2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 191/ШШ2025/00390

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 01 21 191/ШШ2025/00390

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ц.Г-ын нэхэмжлэлтэй,

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч *******,

гэрч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 1986 онд Төв аймгийн Баянцогт сумын 8 жилийн сургуулийг төгсөөд Цэцэрлэгийн багшийн техникумд элсэн орсон боловч төгсч чадаагүй учир Сарлагийн тасгийн цэцэрлэгт туслах багшаар ажилласан боловч цэцэрлэг татан буугдсан.

Ингээд Төв аймгийн Баянцогтын Сангийн аж ахуйн даргын 1987 оны 10 дугаар сарын 22-ны өдөр тушаалаар тугалчнаар ажилд орсон. Төв аймгийн Баянцогтын Сангийн аж ахуй 1997 онд татан буугдаж ажлаас чөлөөлөгдсөн.

Тухайн үед Баянцогтын Сангийн аж ахуй нь 3 тасагтай байснаас Сарлагийн толгой тасагт тугалчнаар, саальчин малчнаар ажиллах болсон . Надад хөдөлмөрийн дэвтэр огт өгч байгаагүй. Төв аймгийн Баянцогтын сангийн аж ахуйд ажиллаж байсан талаар баримтыг аймгийн төрийн архиваас шүүлгэж үзэхэд сангийн аж ахуйн даргын 1988-1990 оны тушаал, Ундраа хувьцаат компанийн баримт шилжиж ирээгүй гэсэн хариу өгсөн.

Тус Сангийн аж ахуйд ажиллаж байсан баримт архиваас гарч ирээгүй тул ажилласан хугацаанд тооцогдохгүйд хүрч өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон. Ажиллаж байсантай холбоотой Төв аймгийн Баянцогтын сангийн аж ахуйн дарга С.Дамдинсүрэнгийн 1987 оны 10 сарын 22-ны өдрийн Ажилд томилох ба чөлөөлөх тушаалаас өөр баримт байхгүй. Энд тэнд шүүлгэж үзэхэд баримт олдохгүй байна.

Тухайн тушаал дээр намайг тугалчнаар ажилд авсан байгаа боловч 1995 онд Нийгмийн даатгалын тухай хууль батлагдахад хүртэл миний нийгмийн даатгалын шимтгэл огт төлөгдөж байгаагүй. Төв аймгийн Баянцогтын сангийн аж ахуй нь Ундраа ХК болж байсан.

Иймд намайг 1987 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Төв аймгийн Баянцогт сумын сангийн аж ахуй, Сарлаг толгойн ферм, Ундраа компанид тугалчин, ажилчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

2. Гэрч ******* нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Миний бие нь Төв аймгийн Баянцогт сумын Сангийн аж ахуйн 2 дугаар багийн Сарлаг фермд 1988 оноос ферм татан буугдах 1997 онд хүртэл малын эмчээр ажиллаж байсан. Тухайн үед ******* нь тугалчин хийдэг, тэрээр норм, төлөвлөгөөг давуулан биелүүлдэг, тэргүүний сайн ажилчин байсан. Тухайн Сангийн аж ахуй 400 үнээний фермтэй байсан, 1990 оны хавьд татан буугдсан, хувьчлагдаад Ундраа ХК болсон, 1996 билүү 1997 онд ферм татан буугдаж байсан. Манай нөхөр Бадарчийн Ширзагд фермийн эрхлэгчээр ажиллаж байсан. 1997 онд үнээний ферм зарагдсан учир тарсан... гэв.

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримт болох :

3а.Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, *******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн байцаагчийн бичилт, Архивын ерөнхий газар, Үндэсний төв архивын тодорхойлолт, Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газрын тодорхойлолт, Төв аймгийн төрийн архивын тасгийн албан тоот, Төв аймгийн Баянцогтын сангийн аж ахуйн даргын 1987 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 242 тоот Ажилд томилох ба чөлөөлөх тухай тушаал, 1991 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 66 тоот Сангийн аж ахуй татан буугдсантай холбогдуулан ажилчин албан хаагчдын хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлөх тухай тушаал, уг тушаалын хавсралт, Б.Ширзагд, ******* нарын шүүхэд гаргасан тодорхойлолт, тэдний иргэний үнэмлэх болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Органик хүнс трейд ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2019 оны 06 сарын тайлан /хх 1-20/,

 

3б. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Нийгмийн даатгалын газрын газраас ирүүлсэн Сарлаг аж ахуйн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт, Төв аймгийн Баянцогт сумын Засаг даргын тамгын газрын 2024.11.22-ны өдрийн 02/157 тоот албан бичиг, Үндэсний төв архив болон Нийслэлийн архивын газраас ирүүлсэн лавлагаа, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн *******ийн иргэний улсын бүртгэлтэй холбоотой баримт, Төв аймгийн Төрийн архивын тасгаас ирүүлсэн 1987, 1991 оны ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай тушаал, *******гийн мэдүүлэг /хх 34-38, 43-59/ зэрэг баримтыг бүхэлд нь шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь 1987 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Төв аймгийн Баянцогт сумын сангийн аж ахуй, Сарлаг толгойн фермд тугалчнаар ажиллаж байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2. Тэрээр дээрх газарт ажиллаж байсан байдалтай холбоотой ажлаас чөлөөлөгдсөн тушаал холбогдох архивт хадгалагдаагүйгээс дээрх хугацаа нь ажилласан хугацаанд тооцогдохгүйд хүрсэн гэж нэхэмжлэлийнхээ шаардлагыг тодорхойлсон.

