Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 223/МА2022/00014

 

                                                         

 

 

“Х банк” ХХК, Д.М нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн

тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 151/ШШ2021/00969 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Х банк” ХХК, Д.М нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч*******өд холбогдох,

 

Хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгүүдийг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.М, хариуцагч*******, түүний өмгөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Анхбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу “Х банк” ХХК болон миний бие доорх үл хөдлөх хөрөнгүүдийн хууль ёсны өмчлөгч болохын хувьд хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, мөн хуулийн 106.3 дахь хэсэгт зааснаар шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал өмчлөгч нь шүүхэд нэхэмжлэл гарган зөрчигдсөн эрхээ хамгаалуулна гэж заасны дагуу “Х банк” ХХК болон Д.Мын өмчлөлийн

- Эрхийн улсын бүртгэлийн Ү-1427002081, гэрчилгээний 000546970 дугаарт бүртгэгдсэн, Төв аймаг, Зуунмод сум, 1 дүгээр баг, 3 дугаар хороолол, Хөгжил хотхон 17-А тоотод байршилтай, 10*12 харьцаатай, 2 давхар хувийн сууц,

- Эрхийн улсын бүртгэлийн Г-1427001274, гэрчилгээний 000593421 дугаарт бүртгэгдсэн, Төв аймаг, Зуунмод сум, 3 дугаар хороолол, Хөгжил хотхон 17-А тоот хаягт байршилтай, 18645287983809 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 200 м.кв талбай бүхий газар,

- Эрхийн улсын бүртгэлийн Э-1419001080, гэрчилгээний 000051893 дугаарт бүртгэгдсэн, Төв аймаг, Сэргэлэн сум, Баруун зуун модны ам, 1 дүгээр хэсэг, 1-2 тоотод байрлах 18644290305561 нэгж талбарын дугаар бүхий, гэр бүлийн хамтын хэрэгцээний  зориулалттай, 700 м.кв эзэмших эрхтэй газар,

 

- Эрхийн улсын бүртгэлийн Ү-1419000114, гэрчилгээний 000546865 дугаарт бүртгэгдсэн, Төв аймаг, Сэргэлэн сум, 4 дүгээр баг, Эрдэнэ-Уул, Баруун зуун модны ам 1 дүгээр хэсэг, 1 гудамж, 2 тоотод байрлах 109 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө зэрэг хөрөнгүүдийг*******ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

 

Нэхэмжлэгч “Х банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Гантөгс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч*******, Н.Ариунцэцэг нар буюу  “Есүйжин хүлэг” ХХК нь “Х банк” ХХК-иас авсан зээлээ зээлийн гэрээний хугацаанд төлж чадаагүй учраас “Х банк” ХХК-иас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхийн шатанд талууд эвлэрээд шүүгчийн захирамж гарсан. Захирамжаар сайн дураар зээлийн гэрээний төлбөрийг төлөөгүй учраас шийдвэр гүйцэтгэлээр гүйцэтгүүлсэн. Шийдвэр гүйцэтгэл дээр дуудлага худалдаагаар биш төлбөр төлөгч нарын хүсэлтээр үл хөдлөх  хөрөнгүүдийг төлбөр авагчийн өмчлөл, эзэмшилд шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Хувь хүний талаас нь*******өд боломж олгосон. Энэ боломж нь тодорхой хугацааны дотор төлбөрөө төлөөд өмчлөлийн газраа буцааж авах байсан. Хариуцагч нь төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, манай зүгээс хариуцагч талд зөндөө боломж олгосон. Боломжит  хугацаа дууссан учраас хариуцагчийн хууль бус эзэмшлээс үл хөдлөх хөрөнгүүдийг  чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Одоо нэхэмжлэлээ дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.  

