн ЭХО-д: элэг хэмжээгээрээ томорсон, элэгний хэт авиа эхо ойлт жигд эрс ихэссэн. Сегмент-5д 1.8х1.5см хэмжээтэй эзонхоген голомттой. Цөсний хүүдий агшсан. Нойр булчирхайн эхо ойлт жигд ихэссэн гэжээ.

ДҮГНЭЛТ:

1. Ц-ийн биед зүүн талд 4, 5, 6-р хавирганы хугарал, баруун ухархайн дотор хананд хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, 2 нүдний зовхи, хамрын нуруу, 2 хацар, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, цус хуралт дээд уруулын дотор салстад цус хуралт, хамрын нуруу, зүүн хацар, эрүү, эрүүний доор зулгаралт баруун хөмсөг, баруун чихний дэлбээ, хуйханд шарх, баруун бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, сарвуунд хуралт, зулгаралт, зүүн мөр, зүүн бугалганд цус хуралт, зүүн шуу, сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн дал, цээжинд цус хуралт нуруунд зулгаралт, баруун ташаанд цус хуралт, шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. /шинжээч Т.Номинцэцэг/. ...” гэх дүгнэлт [18],

 

16. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээний 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 405 дугаартай дүгнэлтэд:

1. Ц-ийн биед учирсан зүүн талд 4, 5, 6-р хавирганы хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

-Баруун ухархайн дотор хананд хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, 2 нүдний зовхи, хамрын нуруу, 2 хацар, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын дотор салстад цус хуралт, баруун хөмсөг, баруун чихний дэлбээ, хуйханд шарх, баруун бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, сарвуунд цус хуралт, зулгаралт, зүүн шуу, сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун ташаанд цус хуралт, шарх гэмтэл нь тус тус 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг,

-хамрын нуруу, зүүн хацар эрүү, эрүүний доор зулгаралт, зүүн мөр, зүүн бугалганд цус хуралт, зүүн дал, цээжинд цус хуралт, нуруунд зулгаралт гэмтэл нь тус тус 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

2. Ц-ийн биед учирсан зүүн талд 4, 5, 6-р хавирганы хугарал, баруун ухархайн дотор хананд хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, 2 нүдний зовхи, хамрын нуруу, 2 хацар, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, цус хуралт дээд уруулын дотор салстад цус хуралт, хамрын нуруу, зүүн хацар, эрүүний доор зулгаралт, баруун хөмсөг, баруун чихний дэлбээ, хуйханд шарх, баруун бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, сарвуунд цус хуралт, зулгаралт, зүүн мөр, зүүн бугалганд цус хуралт, зүүн шуу, сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн дал, цээжинд цус хуралт, нуруунд зулгаралт, баруун ташаанд цус хуралт, шарх бүхий гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Ц-ийн биед учирсан зүүн талд 4, 5, 6-р хавирганы хугарал, баруун ухархайн дотор хананд хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, 2 нүдний зовхи, хамрын нуруу, 2 хацар, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, цус хуралт дээд уруулын дотор салстад цус хуралт, хамрын нуруу, зүүн хацар, эрүүний доор зулгаралт, баруун хөмсөг, баруун чихний дэлбээ, хуйханд шарх, баруун бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, сарвуунд цус хуралт, зулгаралт, зүүн мөр, зүүн бугалганд цус хуралт, зүүн шуу, сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн дал, цээжинд цус хуралт, нуруунд зулгаралт, баруун ташаанд цус хуралт, шарх бүхий гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаа буюу 2017 оны 12 дугаар сарын 07-нд үүссэн байх боломжтой /шинжээч Т.Номинцэцэг/. ...” гэсэн дүгнэлт [19],

 

17. 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр яллагдагч нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг [20], 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр халуун тогоо нэг ширхэгт үзлэг хийсэн тэмдэглэл [21], халуун тогоог эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол [22],

 

