Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2018/0157

 

Б.П-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

                         

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ү нарыг оролцуулан хийж, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 111/ШШ2018/0001 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У-ийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.П-ийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 111/ШШ2018/0001 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар:  Боловсролын тухай хуулийн  30 дугаар зүйлийн 30.1.15, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Хөдөлмөрийн тухай хуулийн  38 дугаар зүйлийн 38.1.2 дахь хэсэгт зааснаар Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн “Б.П-г ажлаас чөлөөлөх тухай” Б/202 дугаар, 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн “Э.Т-г албан тушаал шилжүүлэн томилох тухай” Б/607 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож, Б.П-г урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож,

2 дахь заалтаар: Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, Б.П-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгаж,

3. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.П-ийн ажилгүй байсан 9 /есөн/ cap 19 /арван ес/ хоногийн цалин 6459303 /зургаан сая дөрвөн зуун тавин есөн мянга гурван зуун гурван/ төгрөгийг хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж, нэхэмжлэгч Б.П-д олгож,

4. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасныг баримтлан “хууль бус захирамжаас болж учирсан гэм хор болох эрүүл мэндийн байдал хүндэрч эмчилгээ, мэс засал хийлгэсэн зардал, хууль зүйн туслалцаа авсан зардал нийт 3.000.000 төгрөгийг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У давж заалдах гомдолдоо: “...1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-т “нотлох баримт цуглуулах зайлшгүй шаардлагатай, эсхүл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй нь шүүх хуралдаанаас өмнө тогтоогдсон тохиолдолд уг нөхцөлийг шүүх хуралдаанаар хэлэлцэхгүйгээр товлосон хуралдааныг 14 хүртэлх хоногоор хойшлуулж болно” гэж заасан байдаг бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.У миний бие 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр болох тус шүүх хурлыг хойшлуулах тухай хүсэлт гаргахдаа цаашид эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэсний дагуу эмнэлэгт хэвтэн эмчлүүлнэ гэдгээ хэлж 2017 оны 12 дугаар сарын 25-ний өдөр хэвтэн эмчлүүлж, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр эмнэлгээс гарсан.

 Эмнэлэгт хэвтсэн тухайгаа Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн туслахад мэдэгдсэн. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа итгэмжлэгдсэн төлөөлөгчийг солих боломжгүй байсан бөгөөд энэ үед аймгийн Засаг дарга Улаанбаатар хотод ажиллаж байсан.

 Дээрх хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралд оролцох боломжгүй байсан. Гэвч шүүх миний шүүх хуралд оролцох эрхийг хангаагүй шүүх хурлыг хийсэнд гомдолтой байна.

2. Б.П нь 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа удаа дараа зөрчил гаргасан нь аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн ажлын хэлтсийн дүгнэлтээр тогтоогдсон байдаг.

Б.П-ийн талаар төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн 70440001 дугаар утсанд ирсэн иргэдийн гомдол, аймгийн Засаг дарга Г.Б-д 11 дүгээр цэцэрлэгийн хамт олны өргөдөл зэрэгтэй холбогдуулан гомдолд дурдсан асуудлыг шалгах ажлын хэсгийг аймгийн Засаг даргын 2017 оны А/171 дүгээр захирамжаар томилсон ажлын хэсгийн дүгнэлтээр Б.П-г хамт олноо дарамталдаг, ажлын байрны дарамт шахалт үзүүлдэг, өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн, өөрийн үйл ажиллагааны талаар шүүмжилсэн ажилчдыг ганцаарчлан дуудаж хэл амаар доромжилдог, ажил дүгнэхдээ өөрийгөө дэмждэг хүмүүсийг хувь ахиулан урамшуулж, ялгаварладаг, шинээр ажилд орж байгаа хүн, шинээр цэцэрлэгт орсон хүүхдийн ар гэрээс мөнгө авдаг гэх мэт ихээхэн зөрчил гаргаж байсан нь тогтоогдсон.

Иргэн Б-ийг анх ажилд авахдаа 800,000/найман зуун мянга/ төгрөг авсан нь тогтоогдсон прокурорын мэдэгдлээс харахад Б-ийг ямар нэгэн шалтгаангүйгээр олон удаа ажилд авч, ажлаас халж дураараа авирлаж байсан нь хэргийн материалд авагдсан нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд Б ажлын хэсэгт өгсөн тайлбартаа уг 800,000/найман зуун мянга/ төгрөгийг ажилд орохын тулд өгсөн гэдгээ ч хэлдэг. Мөн эцэг эхчүүдээс тэгшитгэж мөнгө хураасан байдаг.

Өөрийн цэцэрлэгийн ажилчдаас хуримтлал нэрээр сар бүр 35,000-40,000 төгрөгийг хурааж, эдийн засгийн дарамт үзүүлж байсан зэрэг албан тушаалтны ёс зүйг зөрчсөн нь хэргийн материалд авагдсан нотлох баримтаар тогтоогдсон.

