Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 110/ШШ2026/0041

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  Ерөнхий шүүгч С.Еркеш даргалж,  тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: А.С,

            Нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч: Е.М,

            Хариуцагч: Баян-Өлгий аймгийн  Засаг дарга, 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.М  нарын  хоорондын  байгууллагын бүтэц, орон тоо баталсан шийдвэртэй холбоотой   маргааныг хянан  хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.С, нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Е. Малик,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  А.Алсу нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

1. Нэхэмжлэгч А. С нь  Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Худалдан авах ажиллагааны газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/799 дүгээр захирамж  хууль бус байсан болохыг тогтоох, 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/09 дүгээр “Худалдан авах ажиллагааны газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай”   захирамжийг хүчингүй болгож, аймгийн Худалдан авах ажиллагааны газрын бүтэц, орон тоонд дотоод хяналт, шалгалт хариуцсан мэргэжилтний орон тоог нэмж тус газрын бүтэц, орон тоог  дахин батлахыг даалгах”-аар маргаж байна.

Нэхэмжлэгч анх “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Худалдан авах ажиллагааны газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/799 дүгээр захирамж хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох”  шаардлагатай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Худалдан авах ажиллагааны газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/799 дүгээр захирамжийн А.Ст холбогдох хэсэг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, Баян-Өлгий аймгийн Засаг даргын  2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/09 дүгээр захирамжийн худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэнд холбогдох хэсэг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, Худалдан авах ажиллагааны газрын бүтэц, орон тоонд дотоод хяналт, шалгалт хариуцсан мэргэжилтний орон тоог нэмж батлахыг даалгах”  гэж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж тодруулсан.

Мөн нэхэмжлэлийн 2 дах шаардлагаа  “Баян-Өлгий аймгийн Засаг даргын  2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/09 дүгээр захирамж хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, Худалдан авах ажиллагааны газрын бүтэц, орон тоог дахин батлахыг даалгаж,тус бүтэц,  орон тоонд дотоод хяналт, шалгалт хариуцсан мэргэжилтний орон тоог нэмж батлахыг даалгах” гэж ихэсгэсэн, улмаар шүүх хуралдаанд “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Худалдан авах ажиллагааны газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/799 дүгээр захирамж  хууль бус байсан болохыг тогтоох, 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/09 дүгээр “Худалдан авах ажиллагааны газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай”   захирамжийг хүчингүй болгож, аймгийн Худалдан авах ажиллагааны газрын бүтэц, орон тоонд дотоод хяналт, шалгалт хариуцсан мэргэжилтний орон тоог нэмж тус газрын бүтэц, орон тоог  дахин батлахыг даалгах” гэж эцсийн байдлаар тодорхойлсон болно.

             2. Нэхэмжлэгчийн  ажиллаж байсан аймгийн Худалдан авах ажиллагааны газрын дотоод хяналт, шалгалт хариуцсан мэргэжилтний орон тоо нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Худалдан авах ажиллагааны газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/799 дүгээр захирамжаар  тус газрын бүтэц, орон тоонд батлагдаагүй  буюу хасагдсан байна. 

              3. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Худалдан авах ажиллагааны газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/799 дүгээр захирамжаар дотоод хяналт, шалгалт хариуцсан мэргэжилтний орон тоо хасагдсан  гэсэн үндэслэлээр аймгийн Худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгч А.Ст үүрэгт ажлаас чөлөөлөх мэдэгдэл хүргүүлснээр нэхэмжлэгч  бүтэц, орон тоо баталсан  дээрх шийдвэрийг  эс зөвшөөрч 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд  нэхэмжлэл гаргажээ. 

  4. Нэхэмжлэгч А.С нь  нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан, ихэсгэсэн  хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

“Миний бие А.С төрийн албанд өөрийн мэдлэг, ур чадвараараа шатлан дэвшин, бүх босгыг нь давж мерит зарчмаар нарийн бичгээс мэргэжилтэн хүртэл шалгалтад орж, хоёргүй сэтгэлээр зүтгэн 13 дахь жилдээ тасралтгүй ажиллаж байгаа жирийн нэг төрийн жинхэнэ албан хаагч байна.

Миний бие 2013 онд Эрүүл мэндийн газраас зарласан бичиг хэргийн ажилтан сонгон шалгаруулж авах сонгон шалгаруулалтад 54 хүнтэй өрсөлдөн нэгдүгээр байр эзэлж, 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөр томилогдон ажиллаж байгаад, 2024 оны 01 дүгээр сард Сагсай сумын Засаг даргын Тамгын газраас зарласан хүнс, жижиг дунд үйлдвэр, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтний сул орон тоонд тусгай шалгалтад орж өндөр оноо авч, 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөр томилогдон ажиллаж байгаад, аймгийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/22 дугаар тушаалаар тус газрын дотоод хяналт, шалгалт хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байна.

Аймгийн Худалдан авах ажиллагааны газрын бүтэц, зохион байгуулалтын жишиг загварыг Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2023 оны А-1/4038 тоот албан бичгээр батлаад ирүүлэхдээ “дотоод хяналт, шалгалтын мэргэжилтэн” гэж тусад нь үндсэн орон тоогоор батлаад, Төрийн албаны зөвлөлөөс албан тушаалын тодорхойлолтыг баталж ирүүлсэн болно.

Тодруулбал, Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А-1/489 тоот албан бичигт “...тус газрын бүтэц, орон тоог батлахдаа орон нутгийн онцлог, эдийн засгийн цар хүрээнээс хамааруулан худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтний орон тоог нэмэгдүүлж болох бөгөөд бусад төрийн захиргааны албан тушаалын орон тоог нэмэгдүүлэхгүй, шинээр албан тушаал бий болгохгүйгээр, батлагдсан албан тушаалын тодорхойлолтоос холбогдох тодорхойлолтыг хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн дагуу батлах, зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх” гэж аймгийн Худалдан авах ажиллагааны газрын бүтэц, орон тооны талаар тодорхой дурдсан байхад аймгийн Засаг дарга үүнийг харгалзахгүйгээр маргаан бүхий дотоод хяналт, шалгалтын мэргэжилтний орон тоог үндэслэлгүй хасаж баталж, миний хөдөлмөрлөх эрхийг ноцтойгоор зөрчсөн болно.

Мөн аймгийн Засаг дарга 2025 оны А/799 дүгээр захирамжид Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 4 дүгээр албан даалгаврыг баримталсан боловч Монгол Улсын Их Хурлаас улсын хөгжлийн төлөвлөгөөг батлахдаа төрийн албан хаагчдын тоог 9 хувиар цомхотгохоор тусгагдсаны дагуу Ерөнхий сайдын 2025 оны 4 дүгээр албан даалгавар гарч "Төрийн чиг үүргийн давхардлыг арилгах, удирдах албан тушаалтны орон тоог бууруулах арга хэмжээ авч, орон тоо нэмэгдүүлэх шийдвэр гаргахгүй байх, тэтгэвэр тогтоолгож чөлөөлөгдсөн ажилтан, албан тушаалтны орон тоо болон сул орон тоог царцаах, нөхөн томилгоо хийхгүй байх", мөн “Төрийн албаны тухай хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албан хаагчдыг төрийн албанаас чөлөөлөхгүй, халахгүй, хуулиар чиг үүрэгт нь өөрчлөлт ороогүй тохиолдолд төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод өөрчлөлт оруулахгүй байх"-аар тус тус чиглэл болгосон.

Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т "Төрийн албаны зардлыг бууруулах талаар төрөөс авах арга хэмжээ нь төрийн албан хаагчид олгох цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, тэтгэвэр, тэтгэмж болон бусад төлбөрийн хэмжээг бууруулах, түр буюу бүрмөсөн зогсоох үндэслэл болохгүй.", 49 дүгээр зүйлийн 49.1-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно”, 62 дугаар зүйлийн 62.1.1-т “төрийн жинхэнэ албан хаагч энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх” тухай тус тус заасан.