18. Хохирогч Б.Цийн “Улаанбаатар мед” нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нээсэн өвчний түүхийн хуулбарт  “...Хэвтэх үеийн зовиур: Толгой хагарах гэж байгаа юм шиг өвдөнө. Баруун чинхэндээ 5 оёдол тавиулсан, баруун чихний дээр 4 оёдол тавиулсан, 2 гар өвдөнө, баруун талын шанаа толгой дээр 1 оёдол тавиулсан. Өвчний түүх: 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүнд зодуулсан ухаангүй гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн гэнэ. 12 дугаар сарын 07-ны үүрээс Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд компьютер толгой, цээжиндээ хийлгэсэн. 12 дугаар сарын 11-нээс өмнө гэмтлийн эмчийн зөвлөсний дагуу эмнүүд ууж байгаа, гэртээ ибупрофен ууж байна. ...” гэсэн тэмдэглэл [23], хохирогч Б.Цоос ирүүлсэн хохирол, хор уршигийн зардлыг нэхэмжилсэн талаарх баримтууд [24],

 

19. Д.Б-ы иргэний үнэмлэхийн лавлагаа [25], урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас [26], Д.Б-ы өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгө бүртэгдээгүй тухай лавлагаа[27], банкуудын лавлагаа [28], Оршин суугаа хягийн тодорхойлолт лавлагаа [29], Д.Б-ы нэр дээр тээврийн хэрэгслийн бүртгэлгүй тухай Автотээврийн үндэсний төвийн лавлагаа [30],

 

20. В.Мгийн иргэний үнэмлэхний лавлагаа [31], урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас [32], В.Мгийн өмчлөлд /Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Баганарангийн 13 дугаар гудамжны 145 тоот хаягтай гэр бүлийн хэрэгцээний зориулалт газар, үйлчилгээ, хувийн сууц, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт 86 дугаар гудамжны 11 тоот хаягтай гэр бүлийн хэрэгцээний зориулалт газар, хувийн сууц/ бүртгэлтэй тухай лавлагаа [33], банкуудын лавлагаа [34],  оршин суугаа хаягийн тодорхойлолт лавлагаа[35], В.Мгийн нэр дээр тээврийн хэрэгслийн бүртгэлгүй тухай Автотээрийн үндэсний төвийн лавлагаа [36] зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Гурав. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч В.М, Д.Б- нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

  1. Гэм буруугийн талаар.

2017 оны 12 дугаар сарын 07-ны орой Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Одонтын 51 дүгээр гудамжны 07 тоот болох иргэн Х.Б-ийн гэрт Б.Ц нь очсон байх ба, тус айлд Б.Ц, Г.Н- нар нь нэг оронд хамт унтаж байхад Г.Н-ын хамтран амьдрагч В.М нь бэр Д.Б-ы хамтаар Г.Н-ыг хайж, тэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Х.Б-ийн гэрт очсон байна. Энэ үед хамтран амьдрагч Г.Н- нь Б.Цтой нэг оронд хамт унтаж байхыг шүүгдэгч В.М харж, хамтран амьдрагч Г.Н-тай хардаж, иргэн Б.Цийн үснээс нь зулгаах, нүүр болон, хамар, нүд, толгой, баруун ташаа руу болон биеийн бусад хэсэгт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр удаа дараа цохиж зодож, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан,

-мөн шүүгдэгч Д.Б- өөрийг нь Б.Ц цохилоо гэх шалтгаанаар, мөн эгч В.Мгийн нөхөр Б.Н-ыг Б.Цтой хардаж, В.Мг өмөөрч Х.Б-ийн гэрт байсан халуун тогоогоор Б.Цийг удаа дараа цохиж зодсоны улмаас биед нь зүүн талд 4, 5, 6 дугаар хавирганы хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 -хохирогч Б.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр мэдүүлсэн “...Би 2017 оны 12 дугаар сарын 07-ны орой 19 цаг өнгөрч байхад ...М-гийнх рүү алхан явж гэрт нь ороход М- өөрөө байхгүй, Н-, Б-, Б- гурав хөзөр тоглоод сууж байсан. ...оройтсон тул М-гийн гэрийн орон дээр би бүхлээрээ унтсан.  ...Унтаж байхад гаднаас эмэгтэй хүний дуу гарч, ...гэрэл асаахад согтуу хоёр эмэгтэй хоорондоо яриад ...байсан. Би өндийхөд миний үснээс Т- гэгч нь үсдэж, доошоо шал руу толгой дарсан. ...хажуудах эмэгтэй нь будгын 20 литрийн төмөр саваар баруун талын чамархай хэсэгт нэг удаа цохисон. ....Би нүүрээ хамгаалаад тонгойход хоёр талаар өшиглөж зодож эхэлсэн. ...жижиг намхан хүүхэн нь “алчихъя” гээд цохиод, халуун тогооны төмөр тагаар толгойн зулай руу хоёроос гурван удаа цохиж, түүнээс арай хийж салахад нөгөө том биетэй Т- нь ирж зууралдаж үсдээд зодож байхад хажуунаас, нөгөө намхан эмэгтэй зөрж орж ирээд халуун тогоо гартаа бариад зүүн талын хавирга руу маш хүчтэй цохисон. ...тэр хоёр эмэгтэй ээлжлэн ирж үсдээд зодоод байсан. ...баруун талын хазуулсан чихэн дээрээ 6 оёдол, баруун талын хөмсөгний дээд талд 4 оёдол, баруун талын ташаан дээр хатгасан оромтой ...цус гарч байсныг тогтоон нэг оёдол тавьсан. Миний нүүрний баруун талын хэсэг бол бүгд гэмтэлтэй, хамар цөмөрсөн, нүдний ухархаа хугарсан. ...” гэх мэдүүлэг [37],

