2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 191/ШШ2025/00035

 

 

 

 

 

2025 01 10 191/ШШ2025/00035

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл би,

 

Нэхэмжлэгч: Э.Т ХХК /регистрийн дугаар /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ү.У ХХК /регистрийн дугаар /-т холбогдох,

 

185,315,307 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Эсэн Трейдинг ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай "Эсэн Трейдинг" ХХК нь хариуцагч "Үнэгтийн уул" ХХК-тай 2021 оны 07 сарын 26-ны өдөр ЭТ/ҮУ/21/01 дугаартай "Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ"-г байгуулсан бөгөөд "Эсэн Трейдинг" ХХК нь харилцан тохиролцсон газрын тосны бүтээгдэхүүн, шатахуун нийлүүлэх, "Үнэгтийн уул" ХХК нь хариу төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх үүрэг хүлээсэн.

Бидний зүгээс дээрх гэрээний үүргээ шударгаар биелүүлж 2021 оны 07 сарын 26-ны өдрөөс 2022 оны 12 сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд гэрээний хугацаа дуусах бүрт харилцан тохиролцож гэрээнд сунган, шатахууныг нийлүүлсээр байсан.

Хариуцагч "Үнэгтийн уул" ХХК-иас хариу төлбөрийг бүтээгдэхүүнээ хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор бүрэн төлж барагдуулах ёстой боловч үлдэгдэл төлбөр болох 141,973,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөхгүй байсаар байна. Манай компани энэ талаар хэд хэдэн удаа шаардлага тавьж хариуцагчид хандахад тодорхой үр дүнд хүрээгүй.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 5.2.1 дэх хэсэгт "Худалдан авагч нь гэрээний зайлшгүй хэсэг болох хавсралтуудад заасан шатахууны төлбөрийг Худалдагчийг бараа нийлүүлснээс хойш 30 хоногийн дотор бүрэн буюу 100 хувь төлж барагдуулсан байна" гэж, 5.2.2 дахь хэсэгт "Худалдан авагч гэрээний төлбөрийг хавсралтад заасан хуваарийн дагуу энэхүү гэрээний 5.2.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алданги төлнө" гэж тус тус заасан байдаг.

Хариуцагч нь 2022 оны 10 сараас хойш худалдан авсан шатахууны үнийг цаг тухайд нь төлөлгүй хугацаа хэтрүүлж тухай бүрд алданги үүсгэсээр ирсэн бөгөөд манай компанид нийт 40,360,874 төгрөгийн алдангийг дараах байдлаар үүсгэсэн. Үүнд:

2022 оны 10 сарын 15-ны өдөр төлөх ёстой 2,379,000 төгрөгийг 5 хоногийн хугацаа хэтрүүлэн төлж 11,895 төгрөгийн алданги,

2022 оны 10 сарын 21-ний өдөр төлөх ёстой 51,093,000 төгрөгийг 36 хоногийн хугацаа хэтрүүлэн төлж 1,839,348 төгрөгийн алданги,

2022 оны 11 сарын 27-ны өдөр төлөх ёстой 61,293,000 төгрөгийг 6 хоногийн хугацаа хэтрүүлэн төлж 367,758 төгрөгийн алданги,

2022 оны 12 сарын 04-ний өдөр төлөх ёстой 72,183,000 төгрөгийг 6 хоногийн хугацаа хэтрүүлэн төлж 433,098 төгрөгийн алданги,

2022 оны 12 сарын 11-ний өдөр төлөх ёстой 83,073,000 төгрөгийг 17 хоногийн хугацаа хэтрүүлэн төлж 1,412,241 төгрөгийн алданги,

2022 оны 12 сарын 19-ны өдөр төлөх ёстой 94,473,000 төгрөгийг 7 хоногийн хугацаа хэтрүүлэн төлж 661,311 төгрөгийн алданги,

2023 оны 01 сарын 06-ны өдөр төлөх ёстой 141,973,000 төгрөгийг өдийг хүртэл төлөөгүй бөгөөд 2023 оны 10 сарын 25-ны өдрийн байдлаар тооцон үзэхэд 272 хоногийн алданги 38,616,656 төгрөг болсон байна.

Иймд 2021 оны 07 сарын 26-ны өдрийн ЭТ/ҮУ/21/01 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 141,973,000 төгрөг болон алданги 43,342,307 төгрөг, нийт 185,315,307 (нэг зуун наян таван сая гурван зуун арван таван мянга гурван зуун долоо) төгрөгийг "Үнэгтийн уул" ХХК-иас гаргуулж манай "Эсэн Трейдинг" ХХК-д олгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхцэцэг, хариуцагчийн төлөөлөгч Б.Мөнхдалай нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэг, 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт тус тус заасныг тус тус үндэслэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа "Эсэн трейдинг" ХХК-ийн нэхэмжлэлтэй, "Үнэгтийн уул" ХХК-д холбогдох "Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ"-ний үүргийн гүйцэтгэл, алдангид нийт 185,315,307 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигчид болох

Нэг талаас: ******* регистрийн дугаартай "Эсэн трейдинг" ХХК, түүнийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхцэцэг /цаашид "нэхэмжлэгч" гэх/,

Нөгөө талаас: ******* регистрийн дугаартай "Үнэгтийн уул" ХХК, түүнийг төлөөлж гүйцэтгэх захирал Батжаргал овогтой Мөнхдалай (цаашид "хариуцагч" хамтад нь "зохигч" гэх/ нар харилцан тохиролцож, дараах нөхцөлөөр эвлэрлийн гэрээг байгуулав.

