Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 393

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч    Т.Алтантуяа даргалж,

нарийн бичгийн дарга А.Арай,

улсын яллагч Д.Ганчимэг /томилолтоор/,

шүүгдэгч С.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 0000 овгийн С.С-д холбогдох эрүүгийн 00000000000 дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

С.С Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дугаар сарын 00 -ны өдөр 0000  суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөгжмийн удирдаач мэргэжилтэй, Орхон аймгийн 9 дүгээр цэцэрлэгт хөгжмийн багш ажилтай боловч 2018 оны 02 дугаар сарын 06-наас түр хугацаагаар чөлөө авсан гэх, ам бүл 5, эхнэр, 3-8 насны 3 хүүхдийн хамт амьдардаг,0000 тоотод байнга оршин суух, одоо Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Угсармалын 00 дугаар байрны 00 тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэл.

 

   Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга.

С.С нь 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Угсармалын 00 дугаар байрны 00 тоотод гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Ж.Б-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Нэг. Шүүгдэгч С.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Эхнэр Ж.Б бид хоёр 2017 оны 8 дугаар сараас хойш тусдаа амьдарч эхэлсэн. Тухайн үед Орхон аймгийн шүүхэд гэр бүл цуцлуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч 3 сарын эвлэрэх хугацаа өгсөн. Тэгээд шинэ жилээс хойш манай эхнэр бид хоёр эвлэрч, би ирж очин байдалтай байсан. Тухайн хэрэг гардаг өдрийн өмнө өдөр нь бид хоёр утсаар ярьж маргалдсан байсан. Тэгээд би эхнэрээсээ уучлалт гуйх зорилготой шөнөжин таксигаар яваад өглөө үүрээр Улаанбаатарт ирэхэд эхнэр намайг гэртээ оруулаагүй, чамаас сална, зайлаарай гэсэн. Тэгээд гэрийн үүдэнд зогсож байхад оюутан дүү нь хичээлдээ явахаар хаалгаа онгойлгоод гарч ирэхээр нь би зөрөөд гэрт нь орсон. Тэгтэл эхнэр Ж.Б гэрт орж ирлээ гэж уурлаад, гэрээсээ гар гэсэн, тэгээд “чамайг гарахгүй бол цагдаа дуудлаа шүү” гэж орилоод байхаар нь “би хөлдөж үхэх гэж байна, ядаж нэг аяга халуун цай өг л дөө” гээд хувцасаа тайлахад манай эхнэр утсаа аваад цагдаа дуудсан. Би цагдаа дуудахаар нь утсыг нь булааж авах гэхэд Ж.Б утсаа өгөхгүй гэж зүтгэж, доошоо тонгойгоод урагшаа унахдаа хана мөргөж унасан. Тухайн үед намайг гэрт оруулахгүй байсан шалтгаан нь уруу татдаг найз хүүхэн нь гэрт унтаж байсан юм байна лээ. Би яваад орвол мэдчихнэ гэж бодсон байх, тэд хамтдаа шоудсан байсан. Гэм буруугийн талаар маргахгүй гэв.

 

Хоёр. Эрүүгийн 0000000000  дугаартай хэргээс:

