Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 903

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 2******* дугаар, 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 331 дүгээр захирамжуудын иргэн З.Д, Г.З, С.Э, Н.Б, С.Д нарт холбогдох заалтыг хүчингүй болгож, газар эзэмших эрхийн гэрчилгээг иргэн М.Бийн нэр дээр болгон өөрчлөн захирамж гаргах болон Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг хэрэгжүүлэхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргад тус тус даалгах” шаардлага бүхий иргэн М.Бийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Батхүү, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, Ж.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Сүхбаатар дүүргийн газрын албаны холбогдох албан тушаалтан албан тушаалаа урвуулан ашиглан нэр бүхий 4 иргэнд хууль бусаар газар олгосон Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 2******* дугаар захирамж, мөн дээрх 4 иргэнээс газар эзэмших эрхийн гэрчилгээг С.Дад шилжүүлсэн шийдвэр болон холбогдох бичиг баримтуудыг тус тус хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Үүнд: 

Иргэн М.Б миний бие Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Бэлх хадатын аманд 10 айлын кадастрын зургийг 2007 оны 05 дугаар сарын 10-ны өдөр “Т” ХХК-иар гүйцэтгүүлж гаргуулсан 2007 оны кадастрын зураг түүнийг гүйцэтгэхэд төлсөн мөнгөний баримт зэргийг эх хувиар нь мөрдөн байцаагч Э.Жд үзүүлж хуулбарлан хүргүүлсэн. Иргэн М.Б миний бие дээрх 10 айлын газрыг эзэмших тухай хүсэлтээ 2008 онд Сүхбаатар дүүргийн газрын албанд зохих материалуудыг бүрдүүлэн гаргасан юм. Миний гаргасан энэ өргөдөл тухай үед Сүхбаатар дүүргийн Засаг дарга байсан н.А*******, Сүхбаатар дүүргийн газрын албаны дарга байсан Ё.Э нарын дунд үрэгдэж алга болсон. 2008 он нь сонгуулийн жил байсан ба иргэдэд газар эзэмшүүлж олгоно гэсэн намуудын сурталчилгаа иргэдийн дунд хүлээлт үүсгэсэн байсан тул миний бие газар эзэмших хүсэлтээ 2008 онд гаргаж Сүхбаатар дүүргийн газрын албанд хүргүүлсэн. Өргөдлийн хариу авахаар Сүхбаатар дүүргийн зохих албадуудаар олон удаа явсан боловч тухайн үед дүүргийн Засаг дарга н.А******* газрын албаны дарга Ё.Эд цохож өгсөн гэдэг, харин Ё.Э дарга нь надад ирээгүй гэдэг. Ингээд миний өргөдөл хаана, хэн дээр алга болсон эсвэл санаатай устгасан зэрэг нь тогтоогдохгүй өдий хүрсэн. Мөрдөн байцаагч Э.Ж нь миний газар эзэмшихийг хүссэн өргөдөл Сүхбаатар дүүргийн газрын албаны архивт байгаа эсэхийг шалгаж тодруулсан боловч олдоогүй гэдэг юм. Нийслэлийн газрын албаны дэд дарга н.Б*******ийн дэмжлэг тусламжтайгаар Сүхбаатар дүүргийн газрын албаны ажилтан н.Н******* нь тус дүүргийн газрын ажилладаг байр суур, мэдээлэлд ойр зэрэг давуу байдлаа ашиглан өөрийн хамаатан болох З.Д, Г.З, С.Э, Н.Б нарт Сүхбаатар дүүргийн Засаг даргын газар эзэмшүүлэх захирамжийг  2009 онд гаргуулж авсан тухай хавтас хэрэгт дурьджээ. Уг захирамжинд байршил тодорхойлсон кадастрын зураг огт байдаггүйд гол зөрчил байгаа юм. Иргэн М.Б миний эрх ашиг хаана яаж зөрчигдсөн, зохигч талуудын хэн нь буруутайг олж тогтооход дараах баримтуудыг нягтлан шалгаж үнэн бодитой дүгнэлт хийх боломжтой юм. Тухайлбал: 