Гэтэл дээрээс төсвөө хасаж танасан, төсөв хүрэлцэхгүй гэх шалтгаанаар чиг үүргийн давхардалгүй жирийн төрийн захиргааны албан хаагчийг цомхотгол нэрийн доор ажлаас нь чөлөөлөхөөр болж байна. Дотоод хяналт, шалгалт хариуцсан мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтод дүн шинжилгээ хийж бусад мэргэжилтнүүдийн албан тушаалын тодорхойлолтын чиг үүрэгтэй харьцуулж үзэхэд ямар ч чиг үүргийн давхардал байхгүй, Засгийн газраас гаргасан шийдвэрт чиг үүргийн давхардалтай албан хаагчдыг цомхотгоно гэсэн боловч тус чиглэл нь манай аймагт яаж хэрэгжиж байгаад нь гайхаж байна. Түүнчлэн 13 орон тоотой ажиллаж байсан Худалдан авах ажиллагааны газраас 7 ажилтныг цомхотгохоор Захиргааны ерөнхий хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу мэдэгдэх хуудас өгсөн ба үүнээс зөвхөн миний бие Төрийн албаны тухай хуулийн 22, 25, 27 дугаар зүйлд заасан төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт өгч зохих шалгуур шаардлагыг хангаж, тангараг өргөн төрийн албанд томилогдсон төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд бусад нь төрийн үйлчилгээний албан хаагч болно.

Иймд аймгийн Худалдан авах ажиллагааны газрын дотоод хяналт, шалгалт хариуцсан мэргэжилтний орон тоог ямар ч үндэслэлгүйгээр хассан аймгийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 24-ний А/799 дүгээр захирамж нь Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 4 дүгээр албан даалгавар, Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А-1/489 тоот албан бичгээр ирүүлсэн чиглэлийг тус тус зөрчсөн, илт хууль бус шийдвэр болох нь дээрх байдлаар тогтоогдож байгаа бөгөөд төсөв хүрэлцэхгүй, орон нутгаас төсөв нэмэх боломжгүй гэх шалтгаанаар төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас нь чөлөөлөх болсон нь хууль зөрчсөн, цомхотголыг хуульд заасны дагуу явуулахгүй байгаа үйлдэл гэж үзэж байна. 

Миний ажиллаж байгаа дотоод хяналт, шалгалт хариуцсан мэргэжилтний орон тоог хасаж баталсан аймгийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Худалдан авах ажиллагааны газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/799 дүгээр захирамжийг үндэслэн аймгийн Худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Н 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр сонсох ажиллагаа явуулж, намайг орон тооны цомхотголоор мөн оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлөхийг бичгээр мэдэгдсэн.Өөрөөр хэлбэл, аймгийн Засаг даргын дээрх А/799 тоот захирамж буюу илт хууль бус шийдвэр үйл ажиллагааны улмаас миний бие орон тооны цомхотголоор албан тушаалаас чөлөөлөгдөх болж эрх, хууль ёсны ашиг сонирхол маань ноцтойгоор зөрчигдөж байна.

Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 -т “Энэ хуулийн 80.1.4, 80.1.5, 80.1.6-д заасан болон аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно” гэж тодорхой заасан бөгөөд миний бие жирэмсэн гэдгээ байгууллагын хүний нөөц болон даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчид 10 дугаар сарын 24-ний өдөр буюу сонсох ажиллагаа хийгдэхээс өмнө мэдэгдсэн боловч үүнийг үл тоож, ажлаас халах мэдэгдэх хуудас өгч намайг сэтгэл санааны хямралд оруулсны улмаас миний бие зулбахыг завдах оношоор нэг удаа эмчийн магадалгаагаар 5 хоног эмчийн хяналтын дор гэрийн нөхцөлд эмчилгээ хийлгэж, дараа нь нэг удаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн болно.

Гэтэл аймгийн Засаг дарга болон аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч нар эдгээр нөхцөл байдлыг харгалзахгүйгээр дээрх хууль тогтоомжийг ноцтой зөрчин эсрэгээрээ намайг жирэмсэн гэдгээр ялгаварлан гадуурхах байдлаар намайг шууд орон тооны цомхотголд оруулсанд гомдолтой байна.

Түүнчлэн миний бие 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр аймгийн Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/09 дүгээр захирамжаар  Худалдан авах ажиллагааны газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан болохыг мэдсэн. Тус бүтэц, орон тоогоор “худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн”-ий орон тоог нэмж баталсан байх бөгөөд тус төрийн захиргааны албан тушаал нь угтаа бол Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А-1/4038 дугаартай албан тоотын хавсралтад заасан аймгийн Худалдан ажиллагааны газрын бүтэц, орон тооны жишгийн дагуу байх ёстой юм. 

Иймд миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Малик шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: 

“Нэхэмжлэгч А.Сыг Худалдан авах ажиллагааны газрын даргын 2024 оны 10  дугаар сарын 18-ны өдрийн Б/22 дугаар тушаалаар тус газрын дотоод хяналт, шалгалт хариуцсан мэргэжилтнээр томилсон байдаг. Үүний дараа буюу 2025 оны 10 дугаар сард А/799 дүгээр захирамжаар Худалдан авах ажиллагааны газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлахдаа А.Сын ажиллаж байсан дотоод хяналт шалгалт хариуцсан мэргэжилтний  орон тоог хасаж баталсан учраас ажлаас чөлөөлөгдсөн байгаа.  

Тухайн А/799 дүгээр захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2023 оны А-1/4038 тоот албан бичгээр аймгийн Худалдан авах ажиллагааны газрын жишиг орон тоог баталсан байдаг. Энэ дээр дотоод хяналт шалгалт хариуцсан мэргэжилтний албан тушаал байдаг. Өөрөөр хэлбэл, А/799 дүгээр захирамжаас өмнөх захирамж дээр мөн байх ёстой хэмээн тайлбарладаг. Яагаад гэвэл Сагсай сумын Засаг даргын Тамгын газарт ажиллаж байх хугацаанд Төрийн албаны салбар зөвлөлөөс тухайн орон тоог сул орон тоо гэж зарласан, захиалга өгснийх нь дараа шилжиж ирсэн асуудал байгаа. Энэ талаар нотлох баримт хавтаст хэрэгт  авагдсан, мөн Худалдан авах ажиллагааны газрын даргаар ажиллаж байсан Т.Нын гэрчийн мэдүүлэг дээр тодорхой дурдсан байдаг.

 Улсын Их Хурлаас улсын хөгжлийн төлөвлөгөөг батлахдаа төрийн албан хаагчдын тоог 9 хувиар цомхотгохоор тусгагдсаны дагуу Ерөнхий сайдын 2025 оны 04 дүгээр албан даалгавар гарсан байдаг. Хариуцагч хамгийн анхны татгалзал дээр энэ талаар дурдаж, бид нар  төрийн албан хаагчдын орон тоо 9 хувиар цомхотгох албан шаардлага ирснийх нь дагуу маргаан бүхий орон тоог цомхотгосон гэж тайлбарладаг. Бодит байдал дээр тухайн 4 дүгээр албан даалгаварт яг ажиллаж байсан албан хаагчдын орон тоог бууруулах тухай биш, харин чиг үүргийн давхардлыг арилгах,  удирдах албан тушаалтны орон тоог бууруулах, цаашид орон тоо нэмэгдүүлэхгүй байх шийдвэр гаргах тухай заасан байдаг.

