Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 223/МА2022/00013

 

                                                          

 

 

Ч.Ж, Г.Ц нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 151/ШШ2021/00774 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ч.Ж, Г.Ц нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч “Ж о” ХХК-д холбогдох,

 

Чулуун саравчтай хашаа бүхий өвөлжөөг хувьчилж авсан болохыг тогтоолгож, Ч.Ж, Г.Ц нартай нөхөн олговрын гэрээ байгуулахыг “Ж о” ХХК-д даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч /Г.Ц/-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Гантуяа /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Анхбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ч.Ж, Г.Ц нар анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Ж, Г.Ц /эцэг, хүү/ бид 1995 онд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Соёл нэгдэл хувьчлагдах үеэр өөрсдийн хувьцаа /хөрөнгө оруулалтын эрхийн бичиг/-р Гурвантэс сумын нутаг, Баясах багт байрлах Шар хадны чулуун саравчтай хашааг хувьчилж авсан. Энэ үед Г.Ц нь өрх гэр тусгаарлаагүй, эцгийн голомт дээр амьдарч байсан бөгөөд 1996 онд Б.Мөнхчимэгтэй гэр бүл болж гэрлэлтээ бүртгүүлж өрх гэр тусгаарлаж чулуун саравчтай хашаандаа гэр бүлийн хамт мал аж ахуй эрхлэн амьдарч байсан.

 

Ч.Ж миний бие Соёл нэгдэлд малчнаар, Г.Ц мөн Соёл нэгдэлд малчнаар ажиллаж байгаад нэгдэл тарж хөрөнгийг хувьчлах үед бид 2 өөрсдийн хувьчлалын бичгээр Гурвантэс сумын Баясах багт байрлах Шар хадны чулуун саравчтай хашааг хувьчилж авсан. Энэ нь нэгдлийн хөрөнгө хувьчлах, өмч хувьчлах комиссын тогтоол, нэгдлийн хөрөнгийг хуваах иргэдийн нэрсийн жагсаалт бичигдсэн нэрсээр мөн хөрөнгө оруулалтын эрхийн бичиг зэргээр нотлогдож байгаа юм. Ингээд манай гэр бүл 1995 оноос 2014 онуудад тус газарт бөгөөд авсан чулуун саравчтай хашаандаа тасралтгүй аж төрж амьдарч байсан саравчтай хашаа байгаа газрыг эзэмших хүсэлтээ сумын Засаг даргад гаргаснаар Гурвантэс сумын засаг дарга 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр А/155 100т захирамж гаргаж чулуун саравчтай хашаа байх газарт 1500м.кв талбайтай өвөлжөөний зориулалтаар 60 жилийн хугацаанд газар эзэмшүүлэх эрхийг бэр Б.Мөнхчимэгийн нэр дээр газар эзэмших эрхийн 000456404 тоот гэрчилгээг олгосон. Чулуун саравчтай хашаатай холбоотой ямар нэгэн маргаан гарч байгаагүй, өвөлжөөний газарт чулуун саравчтай хашаа байгаа нутагт 2011 онд "Ж о" ХХК-д ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл олгож нүүрсний уурхай ажиллаж эхэлсэн. Улмаар Ж о ХХК Өмнөговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж 120/ШШ2018/0001 дугаар шийдвэрээр шүүхээс манай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.

 

Бүх шатны шүүх дээр уг хэргийн хариуцагч болох Гурвантэс сумын Засаг дарга мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч газрын мэргэжилтэн шүүхэд шар хадны чулуун саравчтай хашааг хувьчилж авсан эд хөрөнгө нь байгаа тул Б.Мөнхчимэг газар эзэмших эрхтэй гэсэн боловч Г.Ц өмчилж авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, чулуун саравчтай хашааг Г.Ц нар хувьчилж авсан баримт байхгүй байна гэж дүгнэн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Бидэнтэй чулуун саравчтай хашааны өмчлөлийн талаар маргасан этгээд байхгүй боловч өмчлөгч мөн болохыг тогтоосон баримт үгүй тул хохирч газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Сумын иргэд нийтээрээ Соёл нэгдэл хувьчлагдаж Ч.Ж, Г.Ц нар чулуун саравчтай хашааг хувьчилж авсан. Хожим Г.Ц, эхнэр Б.Мөнхчимэг, хүүхдүүдийн хамт мал маллаж аж төрж байгааг мэдэж байгаа боловч өмчлөгч мөн болохыг тогтоосон баримт үгүй, сүүлийн 24 жил эзэмшиж ашиглаж байна. Нийгмийн тогтолцоо өөрчлөгдөж улмаар Соёл нэгдэл тарж өмчийг нэгдэлчин ард иргэд хувьцаагаар хувьчилж авсан. Нөгөө талаар өмч хувьчлах комисс, төрийн өмчийн хороо татан буугдсан чулуун саравчтай хашааг өмчлөх нэхэмжлэгч нараас өөр этгээд үгүй.