1.Хохирогч Ж.Б хэрэг бүртгэлтэд 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдөр мэдүүлсэн: “...2018 оны 02 дугаар сарын 06-ны өглөө 06 цагийн үед гэртээ байж байтал хүн хаалга тогшоод С хайр нь байнаа хаалгаа тайлаарай гэж 30 орчим минут хаалга тогшсон. Тэгтэл манайд байдаг оюутан дүү Б сургуульдаа явах гээд хаалга онгойлготол зөрж нөхөр С гэрт орж ирсэн. Гэрт орж ирээд халуун цай уумаар байна, даарч байна гээд цай уусан. С-ийг цай ууж байхад нь “чи гэрээс зайлаарай” гэсэн чинь “чамтай учраа олмоор байна чамайг хардаад хэцүү байна” гэж хэлсэн. Удалгүй намайг хэл амаар доромжлоод байхаар нь цагдаа дуудах гээд 102 руу залгаад байж байтал утас булаацалдаж байгаад намайг С шууд хана руу түлхэж унагаагаад би толгойгоор хана мөргүүлэн ухаан балартаж байхад утсыг минь гараас шүүрч авсан. Би С-ийг миний утсыг шүүрч авсны дараахан ухаан алдсан болохоор юу ч санахгүй байсан. Хэсэг хугацааны дараа би сэрээд утсаа авах гэтэл миний утсыг өгөхгүй байсан. 10-с 15 орчим минутын дараа цагдаа нар ирсэн. 2016 оны 03 дугаар сарын 7-ны шөнө 24 цагийн үед С гэрт согтуу ирээд намайг хардалтын улмаас үсдэж чирээд хана, шал мөргүүлсэн.  2012 онд гэрлэлтээ батлуулж хамтран амьдраад 6 жил болж байна. Хамтран амьдрахаас өмнө архи уудаг байсан. С архи уухаар ууртай ширүүн догшин авиртай. Эрүүл үедээ ийм зан авир огтхон ч гаргадаггүй. Би гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. Шүүх эмнэлэгт үзүүлнэ. ...” гэх мэдүүлэг [1],

-Хохирогч Ж.Б-ы хэрэг бүртгэлтэд 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр дахин мэдүүлсэн “...Би 2018 оны 06 дугаар сарын 06-ны өглөө 06 цагийн үед гэртээ гурван хүүхдийн хамт байж байтал нөхөр С Эрдэнэт хотод ажил хийж байгаад ирсэн. Ирэхдээ согтуу ирээд намайг бусадтай хардаж хэл ам хийгээд хэрүүл өдөөд байхаар нь би утсаа аваад цагдаа дуудна гэсэн чинь миний утсыг булаалцалдаж байхад намайг толгой нүүрээр ханын ирмэг мөргүүлээд миний утсыг булааж авсан. Духнаас цус гарч уруул хавдсан. Би цагдаад дуудлага өгөөд Сийг саатуулан цагдаад өргөдөл гаргаж шүүх эмнэлэгт үзүүлсэн, духандаа 2 оёдол тавиулсан. Нөхөр С намайг бусадтай хардаад байхаар нь би цагдаад дуудлага өгөх гээд гар утсаа гаргатал миний гар утсыг надтай булаацалдаж байх үедээ намайг түлхэн унагааж байгаад миний утсыг булааж авсан. Би унахдаа толгой нүүр хэсгээрээ ханын буланд цохигдож толгой хагарч уруул хавдсан. Тухайн үед манай төрсөн ах эхнэрийн хамт нөгөө өрөөнд унтаж байсан. Урьд өмнө ганц нэг маргалдаж байгаад алгадаж гар хүрч байсан. Тэгэхдээ гэмтэл учиртал зодож цохиж байгаагүй. Дээрхи гэмтлийг бол сүүлд надтай маргалдаж байх үедээ утас булаацалдаж байгаад хана мөргөж учруулсан гэмтэл байна. Хуучин гэмтэл нь 3-4 жилийн өмнө доод урууландаа цохиулж, тавхайн дээд хэсэгтээ маргалдаж байгаад модонд бүдэрч унаад оёдол тавиулсан гэмтэл байгаа юм. Би нөхөртэйгээ гэрлэлтээ батлуулаад 6 жил болж байна, дундаасаа 2 хүүхэдтэй хааяа архи уучихдаг, уусан үедээ агсам согтуу тавих гээд байдаг. Зан араншин эрүүлдээ муу зан байхгүй. Одоо бол архи уухаа больсон спрайл тавиулсан явж байгаа сүүлийн хоёр сар огт амсаагүй гар хүрээгүй муу зуршил байхгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийг хурдан шийдэж өгнө үү, шүүх хуралд оролцохгүй. ...” гэх мэдүүлэг [2],

 

