| Шүүх | Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Хишигдэлгэр |
| Хэргийн индекс | 2415000290124 |
| Дугаар | 2024/ДШМ/27 |
| Огноо | 2024-10-02 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 2024/ДШМ/27
Т.Э*******од холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Б******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч Л.Ариунцэцэг, шүүгч Л.Хишигдэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор М.Сайнзаяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц*******
Шүүгдэгч Т.Э*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ц******* нарыг оролцуулан
Б******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэний даргалж хийсэн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/154 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Э*******, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц******* нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Т.Э*******од холбогдох эрүүгийн 2415*******0290124 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Хишигдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Т*******ын Э*******,
Урьд Б******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 16-ны өдөр ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэсэн.
Т.Э******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт холбогджээ.
Б******* аймгийн Прокурорын газраас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Б******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т*******ын Э*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 27******* нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.7*******.*******0 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э*******ын урьд 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгосон 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хэд хэдэн төрлийн ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногийн хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулж, Шүүгдэгч Т.Э******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э*******од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Шүүгдэгч Т.Э******* нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг дурдаж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Б******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Цагдан хорих байранд цагдан хорьж, Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэнэ гэж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Т.Э******* нь давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие өөрийн хийсэн хууль зөрчсөн, буруу үйлдлээ ухамсарлан ойлгож, гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч байгаа.
Анхан шатны шүүхээр миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 2,7*******,*******0 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж, урд нь 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн шийдвэрийг хүчингүй болгож, 1 жилийн хугацаагаар хорих ял эдлүүлэхээр шийтгүүлсэн.
Миний бие нь 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн шийтгэвэрээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 4******* нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4*******,*******0 төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан байсан. 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр дахиад согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодож явсан нь миний буруу.
Гэхдээ миний бие шийтгүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нэмж хуульчилсан юм байна.
Шүүгдэгч миний бие нь хууль батлагдсанаас хойш буюу 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс хойш 2 удаа согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодоогүй. Хууль батлагдахаас өмнө Зөрчлийн хуулиар торгуулсан учраас шүүгдэгч надад ашигтай байх хуулийн зарчмыг баримталж, Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.
Шүүгдэгч нь 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн шийтгэвэрээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 4******* нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4*******,*******0 төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан байна. Гэтэл шүүгдэгч нь 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодож явсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нэмж хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь шүүгдэгчийг анх согтууруулах ундаа хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Зөрчлийн тухай хуулиар шийтгэвэрээр торгуулах цаг хугацаанд гэмт хэрэгт тооцдоггүй байсан учраас шүүгдэгчийн сүүлд гаргасан үйлдэлийг эрүүгийн гэмт хэрэгт тооцон ял ногдуулах хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь 2 удаагийн үйлдлийг шаардах бөгөөд тийнхүү 2 удаа согтууруулах ундаа хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодож байж тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангахаар зааж хуульчилжээ. Харин шүүгдэгч нь хууль батлагдсанаас хойш буюу 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс хойш 2 удаа согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол энэ нь гэмт хэрэгт тооцож ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байжээ.
Анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчиж үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон,...гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна. Хоёрдугаарт анхан шатын шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.Э*******ыг гэм буруутайд тооцжээ. Гэтэл 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон. Энэ нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь өөрөө болгоомжгүй үйлдэгддэг. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргүүд дандаа болгоомжгүй үйлдэгддэг. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодоод явж байна. Би баригдаж магадгүй, баригдахгүй ч байж болно. Энийг зориуд хүсэж үйлдээгүй, санаатай биш болгоомжгүй үйлдэл. 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр ******* дугаартай шийтгэх тогтоолоор түүнд ялыг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссэн. Гэтэл анхан шатын шүүх үүнийг юу гэж хэрэглэсэн бэ? гэхээр шууд шийтгэх тогтоолын 5 дахь тал шүүгдэгч Э*******ын урьд 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор нэг жилийн хугацаагаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгож гэсэн байгаа. Шууд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг барьж хүчингүй болгосон нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Өөрөөр хэлбэл, санаатай гэмт хэрэг үйлдсэн мэтээр дүгнэж хэрэглэсэн. Гэтэл энэ дээр яах ёстой вэ? гэхээр Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр тэнссэн тохиолдолд хэрэв санаатай гэмт хэрэг үйлдсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгоод анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг журамлаж ял оногдуулах байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг тэнцсэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх болон эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэнэ гэсэн. Т.Э******* тэнссэн хугацаандаа үүргийг хэрхэн биелүүлж байсан тухай ямар ч нотлох баримт хэрэгт авагдаагүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь өөрөө хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, ямар нэгэн хор уршгийг хувь хүнд болоод нийгэмд учруулаагүй энэ талаар огт дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл ******* дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар албадлагын арга хэмжээг жишээлбэл, зохих ёсоор гүйцэтгээгүй, түүнийг зөрчиж байсан тухай ямар ч үйл баримт байхгүй буюу прокурорын дүгнэлт байхад ******* дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон нь хуулийг буруу хэрэглэсэн гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байгаа.
