2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 191/ШШ2025/00116

 

 

 

 

 

 

 

2025 01 14 191/ШШ2025/00116

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:Т ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нарантуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нарантуяа нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд :

******* нь Сонгинохайрхан дүүрэгт байрлалтай түрээслэгч иргэн Пүрэвжавын Хишигзултай ******* худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулж 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдар хүртэлх хугацаанд нийт 6,251,100 төгрөгийн дүн бүхий бараа бүтээгдэхүүнийг (хиам, махан бүтээгдэхүүн) зээлээр худалдсан.

Захиалгын дагуу бараа бүтээгдэхүүний төлбөрийг падаанаас падааны хооронд буюу бараа нийлүүлснээс хойш 14 хоногийн дотор өмнөх падааны төлбөрийг дансаар төлж барагдуулахаар хэлэлцэн тохирсон.

П.Хишигзул нь бараа бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр болох 2,106,800 төгрөгийг төлж барагдуулахгүй, лангуугаа гэнэт хаяж алга болсон бөгөөд 99691732 дугаарын утсаар нь холбогдоход холбогдох боломжгүй тухай хариу автомат хариулагчаас өгч байна.

Бид П.Хишигзулаас худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 2,106,800 (хоёр сая нэг зуун зургаан мянга найман зуу) төгрөгийг төлүүлэх тухай шаардлага гаргахаар түүний албан ёсны бүртгэлтэй хаяг болох Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 2.40-15 байр, 9 тоот хаягаар очсон боловч уг хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй, амьдардаггүй болохыг тус хорооны Засаг дарга тодорхойлж өгсөн.

Иймд П.Хишигзул хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй, түүний оршин суугаа хаяг тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

2.1. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгавар, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024.11.08-ны өдөр С.Нарантуяад олгосон итгэмжлэл, авлагын дэлгэрэнгүй тайлан /хх 1-8/,

2.2. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн ******* регистрийн дугаартай Тайж овогт Пүрэвжавын Хишигзулын оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх 11-13/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, тэрээр энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг, худалдах, худалдан авах гэрээний үүрэг шаардах гэж тодорхойлсон.

 

2. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно, 155.2-т: Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч нь тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг байх тул шүүхийн харьяалал зөрчөөгүй байна. /хх 6/

 

4. Нэхэмжлэгчээс ирүүлсэн, 2022.05.01-2024.11.08-ны өдрийг хүртэлх хугацааны авлагын дэлгэрэнгүй тайлангаас үзэхэд П.Хишигзул нь хүсэлт гаргагчийн нэхэмжлэлтэй, иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй. /хх 8/

 

5. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай Тайж овогт Пүрэвжавын Хишигзул нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан болон Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаанд дурдсан Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 2-р 40 мянгат гудамж, 15 дугаар байр, 19 тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 423 тоот тодорхойлолтоор тогтоогдож байна. /хх 3, 13/

 

6. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* регистрийн дугаартай Тайж овогт Пүрэвжавын Хишигзулын оршин суух хаяг тодорхойгүй, хаана оршин сууж байгаа болох мэдэгдэхгүй байгаа нь тогтоогдож байх тул түүнийг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.

 

7. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид урдчилан төлсөн 70,200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан ******* эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