2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 191/ШШ2025/04004

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 08 191/ШШ2025/04004

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  ******* ******* ХК /РД:/,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ш.******* /РД:/-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Айгерим оролцов.  

/Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.******* өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ш.*******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан. Хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... ******* овогтой ******* /РД:/ нь 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ******* *******тай ЗГР000873681 тоот дижитал зээлийн гэрээ байгуулж 10,000,000 төгрөгийн зээлийг жилийн 14,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан.

Ш.******* нь ЗГР000873681 тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 101 хоног хугацаа хэтрүүлэн *******ыг хохироож байгаа бөгөөд 2024 оны 12-р сарын 25-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9,928,607.99 төгрөгийг зээлийн үлдэгдэл төлбөртэй байна.

Ш.*******ыг Дүүргийн Эрүү Иргэний хэргийн Хялбар ажиллагааны анхан шатны шүүхэд нэхэмжилсэн боловч 2025 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн Дүүргийн Эрүү Иргэний хэргийн Хялбар ажиллагааны анхан шатны шүүхийн шүүгчийн 197/132025/14002 дугаар бүхий захирамжаар тухайн хаягтаа оршин суудаггүй болох нь тодорхойлогдсон тул ******* овогтой ******* г эрэн сурвалжлах шийдвэр гарган, холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү. гэжээ.

 

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Т.*******ыг томилсон 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* *******ны гүйцэтгэх захирлын 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 078 дугаар Эрх олгох тухай тушаалын хуулбар, 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дижитал зээлийн гэрээний хуулбар, зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгтийн хуулбар, хүү тооцооллын хүснэгтийн хуулбар, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 197/ШЗ2025/14002 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг нотлох баримтаар өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах зорилгоор иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ш.*******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн байгаа газрын шүүхэд оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг хавсарган гарах, шүүх хүсэлтийг хүлээн авч, эрэн сурвалжлах шийдвэр гаргахаар зохицуулсан.

 

3. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ Ш.******* зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, шүүх хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж тодорхойлж байна.

 

4. Ш.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээ зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

5. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах зорилгоор Ш.*******ын оршин суугаа газрын хаягийг тогтоолгохоор нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

6. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ш.******* нь зээлийн гэрээнд тусгасан хаягтаа оршин суудаггүй болох нь Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 197/ШЗ2025/14002 дугаартай захирамж болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

 

7. Шүүх нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримт, шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтад тулгуурлан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ш.*******ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

8. Хариуцагч Ш.*******ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй.

9. Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.*******д шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч тэрээр өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3 дахь хэсэгт зааснаар  *******ийн ******* /РД:/-ыг эрэн сурвалжилсугай.

 

2. Ш.*******ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй. 

 

4. Ш.*******ын оршин суугаа газрыг олж тогтоосны эцэст, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.******* /утас: /-д мэдэгдэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй. Шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүхийн шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.



 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.БАТХУЯГ