Баримт 1: Дүүргийн газрын алба нь иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших хүсэлтийн дагуу байршил тодорхойлсон кадастрийн зургийг газрын мэдээллийн санд оруулах үүрэгтэй. Кадастрын зураг нь мэдээллийн санд орж баталгаажсаны дараа иргэн, аж ахуй нэгжид газар олгох захирамжийн төслөө дүүргийн Засаг даргад өргөн барьдаг ба түүнийгээ үндэслэж дүүргийн Засаг дарга нь захирамж, шийдвэр гаргадаг. Иргэн З.Д, Г.З, С.Э, Н.Б нарт газар олгосон Сүхбаатар дүүргийн даргын 2009 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 2******* дугаар захирамж нь газар олголтын дээрх процессийн дэс дарааллыг зөрчсөн байдаг дээрх 4 иргэнд газар олгосон Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 2******* дугаар тоот захирамжид байршил тодорхойлсон кадастрын зураг огт байдаггүй юм.

Баримт 2: З.Д, Г.З, С.Э, Н.Б нар нь 2009 онд гаргасан захирамжийн дагуу газар эзэмших гэрээ, гэрчилгээ авалгүй 4-5 жил гаруй хугацааг өнгөрүүлсэн. Миний “Т” ХХК-иар 2007 онд зуруулсан 10 айлын кадастрын зураг газрын албаны мэдээллийн санд 2012 онд орсоны дараа уг зургийг ашиглаж З.Д, Г.З, С.Э, Н.Б нар нь 2013 онд газар эзэмших эрх болон түүнтэй холбогдох бичиг баримтуудыг С.Д гэдэг хүний нэр дээр шилжүүлэн худалдсан байна. Дээрх 4 иргэнээс С.Д гэдэг хүний нэр дээр шилжүүлэн худалдсан газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ кадастрын зургаас үзэхэд 2007 онд “Т” ХХК-иар иргэн М.Бийн хүсэлтээр зуруулж авсан 10 айлийн кадастрын зургийг эх үндэс болгон ашиглаж өгсөн байдаг. 

Баримт 3: Миний бие дээрх 10 айлын газрыг 2003-2004 онд хашаа тойруулан барьсан. Энэ тухай ойр хавийн оршин суугчид гэрчилнэ. Тухайн газарт манайх 2000 онд анх буусан ба одоог хүртэл тэндээ өөрийн ээж болон компанийн ажилчдын хамт амьдарч байна. 

Баримт 4: Манайхыг анх тэнд бууж хашаа тойруулан барьсанаас хойш энэ миний газар гэж ямар ч иргэн, аж ахуй нэгжийн төлөлөл надтай ирж уулзаагүй. Тухайлбал З.Д, Г.З, С.Э, Н.Б нар нь өөрийн эзэмшил газартаа нэг ч удаа очиж үзээгүй ба хаана байдгийг ч мэдэхгүй байсан нь мөрдөн байцаалтын явцад илэрч энэ тухай хавтаст хэрэгт авагдсан байдаг. 

Баримт 5: З.Д, Г.З, С.Э, Н.Б нар нь өөрийн эзэмшил гэх дээрх газартаа өнөөдрийг хүртэл ямар ч хөрөнгө оруулалт хийгээгүй ба хашааны нэг ч ширхэг шон босгоогүй . 2003-2004 онд миний анх тойруулан барьсан хашаа анхны барьж суулгасан тэр л хэвээрээ байгаа юм. 

