2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 191/ШШ2025/00389

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 01 21 191/ШШ2025/00389

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Т.Б-ийн нэхэмжлэлтэй,

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 1972 оны 03 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 1980 онд Завхан аймгийн Идэр сумын бага сургуульд орж суралцаад 1988 онд 8 дугаар ангиа төгссөн. Сургуулиа төгсөөд илгээлтийн эзэн болж Завхан аймгийн Идэр сумын Шинэ цэцэрлэг нэгдлийн Загастай баг болон Дархан Уул багт малчин, саальчнаар малласан. Нэгдэлд хонь, ямаа, үнээ сааж байсан, бод бог нийлсэн мал малладаг байсан. Ингээд 1993 онд нэгдэл хувьчлагдах хүртэл ажилласан, хувьчлагдсанаас хойш нутагтаа 2007 он хүртэл мал малласан.

Нэгдэлд ажиллаж байсан талаарх баримтыг архиваас шүүлгэж үзэхэд ажиллаж байсан талаарх баримт гарч ирэхгүй байна. Ажиллаж байсантай холбоотой ХАА-н нэгдлийн гишүүний дэвтэр байх бөгөөд үүнээс өөр баримт байхгүй, архиваас олдохгүй байгаа бөгөөд *******,С.Раднаасүрэн, ******* нар хамт ажиллаж байсныг мэдүүлсэн. Үүнээс болоод өндөр насны тэтгэвэр тогтоолгоход ажилласан хугацаанд тооцогдох боломжгүйд хүрсэн.

2015 онд гадаад паспорт авах гэтэл Болормаа гэдэг нэртэй байна гэсэн, төрсний гэрчилгээнд ингэж бичигдээд бусад бүх бичиг баримт Байгальмаа гэдэг нэрээр олгогдсон.

Иймд ******* намайг 1988 оны 6 сараас 1993 оныг дуустал Завхан аймгийн Идэр сумын Шинэ цэцэрлэг нэгдэл, Шинэ цэцэрлэг компанид малчин, саальчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

 

2. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд болох :

2а.Нэхэмжлэгчээс ирүүлсэн: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Завхан аймгийн архивын тасгийн 2023.03.27-ны өдрийн тодорхойлолт, Баянзүрх дүүргийн 31 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, *******гийн иргэний үнэмлэхний хуулбар, Сум дундын 12 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 378 дугаар шийдвэр, гэрч *******, *******, С.Раднаасүрэн нарын тодорхойлолт, тэдний иргэний үнэмлэх болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Д.Байгальмаад 1988.06.15-ны өдөр нээж олгомон Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр /хх 1-17/,

3б. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Завхан аймгийн Архивын тасгийн 2024.07.02-ны өдрийн А/1168, 2024.12.17-ны өдрийн А/2328, Нийслэлийн архивын газрын 2024.07.01-ний өдрийн 01/746, Архивын ерөнхий газар Үндэсний төв архивын 2024.07.01-ний өдрийн 02/659 тоот лавлагаа, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн *******гийн улсын бүртгэлд бүртгэгдсэнтэй холбоотой баримтууд, Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Шинэ цэцэрлэг нэгдэл, Шинэ цэцэрлэг ХК-ийн хуулийн этгээдийн лавлагаа, Завхан аймгийн Идэр сумын Засаг даргын 2024.10.04-ний өдрийн 01/171 тоот лавлагаа, Цагдаагийн ерөнхий газар мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны 2024.12.16-ны өдрийн15б/4711 дүгээр албан бичиг, Завхан аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024.12.16-ны өдрийн 193 дугаар албан бичиг, *******,С.Раднаасүрэн, ******* нарын мэдүүлэг /хх 34-47,58-62, 76-81/ зэрэг баримтыг бүхэлд нь шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* нь Завхан аймгийн Идэр сумын Шинэ цэцэрлэг нэгдэл, Шинэ цэцэрлэг ХК-д 1988 оны 6 сараас 1993 оныг дуусталх хугацаанд малчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Тэрээр дээрх газарт ажиллаж байсан байдалтай холбоотой ажилд тоилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал холбогдох архивт хадгалагдаагүйгээс дээрх хугацаа нь ажилласан хугацаанд тооцогдохгүйд хүрсэн гэж нэхэмжлэлийнхээ шаардлагыг тодорхойлсон.

