| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2024/08376/И |
| Дугаар | 191/ШШ2025/00115 |
| Огноо | 2025-01-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 191/ШШ2025/00115
2025 01 14 191/ШШ2025/00115
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: З.Р-ийн нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр иргэний үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч З.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч З.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Батзам нэгдэл, ББХКомпанид мухлагийн худалдагч, ачигч, тракторын жолоочоор 1993 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилласан.
Тухайн газарт ажиллаж байсанта йхолбоотой хөдөлмөрийн дэвтрийг гээгдүүлсэн тул дээрх газарт ажиллаж байсан нь тогтоогдохгүйд хүрч өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон.
Дээрх нэгдэлд ажиллаж байсантай холбоотой зарим баримт болох цалингийн тодорохойлолт, ээлжийн амралт олгосон, өөр ажилд шилжүүлэн томилж байсан зэрэг тушаал шийдвэр холбогдох архиваас гарч ирсэн боловч халагдсан тушаал гарч ирсэнгүй.
Иймд З.******* намайг 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Батзам нэгдэл, ББХКомпанид мухлагийн худалдагч, ачигч, тракторын жолоочоор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
2. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд болох :
2а.Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын байцаагчийн бичилт, Ө.Жанлав, Я.Намсрай нарын тодорхойлолт, тэдний иргэний үнэмлэхийн хуулбар, Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2016.09.14-ний өдрийн 513 тоот архивын лавлагаа, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Бат зам нэгдлийн зөвлөлийн 1981.09.22-ны өдрийн 37 тоот Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай, 1983.07.19-ний өдрийн 22 тоот Хадлангийн механикжсан салаанд ажиллагсдыг томилох тухай, 1983.12.22-ны өдрийн 36 тоот Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай, 1984.10.09-ний өдрийн 21 тоот Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай, 1989.03.27-ны өдрийн 5 тоот Ажилчин албан хаагч, малчдын амралтын хуваарь батлах тухай тушаалын хуулбар, Бат зам ББХК-ийн танилцуулга, Ягаан тасалбараар өгсөн хашааны тооцоо гэх баримтын хуулбар, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актын хуулбар, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, Үндэсний төв архивын 2024.08.23-ны өдрийн 1336 тоот тодорхойлолт, Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ЗДТГ-ын дарга Ө.Сугар гэх 1996.05.29-ний өдрийн огноотой тодорхойлолт, гэрэл зургийн үзүүлэлт /хх 1-33/,
2б. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Нийслэлийн болон Үндэсний төв архивын лавлагаа, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн иргэний бүртгэлтэй холбоотой баримтууд, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Сум дундын шүүхийн 2024.12.24-ний өдрийн 01/04 тоот албан бичиг, Өвөрхангай аймгийн архивын тасгаас ирүүлсэн 2024.12.23-ны өдрийн 140 тоот З.*******ийн цалингийн тодорхойлолт, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Бат зам нэгдлийн зөвлөлийн 1987.11.05-ны өдрийн 38 тоот Октябрийн социалист их хувьсгалын 70 жилийн ой угтсан социалист уралдаанд шалгарсан гишүүдийг шагнах тухай, 1988.09.13-ны өдрийн 28 тоот Механикжсан бригадын хадланчид, тээвэрчдийн дунд зарласан болзлыг дүгнэх тухай, 1989.03.22-ны өдрийн 14 тоот Аминдаа малгүй болон цөөн малтай ХАА-н мэргэжилтэн, малчид, ажилчдад мал олгох тухай, 1990.04.12-ны өдрийн 18 тоот Амьдрал ахуйгаар дорой зарим хүмүүст тусламж үзүүлж тэтгэмж олгох болон төлбөрөөс чөлөөлөх тухай тушаалын болон цалингийн тооцооны хүснэгтийн хуулбар /хх 50-65,69,79-90 / зэрэг баримтыг бүхэлд нь шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.******* нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Бат зам нэгдэл, Бат зам ББХК-д 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд худалдагч, ачигч, тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Тэрээр дээрх газарт ажиллаж байсан байдалтай холбоотой ажлаас чөлөөлөгдсөн тушаал холбогдох архивт хадгалагдаагүйгээс дээрх хугацаа нь ажиллаж байсан хугацаанд тооцогдохгүйд хүрсэн гэж нэхэмжлэлийнхээ шаардлагыг тодорхойлсон.