Дээрх 4 иргэний газар эзэмших эрхийг миний бие хааж боогдуулсан зүйл байхгүй. Хаана ч газар авах эрх нь нээлттэй байгаа. Одоо ч газрыг иргэдэд 1 удаа үнэгүй эзэмшүүлж хувьчлах, цахим бүртгэл байнга явагдаж байна. 2007 оноос хойш миний авахаар хөөцөлдөж байсан хашаа тойруулан барьсан газрыг мэдээлэлд ойр, газрын албанд ажилладаг байр суурь, Нийслэлийн газрын албаны дэд дарга н.Б*******ийн нөмөр нөөлгөөр хүч түриймгийлэн дайрч авсанд миний бие гомдолтой байна. Сүхбаатар дүүргийн газрын албаны холбогдох албан тушаалтан нэр бүхий 4 иргэнд хууль бусаар газар олгосон шийдвэр нь албан тушаалаа урвуулан ашиглаж үйлдэгдсэн хэмээн үзэж авилгалтай тэмцэх газарт гомдол гаргасан. Иргэн М.Б миний бие Монгол улсын ерөнхий прокурорын туслах, мөрдөн шалгах ажиллагаанд тавих хяналт хариуцсан хэлтсийн дарга Ё.Сагсайд хандаж 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гомдол гаргасан. Уг гомдлыг барагдуулсан шийдвэр буюу улсын ерөнхий прокурорын туслах, мөрдөн шалгах ажиллагаанд тавих хяналт хариуцсан хэлтсийн дарга Ё.Сагсайгийн 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн №5/1848 тоот хариу мэдэгдэх хуудасны тайлбараас үзэхэд “Та Сүхбаатар дүүргийн газрын албаны холбогдох албан тушаалтан нэр бүхий 4 иргэнд хууль бусаар газар олгосон шийдвэрийн талаарх гомдлоо захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлнэ үү” гэжээ. Авилгатай тэмцэх газраас шалгасан эрүүгийн 2014250000275 дугаартай хавтаст хэргийг надад үзүүлж танилцуулаагүй ба ямар мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулсан нь тодорхойгүй үлдсэн юм. 

Иймд З.Д, Г.З, С.Э, Н.Б зэрэг 4 иргэнд хууль бусаар олгосон Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 2******* тоот захирамж мөн дээрх 4 иргэнээс газар эзэмших эрхийн гэрээ гэрчилгээг С.Дад шилжүүлсэн шийдвэр болон холбогдох бичиг баримтуудыг тус тус хүчингүй болгож өгөхийг хүсье” гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Иргэн М.Б миний бие тус шүүхэд ирүүлсэн хариуцагч болох Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015.11.04-ний өдрийн №1/3245 тоотоор хүргүүлсэн хариу тайлбар түүний хавсралт нотлох баримт /116 хуудас/ зэргийг нягтлан үзэхэд З.Д, Г.З, С.Э, Н.Б, С.Д нарт хамаарах нотлох баримтууд нь он сар өдрийн хувьд хоорондоо зөрчилтэй, нэрний хувьд зөрүүтэй байгаа нь зөрүүтэй байгаа нь дээрх иргэдийн газар эзэмших эрхийн бичиг баримтуудыг газрын тухай хууль журмыг зөрчиж бүрдүүлэн олгожээ гэдэг нь олон зүйл дээр нотлогдож байна. 

1. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009.08.12-ны өдрийн 2******* тоот захирамжаар З.Д , Г.З нарт олгосон газрын бичиг баримтыг үзэхэд

Г.Зын хувьд: гэрчилгээний огноо 2012.08.03 /93 тал/ , гэрээний огноо 2012.03.31 /95 тал/, Кадастрын зургийн огноо 2012.09.******* /97 тал/ , 

Доржүрэнгийн хувьд: гэрчилгээний огноо 2010.04.15 /107 тал/ , гэрээний огноо 2010.04.15 /106 тал/, Кадастрын зургийн огноо 2012.09.******* /109 тал/  

Д, З нарын  дээрх кадастрын зургийн огноогоос харахад Сүхбаатар дүүргийн  Засаг даргын 2012.09.20-ны өдрийн 331 тоот захирамж гарахаас 3 хоногийн өмнө үйлдэгдсэн болох нь харагдаж байна. Б,  Э нарын хувьд газар эзэмших эрхээ шилжүүлсэн бичиг баримт огт байдаггүй.

2. Дээрх 4 иргэнээс Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2012.09.20-ны өдрийн 331 тоотын хавсралтанд /81 тал/ Д руу биш Дөрмандах гэдэг хүнд шилжүүлсэн нь харагддаг. Д, Дөрмандах 2 нь угтаа хоёр өөр хүний нэр юм. 

