| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батхуяг |
| Хэргийн индекс | 181/2024/04629/И |
| Дугаар | 191/ШШ2025/04613 |
| Огноо | 2025-05-22 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 191/ШШ2025/04613
2025 05 22 191/ШШ2025/04613
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* ******* овогт ******* ******* /РД:/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ******* ХХК /РД:/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 88,648,680 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.*******,
Хариуцагч Б.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Айгерим нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч ******* ******* ХХК холбогдуулан 88,648,680 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Миний бие "******* Констракшн" ХХК-тай 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр №ПЗ-Д-01/26-190 дугаар "Орон сууц захиалан бариулах гэрээ"-г байгуулсан билээ.
Тус гэрээгээр гүйцэтгэгч ******* Констракшн" ХХК нь нутаг дэвсгэрт хотхоны блок, орц, давхар, тоот хаягт талбай бүхий өрөө орон сууцыг барьж ашиглалтад оруулан захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч Ж.******* нь гэрээгээр тохирсон төлбөрийг тогтоосон хугацаанд гүйцэтгэгчид төлөхөөр харилцан тохиролцсон. Үүний дагуу захиалагч би "Орон сууц захиалан бариулах гэрээ-ний 2.2-т заасны дагуу орон сууцны төлбөрт 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 60,500,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 6,500,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 3,020,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 3,020,000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 3,020,000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 3,020,000 төгрөг, нийт 79,080,000 төгрөгийг дахь гүйцэтгэгчийн эзэмшлийн тоот төгрөгийн дансанд шилжүүлж, гэрээгээр хүлээсэн захиалагчийн үүргийн ихэнх хэсгийг биелүүлсэн. Харин танай компанийн барилгын ажил хуваарийн дагуу явагдахаа больж, гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлэх боломжгүй болсон тул захиалагч би Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1 дэх хэсэгт Хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болно гэж заасны дагуу орон сууцны үлдэгдэл төлбөр болох 6,040,000 төгрөгийг төлөхөөс татгалзсан байсан юм.
Гэтэл гүйцэтгэгчийн зүгээс гэрээний 3.1-т Гэрээний ерөнхий хугацаа 2022 оны 10-р сарын 18-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 30-ний өдөр хүртэл үргэлжилнэ" гэж, мөн 3.2-т Гүйцэтгэгч тал нь... орон сууцны барилгыг 2023 оны 4 улиралд багтаан ашиглалтад оруулна гэж тус тус заасныг ноцтой зөрчиж, гэрээгээр хүлээсэн үндсэн үүргээ үл ухамсарлаж, орон сууцны барилгыг өнөөдрийг хүртэл ашиглалтад оруулалгүй, захиалагч намайг эдийн засаг, цаг хугацаа, сэтгэл санааны хувьд маш ихээр хохироосоор байгаад туйлын ихээр гомдолтой байна.
Учир нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар захиалагч нь гүйцэтгэгчээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2 дахь хэсэгт заасны дагуу нэмэлт хугацаа тогтоох, урьдчилан сануулах шаардлагагүй байх бөгөөд миний захиалсан орон сууцны барилга нь 2023 онд бүү хэл 2024 онд ч багтан ашиглалтад орох боломжгүй, ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт тодорхой байна.
Ийм ч учраас миний бие гэрээний 6.2.1, 6.2.3-т тус тус заасны дагуу гүйцэтгэгч компанитай байгуулсан гэрээгээ цуцалж, энэ тухайгаа гүйцэтгэгчийн гэрээнд заасан буюу одоогийн оршин байгаа газрын хаягаар нь шуудангаар хүргүүлж, бичгээр мэдэгдсэн. Гүйцэтгэгчийн зүгээс уг шуудангаар хүргүүлсэн гэрээ цуцлах тухай албан бичгийг гардаж авсан мөртөө хариу өгөхгүй, төлбөр мөнгийг шилжүүлэхгүй байсаар байна.
Иймээс гүйцэтгэгч нь захиалагч миний гэрээний дагуу төлсөн 79,080,000 төгрөг, гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.4-т заасны дагуу гэрээний алданги 9,568,680 төгрөг, нийт 88,648,680 төгрөгийг надад буцаан гаргаж өгөх үүрэгтэй болж байна.
Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэг болон талуудын хооронд байгуулагдсан Орон сууц захиалан бариулах гэрээ-ний 6 дугаар зүйлийн 6.2.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу гүйцэтгэгч ******* ******* ХХК-аас 88,648,680 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч бичгээр хариу тайлбар бөгөөд шүүх хуралдаанд Нийт 81,412,860 төгрөгийн хэмжээнд эвлэрэн хэлэлцэх боломжтой бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас алданги 7,235,820 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээ, иргэний үнэмлэхийн хуулбар, мөнгө тушаасан баримт, депозит дансны хуулга, харилцагчийн дэлгэрэнгүй тайлан зэргийг нотлох баримтаар өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэл Ж.*******гийн нэхэмжлэлээс 81,412,860 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 7,235,820 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ******* ******* ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, графикийн дагуу төлөлтөө хийсээр нийт 79,080,000 төгрөгийг төлсөн. Барилгыг 2023 оны 04 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулна гэсэн боловч өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй, хэзээ орох нь тодорхойгүй байгаа тул гэрээг цуцалж, төлсөн 79,080,000 төгрөг, алданги 9,568,680 төгрөг, нийт 88,648,680 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөр 79,080,000 төгрөг болон алдангиас 2,332,860 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин үлдэх алданги 7,235,820 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Нийт 81,412,860 төгрөгийн хэмжээнд эвлэрэн хэлэлцэх боломжтой гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Зохигчийн хооронд 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан П3-Д-01/26-190 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээгээр гүйцэтгэгч нь нутаг дэвсгэрт хотхоноос блок, орц, давхар, тоот талбайтай өрөө орон сууцыг барьж ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх, захиалагч нь гэрээгээр тохирсон 85,120,000 төгрөгийн хөлс төлөхөөр харилцан тохиролцсон, нэхэмжлэгч нь 79,080,000 төгрөгийг ******* ******* ХХК-д төлсөн баримт хэрэгт авагдсан байна.
6. Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан бөгөөд нэхэмжлэгч ажлын хөлсөнд 79,080,000 төгрөг төлсөн, хариуцагч гэрээний үүрэг зөрчсөнөөс талууд гэрээг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болгосон үйл баримтад маргаагүй. Харин алдангийн зарим хэсгийг хариуцагч татгалзсан.
7. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байх ба ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.
8. Нэхэмжлэгч гэрээний хавсралт №1-д заасан хуваарийн дагуу нийт 79,080,000 төгрөгийг төлж үүргээ биелүүлсэн бол хариуцагч ******* ******* ХХК гэрээнд заасан 2023 оны 4-р улиралд орон сууцыг барьж ашиглалтад оруулах үүргээ биелүүлээгүй байна.
9. Нэхэмжлэгчээс 2024.08.29-ний өдөр хариуцагчид гэрээ цуцалж, гэрээний дагуу төлсөн 79,080,000 төгрөг, алданги 9,568,680 төгрөг төлөх тухай мэдэгдэл хүргүүлснийг хариуцагч хүлээн авч, 79,080,000 төгрөгийг захиалагчид буцаан шилжүүлэх тухай 2024.08.30-ны өдрийн Гэрээ цуцалсан акт үйлджээ.
10. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч Ж.******* хариуцагч ******* ******* ХХК-ийг гэрээний үүргээ зөрчсөн гэх үндэслэлээр ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзсан нь хууль зөрчөөгүй байна.
11. Иргэний хуулийн 205 дугаар зүйлд гэрээний аль нэг тал нь гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаврыг зохицуулсан бөгөөд 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж зааснаар гэрээний дагуу төлөгдсөн 79,080,000 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй.
12. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээний дагуу шилжүүлсэн зүйлсээ харилцан буцааж буй тохиолдолд цуцлагдсан гэрээний заалтыг үндэслэн алданги хариуцагчаас гаргуулах боломжгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч гэрээнээс бүхэлд нь татгалзсан тохиолдолд талууд өгсөн авсан зүйлээ буцаах, хохирлоо арилгуулах, үр дагавар үүсэхээс, гэрээний заалтын дагуу үндсэн болон нэмэлт үүрэг /алданги төлөх зэрэг/-ийг шаардах эрхгүй.
13. Нэхэмжлэгч алдангид 9,568,680 төгрөг гаргуулахаар шаардсанаас хариуцагч 2,332,860 төгрөгийн алдангийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх тул талуудын зарчимд үндэслэн энэ хэсгийг хангаж, үлдэх 7,235,820 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
14. Дээрх үндэслэлээр хариуцагч ******* ******* ХХК-иас нийт 81,412,860 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 7,235,820 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
15. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ХХК-иас 81,412,860 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.*******д олгож, нэхэмжлэлээс 7,235,820 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 601,193 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 565,014 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