 

3. Үндэсний төв архивын болон Нийслэлийн архивын газрын сан хөмрөгт Төв аймгийн Баянцогт сумын Сангийн аж ахуйн Сарлаг толгойн ферм, Сангий аж ахуйн баримт баримт шилжиж ирээгүй, хадгалагддаггүй тул холбогдох лавлагаа гаргах боломжгүй гэх хариуг тус тус ирүүлсэн,

Төв аймгийн Төрийн архивын тасгаас, *******т олгож байсан цалингийн түүвэр, Төв аймгийн Баянцогт сумын Сангийн аж ахуйн даргын ажилд томилох ба ажлаас чөлөөлөх, Сангийн аж ахуй татан буугдсантай холбогдуулан ажилчин, албан хаагчдын хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлөх тухай тушаал, уг тушаалын хавсралтын хуулбар зэрэг баримтыг ирүүлсэн байна. /хх 41-42, 53-58/

 

4. Дээр дурдсан архивын тодорхойлолт, холбогдох баримтаас үзэхэд *******ийг ажлаас чөлөөлсөн тушаал холбогдох архивт хадгалагдаагүй гэж үзэх үндэслэлтэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-т:Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-т:Эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-т хүний ажиллаж байсан байдал гэж заасан.

 

6. Нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан баримт, гэрчийн мэдүүлэг зэрэг баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

7. Төв аймгийн Төрийн архивын тасгаас ирүүлсэн, Төв аймгийн Баянцогтын Сангийн аж ахуйн даргын 1991 оны 04 сарын 10-ны өдрийн 6 дугаар тушаалаар, БНМАУ-ын Засгийн Өмч хувьчлалын комиссын 1991 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 01 тоот тогтоолын дагуу Төв аймгийн Баянцогтын Сангийн аж ахуйг татан буулгасан,

Төв аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 310 дугаар тодорхойлтоор, Сарлаг аж ахуй нь 1991, Ундраа ХК нь 1992,1993,1994 онд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, шимтгэл төлөлтийн тайлангаа НД-16 маягтаар ирүүлж байсан болох нь тогтоогдож байна. /хх 36-37/

 

8. Төв аймгийн Баянцогтын Сангийн аж ахуйн даргын 1987 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Ажилд томилох ба чөлөөлөх тухай 242 дугаар тушаалын 1-т ...*******ийг мөн фермд саальчингаар 11-р сарын 1-ээс гэх,

-1991 оны 04 сарын 10-ны өдрийн Сангийн аж ахуй татан буугдсантай холбогдуулан ажилчин албан хаагчдын хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлөх тухай 66 дугаар тушаал, уг тушаалын хавсралт №2-ын ...100-т *******-Сарлаг ясли сахиул 1991-7-1 гэх,

-Баянцогт сумын Баянцогтын сангийн аж ахуйд малчин, нормчин,сахиул ажилтай *******ийн цалингийн түүвэрт 1988 оны 10 сар, нийт хоног 27, 1989 оны 1-3 сар, 5-6 сар, нийт хоног 107, 1990 оны 1-3 сар гэх,

 

-Гэрч Ц.Мядагмаагийн мэдүүлэг, түүний 153296 тоот хөдөлмөрийн дэвтэр дэх бичилт зэрэг баримтаар, нэхэмжлэгч *******ийн, 1987 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Төв аймгийн Баянцогт сумын Баянцогтын сангийн аж ахуй, Сарлаг аж ахуй, Ундраа ХК-д малчин нормчин, сахиулаар ажиллаж байсан байдал нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй. /хх 53-58/

 

9. Иймд Боржигон овогт ******* *******-ын 1987 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Төв аймгийн Баянцогт сумын Баянцогтын сангийн аж ахуй, Сарлаг аж ахуй, Ундраа ХК-д малчин нормчин, сахиулаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

 

10. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т Дараах хугацааг нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцно, 23.1.2-т ажилтны төр, хувийн өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага, хөдөө аж ахуйн нэгдэл, хоршоолол, шашны байгууллагад 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж, цалин хөлсний сангаас нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа гэж заасан.

 

10а. Үүнээс үзэхэд 1995 оноос хойших хугацаанд ажилласан байдлыг нийгмийн даатгалын шимтгэл төлсөн эсэхээс хамаарах тул нэхэмжлэгчийн 1995 оноос хойших ажилласан хугацааг шүүх сэргээн тогтоох үндэслэлгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

11. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж байх тул түүний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т заасныг баримтлан Боржигон овогт ******* *******-ийн, 1987 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Төв аймгийн Баянцогт сумын Баянцогтын сангийн аж ахуй, Сарлаг аж ахуй, Ундраа ХК-д малчин нормчин, сахиулаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