3. Дээрх 4 иргэнээс Сүхбаатар дүүргийн Газрын албанд өгсөн өргөдөл хүсэлтийг кадастрын зургийг геодези зургийн тусгай зөвшөөрөлтэй ямар компаниар хэн хэдэн онд зуруулсан түүнийг Сүхбаатар дүүргийн Газрын албанаас хэн хүлээн авсан, газрын мэдээллийн санд хэн оруулж баталгаажуулсан зэрэг нэр, хаяг, огноо, гудамж хашааны дугаар байхгүй байна. 

4. Засаг даргын захирамж гарсанаас хойш 2,5-3 жилийн дараа араас нь нөхөж бичиг баримтыг бүрдүүлсэн байна. Мөн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009.08.12 өдрийн 2******* тоот, 2012.09.20 өдрийн 331 тоот захирамж гарах бүрд кадастрын зураг хувиран өөрчлөгддөг байж таарахгүй.

5.  Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009.08.12 өдрийн 2******* тоот захирамжаар З.Д, Б, С.Э, Г.З нарт мөн Засаг даргын 2012.09.20 өдрийн 331 тоот захирамжаар дээрх нэр бүхий иргэдээс С.Дад шилжүүлсэнээс хойш 3,5-6,5 жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд дээрх иргэдээс өөрийн эзэмшил газар дээрээ ямар ч хөрөнгө оруулалт хийгээгүй ба зориулалтын дагуу ашиглаагүй юм. Энэ нь Газрын тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.6 “Хүндэтгэн үзэн шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил  дараалан ашиглаагүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гэсэн хуулийн заалтыг санаатай зөрчсөн гэж үзэж байна.

Иймд иргэн М.Б миний бие Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009.08.12 өдрийн 2******* тоот, 2012.09.20 өдрийн 331 тоот захирамжуудын дээрх иргэдэд  хамаарах заалтыг хүчингүй болгож, газар эзэмших эрхийн гэрчилгээг иргэн М.Бийн нэр дээр болгон өөрчлөн захирамж гаргахыг хариуцагчид даалгаж, мөн Газрын тухай хууль журам болон тухайлбал Газрын тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.6 заалтыг хэрэгжүүлэхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгасугай хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна” гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн бичгийн хариу тайлбартаа: “Иргэн  М.Бийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 2******* дугаар захирамжаар З.Д, Н.Б, С.Э, Г.З нарт, мөн Засаг даргын 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 331 дүгээр захирамжаар дээрх нэр бүхий иргэдээс С.Дад эрх шилжүүлсэн тус тус холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна

Үүнд: Иргэн З.Д, Н.Б, С.Э, Г.З нар нь дүүргийн Өмч, газрын харилцааны албанд 2009 оны 06 дугаар сарын 05-ны өдөр тус дүүргийн 20 дугаар хороо, Бэлхийн зусланд газар эзэмших тухай хүсэлтээ гаргасны дагуу дүүргийн Засаг даргын 2009 оны 2******* дугаар захирамжаар маргаан бүхий газрыг тус бүр 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн бөгөөд дүүргийн Засаг даргын 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 331 дүгээр захирамжаар нэр бүхий 4 иргэн нь С.Дад хуульд заасан журмын дагуу эрх шилжүүлсэн.

Нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтийг 2008 онд Өмч, газрын харилцааны газарт өгсөн гэдэг боловч холбогдох баримт нь архивын сан хөмрөгт хадгалагдаагүй байна.

Монгол улсын Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт иргэн хувийн болон гэр бүлийн зориулалтаар газар эзэмших бол 0.07 га хүртэлх газрыг үнэ төлбөргүйгээр эзэмшүүлэх талаар заасан. Гэтэл нэхэмжлэгч М.Б нь одоо маргаад байгаа тэрхүү газрын тодорхой хэсэг буюу дүүргийн Засаг даргын 2001 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 165 дугаар захирамжаар 500 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн бөгөөд 2011 оны 166 дугаар захирамжаар нэгж талбарын 18******* дугаартай газрын хугацааг сунгасан.