мөн түүний мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр дахин мэдүүлсэн “...Н- бид хоёр цугтаа унтаж байтал гаднаас үл таних 2 согтуу эмэгтэй орж ирээд ... М- нь миний баруун чихнээс зулгааж чихийг тас хазсан. ...Б- гэх эмэгтэй халуун тогооны төмөр тагаар миний толгой руу 2-3 удаа цохиж толгойг хагалсан. М- нь миний үснээс зулгааж, нүүр болон, хамар, нүд, толгой гээд хаа саагүй гараараа цохиж хөлөөрөө баруун ташаа руу өшиглөж, хоёр гар руу олон удаа цохиж зодсон. Тэр үед Б- нь төмрөн халуун тогоо барьж ирээд миний зүүн талын хавирга болон дал, нуруу луу хэд хэдэн удаа цохисон. ...Зүүн талын 4, 5, 6 дугаар хавирганы хугарлыг Б- гэгч нь халуун тогоогоор цохиж учруулсан гэмтэл юм. Хуйханд шарх гэмтлийг мөн Б- халуун тогооны тагаар цохиж учруулсан. …Харин баруун нүд, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, 2 нүд, баруун чих, хөмсөг, зовхи болон толгойн нүүрэн хэсэгт учруулсан гэмтлүүдийг М- нь гараараа олон удаа цохиж, хөлөөрөө өшиглөж учруулсан гэмтлүүд байгаа юм. Баруун бугалга, шуунд учруулсан гэмтлүүдийг Б-, М- нар намайг цохиж байхад хажуунаас цохиж учруулсан гэмтэл. ...” гэх мэдүүлэг [38] болон шүүхийн хэлэлцүүлэгт түүний мэдүүлсэн мэдүүлэг,

-гэрч Г.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...В.Мтай анх танилцаад хамтран амьдарч эхэлсэн ба, Ц-той одоогоос гурван жилийн өмнө өөрийн найз БатМ-р дамжуулан танилцаж, түүнээс хойш одоог хүртэл эр, эмийн холбоотой. 2017 оны 12 дугаар сарын 07-ны шөнө М- нь өөрийн бэр Б-тай Б-ийнд Ц- бид хоёр нэг оронд цугтаа унтаж байхад орж ирээд М-, Б-тай нийлж Ц-ийг зодсон. ...Ц- бид хоёрыг цугтаа унтаж байхад ...“энэ хараач хамт нэг оронд унтаж байна” гээд орилж түүнийг үсдэж аваад орноос буулгаж, хоёр талаас нь өшиглөөд зодсон. Мөн халуун тогоогоор түүний бэр Б- гэгч нь толгой болон цээж рүү цохиж байхыг харсан. ...М- түүнийг тэр үед үсдээд орноос доош буулгаад шалан дээр доош нь дараад нүүр лүү, цээж рүү нь өшиглөж зодож байсан. Б- нь мөн усны саванд толгой болон нуруу руу нь зодож цохиж байхыг харсан. ...Ямар ч байсан тэр хоёр нийлж байгаад Ц-ийг зодож гэмтээсэн юм. ...” гэх мэдүүлэг [39]