  

Хариуцагч******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х банк” ХХК нь “Есүйжин хүлэг” ХХК-тай 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 413.811.969,32 төгрөг гаргуулахаар захирамж гарсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад “Есүйжин хүлэг” ХХК-аараа 2019 оны 05 сарын 09-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ  байгуулсан. Гэрээнд тусгагдсанаар Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны 39Б байрны 2 тоот, 58 м.кв 2 өрөө орон сууц 63.000.000 төгрөгт, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Энгельсийн гудамж, 7 дугаар байрны 74 тоот, 49.03 м.кв 1 өрөө орон сууцыг 79.000.000 төгрөгт тооцож “Х банк” ХХК-д шилжүүлж өгсөн. Үлдэгдэл төлбөрөө үл хөдлөхөө зарж мөнгөн дүнд нь барагдуулна. Зах зээлийн үнэ нь энэ гэрээний үнээс өндөр байх тул үл хөдлөхөө зарж өр төлбөрийг барагдуулна, бидэнд цаг хугацаа хэрэгтэй байна. Уг үл хөдлөх хөрөнгүүд маань “Х банк” ХХК-ийн төлбөрийн 3/1 хувьд байгаа. Хугацаан дээрээ бид тохирохгүй байгаа. 12 сарын хугацаа авч төлбөрийн нөхцөлөөр үл хөдлөх хөрөнгүүдээ чөлөөлнө гэсэн бодолтой байна. Хугацаа хэтэрсэн нь ковидоос болсон. 2 жил ковидоос болж бизнес хийгээгүй, гэрээсээ гарсангүй. Надад гэрээний үүргээ биелүүлэх хугацаа байгаагүй. Өрөө төлөх боломж байсангүй. 2021 онд төлбөр хийгээгүй нь үнэн. Бизнес болохгүй байсан. Хөрөнгүүдээ зараад банкны зээлийг барагдуулах гэхээр ковид гээд зарагдахгүй байсан. Одоо 200 гаран сая төгрөгийн үлдэгдэлтэй байгаа гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбар, эрх зүйн дүгнэлтдээ: Хэргийн материалтай бүрэн танилцаж чадаагүй шүүх хуралдаанд оролцлоо. Мэтгэлцэх зарчмыг хангаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан боловч хангаж өгсөнгүй. Иймд өмгөөллийн үг, эрх зүйн дүгнэлт болгож хэлэх зүйл байхгүй. Хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн саналаа дэмжиж байгаа. Үнэлгээтэй холбоотой болон шинээр гаргасан нотлох баримтуудтай хүртэл танилцаагүй байсан. Иймд өмгөөллийн үг эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байна гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д зааснаар Төв аймгийн Зуунмод сум, 1-р баг, Номт 3-р байр, 17А тоотод байрлах, 240 мталбайтай, хувийн сууцны зориулалттай, гэрчилгээ 000546970 дугаартай, улсын бүртгэлийн Ү-1427002081 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө, Төв аймгийн Сэргэлэн сум, 4-р баг, Эрдэнэ-Уул, Баруун Зуунмодны ам, 1-р гудамж, 2 тоотод байрлах, 109 мталбайтай, хувийн сууцны зориулалттай, гэрчилгээ 000546865 дугаартай, улсын бүртгэлийн Ү-1419000114 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө, Төв аймгийн Зуунмод сум, 1-р баг, Номт 3-р хороолол, Хөгжил, 17-р байр, А тоот хаягт байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 18645287983809 нэгж талбарын дугаартай, гэрчилгээ 000593421 дугаартай, улсын бүртгэлийн Г-1427001274 дугаарт бүртгэгдсэн, 200 м2  талбай бүхий газар, Төв аймгийн Сэргэлэн сум, 4-р баг, Баруун Зуунмодны ам, 1-р хэсэг, 1-2 тоотод байрлах, 4109041672 нэгж талбарын дугаартай, гэрчилгээ 000051893 дугаартай, улсын бүртгэлийн Э-1419001080 дугаарт бүртгэгдсэн, гэр бүлийн хэрэгцээний зуслангийн  зориулалттай, 699 м2 талбай бүхий газар, зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг хариуцагч    Б.Төрмөнхийн хууль бус эзэмшлээс чөлөөлж,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******өөс 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х банк” ХХК, Д.М нарт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч******* гаргасан давж заалдах гомдолдоо: Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд "Х банк" ХХК, Д.М нарын нэхэмжлэлтэй*******өд холбогдох хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 969 дугаартай шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөн давж заалдах шатны журмаар гомдол гаргаж байна.

