2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 191/ШШ2025/03960

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 07 191/ШШ2025/03960

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  ******* ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  ******* ХХК /РД:/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2020/12/22 дугаар Ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, 629,161,196 төгрөг гаргуулах, тус гэрээний үүрэгт шилжүүлсэн  өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх, нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2020/12/22 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, санхүүжилтээр олгосон нийт 908,168,575 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.

 

2. Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2020/12/22 дугаар Ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, 629,161,196 төгрөг гаргуулах, тус гэрээний үүрэгт шилжүүлсэн  өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх, нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхийг даалгах гэж өөрчилсөн.

 

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ******* ХХК нь 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ******* ХХК-тай ажил гүйцэтгэх 2020\12\22 тоот гэрээг байгуулж, үүгээр гүйцэтгэгч ******* ХХК нь  нутаг дэвсгэр баригдаж буй орон сууц, үйлчилгээний зориулалттай 8 блок барилгын шилэн хана болон хөнгөн цагаан хавтан угсарч, суурилуулах ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч хэлэлцэн тохирсон үнийг төлөхөөр харилцан тохиролцсон.

Дээрх гэрээний 2.2-т ажлын хамрах хүрээ: гүйцэтгэгч тал нь гэрээний хавсралтад заасан холбогдох зураг төсөв, ажлын хамрах хүрээ, ажил гүйцэтгэх хуваарийн дагуу ажлыг гүйцэтгэнэ... гэж заасан бөгөөд хариуцагч ******* ХХК нь өнөөдрийг хүртэл энэхүү үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, үр дүнг захиалагч ******* ХХК-д хүлээлгэн өгөөгүй.

Ажлын тоо хэмжээг гэрээний 3.1-д зааснаар харилцан тохиролцсон боловч талууд 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр ******* ХХК-ийн захиалгаар баригдаж буй орон сууц үйлчилгээний цогцолбор төслийн гадна фасад угсарч суурилуулах ажил-ын тоо хэмжээг А1, В1, С1 D блокийн гадна металл фасадын ажлын тоо хэмжээг хүснэгтээр дахин шинэчлэн тохиролцсон болно.

А1, В1 блокийн тоо хэмжээг металл фасад нь 6511.35 м.кв, нугалаасны зөрүү 267.135 м.кв, хавтангийн хоргодол 325.55 м.кв, С1 блокийн металл фасад тоо хэмжээг 2979.58 м.кв, нугалаасны зөрүү 298.03 м.кв, хавангийн хоргодол 148.96 м.кв, D блокийн тоо хэмжээг металл фасад 10923.76 м.кв, нугалаасны зөрүү 1092.448 м.кв, хавтангийн хоргодол 546.15 м.кв гэж тус тус тохиролцсон. Уг тохиролцоог ******* ХХК-ийн төсөл хариуцсан инженер З.******* гаргаж, үүнийг ******* ХХК-ийн Б.******* хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан болохыг дурдаж байна.

Барилгын А1, В1, С1 блокт металл хавтанг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр багтаан угсарч суурилуулах ба силиконы ажлыг 2022 оны хавар хийж гүйцэтгэх талаар хариуцагч ******* ХХК нь 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн албан бичгээр мэдэгдсэн боловч өнөөдрийн байдлаар тохирсон ажлыг бүрэн хийж гүйцэтгээгүй, зөвхөн А1, В1, D блокийн зарим ажлыг хийж, С1 блокийн ямар ч ажлыг хийж гүйцэтгээгүй болох нь нэхэмжлэлд хавсаргасан баримтуудаар нотлогдоно.

Ажлыг тогтоосон хугацаанд хийж гүйцэтгэхтэй холбоотой шаардлагыг албан бичгээр болон аман хэлбэрээр удаа дараа тавьсан боловч шаардлагыг огт хүлээн авдаггүй, шалтгаан нөхцөлийг санхүүжилт хэрэгтэй гэх шалтаг хэлдэг байсан.

Захиалагч ******* ХХК нь санхүүжилтийг гэрээнд заасны дагуу тохирсон хугацаанд нь олгож байсан ба гүйцэтгэгчийн хувьд авсан санхүүжилтээр хангалттай хэмжээний ажлыг хийж гүйцэтгэх боломжтой байсан. Тодруулж хэлбэл, гэрээний үүргээ тогтмол биелүүлж, металл хавтангийн үнэ тогтворжуулах зорилгоор 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 280.000.000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 200.000.000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 500.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн.

Ажлыг хугацаанд гүйцэтгээгүйтэй холбоотой тайлбараа ******* ХХК нь санхүүжилт-ээс шалтгаалсан талаар дээр дурдсан ба 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр санхүүжилт хүссэн албан бичгийг үндэслэн захиалагч талаас 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 500,000,000 төгрөгийг хариуцагч компани руу шилжүүлсэн байдаг. Гэтэл тухайн мөнгөн хөрөнгийг шилжүүлэн авсан атлаа өнөөдрийг хүртэл үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй болно.

Нэхэмжлэгч талаас нийтдээ 980,000,000 төгрөгийн бэлэн мөнгөөр санхүүжилтийг олгосон ба ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд бартер оролцуулна гэж заасны дагуу 276,000,000 төгрөгт тооцож,  өрөө орон сууцны эзэмшлийг хариуцагч ******* ХХК-д 2021 оны 05 дугаар сард шилжүүлсэн. Ингээд ******* ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу нийтдээ 1,256,000,000 төгрөгийг хариуцагч ******* ХХК-д шилжүүлсэн болно.

