Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 483

 

 

 

 

                          

 

 

2018            06           07                                           483

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Х.Лхагвахүү,

улсын яллагч Ц.Гансүлд,

шүүгдэгч Ц.П-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.П-холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808013250449 дүгээр хэргийг 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Т овогт Ц-ын П.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Ц.П-нь 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 3-77 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай бэр О.Ц-г хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зүүн чих рүү нь цохиж, зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол бүхий гэмтэл учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.П-шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Манай гэр бүл миний зурагчны орлогоор амьдардаг тул ялыг багасгаж өгнө үү” гэв.

Эрүүгийн 1808013250449 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч О.Ц-гийн: “2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ажлаа тараад 22 цагийн үед хамтран амьдрагч Ч- аавынхаа гэрт байна гэхээр нь би яваад очсон. Охиныхоо хувцсыг өмсгөж байхдаа Ч-ийг ажил хийхгүй байна гэж бага зэрэг маргалдсан чинь Ч-ийн ээж Э-дундуур орж ирээд “миний хүүхэд ажил төрөл хийх чамд хамаагүй” гэж уурлахаар нь би “хүүхдээ өмөөрөөд байх хэрэг байхгүй, ажил хийхгүй, хүүхдийнхээ цэцэрлэгийн төлбөрийг олж чадахгүй ийм хүн байж болдог юм уу” гэж хэлсэн. Ч- уурлаад “миний ээжийн өөдөөс том дуу гаргадаг хэн юм бэ” гэж намайг алгадсан. Би зөрүүлээд алгадсан чинь цаана том өрөөнд Ч-ийн аав болох Псууж байгаад над уруу нэг юм шидээд босч ирээд миний зүүн талын чих рүү хоёр удаа алгадсан. Тэгээд би цагдаа дуудсан. Ч- бид хоёрт гэрлэлтийн баталгаа байхгүй. Ч-ийн аав намайг зодсонд би гомдолтой байна. ...Миний зүүн талын чих хатгаж өвдөөд юм сайн сонсохгүй байна. Би Ч- болон түүний аав Пнартай эвлэрсэн надад одоо ямар нэгэн санал гомдол байхгүй. Пнадад эмчилгээний зардал гэж 140.000 төгрөг өгсөн, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-17-18, 20-22/,

Гэрч П.Ч-ийн: “...Би Цтэй хэрэлдэж байгаад хацар уруу нэг удаа түлхсэн чинь Ц намайг 3 удаа алгадсан. Аав Пнөгөө өрөөнөөс харчихаад “боль” гэж хэлсэн. Маргалдаж байтал Ц намайг ахиад нэг алгадсан, тэгсэн аав Пуурлаад Цг нэг удаа зүүн талын хацар уруу нь алгадсан. Ц цагдаад дуудлага өгчихсөн. Би Цгийн баруун хацар уруу нэг удаа түлхсэн, алгадаагүй. Ц бид хоёр 2016 оноос хойш хамт амьдрах болсон...” гэх мэдүүлэг /хх-23-25/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.02.28-ны өдрийн 2974 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.Ц-н биед зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол гэмтэл тогтоогдлоо. 2.3.4.5.6. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна. 7. Гэмтлийн ...журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 8.9. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-32/,

Шинжээч Б.Ганзоригийн: “...Цгийн биед зүүн чихний хэнгэргэн хальсан цоорсон гэмтэл тогтоогдсон. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтлийг зүүн чих рүү цохисноос үүснэ. Баруун чих болон хацар уруу алгадахад зүүн чихэнд гэмтэл учрах боломжгүй” гэх мэдүүлэг /хх-36-37/,

Шүүгдэгч Ц.П-ийн яллагдагчаар өгсөн: “...Ч- Ц хоёр маргалдаад байх шиг байсан. Би тэр хоёрыг болиулаад эхлээд Ч-ийг нэг удаа, Цг нэг удаа алгадсан. Тэгтэл Ц цагдаа дуудсан. Ц, Ч- хоёр 2016 оноос хойш хамтран амьдарч байгаа. Би Цгийн хаашаа нь алгадсан гэдгээ сайн санахгүй байна. 2018 оны 02 дугаар сарын 20-ны орой Ч- Цг цохиж зодож байхыг нь би хараагүй, зодоогүй байх, маргалдаад л байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-72-75/,

гэрч Д.Эрдэнэчимэгийн мэдүүлэг /хх-26-27/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-50/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-52/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-54/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-76/, эвлэрлийн гэрээ /хх-77/, хохирогчийн шүүхэд гаргасан “гомдол санал, нэхэмжлэх зүйл тул шүүх хуралдаанд суухгүй” гэх хүсэлт /хх-97/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Ц.П-нь 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 3 дугаар гудамж, 77 тоот гэртээ таарамжгүй харьцааны улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай бэр О.Ц-гийн зүүн чих рүү цохиж, эрүүл мэндэд зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ц.П-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас хохирогч О.Ц-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн “...Ц.П-той эвлэрсэн. Ямар нэгэн санал гомдол байхгүй” гэх мэдүүлэг /хх-19/, шүүхэд гаргасан “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлт /хх-97/-ийг тус тус үндэслэн шүүгдэгч Ц.П-бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Ц.П-анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлснийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, хөрөнгөтэй болох нь тогтоогдож байгаа, тодорхой орлоготой байх тул торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай” гэж,

шүүгдэгч Ц.П-“Гэр бүлээ өөрийн орлогоор тэжээдэг тул торгох ялыг багасгаж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дээрх дүгнэлт нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, хэр хэмжээнд, түүнчлэн шүүгдэгчийн “торгох ялыг багасгаж өгнө үү” гэх дүгнэлт нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тус тус нийцэхгүй байна гэж дүгнэн шүүгдэгч Ц.П-ид 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, хувиараа хөдөлмөр эрхэлж тогтмол орлого олдог, ам бүлээ тэжээн тэтгэдгийг харгалзан торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд төлөхөөр хугацаа тогтоож шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ц.П-урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Ц-ын Ц.П-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.П-700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.П-торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.П-торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ц.П-бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.П-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.            

                   

 

 

                 ДАРГАЛАГЧ                               Л.БААТАР