2.Гэрч О.Б хэрэг бүртгэлтэд 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр мэдүүлсэн “...Би 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдөр нөхөр Ц-ын хамт Өвөрхангай аймгаас ирээд түүний төрсөн дүү Бы түрээсийн байранд ирж унтаж амарсан. Маргааш өглөө 06 цагийн үед дүүгийн нөхөр С гаднаас халамцуу байдалтай орж ирээд кордиорт гар утас булаацалдаад байх шиг байсан. Би яваад очсон чинь Б, С хоёр хэрэлдэж маргалдаж байгаад Б-ы толгойноос нь цус гарчихсан байдалтай байхаар нь нөхрийгөө дуудсан чинь Ц гарч ирээд тэр хоёрын дундуур орж салгасан. Б цагдаа дуудаад удалгүй цагдаа нар ирээд С-ийг авч явсан. Тэр хоёр юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна. Б цагдаа дуудах гэхэд нь утсыг нь булаацалдаж байгаад Б-ыг хана мөргүүлчихсэн гэж байсан, намайг очиход Б-ы духнаас цус гарчихсан өөр гэмтэл бэртэл байхгүй байсан. С бол дөлгөөн цагаан зантай залуу байгаа юм. Урьд нь хааяа нэг архи уудаг байсан одоо код тавиулаад архи уухаа байсан.  ...” гэх мэдүүлэг [3],

 

3.Гэрч Ж.Ц-ын хэрэг бүртгэлтэд 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр мэдүүлсэн “...Би 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдөр эхнэр Б- ын хамт Өвөрхангай аймгаас ирээд төрсөн дүү Б-ы түрээсийн байранд ирж унтаж амарч байтал, маргааш өглөө нь 06 цагийн үед манай хүргэн С гаднаас халамцуу байдалтай орж ирээд Эрдэнэт хотод ажил хийж байгаад ирлээ гэж байсан. Ирэхдээ  халамцуу байдалтай орж ирсэн. Эхнэр Б-тай маргалдаж хоорондоо утас булаацалдаж байгаад Б-ыг толгойгоор нь хана мөргүүлчихсэн байсан. Б-ы духнаас цус гарчихсан байдалтай, удалгүй цагдаа ирээд С-ийг авч явсан. Б-ы духнаас цус гараад байхаар нь түргэн дуудаж духанд нь оёдол тавиад явсан. Б цагдаа дуудах гэхэд нь нөгөөдөх нь утсыг нь булаацалдаж авах гэж байгаад Б-ыг хана мөргүүлчихсэн байсан. С.С бол ааш зан сайтай залуу байгаа юм. Урьд нь хааяа нэг архи уудаг байсан, одоо код тавиулаад архи уухаа байсан. ...” гэх мэдүүлэг [4],

 

4.С.С-ийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн “...Би 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн өглөө Эрдэнэт хотоос эхнэр, хүүхэд дээрээ ирсэн. Эрдэнэт хотод байхдаа эхнэр Б-тай утсаар хэрүүл маргаан болсон чинь эхнэр утсаа хаагаад ярихгүй байсан, Facebook-ээр хүртэл намайг блок хийчихсэн. Би тэгээд эхнэртэйгээ эвлэрэхээр Эрдэнэт хотоос шөндөө гараад өглөө 06 цагийн үед гэртээ ирсэн. Хаалгаа тогшсон эхнэр хаалга тайлж өгөхгүй байсан. Хаалганы цаанаас уучлалт гуйгаад орох гэтэл оруулаагүй, цагдаа дуудна гээд байсан. Тэгсэн хамт амьдардаг оюутан залуу гэрээс гарах үед нь би зөрөөд орсон чинь эхнэр өөдөөс хөөж туугаад байснаа цагдаа дуудлаа гээд утсаараа залгаад яриад байхаар нь би утсыг нь авах гэтэл өгөхгүй гэж булаацалдаж надтай маргалдаж байгаад утсыг нь автал урагшаа ханын булан нүүрээрээ мөргөж унаад духаа хагалж, уруулаа мөн цохичихсон. Удалгүй цагдаа нар ирээд намайг авч явсан. Би урьд нь гэр бүлийн маргаанаас болж маргалдаж ам зөрж байсан удаа байгаа, тэрнээс цохиж зодож гэмтэл учруулж байгаагүй. Эхнэр Б надтай холбоотой суудлаар цагдаагийн байгууллагад хандаж байсан удаа байхгүй. Дух, урууланд учирсан гэмтлийг надтай маргалдаж утас булаацалдаж байх үедээ хана мөргөж унаад гэмтсэн гэмтлүүд байна. Баруун тавхайн дээд хэсэгт сорви нь хоёр жилийн өмнө цагаан сараар манай ах гэрт агсам тавьж байгаад аяга таваг хагалж шидсний улмаас болгоомжгүйгээр учирсан хуучин гэмтэл байна. Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг [5],