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 969 дугаартай шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан "шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэх заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

 

Хариуцагч******* миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасны дагуу хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Ц.Мөнх-Эрдэнийг сонгон авч өмгөөлөгчөөр оролцуулсан. Ингэхдээ 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, өмгөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ шүүх хуралдаан давхацсан учир шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг гаргаж, улмаар 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өмгөөлөгчийн шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулсан. Ингээд шүүх хуралдааныг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр товлосон бөгөөд шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцсон ба миний өмгөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ нь шүүхэд хэргийн материалтай танилцах боломж олгож шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг гаргасан боловч шүүх хүсэлтийг хангахаас татгалзаж шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг шийдвэрлэсэн.

 

Ингэснээр хариуцагч******* миний хууль зүйн туслалцаа авах, шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох, хууль зүйн туслалцаа авах эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь миний өмгөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ нь хэргийн материалтай танилцаагүй бөгөөд шүүх хуралдаан эхлэхийн өмнө хэргийн материалтай танилцсан баримтад шүүгчийн туслахын шаардсаны дагуу гарын үсэг зурж, улмаар шүүх хуралдаанд хэргийн материалтай танилцах тухай хүсэлтийг гаргасан боловч шүүгч уг хүсэлтийг хангахаас татгалзаж хэргийг шийдвэрлэсэн нь миний хууль зүйн туслалцаа авах, шүүх хуралдааны явцад талуудын мэтгэлцэх зарчмыг хязгаарласан буюу хариуцагчийн өмгөөлөгч хэргийн материалтай танилцаагүй бөгөөд үүнтэй холбогдуулан гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль зүйн туслалцаа авах эрхийг бүрэн хэрэгжүүлээгүй, эрхийг хязгаарласан, талуудын мэтгэлцэх зарчмыг хангаагүй бөгөөд миний хууль зүйн туслалцаа авах эрхийг зохих ёсоор эдлүүлээгүй гэж үзэж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д заасан "энэ хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах" тухай заалтыг үндэслэн энэхүү гомдлыг гаргаж байна.

 

Шүүх хуралдаан эхлэхэд нэхэмжлэгч талаас шинээр нотлох баримт гаргаж өгсөн бөгөөд хариуцагч талаас уг баримттай танилцах, үүнтэй холбогдуулан тайлбар, хүсэлт нотлох баримт гаргах эрхээ хэрэгжүүлэх боломж олгоогүй зэрэг нь хэргийн болон шүүх хуралдааны оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн үйлдэл болсон.

 

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй гэж үзэж байна. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т "зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох замаар мэтгэлцэнэ" гэж зохицуулсан бөгөөд энэхүү зохицуулалт нь "нэхэмжлэгч түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотлох, түүний татгалзлаа үгүйсгэх, харин хариуцагч түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах, түүнийгээ нотлох журмаар хэрэгжихээр зохицуулсан гэж ойлгож байна.

 

Гэтэл хэргийг шийдвэрлэх шүүх хуралдаанд хариуцагч миний өмгөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ нь хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны өмнө шүүх хуралдааны танхимд хэргийн материалтай танилцах баримтад гарын үсэг зурж, улмаар шүүгч дээрх нөхцөл байдлыг харж байсан бөгөөд хэргийн материалтай танилцах баримтад зурсан байдлыг хариуцагчийн өмгөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ шүүхэд хүсэлт гаргаж тайлбарласаар байтал хүсэлтийг хангалгүй орхисон нь миний хууль зүйн туслалцаа авах эрхийг зохих ёсоор хэрэгжүүлээгүй, өмгөөлөгчийн хэргийн материалтай танилцах эрхийг зөрчсөн үйлдэл юм. Иймд зохигчдын мэтгэлцэх зарчим хэрэгжүүлэлгүй шүүх хуралдааныг хийж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан "мэтгэлцэх зарчим"-ыг хэрэгжүүлээгүй, 25 дугаар зүйлийн 25.1.1-т заасан "эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзах, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх, 116 дугаар зүйлийн 116.2-т заасан "шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх" шаардлагыг зөрчсөн гэж үзэж байна.