-гэрч Ц.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Б-ийн гэрт ...Н-, Б- бид гурав хамт байхад гаднаас Ц- ...орж ирсэн. Тэгээд бид дөрөв хөзөр тоглож байгаад оройтсон тул би газар ор засаад унтсан. Хүмүүс орилолдох чимээнээр сэрээд хартал Ц-ийг Н- ахын эхнэр М- нэг эмэгтэйн хамт өшиглөж байсан. ...М- 20 литрийн будагны саваар Ц-ийн толгой нүүр лүү цохиод байсан. М-тай хамт орж ирсэн Б- гэх эмэгтэй газар байсан халуун тогоо аваад Ц-ийн цээж нуруун тус газар нь хэд хэдэн удаа цохисон. ...Ц- эрүүл, М-, Б- гэх хоёр эмэгтэй согтуу байсан. ...” гэх мэдүүлэг [40],

-гэрч М.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...2017 оны 12 дугаар сарын 07-нд ...оройн 20 цагийн үед хоёр танихгүй эмэгтэй гэрт орж ирээд шууд орон дотор хэвтэж байсан Ц-, Н- хоёрыг зодоод эхэлсэн. ...Сүүлд нь сонсоход Н-ын эхнэр М- гэгч эмэгтэй байсан гэсэн. ...” гэх мэдүүлэг [41],

-гэрч Х.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ...оройн 21 цагийн үед гэрийнхээ хашааны хаалгаар ортол байшингийн маань цонх хагарсан байсан. В.М өөрийн бэр дүү Б-тай нийлэн Ц- гэх эмэгтэйг манайд зодож байсан. ...” гэх мэдүүлэг  [42],

мөн түүний мөрдөн шалгах ажиллагаанд дахин мэдүүлсэн “...гэрт ороход байшингийн цонхон талын орон дээр Ц- зодуулсан байдалтай ухаангүй хэвтэж байсан. Намайг ороход Н-ын эхнэр М-, Б- хоёр согтуу “чи орон гэртээ хүн орогнуулж банзалдууллаа” гээд над руу дайрсан. ...гэрийн эд зүйл ундуй сундуй болсон, халуун тогооны гадна талын хувцанцар нь хагарч, төмөр нь хонхойсон, таг нь хагарсан байдалтай, 20 литрийн сав хонхойж шалчийсан байдалтай байсан....” гэх мэдүүлэг  [43],

-шүүгдэгч Д.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн “...2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр М-гийнд 0,33 гр хараа архи хувааж уусан. М- Н-ыг олж ирэхээр М-гийнх рүү очихоор намайг дагуулаад гэрээсээ гарч 21.00 цаг болж байхад очсон. Хаалгыг нь тогшиход нэг хүн дотор талаас тайлж өгсөн. Н- байна уу гэж М- эгч асуухад цонхны хажууд унтаж байна гэж зааж өгсөн. М- эгч очиж хөнжлийг нь сөхөж үзэхэд түүний нөхөр Н- нэг хүүхэнтэй нэг оронд тэврэлдээд унтаж байсан ба, М- эгчийн уур нь хүрээд нөхөр Н-ыг “чи ямар өөдгүй юм” гэж хэлээд. ...М- эгч уурандаа тэр Ц- гэх эмэгтэйн нүүрэнд цохиж байсан. Ц- нь намайг цохиод авсан. Би цохиулсандаа уур хүрч гэнэт М- эгчтэй нийлж байгаад бид хоёр Ц- гэх эмэгтэйг зодсон. ...Би шалан дээр байсан халуун тогоо авч түүнийг цохисон. ...” гэх мэдүүлэг [44],

мөн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр яллагдагчаар дахин мэдүүлсэн мэдүүлэг [45],

-шүүгдэгч В.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр мэдүүлсэн “... 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Б-тай хамт уусан ба Н-ыг олж ирэхээр М-гийнд очихоор бэр Б-ыг дагуулаад 21 цаг болж байхад гараад явган алхаж явсаар М-гийн хашаанд очсон. ...Н- байна уу гэж хаалга тайлж өгсөн хүнээс асуухад цонхны хажууд орон дээр унтаж байна гэж зааж өгсөн. Би өөрөө очоод хөнжлийг сөхөж үзэхэд нөхөр Н- нэг хүүхэнтэй нэг орон дээр тэврэлдээд унтаж байсан. Энэ бүхнийг би хараад цожирдоод гэнэт уур хүрч, уурандаа Ц- гэх эмэгтэйн нүүрэн тус газар цохисон. Б- юун салгах манатай гэнэт надтай нийлж байгаад Ц- гэх эмэгтэйг нийлж зодсон юм. ...” гэх мэдүүлэг [46] ,