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1. Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2021 оны 07 сарын 26-ны өдрийн "Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ"-ний үлдэгдэл төлбөр 141,973,000 төгрөг, алданги 43,342,307 төгрөг, нийт 185,315,307 гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

1.2. Зохигчид эвлэрэн хэлэлцэж Нэхэмжлэгч нь алданги 43,342,307 төгрөгөөс 25,315,307 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа гэрээний үндсэн төлбөрт 141,973,000 төгрөг, алданги 18,027,000 төгрөг, нийт 160,000,000 төгрөг болгон багасгав.

1.3. Хариуцагч нь нийт 160,000,000 төгрөгийг төлөхөө бүрэн хүлээн зөвшөөрч доорх хуваарийн дагуу төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрч байгаа болно.

 

Хоёр. Эвлэрэх нөхцөл

2.1. Нэхэмжлэгчийн гаргасан шаардлагын хүрээнд:

2.1.1. 2021 оны 07 сарын 26-ны өдрийн "Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ"-ний үлдэгдэл төлбөр 141,973,000 төгрөг, алданги 18,027,000 төгрөг, нийт 160,000,000 төгрөгийн төлбөрийг Хариуцагч дараах хуваарийн дагуу төлж барагдуулна.

 

Төлбөр төлөх хугацаа

Төлөх хэмжээ

1.

2025 оны 2 сарын 10 өдөр

30,000,000 төгрөг

2.

2025 оны 3 сарын 10 өдөр

30,000,000 төгрөг

3.

2025 оны 4 сарын 10 өдөр

30,000,000 төгрөг

4.

2025 оны 5 сарын 10 өдөр

30,000,000 төгрөг

5.

2025 оны 6 сарын 10 өдөр

40,000,000 төгрөг

 

Нийт төлбөр

160,000,000 төгрөг

 

2.2. Талууд дээрх асуудлаар дахин нэхэмжлэл, гомдол гаргах, ажил хэргийн явцад олж мэдсэн аливаа асуудлыг бусдад задруулахгүй байх үүрэгтэй.

 

Гурав. Хариуцлага

3.1. Хариуцагч нь энэ гэрээний 2.1.1 дэх хэсэгт заасан үүргийг гэрээнд заасан хугацаанд бүрэн гүйцэтгэх үүрэгтэй.

3.2. Хариуцагч нь гэрээнд заасан мөнгөн төлбөрийг тогтоосон хугацаанд Нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулах үүрэгтэй.

3.3. Хариуцагч төлбөрийг 2 сарын хугацаанд дараалан төлөөгүй, эсхүл төлбөр төлөх үүргээ 2 болон түүнээс дээш удаа зөрчсөн тохиолдолд нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр, захирамжийг албадан биелүүлэх хүсэлт гаргаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлнэ.

 

Дөрөв. Бусад

4.1. Энэхүү гэрээнд талууд гарын үсэг зурж, талуудын эвлэрлийг шүүгчийн захирамжаар баталгаажуулсаар хүчин төгөлдөр болно.

4.2. Гэрээнд заагаагүй асуудлыг Монгол улсын холбогдох хуульд заасны дагуу шийдвэрлүүлнэ. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч "Үнэгтийн уул" ХХК-д холбогдуулан, худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 185,315,307 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* нь 185,315,307 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагынхаа 25,315,307 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, 160,000,000 төгрөг болгосныг хариуцагч "Үнэгтийн уул" ХХК бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг 160,000,000 төгрөгийг 2025 оны 02 сарын 10-ны өдөр 30,000,000 төгрөг, 2025 оны 3 сарын 10-ны өдөр 30,000,000 төгрөг, 2025 оны 4 сарын 10-ны өдөр 30,000,000 төгрөг, 2025 оны 5 сарын 10-ны өдөр 30,000,000 төгрөг, 2025 оны 6 сарын 10-ны өдөр 40,000,000 төгрөгөөр тус тус төлөхийг нэхэмжлэгч зөвшөөрч, зохигч эвлэрч байна.

 

Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, 160,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 957,950 төгрөгийн тал хувь болох 478,975 төгрөгийг хариуцагч "Үнэгтийн уул" ХХК-иас, тал хувь болох 478,975 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,084,530 төгрөгөөс үлдэх 605,555 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 185,315,307 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагынхаа 25,315,307 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, 160,000,000 төгрөг болгосныг хариуцагч "Үнэгтийн уул" ХХК бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг 160,000,000 төгрөгийг 2025 оны 02 сарын 10-ны өдөр 30,000,000 төгрөг, 2025 оны 3 сарын 10-ны өдөр 30,000,000 төгрөг, 2025 оны 4 сарын 10-ны өдөр 30,000,000 төгрөг, 2025 оны 5 сарын 10-ны өдөр 30,000,000 төгрөг, 2025 оны 6 сарын 10-ны өдөр 40,000,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч "Үнэгтийн уул" ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 478,975 төгрөг, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 478,975 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,084,530 төгрөгөөс үлдэх 284,527 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШЗ2024/24248 дугаар Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийн үйлчлэл нь энэхүү захирамж хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурьдсугай.

 

4. Шүүгчийн захирамжийг хариуцагч "Үнэгтийн уул" ХХК нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