 

5.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн 0000 тоот:

Хэсэг газрын үзлэгт: Духны зүүн дээд хэсэгт 1.5 см мэс заслын оёдол бүхий
шархтай, дээд уруулын зүүн талд 1x0.1см хөхөлбөр ягаан, дотор салст зүүн 1-3-р
шүдний харалдаа хүрэн улаан өнгийн цус хуралттай. Доод уруулын баруун хэсэгт
цайвар цагаан, баруун тавхайн гадна хэсэгт 6 см цагаан хуучин сорвитой, Биед өөр ил
харагдах гэмтэлгүй.

ДҮГНЭЛТ:

1, 2, 3. Ж.Б-ы биед духанд шарх, уруулын дээд хэсэг, дотор салстад цус хуралт бүхий шинэ, доод уруул, баруун тавхайд сорви хуучин гэмтэл тогтоогдлоо.

4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

5.6.Дээрх духны шарх, уруулын дээд хэсэг, дотор салстын цус хуралт гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

7.8.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийгтүр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтлүүд нь учрах үедээ амь насанд аюул учруулахгүй.

9.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. ...” /шинжээч Н.Туяа/ гэх дүгнэлт [6]

 

6. С.С, Ж.Б нарын гэрлэлт бүртгэлийн лавлагаа [7], аюулын зэргийн үнэлгээ [8], гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт [9], Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл [10],

 

7. Шүүгдэгч С.С-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа [11], түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас[12], асап сангийн лавлагаа [13], Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 191 дугаар шийтгэх тогтоолын хуулбар[14], Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол, Орхон аймгийн 9 дүгээр цэцэрлэгийн “С.С нь 2016 оны 1 дүгээр сарын 5-наас тус цэцэрлэгт ажиллаж байгаа тухай тодорхойлолт” ,[15] С.Сийн хувийн байдлыг тодруулсан баримтууд [16] зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүх хуралдаанд хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлтийг талууд гаргаагүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад С.С нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 50 дугаар тогтоолоор шийдвэрлэж, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар бичсэн саналаа буюу 1000 нэгжээр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг яллагдагчид 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр танилцуулж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.

 

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

1.Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч С.С нь 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдөр, өглөө 06 цагийн орчим гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас эхнэр Ж.Б-тай маргалдаж, улмаар “цагдаа дуудах гэлээ” гэх шалтгаанаар Ж.Б-ы гар утсыг булааж авах үйлдэл хийхдээ түүнийг түлхэж хана мөргүүлэн хохирогчийн биед духанд шарх, уруулын дээд хэсэг, дотор салстад цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

-Хохирогч Ж.Б хэрэг бүртгэлтэд 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдөр мэдүүлсэн “...2018 оны 02 дугаар сарын 06-ны өглөө 06 цагийн үед гэртээ байж байтал хүн хаалга тогшоод С хайр нь байнаа хаалгаа тайлаарай гэж 30 орчим минут хаалга тогшсон. Тэгтэл манайд байдаг оюутан дүү сургуульдаа явах гээд хаалга онгойлготол нөхөр С гэрт зөрж орж ирсэн. Би “чи гэрээс зайлаарай” гэсэн чинь “чамтай учраа олмоор байна, чамайг хардаад хэцүү байна” гээд, намайг хэл амаар доромжлоод байхаар нь цагдаа дуудах гээд 102 руу залгаж байтал утас булаацалдаж намайг С шууд хана руу түлхэж унагаагаад би толгойгоороо хана мөргүүлсэн....” гэх мэдүүлэг [17],