Бид нарын хувьд бас нэг шаардах эрхийн үндэслэл болж байгаа зүйл нь төлөөлүүлэгч этгээд маань анх А/799 дүгээр захирамж гарах үед 7-8 сартай жирэмсэн байсан. Энийг тухайн бүтэц, орон тоог хасах үед болон түүнтэй холбоотойгоор чиг үүргийн шинжилгээ хийхэд анхаарч үзээгүй. Тухайн орон тоон дээр сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилогдоод ажиллаж байсан,  мөн жирэмсэн байсан, жишиг бүтэц, орон тоон дээр тухайн албан тушаал нь зайлшгүй шаардлагатай албан тушаалын жагсаалтад байгаа учраас тухайн орон тоог хасах ёсгүй байсан гэж үзэж байгаа.

А/09 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай  нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тайлбарлавал хариуцагч хамгийн анхны нэмэлт тайлбар дээр бид нар Худалдан авах ажиллагааны газрын бүтэц, орон тоог нэмэх боломжгүй, яагаад гэвэл Ерөнхий сайдаас ирүүлсэн даалгаврын хүрээнд нэмэлт бүтэц, орон тоо батлах боломжгүй гэсэн. Мөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг үндэслэл болгосон хэмээн тайлбарладаг боловч он гарсны дараа буюу бид нар шүүхээс маргаантай явж байх хугацаанд дахин Худалдан авах ажиллагааны газрын бүтэц, орон тоог баталсан. Ингэхдээ худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтний 2 орон тоог  нэмж баталсан байдаг. Харин жишиг орон тоон дээр байсан дотоод хяналт шалгалт хариуцсан мэргэжилтний орон тоог нэмж батлаагүй. Хэрвээ хариуцагч байгууллагын хамгийн анхны татгалзал нь үнэхээр үндэслэлтэй байсан бол дахиж нэмэлт орон тоо батлахгүй байх байсан юм. Харин цаашдаа орон тоог нэмэгдүүлэх боломж нь байгаа учраас дахиж 01 дүгээр сард орон тоо баталсан гэж үзэж байгаа.

 А/799 дүгээр захирамж болон А/09 дүгээр  захирамжуудад хоёуланд нь  маргаж байгаа бас нэг шалтгаан нь Төрийн худалдан авах ажиллагааны газрын жишиг бүтэц, орон тоонд дотоод хяналт, шалгалт хариуцсан мэргэжилтний орон тоо нь заавал байх ёстой. 

Хариуцагчийн 2 дахь татгалзал нь дотоод хяналт шалгалт хариуцсан мэргэжилтний орон тоо шаардлагагүй, үүнтэй холбоотой ажлыг нь төрийн аудитаас болон аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, дотоод хяналт шалгалт хариуцсан газраас ч юм уу, өөр байгууллагуудаар чиг үүргийг нь хэрэгжүүлэх боломжтой хэмээн тайлбарладаг хэдий ч тухайн байгууллагуудаас ч гэсэн, хавтаст авагдсан тайлбаруудаас харахад тухайн байгууллагууд нь Худалдан авах ажиллагаатай холбоотой санхүүгийн тайлан дээр буюу санхүүгийн баримт дээр хяналт хийдэг. Тухайн худалдан авах ажиллагаа нь өөрөө бодит байдал дээр үйл ажиллагаа нь шударга ёсны зарчмын үндсэн дээр сонгон шалгаруулалт нь явагдаж байна уу гэх асуудлыг нь хянадаггүй. Энийг нь дотоод хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн хянадаг юм. Энэ дээр нь чиг үүргийн давхардал байхгүй юм хэмээн үзэж байгаа.  

Мөн чиг үүргийн шинжилгээ хийсэн 2 баримтад хоёуланд нь дотоод хяналт шалгалт хариуцсан мэргэжилтний албан тушаалын ажлын ачаалал бага байдаг хэмээн тайлбарлаж байгаа хэдий ч өнөөдрийн бид нарын шүүхэд гаргаж өгсөн 2024-2025 онуудын гүйцэтгэлийн ажлын төлөвлөгөө зэрэг баримтуудаар тухайн мэргэжилтний орон тоо шаардлагатай бөгөөд  хийх ажилтай, чиг үүргийн давхардалгүй болох нь харагдаж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

5.Хариуцагч аймгийн Засаг дарга  хариу тайлбартаа:

“Засгийн газрын 2025 оны 03 дугаар албан даалгаврын 1.2-т "Харьяа байгууллага, хуулийн этгээдийн хэмжээнд сахилга, хариуцлагыг чангатгаж, төсвийн үр ашиггүй зардлыг танан, хэмнэлтийн горимыг чанд мөрдөх, бүтэц, чиг үүргийн давхардлыг арилган, орон тоог үе шаттай цөөлөх", 04 дүгээр албан даалгаврын 1.2-т "Төрийн албан тушаалын чиг үүргийн давхардлыг арилгах, удирдах албан тушаалтны тоог бууруулах арга хэмжээ авч, байгууллагын орон тоог нэмэгдүүлэхтэй холбоотой аливаа шийдвэр гаргахгүй байх, өндөр насны тэтгэвэр тогтоолгож чөлөөлөгдсөн ажилтан, албан тушаалтны орон тоо болон сул орон тоог царцааж, нөхөн томилгоо хийхгүй байхыг аймгийн Засаг дарга нарт" тус тус үүрэг болгосон. 

Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт, Сангийн яамны бүтэц, орон тооны хязгаар тогтоосон шийдвэр, Монгол Улсын хөгжлийн 2026 оны жилийн төлөвлөгөөнд төрийн албан хаагчдын тоог 9 хувиар бууруулахаар тусгагдсаны дагуу аймгийн Худалдан авах ажиллагааны газрын бүтэц, орон тоог 2025 оны А/799 дугаар захирамжаар баталсан. Үүнтэй холбогдуулан аймгийн Худалдан авах ажиллагааны газарт төсөвт байгууллагын орон тооны хязгаарт багтааж санал оруулах, бүтцийн өөрчлөлтөд хамрагдах албан хаагчдад Захиргааны ерөнхий хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу урьдчилан мэдэгдэж холбогдох арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгосон. Энэхүү чиглэлийн дагуу Худалдан авах ажиллагааны газраас санал ирүүлсэн. 

Аймгийн Худалдан авах ажиллагааны алба 2013 оноос эхлэн үйл ажиллагааг 5 хүний бүрэлдэхүүнтэй явуулж ирсэн ба Засгийн газрын 2021 оны “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг тогтоох тухай” 377 дугаар тогтоолоор Худалдан авах ажиллагааны албыг Орон нутгийн өмчийн газарт нэгтгэсэн. Улмаар Засгийн газрын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 312 дугаар тогтоолоор “Худалдан авах ажиллагааны газар"-тай байхаар тогтоосон.

Уг тогтоолын хэрэгжилтийг хангах үүднээс аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/699 тоот захирамжаар Худалдан авах ажиллагааны газрыг байгуулан , бүтэц, орон тоог 12 хүний бүрэлдэхүүнтэй ажиллахаар баталсан. 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн А/629 тоот захирамжаар  Худалдан авах ажиллагааны газрын бүтэц, орон тоог 14 хүний бүрэлдэхүүнтэй дахин шинэчлэн баталсан.

Аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2025 онд ажиллах бүтэц орон тоо, төсвийг Сангийн яамнаас шийдвэрлэсэн хэдий ч Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн төсвийн тодотголоор төсөвт байгууллагуудын орон тоог тодорхой хувиар бууруулахаар шийдвэрлэсэн.

Энэхүү шийдвэрийн хүрээнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 5 дугаар хуралдаанаар хэлэлцэж, орон нутгийн 2025 оны төсөвт тодотгол хийгдсэн. Төсвийн тодотгол хийгдсэнээр тус байгууллагын бүтэц, орон тоонд зайлшгүй өөрчлөлт орох болсон ба шаардлагагүй хэмээн үзсэн зарим ажлын байр хасагдсан.Тус газрын дотоод хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн А.С нь 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/22 тоот тушаалаар томилогдон ажиллаж байсан.