Гэтэл гэрээнд заасны дагуу суурилуулах металл хавтан өнөөдрийн байдлаар барилгын талбай дээр ирээгүй, металл хавтан суурилуулахтай холбоотой бэлтгэл ажлуудыг бүрэн гүйцэт хийж гүйцэтгээгүй бөгөөд хариуцагч ******* ХХК нь гэрээнд заасан үүргээ ноцтой зөрчсөн.

Дээрх үйл баримт буюу хариуцагч ******* ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу үүргээ зөрчсөн үйл баримтыг 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан нэхэмжлэлд дэлгэрэнгүй тодорхой бичсэн болохыг дурдаж байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Гүйцэтгэгч ******* ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлыг тооцож үзвэл нийтдээ 350,838,804 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн ба нийт санхүүжилтээр олгосон 1,256,000,000 төгрөгөөс хасаж тооцвол, 905,161,196 төгрөгийн илүү санхүүжилтийг хариуцагч хүлээн авсан атлаа тохирсон ажлыг хийж гүйцэтгээгүй. Энэхүү үйл баримтыг хуулийн дээрх зохицуулалттай харьцуулан үзвэл, захиалагч ******* ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу хэлэлцэн тохирсон хөлсийг давуулан төлсөн, харин ажил гүйцэтгэгч гэрээнд заасан ажлыг гүйцэтгээгүй, Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх гэж заасныг ******* ХХК нь зөрчсөн болно.

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын үнэлгээг тооцохдоо барилгын төсөв, хөрөнгийн үнэлгээний ******* ХХК-иар төсөв гаргуулсан. ******* ХХК нь ******* ХХК-ийн гүйцэтгэсэн А-1, В-1, D блок барилгын гадна заслын ажлын гүйцэтгэлийг төсөвлөсөн.

Иймд 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн гаргасан 908.168.575 төгрөгийг ******* ХХК-иас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар өөрчилж байна.

******* ХХК-тай байгуулсан 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2020\12\22 дугаартай гэрээг цуцалж, 629.161.196 төгрөг гаргуулах, тус гэрээний үүрэгт шилжүүлсэн  өрөө орон сууцнаас албадан чөлөөлүүлж, нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ... ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй ******* ХХК-д холбогдох иргэний маргаан тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа болно.

Нэхэмжлэгчээс хариуцагчид холбогдуулан 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2020/12/22 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, 629,161,196 төгрөг гаргуулах, тус гэрээний үүрэгт шилжүүлсэн  өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх, нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхийг даалгах тухай шаардлага гаргасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийнхээ хүрээнд ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй ******* ХХК-д холбогдох дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Учир нь тус маргаантай холбоотой асуудлаар эрүүгийн журмаар шалгаж байгаа болно.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсантай холбогдох үр дагаврыг бүрэн ойлгож байгаа болно. Иймд хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2020/12/22 дугаар Ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, 629,161,196 төгрөг гаргуулах, тус гэрээний үүрэгт шилжүүлсэн  өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх, нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийнхээ хүрээнд ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй ******* ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Учир нь тус маргаантай холбоотой асуудлаар эрүүгийн журмаар шалгаж байгаа болно. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсантай холбогдох үр дагаврыг бүрэн ойлгож байгаа болно. Иймд хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлж, нэхэмжлэлээсээ татгалзаж буйгаа бичгээр илэрхийлжээ.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэж заасан.

 

4. Нэхэмжлэгч ******* ХХК нь ******* ХХК-д холбогдуулан гаргасан 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2020/12/22 дугаар Ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, 629,161,196 төгрөг гаргуулах, тус гэрээний үүрэгт шилжүүлсэн өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх, нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болох нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2025/37 тоот албан бичгээр тогтоогдож байна.

 

5. Нэхэмжлэгч ******* ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрхийнхээ дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж гаргах үндэслэлтэй.

 

6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.******* шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж,  ХХК-иас шинжээчийн дүгнэлтийг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гарган, шинжээчийн ажлын хөлс 5,000,000 төгрөгийн нэхэмжлэхийн хамт шүүхэд ирүүлсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар шинжээчийн ажлын хөлс нь нөхөн төлүүлэх шүүхийн зардалд хамаардаг.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзвал хариуцагч шүүхийн зардлыг нөхөн төлөхгүй , 106 дугаар зүйлийн 106.6-д Шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хариуцагч, зохигч эвлэрсэн бол нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана гэж зохицуулсан тул нэхэмжлэгч ******* ХХК-иас шинжээчийн ажлын хөлс 5,000,000 төгрөгийг гаргуулан  ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 682,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шүүгчийн захирамжид заана.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй ******* ХХК-д холбогдох, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2020/12/22 дугаар Ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, 629,161,196 төгрөг гаргуулах, тус гэрээний үүрэгт шилжүүлсэн  өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх, нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-иас шинжээчийн ажлын хөлс 5,000,000 төгрөгийг гаргуулан  ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 682,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, дахин энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.БАТХУЯГ