Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 496

 

 

 

 

 

-

                          

 

2018            06            12                                          496

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Х.Лхагвахүү,

улсын яллагч Т.Отгонтөгс,

иргэний нэхэмжлэгч Н.Ц-,

шүүгдэгч Д.Б-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Б-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1808024700610 дугаар хэргийг 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Д-ийн Б

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Д.Б-нь 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны хуучин 22-н товчооны замаас хохирогч А.Агийн гээсэн Самсунг Жи-7 маркийн гар утсыг бусдын эзэмшлийн гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас 450.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Ажлаа хийж байгаад чулууны дэргэдээс Samsung J7 утас олсон. Мөнгөний хэрэг гараад уг утсыг ломбарданд тависан байсан. Хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Иргэний нэхэмжлэгч Н.Ц- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Батцэцэг, Ганболд нар нэг охины хамт ирээд Д.Оюун гэж хүний бичиг баримтаар уг утсыг барьцаанд тавьсан. Настай хүмүүс байсан учраас итгээд мөнгө өгсөн. Гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдээгүй. Хохирлоо нэхэмжилж байна” гэв.  

Эрүүгийн 1808024700610 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч А.Агийн: “2018 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Сонгинохайрхан мал эмнэлгийн газар ажиллаж байгаад ажлаасаа гарсан. Тэгээд би Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “М-Ойл” ШТС-аас шатахуун авах гэж байгаад Самсунг галакси Жи-7 маркийн гар утсаа гээснээ мэдсэн. Тэр өдрөөс хойш зав гарахгүй байсаар байгаад 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. 2017 онд “Теди” худалдааны төвөөс 780.000 төгрөгөөр худалдаж авсан. Одоо 500.000 төгрөгөөр үнэлж байна. Гар утасны имей код, сериал дугаар нь байгаа. Хар өнгийн гэртэй, 2 сим карт ордог, хар өнгийн Самсунг галакси Жи-7 маркийн гар утас” гэх мэдүүлэг /хх-5-6/,

Гэрч Д.Г-ын: “2018 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “Шинэ Кашмер” ХХК-ийн замын хажуу талд Батцэцэг бид хоёр цэвэрлэгээ хийж байтал Батцэцэг “ахаа гар утас оллоо” гээд нэг хар хавтастай гар утас олсон. Тэр утсыг Батцэцэг өөрөө авсан. Удалгүй 2018 оны 05 дугаар сарын дундуур Батцэцэг “мөнгөний хэрэгцээ гараад байна, энэ гар утсыг ломбардаад ирье” гэсний дагуу Баянбүрдэд байрлах ломбарданд очсон. Хар өнгийн гэртэй утас байсан. Марк, загварыг нь мэдэхгүй. Батцэцэгийн өөрийн бичиг баримт байхгүй гээд манай дүү Оюуны бичиг баримтаар 200000 төгрөгөөр тавьсан. Би Батцэцэгээс 50.000 төгрөг зээлж авсан, үлдсэн мөнгийг мэдэхгүй. Батцэцэг олчихоод өөрийнхөө дугаарыг хийгээд утсыг ашигладаг байсан болохоор би өөрийнх нь гэж бодож байсан. Батцэцэг “эзэнд нь олж өгөөд шагналаа авна” гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-13-14/,

Иргэний нэхэмжлэгч Н.Ц-ын: “Манай ломбард хулгайн болон гээгдэл эд хөрөнгө барьцаанд авдаггүй. Тухайн өдөр настай хүмүүс ирээд миний эд зүйл гээд байхаар нь мэдэлгүй авсан. 200000 төгрөгийн барьцаанд авсан. Одоо хүүтэйгээ нийлээд 235.000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /шүүх хуралдаанд улсын яллагчаас шинээр гаргаж өгсөн/,

“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2018.05.23-ны өдрийн 128 дугаар шинжээчийн дүгнэлтэд: “Нийт хохирлын дүн 450.000 төгрөгөөр тогтоож байна” гэжээ /хх-24/,

Шүүгдэгч Д.Б-гийняллагдагчаар өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан 32 дугаар хороо, “Шинэ Кашмер” ХХК-ийн ойролцоо замын хажууд байх том чулууны дэргэдээс хар өнгийн хавтастай гар утас олсон. Тэр утсыг 05 дугаар сарын 16-ны өдөр мөнгөний яаралтай хэрэг гараад Баянбүрдэд байрлах ломбарданд тавьсан. Хар өнгийн хавтастай, Самсунг Жи-7 маркийн шаргал өнгийн гар утас байсан. 200.000 төгрөгөөр ломбардсан. Хамт ажилладаг Ганболдод 50000 төгрөг өгөөд, үлдсэн мөнгийг ойр зуурын хэрэгцээнд хэрэглэсэн. Эзэн нь олдвол өгье гэж бодож байсан” гэх мэдүүлэг /хх-48-49/,

Өргөдөл /хх-2/, гэрч Д.О-ы мэдүүлэг /хх-11-12/, “С...н” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний баримт /хх-20/, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-21/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-29/, залгасан дуудлагын жагсаалт /хх-38/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргаж өгсөн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.Б-нь 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, хуучин 22-н товчооны замаас хохирогч А.Агийн гээсэн “Самсунг Жи-7” маркийн гар утсыг бусдын эзэмшлийн гэдгийг мэдсээр байж завшсан болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас хохирогч А.Ад 450.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд хохирогчийн “...гар утсаа олсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх хүсэлт /хх-54/-ийг үндэслэн шүүгдэгч Д.Б-г хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин утсыг барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьсны төлбөр төлөгдөөгүй байх тул шүүгдэгч Д.Б-с 14 хоногийн хугацаанд 200.000 төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Н.Ц- /........ /-д олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.   

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгчид хохирлоо төлөхөө илэрхийлсэн, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, тогоочоор ажиллаж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б-г 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,  

шүүгдэгч “Торгох ялыг 6 сарын хугацаанд төлөх боломжтой. Иргэний нэхэмжлэгчийн мөнгийг энэ сарын 21-нд төлж барагдуулна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирлын хэр хэмжээ бага буюу 450.000 төгрөг/, шүүгдэгчийн хувийн байдал /ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг/-ыг харгалзан улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байна гэж дүгнэн шүүгдэгч Д.Батцэцэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан уг торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б-урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Д-гийн Б-г гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-г торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.Б-ээс 200.000 төгрөгийг 14 хоногийн хугацаанд гаргуулж иргэний нэхэмжлэгч Н.Ц- /.......... /-д олгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.Б-хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.            

                   

 

 

               ДАРГАЛАГЧ                                 Л.БААТАР