2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн аймгийн Засаг даргын А/711 тоот захирамжаар дотоод хяналт шалгалт хариуцсан мэргэжилтний орон тоог ахлах мэргэжилтний орон тоотой нэгтгэн батлан гаргасан нь төрийн байгууллагын бүтэц, орон тоог батлах зарчим, чиг үүргийн ялгамжтай байдал, хяналтын хараат бус байдлын шаардлагад нийцэхгүй гэж үзсэн. Аймгийн Засаг даргын 2025 оны А/721 дүгээр захирамжаар байгуулагдсан “Худалдан авах ажиллагааны газрын үйл ажиллагаанд хяналт-шалгалт хийх ажлын хэсгийн дүгнэлт”-ийг үндэслэн Худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/92 дугаар тушаалаар тус газрын бүтэц, орон тооны өөрчлөлттэй холбоотой ажлын байрны чиг үүргийн шинжилгээ хийх, давхардлыг арилгах, судалгаа, үнэлэлт, дүгнэлт, дүн шинжилгээ хийж санал боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан. Тухайн үед ажиллаж байгаа ажилтан, албан хаагчдын албан тушаалын тодорхойлолт нь бүтэц, орон тоонд байгаа эсэх, албан тушаалын тодорхойлолтод заасан ерөнхий болон тусгай шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгах, мөн Төрийн худалдан авах ажиллагааны газраас баталсан бүтэц, орон тооны жишиг загварыг баримталсан эсэх, ажлын байр тус бүрд дүн, шинжилгээ хийх, хэрэв тухайн орон тоо хасагдсан тохиолдолд байгууллагын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэх эсэх дүгнэлтийг үнэн, бодит байдалтай нийцүүлж гаргахыг чиглэл болгосны үндсэн дээр ажлын хэсэг тус газрын бүтэц, орон тооны өөрчлөлттэй холбоотой ажлын байрны чиг үүргийн шинжилгээ хийж, ажлын байр тус бүрээр үнэлэлт, дүгнэлт гаргасан. Ажилтан, албан хаагчдын ажлын ачаалал, албан ажлын зайлшгүй шаардагдах нөхцөл байдал, хуулийн зохицуулалт зэргийг харгалзан үзэж тус байгууллагын бүтцээс зарим ажлын байрыг шаардлагагүй хэмээн үзэж, хасаж болно хэмээн дүгнэсэн.

Маргаан бүхий ажлын байрны хасагдах болсон шалтгааныг ажлын хэсэг дараах байдлаар дүгнэн ирүүлсэн болно.

Байгууллагын хэмжээнд харьцангуй бага ачаалалтай чиг үүрэг бөгөөд хяналт-шинжилгээ, үнэлгээний үйл ажиллагааг дээд шатны байгууллагууд (аймгийн ЗДТГ, аудит, нийцлийн байгууллагууд) гүйцэтгэдэг тул уг чиг үүргийг бусад холбогдох албан тушаалд нэгтгэн хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байна. Тус албан тушаал нь байгууллагын дотоод хяналт, шалгалт, хяналт-шинжилгээ, үнэлгээний чиг үүргийг хэрэгжүүлэх зорилготойгоор 2024 оноос шинээр бий болсон бөгөөд өмнө нь буюу 2013 оноос хойш уг чиг үүргийг тусгайлсан албан тушаалаар гүйцэтгэж байгаагүй болно.

Мөн дотоод хяналт, шалгалт хариуцсан тухайн албан тушаал нь 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн А/629 тоот захирамжаар батлагдсан бүтцийн орон тоонд тусгагдаагүй, бодитоор оршин тогтнохгүй байгаа нь уг орон тоог хадгалах шаардлагагүй болохыг нотолж байна.Албан тушаалын тодорхойлолт нь Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 526 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтаар дэс түшмэл, ТЗ-9 ангилал, зэрэглэлээр баталсан.

Аймгийн Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн А/629 тоот захирамжаар Худалдан авах ажиллагааны газрын бүтэц, орон тоог 14 албан хаагчаар батлахад тус мэргэжилтний орон тоо байгаагүй. Нэг ёсны бүтэц, орон тоонд батлагдаагүй. Тухайн мэргэжилтний зорилго, зорилт, чиг үүрэг нь хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтыг ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтлан зохион байгуулж байгаа эсэхэд хяналт, шалгалтыг төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэхэд оршино.

Гэтэл Худалдан авах ажиллагааны газраас зарлаж байгаа төсөл арга хэмжээнүүдийг цахим систем болох tender.gov.mn ил тод байршуулж байгаа. Жил болгон Санхүү, хяналт дотоод аудитын албанаас болон Төрийн аудитын газраас зарласан төсөл арга хэмжээнд хяналт, шалгалт тогтмол хийгддэг. Тус чиг үүргийг Санхүү, хяналт дотоод аудитын албанаас болон Төрийн аудитын газраас хангалттай хэрэгжүүлж байгаа тул тухайн албан тушаалтны орон тоог хасах нь байгууллагын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхгүй бөгөөд байгууллагын үйл ажиллагаа хэвийн, тасралтгүй явагдах бүрэн боломжтой гэж дүгнэсэн байна.

Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлийг тус тус баримтлан, ажлын хэсгийн илтгэх хуудас, дүгнэлт болон холбогдох хууль, тогтоомжуудыг үндэслэн үйл явцын дарааллын дагуу зохион байгуулалтын арга хэмжээ авч, иргэн А.Сыг 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар албан тушаалаас чөлөөлсөн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй хэмээн үзэж байна.

Тус газрын бүтэц, орон тоог батлахдаа орон нутгийн онцлог, эдийн засгийн цар хүрээнээс харгалзан худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтний орон тоог нэмэгдүүлэх боломжтой. Харин бусад төрийн захиргааны албан тушаалын орон тоог нэмэгдүүлэхгүй, шинээр албан тушаал бий болгохгүйгээр, мөн Төрийн албаны зөвлөлөөс баталсан албан тушаалын тодорхойлолтыг үндэслэн бүтэц орон тоо батлах ёстой. Гэвч дотоод хяналт шалгалт хариуцсан мэргэжилтний орон тоог батлахдаа дээр дурдсан зарчмыг баримтлаагүй бөгөөд тухайн албан тушаал нь батлагдсан бүтэц, орон тоонд тусгагдаагүй байна.

Хэдийгээр Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2023 оны А-1/4038 тоот албан бичгээр газрын бүтэц, зохион байгуулалтын жишиг загвараар ирүүлсэн ч тухайн үеийн эрх бүхий албан тушаалтан бүтэц, орон тоог батлуулахдаа албан ёсоор дотоод хяналт шалгалт хариуцсан мэргэжилтний орон тоог зохих хууль, журмын дагуу батлуулаагүй байх нь хууль зүйн зөрчилтэй байна”  гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Марагулан шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: 

”2025 оны 7 дугаар сард Улсын Их Хурлаас төсвийн тодотгол хийх үед манай аймгийн орон нутгийн төсвөөс 10,7 тэрбум төгрөг хасагдаж, тэр дотроо бүх байгууллагуудаас 9 хувийн цомхотгол хийгдсэн. Түүнтэй холбоотойгоор аймгийн Засаг даргаас  9 дүгээр сарын 11-ний өдөр төсөв хэлэлцэхээс өмнө бүх байгууллагуудад албан тоотоор хандсан. Үүнд,  9 хувийн цомхотгол хийгдэнэ, үүнтэй холбоотой албан хаагч нарт дүн шинжилгээ хийж, урьдчилсан бэлтгэл ажиллагааг хангах талаар албан бичиг хүргүүлсэн. Тэрний дагуу 9  дүгээр сарын 11-ний өдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал орон нутгийн төсөвт тодотгол хийж, бүх байгууллагуудад цомхотгол хийснээр аймгийн Засаг дарга тухайн байгууллагын бүтэц, орон тоог аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу баталсан болно” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь :

 

1. Нэхэмжлэгч А. Сунхарын “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Худалдан авах ажиллагааны газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/799 дүгээр захирамж  хууль бус байсан болохыг тогтоох, 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/09 дүгээр “Худалдан авах ажиллагааны газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай”   захирамжийг хүчингүй болгож, аймгийн Худалдан авах ажиллагааны газрын бүтэц, орон тоонд дотоод хяналт, шалгалт хариуцсан мэргэжилтний орон тоог нэмж тус газрын бүтэц, орон тоог  дахин батлахыг даалгах” шаардлагатай нэхэмжлэл  үндэслэлтэй байна.