мөн түүний 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр яллагдагчаар дахин мэдүүлсэн “...Ц-ийн нүүр лүү нь гараараа 2 удаа цохиж, үсдэж орноос нь татаж унагаасан. Газар унасан хойно нь үсдэж байгаад гараараа хаа сайгүй цохисон, өшиглөсөн. Б- бас хажуунаас гараараа цохисон. ...” гэх мэдүүлэг [47],

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 30 дугаартай дүгнэлт [48],

-Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээний 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 405 дугаартай дүгнэлт [49], 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр яллагдагч нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг [50], 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр халуун тогоонд үзлэг хийсэн тэмдэглэл [51], халуун тогоог эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол [52], хохирогч Б.Цийн “Улаанбаатар мед” нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нээсэн өвчний түүх [53] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Шүүх хуралдаанд шүүгдэгч В.М, Д.Б- нар гэм буруугийн талаар маргаагүй.

Хууль зүйн дүгнэлт:

            Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ гэмт хэрэг гарах болсон шалтгааныг авч үзвэл М- нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Б-ыг дагуулан Х.Б-ийн гэрт очсон. Тухайн айлд байсан хохирогч Б.Цийг Г.Н-тай хардаж улмаар хохирогчийн биед олон тооны гэмтэл учруулсан. В.М нь тухайн гэмтлүүдийг учруулсан гэдгээ мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн. Шүүгдэгч Д.Б-ы хувьд хохирогчийг халуун тогоогоор зүүн талын хавирга руу нь цохисон гэж мэдүүлсэн. Хоорондоо үсдэлцсэн, барьцалдсан. Тухайн үед хохирогчийн биед үүссэн олон тооны гэмтлийг шүүгдэгч нарын хэн нь учруулаад, хэн нь хаана нь цохисон талаар гэрч нар нарийн тодорхой мэдүүлж чадаагүй. Иймд Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчид хүндэвтэр хохирол учруулсан байна, харин олон тооны хөнгөн шарх гэмтлийг учруулсан гэдэг нь тогтоогдоогүй гэж үзсэн. Шүүгдэгч нарыг гэмт хэрэг бүлэглэж үйлдснээр хүндрүүлэн хэргийг зүйлчлээгүй шалтгаан нь нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэж хуульчилсан тул Д.Б-д хүндэвтэр гэмтэл учруулснаар хэргийг зүйлчилж ирүүлсэн бөгөөд энэ нь түүний эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж үзсэн. Хэрэв бүлэглэж үйлдсэн гэж Д.Б-д ял сонсговол, түүнд холбогдох хэргийг нэмж нэгтгэх зэргээр түүний эрх зүйн байдал дордоно гэж үзсэн.  М-гийн хувьд олон тооны гэмтэл учруулсан болох нь тогтоогдсон тул мөн Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн. Тухайн гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч В.Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д.Б-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.

            Хохирогчийн өмгөөлөгч И.Хонгор гэм буруугийн шүүх хуралдаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан шүүгдэгч нарт холбогдох хэргийг гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү. Хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлгээр нотлогдож байна гэж үзэж байна гэсэн дүгнэлтийг гаргасан.

            Шүүгдэгч нарын өмгөөлөгч нь В.М, Д.Б- нар нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа гэсэн дүгнэлтийг гаргасан.

           

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас үзвэл шүүгдэгч В.М нь сүүлийн 3 жилийн хугацаанд иргэн Г.Н-тай хамтран амьдарч байх ба, тухайн хэрэг үйл явдал болсон өдөр хамтран амьдрагч Г.Н-ыг хохирогч Б.Цтой хардаж, эр, эмийн хардалтын улмаас хохирогчийг зодсон, мөн шүүгдэгч Д.Б- нь В.Мг өмөөрч, өөрөө Б.Цид цохиулсан зэрэг шалтгаанаар хохирогчийг зодсон үйл баримт хэрэгт цугларсан баримтаар хангалттай тогтоогдсон байна.

Мөн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээний 405 дугаартай дүгнэлтээр “... Ц-ийн биед учирсан зүүн талд 4, 5, 6-р хавирганы хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, харин  ...Баруун ухархайн дотор хананд хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, 2 нүдний зовхи, хамрын нуруу, 2 хацар, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын дотор салстад цус хуралт, баруун хөмсөг, баруун чихний дэлбээ, хуйханд шарх , баруун бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, сарвуунд цус хуралт, зулгаралт, зүүн шуу, сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун ташаанд цус хуралт, шарх гэмтэл нь тус тус 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж дүгнэжээ.