-Хохирогч Ж.Б-ы хэрэг бүртгэлтэд 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр дахин мэдүүлсэн: “...С Эрдэнэт хотод ажил хийж байгаад ирэхдээ согтуу ирээд намайг бусадтай хардаж, хэл ам хийгээд хэрүүл өдөөд байхаар нь би утсаа аваад цагдаа дуудна гэсэн чинь миний утсыг булаалцалдаж байх хооронд намайг толгой нүүрээр хана мөргүүлээд миний утсыг булааж авсан, духнаас цус гарч уруул хавдсан.  ...духандаа 2 оёдол тавиулсан. С намайг бусадтай хардаад байхаар нь би цагдаад дуудлага өгөх гээд гар утсаа гаргатал миний гар утсыг надтай булаацалдаж байх үедээ намайг түлхэн унагааж байгаад миний утсыг булааж авсан, би унахдаа толгой нүүр хэсгээрээ ханын буланд цохигдож толгой хагарч уруул хавдсан. ...Би нөхөртэйгээ гэрлэлтээ баталуулаад 6 жил болж байна. ...” гэх мэдүүлэг [18],

-Гэрч О.Б-ын хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн “...өглөө 06 цагийн үед дүүгийн нөхөр С гаднаас халамцуу байдалтай орж ирээд кордиорт гар утас булаацалдаад байх шиг байсан, би яваад очсон чинь Б, С хоёр хэрэлдэж маргалдаж байгаад Бы толгойноос нь цус гарчихсан байдалтай байсан. ...Б цагдаа дуудах гэхэд нь утсыг нь булаацалдаж байгаад Б-ыг хана мөргүүлчихсэн гэж байсан, намайг очиход Б-ы духнаас цус гарчихсан байсан....” гэх мэдүүлэг [19],

-Гэрч Ж.Ц-ын хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн “...өглөө 06 цагийн үед хүргэн С гаднаас халамцуу байдалтай орж ирээд ...эхнэр Б-тай маргалдаж хоорондоо утас булаацалдаж байгаад Быг толгойгоор нь хана мөргүүлчихсэн, Б-ы духнаас цус гарчихсан байдалтай байсан. Б-ы духнаас цус гараад байхаар нь түргэн дуудаж духанд нь оёдол тавиад явсан. ...” гэх мэдүүлэг [20],

-С.С-ийн хэрэг бүртгэлтэд яллагдагчаар мэдүүлсэн “...Би 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн өглөө Эрдэнэт хотоос эхнэр хүүхэд дээрээ ирсэн. ...06 цагийн үед гэртээ ирээд хаалгаа тогшсон эхнэр хаалга тайлж өгөхгүй, гуйгаад орох гэтэл оруулаагүй цагдаа дуудна гээд байсан. Тэгсэн хамт амьдардаг оюутан залуу гэрээс гарах үед нь би зөрөөд орсон чинь эхнэр өөдөөс хөөж туугаад, цагдаа дуудлаа гээд үтсаараа залгаад яриад байхаар нь би утсыг нь авах гэтэл өгөхгүй гэж булаацалдаж надтай маргалдаж байгаад утсыг нь автал урагшаа ханын булан нүүрээрээ мөргөж унаад духаа хагалж уруулаа мөн цохичихсон. ...Дух, урууланд учирсан гэмтлийг надтай маргалдаж утас булаацалдаж байх үедээ хана мөргөж унаад гэмтсэн гэмтлүүд байна. ...” гэх мэдүүлэг [21], Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн 0000  тоот дүгнэлт [22], аюулын зэргийн үнэлгээ [23], гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ[24], Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл[25] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч С.С-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас үзвэл тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь эр эмийн хардалт, гэр бүлийн таарамжгүй харилцаа, мөн шүүгдэгч С.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг зэрэг шалтгаанаас болсон байна.

Шүүгдэгч С.С, хохирогч Ж.Б нар нь 2012 онд гэр бүл болж, Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэрлэлтээ бүртгүүлсэн эхнэр, нөхөр болох нь гэрлэлт бүртгэлийн лавлагаа [26], хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон.

 “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд эхнэр, нөхөрийг гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд хамааруулан ойлгохоор заасан, түүнчлэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилсан.

Иймд шүүгдэгч С.С нь эхнэр Ж.Б-ыг 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байх тул тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн тухай.