2.  Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 312 дугаар тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Худалдан авах ажиллагааны газрыг байгуулахаар  шийдвэрлэсэн байх ба Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А-1/4038 дугаар албан бичгээр  аймгийн Худалдан авах ажиллагааны газрын бүтэц, зохион байгуулалтын жишиг загвар , албан тушаалын жагсаалтыг хүргүүлж, орон тоог 8-12 хүртэл байхаар тогтоохыг мэдэгдсэн байна.

Энэхүү аймгийн Худалдан авах ажиллагааны газрын бүтэц, зохион байгуулалтын жишиг загвар, албан тушаалын жагсаалтад  газрын дарга,  ахлах мэргэжилтэн, дотоод хяналт, шалгалтын мэргэжилтэн, худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтэн, хуулийн мэргэжилтэн гэсэн төрийн захиргааны ангилалд хамаарах 6 албан тушаал, нягтлан бодогч, нярав, архив, бичиг хэргийн ажилтан гэсэн  төрийн үйлчилгээний ангилалд хамаарах  албан тушаалууд байхаар тусгажээ.

Мөн Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А-1/4389 дугаартай албан бичгээр өмнө нь хүргүүлсэн аймгийн Худалдан авах ажиллагааны газрын бүтэц, зохион байгуулалтын жишиг загвар болон  газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/374 дүгээр тушаалаар  баталсан  төрийн захиргааны 6 албан тушаалын тодорхойлолтын дагуу аймгийн Худалдан авах ажиллагааны газрын бүтэц,  орон тоог батлах талаар  тус аймгийн Засаг даргад мэдэгдсэн байх ба  уг албан бичигт “тус газрын бүтэц,  орон тоог батлахдаа  орон нутгийн онцлог, эдийн засгийн цар хүрээнээс хамааруулан  худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтний орон тоог  нэмэгдүүлж болох бөгөөд бусад төрийн захиргааны албан тушаалын орон тоог нэмэгдүүлэхгүй, шинээр албан тушаал бий болгохгүйгээр зохион байгуулалтын арга хэмжээ авах”  гэжээ.

3. Аймгийн Засаг даргын 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн А/629 дүгээр захирамжаар аймгийн Худалдан авах ажиллагааны газрын  бүтэц, орон тоог “газрын дарга,  худалдан авах ажиллагааны ахлах мэргэжилтэн, худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн-4, худалдан авах ажиллагааны тайлан төлөвлөгөө хариуцсан мэргэжилтэн  гэсэн төрийн захиргааны ангиллын 7 орон тоо,  хууль эрх зүй, хүний нөөцийн ажил хариуцсан ажилтан, сургалт сурталчилгаа, мэдээлэл технологи хариуцсан ажилтан, олон нийт, дотоод ажил хариуцсан ажилтан, ерөнхий нягтлан бодогч, архив, бичиг хэргийн эрхлэгч, нярав-жолооч,  цэвэрлэгч гэсэн төрийн үйлчилгээний ангиллын 7 орон тоо, нийт 14 орон тоогоор  тус газрын бүтэц, орон тоог баталсан  байна.

Улмаар аймгийн Худалдан авах ажиллагааны газрын даргын  2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 01/205 дугаар албан бичгээр  тус газрын дотоод хяналт, шалгалтын мэргэжилтний  сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалт явуулах   захиалгыг албан тушаалын тодорхойлолтын хамт хүргүүлснээр Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөлөөс  уг сул орон тоог  төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг  хүссэн  төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас нөхөхөөр зарласан.

Уг  сул орон тооны зарын дагуу  Сагсай сумын Засаг даргын Тамгын газрын  хүнс, жижиг, дунд үйлдвэр, хоршоо хариуцсан мэргэжилтэн А.Саас ирүүлсэн  шилжин ажиллах хүсэлт, холбогдох материалыг Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөлөөс  аймгийн Худалдан авах ажиллагааны газарт  хүргүүлснээр  тус газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/22 дугаар тушаалаар нэхэмжлэгч А.Сыг дотоод хяналт, шалгалт хариуцсан мэргэжилтнээр томилсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /1 дэх хавтаст хэргийн 37-38,40,75-81,122-126,160-172 дах тал/ тус тус тогтоогдож байна.

4.Маргаан бүхий захиргааны акт болох аймгийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Худалдан авах ажиллагааны газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/799 дүгээр захирамжаар газрын дарга -1, худалдан авах ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн -1, худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн-3, хууль, эрх зүй, хүний нөөц хариуцсан ажилтан-1, нягтлан бодогч-1, архив, бичиг хэргийн ажилтан -1 гэж буюу төрийн захиргааны ангиллын- 5, төрийн үйлчилгээний ангиллын- 1, гэрээт ажилтан – 2 байхаар тус байгууллагын бүтэц, орон тоог  шинэчлэн баталсан, өөрөөр хэлбэл,   уг захирамжаар нэхэмжлэгчийн ажиллаж байсан  дотоод хяналт, шалгалтын мэргэжилтний орон тоог аймгийн Худалдан авах ажиллагааны газрын бүтэц, орон тоонд  оруулж батлаагүй, хассан гэж үзэхээр байна.

Уг захирамжийг үндэслэн аймгийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2025 оны 11 дүгээр сарын  28-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар дотоод хяналт, шалгалтын мэргэжилтний орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр А.Сыг албан тушаалаас нь чөлөөлжээ.

Мөн аймгийн Засаг даргаас  2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр  аймгийн Худалдан авах ажиллагааны газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан  А/09 дүгээр захирамж гаргасан байх ба уг захирамжаар газрын дарга -1, худалдан авах ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн -1, худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн-5, хууль, эрх зүй, хүний нөөц хариуцсан ажилтан-1, нягтлан бодогч-1, архив, бичиг хэргийн ажилтан -1 гэж, төрийн захиргааны ангиллын- 7, төрийн үйлчилгээний ангиллын- 3, нийт 10   тоотойгоор  тус байгууллагын бүтэц, орон тоог  баталжээ.

5.Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан.

Нэхэмжлэгчийн маргаж буй дээрх   шийдвэрүүд нь тухайн байгууллагын бүтэц, орон тоог баталсан шийдвэр байгаа боловч захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн хүрээнд гаргасан байгаагаас гадна өмнөх бүтэц, орон тоог өөрчилж,  зарим  орон тоо хасагдсанаар тухайн этгээдүүдийн хувьд эрх зүйн үр дагавар үүсгэсэн, гадагшаа чиглэсэн, холбогдох этгээдээс уг шийдвэрийг  үндэслэн дараагийн шийдвэрүүдийг гаргасан байх тул заавал дагах  захирамжилсан шинжтэй байгаа буюу захиргааны актын шинжийг хангаж байна гэж шүүхээс үзсэн болно.  