 

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар төрийн өмчийн хороо манай байгууллага байгуулагдахаас өмнө Соёл нэгдэл хувьчлагдсан бөгөөд чулуун саравчтай хашааны талаар ямар ч мэдээлэл үгүй тул шүүхэд хандаж өмчлөгч мөн болохоо тогтоолгоно уу гэсэн хариуг бидэнд өгдөг. Дээрх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх бүх хугацаанд бидэнд ямар ч баримт олдохгүй байсан ба хожим иргэн Л.Сүрэнхүүгээс өмч хувьчлалтай холбоотой баримт эх хувиараа гарч ирсэн. Одоо мөнгөтэй, аргатай хүн юуг ч үгүйсгэж талдаа татаж чаддаг болсон байна. Түмэн олонд илэрхий үйл баримтыг үгүйсгэж төр улсдаа хүч хөрөнгө өгч авсан эд хөрөнгийг газраас ургасан өвс ногоо мэт үнэлж байгаад энгийн иргэн бид гомдолтой байна. Уурхайн өмнө шүүх хүчгүй болж илэрхий үйл баримтыг үгүйсгэж байгаад гомдолтой байна. Монгол улсад өмч хувьчлал болж ажиллаж байсан нэгдлээсээ хувьцаагаар хашаа, саравч, мал, машин хувьчилж авсныг уурхайн хятад эзэн мэдэхгүй байж болно. Монгол түмэн нийтээрээ мэдэж байгаа, мэдэхгүй хүнд наанадаж сумын уугуул иргэн, цаанадаж Засаг дарга, газрын мэргэжилтэн нь гэрчилж хэлээд тодорхойлолт гаргаж өгөөд хэрэгсэхгүй байна. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-д иргэний эрхийг хүлээн зөвшөөрөх аргаар хамгаалахаар заасан байна.

 

Иймд бидний чулуун саравчтай хашааг өмчлөх эрхийг шүүхээс өөр байгууллага хамгаалах аргагүй нөхцөл байдал үүсээд байгаа тул эрхийг минь хамгаалж өгнө үү. Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д “хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор ашиглаж байсан эзэмшигч уг хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжид олж авах давуу эрхтэй” гэж заасан. Ийм учир чулуун саравчтай хашааг 1995 оноос 24 жилийн хугацаанд эзэмшиж байгаа Ч.Ж, Г.Ц биднийг хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгох нэхэмжлэл шүүхэд гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Ч.Ж, Г.Ц нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, Ж.Амгалан нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: Монгол улсад 1990 онд Ардчилсан хувьсгал өрнөж, тайван замаар ардчилсан нийгэмд шилжиж, улс орон даяар төрийн өмч хөрөнгийг хувьчлах хөдөлгөөн өрнөж, Өмнөговь аймгийн Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1991 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 09 тоот шийдвэр гарсан байдаг. Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Соёл нэгдэл хувьчлагдаж тус суманд мал маллан амьдарч байсан Ч.Ж, хүү Г.Ц нар одоогийн Баясах багт байрлах зүүн шар хадны чулуун саравчтай хашаа бүхий өвөлжөөг 1995 онд 11.257 төгрөгийн хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр худалдан авсан байна.