Дээрх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтлийг хохирогч Б.Цоос ялган мэдүүлэхдээ “...Зүүн талын 4, 5, 6 дугаар хавирганы хугарлыг Б- гэгч нь халуун тогоогоор цохиж учруулсан гэмтэл юм. ... Харин баруун нүд, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, 2 нүд, баруун чих, хөмсөг, зовхи болон толгойн нүүрэн хэсэгт учруулсан гэмтлүүдийг М- нь гараараа олон удаа цохиж, хөлөөрөө өшиглөж учруулсан гэмтлүүд байгаа юм. …” гэж мэдүүлсэн, мөн шүүгдэгч Д.Б- нь хохирогчийг халуун тогтоогоор цохисон талаар хүлээн мэдүүлсэн, мөн бусад гэрч Н-с мэдүүлсэн байх ба үүнээс үзвэл хэдийгээр тухайн шүүгдэгч нар нь үйлдэл оролцоогоор нэгдсэн байгаа боловч хохирогчид учирсан олон тооны гэмтлийг хэн хэрхэн учруулсан талаар хохирогч өөрөө ялган зааж хэлсэн,  хохирогчид хүндэвтэр гэмтэл учруулснаа Д.Б- хүлээн зөвшөөрч мэдүүлсэн зэрэг нотлох баримтад үндэслэн шүүгдэгчийн нарын учруулсан гэмтлийн зэргээс хамаарч тэдний үйлдэл оролцоог ялгамжтай тогтоож, Д.Б-ы хохирогчид санаатай хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, В.Мгийн хохирогчид хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус хэргийг зүйлчилж ирүүлснийг буруутгах боломжгүй байна. Иймд хохирогчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч нарын бүлэглэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг зүйлчлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн холбогдох заалтыг баримтлах гэсэн саналыг хүлээн авах шаардлагагүй байна.

Иймд шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг үндэслэн шүүгдэгч В.М, Д.Б- нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч нарын гэм бурууг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Б-ы үйлдсэн хүний биед хүндэвтэр гэмтэл учруулсан нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг,

Шүүгдэгч В.Мгийн үйлдсэн хүний биед хөнгөн хохирол учруулсан нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг тус тус хангасан байна.

Тиймээс шүүгдэгч Д.Б-ыг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд, шүүгдэгч В.Мг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэг заалтад зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн тухай.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Б.Цийн эрүүл мэндэд хүндэвтэр болон хөнгөн  хохирол учирсан ба хохирогчоос мөрдөн байцаалтад “Мед таунма” эмнэлэгт цээж толгой КТГ-т харуулсан 270,00 төгрөг, Улаанбаатар мед эмнэлэгт 7 хоног хэвтсэн төлбөр нь 564,200 төгрөг, нөхөн сэргээх эмнэлэгт 10 хоног хэвтсэн 400,000 төгрөг, ЭМЖЖ эмнэлэгт 25,000 төгрөгөөр үзүүлсэн, бусад эм тарианд нийлээд 150,000 төгрөг нийт 1.454.650 төгрөгийн зардлын баримтуудыг хэрэгт ирүүлж, шүүгдэгч нар хохирогчид 1,385,000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь хохирогчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгч нарын мэдүүлэг, хохирлын мөнгө хүлээлцсэн тухай 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөр огноолсон баримт зэргээр тогтоогдож байх ба, үлдэгдэл 69,650 төгрөг төлөгдөөгүй байна. Иймд шүүгдэгч В.Мгаас 34,575 төгрөг, Д.Б- 34,575 төгрөгийг тус  тус гаргуулж, хохирогч Б.Цид олгож шийдвэрлэв.

            Харин шүүх хуралдаанд хохирогч нь өмгөөлөгчийн хөлс 1,000,000 төгрөг болон  цаашид нүдний ухархайн хагалгаанд орох 1,000,000 төгрөг, хамрын хагалгаанд орох 1,500,000 төгрөг, нийт 3,500,000 төгрөгийг нэмж, бүгд 3,550,500 төгрөгийг нэхэмжилсэн ба, хэрэгт 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өмгөөлөгч Л.Цэндоотой байгуулсан хууль зүйн туслалцаах үзүүлэх гэрээ, мөн 2018 оны 5 дугаар сарын 6-ны өдрөөр огноолсон эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг тус тус ирүүлсэн байна.