6. Маргаан бүхий захиргааны акт болох Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн  А/799 дүгээр захирамжийг 2025 оны Төсвийн  тухай хуульд орсон өөрчлөлт, Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 04 дүгээр албан даалгаврын  1.2 дахь заалт,аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  ээлжит 5 дугаар хуралдааны 58 дугаар тогтоолыг үндэслэн гаргасан,  мөн хариуцагчаас “Сангийн яамны бүтэц, орон тооны хязгаар тогтоосон шийдвэр, Монгол Улсын хөгжлийн 2026 оны жилийн төлөвлөгөөнд төрийн албан хаагчдын тоог 9 хувиар бууруулахаар тусгагдсаны дагуу аймгийн Худалдан авах ажиллагааны газрын бүтэц, орон тоог 2025 оны А/799 дугаар захирамжаар баталсан” гэсэн тайлбар гаргасан.

7. Монгол Улсын Их Хурлын 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 48 дугаар “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсанМонгол Улсын хөгжлийн 2026 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэл”-д “...Төрийн албаны шинэчлэлийг хийж, чиг үүргийн давхардлыг арилгах зорилгоор багш, эмч нараас бусад төрийн албан хаагчдын тоог 9 хувиар бууруулах замаар чадварлаг, цомхон, бүтээмжид суурилсан төрийн албыг бэхжүүлнэ” гэж заасан, Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 04 дүгээр   албан даалгаврын 1.2-т ”төрийн албан тушаалын чиг үүргийн давхардлыг арилгах, удирдах албан тушаалтны тоог бууруулах арга хэмжээ авч,байгууллагын орон тоог нэмэгдүүлэхтэй холбоотой аливаа шийдвэр гаргахгүй байх, өндөр насны тэтгэвэр тогтоолгож чөлөөлөгдсөн ажилтан, албан тушаалтны орон тоо болон  сул орон тоог царцааж, нөхөн томилгоо хийхгүй байхыг… аймгийн Засаг дарга, ...нарт үүрэг болгосон” байна.

Мөн 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдөр батлагдсан  Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн өөрчлөлтөөр  2025 оны төсвийн жилд орон нутгийн төсөвт олгох  санхүүгийн дэмжлэгийн хэмжээ буурсантай холбоотойгоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 58 дугаар тогтоолоор аймгийн 2025  оны төсөвт тодотгол хийхдээ өмнө нь 14 орон тоогоор баталсан аймгийн Худалдан авах ажиллагааны газрын цалингийн зардлыг 6 орон тоогоор тооцож бууруулж баталсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /1 дэх хавтаст хэргийн 114-120, 219-228 дах тал/ тус тус  тогтоогдсон болно.

8. Аймгийн Засаг даргын 2025 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 1-01/1203 дугаар албан бичгээр Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хуулийн нэмэлт  өөрчлөлтийн хүрээнд аймгийн 2025 оны төсвийн тодотголыг хийх гэж байгаа тул  бүтцийн өөрчлөлтөд хамаарах албан хаагчдад урьдчилан мэдэгдэх,  холбогдох арга хэмжээ авахыг аймгийн Худалдан авах ажиллагааны газрын  даргад үүрэг болгож, тус газрын  орон тооны хязгаарыг 6 гэж тогтоосон  хавсралтын хамт хүргүүлжээ.

Үүний дагуу аймгийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2025 оны 8 дугаар 15-ны өдрийн А/55 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулж, албан тушаалын тодорхойлолтын чиг үүрэгт дүн шинжилгээ хийж, чиг үүргийн давхардлыг арилгаж, шийдвэр гаргаж танилцуулахыг ажлын хэсэгт үүрэг болгосон байх ба ажлын хэсгээс  тус байгууллагын төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтод дүн шинжилгээ хийж, дотоод хяналт, шалгалт хариуцсан  мэргэжилтний  чиг үүрэг нь ахлах мэргэжилтний чиг үүрэгтэй давхардалгүй тул  уг  орон тоог  үлдээх талаар дүгнэж, улмаар “ төрийн захиргааны  албан хаагч-6, төрийн үйлчилгээний албан хаагч-4 , нийтдээ 10  албан хаагч байх” гэсэн шийдвэр / 1 дэх хавтаст хэргийн 240-256, 2 дах хавтаст хэргийн 1-20 дах тал/  гаргаж, аймгийн Засаг даргад  2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн албан бичгээр хүргүүлсэн байна.

Гэхдээ аймгийн Засаг даргын 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн А/711 дүгээр захирамжаар аймгийн Худалдан авах ажиллагааны газрын бүтэц, орон тоог 6 орон тоотой байхаар шинэчлэн баталсан, үүнд дотоод хяналт, шалгалт хариуцсан  мэргэжилтний орон тоо батлагдаагүй байна.

9.Үүний дараа аймгийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2025 оны  10 дугаар сарын 20-ны өдрийн А/92 дугаар тушаалаар  аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 58 дугаар тогтоолоор төсөвт тодотгол хийсэн, аймгийн Засаг даргын 2025 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 1-01/1203 дугаар албан бичгээр үүрэг, чиглэл өгсөн гэсэн үндэслэлээр  ажлын байрны чиг үүргийн шинжилгээ хийх, давхардлыг арилгах, судалгаа хийх, үнэлэлт, дүгнэлт, дүн шинжилгээ хийж, санал боловсруулахаар  ажлын хэсэг  дахин байгуулсан  байна.

Уг ажлын хэсгээс 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “... дотоод хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн нь байгууллагын хэмжээд харьцангуй бага ачаалалтай чиг үүрэг бөгөөд хяналт шинжилгээ, үнэлгээний үйл ажиллагааг  дээд шатны байгууллагууд /аймгийн Засаг даргын Тамгын газар, аудит, нийцлийн байгууллагууд/ гүйцэтгэдэг тул уг чиг үүргийг бусад холбогдох албан тушаалд  нэгтгэн хэрэгжүүлэх боломжтой” гэсэн дүгнэлт гаргасан нь  хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /1 дэх хавтаст хэргийн 143-157 дах тал/ тогтоогдсон.

Улмаар аймгийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн  А/799 дүгээр захирамжаар аймгийн Худалдан авах ажиллагааны газрын бүтэц, орон тоог дээрх байдлаар шинэчлэн баталж, 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн А/711 дүгээр захирамжийг хүчингүй болгожээ.

10. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн  60.1-д “Аймгийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 60.1.21.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх”, 66 дугаар зүйлийн  66.1-д “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, Төсвийн тухай хуулийн  14 дүгээр зүйлийн 14.2-т “Төсвийн ерөнхийлөн захирагч төсвийн удирдлагын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 14.2.12.эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төсөвт байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор чиг үүрэг, зохион байгуулалтын бүтцийг батлагдсан орон тооны хязгаар, төсөвт багтаан шинэчлэн тогтоох”, 65 дугаар зүйлийн 65.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга орон нутгийн төсвийн удирдлага, санхүүжилтийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 65.1.8.тухайн шатны төсвийн байгууллагын орон тоог төсвийн захирагч бүрээр батлах” гэж тус тус заасан. 

11. Хариуцагч талаас  “2025 оны Төсвийн  тухай хуульд орсон өөрчлөлт, Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 04 дүгээр албан даалгаврын  1.2 дахь заалт, Сангийн яамны бүтэц, орон тооны хязгаар тогтоосон шийдвэр, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 5 дугаар хуралдааны 58 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын хөгжлийн 2026 оны жилийн төлөвлөгөөнд төрийн албан хаагчдын тоог 9 хувиар бууруулахаар тусгагдсаны дагуу аймгийн Худалдан авах ажиллагааны газрын бүтэц, орон тоог 2025 оны А/799 дугаар захирамжаар баталсан.