 

БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Ж о” ХХК нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт ашигт малтмалын олборлолтын эрх олж аван нөлөөллийн бүсэд байх үл хөдлөх хөрөнгө бүхий өмчлөгч иргэн бүртэй нөхөн олговрын гэрээ байгуулсан байдаг. Өвөлжөө гэдэг нь тухайн орон нутгийн байгалийн нөхцөл байдалд тохируулан байгалийн нөөлөгт тулгуурлан, социализмын их бүтээн байгуулалтын үед олон хүний хүч хөдөлмөрөөр бүтсэн өндөр өртөг бүхий үл хөдлөх хөрөнгө бөгөөд өтөг бууц, саравч хашаа зэрэг нь цогц байдлаараа өвөлжөөний нэг хэсэг болж байдаг үл хөдлөх хөрөнгө юм. Ч.Ж, Г.Ц нарын хувьчлан авсан зүүн шар хадны чулуун саравчтай хашаа бүхий өвөлжөөг нураавал чулуу, хатсан хар мод, малын өтөг бууц болох ба эдгээрийг зөөгөөд барих газар Гурвантэс суманд байхгүй, тэгээд ч өтөг бууцыг өвөлжөөтэй нь зөөдөг ёс, тийм практик Монголд байхгүй, харин БНХАУ-д тийм практик байдгийг үгүйсгэхгүй.

 

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь заалтыг үндэслэн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Баясах багт орших “Ж о” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын нөлөөллийн бүсэд байрлах зүүн шар хадны чулуун саравчтай хашаа бүхий өвөлжөөг хөрөнгө оруулалтын 007572, 006703 тоот өмч хувьчлалын эрхийн бичгээр Ч.Ж, Г.Ц нар хувьчлан авсан болохыг тогтоолгож, Ашигт малтмалын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар хариуцагч “Ж о” ХХК-ийг нэхэмжлэгч Ч.Ж, Г.Ц нартай нөхөн олговрын гэрээ байгуулахыг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Ж о” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Баясах багийн нутаг дэвсгэр, “Зангат уул-1” гэх газарт ашигт малтмал ашиглах ашиглалтын МУ-016952 тоот тусгай зөвшөөрөл эзэмшдэг бөгөөд уг тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхай, кадастрын хэлтсийн даргын 2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 1062 дугаар шийдвэрээр олгосон. 2014 онд компанийн зүгээс олборлолтын үйл ажиллагаа эхлэхтэй холбоотойгоор иргэдийг нүүлгэн шилжүүлэх, нөхөн олговор олгох ажлыг зохион байгуулсан. Үүний дагуу нэхэмжлэгч нарын нэхэмжлэлдээ дурдсан Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 2 дугаар баг, Баясах шар хадны “чулуун саравчтай хашаа”-нд байрлах иргэн Э.Доржсүрэнгийн эзэмшлийн өвөлжөөний газрыг чөлөөлөх, малчин өрхийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болсон. Ингээд иргэн Э.Доржсүрэнтэй 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайг чөлөөлүүлэх, нөхөн олговор олгох гэрээ”-г байгуулж, түүний эзэмшиж, ашиглаж байсан өвөлжөөний газрыг чөлөөлж, газар дээрх эд хөрөнгүүдийг нүүлгэн шилжүүлэхээр тохиролцсон. Гэвч иргэн Э.Доржсүрэн нь гэрээний дагуу зохих нөхөн олговрыг компаниас авсан боловч өнөөдрийг хүртэл уг газрыг чөлөөлж өгөөгүй, газар дээрх эд хөрөнгүүдийг нүүлгэн шилжүүлээгүй, уг газарт суурьшсан хэвээр байна.

 

Уг чулуун саравчтай хашаа байрлах ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас малчин өрхийг чөлөөлүүлэх, нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой зардлыг “Ж о” ХХК-аас иргэн Э.Доржсүрэнд олгосон. Гэтэл иргэн Э.Доржсүрэн одоог хүртэл уг газрыг чөлөөлж өгөөгүй, газар дээрх эд хөрөнгүүдийг нүүлгэн шилжүүлээгүй. Иймд цаашид нэхэмжлэгч нарын нэхэмжилж буй чулуун саравчтай хашааг тусгай зөвшөөрлийн талбайгаас нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой зардлыг Э.Доржсүрэнд олгосон нүүлгэн шилжүүлэлтийн нөхөн төлбөрөөс зохих хэмжээгээр гаргуулах, түүнд олгосон нөхөн төлбөрийн хэмжээг өөрчлөх шаардлагатай нөхцөл байдал үүсэж болзошгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасны дагуу уг хэрэг гуравдагч этгээдээр татан оролцуулж тайлбар авах шаардлагатай гэж үзэж байна.