Иймд дүүргийн Засаг даргын захирамж 2*******, 331 дүгээр захирамж нь бусдын эрх ашгийг зөрчөөгүй, хуульд заасны дагуу эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан захирамж тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд С.Дын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа:  “Тус шүүхэд хянагдаж буй М.Бийн нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс доорхи тайлбарыг гаргаж байна. 

1. Нэхэмжлэгч М.Б нь 500 м2 газар эзэмших эрхтэй бөгөөд энэхүү газар эзэмших эрхээ 2011 онд сунгуулж байсан болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар тодорхой харагдаж байна.

2. Нэр бүхий 4 иргэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын  2009 оны 2******* тоот захирамжаар газар эзэмших эрх олж авсан байх бөгөөд энэ нь нэхэмжлэгч М.Бийн эзэмшиж буй 18******* тоот нэгж талбартай  газарт ямар нэгэн давхцалгүй байх тул түүний эзэмших эрхийг нь зөрчөөгүй гэж үзэж байна.

3. Нэр бүхий иргэд болох З.Д, Н.Б, С.Э, Г.З нар нь хуульд заасан журмыг хангаж газар эзэмших эрхтэй болсон байх тул хуульд нийцүүлж, газар эзэмших эрхээ шилжүүлэх хүсэлт гаргаж 2012.09.20-ны өдөр 331 тоот захирамжаар иргэн С.Д  нь газар эзэмших эрх олж байх бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн эрхийг хөндөөгүй болно” гэжээ.

Гуравдагч этгээд З.Д, Н.Б нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа:  “Тус шүүхэд хянагдаж буй М.Бийн нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох  захиргааны хэрэгт иргэн Заяа овогтой Д, иргэн Нагваан овогтой Б нарыг 2015.11.09-ны өдрийн 8412 тоот шүүгчийн захирамжаар гуравдагч этгээдээр татсан байна. 

Нэхэмжлэлийн шаардлагад Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009.08.12-ны өдрийн 2******* тоот захирамжийн иргэн З.Д, Н.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж дурдсан байна. 2012 онд Д руу шилжүүлж эзэмшүүлсэн учир тухайн газар бидэнд хамааралгүй болсон болно. 

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22-р зүйлд заасны дагуу эрх, хууль ёсны  ашиг сонирхол хөндөгдөхгүй, цаашид бид тухайн хэргийн шүүх хуралдаанд биеэр оролцох шаардлагагүй тул бид бүхнийг оролцуулахгүй шүүх хуралдааныг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Г.З, С.Э нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа:  “Тус шүүхэд хянагдаж байгаа М.Бийн нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт иргэн Ганболд овогтой З, иргэн Сүхболд овогтой Э  нарыг 2015 оны 11 сарын 9-ний өдрийн 8412 тоот шүүгчийн захирамжаар гуравдагч этгээдээр татсан байна.

Нэхэмжлэлийн шаардлагад Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009.08.12-ны өдрийн 2******* тоот захирамжийн иргэн Г.З, С.Э нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж дурдсан байна. 2012 онд Д руу шилжүүлж эзэмшүүлсэн учир тухайн газар бидэнд хамааралгүй болсон болно.

2012 онд Д руу шилжүүлж эзэмшүүлсэн учир тухайн газар бидэнд хамааралгүй болсон болно.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22-р зүйлд заасны дагуу эрх, хууль ёсны  ашиг сонирхол хөндөгдөхгүй, цаашид бид тухайн хэргийн шүүх хуралдаанд биеэр оролцох шаардлагагүй тул бид бүхнийг оролцуулахгүй шүүх хуралдааныг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ:  “...шүүх хурлыг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, хариу тайлбарын хүрээнд шийдвэрлэж өгнө үү. Шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжиж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Бийн нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 2******* дугаар, 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 331 дүгээр захирамжуудын иргэн З.Д, Г.З, С.Э, Н.Б, С.Д нарт холбогдох заалтыг хүчингүй болгож, газар эзэмших эрхийн гэрчилгээг иргэн М.Бийн нэр дээр болгон өөрчлөн захирамж гаргах болон Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг хэрэгжүүлэхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргад тус тус даалгах” нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, шүүх хуралдаанаараа хянан хэлэлцэж шийдвэрээ гаргалаа.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын улмаас иргэн С.Д, З.Д, Н.Б, Г.З, С.Э нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулсан.

Захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд  З.Д, Н.Б, Г.З, С.Э нар нь маргаан бүхий захиргааны актаар эзэмших эрх үүссэн газар нь С.Дад шилжсэн тул тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй талаар шүүхэд бичгээр тайлбар  гаргасан болно.

Шүүх М.Бийн нэхэмжлэлийн шаардлага, хэрэгт цугларсан нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд бичгээр болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарыг хянан хэлэлцээд уг маргаанд хамаарал бүхий хуулийн зохицуулалтыг тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан  загварын дагуу гаргана” , 32.2-т “Иргэн энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараахь зүйлийг тусгана” гэж заасан шаардлагыг хангаж гуравдагч этгээд З.Д, Н.Б, Г.З, С.Э нар нь газар эзэмших хүсэлтээ шаардлагатай баримтуудын хамт Сүхбаатар дүүргийн газрын албанд хүргүүлсэн нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна. Тухайлбал,  З.Д, Н.Б, Г.З, С.Э нарын 2009 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн газрын албанд гаргасан өргөдөл, иргэний үнэмлэхний хуулбар, нэгж талбарын 18649323584057,18649323610048, 18649323622043,18649323597052 дугаар бүхий кадастрын зураг,  Сүхбаатар дүүргийн Газрын албаны бүртгэл-хяналтын карт зэрэг .

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасан өөрийн эрх мэдлийн хүрээнд 2009 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 2******* дугаар  захирамжаараа дээрх иргэдэд зуслангийн зориулалтаар тус бүр 700 м.кв газрын 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэх шийдвэр гаргаж, газар эзэмших эрхийн гэрчилгээг  тус тус олгожээ. 

2012 оны 09 дүгээр сарын *******-ны өдөр  З.Д, Н.Б, Г.З, С.Э нар нь С.Дтай “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” байгуулж дээрх өөрсдийн эзэмшил газруудыг шилжүүлэхээр тохирчээ. Улмаар эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд зохих журмын дагуу гаргасны дагуу Сүхбаатар дүүргийн Засаг дарга 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 331 дүгээр  захирамжаараа С.Дөлмөндахад шилжсэнийг баталгаажуулжээ. Хариуцагчийн энэхүү С.Дад газар шилжүүлсэн шийдвэр нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана”,              38.2-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана” гэж заасан газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэхэд тавигдах хуулийн шаардлагыг бүрэн хангасан байна. 

Нэхэмжлэгч М.Бийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар тус бүр дээр шүүхээс дараах хууль зүйн дүгнэлт хийлээ. 

Нэг. М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “гуравдагч этгээдүүдийн хооронд газар шилжүүлэх гэрээ хийгдэж, хүсэлт гаргасны дараа 3 хоногт газар шилжүүлэх захирамж гарч байгаа нь эргэлзээтэй” гэсэн. 

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга З.Д, Н.Б, Г.З, С.Э нараас С.Дтай эрхийн гэрчилгээ шилжүүлэх хүсэлтийг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсгээр тогтоосон хугацаа буюу хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор шийдвэрлэж байгааг буруутгах боломжгүй юм.

 Хоёр.“Иргэн М.Б миний бие СБДүүрэг 20-р хороо Бэлх хадатын аманд 10 айлын кадастрын зургийг 2007.05.10 өдөр “Т” ХХК-иар гүйцэтгүүлж гаргуулсан”, “Тухайн газарт манайх 2000 онд анх буусан ба одоог хүртэл тэндээ өөрийн ээж болон компанийн ажилчдын хамт амьдарч байна” гэж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дурдсан. 