...Маргаан бүхий  ажлын байрны хасагдах болсон шалтгааныг ажлын хэсгээс “Байгууллагын хэмжээнд харьцангуй бага ачаалалтай чиг үүрэг бөгөөд хяналт-шинжилгээ, үнэлгээний үйл ажиллагааг дээд шатны байгууллагууд /аймгийн Засаг даргын Тамгын газар,аудит, нийцлийн байгууллагууд/ гүйцэтгэдэг тул уг чиг үүргийг бусад холбогдох албан тушаалд нэгтгэн хэрэгжүүлэх боломжтой,  мөн дотоод хяналт, шалгалт хариуцсан мэргэжилтний албан тушаал нь 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн А/629 тоот захирамжаар батлагдсан бүтцийн орон тоонд тусгагдаагүй, бодитоор оршин тогтнохгүй байгаа нь уг орон тоог хадгалах шаардлагагүй болохыг нотолж байна” гэж дүгнэж ирүүлсэн”   гэж хариу тайлбарын үндэслэлийг тодорхойлжээ .

12. Холбогдох хуулиудад дээрх байдлаар зохицуулснаар аймгийн Засаг дарга нь эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төсөвт байгууллагын бүтэц, орон тоог батлах эрхтэй боловч энэ тохиолдолд захиргааны хэргийн шүүхийн хяналтын цар хүрээ нь   шийдвэр гаргах ажиллагаа зохих журмын дагуу явагдсан эсэх, холбогдох хуулийн зөрчил үүссэн эсэхэд  дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэхэд байна.

Аймгийн Засаг даргын 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн А/629 дүгээр захирамжаар  Худалдан авах ажиллагааны газрын бүтэц, орон тоонд  дотоод хяналт, шалгалт хариуцсан мэргэжилтний орон тоо  батлагдаагүй болох нь тогтоогдсон.

Гэхдээ аймгийн Засаг даргаас  тухайн үед Худалдан авах ажиллагааны газрын бүтэц, орон тоог батлахдаа Төрийн худалдан авах ажиллагааны газраас ирүүлсэн   аймгийн Худалдан авах ажиллагааны газрын бүтэц, зохион байгуулалтын жишиг загварыг баримтлаагүй, мөн төрийн захиргааны албан тушаалын орон тоог нэмэгдүүлэхгүй, шинээр албан тушаал бий болгохгүйгээр зохион байгуулалтын арга хэмжээ авах, орон тоог 8-12 хүртэл байхаар тогтоох гэснийг зөрчиж, худалдан авах ажиллагааны тайлан төлөвлөгөө хариуцсан мэргэжилтэн гэсэн төрийн захиргааны ангиллын орон тоо болон төрийн үйлчилгээний ангиллын  зарим орон тоог бий болгож, орон тоог  14 гэж тогтоож  баталсан.

Түүнчлэн, аймгийн Худалдан авах ажиллагааны газрын дарга буюу томилох эрх бүхий этгээдээс  дээд шатны байгууллагаас ирүүлсэн бүтэц, зохион байгуулалтын жишиг загварт байгаа тус газрын дотоод хяналт, шалгалт хариуцсан мэргэжилтний  сул орон  тоонд сонгон шалгаруулалт явуулах захиалгыг төрийн албаны салбар зөвлөлд  хүргүүлснээр нэхэмжлэгч А.С нь ажиллаж байсан  төрийн холбогдох байгууллагын  төрийн захиргааны албан тушаалаас уг албан тушаалд  шилжин ажилласан, түүнийг дотоод хяналт, шалгалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилсон аймгийн Худалдан авах ажиллагааны газрын даргын  2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/22 дугаар тушаалд аймгийн Засаг даргын 2024 оны А/629 дүгээр  захирамжийг үндэслэсэн  үйл баримт тогтоогдож байгаа.

 Иймээс, нэхэмжлэгч А.С нь аймгийн Худалдан авах ажиллагааны газрын дотоод хяналт, шалгалт хариуцсан мэргэжилтний буюу төрийн жинхэнэ албан тушаалд  хуульд заасан журмын дагуу томилогдсон, төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байсан төрийн  жинхэнэ албан хаагч гэж үзэхээр байна.

Мөн аймгийн Засаг даргын 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн А/629 дүгээр захирамжаар баталсан  аймгийн Худалдан авах ажиллагааны газрын бүтэц, орон тоонд дотоод хяналт, шалгалт хариуцсан мэргэжилтний орон тоо батлагдаагүй байгаа боловч  дээрх байдлаар томилох  эрх бүхий этгээдээс тухайн орон тоог сул орон тоо гэж захиалга өгснөөр нэхэмжлэгч шилжин томилогдсон байх ба  нэхэмжлэгчийг томилох үед худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн болон  худалдан авах ажиллагааны тайлан төлөвлөгөө хариуцсан мэргэжилтний тус бүр 1 орон тоонд хүн томилогдоогүй сул байснаас гадна худалдан авах ажиллагааны тайлан төлөвлөгөө хариуцсан мэргэжилтний орон тоо нь дээд шатны байгууллагаас ирүүлсэн  жишиг загварт байхгүй  болохыг дурдах нь зүйтэй.

13. Аймгийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2025 оны  10 дугаар сарын 20-ны өдрийн А/92 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “дотоод хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн нь байгууллагын хэмжээнд харьцангуй бага ачаалалтай, хяналт шинжилгээ, үнэлгээний үйл ажиллагааг  дээд шатны байгууллагууд /аймгийн Засаг даргын Тамгын газар, аудит, нийцлийн байгууллагууд/ гүйцэтгэдэг тул уг чиг үүргийг бусад холбогдох албан тушаалд  нэгтгэн хэрэгжүүлэх боломжтой” гэсэн дүгнэлт гаргасан байгаа боловч  дотоод хяналт шалгалт хариуцсан мэргэжилтний чиг үүрэг нь  давхардалтай  болох нь тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй байна.

Учир нь, аймгийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/55 дугаар тушаалаар байгуулсан ажлын хэсгийн дүгнэлтээр  дотоод хяналт, шалгалт хариуцсан  мэргэжилтний  чиг үүрэг нь  байгууллагын бусад албан хаагчдын чиг үүрэгтэй давхардалгүй гэж гарсан.

Мөн тус газрын даргын  2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/92 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс тус байгууллагын бүтэц, албан хаагчдын албан тушаалын чиг үүрэгт  дүн шинжилгээ хийсэн, өөрөөр хэлбэл,  чиг үүргийн давхардалтай гэж үзэж байгаа аймгийн Засаг даргын Тамгын газар, Төрийн аудит,  Санхүүгийн хяналт, дотоод аудитын газар  болон уг байгууллагуудын  албан хаагчдын чиг  үүрэг нь  ажлын хэсгийн дүн шинжилгээний хүрээнд хамаараагүй  болох нь  ажлын хэсгийн илтгэх хуудас, тайлан гэсэн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Гэтэл  ажлын хэсгээс зөвхөн аймгийн Худалдан авах ажиллагааны газрын бүтэц, албан хаагчдын албан тушаалын чиг үүрэгт дүн шинжилгээ хийсэн мөртлөө тус газрын дотоод хяналт, шалгалт хариуцсан  мэргэжилтний чиг үүргийг Үндэсний аудитын газрын харьяа аймаг дах Төрийн аудитын газар, аймгийн Засаг даргын  Тамгын газар, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг болох Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын албан хаагчид хэрэгжүүлэх боломжтой, чиг үүргийн давхардалтай гэж үзсэн нь үндэслэл бүхий биш, бодит нөхцөл байдалд нийцээгүй   байна гэж үзлээ.

Түүнчлэн 2025 оны  А/92 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс “дотоод хяналт, шалгалт хариуцсан  мэргэжилтний ажил нь харьцангуй бага ачаалалтай” гэсэн дүгнэлт гаргасан байгаа боловч  юуг үндэслэж тухайн дүгнэлтийг гаргасан нь тодорхойгүй,  ажлын хэсгийн илтгэх хуудас, тайланд энэ талаар тусгагдаагүй, ажлын ачааллыг тооцсон  талаар нотлох баримт байхгүй байна.