... Ийм 2 үндэслэлээр давж заалдах гомдлоор тайлбарлан дэмжиж байна. Тийм учраас хуульд нийцүүлэн шийдвэрлэж өгнө үү гэв.
Прокурор М.Сайнзаяа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э*******ын үйлдсэн гэмт хэрэг нь санаатай гэмт хэрэг байна гэж үзсэн. Учир нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан. Э*******ын хувьд 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Б******* аймгийн Цагдаагийн газрын Хангал сумын Сум дундын цагдаагийн тасгийн замын зохицуулагчийн шийдвэрээр 0194520 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан зөрчил үйлдэж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 4*******.*******0 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байдаг. Дээрх шийтгэлийн жолоодох эрхийг сэргэх хугацаа буюу 1 жилийн хугацаа өнгөрөөгүй байхад 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож 0.79% нь согтолттой байх үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна гэж үзэж байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг яагаад санаатай гэмт хэрэг гэж үзэж байна вэ? гэвэл эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан, дахин эрх сэргэх хүртэл тээврийн хэрэгсэл жолоодохгүй, бүүр согтуу байтугай тээврийн хэрэгслийг эрүүл ч жолоодохгүй гэдэг байдлаар эрхийг нь хасчихсан байхад тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож байгаа энэ үйлдэл нь санаатай байна гэж үзэж байгаа юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан бүх гэмт хэрэг бол болгоомжгүй байна гэж хуульчлаагүй. Энэ төрлийн гэмт хэргийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Улсын Их Хурлын хуулиар бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг шинээр гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байгаа. Учир нь тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож явсан энэ зөрчлийн улмаас зөрчилд тооцож хариуцлага оногдуулсан бол энэ зөрчлийг дараа дахин давтаж гаргасан, хүний амь нас, эд хөрөнгөнд хохирол учруулж байгаа үйлдэл таслан зогсоогдохгүй байгаа нь улам илүү нэмэгдэж байгаа учраас нэгэнт энэ төрлийг гэмт хэргийг шинээр тооцохоор хуульчилсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж хуульчлагдаж үйлчилж байгаа. Тэгэхээр түүнээс өмнө буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, хугацаа дуусаагүй, эрх нь сэргээгдээгүй байгаа үйлдэл дахин давтагдсан тохиолдолд гэмт хэрэг болохоор зөрчлөөс гэмт хэрэг рүү шилжих ийм зохицуулалт гэж ойлгож болно. Б******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх бол үндэслэл бүхий дүгнэлт хийж, Т.Э*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй учраас давж заалдах гомдолтой холбоотой дээрх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой. Хоёрдугаарт тавьж байгаа зүйл нь 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хорих ял оногдууллаа гэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь санаатай гэмт хэрэг тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ялыг нэмж нэгтгэх, тус тусад нь эдлүүлэх асуудлыг шүүх өөрөө шийдвэрлэнэ гэсэн зохицуулалттай. Албадлагын арга хэмжээг зөрчөөгүй, прокурор дүгнэлт оруулаагүй байхад шүүх шууд хүчингүй болгож шийтгэх тогтоолыг хүчингүй болгож ял оногдуулж байгаа нь буруу гэж байна. Э*******ын хувьд 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг биелүүлэх албадлагын арга хэмжээг хэрэглэсэн. Тэнссэн хугацаан дуусаагүй байхад буюу 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан санаатай гэмт хэргийг үйлдсэн учраас шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан түүнд 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан нэг жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг биелүүлэх албадлагын арга хэмжээг хүчингүй болгосон нь бол үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүх шийтгэх тогтоолдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар бол шийтгэх тогтоолыг хүчингүй болгоод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нь ял оногдуулаад энэ оногдуулсан ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 27******* нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.7*******.*******0 төгрөгийн торгох ялыг нь нэмж нэгтгэж, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр бол шийдвэрлэх ёстой байсан. Тэгэхлээр дээрх хэсэг дээр бол шийтгэх тогтоолын 4 дүгээр заалтаар хүчингүй болгож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй гэж заасан хэсэгт өөрчлөлт оруулаад давж заалдах шатны шүүх бол шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуульд зохицуулсан сонгомол байдлаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд заасан торгуулийн ял, мөн зорчих эрхийг хязгаарлах ял, 3 жил хүртэлх хугацаагаар хорих ял гэсэн ялаас бол одоо аль нэгийг нь сонгож хэрэглээд нэмж нэгтгэх асуудлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлаад нэмж нэгтгэх боломжтой. Харин шүүхийн шийдвэр дээр нэг тогтоолоор оногдуулж байгаа ялыг нэмж нэгтгэхдээ 6 хэсгийн 2 дахь хэсэгт заасныг баримталсан нь бас 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт баримталж нэмж нэгтгэгдэхгүй тус тусад нь эдлүүлэх гэдэг асуудлыг шийдвэрлэх боломжтой байсан. Яагаад өөрчлөх боломж байна гэж хэлээд байгаа вэ? гэхлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэхээр 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн. Тэгэхээр хорих ял оногдуулахгүйгээр шийдвэрлэсэн юм чинь энэ удаа дахиад санаатай гэмт хэрэг үйлдэж байгаа учраас тухайн зүйл ангид нь тохирох ялыг шүүх оногдуулаад нэмж нэгдэх ёстой юм гэсэн саналыг илэрхийлж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Т.Э*******, түүний өмгөөлөгч Р.Ц******* нарын гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Т.Э*******од холбогдох хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянан үзэв.