 

Иймд дээрх байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тул Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 969 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ гаргасан давж заалдах гомдолдоо: Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ миний бие нь*******тэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулан Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд өмгөөлөгч миний бие шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр хойшлуулах хүсэлтийг гаргаж, шүүхээс уг хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 11 цаг 00 минут хүртэл хойшлуулсан байдаг.

 

Өмгөөлөгч миний бие 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 10 цаг 55 минутад шүүхийн байранд нэвтэрсэн бөгөөд энэ талаар шүүхийн харуулын цагдаагийн бүртгэлд бүртгэгдсэн бөгөөд хэргийн материалтай танилцаагүй бөгөөд хэргийн материалтай танилцах боломж олгоогүй болно.

Ингэснээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т заасан "эсрэг талын шаардлага, тайлбар татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх”, 25.2.2-т заасан "хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох" эрхийг зөрчсөн гэж үзэж байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанд 5 хуудас нотлох баримтыг шинээр гаргасан бөгөөд эдгээр баримттай танилцах, түүнтэй холбогдуулан нэмэлт тайлбар гаргаж өгөх боломжийг хуульд зааснаар олгоогүй бөгөөд хариуцагчийн өмгөөлөгч миний бие тухайн баримтуудтай танилцаагүй болно.

Ийнхүү хэргийн материал танилцуулаагүй, шүүхэд шинээр гаргасан баримтыг танилцуулаагүй, түүнтэй холбогдуулан нэмэлт тайлбар гаргах боломж олгоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан "Мэтгэлцэх зарчим"-ыг алдагдуулсан гэж үзэж байна.

 

Мэтгэлцэх зарчим нь харилцан эсрэг ашиг сонирхол бүхий талууд өөр өөрсдийн байр суурийг өрсөлдөн нотлох хэлбэрээр илрэх учиртай бөгөөд мэтгэлцээний талууд шүүхэд байр сууриа илэрхийлэх боломж нь тэнцүү хэмжээнд байж чадахгүй бол мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй байх үндэслэл болно.

 

Дээрх нөхцөл байдлаас харахад хариуцагч******* нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан, өөрийн өмгөөлөгчөөр Ц.Мөнх-Эрдэнэ намайг сонгож авсан, өмгөөлөгч миний хувьд хэргийн материалтай танилцаагүй бөгөөд энэ талаар үйл баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлээс харагдаж байна.

 

Ийнхүү хэргийн материалтай танилцаагүй байдал нь шүүх хуралдаанд өөрийн үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалан бүрэн мэтгэлцээн хийж оролцох боломжгүй байдалд хүргэсэн бөгөөд ингэснээр хариуцагчийн хууль зүйн туслалцаа авах эрх нь хүртэл зөрчигдсөн гэж харагдаж байна.

Түүнчлэн нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлохоор шүүх хуралдаанд шинээр 5 хуудас нотлох баримт гаргаж өгсөн бөгөөд хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс эдгээр баримттай танилцах, түүнтэй холбогдуулан тайлбар гаргах боломжийг шүүхийн зүгээс олгоогүй бөгөөд энэхүү байдал нь дээрх мэтгэлцэх зарчмыг хангаагүй, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т заасан "...нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно" гэх заалтыг зөрчсөн.

 

Ийнхүү хариуцагч талын хэргийн материалтай бүрэн танилцаж, тайлбар татгалзах гаргах эрхийг хязгаарласан, ийнхүү хязгаарласнаар зохигчид шүүхийн өмнө тэгш байдлаар мэтгэлцэх зарчмыг зөрчсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан "Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэх заалтыг зөрчсөн байна.