3. Үндэсний төв архив болон Нийслэлийн архивын газарт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Батзам нэгдлийн баримт шилжиж ирээгүй, хадгалагддаггүй болохыг 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 1336, 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 02/1066, 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 05/1115 тоот албан бичгээр тус тус тодорхойлсон,
Өвөрхангай аймгийн архивын тасгаас З.*******ийг ажилд томилсон, түүнд олгож байсан цалингийн тодорхойлолт, цалингийн тооцооны хүснэгт, ажиллаж байсантай холбоотой зарим баримтыг ирүүлсэн байна. /хх 29,50,52, 79-90/
4. Дээр дурдсан архивын тодорхойлолт, холбогдох баримтаас үзэхэд З.*******ийг ажлаас чөлөөлсөн тушаал холбогдох архивт хадгалагдаагүй гэж үзэх үндэслэлтэй.
5. Нэхэмжлэгч ******* ******* ******* *******ийн, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Бат зам нэгдэл, Бат зам ББХК-д 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд худалдагч, ачигч, тракторын жолоочоор ажиллаж байсан нь хэрэгт авагдсан дараах баримтаар тогтоогдож байна гэж үзэв.
5а. З.*******ийг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Бат зам нэгдлийн зөвлөлийн 1981 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 37 тоот тушаалаар ачигч, буулгагчийн ажилд томилсон, 1983 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 22 тоот, 1989 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 5 тоот тушаалаар ээлжийн амралт олгож байсан, 1984 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 21 тоот тушаалаар тракторчноор томилсон, 1987 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 38 тоот, 1988 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 28 тоот тушаалаар үнэ бүхий зүйлээр шагнасан, 1989 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 14 тоот, 1990 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 18 тоот тушаалаар мал олгож байсан,
Мөн аймгийн Өмч хувьчлалын комиссын №8 тоот тогтоолоор хувьчлагдсан Бат зам ББХК-ийн 1993 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн хурлаас гишүүдийн бага хувьчлалын дүн, 1991 онд өгсөн ягаан тасалбарын тоо, зөрүү авлага, одоо өгөх малын тоо, хувь нийлүүлсэн хэмжээний тооцоо, тэдэнд олгох хашаа болон малын тооцооны хүснэгт /хх 10-20, 22,81-86/,
5б. 1981 оны 10-12, 1982 оны 1, 3-4,6-9,11-12, 1983 оны 1-2, 3-4,7-8, 11-12, 1984 оны1, 3-6, 8-10, 12, 1985 оны 1-3, 5, 8-10, 12, 1986 оны 1-3, 5, 7, 10-11, 1987 оны 1-4, 6-8, 11-12, 1988 оны 1-5, 7,10-12, 1989 оны 1-2, 4-7, 9-11, 1990 оны 1-2, 4-7, 10,12, 1991 оны 1-2, 4-10, 1992 оны 1-3, 5 сарын цалингийн тодорхойлолт, цалингийн тооцооны картын хуулбар /хх 8-9, 79-80,87-90/,
5.в. Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн, ...БНМАУ-ын Хүн амын регистрийн карт №005-т ажилд орсон 1981 он, Бат-Өлзий сум, Бат зам нэгдэл, авто гражид тракторын жолооч гэх,
...1986.05.10-ны өдөр Заанай ******* болон Гочоо Нарантуяа нарын гэрлэлтийг бүртгэх анкет №12-т ажиллаж байгаа газрын нэр- Батзам нэгдэл, эрхэлж байгаа ажил-тракторч гэх,
...1986 оны 05 сарын 26-ны өдөр төрсөн *******ийн Алтантуяагийн төрснийг бүртгэх анкет №80-т ажилладаг байгууллага-Батзам нэгдэл, эрхэлдэг ажил-тракторч гэх,
...1992 оны 06 сарын 22-ны өдөр төрсөн *******ийн Цэрэндуламын төрснийг бүртгэх анкет №0107-т ажилладаг байгууллага-Батзам компани, эрхэлдэг ажил-мухлагийн худалдагч гэх бүртгэл тус тус хийгдсэн байдал /хх 56, 63-65/ зэрэг болно.
6. Иймд нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан дээр дурдсан баримт зэргийг үндэслэн ******* ******* ******* ******* /Регистрийн дугаар *******/-ийн, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Бат зам нэгдэл, Бат зам ББХК-д 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд худалдагч, ачигч, тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
7. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж байх тул түүний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т заасныг баримтлан ******* ******* ******* ******* /Регистрийн дугаар *******/-ийн, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Бат зам нэгдэл, Бат зам ББХК-д 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд худалдагч, ачигч, тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