            2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 2 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт гэрээний хөлсний тухай заалт байх боловч тус хэсэгт гэрээний хөлсний мөнгө дүн тодорхойгүй /чагталж бичсэн/,

            Мөн 2018 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэсэн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан гэрээний хөлс гэсэн хэсэгт бичсэн мөнгөн дүн байхгүй /чагталж бичсэн/ байгаа нь гэрээний хөлсийг тохиролцсон эсэх нь тодорхой бус, мөн өмгөөлөгчийн хөлсөнд 1.000.000 төгрөг төлсөн тухай баримтыг ирүүлээгүй.

Нөгөө талаас өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд  хамааруулж гаргуулах үндэслэлгүй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “хохирогч өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах” эрхтэй талаар заасан.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно.” гэж заасан.

Хохирогч Б.Цийн өмгөөлөгч Л.Цэндоотой байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, мөн 2018 оны 5 дугаар сарын 6-ны өдөр өмгөөлөгч И.Хонгортой хохирогчийн хүссэнээр түүний ах гэх Б.Хүрэлээгийн байгуулсан гэх гэрээнүүд нь хохирогчийн хүсэл зоригыг илэрхийлж, хуулиар олгогдсон хохирогчийн эрхийн хүрээнд өмгөөлөгч сонгон авч, хууль зүйн туслалцаа авахдаа талуудын чөлөөт байдал, тэгш эрхийн зарчмын үндсэн дээр хийгдсэн хэлцлийн төлбөрийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг гэж үзэж нэхэмжилсэн нь үндэслэлгүй байх тул өмгөөлөгчийн хөлсөнд нэхэмжилсэн 1.000.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хангахаас татгалзаж шийдвэрлэв.

Мөн хохирогч Б.Ц нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тус хэргийн улмаас учирсан нүдний ухархайн болон хамар ясны хугарлыг эмчлүүлэхээр цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилж байгаа боловч хэрэгт ирүүлсэн баримтгүй тул тус тогтоолоор хянан шийдвэрлэх боломжгүй бөгөөд хохирогч нь тухай бүрт нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдав.

 

2. Эрүүгийн хариуцлагын талаар.

          Улсын яллагчаас шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинж болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдгээрийн хувийн байдлыг харгалзан үзэж шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 690 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч В.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  670 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, тус тус оногдуулах дүгнэлтийг,  

          Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Өлзийбаяраас “...В.М, Д.Б- нар нь хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан гэж үзэж байна. М- нь 51 настай, “М” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирлын албан тушаалыг 5 жил хашиж байна. Хувийн байдлын хувьд өрх толгойлсон, 19 настай хөгжлийн бэрхшээлтэй хүүтэй;

            Шүүгдэгч Д.Б- нь нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байгаа тул  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ар гэрийн болон бусад нөхцөл байдлыг харгалзан үзэж  Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, В.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус торгох ялын доод хэмжээгээр буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж, мэтгэлцсэн.

 

            Шүүх шүүгдэгч Д.Б-, В.М нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Б-, В.М нар нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид хохирол, хор уршигийн зарим хэсгийг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, В.Мгийн эд хөрөнгийн талаарх лавлагаа, Мны 2018 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 46, 47 дугаартай В.М нь сарын 600.000 төгрөгийн цалинтай, Д.Б- нь сарын 400.000 төгрөгийн цалинтэй гэсэн тодорхойлолт зэрэг нотлох баримтад үндэслэн, мөн шүүгдэгч нарын бусад орлого олох боломж зэргийг харгалзан шүүгдэгч Д.Б-ыг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр, шүүгдэгч В.Мг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр тус тус торгох ял оногдуулж, торгох ялыг  шүүгдэгч нарын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан 4 сарын буюу 120 хоногийн хугацаанд  тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

3. Бусад асуудлаар.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Д.Б-, В.М нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан улаан бариултай, улаан суурьтай, халуун тогоо 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт утсгах ажлын хэсэгт даалгаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Д.Б-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

-Шүүгдэгч Боржигин овогт В.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 900.000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч В.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000  (нэг сая) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.М, Д.Б- нарт торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш тус бүр 4 сар буюу 120 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгуулын ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдсүгэй.