 

3. Үндэсний төв архив, Нийслэлийн архивын газрын сан хөмрөгт Завхан аймгийн Идэр сумын Шинэ цэцэрлэг нэгдлийн баримт шилжиж ирээгүй, хадгалагдаггүй болохыг, Завхан аймгийн болон архивын тасаг, мөн аймгийн Идэр сумын архивт Шинэ цэцэрлэг нэгдлийн баримт шилжин ирээгүй, 1985 онд галын аюулд өртсөн, 1985 оноос хойших баримт шилжин ирээгүй гэжээ. /хх 32-35, 46-47/

 

4. Дээр дурдсан архивын тодорхойлолт, холбогдох баримтаас үзэхэд *******г ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал холбогдох архивт хадгалагдаагүй гэж үзэх үндэслэлтэй.

 

5. Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн, БНМАУ-ын хүн амын регистрийн карт №088-т Түмэнжаргалын Болормаа гэж бүртгэгдсэн, овог нэр өөрчилснийг мэдэгдэх хуудас №447-т Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 87 дугаар захирамжаар ******* болгосныг бүртгэжээ. /хх 39-40/

6. Нэхэмжлэгч *******гийн, Завхан аймгийн Идэр сумын Шинэ цэцэрлэг нэгдэл, Шинэ цэцэрлэг ХК-д 1988 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд малчин, саальчнаар ажиллаж байсан байдал нь хэрэгт авагдсан дараах баримтаар тогтоогдож байна гэж үзэв.

7. Завхан аймгийн Идэр сумын Шинэ цэцэрлэг нэгдэл 1958 онд байгуулагдсан, 1991 онд татан буугдсан, Шинэ цэцэрлэг ХК нь 1991 оны 12 дугаар сарын 09-ний өдөр, 1996 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Шинэ цэцэрлэг ББХ нөхөрлөл болон улсын бүртгэлд бүртгэгдсэн,

Шинэ цэцэрлэг нэгдэл нь 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, Шинэ цэцэрлэг ХК нь 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Шимтгэл төлөлтийн тайлан НД-16-аар нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн дансанд төлж байсан болох нь Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 2024.10.03-ны өдрийн 527, Завхан аймгийн Идэр сумын Засаг даргын 2024.10.04-ний өдрийн 01/171, Завхан аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 193 тоот тодорхойлолт зэрэг баримтаар тус тус тогтоогдож байна. /хх 43-44, 46, 80/

 

8. *******д, Завхан аймгийн Идэр сумын Шинэ цэцэрлэг нэгдлээс 1988 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн эрхэлсэн ажил хэсгийн мэдээлэл 1-т нэгдлийн даргын 1988.06.01-ний өдрийн 28 тоот тушаалаар 1988.06.15. МАА-н Дархан-Уул бригадад малчин, саалчинаар, 2-т ШЦ ХК-ийн 1993.07.01-ний өдрийн 25 тоот тушаалаар 1993.06.30. НДШ-ийн багц хууль мөрдөгдөх болсонтой холбогдуулж бичилт хийв гэжээ.

 

8а.Үүнээс үзэхэд Завхан аймгийн Идэр сумын Шинэ цэцэрлэг нэгдэл нь 1958 онд байгуулагдсан, 1991 онд Шинэ цэцэрлэг ХК болсон, Шинэ цэцэрлэг нэгдэл нь 1991.01.01-ний өдрөөс 1991.12.31-ний өдрийг хүртэл, Шинэ цэцэрлэг ХК нь 1992.01.01-ний өдрөөс 1994.12.31-ний өдрийг дуустал нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн дансанд төлж байсан, ******* нь дээрх газарт ажиллаж байсан байдал нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй, түүнийг уг газарт ажиллаж байсныг *******,С.Раднаасүрэн, ******* нар гэрчлэн мэдүүлсэн.

9. Иймд нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан дээр дурдсан баримт, гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэн Буджан овогт ******* *******-ийн,Завхан аймгийн Идэр сумын Шинэ цэцэрлэг нэгдэл, Шинэ цэцэрлэг ХК-д 1988 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд малчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

10. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж байх тул түүний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т заасныг баримтлан Буджан овогт ******* *******-ийн,Завхан аймгийн Идэр сумын Шинэ цэцэрлэг нэгдэл, Шинэ цэцэрлэг ХК-д 1988 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд малчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