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрын энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгооор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасныг нэхэмжлэгч зөрчиж, хууль бусаар маргаан бүхий газарт эзэмшил үүсгэсэн бөгөөд нэгж талбарын кадастрын зураг үйлдсэнээр эзэмших эрх үүсэх ёстой гэх мэтгэлцээн үндэслэлгүй байна. Нөгөөтэйгүүр шүүхээс хийсэн үзлэгээр маргаан бүхий газарт М.Бийн ямар нэгэн  барилга, байшин баригдаагүй байсныг дурдах нь зүйтэй юм. 

Гурав. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ “миний бие 10 айлын газрыг эзэмших тухай хүсэлтээ 2008 онд Сүхбаатар дүүргийн газрын албанд зохих материалуудыг бүрдүүлэн гаргасан” гэх боловч энэхүү хүсэлт гаргаж байсан үйл баримт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлогдоогүй болно. Нэхэмжлэгч нь шүүх хуралдаан дээр иргэн Х.У*******, Ц.Б*******, Д.Г*******, Э.А******* нарын нэрийн өмнөөс газар эзэмших хүсэлт гаргаж байсан гэж зөрүүтэй тайлбар хийж байсан тул түүнийг Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан  загварын дагуу гаргана” гэх хуулийн шаардлагын дагуу газар эзэмшихээр хүсэлт гаргасан гэж үзэх боломжгүй байна.

Дөрөв. М.Б нь “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг хэрэгжүүлэхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгах” гэж шүүхэд гаргасан нэг нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. 

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан  ашиглаагүй” гэх хуулийн зохицуулалт нь захиргаанаас хэрэгжүүлэх бүрэн эрх юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлээр гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийг  цуцлах үндэслэл болохгүй бөгөөд хэрвээ гуравдагч этгээдүүд 2 жил дараалан эзэмшил газраа ашиглаагүй үйл баримт байгаа бол энэхүү байдал нь нэхэмжлэгчид хамааралгүй,  үүний улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн гэж үзэх боломжгүй болно.

Тав. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ “Дүүргийн газрын алба нь иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших хүсэлтийн дагуу байршил тодорхойлсон кадастрын зургийг газрын мэдээллийн санд оруулах үүрэгтэй. Кадастрын зураг нь мэдээллийн санд орж баталгаажсаны дараа иргэн, аж ахуй нэгжид газар олгох захирамжийн төслөө дүүргийн Засаг даргад өргөн барьдаг ба түүнийгээ үндэслэж дүүргийн Засаг дарга нь захирамж, шийдвэр гаргадаг” гэж дурдсан.

Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “Сумын газрын даамал, дүүргийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна”,  23.4.3-т “эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх” мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж заажээ. Тодруулбал иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар Засаг даргын шийдвэрийг үндэслэн тухайн дүүргийн газрын алба газрын кадастрт зохих бүртгэлийг хийдэг тул нэхэмжлэгчийн дээрх мэтгэлцээн үндэслэлгүй байна.

   Дүгнэхэд, нэхэмжлэгч М.Бэд маргаан бүхий газрыг эзэмших эрх үүсээгүй, энэ талаар захиргаанаас ямар нэгэн шийдвэр гараагүй, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 2******* дугаар, 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 331 дүгээр захирамжуудаар гуравдагч этгээдүүдэд газар эзэмшүүлсэн болон шилжүүлсэн шийдвэрүүд нь хууль бус гэж үзэх үндэслэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 33 дугаар зүйлийн 33.1.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан иргэн М.Бийн “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 2******* дугаар, 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 331 дүгээр захирамжуудын иргэн З.Д, Г.З, С.Э, Н.Б, С.Д нарт холбогдох заалтыг хүчингүй болгож, газар эзэмших эрхийн гэрчилгээг иргэн М.Бийн нэр дээр болгон өөрчлөн захирамж гаргах болон Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг хэрэгжүүлэхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргад тус тус даалгах” шаардлага бүхий Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       С.ТӨМӨРБАТ