Шүүгдэгч С.С нь хохирогч Ж.Б-ы бие махбодид хөнгөн хохирол учруулсан байх боловч хохирогч Ж.Б нь хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй, мөн хохирогчийн хүсэлтэд хохиролд маргаан байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх  [27] тул хохирогч Ж.Б нэхэмжлэх зүйлгүй гэснийг тогтоолд дурдав.

 

2. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч С.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч С.С-ээс миний бие өөр байгууллагад ажиллахаар ярилцаж, тус ажил нь удахгүй эхлэх гэж байгаа тул торгуулын ял оноож өгнө үү, прокурорын шатанд торгуулын ялыг зөвшөөрсөн хэдий боловч торгуулын хэмжээг багасгаж өгнө үү гэж мэтгэлцсэн.

Шүүхээс шүүгдэгч С.С-т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй гэж заасан ба шүүгдэгч С.С нь дээр дурдсан шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг эдэлж дуусгавар болсон байх тул түүнд  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд дээрх нөхцөл байдлаар эрх зүйн байдлыг нь дордуулах үндэслэлгүй байна.

Шүүхээс шүүгдэгч С.С-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зарим хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх талаар заасан ба уг зүйлийн 8 дахь хэсэгт  “шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан.

Иймд шүүгдэгч С.С нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, мөн  шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлогыг харгалзан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын шүүхэд ирүүлсэн саналыг хүрээнд бус, саналыг харгалзан шүүгдэгч С.С-ийг 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хугацааг тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлаж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч С.С нь гэмт хэрэг үйлдэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хэргийн үйл баримтаар архийг удаан хугацаагаар хэрэглэж байгаа, мөн гэр бүлийн таарамжгүй харилцаатай зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулсан эрүүгийн хариуцлага дээр нэмж мөн зүйлийн 1.1 дэх заалтад заасан албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэн Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлд заасан “зан үйлээ засах сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэж, “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авахаар шийдвэрлэв.

 

3. Бусад асуудлын талаар.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдаж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, С.С-ийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 5, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч С.С-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.С-ийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сар буюу 120 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгохыг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг С.Ст мэдэгдсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Ст мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “зан үйлээ засах сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг торгох ялыг биелэгдэж дуусах хүртэл хугацаагаар авсугай.

 

5.Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  С.С нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Ж.Б нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч С.С-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд С.С-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА

 


[1] хавтаст хэргийн 9 дүгээр тал.

[2] хавтаст хэргийн 13-14 дүгээр тал.

[3] Хавтаст хэргийн 21 дүгээр тал.

[4] Хавтаст хэргийн 22 дугаар тал.

[5] Хавтаст хэргийн 26-27 дугаар тал.

[6] Хавтаст хэргийн 17 дугаар тал.

[7] Хавтаст хэргийн 29 дүгээр тал.

[8] Хавтаст хэргийн 30-31 дүгээр тал.

[9] Хавтаст хэргийн 41-45 дугаар тал.

[10] Хавтаст хэргийн 46-47 дугаар тал.

[11] Хавтаст хэргийн 28 дугаар тал.

[12] Хавтаст хэргийн 56 дугаар тал.

[13] Хавтаст хэргийн 32-35 дугаар тал.

[14] Хавтаст хэргийн 58-59 дүгээр тал.

[15] Хавтаст хэргийн 49 дүгээр тал.

[16] Хавтаст хэргийн 50-55 дугаар тал.

[17] хавтаст хэргийн 9 дүгээр тал.

[18] хавтаст хэргийн 13-14 дүгээр тал.

[19] Хавтаст хэргийн 21 дүгээр тал.

[20] Хавтаст хэргийн 22 дугаар тал.

[21] Хавтаст хэргийн 26-27 дугаар тал.

[22] Хавтаст хэргийн 17 дугаар тал.

[23] Хавтаст хэргийн 30-31 дүгээр тал.

[24] Хавтаст хэргийн 41-45 дугаар тал.

[25] Хавтаст хэргийн 46-47 дугаар тал.

[26] Хавтаст хэргийн 29 дүгээр тал.

[27] Хавтаст хэргийн 64 дүгээр тал.