 

Чулуун саравчтай хашааны тухайд: Уг хашаа нь Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т заасан газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх хөрөнгөд хамаарна гэсэн “үл хөдлөх хөрөнгө”-ийн шинжийг агуулаагүй байх тул мөн хуулийн 84.4-т зааснаар хөдлөх хөрөнгөд хамаарч байна. Өөрөөр хэлбэл чулуун саравчтай хашаа нь газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл биш бөгөөд дахин ашиглах бүрэн шилжүүлэх буюу зөөвөрлөн байрлуулж, зориулалтынх нь дагуу түүнийг өөр газарт нүүлгэх боломжтой объект /хөдлөх хөрөнгө/ юм.

 

Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүнд хавсарган өгсөн баримтад уг чулуун саравчтай хашааг үл хөдлөх хөрөнгө мөн болохыг тодорхойлсон баримт /үл хөдлөх эд хөрөнгө/-ийн гэрчилгээ байхгүй байна. Тиймээс нэхэмжлэл түүнд хавсаргасан баримтын хүрээнд уг нэхэмжлэл шүүхийн онцгой харьяалалд хамаарахааргүй байгааг шүүх анхаарч үзнэ үү. Хэдийгээр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн шатны шүүхийн шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т заасныг үндэслэн нэхэмжлэгч нарын тус шүүхэд гаргасан чулуун саравчтай хашааны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байх боловч шүүх ямар нотлох баримтын үндсэн дээр уг чулуун саравчтай хашааг “үл хөдлөх эд хөрөнгө” гэж дүгнэсэн нь тодорхойгүй байна.

 

Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн тухайд: Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл нь тодорхой бус байна. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийнхээ үндэслэлд 1995 онд уг чулуун саравчтай хашааг хувьчилж авсан өөрсдийнх нь өмч гэж байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагадаа Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-т заасан “өмчлөх эрхийг тэргүүн ээлжид олж авах давyy эpx”-тэй холбоотой заалтыг үндэслэн өмчлөгчөөр тогтоолгохыг хүсэж байгаа нь ойлгомжгүй байна. Мөн нэхэмжлэгч нар чулуун саравчтай хашааны өмчлөгчөөр тогтоогдсоноор зөрчигдсөн ямар эрх нь сэргэх талаар огт дурдаагүй байна.

 

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргаас 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/155 дугаар захирамжаар иргэн Б.Мөнхчимэгт манай компанийн тусгай зөвшөөрлийн талбайтай давхцуулан 1500м.кв газрыг 60 жилийн хугацаагаар өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлсэн нь хууль бус болохыг захиргааны хэргийн гурван шатны шүүхээр эцэслэн тогтоож, Засаг даргын захирамжийн Б.Мөнхчимэгт холбогдох хэсгийг хүчингүй болгосон. Гэвч энэхүү газар эзэмших эрхтэй холбоотой маргаан нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт юм.

 

Хэдийгээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т иргэний эрхийг хүлээн зөвшөөрөх аргаар хамгаална гэж заасан байх боловч “Ж о” ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч нарын өмчлөх эрхийг зөрчсөн аливаа хууль бус үйл ажиллагаа явуулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 100 дугаар зүйлийн 100.1, 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар Өмнөговь аймаг, Гурвантэс сумын Баясах 2 дугаар багт байрлах, Шар хадны чулуун саравчтай хашаа /өвөлжөө/-г нэхэмжлэгч Ч.Ж, Г.Ц нар нь хувьчилж авсан болохыг тогтоож, нэхэмжлэгч Ч.Ж, Г.Ц нартай нөхөн олговрын гэрээ байгуулахыг “Ж о” ХХК-д даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.028.154 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ж о” ХХК-аас 70.200 төгрөг, улсын орлогоос 887.754 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ч.Ж, Г.Ц нарт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “Ж о” ХХК-ийн захирал Mengheqilu давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн “Үндэслэх” хэсгийн 10 дугаар талд “Нэхэмжлэгч Ч.Ж, Г.Ц нар нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Баясах багт байрлах чулуун саравчтай хашаа бүхий өвөлжөөг 1995 онд өмч хувьчлалаар хувьчилж авсан болох нь хэрэгт авагдсан Өмнөговь аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1991 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 09 тоот албан бичгийн хуулбар, 006703, 007572 дугаартай хөрөнгө оруулалтын эрхийн бичгүүд Өмнөговь аймгийн Төрийн архивын 1995 оны 10, 11, 12 дугаар сарын өмч хувчлалын баримт хүлээн авсан жагсаалтын хуулбар, Хувьцаа эзэмшигчийн их хувьчлалын бичиг хүлээн авсан жагсаалтын хуулбар, гэрч Л.Сүрэнхүүгийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Хэрэгт авагдсан Өмнөговь аймгийн Гурвантэс сумын “Соёл” ХК-ийн өмч хувчлалтай холбоотой 1995 оны 10, 11, 12 дугаар сарын баримт “Шаардах хуудас”, Хувьцаа эзэмшигчийн их хувьчлалын бичиг хүлээн авсан жагсаалт зэргийг Өмнөговь аймгийн Төрийн архивын дэргэдэх баримт нягтлан шалгах арга зүйн комиссын 2021 оны ээлжит бус 02 дугаар хурлын тэмдэглэлээр Өмнөговь аймгийн өмч хувьчлалын сан хөмрөгийн тоо бүртгэлд оруулахаар шийдвэрлэгдэж, эдгээр баримтыг өмч хувьчлалын комиссын байнга хадгалах хадгаламжийн нэгжийн бүртгэлд бүртгэсэн байна” гээд Иргэний хуулийн 106.3, 106.2-д “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй, Шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна” гэх заалтыг үндэслэн Өмнөговь аймаг, Гурвантэс сумын Баясах 2 дугаар багт байрлах, Шар хадны чулуун саравчтай хашаа /өвөлжөө/-г нэхэмжлэгч Ч.Ж, Г.Ц нар нь хувьчилж авсан болохыг тогтоосон.

 

Энэ нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 120/ШШ2018/0001 дүгээр шийдвэрээр “Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 307 тоот албан бичигт Гурвантэс сумын Соёл ХК-аас Гурвантэс сумын Засаг даргын тамгын газарт хүлээлгэж өгсөн худгийн жагсаалтад Шархад тоо ширхэг 1, анхны үнэ 8940 төгрөг, үлдэгдэл үнэ 1788 төгрөг...” гэсэн байх бөгөөд Б.Мт болон түүний нөхөр Ц нарт “Зүүн шар хад” гэх газарт байрших малын саравчтай чулуун хашаа /өвөлжөөний/-г өмч хувьчлалаар хувьчилж авсан, өмчлөх эрхтэй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна” гэж шийдвэрлэснийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 281 дүгээр тогтоолоор хэвээр үлдээснийг дурдах нь зүйтэй.

 

Тиймээс шүүх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэх хуулийн заалтыг анхаарч үзэх ёстой байсан. Түүнчлэн Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 307 тоот албан бичигт “Гурвантэс сумын Соёл ХК-иас 1993 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Гурвантэс сумын Засаг даргын тамгын газарт хүлээлгэж өгсөн худгийн жагсаалтанд” гэсэн хариултыг албан ёсоор ирүүлсэн.

 

Дээрх нөхцөл байдалтай уялдуулан хуульд заасан “хэрэгт байгаа баримтыг хуурамч эсэхтэй холбогдуулж уг баримтыг нотлох баримтаас хасуулахаар шүүхээс хүсч болох мөн тухайн баримт хуурамч болох эсэхийг шалгахын тулд шүүх шинжилгээ хийлгэж болно” гэх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгч Өмнөговь аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1991 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 09 тоот албан бичгийн хуулбар, 006703, 007572 дугаартай хөрөнгө оруулалтын эрхийн бичгүүд Өмнөговь аймгийн Төрийн архивын 1995 оны 10, 11, 12 дугаар сарын өмч хувчлалын баримт хүлээн авсан жагсаалтын хуулбар, Хувьцаа эзэмшигчийн их хувьчлалын бичиг хүлээн авсан жагсаалтын хуулбар зэрэг баримтыг хуурамч эсэхийг шалгуулахаар шинжээч томилуулах хүсэлтийг гаргасан байдаг. Энэ хүсэлттэй холбогдуулан хэрвээ шүүх дээрх хүсэлтийг хангахгүй бол нотлох баримтаас хасуулах хүсэлтийг давхар гаргасныг шүүх хангаагүй.

