| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сандагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 142/2016/0075/Э |
| Дугаар | 00123 |
| Огноо | 2016-07-06 |
| Зүйл хэсэг | 096.1., |
| Улсын яллагч | Б.Бүжинлхам |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 00123
А.Энхбаатарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Хэргийн индекс 142/2016/0075/Э
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Туяа даргалж, шүүгч З.Хосбаяр, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдаанд:
Прокурор Б.Жавхлантуяа
Ялтан А.Энхбаатар
Ялтны өмгөөлөгч Р.Цэрэнханд
Нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нарыг оролцуулан
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтангадас даргалж, шүүгч Ж.Байгалмаа, шүүгч Ж.Дэлгэрмөрөн нарын бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэсэн, 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 100 дугаар шийтгэх тогтоолтой А.Энхбаатарт холбогдох, 201614000125 дугаартай, эрүүгийн хэргийг ялтны өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1987 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Булган аймгийн Бугат суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Булган аймгийн Бугат сумын 3 дугаар багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, ГБ87020215 регистрийн дугаар, Хөтчин овогт Авгааны Энхбаатар.
Шүүгдэгч А.Энхбаатар нь согтуугаар 2016 оны 02 дугаар сарын 29-ний шөнө Орхон аймаг Баян-Өндөр сумын Уртбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах “Хур” зочид буудлын 204 тоот өрөөнд Г.Баасандамбатай маргалдан зодож биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 100 дугаар шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч Хөтчин овгийн Авгааны Энхбаатарыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1.д зааснаар шүүгдэгч А.Энхбаатарыг 5 /тав/ жил 01 /нэг/ хоногийн хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10.д заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.д зааснаар шүүгдэгч А.Энхбаатарт оногдуулсан 05 жил 01 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1.д зааснаар шүүгдэгч А.Энхбаатараас 651.850 төгрөг гаргуулж, хохирогч Г.Баасандамбад олгож, хохирогч Г.Баасандамба нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдаж,
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.Энхбаатар нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдаж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Энхбаатарт авсан батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэсэн.
Ялтны өмгөөлөгч Р.Цэрэнханд давж заалдах гомдолдоо:
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 100 дугаар шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1.д зааснаар 5 жил 1 хоногийн хорих ял оногдуулсан. Хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргах зүйлгүй.
А.Энхбаатар нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон бөгөөд үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1.д зааснаар доогуур хэмжээний хорих ял оногдуулж өгнө үү гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Жавхлантуяа дүгнэлтдээ:
Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахад татгалзах зүйлгүй гэв.
ТОДОРХОЙЛОХ нь
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагад нийцсэн байна.
Ялтан А.Энхбаатар нь 2016 оны 02 дугаар сарын 29-ний шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багт байрлах “Хур” зочид буудлын 204 тоот өрөөнд архидан согтуурч Г.Баасандамбатай маргалдан зодолдож Г.Баасандамбын биед хэвлийн хөндийн битүү гэмтэл, зүүн бөөрний няцрал задрал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Г.Баасандамбын “...А.Энхбаатар орноос босч ирэнгүүтээ намайг заамдаж аваад хоолой боож ухаан алдуулсан. Ухаан балартаж байхад А.Энхбаатар миний хэвлий рүү цохисон. Цаашаа юу болсныг сайн санахгүй байна. Шөнө дунд сэрээд босох гэтэл биеийн зүүн тал биеийн зүүн тал нэлэнхүйдээ хөндүүр оргиод босч чадахгүй эргээд унтсан. Өглөө буудлын үйлчлэгч “чамтай хамт байсан махлаг залуу айхтар агсам залуу байлаа. Чамайг шөнө зодчихоод гараад явсан. Би сүүлдээ хөөж гаргасан...” гэх мэдүүлэг,