 

4. Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч В.М, Д.Б- нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус  дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан бариултай, улаан суурьтай, халуун тогоо 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах ажлын хэсэгт даалгасугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч В.Мгаас 34.575 (гучин дөрвөн мянга таван зуун далан тав) төгрөг, шүүгдэгч Д.Б-аас 34.575 (гучин дөрвөн мянга таван зуун далан тав) төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч Б.Цид олгож,  өмгөөлөгчийн хөлсөнд нэхэмжилсэн 1.000.000 төгрөгийг хангахаас татгалзаж, хохирогч Б.Ц нь энэ тогтоолоор тогтоогдсон гэмтлийн улмаас цаашид гарах хохирол, хор уршигийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар нэхэмжлэх эрхтэйг мэдэгдсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Д.Б-, В.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч нар, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд  Д.Б-, В.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТ-

 


[1]Хавтаст хэргийн 5-6 дугаар тал

[2]Хавтаст хэргийн 145 дугаар тал

[3] Хавтаст хэргийн 9-11 дүгээр тал

[4]Хавтаст хэргийн 148  дугаар тал.

[5]Хавтаст хэргийн 19-20 дугаар тал

[6] Хавтаст хэргийн 16-18 дугаар тал

[7] Хавтаст хэргийн 147 дугаар тал.

[8]Хавтаст хэргийн 106-107  дугаар тал.

[9]Хавтаст хэргийн 108-109 дугаар тал

[10]Хавтаст хэргийн 14-15  дугаар тал.

[11]Хавтаст хэргийн 149 дүгээр тал.

[12]Хавтаст хэргийн 150 дугаар тал.

[13]Хавтаст хэргийн 12-13 дугаар тал

[14] Хавтаст хэргийн 43-44 дүгээр тал.

[15] Хавтаст хэргийн 160-161  дүгээр тал.

[16] Хавтаст хэргийн 37-38 дугаар тал.

[17] Хавтаст хэргийн 162-163  дугаар тал.

[18]Хавтаст хэргийн 22  дугаар тал.

[19] Хавтаст хэргийн 151-153 дугаар тал.

[20]Хавтаст хэргийн 164, 166-167 дугаар тал.

[21]Хавтаст хэргийн 168 дугаар тал.

[22]Хавтаст хэргийн 170 дугаар тал.

[23]Хавтаст хэргийн 85-96 дугаар тал.

[24]Хавтаст хэргийн 47-58,116  дугаар тал.

[25]Хавтаст хэргийн 27  дугаар тал.

[26]Хавтаст хэргийн 46  дугаар тал.

[27]Хавтаст хэргийн 74  дүгээр тал.

[28]Хавтаст хэргийн 67-70 дугаар тал.

[29]Хавтаст хэргийн 28 дугаар тал

[30]Хавтаст хэргийн 169 дүгээр тал

[31]Хавтаст хэргийн 30 дугаар тал

[32]Хавтаст хэргийн 45  дугаар тал.

[33]Хавтаст хэргийн 74  дүгээр тал.

[34]Хавтаст хэргийн 75-84  дүгээр тал.

[35]Хавтаст хэргийн 31 дүгээр тал

[36]Хавтаст хэргийн 169 дүгээр тал

[37]Хавтаст хэргийн 5-6 дугаар тал

[38]Хавтаст хэргийн 145 дугаар тал

[39] Хавтаст хэргийн 9-11 дүгээр тал

[40]Хавтаст хэргийн 148  дугаар тал.

[41]Хавтаст хэргийн 19-20 дугаар тал

[42] Хавтаст хэргийн 16-18 дугаар тал

[43] Хавтаст хэргийн 147 дугаар тал.

[44] Хавтаст хэргийн 43-44 дүгээр тал.

[45] Хавтаст хэргийн 160-161  дүгээр тал.

[46] Хавтаст хэргийн 37-38 дугаар тал.

[47] Хавтаст хэргийн 162-163  дугаар тал.

[48]Хавтаст хэргийн 22  дугаар тал.

[49] Хавтаст хэргийн 151-153 дугаар тал.

[50]Хавтаст хэргийн 164, 166-167 дугаар тал.

[51]Хавтаст хэргийн 168 дугаар тал.

[52]Хавтаст хэргийн 170 дугаар тал.

[53]Хавтаст хэргийн 85-96 дугаар тал.