 

Иймд шүүхийг “Хэргийн нотлох баримт нь бичмэл баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно, Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй, Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа тул хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийн “Өмнөговь аймаг, Гурвантэс сумын Баясах 2 дугаар багт байрлах, Шар хадны чулуун саравчтай хашаа /өвөлжөө/-г нэхэмжлэгч Ч.Ж, Г.Ц нар нь хувьчилж авсан болохыг тогтоосон” хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагчийн гаргасан давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нараас Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Баясах багт байрлах “Чулуун саравчтай хашаа буюу өвөлжөө”-г хувьчилж авсан болохыг тогтоолгож, тус газарт ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж буй “Ж о” ХХК-тай нөхөн төлбөрийн гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагчаас маргаан бүхий зүйлийг нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой зардлыг иргэн Э.Доржсүрэнд олгосон, нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан чулуун саравчтай хашаа /өвөлжөө/-г Ч.Ж, Г.Ц нар нь хувьчилж авсныг нотлох баримт хэрэгт авагдаагүй, тухайн үйл баримт нь Захиргааны хэргийн шүүхээр эцэслэгдэн тогтоогдсон хэмээн эс зөвшөөрч мэтгэлцсэн байна.

 

Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба хэрэв хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг өөрөө олж авах боломжгүй бол зохигчийн хүсэлтээр шүүх бүрдүүлдгээрээ иргэний эрх зүйн үндсэн зарчим юм.

 

Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.   

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хавтаст хэрэгт цугларсан 1991 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 09 тоот “Өмч хувьчлалын ажлыг зохион байгуулах тухай” албан бичиг[1], Төрөөс 1991 онд Ч.Ж, Г.Ц нарт олгогдсон 006703, 007572 дугаар бүхий “Хөрөнгө оруулалтын эрхийн бичиг”[2], Өмнөговь аймгийн Төрийн архивын Гурвантэс сумын “Соёл” ХК-ний 1995 оны 10, 11, 12 дугаар сарын өмч хувьчлалын баримт “Шаардах хуудас”-ны хуулбар[3], Л.Сүрэнхүүгийн гэрчээр өгсөн мэдүүлэг[4] зэрэг нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, өөрийн дотоод итгэлийн хүрээнд тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй зөв болжээ.

 

Харин нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангахдаа нэхэмжлэгч Ч.Ж, Г.Ц нарыг уг маргааны гол зүйл болсон чулуун саравчтай хашаа /өвөлжөө/-г хувьчилж авсан болохыг тогтоон шийдвэрлэсэн нь буруу юм.

 

Учир нь: Нэхэмжлэлийн шаардлагаас үзвэл нэхэмжлэгч Ч.Ж, Г.Ц нар нь 1995 онд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын “Соёл” нэгдэл хувьчлагдах үед Баясах 2 дугаар баг, Шар хадны чулуун саравчтай хашааг өөрсдийн хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр хувьчлан авч амьдарч байсан хэмээн тайлбарлаж маргасан байх ба, агуулгынх нь хувьд авч үзвэл тухайн өвөлжөөний өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Дээрх нотлох баримтуудаар нэхэмжлэгч нар нь чулуун саравчтай хашаа /өвөлжөө/-г хувьчилж авснаас хойш өөрсдийн өмчлөлд авч эзэмшиж ирсэн болох нь тогтоогдож байна.