Аймгийн Боловсрол, соёл, урлагын газрын даргатай байгуулсан үр дүнгийн гэрээ хэдийгээр “B” үнэлэгдсэн боловч албан тушаалын байдлаараа давамгай байдал үүсгэн албан хаагчдад ажлын байрны дарамт учруулсан, ажилчдыг ялгаварлан гадуурхаж өөрийн хувийн машинаа угаалгах, ач зээгээ харуулах, тусгай хоол унд хийлгэж идэх болон хамт олныг баг болгож ажиллах биш хагалан бутаргах уур амьсгалыг төрүүлж байсан зэрэг албан тушаалтанд байж боломжгүй зохисгүй үйлдэл гэж үзэж байна.

Дээрх ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж үзэж Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/202 дугаар захирамжаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Иймд Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн материалд авагдсан бодит нөхцөл байдалд дүгнэлт хийлгүй ажлын байрны дарамтад байгаа ажилчдын эрх ашгийг хохироосон шийдвэр гэж үзэж байгаа тул Баянхонгор аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 111/ШШ2018/0001 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У давж заалдах гомдолдоо “...хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй байхад оролцогч миний шүүх хуралд оролцох эрхийг хангаагүй шүүх хуралдааныг хийсэн” гэсэн байх тул давж заалдах шатны шүүх түүнийг “хэрэг хянан хэлэлцэх үед хуульд заасан тодорхой эрхийг эдлүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн” гэсэн агуулга бүхий гомдол гаргасан гэж үзэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээв.

Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбар зэргээс үзэхэд Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/202 дүгээр захирамжаар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Б.П-г үүрэгт ажлаас чөлөөлж, 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/607 дугаар захирамжаар Э.Т-г тус цэцэрлэгийн эрхлэгчээр шилжүүлэн томилсон нь Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д заасныг зөрчсөн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, маргаан бүхий актаас учирсан хохирол, хууль зүйн туслалцаа авсан зардал гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д цэцэрлэгийн эрхлэгчийг ажилд томилж, чөлөөлөхдөө үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөхөөр зохицуулжээ.

Гэтэл маргаан бүхий Б/202 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө тухайн асуудлыг нарийвчилсан зохицуулсан Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг баримтлаагүй, Баянхонгор аймгийн Боловсрол, соёлын газраас санал аваагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Иймд анхан шатны шүүхийн “...Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д заасныг зөрчсөн” гэх дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Түүнчлэн маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” шаардлагад нийцээгүй, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө  мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4-д заасан шийдвэр гаргахад хамаарах бодит нөхцөл байдлыг шалгаж тогтоох үүргээ хариуцагч хэрэгжүүлээгүй бөгөөд тус захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд “хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй байхад оролцогч миний шүүх хуралд оролцох эрхийг хангаагүй шүүх хуралдааныг хийсэн” гэх гомдол үндэслэлгүй байна.

Тодруулбал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У-ийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гаргасан анхан шатны шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт, түүнд хавсаргасан эмнэлгийн магадлагаанд “....өвчтэй байсан,...2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ажлаас чөлөөлснийг магадлав” гэжээ. Иймд анхан шатны шүүх уг хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулж, өвчтэй байсан хугацаа дууссан өдөр буюу 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 17 цаг 00 минутад шүүх хуралдааныг товлож, шүүхийн мэдэгдэх хуудсыг ажлын хаягаар хүргүүлэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “өвчтэй, ажилдаа ирээгүй” гэсэн тул хурлын товыг утсаар мэдэгдэн энэ тухай тэмдэглэл үйлдсэн байна.

Хэрвээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд биечлэн оролцох шаардлагатай гэж үзсэн бол уг шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлтээ холбогдох баримтыг хамт шүүхэд ирүүлэх ёстой.

Мөн хариуцагчаас анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч “...бодит нөхцөл байдалд дүгнэлт хийлгүй ажлын байрны дарамтад байгаа ажилчдын эрх ашгийг хохироосон, нэхэмжлэгч удаа дараа зөрчил гаргасан нь аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон” гээд нэхэмжлэгчийн гаргасан зөрчлүүдийг дурджээ. Үүнийг анхан шатны шүүх үгүйсгээгүй бөгөөд “...хариуцагч захиргааны акт гаргахдаа хамт олноо дарамталдаг, албан тушаалтын ёс зүйг зөрчсөн гэдэгт дүгнэлт хийж, холбогдох хуулийн зүйл, заалтыг баримтлаагүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна. Б.П-ийн гаргасан дээрх үйлдлүүдийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 188, 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн “Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай” 13 дугаар тогтоол тус тус гарчээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Мөн хариуцагч талаас давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн “2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай” хүсэлт нь шүүх хуралдаан эхэлсний дараа ирсэн бөгөөд уг хүсэлтэд холбогдох баримтаа хавсарган ирүүлээгүй байгааг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 111/ШШ2018/0001 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Д.БАТБААТАР

                               ШҮҮГЧ                                                                    Э.ЛХАГВАСҮРЭН

                               ШҮҮГЧ                                                                    Э.ЗОРИГТБААТАР