2.Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.
3.Шүүгдэгч Т.Э******* нь 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болох нь хэрэгт авагдсан шийтгэлийн хуудас /хх-ийн 26-р хуудас/, Б******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэвэр /хх-ийн 28-29-р хуудас/-ээр нотлогдож байна.
4.Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан шийтгэл хүлээсэн Т.Э******* нь дахин согтуугаар 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 66-******* ******* улсын дугаартай Киа Бонго-З загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а заалтыг зөрчиж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар эргэлзээгүй тогтоогдож байна.
5.Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Улсын Их Хурлаас Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан хуулийн үйлчлэлд бүрэн хамаарах бөгөөд хууль тогтоогч Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг "... тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол ...” хэмээн тодорхойлж "... тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж “согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн”-ийг ойлгоно гэх тайлбарыг хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Нэгдүгээр бүлэгт заасан нийтлэг үндэслэлд “гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно”, “ үйлдэл, эс үйлдэхүйг шинээр гэмт хэрэгт тооцсон ... Эрүүгийн хуулиар нэмэлт өөрчлөлт оруулсан хууль энэ хуулийн бүрэлдэхүүн хэсэг болно”, “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно”, "... гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно” хэмээн тус тус хуульчлан тогтоосон бөгөөд гагцхүү үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэхээр хуульчилсан.
6.Зөрчлийн тухай хуульд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан Т.Э*******ын хувьд 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйлдэл нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан тул түүний үйлдлийг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, хэргийн бодит байдалтай нийцсэн бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
7.Харин анхан шатны шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э*******ын урьд 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгосон 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж” гэж шийдвэрлэсэн нь шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн алдаа бөгөөд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.
Шүүгдэгч Т.Э*******ыг Б******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаартай шийтгэл тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна, 6 дахь хэсэгт Тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэнэ гэжээ.
Тодруулбал анхан шатны шүүх шүүгдэгч Т.Э*******ыг тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь заалтыг баримтлан Б******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаартай шийтгэл тогтоолын тэнссэн шийдвэрийг хүчингүй болгох байтал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тэнссэн шийдвэрийг хүчингүй болгосон нь Эрүүгийн хуулийн хэрэглэвэл зохих зүйл заалтыг хэрэглээгүй алдаа болжээ.
Түүнчлэн шүүгдэгч Т.Э*******од урьд оногдуулсан 1 жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн шийдвэрийг хүчингүй болгохдоо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь санаатай эсхүл болгоомжгүй гэмт хэргийн аль нь болох эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хүлээлгэх торгох, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялаас яагаад хорих ялыг сонгож оногдуулсан нь тодорхойгүй байна.
8.Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын Б******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолын тэнссэн шийдвэрийг хүчингүй болгохдоо эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх гомдлыг хангаж, Б******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/154 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Б******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/154 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Т.Э*******, түүний өмгөөлөгч Р.Ц******* нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2.Шүүгдэгч Т.Э*******од авсан цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчлөн, хэрэг анхан шатны шүүхэд очтол түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ
ШҮҮГЧИД Л.АРИУНЦЭЦЭГ
Л.ХИШИГДЭЛГЭР