Гэрч Д.Амарсанаагийн “...2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр А.Энхбаатартай уулзаад “Хур” зочид буудал орохоор явж байхдаа Г.Баасандамбатай таарсан. “Хур” зочид буудлын 204 тоот өрөөг хоногоор авч архи ууцгаасан...Би нилээд согтсон байсан болохоор буудлаас хэдийд яаж гарснаа сайн санахгүй байна. Намайг 23 цаг 20 минутын орчим гэртээ ирсэн гэж эхнэр маань хэлсэн. Өглөө гар утсаа хайгаад байхгүй болохоор нь өөрийнхөө утас луу залгатал Г.Баасандамба аваад А.Энхбаатар пизда хаана байна намайг зодсон байна гээд эмнэлэг явж байна гэсэн...” мэдүүлэг,
Гэрч Ш.Түвшинжаргалын “...2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр “Хур” зочид буудлын жижүүрээр ажиллаад өглөө 8 цагт ажлаасаа буусан. 29-ний өдрийн үдээс хойш хоёр залуу манай буудалд ирж 204 тоот өрөөг хоногоор авсан... Шөнө 23- 24 цагийн хооронд байх гэж санаж байна. Хоёр давхрын нэг өрөөнд юм түчигнэх чимээ гарахаар нь 204 тоот өрөөний хаалгаг тогшиход өмнө нь найзыг ирвэл байхгүй гэж хэлээрэй гээд байсан намхан залуу хаалга тайлсан бөгөөд цаана нь хохирогч гэх залуу орон дээр суучихсан нөгөө махлаг биетэй залуу нь өөдөөс нь хараад зогсчихсон нүүр лүү нь цохиж байхаар нь би та нар болиоч энд зодоон хийхгүй шүү гэхэд за за одоо асуудал гаргахгүй гэж хэлсэн. Хаалга тайлж өгсөн намхан залуу надаас түрүүлээд доошоо буусан. Одоо та хоёр гар гэтэл хохирогч залуугийн өөдөөс хараад зогсож байсан махлаг залуу нь надтай хамт бууж ирсэн.
Хохирогч гэх залуу нь өрөөндөө үлдсэн. Махлаг залуу бид хоёрыг бууж ирэхэд хаалга тайлсан намхан залуу аль хэдийн гараад явчихсан байсан. Мөн махлаг залуу гараад явсан. Тэр шөнөдөө аль аль нь ирээгүй. Хохирогч залуу өглөө 7 цаг 20 минутын үед бууж ирэхэд нь би хүүе миний дүү гүүр ам чинь гайгүй юу өчигдрийн залуу чиний нүүр рүү чинь цохисон шүү дээ гэхэд миний зүүн талаар өвдөөд байна гээд гараараа зааж байснаа гараад явсан...” гэх мэдүүлэг,
Гэрч А.Батсуурийн “...Тэр өдөр 16 цагийн орчимд хүнсний зах дээр Г.Баасандамбатай таараад...хамт “Хур” зочид буудалд очсон. Буудлын гадаа нэг залуу гарч ирээд таксины мөнгө өгөөд хамт буудлын хоёр давхрын өрөөнд ороход нэг залуу сууж байсан. Бид дөрөв архи хувааж уугаад Г.Баасандамба бид хоёр буудлаас гарч Шанд баг явдаг автобусны буудал дээр очсон. Баасандамба дараа нь хаашаа явсныг мэдэхгүй. 2- 3 хоногийн дараа Баасандамба хүнд зодуулсныг сонссон...” гэх мэдүүлэг,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 192 дугаар дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, анхан шатны шүүх түүнд хуульд заасан ял оногдуулжээ.
А.Энхбаатарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийж гүйцэтгэсэн, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.
Гэвч А.Энхбаатар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг хохирогчид нөхөн төлсөн, хохирогч Г.Баасандамбын “хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж давж заалдах шатны шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлт зэргийг харгалзан үзээд ялтан А.Энхбаатарт хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4, 324, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 100 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1.д заасныг журамлан мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1.д зааснаар А.Энхбаатарыг 3 жил 5 сарын хорих ялаар шийтгэсүгэй гэж
2.Тогтоох хэсгийн 3 дахь заалтын “05 жил 01 хоногийн” гэснийг “3 жил 5 сар” гэж тус тус өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
3. Ялтан А.Энхбаатарын өмгөөлөгч Р.Цэрэнхандын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.
4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч, магадлал гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ТУЯА
ШҮҮГЧИД З.ХОСБАЯР С.ЦЭЦЭГМАА