14.Аймгийн Худалдан авах ажиллагааны газрын дотоод хяналт, шалгалтын  мэргэжилтний  албан тушаалын тодорхойлолтод  албан тушаалын зорилгыг “хууль тогтоомж, тогтоол, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийх, улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтыг ил тод , өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай  байх зарчмыг баримтлан зохион байгуулж байгаа эсэхэд хяналт, шалгалтыг төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж, гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гүйцэтгэлийн үр дүнг газрын даргын өмнө хариуцна” гэж тусгажээ.

Аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газраас  “аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2025 оны  санхүүгийн үйл ажиллагааны баримтад санхүүгийн хяналт шалгалт хийсэн боловч тендерийн баримтад санхүүгийн хяналт шалгалт хийгдээгүй” гэж, аймаг дах Төрийн аудитын газраас “...улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, Орон нутгийн хөгжлийн сангийн  бүрдүүлэлт, зарцуулалт,  үр дүнд 2024-2025 онд гүйцэтгэлийн болон нийцлийн аудит хийсэн” гэж хариу ирүүлсэн ба  Төрийн аудитын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.4-т  тус тус зааснаар аймаг дах Төрийн аудитын газар нь  аудитын төлөвлөлтийн хүрээнд тухайн орон нутагтаа гүйцэтгэх дөрвөөс илүүгүй аудитын сэдвийг батлуулахаар  зохицуулжээ.

15. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн  24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж тус тус заасан.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон нөхцөл байдлуудаас үзэхэд, аймгийн Худалдан авах ажиллагааны газрын дотоод хяналт, шалгалт хариуцсан мэргэжилтний чиг үүрэг нь  давхардалтай, ажил нь харьцангуй бага ачаалалтай гэх үндэслэл нь  тус тус тогтоогдоогүй,  өөрөөр хэлбэл, тухайн мэргэжилтний чиг үүрэг нь  давхардалтай, ажил нь  ачаалал багатай  гэх нөхцөл байдлыг  бодитоор тогтоохгүйгээр маргаан бүхий  захиргааны актыг гаргасан  байна гэж дүгнэлээ.

Мөн хариуцагчаас 2025 оны  Төсвийн тухай хуулийн өөрчлөлтөөр төсөв буурсан, Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 04 дүгээр   албан даалгаврын 1.2-т заасантай холбоотойгоор аймгийн Худалдан авах ажиллагааны газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлахдаа дотоод хяналт, шалгалт хариуцсан  мэргэжилтний орон тоог хассан гэж маргаан бүхий захиргааны актуудын үндэслэлийг тайлбарласан, гэтэл  2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр  аймгийн Худалдан авах ажиллагааны газрын бүтэц, орон тоог дахин  шинэчлэн батлахдаа  төрийн захиргааны ангиллын 2 орон тоог нэмсэн нь  тогтоогдож байх тул захиргааны байгууллагын маргаан бүхий орон тоог хассан үйл ажиллагаа нь  зорилгодоо нийцээгүй гэж үзэхээр байна.

16.Аймгийн Засаг дарга нь хуулиар олгосон  бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэр гаргахаар хуульчилсан бөгөөд 2025 оны Төсвийн  тухай хуульд орсон өөрчлөлтөөр төсөв буурсан,  Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 04 дүгээр албан даалгаврын  1.2-т  зааснаар “төрийн албан тушаалын чиг үүргийн давхардлыг арилгахыг үүрэг болгосон” гэх үндэслэлээр аймгийн Худалдан авах ажиллагааны газрын дотоод хяналт, шалгалт хариуцсан мэргэжилтний чиг үүрэг нь  давхардалтай, ажил нь харьцангуй бага ачаалалтай гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад уг орон тоог хасаж, дараа нь тус газрын бүтэц, орон тоонд 2 орон тоо нэмж аймгийн Худалдан авах ажиллагааны газрын бүтэц, орон тоог баталсан захирамжууд нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн   4.2.5-д заасан  зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэсэн зарчимтай нийцээгүй байна гэж дүгнэлээ.

Маргаан бүхий захиргааны актууд нь  дээрх байдлаар хууль бус байгаагаас гадна нэхэмжлэгчийн төрийн алба хаах,  Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.1-д заасан албан тушаалын цалин хөлс авах нийтлэг баталгаа,  62 дугаар зүйлийн 62.1.1-д заасан хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх  гэсэн төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааны эрх нь зөрчигдөх үндэслэл болсон тул энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй,  мөн нэхэмжлэгчийн ажиллаж байсан орон тоог хассан буюу  батлахаас татгалзсан шийдвэр  нь үндэслэлгүй бөгөөд  хууль  бус болох нь тогтоогдсон тул  Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.12, 65 дугаар зүйлийн 65.1.8-д зааснаар уг  маргаан бүхий   орон тоог нэмж батлахыг хариуцагчид даалгах   үндэслэлтэй байна. 

17. Аймгийн Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/09 дүгээр захирамжаар дотоод хяналт, шалгалт хариуцсан мэргэжилтний орон тоог  аймгийн Худалдан авах ажиллагааны газрын шинээр баталсан бүтэц, орон тоонд  оруулж батлаагүй  тул уг захирамжийг  бүхэлд нь хүчингүй болгохгүйгээр нэхэмжлэгчийн эрх,хууль ёсны ашиг сонирхол сэргээгдэх боломжгүй гэж үзээд захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож  шийдвэрлэсэн  юм.

Маргаан бүхий орон тоог аймгийн Худалдан авах ажиллагааны газрын бүтэц, орон тооноос хууль бусаар хасаж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөнтэй холбогдуулж аймгийн Худалдан авах ажиллагааны газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан аймгийн Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/09 дүгээр захирамжийг бүхэлд нь хүчингүй болгосон нь  уг захирамжаар батлагдсан  бүтэц, орон тоонд ажиллаж байгаа бусад төрийн албан хаагчдын эрхийг хөндөж байгаа  шийдвэр  биш бөгөөд  шүүхээс дотоод хяналт, шалгалт хариуцсан мэргэжилтний орон тоог нэмж аймгийн Худалдан авах ажиллагааны газрын бүтэц, орон тоог  дахин баталсан шийдвэр гаргахыг даалгасан   болно.

Аймгийн Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/09 дүгээр “Худалдан авах ажиллагааны газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай”   захирамжийн 3 дах заалтаар  2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Худалдан авах ажиллагааны газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/799 дүгээр захирамжийг  хүчингүй болсонд тооцсон байх ба  уг А/799 дүгээр захирамжийг үндэслэн нэхэмжлэгчийг төрийн албанаас  чөлөөлсөн байх тул нэхэмжлэгчид тухайн актыг хууль бус байсан болохыг тогтоолгох эрх ашиг сонирхол байна гэж үзсэнийг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1,106.3.3, 106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн  60.1.21, 66 дугаар зүйлийн  66.1 , Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн  4.2.5, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.12, 65 дугаар зүйлийн 65.1.8, Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.1, 62 дугаар зүйлийн 62.1.1-д заасныг тус тус баримтлан  нэхэмжлэгчийн  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Худалдан авах ажиллагааны газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/799 дүгээр захирамж  хууль бус байсан болохыг тогтоож,  2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/09 дүгээр “Худалдан авах ажиллагааны газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай”   захирамжийг хүчингүй болгож, дотоод хяналт, шалгалт хариуцсан мэргэжилтний орон тоог нэмж аймгийн Худалдан авах ажиллагааны газрын бүтэц, орон тоог  дахин батлахыг хариуцагчид даалгасугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.   

           3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 


ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               С.ЕРКЕШ