 

Шүүх хуралдаан 11 цаг 00 минутад эхэлсэн бөгөөд хариуцагчийн өмгөөлөгч миний хувьд шүүхийн байранд 10 цаг 55 минутад нэвтэрсэн нь шүүхийн харуулын "Шүүхэд нэвтэрсэн иргэдийн бүртгэл"-ийн 20 дугаарт "Ц.Мөнх-Эрдэнэ 3238" гэх бүртгэл нь хариуцагчийн өмгөөлөгч Ц.Мөнх-Эрдэнийн шүүхэд нэвтэрсэн цагийг илтгэж байна. Ингэснээр шүүх хуралдаан 11 цаг 00 минутад шүүх хуралдаан эхэлсэн ба хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хэлэлцэхээр шүүх хуралдаан завсарлаж, шүүх хуралдааныг 12 цаг 20 минутад үргэлжлүүлсэн ба хэргийг эцэслэн шийдвэрлэхэд 12 цаг 00 минут гэж тэмдэглэгдсэн зэрэг зөрчилтэй байгаа ба дээрх бүртгэлийн дэвтрийн хуулбарыг хавсарган хүргүүлэв.

 

Иймд Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 969 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Нэхэмжлэгч “Х банк” ХХК болон  Д.М нараас:

- Төв аймаг, Зуунмод сум, 1 дүгээр баг, 3 дугаар хороолол, Хөгжил хотхон 17-А тоотод байршилтай, 10*12 харьцаатай, 2 давхар хувийн сууц,

- Төв аймаг, Зуунмод сум, 3 дугаар хороолол, Хөгжил хотхон 17-А тоот хаягт байршилтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 200 м.кв талбай бүхий газар,

- Төв аймаг, Сэргэлэн сум, Баруун зуун модны ам, 1 дүгээр хэсэг, 1-2 тоотод байрлах,  гэр бүлийн хамтын хэрэгцээний  зориулалттай, 700 м.кв эзэмших эрхтэй газар,

- Төв аймаг, Сэргэлэн сум, 4 дүгээр баг, Эрдэнэ-Уул, Баруун зуун модны ам 1 дүгээр хэсэг, 1 гудамж, 2 тоотод байрлах 109 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө зэрэг хөрөнгүүдийг*******ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. 

 

Хариуцагч*******өөс “...Үлдэгдэл төлбөрөө үл хөдлөхөө зарж мөнгөн дүнд нь барагдуулна..., бидэнд цаг хугацаа хэрэгтэй байна. ...Хугацаан дээрээ бид тохирохгүй байгаа. 12 сарын хугацаа авч төлбөрийн нөхцөлөөр үл хөдлөх хөрөнгүүдээ чөлөөлнө гэсэн бодолтой байна. ...Хөрөнгүүдээ зараад банкны зээлийг барагдуулах гэхээр ковидоос болж зарагдахгүй байсан. Одоо 200 гаран сая төгрөгийн үлдэгдэлтэй байгаа“ гэсэн тайлбар гаргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгчийн “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай”  2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 737 дугаар захирамжаар төлбөрийг төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон,  барьцааны зүйл болох*******ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болон эзэмшлийн газрыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар  шийдвэрлэсэн байна. Шүүгчийн дээрх захирамжийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж үүрэг гүйцэтгэгч талууд төлбөр авагч талтай   хэлэлцэн зээлийн төлбөрт барьцааны хөрөнгүүдийг Банкны өмчлөлд шилжүүлэхээр  тохиролцож 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр төлбөр барагдуулах гэрээг байгуулжээ.

 

Уг гэрээний Дөрөв. Талуудын эрх үүрэг гэсэн хэсгийн 4.2-д заасан хүлээсэн үүргийнхээ дагуу үүрэг гүйцэтгэгч******* нь барьцааны зүйл болох өөрийн өмчлөлийн 

 

- Төв аймгийн Зуунмод сум, 1-р баг, Номт 3-р байр, 17А тоотод байрлах хувийн сууцны зориулалттай, гэрчилгээ 000546970 дугаартай, улсын бүртгэлийн Ү-1427002081 дугаарт бүртгэгдсэн, 240 мталбайтай үл хөдлөх эд хөрөнгийг,

 

- Төв аймгийн Сэргэлэн сум, 4-р баг, Эрдэнэ-Уул, Баруун Зуунмодны ам, 1-р гудамж, 2 тоотод байрлах, хувийн сууцны зориулалттай, гэрчилгээ 000546865 дугаартай, улсын бүртгэлийн Ү-1419000114 дугаарт бүртгэгдсэн, 109 мталбайтай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус “Х банк”-ны өмчлөлд шилжүүлж, хууль ёсны өмчлөгчөөр “Х банк” ХХК-г бүртгэж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд  2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр олгосон,  