 

Гэтэл шүүх нэхэмжлэлийн тухайн хэсгийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгөлгүйгээр эрх зүйн ач холбогдол бүхий үйл баримт тогтоож буй мэтээр дүгнэн, нэхэмжлэгч Ч.Ж, Г.Ц нарыг “...хувьчилж авсан болохыг тогтоон...” шийдвэрлэсэн нь буруу буюу талуудын хооронд үүссэн маргааны эрх зүйн харилцааг зөв тодорхойлж чадаагүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байх тул Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.3-т тус тус зааснаар нэхэмжлэгч нарыг “өмчлөгч”-өөр тогтоон шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Хариуцагч байгууллага нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын “Зангат уул-1” гэх нэртэй газарт эрх бүхий байгууллагаас олгосон Ашигт малтмалын ашиглалтын MV-016952 тоот тусгай зөвшөөрлийн[5] үндсэн дээр үйл ажиллагаа явуулж байгаа ба энэ талаар зохигчийн хэн аль нь маргаагүй, тухайн уурхайн нөлөөллийн бүсэд нэхэмжлэгч нар амьдарч, эд хөрөнгө нь хамаарч байгаа гэсэн үндэслэлээр шууд нөхөн олговрын гэрээ байгуулахыг шүүхээс үүрэг болгон даалган шийдвэрлэх хууль зүйн боломжгүй.

 

Иргэний хуулийн 43 дугаар зүйлд зааснаар хэлцэл, гэрээ байгуулах нь талуудын хүсэл зоригийн үндсэн дээр хийгддэг бөгөөд хэрэв тухайн уул, уурхайн компанийн ашиглалтын нөлөөллийн бүсэд хүн, мал, бусдын эд хөрөнгө байх боломжгүй, зайлшгүй нүүлгэн шилжүүлэх шаардлагатай гэж үзвэл талууд гэрээний эрх зүйн чөлөөт байдлын хүрээнд хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр хийгдэх боломжтой үйл ажиллагаа юм.

 

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхээс “Ж о” ХХК нь уурхайн талбайн нөлөөллийн бүсэд байх айл өрхтэй нөхөн олговрын гэрээ заавал байгуулах үүргийг хуулиар хүлээлгээгүй, бусад айл өрхүүдтэй нөхөн олговрын гэрээ байгуулсан нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохгүй хэмээн дүгнэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Түүнчлэн эрх бүхий байгууллагаас иргэн Л.Сүрэнхүүгээс ирүүлсэн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Соёл ХК-ний 1995 оны 10, 11, 12 дугаар саруудын орлого, зарлагын баримтуудыг Өмнөговь аймгийн өмч хувьчлалын сан хөмрөгийн тоо бүртгэлд оруулахаар шийдвэрлэснийг шүүх буруу гэж үзэх хууль зүйн боломжгүй.

 

Иймд магадлалд дурдсан үндэслэлүүдээр хариуцагчаас гаргасан “...хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримт хууль зүйн болон бодит үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй, эдгээр нотлох баримт нь хуурамч эсэхийг шалгуулахаар шинжээч томилуулах, хэрэв уг хүсэлтийг хангахгүй бол нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасныг хангаагүй, ...шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэх хуулийн заалтыг анхаарч үзээгүй тул шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдсан гомдолд дурдсанчлан өөрчлөлт оруулах, эсхүл хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэснийг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167

дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Төв  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 151/ШШ2021/00774 дүгээр шийдвэрийг “Тогтоох нь” хэсгийн 1 дүгээр заалтыг “...Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 100 дугаар зүйлийн 100.1, 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар Өмнөговь аймаг, Гурвантэс сумын Баясах 2 дугаар багт байрлах, Шар хадны чулуун саравчтай хашаа /өвөлжөө/-г нэхэмжлэгч Ч.Ж, Г.Ц нар нь хувьчилж авсан болохыг тогтоож...” гэснийг,

 

“...Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар Өмнөговь аймаг, Гурвантэс сумын Баясах 2 дугаар багт байрлах Шар хадны чулуун саравчтай хашаа /өвөлжөө/-ний өмчлөгчөөр Ч.Ж, Г.Ц нарыг тогтоож...”, гэж өөрчилж, шийдвэрийг бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчаас гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                        ШҮҮГЧИД                                                      Т.ЭНХМАА

                                                                                                 М.МӨНХДАВАА

 

[1] 1-р хавтаст хэргийн 15-16-р тал

[2] 2-р хавтаст хэргийн 217-р тал

[3] 2-р хавтаст хэргийн 214-217-р тал

[4] 1-р хавтаст хэргийн 175-р тал

[5] 1-р хавтаст хэрэг 62-65-р тал