 

- Төв аймгийн Зуунмод сум, 1-р баг, Номт 3-р хороолол, Хөгжил, 17-р байр, А тоот хаягт байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 18645287983809 нэгж талбарын дугаартай, гэрчилгээ 000593421 дугаартай, улсын бүртгэлийн Г-1427001274 дугаарт бүртгэгдсэн, 200 м2  талбай бүхий газрыг Д.Мын нэр дээр шилжүүлж, хууль ёсны өмчлөгчөөр Д.Мыг бүртгэж, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр,

 

- Төв аймгийн Сэргэлэн сум, 4-р баг, Баруун Зуунмодны ам, 1-р хэсэг, 1-2 тоотод байрлах, 4109041672 нэгж талбарын дугаартай, гэрчилгээ 000051893 дугаартай, улсын бүртгэлийн Э-1419001080 дугаарт бүртгэгдсэн, гэр бүлийн хэрэгцээний зуслангийн  зориулалттай, 699 мталбай бүхий газар  эзэмших эрхээ Д.Мд шилжүүлж,  2019 оны 12 дугаар сарын 9-ны өдөр  иргэний газар эзэмших эрхийн  гэрчилгээ олгогдож, газар эзэмшүүлэх гэрээ  байгуулагдсан байна. 

 

Дээрх нөхцөл байдлуудаас үзвэл төлбөр төлөгч нарын хүсэлтээр хариуцагч*******ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болон эзэмшлийн газрыг төлбөр авагч “Х банк” ХХК болон Д.М нарын өмчлөл, эзэмшилд  шилжүүлсэн, байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.

 

Үүнээс үзвэл үл хөдлөх хөрөнгө болон эзэмшлийн газар нэхэмжлэгч нарын өмчлөл, эзэмшилд хууль ёсны дагуу шилжин ирсэн, өмчлөх, эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг таслан зогсоолгож, уг саадыг арилгуулахаар шаардах эрхтэй.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.  

 

 Харин анхан шатны шүүх өмчлөгчийн шаардах эрхийн Иргэний хуулийн холбогдох  зохицуулалтыг зөв тайлбарлан тухайн маргаанд хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч газар эзэмших эрхийг хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг шаардах эрхийн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т заасан зохицуулалтыг хэрэглээгүй орхигдуулсныг давж заалдах шатны шүүх зөвтгөн өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

 

Хариуцагч******* нь өмгөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулж, өмгөөлөгч шүүх хуралдаан давхацсан гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гарсныг шүүх хүлээн авч шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулж, хурлын тов 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр товлогджээ.

 

Гэтэл өмгөөлөгч Ц.Мөнх-Эрдэнээс 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1100 цагт эхэлсэн шүүх хуралдаан дээр хэргийн материалтай танилцаагүй дахин  шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ хэргийн материалтай танилцсан  тухай баримт хэрэгт авагдсан /хх-77 тал/, хариуцагч болон түүний өмгөөлөгчийн хүсэлтээр 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр шүүх хуралдааныг хойшлуулснаас хойш дараагийн шүүх хуралдааныг товлосон 12 дугаар сарын 14-ны өдөр хүртэлх хугацаанд хэргийн материалтай танилцах, хуульд заасан эрхээ бүрэн хэрэгжүүлэх   боломжит хугацаа өнгөрсөн, шүүх хариуцагчийн өмгөөлөгчид хуульд заасан эрхийг эдлүүлэх хангалттай хугацаа тогтоож өгсөн байх тул талуудын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчим, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1., 25.1.2.,-д заасан эрхийг хөндсөн, хязгаарласан гэх байдал тогтоогдохгүй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулж, хариуцагч*******, түүний өмгөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын  давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг баримтлан ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 151/ШШ2021/00969 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4“ гэсний дараа “92 дугаар зүйлийн 92.1, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4” гэж нэмж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч*******, түүний өмгөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д хэсэгт зааснаар хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

                                                                                                  

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         М.МӨНХДАВАА

                        ШҮҮГЧИД                                         Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                                                  Т.ЭНХМАА